Бидний өнөөдрийн зочин бол Скайтел группийн гүйцэтгэх захирал Г.Амарчингүн юм. Тэрээр 2009 онд Японы "Ritsumeikan" Ази Номхон далайн их сургуульд Бизнесийн удирдлагаар бакалаврын зэргээ хамгаалж, харилцаа холбооны салбар дахь карьераа Мобиком Корпорацаас эхлүүлжээ.
Түүнчлэн 2013 онд Макс группийн маркетинг, борлуулалтын газрын захирлаар ажиллаж, 2016 оноос эхлэн Скайтел группт бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн албаны захирал, борлуулалт үйлчилгээний дэд захирал, маркетинг борлуулалтын газрын захирлын албыг тус тус гүйцэтгэсээр энэ оны гуравдугаар сараас гүйцэтгэх захирлын ажлыг хүлээн авсан юм.
Байршил: Сүхбаатар дүүрэг, Скайтел Плаза
Эрхэлдэг ажил: Скайтел группийн гүйцэтгэх захирал
Хэрэглэдэг гар утас: iPhone 13 Pro
Хэрэглэдэг компьютер: MacBook Pro
Сошиал хуудсууд: Amarchingun GANTUMUR (ЛинкэдИн)
1. ТАНЫ КАРЬЕРААС БИД ЮУ, ЮУГ МЭДЭХ ЁСТОЙ ВЭ?
Би ахлах сургуульд байхдаа физик, мэдээлэл зүйн олимпиад, тэмцээнд идэвхтэй оролцдог хүүхэд байлаа. Тэр үед аав ээжийнхээ машин авах мөнгөөр компьютер авхуулж байснаа ер мартдаггүй юм. Хувьдаа компьютертой байсны ачаар л мэдээлэл зүйн хичээлийг сонирхож, бие дааж суралцан улсын олимпиадад нэг алт, гурван хүрэл медаль авч чадсан.
2005 онд Японы Засгийн газрын тэтгэлгээр "Ritsumeikan" Ази Номхон далайн их сургуульд бизнесийн удирдлагаар хоёр жил суралцаж, үргэлжлүүлэн 2007-2009 онд Японы бизнесийг авч явах гаднын боловсон хүчнийг бэлтгэх зорилготой “Global Business Leadership” хөтөлбөрт суралцсан. Уг хөтөлбөрийн нэг онцлог нь цаашид цол, зэрэг ахиулахгүйгээр зөвхөн япон компанид ажиллах нөхцөлтэй байсан юм. Тиймээс тус хөтөлбөрийн гол санхүүжүүлэгч Сүмитомо Корпорацад ажиллах хүсэлт тавьж, тэд ч миний хүсэлтийг хүлээн авсан.
Хэдийгээр тухайн үед гаднын том компанид ажиллаж, мэдлэг туршлага хуримтлуулж байсан ч цээжний мухарт Монголдоо ажиллах хүсэл оргилсоор байсан тул хөдөлмөрийн гэрээгээ дахин нягталж үзэв. Япон компанид ажиллана гэснээс Японы газар нутаг дээр ажиллана гэж заагаагүй байсныг анзаарч, Сүмитомогийн хөрөнгө оруулалттай Мобиком Корпорацид маркетингийн мэргэжилтэн хэмээх албан тушаалд томилогдон эх орондоо ирэх завшаан тохиолоо. Ингээд маркетингийн мэргэжилтнээс эхлээд цөөнгүй албан тушаалд дэвшин ажилласаар Мобиком Корпорацитай таван жилийг хамт өнгөрүүлсэн.
Үүний дараа 2013 онд Макс группийн маркетинг борлуулалтын газрын захирлаар ажиллаж, 2016 оноос эхлэн Скайтел группт бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн албаны захирал, борлуулалт үйлчилгээний дэд захирал, маркетинг борлуулалтын газрын захирлын албыг тус тус гүйцэтгэсэн. Харин энэ оны гуравдугаар сараас гүйцэтгэх захирлын ажлыг хүлээн авсан.

2. ТАНЫ АЖЛЫН ДУНДАЖ НЭГ ӨДӨР ХЭРХЭН ӨНГӨРДӨГ ВЭ?
