Шинэ ургацын ногоо, шимт тариа будаагаар элбэг дүүрэн налгар намар цагийн гол баатрууд нь яах аргагүй хөдөө аж ахуй эрхлэгч, тариаланч, ногоочид. Халуунд халж, хүйтэнд хөрж, шаргуу хөдөлмөрлөсөн ажлынхаа үр дүнг жилийн энэ үед л үнэлүүлж, ард иргэдээ эх орны хөрсөнд ургасан эрүүл, чанартай хоол хүнсээр хангадаг тэдний үнэ цэн, хичээл зүтгэлийг тоочоод барамгүй. НҮБ-аас 2021 оныг "Олон улсын жимс, хүнс ногооны жил" болгон зарласантай холбогдуулан бид энэ удаагийн дугаартаа "Амар катеринг" компанийн захирал Д.Амарсайханыг урьсан юм. 18 жилийн турш хүнсний ногоо тариалж, "Энх шим" хүлэмжийн аж ахуйгаараа дамжуулан эмчилгээ, сувиллын зориулалттай, эрүүл аюулгүй хүнсээр хэрэглэгчдээ хангахын төлөө ургамал хамгааллын цогц аргыг хэрэгжүүлж буй түүнийг энэ цагийн хүнсний баатар хэмээн онцлууштай. 

Байршил: Монгол, Улаанбаатар, Хан-Уул дүүрэг, Туул тосгон
Эрхэлдэг ажил: Хувийн аж ахуй эрхлэгч, ногоочин
Хэрэглэдэг утас: Huawei Y7
Хэрэглэдэг компьютер: Dell брэндийн суурин болон зөөврийн компьютер
Сошиал хуудас: Энх шим (Фэйсбүүк)



1. ТАНЫ КАРЬЕРААС БИД ЮУГ МЭДЭХ ЁСТОЙ ВЭ?

Миний хувьд 2003 онд том хүүгээ төрүүлээд удаагүй байхдаа тариа ногооны салбартай анхлан танилцаж байлаа. Нийгэм эвэндээ ороогүй, мөнгө хомс байсан цаг. Тиймдээ ч, хүүгээ ердөө хоёрхон сартай байхад нь дайчин хөдөлмөрч гэхээс илүүтэй амьдралын шаардлагаар ажил хийх болсон юм. Үүнээс нэг их удалгүй, өрхийн орлогыг нэмэгдүүлэх олон улсын төслийн хүрээнд хашаанд ногоо тарих сургалт зарлагдсан юм. "Энэ л миний орлогоо нэмэгдүүлж, ажлын байртай болох боломж" гэж хараад дуртайяа очиж суусан. Сургалтаас авсан урмаараа, амьдарч байсан Яармагийн хашаандаа 4*6-ийн жижигхэн хүлэмж бариад ногоо тарих болов оо. Хумсын толионд ч хүрэхгүй жижиг үр нүдэн дээр хэрхэн соёолж, ургаж цэцэглээд, үр шимээ өгч байгааг харах ер бусын гайхамшигтай мэдрэмж. Мэдээж анхны удаагийнх байсан учраас санасны зоргоор бүгд амжилттай ургана гэж үгүй л дээ.

