Эрдэс баялгийн зах зээлд дэлхийд тэргүүлэгчдийн нэг "Рио Тинто" Групп компани Монгол Улсын уул уурхайн салбарт олон улсын технологи, арга туршлагыг нутагшуулахаар үйл ажиллагаагаа явуулж эхэлснээс хойш хэдийн 10 жил өнгөрчээ.
Томоохон бүтээн байгуулалтын төсөл нь улс орны эдийн засаг, өрсөлдөх чадвар, байгаль орчин, техник технологийн хөгжилтэй шууд холбогддог тун чухал асуудал тул Монгол гэлтгүй олон улсад уул уурхайн сектор урт хугацааны хөгжлийн түлхэц болдог. Гэвч нөгөө талд уг нүсэр бүтэц хэрхэн ажиллаж, хэнд ямар үнэ цэн өгч буйг олон нийтэд бодитоор таниулан ойлгуулах ажил уурхайн бүтээн байгуулалттай дүйцэхүйц чухалд тооцогддогийг бид тэр бүр мэддэггүй ажээ. Иймд өнөөдрийн дугаартаа бид "Рио Тинто" компанийн Зэсийн группийн өсөлт, хөгжил хариуцсан ерөнхий зөвлөх Б.Амарыг зорин урьж, түүний ажлын онцлог, арга барилтай ойртон танилцсан юм.
Байршил: Австрали улс, Брисбэн хот
Эрхэлдэг ажил: "Рио Тинто" компанийн Зэсийн группийн өсөлт, хөгжил хариуцсан ерөнхий зөвлөх
Хэрэглэдэг гар утас: iPhone 12
Хэрэглэдэг компьютер: Dell Latitude 5300
Сошиал хуудсууд: Amar Batkhuu (Фэйсбүүк), Amar Batkhuu (Инстаграм)
1. ТАНЫ КАРЬЕРААС БИД ЮУ, ЮУГ МЭДЭХ ЁСТОЙ ВЭ?
Би их сургуулийн гуравдугаар курсдээ АНУ-ын ЭСЯ-ны Global UGRAD тэтгэлэгт хөтөлбөрт шалгарч, Ютагийн их сургуульд олон улсын харилцаа, эдийн засгийн чиглэлээр нэг жил суралцсан юм. Анх удаа хилийн дээс алхаж, харь оронд бие даан амьдарч, эрдэм боловсролоо дээшлүүлсэн энэ явдал хувь хүний төлөвшил болон мэргэжлийн ур чадварт минь ихээхэн нөлөөлсөн гэж боддог.
Ирснийхээ дараа "UB Post" сонинд мэдээний орчуулагчаар хагас цагаар ажиллаж, заримдаа энд тэндхийн хэвлэлийн бага хуралд сууж, бие даан мэдээ нийтлэл бичдэг болсон. Ингэж анх удаа ажил хийж, гар дээрээ цалин авч үзсэн нь оюутан байсан надад үнэхээр сайхан санагдаж, сургуулиа хурдхан төгсөөд бүтэн цагийн ажилд орох хүслэн болж байлаа. Тэр мэдрэмжийг одоо ч маш сайн санадаг.
Их сургуулиа төгсөөд сониноос зар харж байгаад “Оюу толгой” компанийн Орон нутгийн харилцааны хэлтэст ажилд орох өргөдөл гаргаснаар ирээдүйн ажил амьдралаа уул уурхайтай холбосон доо. Түүнээс хойш Оюу толгой төслийн хэд хэдэн ажлын байранд таван жил ажилласан. 2017 оноос "Рио Тинто" компанид шилжиж, Австрали улсад суурьшин ажиллаж байна.
Австралид байх хугацаандаа бизнесийн үйл ажиллагаанд тэр бүр байнга тохиолддоггүй, тун онцлогтой ажлуудад гар бие оролцож, үнэтэй туршлага хуримтлуулж чадсандаа олзуурхдаг. Тухайлбал, 2018 онд нүүрстөрөгчийн ялгарлыг бууруулах стратегийн хүрээнд "Рио Тинто" компани нүүрсний уурхайнуудаа бусад компаниудад зарсан юм. Миний хувьд энэ үеэр гадаад дотоод мэдээлэл харилцааны ажлуудыг гардан гүйцэтгэсэн. Өнгөрсөн хоёр жилд гэхэд дэлхийд хамгийн үнэтэйд тооцогддог ягаан очир эрдэнийн (алмаз) нийлүүлэлтийн 90 гаруй хувийг бүрдүүлэгч Австралийн Аргайлын уурхай хаагдахад ростероор (уртын ээлжид), уурхайн удирдлагын багийн гишүүнээр ажилласан.
