Энэ удаагийн дугаартаа бид мэргэжлийн банкир, эдийн засагч нэгэн эрхмийг урилаа. Тэр бол 20 орчим жил гадаад, дотоодын томоохон банкуудад ажилласан арвин туршлагатай, тэр дундаа Хас Банкийг олон жил амжилттай удирдсан Г.Амартүвшин юм. Тэрээр 2007 онд Харвардын Бизнесийн Сургуулийг төгссөн бөгөөд Shark Tank Mongolia нэвтрүүлэгт хоёр улирал дараалан хөрөнгө оруулагчаар ажилласныг манай уншигчид санаж буй биз ээ. Зочин маань саяхан өөрийн ажил карьерын түүхийг сургамжтай, сонирхолтой байдлаар бичсэн "Эргэлт, сонголт" номоо хэвлүүлээд буй. Ингээд түүний ажлын арга барилтай танилцацгаая.

Байршил: Монгол, Улаанбаатар
Эрхэлдэг ажил: Банкир, эдийн засагч, хөрөнгө оруулагч
Хэрэглэдэг гар утас: iPhone 11 Pro
Хэрэглэдэг компьютер: Macbook Pro
Сошиал хуудсууд: Амартүвшин Ганибал (Facebook), amraa_shark (Instagram)

1. ТАНЫ КАРЬЕРААС БИД ЮУ ЮУГ МЭДЭХ ЁСТОЙ ВЭ?

Би ажлын гараагаа 1999 онд Амстердамын ABN AMRO банкинд дадлагажигчаар орон эхлүүлж байлаа. Тус банкинд жинхэлж эрсдэлийн удирдлага, худалдааны санхүүжилт зэрэг хэлтсээр дамжин Лондон, Чикаго, Хьюстон хотуудад ажиллаж байгаад 2005-2007 оны хооронд Харвардын Бизнесийн Сургуульд MBA-д суралцсан. Төгсөөд Казакстаны хамгийн том банк болох Kazkommertsbank банкинд Арилжааны эрсдэл хариуцсан дэд захирлаар ажилласан юм. Ингээд 2011 онд Монголдоо ирж, 2019 он хүртэл Хас Банкны захирлаар ажиллаад, 2019 оны дундаас хагас жилийн турш Хөгжлийн Банкны гүйцэтгэх захирлаар томилогдон ажилласан. Тухайн үед Ерөнхий сайд хүлээн авч уулзаад улс төрчдийн удирдаж ирсэн энэ банкийг мэргэжлийн банкираар удирдуулмаар байна гэж хүссэн юм. Хэдий богино хугацаанд хийсэн ч гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчийн энэ ажил сонирхолтой байв. Банкны тогтолцоо, төслийн менежментийн удирдлагыг сайжруулан арилжааны банкуудын жишигт дөхүүлж, багаар ажилладаг соёлыг суулгах гэж хичээсэн.

Мөн миний карьерын нэг онцлууштай хэсэг бол Шарк Танк нэвтрүүлэгт шарк болсон явдал. Хоёр улирал дараалан ажиллаж, жижиг дунд бизнесүүдэд хөрөнгө оруулсан. Ид нэвтрүүлэгтэй үеэр яг л бүтэн цагийн ажил шиг л байдаг байлаа. Бизнес хийнэ гэдэг ямар процесс болохыг ойлгуулснаараа маш өгөөжтэй нэвтрүүлэг болсон шүү. Олон хүн бизнестээ хөрөнгө босговол л болно гэж боддог ч үнэндээ хамгийн амархан хэсэг нь тэр байдаг. Үйл ажиллагааг нь тогтвортой авч явж, ашигтай ажиллуулна гэдэг бол нийт ажлын бараг 90 хувь. Шарк болсноос хойш залуучууд, бизнес эхлүүлэгчид над руу байнга бичиж бизнес, карьерын тухай их асуудаг болсон. Би тэдэнд хариулах хүсэлтэй ч нэг бүрчлэн харилцах боломжгүй байдаг тул сүүлийн үед бизнесийн асуултуудад фэйсбүүк хуудсан дээр #Ask_Amar гэсэн цуврал видео хийн хариулдаг болоод байна.

2. ТАНЫ АЖЛЫН ДУНДАЖ НЭГ ӨДӨР ХЭРХЭН ӨНГӨРДӨГ ВЭ?

