Уул уурхай, эрдсийн салбарт дэлхийд тэргүүлэгчдийн нэг “Рио Тинто” группийн Монгол дахь үйл ажиллагаа эрхэлсэн захирал Х.Амаржаргал энэ удаа манай буланд зочилж, ажлын арга барил, үзэл баримтлалаа хуваалцлаа. Уул уурхайн салбарт удирдах албан тушаал эрхэлж буй эмэгтэй удирдагчдын нэг түүнтэй шинэхэн албан тушаалдаа томилогдоод удаагүй байхад нь ярилцсан билээ. Тэрээр сүүлийн 10 гаруй жил “Рио Тинто”-ийн Лондон дахь төв оффис тэргүүтэй салбар нэгжүүдэд стратеги, худалдаа, арилжаа, хууль эрх зүйн чиглэлээр удирдах албан тушаал эрхэлж яваа, чадварлаг хуульч юм.
Эрхэлдэг ажил: “Рио Тинто”-ийн Монгол дахь Үйл ажиллагаа эрхэлсэн захирал
Хэрэглэдэг гар утас: iPhone XS
Хэрэглэдэг компьютер: Dell Latitude 7200
Сошиал хуудас: Amarjargal Khenchbish (Twitter, LinkedIn, Facebook, Instagram)

1. ТАНЫ КАРЬЕРААС БИД ЮУГ МЭДЭХ ЁСТОЙ ВЭ?
Би хуульч мэргэжилтэй. “Цэц” хуулийн фирмд өмгөөлөгч, удирдах зөвлөлийн гишүүнээр ажиллаж карьераа эхлүүлсэн. Тэндээс л байгууллага удирдах арга барилын цагаан толгойг судалж эхлэн, А-г нь сурч авсан даа. Дараа нь Их Британийн Дандигийн их сургуульд, хуулийн магистрт суралцаж, сургуулийнхаа анхны монгол оюутан болж байлаа. Тухайн үед миний мэргэшсэн чиглэл байгалийн нөөцийн бодлого, менежмент байсан юм. Магистраа хамгаалсны дараа ажиллаж байсан компани маань 2000 оны сүүлчээр "Рио Тинто"-д зөвлөх үйлчилгээ үзүүлж эхэлснээр “Оюу толгой”, “Рио Тинто” гэх айлтай холбогдсон. 2008 онд “Рио Тинто” надад Ази тивийг хариуцсан хайгуулын багт хуулийн зөвлөхөөр ажиллах санал тавьсан юм. Нэлээд бодсоны эцэст зөвшөөрсөн санагдана. Улмаар “Рио Тинто”-гийн бусад салбар нэгжүүдэд шилжин ажиллаж, нүүрс болон очир эрдсийн бизнесүүдийн стратеги хөгжил, арилжааны бодлогыг боловсруулахад гар бие оролцож, гадаад харилцааны чиглэлээр ажилласан. “Рио Тинто”-д ажилтнаа шат тус бүрд нь бэлтгэдэг олон хөтөлбөр байдгийн нэг нь “Mining Executives Program” буюу уул уурхайн салбарын удирдагчдыг бэлтгэдэг хөтөлбөр юм. Энэ хөтөлбөрт хамрагдсанаар дэлхийн хэмжээнд үйл ажиллагаагаа явуулдаг том захирлууд хэрхэн ажилладгийг өөрийн нүдээр харж, тэднийг дагалдан их зүйлд суралцсан. Мөн энэ үеэр группийн гүйцэтгэх удирдлагын багт ч багтсан. “Рио Тинто”-гийн өмнөх гүйцэтгэх захирлууд болох Жан-Себастьян Жак, Арно Суарат нарын ажлын албанд ажиллаж байх хугацаандаа уул уурхайн бизнес удирдах талаар мэдлэгтэй болж, зохих ур чадварыг тодорхой хэмжээнд эзэмшиж чадсан. Ажилдаа чин сэтгэлээсээ ханддаг маань групп дотроо үнэлэгдэн, карьерын дараа дараагийн шатанд гарахад дэм болсон гэж боддог.
2. ТАНЫ АЖЛЫН ДУНДАЖ НЭГ ӨДӨР ХЭРХЭН ӨНГӨРДӨГ ВЭ?