Уурхайн бүтээн байгуулалт, уурхайн хаалт, бизнес арилжаа, стратеги удирдлага, орон нутаг, гадаад харилцаа зэрэг олон талт туршлагыг зэс, нүүрс, очир эрдэнийн салбар дамжин хуримтлуулсандаа баяртай байдаг.
2. ТАНЫ АЖЛЫН ДУНДАЖ НЭГ ӨДӨР ХЭРХЭН ӨНГӨРДӨГ ВЭ?
Уурхайд ажиллахад ажлын өдөр нэлээд урт байдаг даа. Үүрийн таван цагт өглөөний цайгаа уугаад, зургаан цаг гэхэд ажлын ширээн дээрээ ирчихсэн байна. Ажил эхлэхийн өмнө өглөө бүр тогтмол хийдэг аюулгүй ажиллагааны хуралд оролцдог. Ажлын хэв маягаа харвал тал нь боловсруулах үйлдвэр, засварын цех гээд энд тэнд очиж хүмүүстэй уулзаж ярилцах, үлдсэн хугацаанд компьютерынхээ урд төвлөрч суугаад бичиг цаасны ажлаа нугалахад зарцуулна. Ер нь уурхайд хүн хоорондын харилцаа маш чухал. Тиймээс цаг гаргаж, газар дээр нь очиж тухайн асуудлуудтай танилцахгүй бол ажил урагшилдаггүй.
Харин одоо оффист суудаг болж, өмнөх шигээ өдөрт 12 цаг ажиллахаа больсон учир ажлын бүтээмжээ аль болох сайжруулахыг хичээж байгаа. Сүүлийн үед хурал уулзалтыг ихэнхдээ онлайнаар хийх болсноос ажлын өдрүүд бараг бүхэлдээ компьютерын урд өнгөрдөг болсон байна лээ. Тиймээс аль болох эрүүл дадал хэвшүүлж, дасгал хөдөлгөөнтэй байхыг зорьж байна.
3. ТАНЫ АЖЛЫН НӨҮ-ХАУ?
Байгууллагын гадаад харилцааны чиглэлд төвлөрч ажилладаг учраас миний хувьд олон төрлийн мэдээлэлтэй харьцаж, төрөл бүрийн баримт бичиг, контент бэлтгэдэг. Тухайн ажлын цаад утга учир, зорилгыг үргэлж өөртөө сануулж, ойлгуулахыг зорих нь миний ажлын гол арга барил. Жишээ нь, албан уулзалтад шаардлагатай материал эсвэл илтгэл бэлдэхдээ хэдэн слайд нийлүүлээд танилцуулах гэж шахах бус, ямар хүнд ямар мэдээлэл өгч, хэрхэн үр дүнд хүрэх гэж буйд илүү анхаардаг. Ингэснээр тухайн контент нь өөрөө нүдэнд харагдаад эхэлдэг гэж хэлж болно. Мэдээжийн юм шиг санагдаж магадгүй ч энэ хандлагыг тогтмол дадал болгон хэрэгжүүлснээр ажлын үр дүнд мэдэгдэхүйц сайнаар нөлөөлдөг.
Өөр нэг баримталдаг зарчим гэвэл аливаа асуулт, мэдэхгүй зүйлсээ нэрэлхэлгүй байнга асуухыг хичээх явдал. Ялангуяа Австралид анх ирээд өөр уурхайд ажиллаж байх үедээ “Бусдад юм мэдэхгүй мэт харагдах вий, ийм энгийн юм асуугаад байлтай нь биш” зэргээр санаа зовж, аман дээр гараад ирсэн асуултаа залгиж байсан тохиолдол цөөнгүй. Одоо бол хэчнээн энгийн мэт асуулт байсан ч санаа зоволгүйгээр асууж тодруулахыг өөртөө хэвшүүлсээр яваа.
4. АШИГЛАХГҮЙ БАЙЖ ЧАДДАГГҮЙ АПП, ХЭРЭГСЛҮҮД ЮУ ВЭ?