Хүүхдүүд сургуульдаа эрт явдаг тул өглөөг аль болох эрт эхлүүлнэ. Аавын үүргээ гүйцэтгэсний дараа ажилдаа ирээд 30 минутыг заавал өөрийгөө хөгжүүлэхэд зарцуулдаг. Энэ үеэр ихэвчлэн Japan times тэргүүтэй гишүүнчлэлээр уншдаг мэдээллийн вэб сайтуудаас харилцаа холбооны салбарт болон дэлхий дахинаа өрнөж буй мэдээллүүд, физик, технологитой холбоотой шинэ соргог бүгдийг олж мэдэхийг хичээнэ.
Миний хувьд өдөрт 2-3 хуралд оролцдог. Манай компанийн дүрмээр хурал уулзалтыг 10:00-12:30, 14:00-17:00 цагийн хооронд хийдэг тул үүнээс бусад цагт ямар ч албан тушаалтан хурал зарладаггүй. Түүнчлэн үдээс хойш гарын үсэг зурах, зөвшөөрөл өгөх ажлууддаа төвлөрөөд, хурал уулзалтгүй үедээ усанд сэлдэг. Сүүлийн таван жил тогтмол сэлж байна.
3. ТАНЫ АЖЛЫН НӨҮ-ХАУ?
Би яаралгүй шамдаж ажилладаг төрлийн хүн. Нэгэнт л хүн бүрд ижил цаг хугацаа оноогддог учраас аливаа ажлын үр дүнг үзэхийн тулд алхам алхмаар урагшлах хэрэгтэй. Нэг л мэдэхэд төгсгөлийн цэгт очсон байх болно. Гагцхүү тэр “нэг мэдэх” хугацаа нь төлөвлөснөөс наана байх нь чухал. Би хүүхэд байхаасаа л даалгавраа хурдхан шиг хийж дуусгачхаад үлдсэн цагт нь компьютероо тоглоод суучихдаг байсан. Яг үүн шиг хариуцаж авсан ажлаа төлөвлөгөөт хугацаанаас нь өмнө өдөр бүр, бага багаар ахиулж, цаг нь ирэхэд хангалттай сайн боловсруулсан, чанартай төлөвлөгөө танилцуулдаг.
Мөн би ямар ч тохиолдолд гэр рүүгээ ажилтай холбоотой юуг ч авч явдаггүй. Зөөврийн компьютероо ч зөөх дургүй хүн дээ. Хүн нэг өдрийн идэвхтэй амьдралынхаа 10 цагийг ажил, албан байгууллагадаа зарцуулдаг учраас өөртөө зориулах цагаа ихэсгэж, тухайн өдрийг урт байлгахыг хичээдэг.
Удирдах албан тушаалтны хувьд харизмыг маш чухал гэж боддог. Намайг ямар удирдагч вэ гэдгийг надаас илүү манай хамт олон дүгнэх ч хувь хүн маань аливаад тэгтлээ стресстдэггүй, болж бүтэх талаас нь харж боломжийг эрэлхийлэхийг хүсдэг зантай.

4. АШИГЛАХГҮЙ БАЙЖ ЧАДДАГГҮЙ АПП, ХЭРЭГСЛҮҮД ЮУ ВЭ?
Бид олон орны компанитай хамтын ажиллагаатай тул харилцааны тал дээр төрөл бүрийн чат апп-ууд ашигладаг. Жишээ нь, БНХАУ-ын компанитай WeChat, Тайвань, Өмнөд Солонгостой Line, Испани, Итали, Францтай Whatsapp, Оростой Telegram, хөрөнгө оруулагч, хувьцаа эзэмшигч, ТУЗ-ийн гишүүдтэй Viber, компанийн ажилтнууд дундаа Microsoft Teams, гэр бүл болон найз нөхөд, хувийн харилцаандаа Messenger гэх мэтчилэн апп-ыг өргөн хэрэглэж байна.
Чухал зүйлсээ цээжлэх эсвэл Microsoft OneNote дээр хадгалдаг. Анх ажлын гараагаа эхэлсэн цагаас өнөөдрийг хүртэлх бүх хурлын тэмдэглэл, тухайн цаг үетэй холбоотой зүйлс архив болон үлдсэн. Хэрэв тэмдэглэлийн дэвтэр байсан бол өдийд байхгүй нь лавтай.