Ажлын өдөр маань хамгийн түрүүнд имэйл, тухайн өдрийн онцлох чухал уулзалт хурлуудаа шалгаж төлөвлөхөөс л эхэлдэг дээ. Өглөө эрт босоод гэрээсээ ажил руугаа алхдаг. Алхах их дуртай. Тив алгассан, цагийн багагүй зөрүүтэй газруудад ажилладаг олон багтай харилцаж, нэгтгэж ажилладаг учраас өглөөнөөс, орой болтол байнга л утсаар ярьж, цахим хуралд оролцох шаардлагатай болдог. Төв оффис маань Лондонд байдаг болохоор оройдоо ер нь хурал, цахим уулзалтууд ихтэй. Гэсэн хэдий ч өрөөндөө тусгаарлагдаад суугаад байхыг хүсдэггүй болохоор багийнхантайгаа аль болох чөлөөтэй ярилцаж, тэдний санал бодлыг сонссоны үндсэн дээр шинэ санаа, санаачилга гаргана. Монгол дахь баг маань идэвхтэй тэлж байгаа болохоор аль болох нээлттэй, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж, хөгжилд түүчээлдэг ажлын орон зай бий болгохыг хүсдэг. “Рио Тинто”-гийн олон салбар нэгжид ажиллаж үзсэн хүний хувьд Монголд ирээд “Mongolia Delivery Center”-ээр үнэхээр бахархсан. 100 гаруй монгол залуусын бүрэлдэхүүнтэй, мэдээллийн технологи, бизнес үйлчилгээний энэ нэгж маань одоогоор Австрали, Сингапур, Энэтхэг, Европт төслийн менежмент, зардлын менежмент, дата мэдээлэлтэй холбоотой үйлчилгээ үзүүлж байна. Сүүлд Хойд Америкт мөн хүрч ажиллахаар болж, ажилтнуудаа франц хэлний сургалтад хамруулж байгаа.
3. ТАНЫ АЖЛЫН НӨҮ-ХАУ?
Аливаа асуудлыг том зургаар нь харчихвал шийдэхэд илүү цэгцтэй, хялбар. Өөрийнхөө алсын харааг багийн гишүүддээ ойлгуулан, хамтдаа тэр зорилгын төлөө нэгэн сэтгэлээр ажиллавал илүү үр дүн гарна шүү дээ. Бүрэн зураглалаа гаргахдаа аль болох олон талын санаа бодол, дуу хоолойг тусгаж, цараатай сэтгэхийг хичээдэг.
Ажил дээрээ бид амьдралынхаа ихэнх хугацааг өнгөрүүлдэг учраас хамт олонтойгоо найрсаг сайхан харилцаатай, итгэлцэлтэй байх, хүн бүрийн оролцоог хангах нь чухал юм. Манай компани ажилтнуудынхаа оролцоо ба ялгаатай байдлыг дэмжих бодлогын хүрээнд арьс өнгө, нас хүйс ямар байхаас үл хамааран хүн бүр өөрийн гэсэн үнэт зүйл, үнэ цэнийг авчирдаг хэмээн үзэж, бүхнийг хамтын хүчээр шийдэхийг эрмэлздэг. Бүгдийг өөрөө шийдэх гэж зүтгэж, ажлын ачааллыг өөр дээрээ төвлөрүүлэх биш, тэр ажлыг хамгийн сайн чаддаг хүнд даатгах нь үр дүнтэй.


4. АШИГЛАХГҮЙ БАЙЖ ЧАДДАГГҮЙ АПП, ХЭРЭГСЛҮҮД ЮУ ВЭ?
iWatch миний байнгын туслах. Яаралтай чухал дуудлага, хурал, имэйл, бас эрүүл мэндээ iWatch дээрээ хараад хянаад явчихна. Өглөө босоод гадаад ертөнцөд юу болж байгааг харах үүднээс “Economist”-ийн “Morning Expresso” гал тогоондоо “уудаг”. “Рио Тинто”-гийн бусад улс дахь захирлуудтай ярилцахад тухайн улс оронд болж буй цаг үеийн үйл явдлын талаарх мэдээлэлтэй байх нь чухал байдаг. Бас зайнаас ажиллаж байгаа болохоор тувт л чихэндээ EarPod хийгээд ярьж байдаг болж. Судалж мэдэх зүйл их учраас уншихаас гадна, элдэв ажил амжуулах зуураа сонсож мэдээлэл авна. Mplus дээр аудио ном сонсоно, подкаст сонсоно. Kindle-ээр бас ном унших дуртай. Ер нь аль болох цаасны хэрэглээнээс татгалзаж, бүх тэмдэглэгээгээ утас дээрээ ч юм уу, цахимаар хийдэг. Багаараа Teams ашигладаг. Teams дээр багаараа хийж буй ажил, төлөвлөгөө, хэдэн шатлалтай явж байгаагаа хянаад явах боломжтой. Зав гарвал хүү, охинтойгоо Netflix үзнэ. Сүүлд “Maudie” гэж кино үзсэн. Тэгш оролцоог бүрдүүлэх үнэт зорилготой минь нийцсэн, гоё кино байна лээ.