Манай байгууллага онлайн уулзалт, хүмүүстэй чатаар холбогдох, файл солилцох зэрэг ажлын бүх хэрэгцээнд “Microsoft Teams” ашигладаг.
Ажлынхаа завсар зайгаар хоёр, гурван дуртай мэдээний аппаараа зочилж, Монгол болон олон улсын цаг үеийн мэдээллээ авдаг. Өдөр бүр орохгүй байж чаддаггүй ганц апп нь “Reddit” байх. Тэндээс цахим спортын эргэн тойронд болж буй үйл явдлууд, эрэгтэй хүүхэд өсгөх тухай зөвлөгөө, сонирхолтой кино, ТВ сериалын тухай хэлэлцүүлэг зэрэг олон сэдвээр сонирхолтой мэдээлэл авахын сацуу бусад хүмүүсийн туршлага, бодит түүхээс унших дуртай.
5. ЦАГ ХЭМНЭХ ХАМГИЙН САЙН АРГА ТАНЬ ЮУ ВЭ?
Шинэ хийх зүйлс гарвал 10 минутын дотор хийх боломжтой эсэхийг үнэлээд, боломжтой бол тэр дор нь хийхийг зорьдог. Ялангуяа имэйл бичих, хүнтэй утсаар ярих зэрэг хугацаа их шаарддаггүй ч цуглахаараа хийхэд хүндрэлтэй болдог зүйлсийг дор нь хийхийг эрмэлзэнэ. Бусад ажлуудад дарагдаад хэт хойшилчих гээд байдаг учраас дор дор нь хийвэл цаг хэмнэж, ажил хойшилсноос үүдэлтэй стресс багасдаг.
Мөн орой хүртэл ажиллахгүйн тулд яг тодорхой хугацаанд өнөөдрийн ажлаа дуусгаад гэр бүлдээ болон өөртөө цаг зарцуулна гэсэн зорилго тавьдаг. Энэ бүхэн хийх ёстой зүйлсээ цагтаа дуусгах сэдэл өгч, илүү бүтээмжтэй ажиллахад тусалдаг.
6. ХИЙХ АЖЛАА ХЭРХЭН ТӨЛӨВЛӨДӨГ ВЭ?
Даваа гарагийн өглөө бүр тухайн долоо хоногийн ажлын хуваариа харж, хамгийн чухлуудаа тодорхойлдог. Харин өдөр тутам хийх ёстой ажлынхаа жагсаалтыг өглөө бүр шинэчлэн хөтөлдөг. Ажил дээр урьдчилан хэлэлцэгдээгүй, яаралтай зүйлс нэлээд их гарч ирдэг учраас цагаа уян хатан төлөвлөх зайлшгүй шаардлагатай байдаг.
Бас ажлаа төлөвлөхдөө зөвхөн өөрөөс шалтгаалах ажлаас гадна бусад хүмүүсийн оролцооноос хамаарах ажил гэж хоёр ангилдаг. Үүнийг сайн төлөвлөхгүй бол аливаа ажил хүлээгдэх, хойшлох гээд байдаг талтай.
7. ЭРЧ ХҮЧЭЭ ХЭРХЭН СЭЛБЭДЭГ ВЭ?
Хүнсээ цуглуулсан ч эсвэл зүгээр салхилсан ч тэр бүрд гэрийнхэнтэйгээ хамт байх дуртай. Ялангуяа хүү маань дөнгөж хэлд орж байгаа учраас аав ээж хоёрыгоо өөртэй нь байнга хамт байлгахыг хүсдэг.
Бямба гарагийн өглөө эрт найзуудтайгаа сагс тоглож, араас нь бөөнөөрөө нэг сайхан кофе уунгаа сонин сайхнаа яриад амралтын өдрөө эхлүүлдэг. Мөн чөлөөт цагаараа цахим спортын мэдээ, тоглолтын тойм үзэх, хааяа өөрөө тоглох дуртай. Тухайн тоглоомондоо орж, богино хугацааны турш яг нэг зүйлд идэвхтэй төвлөрч, түүнээсээ тааламжтай мэдрэмж аваад суухаар тархи сайн амардаг шиг санагддаг.
8. ҮНДСЭН АЖЛЫНХАА ХАЖУУГААР ДУРЛАЖ ХИЙДЭГ ТӨСӨЛ/АЖИЛ ЮУ ВЭ?