Гэхдээ л сайн ургацуудаа гэр бүлээрээ идэхийн хажуугаар заримыг нь зарж борлуулан өөрийн хүчээр бага боловч орлоготой болсон нь надад "Би үүнийг хийж чадна, болохоор юм байна" гэдэг итгэлийг өгсөн. Тэр үед л газрын шидийг биеэр мэдэрсэн дээ. Удалгүй өөрөө тарьж туршихаас гадна хавь ойрынхноо уриалсаар, НҮБ-ийн Хүнс хөдөө аж ахуйн байгууллагаас 2010-2013 оны хооронд хэрэгжүүлсэн "Хүнсний аюулгүй байдлыг хангах нь" төсөлд хамрагдан, Хан-Уул дүүргийн 200 гаруй өрхийн тариаланчдыг хариуцсан сургагч багш болов. Зааж, чиглүүлдэг ажил хийгээд ирэхээр улам л олон хүнд хүрмээр, ийм боломж байна гэж мэдүүлмээр санагддаг юм билээ. Тиймд хувиараа төсөл бичиж, хөөцөлдсөөр амжилттай хөрөнгө оруулалт авч, тухайн үедээ хүлэмжээ томосгон, сургалтын бааз болгож байлаа. Ингээд үйл ажиллагаагаа ахин өргөжүүлж НҮТББ-аа 2007 онд байгуулж, тариалалт, сургалтын ажлын хажуугаар ногоочдын дуу хоолой болох, ажлын нөхцөл боломжийг нэмэгдүүлэх зэрэг нийгмийн ажилд төвлөрч байгаад 2014 онд тун ч зоримог шийд гарган "Чингис бонд"-ын зээлд хамрагдаж, Туул тосгонд байрлах одоогийн энэ газраа аван, өмнөхөөсөө хэд дахин өргөн хүрээнд, өндөр хариуцлага дор ажилласаар өнөөг хүрч байна.

2. ТАНЫ АЖЛЫН ДУНДАЖ НЭГ ӨДӨР ХЭРХЭН ӨНГӨРДӨГ ВЭ?

Манай аж ахуй өвлийн хүлэмжтэй. Үнэндээ өвлийн тариалалтаас ашиг гардаггүй, зардал ихтэй байдаг ч нэгэнт үүнийг л хийх гэж хөдөлмөрлөж буй хойно эрсдэлээ хүлээгээд, гурван жилийн турш өвлийн цагт тасралтгүй ажилласаар ирсэн. Тэгэхээр өвөл, зуны хуваарь ерөнхийдөө адил.

Голцуу 05:30 гэж босно. Зуны улиралд дараалсан олон хоног нар гарвал худгаа цэнэглэхийн тулд үүрийн дөрвөн цагт босох үе ч бишгүй. Ажил эхлэхээс өмнө бүх хүлэмж талбайгаар явж ургалт, бусад зүйлсээ нягтална. Ингээд өдрийн халуун нар гарахаас өмнөх 11 цаг хүртэл ажилчидтайгаа хэсэгтээ л пижигнэнэ дээ. Өдрийн их халуунд ажилчдаа хэсэг амраана. Тэр зуур Өлзийтөд байдаг ургацын талбай руугаа явж жимсний мод, хүнсний ногоогоо эргэнэ. Эргэж ирээд халуун буухтай зэрэгцэн хураалт, арчлалт, савлалтын ажлууддаа ороод үдэш болгоно.

Манай байгууллагын хувьд ургацаа хотод аваачиж, бөөнөөр борлуулах нь харьцангуй бага. Тарилтын явцдаа ихэд анхаарч эрүүл ногоо хэрэглэгчдэд хүргэхийг эрхэмлэдэг учраас гол бөгөөд байнгын үйлчлүүлэгчдийн ихэнх нь химийн эмчилгээтэй, хоолны дэглэмтэй, хүнд харшилтай хүмүүс эсвэл сувиллын газрууд байдаг. Тиймээс бага багаар олон захиалга тогтмол орж ирдэг, савлагаа, хүргэлтэд их цаг зарцуулдаг онцлогтой.



3. ТАНЫ АЖЛЫН НӨҮ-ХАУ?

Ургац, тариалалтын ажил бол багийн ажил. Багаа зөв удирдах, бүтээмжээ өндөрт байлгах, хүмүүсээ хэт ядраахгүй байх тал дээр аль болох анхаарч, хичээж ажилладаг. Бид чинь газар шороон дээр, байнга бөхөлзөж тонголзож ажилладаг хүмүүс шүү дээ. Иймд, дунд нь аль болох тааваар нь амрааж, тэдээс тэд хүртэл гэж хатуу ажлын цаг заалгүй аль бүтээмжтэй үедээ хийхийг санал болгоно.