5. ЦАГ ХЭМНЭХ ХАМГИЙН САЙН АРГА ТАНЬ ЮУ ВЭ?
Уулзалтуудыг аль болох үр дүнтэй, богинохон байлгахыг хичээдэг. Хэлэлцэх гол асуудал, шийдэл гаргалгаа юу байгааг ярилцаж, шийдэл, үр дүнд төвлөрч ажилладаг. Цаг хэмнэх чухал ч хүмүүстэй ярихдаа шууд ажилдаа оролгүй, юу байна, гэрийнхэн нь сайн уу гэхчлэн амар мэндийг нь мэдэж, нөгөө хүнтэйгээ харилцан яриа өрнүүлэн, нээлттэй, чөлөөтэй харилцах орон зай бүрдүүлэхийг зорьдог. Гэр бүл гэдэг хүнд хэчнээн чухал билээ дээ. Уурхайн ажилчдын ихэнх нь гэр бүлээсээ хол ажилладаг учраас тэр тал дээр анхаарснаар ажилтантайгаа амьд харилцаа үүсгэж, үүгээрээ ч бид үнэ цэнээрээ нэгдэж байгаагийн нэг илрэл болдог.
6. ХИЙХ АЖЛАА ХЭРХЭН ТӨЛӨВЛӨДӨГ ВЭ?
Том жижгээр нь эрэмбэлж ажлаа төлөвлөдөг. Тухайн ажлыг хийхэд хэр хугацаа хэрэгтэй байгаагаас хамаарч жил, сар, долоо хоног өдрөөр нь ажлаа төлөвлөөд, аль болох төлөвлөгөөнийхөө дагуу ажиллахыг хичээдэг. Гэхдээ хүн л юм хойно өнөөдрийн төлөвлөсөн ажил маань яв цав төлөвлөгөөний дагуу явахгүй байх үе гарна. Өөр яаралтай чухал ажил гэнэтхэн гарч ирээд, анхны төлөвлөгөө орхигдох үе ч зөндөө. Тэр бүрд аль болох хурдан дасан зохицож, өмнөх ажилдаа бүрэн төвлөрөхийг хичээдэг. Ажил, төлөвлөгөөгөө оюун санаандаа зураглаад, тэр дагуу багийнхандаа ийм тийм ажил хэрэгтэй байна, тэгье, ингэе гэхэд маш хурдтай, гар нийлэн зохицуулж ажлаа урагшлуулдаг даа. Хэрвээ манайд тэр ажлыг гүйцэтгэх боломж нөөц байхгүй бол хамгийн чадварлаг хүмүүсийг олохыг хичээнэ. Багт өөр өөр төрлийн зан төлөв, чадвартай хүмүүс байх хэрэгтэй гэж боддог, оролцоог нь ч тэгш байлгахыг хичээдэг.

7. ЭРЧ ХҮЧЭЭ ХЭРХЭН СЭЛБЭДЭГ ВЭ?
Гэр бүлийнхэнтэйгээ цагийг өнгөрүүлж, эрч хүчээ нөхөж авдаг. Хүүтэйгээ хамт боксоор хичээллэж байгаа. Анхаарлаа төвлөрүүлэх, илүү эрч хүч, урам зоригтой, хатуужилтай байхад бокс их нэмэртэй юм билээ. Биеийн жин, булчингийн массаа хадгалахад ч хэрэгтэй. Хүүгийнхээ урласан бүтээлийг үзэж, түүхийг нь яриулахаар бөөн баяр хөөр, өрнүүн яриа болно.
