Шинэ дугаарын зочноор бидний сайн мэдэхээр Имарт буюу “Скай хайпермаркет" ХХК-ийн Маркетинг эрхэлсэн дэд захирал Т.Алтанхундага оролцож байна. Түүний хувьд маркентингийн салбарт 2002 оноос эхлэн ажиллаж байгаа бөгөөд 2014 оноос “Скай хайпермаркет" ХХК хэмээх гэр бүлийн гишүүн болжээ.
Ингээд бидний эчнээ танил болж, байнгын үйлчлүүлдэг Имартын сүүлийн үеийн сонин сайхан болоод тэдгээрийг олон нийтэд оновчтой хүргэх ажлын гардан гүйцэтгэдэг түүний арга барилтай танилцъя.
Байршил: Имарт Чингис салбар, 7-р давхар, Имарт төв оффис
Эрхэлдэг ажил: “Скай хайпермаркет" ХХК-ийн Маркетинг эрхэлсэн дэд захирал /CMO/
Хэрэглэдэг гар утас: Samsung S24
Хэрэглэдэг компьютер: Zenbook & Samsung book 4
Сошиал хуудсууд: Altankundaga Taij (Facebook), altankhundaga tumurkhuyag (LinkedIn)
1. ТАНЫ КАРЬЕРААС БИД ЮУ ЮУГ МЭДЭХ ЁСТОЙ ВЭ?
Эхэндээ нягтлан бодогч болно гэж шийдээд ХААИС-д элссэн юм. Тэгтэл нутгийн ах маань “Тоо бодож суух чамд зохихгүй, үүний оронд маркетингийн чиглэлээр явбал яадаг юм. МУИС-д тийм шинэ анги нээгдсэн байна билээ” гэж зөвлөв. Замаа заалгана гэдэг шиг л түүнийг сонсоод шинэ зүйлд өөрийгөө сорьж, мэргэжлээ солин Монголдоо шинэхэн байсан маркетингийн чиглэлээр суралцаж төгссөн. Эхэндээ мэргэжлийнхээ учир начрыг төдийлөн ойлгохгүй явснаа нуух юун.
2002 онд “Өгөөж-Чихэр боов” ХХК-аас ажлын гараагаа эхэлж байлаа. Шинэ үеийн савлагаа ууттай болгох, судалгаа, сурталчилгаа тараах зэрэг ажлуудыг нь хийж эхэлсэн. Одоо бодоход тэнд л сайн даргын удирдлага дор мэргэжлээ ойлгож, барилгатай зүйрлэвэл сууриа зөв тавьсан байна.
Миний дараагийн зогсоол Таван Богд групп байсан. 2004-2011 он хүртэл ажиллахдаа хэрэглэгчийн зах зээлд түлхүү анхаарч LG, Unicharm, Colgate-Palmolive, Nestle-гийн маркетингийг хийж байлаа. Үүний дараа Премиум Конкрит компанид ажиллаж, байгууллагын зах зээл рүү хөрвөн, мэргэжлийнхээ дахин нэг шинэ талыг мэдэрсэн юм.

"Скай хайпермаркет" ХХК 2014 онд Имарт дэлгүүрийг Монголд оруулж ирэх шинэ төсөл эхэлж байгаа талаар сонсоод шууд л ажиллахаар шийдсэн. Ёстой л цаасан дээр байхаас нь бодит болох хүртэлх бүх шатанд орж ажилласан даа. Анхандаа бид ямар концепцоор хэрэглэгчдэдээ хүрвэл зөв бэ гэдгийг бодон бодсоор монгол хүний дундаж наслалт богино байгааг анзаарч, энэ тийш анхаарал хандуулах хэрэгтэй гэж үзсэн. Улмаар “Монгол хүн та 100 наслаг” концепц дор компани даяараа зангидагдан ажиллаж эхэлсэн юм. Олон удаагийн хэрэглэгчийн судалгаанд тулгуурлан анхны салбар болох Имарт Чингис салбарыг хайпермаркет байдлаар нээснээс хойш арван жилийг ардаа үдсэн байна.