Бас ногоон дээр ажиллах нь байнга хөдөлдөг ажил ч гэлээ биед тустай идэвхтэй, зорилтот хөдөлгөөн болдоггүй. Тиймээс амралтын цагаараа идэвхтэй хөдөлгөөн хийж, сагс тоглох ч юм уу зөв байдлаар энергиэ хуваарилахыг зөвлөдөг, өөрөө ч тийм байхыг хичээдэг. Учир нь би өмнө нь айхавтар нурууны мэс засалд орж байсан юм. Түүний дараа зорилтот хөдөлгөөний ач холбогдлыг сайтар мэдэрсэн. Нэг хэсэг олныг дуурайж өөрт тохирохгүй хүнд дасгал хийж, өдөрт 108 мөргөнө гэж гүрийсээр бүр дордуулж байсан удаатай. Одоо бол өглөө бүр хийдэг 16 тоот дасгалынхаа ачаар л энэ дайтай ажлаа амжуулж явна.

4. АШИГЛАХГҮЙ БАЙЖ ЧАДДАГГҮЙ АПП, ХЭРЭГСЛҮҮД ЮУ ВЭ?

Ногоочин хүний байнгын хэрэглээ нь төрөл бүрийн чийг, дулаан хэмжигчид байдаг. Гэрлийн тусгал, хөрсний болон агаарын чийг, дотор орчны температур хэмжигчийг байнга ашигладаг учраас халаас, цүнхэндээ тогтмол авч явдаг.

5. ЦАГ ХЭМНЭХ ХАМГИЙН САЙН АРГА ТАНЬ ЮУ ВЭ?

Хоёр арга бий. Аливаад судалгаатай, суурь мэдлэгтэй хандахыг боддог. Ногоочид бид нэг л зүйл дээр алдаа гаргаад ургацаа алдчихвал бүтэн 2-3 сарын хөдөлмөр, зардлаараа хохирдог. Тиймээс ийм их хүч, мөнгө, сэтгэлийг зүгээр л мэдрэмждээ найдаад орхиж болшгүй. Бидний хувьд, ихэнх тохиолдолд хүнсээ зөвхөн манайхаас тусгайлан захиалдаг, эмчилгээ хийлгэж буй, эрүүл мэндийн чухал шаардлагатай хүмүүст ногоогоо хүргэдэг учраас ХАА-н хүрээлэнгээс гаргадаг стандарт, зөвлөгөөг нарийн мөрдөж ногооны арчилгаагаа хийдэг. Уг нь тэдгээр зөвлөмжид хортон шавжаас хамгаалах бодисын зохистой хэмжээ, ямар хор нь аюулгүй вэ, хаанаас ямар үзүүлэлттэй бордоо авах вэ гээд ногоочдод хэрэгтэй олон зүйлсийг сайтар зааж өгсөн байдаг ч хүмүүс аливаад судалгаагүй, хөнгөн хандаж, дур мэдэн юм хэрэглэснээс хүнсний аюулгүй байдлыг алдагдуулдаг талтай. Түүний уршиг нь өөрсдөө хөдөлмөрөөрөө хохирно эсвэл хэрэглэгч эрүүл мэндээрээ хохирсноор илэрнэ.

Хоёрдугаарт, “Харамч хүн хоёр төлнө” гэдэг үгийн утгыг өнгөрсөн 18 жилд сайтар ойлгож авсан. Аминдаа л мөнгөө хэмнэж хямдыг нь авсан сонголт бүхэн бараг дандаа буруудаж, эхнийхээсээ хавь илүү зардал гаргах шалтгаан болдог. Тиймээс одоо бол юуг ч сайтар судалж, цуглуулж байгаад, сайныг нь нэг л удаа авна гэдэг баримтлалтай болсон. Ингээд зүтгүүлчихвэл тэгээд эвдэрчихнэ дээ гэж айлгүйгээр сэтгэл тайван ажиллах хэчнээн амар гэж санана. Миний хувьд, "Мөнх ногоон тал"-аас оруулж ирдэг хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнүүдийг таашаан хэрэглэдэг. Нэг л төлнө, нэг л авна гэдэг цаг хэмнэх хамгийн сайн арга.