Гэрийнхэнтэйгээ ууланд алхах дуртай. Хамт олон, бизнесийн хамтрагчидтайгаа ч ууланд гарах нь бий. Япончууд бизнес хийх гэж байгаа хамтрагчтайгаа өндөр ууланд авир гэдэг. Уулын спорт хүнд тэсвэр, тэвчээр хатуужил суулгадаг, бас хүн ууланд авирч байхдаа өөрийнхөө зан чанараа биеийн хэлэмжээрээ илэрхийлж байдаг болохоор тэр юм болов уу.
8. ҮНДСЭН АЖЛЫНХАА ХАЖУУГААР ДУРЛАЖ ХИЙДЭГ ТӨСӨЛ/АЖИЛ ЮУ ВЭ?
Нэг найзын маань франц найз бяслагийн цех байгуулах гээд нэг улс руу хөрөнгө оруулахаар бэлдсэн байсан. Түүнд Монголоо сурталчилсаар байгаад бяслагийн жижигхэн цехийг нь эндээ байгуулж байлаа. Энэ мэт боломж гарах бүрд л эх орноо сурталчилж таниулахыг эрмэлздэг.
Группийн маань захирлаар монгол хүн томилогдсонтой холбоотой ч юм уу, сүүлийн үед АНУ, Австрали, Серби гээд л олон улсаас “Оюу толгойгоос туршлага судалъя” гэх хүсэлтүүд их ирэх болсон. “Оюу толгойд хэрэгжүүлж байгаа менежмент, туршлагаас тань суръя мэдье” гэсэн хүсэлтэд дарагдаад байгаа шүү (инээв). Оюу толгойг бид л энд “Болохгүй байна, ашиггүй байна” гээд яриад байгаа болохоос “Рио Тинто”-гийн эзэмшил, менежментэнд байдаг уурхайд дунд хөдөлмөрийн бүтээмж, аюулгүй ажиллагаа гэхчлэн олон зүйлээрээ тэргүүлэх, жишиг уурхай болон хөгжиж байгаад монгол хүнийхээ хувьд үнэхээр баяртай байдаг. Ирээдүйд дэлхийн уул уурхайн хөгжлийг тодорхойлоход Монгол голлох үүрэгтэй байна гэдэгт бүрэн итгэдэг дээ.
9. ХИЙЖ БУЙ АЖЛЫН ОНЦЛОГ ЮУ ВЭ? ЭЕРЭГ САЙН БА ХЭЦҮҮ БЭРХШЭЭЛТЭЙ ТАЛУУД?
Яагаад “Рио Тинто” гэх компанид амьдралынхаа 10 гаруй жилийг зориулав гэхээр энэ компанид ёс зүйн өндөр мэдрэмжтэй, зөв сэтгэлгээтэй хүмүүсээс ажилладаг. Компанийн соёл ч үүнд чиглэгддэг. Буруу зүйл хийгээд байх шиг санагдвал ажилтан “MyVoice” гэх хөтөлбөрийн хүрээнд чөлөөтэй илэрхийлж илчлэх боломжтой. Тухайн улс, орон нутгийн хөгжилд хэрхэн хувь нэмэр болох вэ, нутгийн иргэд, хүмүүст бид ямар үнэ цэн өгч чадах вэ гэдэгт маш их анхаардаг. Энэ бүхэн эерэг өөрчлөлт, үр дүн авчиръя гэх миний хувийн зарчим, үнэт зүйлтэй тохирдог учраас өнөөдрийг хүртэл “Рио Тинто”-д ажиллаж явна даа.