Түүнчлэн би өдөрт 30-40 минутыг гар утасны тоглоомд зарцуулдаг. Шинэ гарсан тоглоомуудыг заавал туршиж, оролдож үзнэ. 1997 онд анх “Age of Empires” тоглоомоор энэ салбарт хөл тавиад үргэлжлүүлэн “World of Warcraft”, “Dota”, “Clash of clans”, “Three kingdoms”, “Mobile legends” зэргийг тоглосоор өдийг хүрчээ. Япон улсад суралцаж байхдаа “Дота”-аар олон улсын и-спортын тэмцээнд ч оролцож байсан удаатай. Сүүлийн үед өнгөрсөн долоо хоногт нээлтээ хийсэн FIFA 23-г тоглож байгаа.
5. ЦАГ ХЭМНЭХ ХАМГИЙН САЙН АРГА ТАНЬ ЮУ ВЭ?
Хамгийн завгүй хүн хамгийн завтай байдаг гэдэг дээ. Миний хувьд аль нэг хурал уулзалт хойшлох, эсвэл завсрын цаг гарахад бусад төлөвлөсөн ажлаа тэр цагт тааруулж, амжуулахыг хичээдэг. Үүний ачаар ажил эрт дуусах үе ч цөөнгүй.
Нөгөө талаас монголчууд бид аливааг эхлэх цагт ач холбогдол өгдөг. Гэвч дуусах цагийг ч бас чухалчлах ёстой. Яагаад гэвэл дараагийн ажил цагтаа эхлэх гээд хүлээж байгаа шүү дээ.


6. ХИЙХ АЖЛАА ХЭРХЭН ТӨЛӨВЛӨДӨГ ВЭ?
Хэтэрхий сайн төлөвлөснөөс үүдэн төлөвлөгөөний дагуу бүтэхгүй байх зовлон бий. Тиймээс заримдаа ерөнхийлөн төлөвлөж, том зургаар нь харахад гэмгүй. Жишээлбэл, би жил бүрийн арванхоёрдугаар сарын 30, 31-нд баг, хамт олноороо жилийн төлөвлөгөөг нь бичүүлдэг. Өөрөө ч бичнэ. Ийнхүү төлөвлөгөөгөө бусдад хуваалцсанаар таны төлөвлөгөөг биелсэн эсэхийг бусад чинь асууж, сануулдаг давуу талтай.
7. ЭРЧ ХҮЧЭЭ ХЭРХЭН СЭЛБЭДЭГ ВЭ?
Шинэ зүйл сурах бүрдээ эрч хүч олж авна. Усанд сэлэх, ууланд авирах, хөл бөмбөг тоглох дуртай. Мэдээж гэр бүлийн уур амьсгал, үр хүүхдийнхээ хөгжилтэй ярианаас асар их эерэг энерги авдаг. Ямартаа л ажлаас болж стресстээд хэцүү санагдсан үед хүүхэд маань уйлахад тэр бүх зүйл ор мөргүй алга болчихдог юм. Учир нь энэ үед хүүхэд уйлсан шалтгааныг олох нь хамгийн чухал. (инээв)
8. ҮНДСЭН АЖЛЫНХАА ХАЖУУГААР ДУРЛАЖ ХИЙДЭГ ТӨСӨЛ/АЖИЛ ЮУ ВЭ?
Шинэ содон зүйлс мэдэж авбал бусадтай хуваалцах дуртай. Тиймдээ ч ном, зохиол орчуулдаг. Хамгийн сүүлд “Дорно дахины философи Даозим” номыг орчуулсан. Философи, зохиолууд нь асар их утга уянгын хэллэгтэй байдаг учраас уншаад л ойлгохоор энгийн үгээр хөрвүүлэхийг хичээдэг.

9. ХИЙЖ БУЙ АЖЛЫН ОНЦЛОГ ЮУ ВЭ? ЭЕРЭГ САЙН БА ХЭЦҮҮ БЭРХШЭЭЛТЭЙ ТАЛУУД?
Технологийн салбар гэдэг асар хурдтайн зэрэгцээ ямагт бусад салбартаа нөлөөлж, түүчээлж байдаг. Хэрвээ бид боловсролын салбарт нөлөөлж, EdTech шийдэл нэвтрүүлье гэвэл тус салбарын мэдлэг 50 хувь, технологийн чадвар 50 хувь байх хэрэгтэй. Аль нэг нь л 49 хувь байвал нийлэмж нь 100 хувьд хүрэхгүй шүү дээ.