6. ХИЙХ АЖЛАА ХЭРХЭН ТӨЛӨВЛӨДӨГ ВЭ?

Жил, хагас жилээр нь тоймлон төлөвлөөд, сар, долоо хоногтоо хуваачихдаг. Сар, өдрөөрөө зурагдсан эвтэйхэн загвартай хуанлид их дуртай. Тухайн өдрийн төлөвлөгөөт ажлуудыг шахуу тулгаж тавьдаггүй. Өдрийн хагасыг нь заавал хоосон үлдээнэ. Дунд нь олон ажил гарч ирдэг тул бүтэн, дүүрэн төлөвлөгөөтэй өдөр юуг ч хийж амжилгүй хүчээ тарамдсаар үр бүтээлгүй өнгөрөөчихдөг сул талтай.

7. ЭРЧ ХҮЧЭЭ ХЭРХЭН СЭЛБЭДЭГ ВЭ?

Сайхан ургаж байгаа ногоогоо харахад л эрч хүч сэлбэгдээд ирдэг. Тэднийг сайхан арчилж байгаа багаа харахад урамтай. "Танай ногоо л биш бол харшил гараад байна, танайхаас л авна" гээд дуусчхаад байхад нь тас гүрийчихдэг үнэнч хэрэглэгчидтэй байгаадаа, тэдэнд тийм хэмжээний үнэ цэн өгч чадаж байгаадаа бас баярлана.

Мэдээж гэр бүл гэдэг ямар ч хүний эрч хүч, баяр баяслын ундарга.

8. ҮНДСЭН АЖЛЫНХАА ХАЖУУГААР ДУРЛАЖ ХИЙДЭГ ТӨСӨЛ/АЖИЛ ЮУ ВЭ?

Үндсэн энэ талбайгаасаа гадна Өлзийтөд чацаргана, бөөрөлзгөнө, интоор, үхрийн нүд, тэхийн шээг гэх мэт төрөл бүрийн жимсний мод тарьж үзсэн. Таван жилийн дараа одоо л нэг үр жимсээ өгч эхэлж байна даа. Хоёр хүүгийн маань нэг нь ландшафт архитектор. Хүүтэйгээ хамтраад тэр талбайгаа сургалтын бааз болгон тохижуулаад ирээдүйд сургуулиудтай хамтран хүүхэд багачуудын тогтмол ирж жимс, ногооны талбайтай танилцдаг, нэг өдөр ажиллаад байгаль дэлхий, ногоочдын ажлыг ойлгоод буцдаг газар болгохоор төлөвлөж байна. Өөрөөр хэлбэл аж ахуйн боловсролыг ерөнхий боловсролын системд оруулаасай гэж хүсдэг. Өөрөө ч түүний нэг хэсэг байхыг эрмэлзэж явдаг.

Мөн энэ бүх хугацаанд НҮТББ-ын ажлаа орхигдуулалгүй авч явсаар ирсэн. Их ажилтай байсан ч хүмүүс нь бүрдчихвэл өөрийн мэдсэн сурснаа үргэлж түгээж, сургалтаа тогтмол орж байхыг боддог. Хэсэг хугацаанд бас ногоочдын ажиллах орчныг сайжруулах, нийгэмд дуу хоолой болох ажлуудад гар бие оролцсон ч олон өөр ашиг сонирхол, үзэл бодолтой хүмүүсийг нэгтгэх нь санаснаас хүнд ажил юм билээ. Гэхдээ ирээдүйд энэ салбараа илүү сайхан болгоход хувь нэмрээ оруулсаар байхыг хүсдэг хэвээрээ.

9. ХИЙЖ БУЙ АЖЛЫН ОНЦЛОГ ЮУ ВЭ? ЭЕРЭГ САЙН БА ХЭЦҮҮ БЭРХШЭЭЛТЭЙ ТАЛУУД?