Маркетингийнхны хувьд өөрийн мэргэжлээр бахархах мөч бол яалт ч үгүй хийсэн ажлын үр дүн хүлээлтээс өндөр гарах тэр үе. Өнгөрсөн арав гаруй жилийн хугацаанд Имарт маркетингийн олон шинэ ажлыг туршиж, тэр бүрдээ үр өгөөжөө амссаар иржээ. Жишээлбэл, “Цочир үнэ” гэх үг байна. Бодож бодож энэ санааг олоод бид тун их баярлаж билээ. Shocking price гэхээр хөрсөн дээр бууж өгөхгүй байсан болохоор яруу сайхан монгол хэлээрээ нэрлэсэн нь хэний ч санаанаас гарахааргүй, зөвхөн Имартын брэнд нэршил болон үлдсэн байна. Үүний зэрэгцээ дэлгүүрийн вэбсайт, гар утасны апп зэргийг дурдах нь зүйтэй. Аппын хувьд гэхэд л нээлтээ хийснээс долоо хоногийн дотор 100 мянган таталт давж байлаа.
Товчхондоо би 2014 оноос эхлэн “Скай хайпермаркет" ХХК-ийнхаа маркетингийн бүхий л шатанд гар бие оролцон ажилласаар 2023 оноос хойш маркетинг, үйлчилгээ эрхэлсэн дэд захирлын албан тушаалыг хашиж байна.
2. ТАНЫ АЖЛЫН ДУНДАЖ НЭГ ӨДӨР ХЭРХЭН ӨНГӨРДӨГ ВЭ?
Өглөө 06:00 гээд босдог. Гэр бүлийнхээ өглөөний цайг бэлтгэх нь миний дааж авсан ажил болчихсон. Тэгээд хүүхдээ сургуульд нь буулгаад бассейн руугаа явдаг. 30 минут сэлээд жакузанд суунгаа цахим шуудангаа гүйлгээд харчихна.
Онцгой, яаралтай зүйл байвал тусгайлан тэмдэглэнэ. Ажил дээрээ ирэхэд хүмүүсийн ажлын цаг эхлэхээс арай эрт ирж таардаг тул тэр үедээ номоо уншиж ахиулна.
Өдрийнхөө ихэнх цагийг уулзалт хурлуудад зарцуулдаг. Сүүлийн үед системийн шинэчлэлтэй холбоотой ажлууд их байгаа учраас бүр ч олон уулзалттай байх болсон. Имарт ганц хайпермаркет гэлтгүй шинэ форматын дэлгүүр, онлайн худалдаа, B2B гээд олон өөр төслүүд, судалгаа шинжилгээний ажлууд явж байдаг. Энэ бүхэнд мөн адил оролцох шаардлагатай.
Ерөнхийдөө 09:00 цагаас өмнө тархи сэргэг байгаа дээр ажлаа төлөвлөх, бодож тунгаахдаа цаг гаргадаг. Харин үдээс хойших цагийг багийнхандаа зориулж, өгсөн даалгаврын биелэлт, гүйцэтгэлийн талаар ярилцдаг.

3. ТАНЫ АЖЛЫН НӨҮ ХАУ?
Өмнө нь өөрөө л ажлуудаа бүгдийг нь сайн мэдэж байвал болно гэж боддог байсан бол сүүлийн хоёр жилд олон талын ур чадвартай мэргэжилтнүүдээр цомхон бөгөөд хүчтэй баг бүрдүүлэх нь маркетингийн салбарт хамгийн оновчтой юм байна гэдгийг ойлгосон. Тийм ч учраас ур чадвар, ажлын туршлага, үзэл бодол, амьдралын хэв маягийн хувьд ялгаатай хүмүүс сонгохыг хичээдэг. Мөн хошин шогийн мэдрэмж, багаар ажиллах чадварыг нь чухалчилна. Хошин мэдрэмж маркетингийн ажилд хэрэгтэй чанар гэж боддог шүү.
Нэгэнт сайн баг бүрдсэн бол удирдагчийн зүгээс тэднийг аль болох чөлөөтэй сэтгэх, нээлттэй үзэл бодлоо илэрхийлэх орон зайгаар нь хангаж, эерэг уур амьсгал бүрдүүлэхийг эрмэлздэг.
4. АШИГЛАХГҮЙ БАЙЖ ЧАДДАГГҮЙ АПП, ХЭРЭГСЛҮҮД ЮУ ВЭ?
Компани дотооддоо Microsoft-ийн Office 365 программуудыг ашигладаг. Уулзалт, мэдээлэл солилцоо гээд бүгдийгээ Teams-ээр хийдэг.