Энэ жил Засгийн газар, “Рио Тинто” хэлэлцээний ширээнд суун, багагүй хугацаанд яригдсан асуудлаа шийдвэрлэх гэж байна. Ийм үед “Рио Тинто”-ийн Монгол дахь үйл ажиллагаа эрхэлсэн захирлаар томилогдоно гэдэг асар хариуцлагатай ажлыг хариуцаж авч байна гэсэн үг шүү дээ. Улсын маань төсөвт 24.1 их наяд төгрөгийн орлого оруулсан, олон үзүүлэлтээрээ дэлхийд дээгүүр эрэмбэлэгддэг энэ том төслийн гэрээг эх орондоо нааштайгаар өөрчлөх, иргэдийнхээ хүртэх хувь хишгийг нэмэгдүүлэх ач холбогдолтой, түүхэн хэлэлцээрт оролцож байгаадаа баяртай байгаа ч үнэхээр амаргүй гэдгийг нуухгүй ээ. Гэрээнд нааштай өөрчлөлт оруулах, үйл явцыг хурдасгах нь зөвхөн нэг талаас хамааралтай бус, үүнд хоёр талын хичээл зүтгэл чухал. “Оюу толгой” бол “Рио Тинто” болон Монгол Улсын Засгийн газар хоёрын дундаас төрсөн “хүүхэд”. Бид энэ хүүхдээ арав орчим жил сургалаа. Харин одоо ажлын гараан дээр ирээд байна. Цааш хэрхэн зөв залах вэ гэдэг хэлэлцээрийн багт ажиллаж байгаа бидний хэн хэний маань хариуцлага. Тиймээс монгол хүнийхээ хувьд ч, хариуцлагатай алба хашиж байгаагийнхаа хувьд ч бүхий л сэтгэл, хүч хөдөлмөрөө зориулан, чармайн ажиллаж байна даа. Монголдоо ахиад нэг Оюу толгойн дайтай хөрөнгө оруулалт оруулаад ирчих юм сан гэсэн мөрөөдөлтэй.

10. ТА ОДОО ЮУН ДЭЭР ТӨВЛӨРЧ БАЙГАА ВЭ? ОЙРЫН ТӨЛӨВЛӨГӨӨ?
Шинэ ажилдаа томилогдоод хоёр сар орчим болж байна. Группийн хувьд ч бас бүтэц, гүйцэтгэх удирдлагын багийн шинэ томилгоотой холбоотой дотоодод менежмент, төлөвлөлтийн ажлууд их явагдлаа. “Оюу толгой”-н хэлэлцээний багт ажиллаж байгаагийн хувьд дараагийн уулзалтад бэлдэх нь ажлын минь амин чухал хэсэг болоод байна.
Үүний зэрэгцээ Монголоо сурталчлах таниулах боломжийг эрэлхийлж ажилладаг. Манай Монгол дахь баг “Рио Тинто” группийн Ковидын эсрэг сангаас Азидаа хоёрдугаарт орох хэмжээний санхүүжилтийг татан төвлөрүүлж, түүгээрээ ЭХЭМҮТ, Хоёрдугаар төв эмнэлэг тэргүүтэй дөрвөн газар PCR-ийн цогц лаборатори байгуулж, амжилттай хүлээлгэн өглөө. Хүнд цаг үед бага ч гэсэн тусламж дэмжлэг үзүүлсэндээ урамшин дараа дараагийн Монголдоо оруулж ирэх хөрөнгө оруулалт, төслүүд юу байна гээд л идэвхтэй судалж байна.
Сүүлийн нэг жил гаруй төлөвлөсөн ажил маань удахгүй хүмүүст хүрч эхлэх гэж буйг бас энд хуваалцъя гэж бодлоо. МҮХАҮТ, “Transparency International”-тай хамтран “Бизнесийн ёс зүй, шударга байдлыг бэхжүүлэх төсөл”-ийг санаачлан хэрэгжүүлж байна. Төслийн маань нээлт энэ долоо хоногт болно. Олон жил үйл ажиллагаа явуулж, компанийн соёл нь бүрэн төлөвшсөн, олон улсын компанийн хувьд бизнесийн ёс зүйг хууль мэт чанд мөрдөж ажилладаг. Энэ туршлагаа танхимын гишүүн байгууллагуудтай хуваалцах ажил эхлүүлэх гэж буй нь тэр. Бас саяхан манай хамт олон цахимаар зайнаас 300 гаруй мод тарилаа. Нэгэнт зайнаас мод тарьж болж байгаа юм чинь группийн хэмжээнд энэ ажилд илүү далайцтай оролцох ямар боломж байгааг судалж байгаа. Бизнесийн онцлог учраас гадаад мэргэжилтнүүд, уурхайн ажилчид маань онгоцоор их нисдэг, түүнийгээ дагаад хүлэмжийн хий багагүй ялгаруулж байгаа учраас уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг байгальд ээлтэй ямар ажил хийж болох талаар анхаарч судлах нь зүйн хэрэг.
11. ТА ӨӨРИЙГӨӨ ХЭРХЭН ХӨГЖҮҮЛЖ, СУРАЛЦДАГ ВЭ?