Газраас юм ургуулж, баялаг бүтээх нь өөрөө энэ ажлын хамгийн сайхан тал. Бэрхшээлтэй тал гэвэл, олон нийтийн энэ салбарыг бүрнээр нь ойлгодоггүйгээс үүдэлтэй ташаа ойлголт, сөрөг хандлага. Яг үнэндээ ногоочдын ногоогоо борлуулах анхны үнэ нь импортын ногоотой өрсөлдөхүйц байж чаддаг ч системийн төвөгтэй байдал, логистик зэргээс хамаарч өртөг нь төсөөлснөөс ч их болдог талтай.

Нөгөө талаас, иргэд монгол ногоог импортын буюу харьцангуй халуун дулаан оронд ургасан ногооны өнгө зүстэй шууд харьцуулах хандлага их. Ер нь бүх л ургац үрээс шууд хамааралтай байдаг. Жилээс жилд бид боломж бололцоогоороо шинэ үр авч туршиж үздэг л дээ. Тэгэхэд халуун оронд ургаж байсан ногооны үр Монголд 2-3 жил ургаад л байгалийн жамаараа дасан зохицохын тулд өнгө, хэлбэрээ өөрчилж эхэлдэг, эсвэл ургац нь багасдаг. Энэ мэт олон нийтийн хандлага, буруу ташаа ойлголт, мэдээллийн хомс байдал нь хааяа ч хэцүү санагддаг шүү.

Мөн миний хувьд, бидэнд дотоодын нөөцөө хангах боломж бүрэн байна гэж хардаг ч зах зээл нь жижиг, техник технологи хомс байдаг. Жишээ нь, хүлэмжтэй, тариалалт хийж буй хүн бүр трактор авна гэдэг боломжгүй, тиймдээ ч заавал түрээсэлж таардаг. Тэр үеэр нэг трактор дээр ногоочид болгон өдөр дараалж захиалга өгч, жолооч нь ч яг намрын цагаар сунаж унатлаа ажиллана гээч. Тэгээд л арай гэж авсан захиалгатай өдөр нь бороо хуртай эсвэл цаг агаар муутай таарчихвал өнгөрлөө л гэсэн үг.



10. ТА ОДОО ЮУН ДЭЭР ТӨВЛӨРЧ БАЙГАА ВЭ? ОЙРЫН ТӨЛӨВЛӨГӨӨ?

Энэ жилийн ургац хураалтын ажлууд эхэлж байна. Ургацаа л алдагдалгүй сайхан авах нь одоо төвлөрч буй гол ажил. Өнөө өглөө л гэхэд үүрээр нэг малчин үхэрнүүдээ талбайд оруулснаас болж сувиллын зориулалтаар хэрэг болгон тарьсан байцаануудаа яах ийхийн зуургүй идүүлчихсэн. "Энэ жил байцаа байлгана аа" гээд амлачихсан хэрэглэгчдэдээ юу гэж хэлнэ гэхээс санаа зовох юм. Дараагийн гаргалгаагаа бодоод л сууж байна. Яг л ургац хураалт болохоор энэ мэт олон гэнэтийн асуудал ар араасаа ундраад л байна.

Хэдий манай орлогын гол суваг нь бөөний борлуулалт биш ч гэлээ төрөөс ургацын илүүдэл дутагдал, тухайн жил нийт гарч буй хүнсний ногооны хэмжээг зохицуулж өгдөггүй учраас илүүдэлтэй ногоогоо зайлшгүй ченжүүдэд борлуулах шаардлага гардаг. Энэ жилийн хувьд ч ченжүүдтэй аятайхан тохиролцох юм сан гэсэн хүсэл дүүрэн байна. Уг нь төрөөс ногоочдоо нэгдсэн зохион байгуулалтад оруулаад, тухайн жилд хаана, ямар ногоо хэдий хэмжээгээр таригдаж байгааг нээлттэй мэдэгдээд явдаг байсан бол бид ч тарих ногоогоо зөрүүлж, нөөцийн зохистой хэмжээг хангаад явах боломжтой. Тийм зүйл байхгүй учраас одоогийн байдлаарх нөөцөө тэнцүүлэх ганц шийдэл нь ченж л болж байна даа.