Шинэ санаа олох, төлөвлөх, зураглах, бодлоо цэгцлэх, уялдаа холбоог нь гаргахад MindMeister-ийг ашиглана.
Хувьдаа LinkedIn-ээс мундгуудын санал бодлыг харах дуртай. Бизнес review хийгээд оруулаад ирдэг нь амар байдаг юм. Мөн X, Facebook зэрэг сошиал аппыг бусдын л адил ашиглаж байна. Түгжрэл ихсээд сүүлийн үед юүтүбийн үзэлт маань их болсон байна билээ. Сэлж дасгал хийхдээ Garmin, Merlinbird ID зэрэг аппуудыг ашиглаж байна.


5. ЦАГ ХЭМНЭХ ХАМГИЙН САЙН АРГА ТАНЬ ЮУ ВЭ?
Эртэч байхыг хичээдэг дээ. Ямар ч ажлыг цагаас нь арай эрт хийвэл, аль ч уулзалтад цагаасаа арай эрт ирвэл болоод явчих нь тэр.
Имартын цагийн хуваарь нь хөвөгч хэлбэртэй болоод удаж байгаа. Эрт ирсэн хүн эрт ажлаа дуусгаад явдаг систем. Тийм болохоор түгжрэлээс өмнө гараад явах гэж хичээдэг.
6. ХИЙХ АЖЛАА ХЭРХЭН ТӨЛӨВЛӨДӨГ ВЭ?
Teams-ийн календараа хөтлөөд явдаг. Хувийн Google Calendar-аа хооронд нь холбочихсон байдаг юм. Жаахан хэцүү ажлуудыг бол MindMeister дээр холбоо хамаарлаар нь зурдаг. Тэгэхээр дараалал уялдаа нь харахад амар.
Хамтын ажиллагаа мэдээж чухал. Манай компани хоёр талаас төлөвлөдөг. Нэг талдаа удирдлагууд ерөнхий зураглалаа гаргадаг бол нөгөө талаас менежерүүд нарийн төлөвлөгөө гаргана. Тэгээд нэгтгэх байдлаар ажлуудаа урагшлуулдаг.
7. ЭРЧ ХҮЧЭЭ ХЭРХЭН СЭЛБЭДЭГ ВЭ?
Эрч хүчтэй ажиллахын тулд тархиа хоосолж, амраах хэрэгтэй гэж боддог. Тэр ч утгаараа сүүлийн дөрвөн жил шувууны гэрэл зураг дарах хоббитой болоод байгаа. Чимээ гаргахгүй, тэвчээртэй хүлээнэ, байгальд гарчихна, агаарлаад авчихна. Олон давуу талтай. Дарсан зургаа өөрийнхөө хэмжээнд засаж янзлаад постлодог.
Одоогоор Монголд бүртгэлтэй 514 орчим төрөл зүйлийн шувуудаас 80 орчмыг нь гэрэл зургийн хальснаа буулгаад байна. Мөдхөн дуусна гэхгүй сайхан ажил даа. Зундаа хоёр гурван удаа загасанд явна. Барихдаа муу ч флайфишинг оролдоод хэдэн жил болж байгаа. Бас л тархиа сайхан амраагаад байгальд гарчихдаг юм.
8. ҮНДСЭН АЖЛЫНХАА ХАЖУУГААР ДУРЛАЖ ХИЙДЭГ ТӨСӨЛ/АЖИЛ ЮУ ВЭ?
Одоогоос найм орчим жилийн өмнө найзуудын хамт Үнэрт маркетинг буюу Scent marketing гэх шинэ зүйлийг Монголд оруулж ирж байлаа. Үнэр гэдэг бол хүний оюун санаанд удаан хадгалагддаг зүйл учраас албан байгууллагаас эхлээд үйлчилгээний газрууд тухайн хүнд ямар сэтгэгдэл төрүүлэх вэ гэдгийг шийддэг чухал хүчин зүйл гэсэн үг. Тиймээс энэ чанарыг нь олон нийтэд таниулах, хэрэглээнд нэвтрүүлэх тал дээр компаниа хамтран үүсгэн байгуулж, одоо бол хувьцаа эзэмшигчийн хувиар үйл ажиллагаанд нь алсаас дэмжлэг үзүүлж байна.