Сүүлийн үед үүрэгт ажил эрхлээгүй байгаа болохоор 08 цагийн үед босоод ажлаа өөрийн тааваар төлөвлөж байна. Лондонд байхаас хойш өдрөө мэдээлэл авч эхлүүлдэг дадалтай болсон. 7-8 монгол сонин, онлайнаар The Financial Times, Wall Street Journal-аа эргүүлж тойруулж хараад өдрийн ажилдаа ордог. Уулзалтуудаа гол төлөв 10 цагаас эхлүүлж, 14 цаг хүртэл шахаад дуусгахыг хичээдэг. Үдээс хойш имэйл, бичиж төвлөрөх ажлаа хийнэ. Өглөөний ундаа сайн уугаад өдрийн хоолыг алгасаж, оройн хоолоо эрт идэж заншсан. Ингээд оройн хоолноос хойш ар гэр, бусад зүйлсдээ цаг зарцуулахыг боддог юм. Заримдаа өглөө, заримдаа 16-17 цагийн үед дугуйн бэлтгэл хийдэг. Дулааны улиралд бол гадуур, бусад улиралд гэртээ дугуй унадаг.

3. ТАНЫ АЖЛЫН НӨҮ-ХАУ?

Би багийн ажлыг их эрхэмлэдэг хүн. Миний санаа, миний бодол дандаа зөв байх боломжгүй шүү дээ. Саяхан гэхэд би маркетингаар олон жил ажилласан залуутай уулзлаа. Миний мэдэхгүй маш сонирхолтой зүйлсийг ярьж байна лээ. Тиймд бусдын санаа бодлыг сайн сонсож ажиллах нь зөв байдаг. Гүйцэтгэл дээр ч гэсэн аливаа ажлыг зөв хүнд нь хуваарилж хяналт тавихад анхаардаг юм байна.

Мөн аливаа зүйлийн "Яагаад?" руу хэт орчих гээд байдаг талтай. Аливаа асуудлыг уг сууриар нь авч үзэх гээд байдаг гэх юм уу. Энэ нь заримдаа давуу тал болно, заримдаа сул тал ч болдог байх.

4. АШИГЛАХГҮЙ БАЙЖ ЧАДДАГГҮЙ АПП, ХЭРЭГСЛҮҮД ЮУ ВЭ?

Банкнаас олж авсан дадал болов уу, байнга л олон дэлгэц асаалттай байлгаж байдаг юм. Банкинд байхад нэг дэлгэц дээр Bloomberg Terminal, нөгөө дээр имэйлээ, өөр нэг дээр банкны системээ гаргачихсан суудаг байв.

За тэгээд iPhone-оосоо салах дургүй болсон байна. Сошиал медиа дээр овоо хэдэн дагагчтай болсон тул идэвхтэй ашиглах болсон. Мэдээж чат, харилцааны аппууд бий. Blinkist-ээр номын товчлол уншдаг. Харин аудио ном нэг их сонссож чаддаггүй. Хөгжим их сонсдог болохоор Apple Music, Spotify ашигладаг.

Мөн Zwift гээд гэртээ дугуй унахдаа ашигладаг апп байдаг. Apple TV-дээ холбож, арын дугуйндаа цахилгаан суурь холбоод унадаг. Энэ апп-аар дамжуулан дэлхий даяар гэртээ дугуй унаж буй олон мянган хүнтэй холбогдож хамт бэлтгэл хийх, уралдах боломжтой байдаг юм. Дотроо мэргэжлийн, сонирхогч гэсэн ангиллуудтай, төрөл бүрийн тэмцээнтэй тул маш сонирхолтой.

5. ЦАГ ХЭМНЭХ ХАМГИЙН САЙН АРГА ТАНЬ ЮУ ВЭ?

Аливаа уулзалт хурлыг 30 минутаас хэтрүүлэхгүйг хичээдэг. Гол зүйлсээ ярилцаад шийдлээ ярихад ихэнхдээ хангалттай хүрдэг. Хүнтэй дангаар уулзахад ч 15-20 минутад барихыг бодно. Миний нэг ажигладаг зүйл бол манайхан асуудлыг маш холоос тойруулж ярьдаг. Барууны боловсролын нөлөө юм уу, дарга нартаа товч тодорхой бай гэж загнуулдаг байсных уу, гол яриандаа түргэн орохыг хичээдэг.

Тэгээд мэдээж төлөвлөлт чухал. Calendar аппаа сайн ашиглаж байна. Төлөвлөгөө гэнэт өөрчлөгдөхөд, гэнэтийн юм болоход тун дургүй. Түрүүнд ярьсанчлан хүмүүсээр тохирсон, сайн чаддаг ажлыг нь хийлгэх, хариуцуулах мэдээж цаг хэмнэнэ. Түүнчлэн мэдэхгүй чадахгүй зүйлээ би нэрэлхэлгүй хэлдэг. Бүхнийг мэддэг юм шиг царайлж, юм болгонд дуугарах гээд байдаггүй.