Мөн Швейцарын Хөгжлийн Агентлагийн санхүүжилттэй, НҮБ-ийн Хүнс хөдөө аж ахуйн байгууллагын хэрэгжүүлж буй "Монгол Ногоо" хүнсний ногооны тогтвортой үйлдвэрлэл, маркетингийн төслийн дөрвөн бүрэлдэхүүн хэсгээс хэрэгжүүлэн, "Хүлэмжийн хэмхийн ургамал хамгаалах цогц арга нэвтрүүлэх" туршилтын төсөлд 2020, 2021 онуудад хамрагдан, хамтран ажиллаж байгаа. Ногоо ч бас бөөстдөг, өвчилдөг, түүнийгээ халдварлуулдаг. Төслийн хүрээнд манай орны нөхцөлд хүлэмжийн хэмх болон ил талбайн байцаа, чацарганын тариаланг өвчин хортноос сэргийлэх, тэмцэхэд ургамал хамгаалах цогц аргыг хэрэгжүүлэх туршилтыг Монголд анх удаа хэрэгжүүлж байна.

Ургамал хамгааллын цогц арга гэдэг нь тариаландаа ажиглалт, урьдчилан сэргийлэлт, хяналт, оношилгоог хийж, түүний үндсэн дээр ургамлын өвчин, хортон гаргалгүй, гарсан ч эрт үед нь илрүүлэхийн тулд физик, механик, агротехнологи болон биологийн аргуудыг түлхүү хэрэглэхэд оршдог. Байдал бүр хэцүүдсэн тохиолдолд өвчин, хортны гаралт, тархалтын үнэлгээг хийсний үндсэн дээр асуудалтай тэмцэх оновчтой аргыг боловсруулдаг. Энэхүү аргыг хэрэгжүүлэх нь аж ахуйдаа хөдөө аж ахуйн зохистой дадал (ХААЗД)-ыг нэвтрүүлэх, баталгаажуулах тун чухал алхам болдог. Эцсийн зорилго нь ердөө л, хэрэглэгчийг химийн гаралтай ургамал хамгааллын бодис бордоо хэрэглээгүй, бага хэрэглэсэн, эсхүл зөвшөөрөгдсөн бодисын тун, хэмжээг тохируулан зөв цаг хугацаанд нь хэрэглэсэн эрүүл, аюулгүй хүнсээр хангахад чиглэгдэнэ. Бид ч аж ахуйн үнэт зүйл болох ажилчдынхаа хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг хангаж, тэдний эрүүл мэндийг хамгаалахад уг арга үр дүнтэй байдгийг төслийн явцад олж харж байна. Одоогоор "Амар Катеринг" ХХК маань ХААЗД-ын баталгаажуулалтаа авах ажилдаа орсон. Уг баталгаажуулалтыг хөндлөнгийн аудитороор хийлгэн, "Баталгаажсан" гэдэг тэмдэг авч, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн дээрээ байршуулах эрхтэй болдог юм. Энэ ажил дээр ч бас НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага ногоочин, тариаланч бидэнд ихээхэн тусалж байгаа шүү.

11. ТА ӨӨРИЙГӨӨ ХЭРХЭН ХӨГЖҮҮЛЖ, СУРАЛЦДАГ ВЭ?

Мэргэжлийн байгууллага, салбарын хүмүүсийн гаргадаг гарын авлага, судалгааны материалтай тогтмол танилцаж өөрийгөө хөгжүүлдэг. Олон улсын төсөл хөтөлбөрийн хүрээнд хийгдэж байгаа ажлуудад оролцох их дуртай. Учир нь, тэндээс олон шинэ соргог мэдээллүүдийг олж авч чаддаг.