Хүн уншиж мэдсэнээ, туршлагаа бусадтай хуваалцах үед өөрөө ч их хөгждөг юм шиг санагддаг. “Рио Тинто”-гийн бүх ажилтан LinkedIn Learning үнэ төлбөргүй ашиглах эрхтэй байдаг. Түүгээрээ дамжуулаад хүссэн сонирхсон сэдвүүдээ цахимаар судлаад мэдчих боломжтой. Сүүлд LinkedIn Learning-ийн сагсандаа нэлээн хэдэн хөтөлбөр, сургалт хийсэн юм байна, зав чөлөөгөөрөө үзнэ ээ. Группийн зүгээс ч бас заавал үзэж гүйцээх ёстой сургалтуудын жагсаалт гэж жил бүр шинэчлэн гаргадаг том жагсаалт бий. Миний хувьд саяхан дэд захирлын албан тушаалаасаа дэвшиж, Монгол дахь үйл ажиллагаа хариуцсан захирал болсонтой холбоотойгоор “Leading at Rio Tinto” гэсэн сургалт авах албан даалгавар авсан. Манайд удирдлагын менежмент Чингисийн аравтын бодлоготой төстэй зарчмаар явагддаг. Нэгж тус бүрийг хариуцаж байгаа захирал, менежерүүдтэй нь ярилцаж шийдэл эрж, “шүүсийг нь шахах” нь миний хийх гол ажил гэх үү дээ. Мөн “дан ганц би менежерүүдтэй ажиллах, харилцах ёстой” гэж өөрийгөө хайрцаглахгүйгээр залуустай хамтарч, тэднээсээ бас суралцах нь чухал. Түрүүн хэлсэнчлэн, манай “Mongolia Delivery Centre”-д л гэхэд дунджаар 30 орчим насны 100 гаруй шижигнэсэн залуус 12 улсын хэлээр яриад, дэлхийн өнцөг булан бүрд цагийн зөрүү үл харгалзан мэдээллийн технологи, бизнесийн үйлчилгээ үзүүлж байна шүү дээ. Тэр залуусаас сурах юм их.

12. САНАЛ БОЛГОХ НОМ, ХӨГЖИМ, КИНО?
Хөл хорионы үеэр нэлээд хэдэн номын “ард гарсан” шүү. Жоржиа О’Киффийн тухай ном уншлаа. Феминизмийн үзлийг түүчээлэгчдийн нэг, цаг үеэсээ түрүүлж сэтгэдэг хүн байж дээ гэж бодсон. Билл Гэйтс “How to Avoid a Climate Disaster” номдоо уур амьсгалын өөрчлөлтийг багасгахад төр, томоохон компаниудын үүрэг гэхээс гадна хүн бүрийн оролцоо хэрэгтэй гээд, хэн бүхний хэрэгжүүлж болохуйц, шинэлэг санаануудыг дэвшүүлсэн байсан.
Монголынхоо их зохиолчид болох Ц.Дамдинсүрэн, Д.Намдаг агсны номуудыг эргүүлж тойруулж унших дуртай, үнэхээр уйдамгүй. Ковидын үеэр гэрийнхнийгээ дахин шинээр таньж мэдэн, охин, хүү хоёртойгоо дотно нөхөрлөлөө. Өсвөр нас нь ирж байгаа болохоор энэ үед нь илүү анхаарал тавих шаардлагатай болж, охиныхоо сонсдог хөгжим, үздэг киног нь хамт үзэж сонсдог болж байгаа. Тэгээд одоо “Blackpink”, Лана Дель Рэйн фэн болсон (инээв). Бас хүү, охин хоёроосоо суралцаад сошиал медиа Instagram, Facebook хэрэглэж эхэлсэн.
13. АВЧ БАЙСАН ХАМГИЙН САЙН ЗӨВЛӨГӨӨ?
“Never waste a good crisis” гэж манай нэг дарга хэлдэг байж билээ. Хүндрэл бэрхшээл, хямрал гэдэг мэдээж амаргүй ч нөгөө талаасаа боломжийг бий болгож байдаг учраас тэр боломжийг алдалгүй сайн ашиглаж аваарай л гэсэн санаа. Бас аливаа юм үргэлж сайн, муу хоёр талтай байдаг шиг, юмны сайн талыг, хүний сайн сайхан чанарыг эхэлж олж харахыг хичээдэг. Сайныг нь түрүүлээд олоод харчихвал, муу нь тодорч харагдаад байдаггүй. Хүн юу тарина, түүнийхээ үрийг хураана гэж ярьдаг шүү дээ. Гэгээлэг, зөв бодолтой байхыг хичээдэг. Өөрөө эерэг сайхныг санаж сэтгэж, зөв бодолтой байхад ажил аяндаа бүтээд байх юм шиг санагддаг. Муу санаж, хүн муу хэлэх дургүй.