9. ХИЙЖ БУЙ АЖЛЫН ОНЦЛОГ ЮУ ВЭ? ЭЕРЭГ САЙН БА ХЭЦҮҮ БЭРХШЭЭЛТЭЙ ТАЛУУД?
Ярилцлагын эхэнд хэлсэнчлэн бид өнгөрсөн арван жилийн хугацаанд анх гаргаж ирсэн “Монгол хүн та 100 наслаг” концепцоо алдалгүй үргэлжлүүлж яваа. Тэр ч утгаараа сүүлийн нэг жилд их хотын зав чөлөөгүй амьдрал дунд амсхийх завгүй байгаа иргэдийнхээ амрах орон зай нь байх ёстой юм байна гэдэгт илүү төвлөрөн ажиллаж “амсхийлгэх”-ийн тулд чанартай бараа бүтээгдэхүүнээс гадна тухлаг орчин, машин тэргээ тавих зай, хүүхдээ хуурайлах өрөө, кофе шоп, гоо сайхан, хүүхдээ тоглуулах газар гээд бүгд хэрэг болно. Яг энэ бүхнийг бүрэн хангаж өгөх нь манай онцлог юм уу даа.
Байгууллагын үйл ажиллагаанд манай маркетингийнхан 100 хувь хэрэглэгчээ төлөөлж, тэдний дуу хоолой болж ажилладаг. Тиймдээ ч үйлчлүүлэгчдийн хүсэж буй бараа бүтээгдэхүүний бэлэн байдал, авмаар байгаа хямдрал урамшуулал зэрэг нь байгаа онож, улмаар хэрэглэгчдийн тоо өсөх зэрэг бодит үр дүн гардаг нь эерэг сайн тал.
Бэрхшээлтэй тал нь Имартаас хүлээх хэрэглэгчийн хүлээлт бусад газраас хамаагүй өндөр байдаг. Бусад дэлгүүрээс хэзээ ч шаардаж нэхэхгүй зүйлээ Имартаас хүсэх нь бий. Мэдээж бид ихэнхдээ биелүүлнэ. Энэ нь бусдадаа цэвэр өрсөлдөөнийг үүсгэж нийтээрээ хөгжихөд түлхэц болдог гэж боддог. Ингээд ирэхээр бид дахиад илүү шинэлэг үйлчилгээ юу байх вэ гэж бодон улам илүү урагшилсаар байдаг.
10. ТА ОДОО ЮУН ДЭЭР ТӨВЛӨРЧ БАЙГАА ВЭ? ОЙРЫН ТӨЛӨВЛӨГӨӨ?
Нэг талаас хэрэглэгчдэдээ илүү ойртох, тэдэнд хялбар туршлага өгөх, нөгөө талаас дотооддоо өрнөх ажлын явцыг хөнгөвчлөх үүднээс системийн шинэчлэл хийж байгаа. Миний хувьд энэ төслийг ахлан ажиллаж байгаа болохоор яг одоо үүнд л хамгийн их төвлөрөн ажиллаж байна.
Удахгүй үр дүн нь гарч үйлчлүүлэгчид болоод дотоод хэрэглэгчдэд маань мэдэгдэх байх аа. Өөрт бол шинэ зүйл суралцаад сонирхолтой байгаа.
11. ТА ӨӨРИЙГӨӨ ХЭРХЭН ХӨГЖҮҮЛЖ, СУРАЛЦДАГ ВЭ?
Сүүлд Harvard-ийн ManageMentor хөтөлбөрт байгууллагынхаа захирлуудтай цуг хамрагдсан. Мөн “Имарт Академи”-ийнхаа сургагч багшийн сургалтад суусан зэргээр байгууллагынхаа хөгжүүлэх хөтөлбөрүүдэд тогтмол хамрагдахыг хичээдэг.
Хувьдаа өөрийн мэргэжлийн чиглэлийн ном шинэлэг бүхнийг л авч уншиж байна.
12. САНАЛ БОЛГОХ НОМ, ХӨГЖИМ, КИНО?
Хөгжим бол ихэнхдээ мэдрэмжээрээ сонсдог зүйл. Тиймээс хүмүүст санал болгох нь хэцүү. Сүүлийн үед Morningstar-ийг сонсох дуртай болсон. X Japan шиг дажгүй санагддаг юм. Санал болгох подкаст гэвэл “CEO-ийн өдрийн тэмдэглэл”-ийг зав гарган сонсоод үзээрэй гэж зөвлөнө. Миний хувьд номыг нь уншихтай зэрэгцэн подкастыг нь сонссон болохоор их сонирхолтой байсан.