Харин манай салбарт тулгарч буй хэцүү бэрхшээлтэй зүйл нь чанартай хүний нөөц бэлтгэх юм шиг санагддаг. Салбарынхаа хурдацтай өөрчлөлтийг дагаад түүнд дасан зохицож, хөрвөх чадвартай ажиллах хүчин байх нь өөрөө том сорилт гэж хэлж болох юм.
Эерэг сайн тал нь технологийн салбарынхан хэнээс ч юм гуйдаггүй. Үргэлж бусад хүн биднээс тусламж гуйдаг. Үүгээрээ их бахархдаг шүү. (инээв)
10. ТА ОДОО ЮУН ДЭЭР ТӨВЛӨРЧ БАЙГАА ВЭ? ОЙРЫН ТӨЛӨВЛӨГӨӨ?
Мэдээж ирэх оны бизнес төлөвлөгөөндөө төвлөрөн ажиллаж байна. 5G технологи, 4K, FTTH эрин эхэлж байгаатай холбогдуулан манай бизнесийн гурван технологи интернэт, IPTV, үүрэн интернэт технологи шинэ үе рүү шилжиж байгаа. Дараагийн тав, арван жилийн бизнесийг уг технологи тодорхойлох юм. Энэ бүхний зэрэгцээ компаниа дижитал оператор болгох ажил үргэлжилж байна.
11. ТА ӨӨРИЙГӨӨ ХЭРХЭН ХӨГЖҮҮЛЖ, СУРАЛЦДАГ ВЭ?
Өдөр бүр тогтмол цаг гаргаж, шинэ мэдээллээс хоцрохгүй байхыг хичээдэг. Дэлхий дахинаа юу өрнөж байгааг цаг алдалгүй мэдэхийн тулд олон талт мэдээллийн эх үүсвэр хэрэгтэй. Жишээ нь, Оросын тухай мэдээллийг зөвхөн орос эсвэл англи хэл дээр гэлтгүй бусад улсын өнцгөөс юу гэж бичсэнийг унших нь зөв.
Мөн хими, физик, биологи, философи зэрэг байгаль, нийгмийн шинжлэх ухааныг гадарладаг байх нь чухал. Эдгээр нь ямар ч төрлийн мэдээ, мэдээллийн суурь болж өгдөг.

12. САНАЛ БОЛГОХ НОМ, ХӨГЖИМ, КИНО?
Номын тухайд Сүнзийн “Дайтах урлаг”-ийг санал болгоё. 2500 жилийн өмнө бичигдсэн ч бизнесийн ухаанд хамгийн хэрэгтэй ном. "Panasonic" компанийн үүсгэн байгуулагч хэдэн зуун удаа уншсан гэсэн. Мөн орчин үед амжилтад хүрье гэж бодож буй хэн бүхэн Ромын алдарт эзэн хаан Маркус Аурелиусын “Meditation” хэмээх философийг заавал уншаарай.
Харин кино гэвэл хүн, нийгмийн шийдвэр гаргалтын тухай сайн харуулсан “12 Angry Men” (1957) дэлхийн кино урлагийн топ бүтээлийг санал болгож байна. Үүн дээр нэмээд “Romance of the Three Kingdoms” киног он оны хувилбараар нь үзээрэй. Олон ч дүртэй, дүр бүр нь өөрийн гэсэн онцлогтой.
Дууны хувьд сонсохоос илүү дуулах дуртай юм байна.
13. АВЧ БАЙСАН ХАМГИЙН САЙН ЗӨВЛӨГӨӨ?
Аав маань намайг дөрвөн настай байхад “Юм бүхэн учиртай” гэдэг ном авч өгч байсан юм. Одоо хүртэл энэ үгийн утгыг бодож амьдардаг. Зангирсан утсыг тайлахад сэтгэл санаа тайвширдаг шиг ээдрээтэй асуудлыг шийдэж, учрыг нь олоход яг тийм мэдрэмж авдаг.