Бас хүнээс үг сонсох дуртай. Үүнд нас, мэргэжил ер хамаагүй. Хүн бүрд онцлог байдаг. Түүнийг нь ойлгож, хүн хүний сайн чанар, мэдлэг чадвараас шингээж, ойлгож авах дуртай.

12. САНАЛ БОЛГОХ НОМ, ХӨГЖИМ, КИНО?

Ажлын дундуур талбайдаа сайхан аялгуутай дуунууд тоглуулж ажилчдаа ч, ургамал ногоонуудаа ч амрааж, баясгахыг боддог. Амьтай бүхэн сайхан аялгуунаас таашаал авч, амардаг болохоор тэр. Гол төлөв уянгалаг дуу сонсоно.

Киноны хувьд "Энэ хүүхнүүд үү"-г хэд ч үзсэн уйддаггүй. Зохиол, дүрүүдийн мэдрэмж, агуулга нь ярих юмгүй. Эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлт, нийгмийн үнэлэмж хязгаарлагдмал байсан тэр үед бүсгүй хүнд жаахан дэмжлэг, итгэл өгөхөд тэднээс ямар хэмжээний хүч чадал, нөөц боломж, авьяас чадвар гарах боломжтойг хошин хөгжилтэй мөртлөө нарийн донжтойгоор харуулж чадсан чансаатай бүтээл. Ялангуяа Жамц даргын "Хэрвээ энэ зоотехникч Дуламсүрэн эмэгтэй хүн байсан бол уу! Уул шугамандаа би нэгдлийнхээ бүх эрчүүдийг тийм эмэгтэйчүүдээр солихоос буцахгүй" гэдэг үг их сайхан мэдрэмж өгдөг.


аав П.Дэлгэрийн хамт

13. АВЧ БАЙСАН ХАМГИЙН САЙН ЗӨВЛӨГӨӨ?

Ижийн минь бие чилээрхүү байсан үе. Тэгэхэд ээж өөрт нь цаг бага үлдсэнийг мэдсэндээ ч юмуу бидэнд "Аавыгаа хайрлаж яваарай. Аавыгаа сайн өргөж, тойлсон үр хүүхдүүд ямар ч цаг үед алзахгүй сайхан явдаг юм шүү" гэж хэлж билээ. Тэр үгийг л ихэд бодож, хичээж явдаг даа.

Одоо манай аав 81 настай, сайхан хөгшин бий. Насандаа баймгүй эрч хүчтэй, эрүүл саруул, ажилч хичээнгүй хүн. Энэ ургацын талбайд аавгүй юм гэж үгүй шүү дээ. Ерөөс нягтлан, нярав, аж ахуйн эрхлэгч, зохион байгуулагч, засварчин, чанар шалгагч гээд л бүгдэд оролцоно, манлайлна. Хамгийн сайн хамтрагч, зөвлөгч маань.

14. БУСДАД ШИДЭХ САНАА?

Алга дарам газраас амьдрал эхэлдэг. Өчүүхэн төдий харагдах хөрс шороо биднийг хооллож тэтгэж байдаг "шидтэй" тул байгаль орчноо, газар дэлхийгээ хайрлаж байгаарай. Бүх дэлхийг, амьтай бүрийг хайрлаж, хамгаалж байж гэмээнэ сайхан амьдрал ирдэг шүү.

Дэлгүүрийн лангуун дээрх шинэхэн ногооноос сонгон авахдаа хэлбэр, зүсийг гол шалгуураа болголгүй, чанарт гол анхаарлаа хандуулаарай. Хүнсний хаягдал багасаж, байгаль дэлхийгээ хайрлах үйлст оруулах багахан хувь нэмэр үүнээс эхэлдэг.


Энэхүү контентыг НҮБ-аас зарласан "Олон улсын жимс, хүнс ногооны жил"-ийн хүрээнд бэлтгэн хүргэв. Уг аяныг НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага манлайлан ажиллаж байна.