Найзынхаа эхлүүлсэн гарааны бизнес “Fami” гар утасны апп-д санаа оноогоо нэмэрлэн оролцож байна. Ээжүүдээс зөвлөгөө аваад, аавуудын гардан боловсруулсан энэхүү апп нь гэр бүл, хүүхэд, эцэг эхчүүдэд өдөр тутам хэрэг болдог мэдээллийг нэг дор багтаахыг зорьсон. Ер нь хүүхэдтэй болсноос хойш хүүхдийн эрүүл мэнд, өсөлт бойжилт зэрэг чухал сэдвүүдээр монгол хэл дээрх контент дутмаг байдгийг анзаарч учраас энэ апп-д хувь нэмрээ оруулж байгаадаа баяртай байдаг.
9. ХИЙЖ БУЙ АЖЛЫН ОНЦЛОГ ЮУ ВЭ? ЭЕРЭГ САЙН БА ХЭЦҮҮ БЭРШЭЭЛТЭЙ ТАЛУУД?
Уул уурхайн компанид олон нийт, гадаад харилцааны чиглэлээр ажиллахад өөрийн хийж буй ажлын үр дүнг хэмжиж тооцох нь бэрхшээлтэй. Жишээ нь, хүнд машин механизмын оператор хүн ажлын гүйцэтгэлээ хэдий хэмжээний хүдэр тээвэрлэсэн гэдгээр, уул уурхайн инженер бол өөрийнх нь хийсэн зураг төсөл хэрхэн хэрэгжиж байгаа зэргээр үргэлж мэдэж, хэмжих боломжтой. Харин над шиг хамтран ажиллагч байгууллагууд, олон нийт, хэвлэлийнхэн болон бусад оролцогч талуудад зориулан мэдээлэл материал бэлтгэдэг мэргэжилтний хувьд хийсэн ажил нь ямар үр дүн бий болгож буйг тодорхойлоход амаргүй. Эсрэгээрээ давуу тал болох үе ч бас бий. Хийж буй ажлын онцлогоос шалтгаалан өдөр тутамдаа аль болох бодит үр дүн гаргахыг зорьж, ажлынхаа цаад утга учир, зорилгыг мартахгүй байхад дэмтэй байдаг.
10. ТА ОДОО ЮУН ДЭЭР ТӨВЛӨРЧ БАЙГАА ВЭ? ОЙРЫН ТӨЛӨВЛӨГӨӨ?
Зэсийн группийн Өсөлт, хөгжил хариуцсан багт ажиллаж байгаагийн хувьд одоогоор компанийнхаа зэс олборлолт, үйлдвэрлэлийг ирээдүйд тогтвортой, оновчтой нэмэгдүүлэх стратегийг хэрэгжүүлэхэд төвлөрөн ажиллаж байна. Үүний нэг том хэсэг нь Оюу толгой төсөл. Гүний уурхайн нүсэр том бүтээн байгуулалтаа гүйцээж, мянган мянган монгол залуус, уурхайчдын олон жил дамнасан нөр их хөдөлмөрийн үр шимийг харах цаг ойртсоор байна. Тиймээс ойрын хугацаанд Оюу толгойн гүний уурхайн үйлдвэрлэлийг эхлүүлэхэд шаардлагатай олон ажил байгаад мэргэжилтнийхээ хувиар дэмжин ажиллаж байгаа.
11. ТА ӨӨРИЙГӨӨ ХЭРХЭН ХӨГЖҮҮЛЖ, СУРАЛЦДАГ ВЭ?
Өнгөрсөн жил Аргайлын алмазны уурхайд ажиллаж байх үедээ Баруун Австралийн их сургуульд бизнесийн удирдлага, стратегийн чиглэлээр эчнээ ангид суралцаж, бакалавр магистрын дундах боловсролын зэрэг дүүргэсэн. Олон жил сургуулийн хаалга татаагүй байж байгаад гэнэт хичээл хийж, бие даалт бичээд эхэлсэн чинь цаг заваа зөв зохицуулахаас эхлээд олон бэрхшээлтэй тулгарсан. Гэхдээ ямартай ч үр дүнтэй суралцаж, амжилттай төгссөн.