14. БУСДАД ШИДЭХ САНАА?
Би "Power of one" буюу “Ганц дайчин ганцаардахгүй” гэдэгт итгэдэг. Өөрөөр хэлбэл, ганц хүн гэж гололтгүй, ганцаараа ч хүрээлэлдээ, нийгэмдээ өөрчлөлт хийх, нөлөөлөл үзүүлэх боломжтой. Гол нь санаачилгатай, оролцоотой л байх хэрэгтэй. Хүн байгалиасаа зөрчил тэмцэлт орчинд татагддаг, драматик тал нь давамгайлдаг ч гэх юм уу. Үүнийг "Drama Triangle" гэсэн онолоор тайлбарладаг юм билээ. Хүнд эерэг байх уу, сөрөг байх уу гэсэн сайн, муугийн сонголт үргэлж байдаг. Жаахан л хичээгээд, алхам тутамдаа эерэг энерги түгээдэг бол сайхан биз дээ? Хажуугаар хэн нэгэн инээмсэглээд өнгөрөхөд өөрийн мэдэлгүй инээмсэглэдэг шиг.


Сэтгэгдэл бичих (16)


D DR. ADITY APRADHAN 105.113.18.96
Өдрийн мэнд, бүгдээрээ, Би бол Ибрахим, нэг бөөрөө Aditya Pradhan эмнэлэгт зарсны дараа хэрхэн баян болсон тухайгаа хуваалцахыг хүсч байна. Би бөөрөө зарах нэр хүндтэй эмнэлэг хайж олон жил ядуу зүдүү тэмцэж байсан. Эцэст нь дотны найз маань намайг ADITYA эмнэлэгтэй танилцуулахад би бөөрөө 780 мянган доллараар (долоон зуун наян мянган доллар) зарсан. Хэрэв та бөөрөө мөнгөөр зарахыг хүсвэл DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар ADITYA эмнэлэгтэй холбоо барихыг зөвлөж байна.
D DR. ADITY APRADHAN 105.113.18.96
Өдрийн мэнд, бүгдээрээ, Би бол Ибрахим, нэг бөөрөө Aditya Pradhan эмнэлэгт зарсны дараа хэрхэн баян болсон тухайгаа хуваалцахыг хүсч байна. Би бөөрөө зарах нэр хүндтэй эмнэлэг хайж олон жил ядуу зүдүү тэмцэж байсан. Эцэст нь дотны найз маань намайг ADITYA эмнэлэгтэй танилцуулахад би бөөрөө 780 мянган доллараар (долоон зуун наян мянган доллар) зарсан. Хэрэв та бөөрөө мөнгөөр зарахыг хүсвэл DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар ADITYA эмнэлэгтэй холбоо барихыг зөвлөж байна.
З Зочин 192.82.73.219
Тэгээд яагаад Оюу толгой компани чинь шүүмжилж дуугарсан ажилтан болгоныг халчихдаг, үйлдвэрчний эвлэл нь ч юу ч дуугарч чадахгүй байдаг юм бэ. Өөрөө худлаа яриад байна уу эсвэл доод компаниа мэдэхгүй сэвээд байна уу
Ү Үүрээ 202.55.191.130
Yeah " Power of one", Эерэг, гэгээлэг бүхэн гэрэл мэт цацрах болтугай. Ирээдүйн зорилготой, өөрийн үнэт зүйлтэй санал, нийцэж байгаа учир үлгэр жишээ танай баг хамт олонтой нэгдэх болно.
B Bayaraa 202.21.108.225
Yostoi cool emegtei bna. Iim mundag murtluu buh l zuild ih engiin bgaa n taalagdlaa. Iimerhuu humus dandaa ajilladag bol OT-d bravo gej heley.