6. ХИЙХ АЖЛАА ХЭРХЭН ТӨЛӨВЛӨДӨГ ВЭ?

Хүнтэй уулзахдаа гар утас шиг хэмжээтэй нэг жижиг дэвтэрт гол санаануудаа тэмдэглэдэг. Гэхдээ одоо ер нь бүх л төлөвлөлтийг утсан дээр хийдэг болсон байна лээ. Утасныхаа Calendar, Reminder-ийг сайн ашигладаг. Уулзалт оруулахдаа хэнтэй, юу ярихаа тодруулж бичдэг. Энэ долоо хоногт, энэ сард ийм ийм зүйлд анхаарна гэсэн зураглал мэдээж хийнэ, гэхдээ бүр урт хугацаагаар төлөвлөөд байдаггүй. Хамгийн урт хугацаанд төлөвлөдөг зүйл бол дугуйн уралдаан л байх шиг байна (инээв).

7. ЭРЧ ХҮЧЭЭ ХЭРХЭН СЭЛБЭДЭГ ВЭ?

Дугуйн спортоор идэвхтэй хичээллээд олон жил болж байна. Богино хугацаанд эрчтэй дасгал хийх нь надад зүгээр байдаг юм. Дугуй нь жин хасахад тун тохиромжтой спорт. Дугуйн унахдаа нэг хэсэг хүчтэй жийгээд, амсхийх үедээ зүрхний цохилт, амьсгаагаа хянаад, эргээд хүчтэй, зөөлөн гэсэн хэмнэлтэй ажилладаг. Миний хувьд ёстой л нөгөө бясалгал болж, бие махбод болоод тархи талхинд эерэг үйлчлэл зэрэг үзүүлдэг эд дээ. Би зун болгон Францад дугуйн тэмцээнд оролцдог ч энэ жил өнжих нь тодорхой болж байна. Энэ тэмцээндээ тааруулан жилийн турш бэлтгэлээ хангадаг юм. Яг л Тур де Франсын нэг уралдаан шиг Альпийн нурууны өгсүүр замаар нэг өдөрт 130-170 км явдаг. Энэ сонирхлоо дагаж Хас Банкинд байхдаа мэргэжлийн дугуйн баг бүрдүүлж байсан, одоо тэдэнтэйгээ хааяа жийдэг.

За дэндүү их дугуй ярьчихлаа. Өөр зүйлс байлгүй яахав. Залуудаа их ажилладаг байсан бол одоо гэр бүл, найз нөхөд, дур сонирхолтой зүйлсдээ цаг гаргахыг боддог болсон байна. Гэр бүлийн аз жаргал хүний амьдралд хамгийн чухал. Мөн хүний амьдралд таньдаг хүмүүс олон байдаг ч жинхэнэ найз тун цөөхөн. Тэдэндээ цаг гаргаж, хоол хийн дайлах дуртай. Найз нөхөдтэйгөө салхинд гарч, эсвэл гэртээ урьж сайхан хоолоор дайлахдаа үнэхээр сайхан мэдрэмж авдаг шүү.

Клэйтон Кристенсен гэж Харвардын алдартай профессор байсан. Бидэнд сүүлд их сонин хичээл орсон. Та нар амжилт гэдгийг юу гэж ойлгодог вэ гэж асуудаг юм байна. Оюутнууд олон янзаар хариулахыг сонсоод "Та нарын хариулт буруу биш, энэ асуултын хариу амьдралын мөчлөгтэй холбоотой байдаг. Та нар одоо эрч хүчтэй байгаа тул ажил карьертаа ахиц гаргахыг амжилт гэж нэрлэж байна. Миний насанд ирэхээр гэр бүл, найз нөхөд, эрүүл мэнд, бас бусдад яаж нөлөөлж, яаж тусалж байгаагаараа хүн аз жаргалыг хэмждэг юм байна" гэж билээ. Тухайн үед нэг их юм бодолгүй өнгөрсөн ч одоо бол сайн ойлгож, үнэн юм даа гэж боддог болсон.

Мөн хөгжим, аялал зэргийг зайлшгүй дурдах ёстой байх.

8. ҮНДСЭН АЖЛЫНХАА ХАЖУУГААР ДУРЛАЖ ХИЙДЭГ ТӨСӨЛ/АЖИЛ ЮУ ВЭ?