Мөн Япон улсад оюутны хөтөлбөрт суралцаж байх үедээ 2500 ам.долларын 1 цагийн сургалтад суусан юм. Тэгэхэд багш маань “Чи амьдралдаа шийдвэр гаргаж үзсэн үү? Хэрэв тийм бол гаргасан шийдвэрээ хэл” гэж асуулаа. Бид энэ амьдралдаа зарим сонголтоо шийдвэр гаргасан хэмээн эндүүрдэг. Эргээд багшийнхаа асуултыг бодож үзтэл би шийдвэр бус дандаа сонголт хийсэн юм билээ. Тиймээс буруу ч бай, зөв ч бай шийдвэр бол шийдвэр. Шийдвэрийнхээ эзэн нь болоод үр дагавраа өөрөө хариуцаад явах нь эргээд хувь хүний хөгжилд нөлөөлдөг гэдгийг уг асуултаас ойлгосон.

14. БУСДАД ШИДЭХ САНАА?
“Бодлого бодох нэг цагийн хугацаа өгвөл 55 минутад нь бодлогоо уншиж ойлгож, үлдсэн таван минутад бод” гэж Эйнштэйн хэлсэн байдаг. Харин бид бодлогоо бүрэн ойлгохоос илүүтэй бодох аргаа хайсаар сүүлийн таван минутад хариугаа гаргах гээд байдаг талтай. Уг нь бодлогоо ойлгочихвол хариу нь таван минутын дотор гарах нь гарцаагүй шүү дээ.
Тэгэхээр аливаа асуудлыг юун түрүүнд ойлгож, ухаарч байж ажиллах хэрэгтэй гэсэн үг. Жишээ нь, би физикийн олимпиадын зарим бодлогоо бүрэн ойлгох хүртлээ уншсан болохоор одоо ч цээжээр мэддэг. Тэгтлээ олон удаа уншсан хэрэг. Тухайн үедээ бодож чадаагүй ч мартаагүй зүйлийнхээ хариуг хожим нь бид амьдралаас олдог жамтай. Тиймээс төлөвлөгөө гаргаж, цаг алдаж, амьдралаа үрэлгүй бодсон санасан бүхнээ хийгээд үзэх хэрэгтэй гэж хэлмээр байна.

Сэтгэгдэл бичих (7)


A Academic education... 2022.10.18 137.208.106.65
Aaya gesnees yaag ih surguuli.g tugssun u, ah? Bachelor.n zeregtei CEO hiihed ch asuudal alga daa te, jaahan confucianism taldaa ym shig...
З Зочин 2022.10.16 120.22.45.77
Wow, ajiltnuud n dandaa magtsan bna, yariltslaga iig ynshihad, Skytel bol zuv hunii udirdlagad bgaa n haragdlaa. Biyee toogoogui bna, sonrihdog zuilsdee tsag zartsuulah bolomj olgodog ehnert n helehed, yag l iim zam chanar chuhal shuu, nuhrriiguu sonirhdog yumiig n bainga hiilgej baih heregtei, bravo
M MrNyak 2022.10.13 66.181.184.51
#ДогьСЕО, наазын ажил үйлсэд амжилт ерөөе. Холбоочин хүн байнадаа, салбарынхаа хөгжилд хөг нэмж, шинэ хуудсыг бичээрэй.
B B 2022.10.13 202.55.188.33
Bogino xugatsaand eyreg uurchlultuud xiij bga zaluu zaxiraldaa bayrlalaa. Tsaash tsaashdaa uxaalgaar shiidne gedegt itgeltei bna
М Мочигохама 2022.10.12 66.181.184.234
Сайхан сэтгэлтэй тусархаг, их хүнлэг, хүний мөс сайн, буурьтай, дандаа инээж явдаг бас их алиа хошин зантай эерэг энерги хүндээ нэмж хэлхэд и спортын мастер хүндээ
M MM 2022.10.12 202.9.46.24
Guitsetgeh zahirlaar tomilogdood udaagui bgaa ch bogino hugatsaand ajiltnuudiinhaa setgel hanamjid eyregeer nuluuluh tom2 ajluudiig hiisen. Ireedui maani ungulug, gereltei haragdaj ehlej bn :)
B Bb 2022.10.12 120.18.102.216
Chingun zahiral bl sn udirdagchaas gadna sn hvn. Hvn chanartai udirdagch. Niitech bogood hvniig hvn utgaar n oilgoh segtehvitei tuim hvn. Hamt ajillahad uramtai bogood medleg medeelel ugch chadah medlegtei, hvndleltei, busdiig hvndleh ethic.tei hvn. Zaluu hvn ghd sain udirdagch