Киноны тухайд “Once Upon a Time in America” болон “Тан руу нүүж явна” уран бүтээлүүдийг санал болгомоор байна.
Номын хувьд шинэ гарснаас нь л аль болох алдахгүй унших санаатай. Сүүлийн үед Nepko Publishing-ийн номыг их уншаад байна. Цаадуул чинь нэлээн цаг үеэ мэдэрч, судалж байгаад гаргаад байх шиг байгаа юм. Одоо яг “Худалчуудын дунд ганцаараа” гээд ном эхлүүлээд уншиж байна. “How Big Things Get Done” гээд номыг талд нь хүргэчихсэн явж байгаа. Ер нь номуудаа зэрэг эхлүүлээд уншдаг дадалтай. Заавал унших гэвэл Монтений “Сонгомол эсээнүүд”, Баабар гуайн “Дори Идэр дүүдээ” гэсэн бүтээлүүд байна.

13. АВЧ БАЙСАН ХАМГИЙН САЙН ЗӨВЛӨГӨӨ?
Анхны маркетингийн дарга маань “Сайн жанжин бай эсвэл сайн цэрэг бай. Эс бөгөөс амь эрсэднэ” гэж хэлж байсан юм. Ер нь бол чадаж байвал удирдах, чадахгүй байвал удирдуулах тухай зөвлөгөө юм. Дээд удирдлагадаа удирдагдахгүй, тэгснээ өөрөө ч удирдаж чадахгүй бол ажил хийнэ гэдэг хэцүү.
Өөр нэг зөвлөгөө гэвэл “Хүн туулсан зам, уншсан номынхоо хэмжээгээр сэтгэдэг” гэж байсан. Жаахан юм уншиж, болбол ийш тийш яваад газар үзэх гээд хичээж л явна.
14. БУСДАД ШИДЭХ САНАА?
Маркетингийн салбарынханд шидэх санаа гэвэл гоё сайханд нь анхаарахаас илүү хэрэглэгч, үйлчлүүлэгчид ямар санагдах, тэдний зан төлөвт тохирох эсэхийг хөрсөн дээрээ бууж байгаад дэнслэх хэрэгтэй. Бүх талаар шинэ санаа гаргаж, креатив байхыг шаардана. Энэ нь зөв ч байх. Гэхдээ хэрэглэгч хэвшчихсэн дадалдаа илүү хайртай байх нь элбэг. Иймээс эцсийн үр дүнг хэрэглэгч хүртэхийг марталгүй олон талаас нь бодож үздэг байх нь чухал санагддаг.
Өөр нэг санаа нь хэн нэгэнтэй уулзаж, ярилцах үедээ тархиа хоослоод сонсох буюу “аягаа хоосол“ гэж буддизмд сургадаг юм билээ. Аягаа хоосолж шинэ зүйлийг нээлттэй хүлээн авч, тогтсон хэвшмэл ойлголтоо түр цааш хийгээд нээлттэй бай гэсэн санаа.

Сэтгэгдэл бичих (4)


S Sarangua Өчигдөр 202.55.180.216
Huuhed bdinii mommy poko gedgiig xiisen xun shude bas l reclam elbeg bish ued olon reclamudig xiisn geltsdg ym
A Anu 2026.02.17 122.201.31.250
Sn bnuu tanai ene “Share buttongud” ajildaggui ym bshd te? unread chn ug n social uur platform luu share xilgj baij l amjilttai bdg bmar ym
z zochin 2026.02.14 66.181.177.186
Ih ym bodoj tungaadag hun uur bnshu, yugch uguisgehgui, saishaahgui, ter mn ch lag ene mn ch mundg gehgui.
n no name 2026.02.13 202.55.180.215
Өөр нэг санаа нь хэн нэгэнтэй уулзаж, ярилцах үедээ тархиа хоослоод сонсох буюу “аягаа хоосол“ гэж буддизмд сургадаг юм билээ. Аягаа хоосолж шинэ зүйлийг нээлттэй хүлээн авч, тогтсон хэвшмэл ойлголтоо түр цааш хийгээд нээлттэй бай гэсэн санаа. (y)