Харин ажлынхаа хажуугаар сургуульд сураад "хаширчихсан" учраас албан бус байдлаар өөрийгөө хөгжүүлэх боломжийг илүү эрэлхийлж байна. Ажил дээрээ хамтран ажиллагсдаасаа суралцах, хэрэгтэй дадал, арга барилыг нь өөртөө шингээж авахыг хичээдэг. Ажлаас гадуур чөлөөт цагаа энтертайнмент контентод зарцуулахаас илүүтэй шинэ зүйл мэдэхэд тустай сургалт, боловсролын контент сонирхдог болсон. Сүүлийн үед “Lemon Press”-ийн бэлтгэдэг товхимлыг амтархан уншиж байна.
12. САНАЛ БОЛГОХ НОМ, ХӨГЖИМ, КИНО?
Нобелийн шагналт эдийн засагч Daniel Kahneman-ий “Thinking Fast and Slow” гэдэг ном хамгийн түрүүнд толгойд бууж байна. Зарим хэсэгтээ жаахан нуршуу боловч хүн аливаа шийдвэр гаргахад сэтгэл хөдлөл, зөн совин ямар нөлөө үзүүлдэг, аливаа асуудлыг цаг гарган нухацтай бодвол ямар өөрчлөлт гардаг тухай өгүүлсэн. “Тунгаан бодох уу, түргэн шийдэх үү” гээд монгол хэл дээр орчуулсан байна лээ.
Хөгжмийн тал дээр гадаадад амьдардаг болсноос ч тэр үү Монголынхоо шинэ үеийн уран бүтээлчдийг түлхүү сонсож байгаа. Хоол хийх, эсвэл дасгал хийх үедээ Sekstsagaanbogd, Magnolian, Man on the Moon зэрэг уран бүтээлчдийг их сонсдог.
Найзуудтайгаа кино яриад суухад миний санал болгодог нь “Lock, stock, and two smoking barrels” гээд 1998 оны кино. Би ер нь Guy Ritchie-ийн бүтээлүүдэд их дуртай. Зохиолыг нь урьдчилан таашгүй, дээрээс нь үргэлж сонирхолтой дүрүүдтэй, хөгжилтэй, олон давхар утгатай харилцан яриатай байдаг. Бас нэг контент онцлоод хэлэхэд комедиан Амараагийн “Amaraa’s weekly show”-г алгасахгүй үздэг. Мэдээний орчинд дутагдаж байгаа орон зайг сайн нөхсөн, цаг үеэ олсон нэвтрүүлэг гэж боддог.
13. АВЧ БАЙСАН ХАМГИЙН САЙН ЗӨВЛӨГӨӨ?
Оюу толгойн уурхайд ажиллаж байхад хамт олноороо тойрч суугаад хэлэх дуртай үгсээ ярилцаж байсан юм. Тэр үед “Хүнд тус болж чадахгүй бол битгий гай бол” гэж нэг хүн хэлж байсан нь санаанаас гардаггүй. Өөрөө мэдэлгүйгээр, санамсаргүйгээр таны хийж байгаа зүйл, эсвэл хийхгүй байгаа зүйл өөр бусдад хүндрэл чирэгдэл болж байж магадгүй гэдгийг энэ үг надад сануулдаг.
14. БУСДАД ШИДЭХ САНАА?
Бид хувийн амьдрал, хувьсгалын ажил гэж явсаар нэг л мэдэхэд олон найз нөхөд, ойр дотнын хүмүүсээсээ удаан хугацаанд холбоо тасарчихсан байснаа анзаарсан. Үүнийг уншаад хэн нэгэн хүний нэр орж ирж байвал холбоо бариад мэнд мэдэхийг уриалъя.
b bid hariltsaaniihan 2022.03.11 124.110.112.245
12 ond hamt muis tugsuj bla ub postod niitlel bichdeg bsniig ni lektsen deer sonsoj bsiim bn mundag shu gegeen buhniig husen eruuy
З Зочин 2022.02.18 66.181.161.109
Өгөөжтэй, урмаар тэтгэсэн ярилцлага болжээ. Танай хамт олонд баярлалаа. Хөдөлмөрч залууд амжилт хүсье!
З Зочин 2022.02.15 202.21.127.160
Mundag zaluu bn, amjilt husiyaa. Ih ym hiij buteegeerei, ajlin undur amjiltiig husej, ger buld n az jargal husyee