За даа, ментор болоод байгаагаа дурдаж болох байх. Ер нь би залуучуудад чиглэсэн эвент, контентод нэг их цааргалалгүй оролцдог юм. Хүн залуу байхдаа өөрийн төлөө байдаг. Туршлагажаад ирэхээр харин мэдсэн сурснаа хуваалцахыг хүсдэг болдог юм байна.

Хөрөнгө оруулсан бизнесүүддээ нэлээн цаг гаргадаг. Нэвтрүүлэг үзсэн хүмүүс вафль хийдэг хосыг санаж байгаа байх. Тухайн үед сардаа 2-3 сая борлуулалт хийдэг байсан тэд 20 сая төгрөгийн хөрөнгө оруулалт аваад, одоо жилд 160-180 сая төгрөгийн борлуулалттай ажиллаж байна. 5-6 ажилтантай болоод нэг гэр бүлийн амьдрал орвонгоороо эргэсэн байх жишээтэй. Энэ мэтээр бусдыг мөрөөдөлдөө хүрэхэд нь хувь нэмэр оруулж байна гэж бодохоор хөрөнгө оруулалтын өгөөжөөс хавьгүй үнэтэй мэдрэмжийг авдаг.

Номоо гаргасны дараа та яагаад ном бичсэн бэ гэж нэлээд асууж байна. Эргээд харахад 20-25 насандаа би эргэлзээ тээнэгэлзлээр дүүрэн байсан. Тухайн үед надад зөвлөгөө өгсөн хүмүүсийн ачаар учраа олчихсон байдаг юм. Хэдий хүн хүний амьдралын замнал өөр ч миний жишээ, туршлагыг уншаад нэг ч гэсэн санаа авч магад гэж бодоод номоо бичсэн хэрэг. Олон хүн талархан хүлээн авсанд баяртай байгаа шүү.

9. ХИЙЖ БУЙ АЖЛЫН ОНЦЛОГ ЮУ ВЭ? ЭЕРЭГ САЙН БА ХЭЦҮҮ БЭРХШЭЭЛТЭЙ ТАЛУУД?

Түрүүнд хэлсэнчлэн бизнес эрхлэгчдэд, залуучуудад санал бодлоо хуваалцаж, зөвлөх нь өөрт урам өгдөг. Би бүхнийг мэддэг чаддагтаа зөвлөгөө өгөөд байдаггүй л дээ. Харвардын Бизнесийн Сургуульд сурсны ачаар зөв хариулт, буруу хариулт гэж байдаггүйг ойлгосон юм. Тус сургууль зөвхөн кэйс дээр ажилладгаараа алдартай. Тухайн кэйсийг аль өнцгөөс яаж тайлж болохыг сургадаг. Тэгэхээр аливаа асуудлыг яаж задалж харах вэ, гол асуудлыг яаж гаргаж ирэх вэ, түүнийгээ хэрхэн зөв эрэлхийлэх вэ гэдэгт төвлөрөн ярилцдаг.

Хэцүү бэрхшээлтэй зүйлс гаралгүй яахав. Алдаа гаргасан, бүтэлтэй бизнес болоогүй тохиолдлууд бий. Гол нь алдаанаасаа сургамж авч, дахин давтахгүй байх хэрэгтэй.

10. ТА ОДОО ЮУН ДЭЭР ТӨВЛӨРЧ БАЙГАА ВЭ? ОЙРЫН ТӨЛӨВЛӨГӨӨ?

2011 оноос хойш банкны салбарт ажиллахын сацуу Шарк Танк нэвтрүүлэгт оролцсоноор манай эдийн засагт жижиг бизнесүүд ямар өндөр ач холбогдолтой вэ, манай бизнесийн орчин ямар ээлгүй, хэцүү болохыг өөрийн биеэр, тун ойроос мэдэрлээ. Зээлийн хүү, гарах зардлууд гээд бүх л зүйл өндөр байна. Бизнесүүдэд ямар ч алдах эрх алга. Уг нь манайх чинь хүн ам цөөн, залуучууд ихтэй, Хятад, Орос гэсэн хоёр том зах зээлтэй хиллэж оршдог орон. Байгалийн баялаг байна. Энэ байгаа боломжуудаа ашиглах бүрэн боломжтой гэж үздэг. Гэтэл бид хэрүүл хийсээр дорвитой урагшилж өгөхгүй л байна. Энэ нөхцөл байдлыг өөрчлөхийг хүсэж байна. Гаднаас нь хий хоосон шүүмжлэх амархан тул улс төрд орж дотроос нь өөрчлөлт хийх хүсэлтэй болоод байгаа. Дээр үед нэг даргынхаа "Чи дандаа хэцүү юм руу тэмүүлж байдаг сонин хүн юм" гэж хэлсэн шиг хэцүү юм руу өөрийгөө оруулах гээд байх шиг байна (инээв).