N No 95.223.58.145
K н коммент 1970 онд гацсан мэт санагдлаа хахах.Данди төгсөөд сайн карээр хийхгүй энтр.Ямар мал юмаа бичээд байгаа бийч вэ хахах Ямартай ч гоё урам өгсөн нээлттэй сайхан ярилцлага байна. Баярлалаа
З Зочин 66.181.165.27
Үнэхээр сайхан ярилцлага болсон байна. Үргэлж хар бараан зүйлээр хардаг хүмүүсийн хажууд эерэг гэрэл гэгээ төрүүлж, логиктой зөв яриа өрнүүлсэн байна. Амжилт хүсье
У Уншигч 84.65.81.107
Эмэгтэй удирдагчдыг хувцаслалт болон харагдах байдлаар нь дүгнэдэг бачуухан өчүүхэн үзэлтэй хүмүүс сэтгэгдэл бичиж үлдээж буй нь харамсмаар. Илжиг унаад явсан ч муулна, хөтлөөд явсан ч өө олно гэдэг дээ, өөрийнхөөрөө байж ур чадвар, удирдах арга барил, чадвараараа улам гялтганаарай. Ганцаараа “би бүгдийг мэддэг чаддаг” гэхгүй харин үр хүүхдүүд, туршлагатай хүмүүсээс суралцдаг гэдэг нь таалагдлаа. Худал дүр эсгэхгүй, нээлттэй байж чаддаг хүн байна. Доор нэг хүн “бийчи” бай гэнэ үү? Дан “төмөр хатагтай” болж хатуу хэрсүү харагдах гэж жүжиглэхийг хүсч байна уу даа тэр хүн. Харин ч authentic байж Brene Brown-ы хэлдгээр vulnerable бас human side аа харуулсан үнэхээр сайхан ярилцлага болжээ. Браво. Монголд ийм leader эмэгтэйчүүд улам олон төрөх болтугай. Амжилт хүсье. !
E Eww 202.21.108.164
Боловсролтой хүмүүс нь харийн луйварчдыг өмөөрөх ажил хийдэг нь бөөлжис хүргэдэг. Монголчуудыг хооронд нь алалцуулах гээд янз бүрийн бууны нохой тавьжээ
И Иргэн 66.181.161.46
Мундаг хүн юмаа Оюутолгойн гүйцэтгэх удирдлагын багийг энэ 76 оронд тавьчихвал энэ их баялагтай цөөхөн ард түмэн хоромхон хугацаанд Азийн арслан болно гэдэгт итгэдэг дээ.
U Unshigch 202.9.46.28
Аль ч салбарт эмэгтэй удирдагч гарч ирэхээр өмссөн зүүсэн, үс гэзгийг нь эхэлж хардаг хүмүүс үнэхээр өрөвдөлтэй өчүүхэн. Тийм хүмүүсийг үл тоо, илүү их амжилт гаргаж, гэрэлт Амараа!
Z Zochin 192.82.69.129
Oorsdodoo hiij buteej gavisan zuilgui humuus dandaa hudlaa tom yarij hun shuumjlej suudag, Ugeer huniig alj bolnoo gedgig meddeggui sonin uls ve. Zov setgeltei saihan busgui, hiiy buteey geed yavj bhad negnee zaaval ingej goochloh hereg bdag ch yumuu
З Зочин 148.252.128.57
Рио тинто манайхантай шатар тоглож байна гэсэн үг. Чадалтай боловсролтой монгол хүмүүс бэлдэж байгаад монголын эсрэг шатрын хүү болгон түлхэж байгаа нэг жишээ юм даа. Иймэрхүү шатрын хүү болж байгаа хэдэн хүмүүс байнаа байна.
з зочин 202.126.90.64
цэгцтэй, олон талын мэдлэгтэй, дэлхийн хэмжээний ямар ч компанид удирдах ажил хийхээр бэлтгэгдсэн, боловсролтой Монгол эмэгтэй байна ажлын амжилт. Ийм олон залуус Монголд хэрэгтэй байна даа.
З Зочин 64.119.20.134
Сайхан бүсгүй байна. Монгол хүний сэтгэлээр Оюутолгойн гэрээнд хандах юм байна гэж ойлголоо. Амжилт хүсье.
Б Б.Батбилэг/Билгээ ах 202.9.46.102
Сайн байна уу. Амараа захиралдаа баяр хүргэж, эрүүл энх аз жаргал хүсье. "Оюу толгой" гэдэг нэг гал тогоонд хамт зүтгэж байснаараа бахархдаг шүү. Ажлын амжилт хүсье.