11. ТА ӨӨРИЙГӨӨ ХЭРХЭН ХӨГЖҮҮЛЖ, СУРАЛЦДАГ ВЭ?

Харвардын Бизнес Тойм сэтгүүлийг унших их дуртай. Бизнесийн орчин, компаниудын талаар хамгийн сүүлийн үеийн мэдээллийг онол, практикийн түвшинд авч чаддаг. Мөн Masterclass апп-аар шинэ чадваруудад суралцдаг. Жишээ нь эндээс Техасын алдартай барбикю рестораны эзэн Аарон Франклины үхрийн хавиргыг хэрхэн шаралгүй утаж болгох тухай хичээлийг үзээд ёстой салахаа байчихсан шүү. Ер нь би нэг юмыг тултал сайн хийж чаддаг, төгс эзэмшсэн хүмүүст атаархдаг. Мөн өмнө дурдсан номын товчлол уншдаг Blinkist байна.

12. САНАЛ БОЛГОХ НОМ, ХӨГЖИМ, КИНО?

Санал болгох гэхээсээ өөрийн үзсэн харсан зүйлсийг дурдчихъя. Би одоо Тим Феррисийн "Tribe of Mentors" хэмээх номыг уншиж байна. Салбар салбарын амжилттай яваа олон хүн зохиогчийн тавьсан арваад асуултад хариулт өгснийг нэгтгэсэн юм билээ. Мөн Рэй Далиогийн "Principles" номыг (монголоор орчуулагдсан) уншиж байна.

Кино гэвэл Кристофер Ноланы найруулсан Батмэний 3 анги байна. Зүгээр нэг супер баатартай кино биш, дарк тал руугаа, юм бодуулсан, супер зураг авалттай кино.
Би Оддын дайны улаан фэн. Шинэ ангийг нь хүсэн хүлээж үздэг. 70-аад оноос хойш энэ кино франчайзыг өдий хүртэл ийм амжилттай авч явна гэдэг гайхалтай. Мөн Майкл Дугласын тоглосон диалоги сайтай "Wall Street" кинонд дуртай. Эдди Мөрфигийн "Trading Places" гэдэг кино бас их зугаатай санагддаг. Сүүлийн үед үзсэнээс Жокер, Parasites хоёр онцгой санагдсан шүү.

Хөгжмийг бол машинд, онгоцонд байнга сонсоно. Юу ч хийж байсан цаанаа хөгжим тавьчихсан л сууж байдаг юм. Дуртай артистууд гэвэл Goo Goo Dolls, Linkin Park нарыг нэрлэнэ. Linkin Park-ийн "Minute to Midnight"-ийг ёстой агуу цомог гэж боддог. Мөн Foo Fighters, сүүлд Imagine Dragons, Ирландын The Script-ийг сонсох болсон. Бас Post Malone их таалагдсан. Мөн 90-ээд онд сонсдог байсан хип хоп их дурсамжтай. 2pac, Biggie, Ice-T, Beastie Boys байна. Хөгжмийн талаар яриад байвал дуусахгүй байж мэднэ шүү.

13. АВЧ БАЙСАН ХАМГИЙН САЙН ЗӨВЛӨГӨӨ?

Индра эмээ маань миний амьдралд их нөлөө үзүүлсэн хүн. Эмээ маань ХААИС-ийн ректор, багш байсан юм. Хүүхэд байхад Богд уулаар өдөржин дагуулж алхдаг, байгаль дэлхийтэй танилцуулдаг байв. Надад "Тайвшир, тэвчээртэй бай" гэж их хэлдэг байсан. Бүх юм цаг цагтаа, жамаараа явна гэдгийг л сануулах гэдэг байсан биз ээ. Энэ зөвлөгөөг их сонсож өсөөгүй бол миний амьдрал өөрөөр явах байсан гэж боддог. Энгийн боловч гүн утгатай зөвлөгөө.

14. БУСДАД ШИДЭХ САНАА?

Эмээгээсээ сонсдог байсан "тэвчээртэй бай" гэх үгийг залуучууддаа давтаж хэлмээр байна. Өнөөдөр сошиал медиагийн эрин үе болж. Ямар нэг юм уншаад, хараад л юу юуны туханд хүрэлгүй "үсрээд" байх амархан болсон. Ийм үед тэвчээр бүр ч хэрэгтэй мэт санагддаг. Тэгэхээр тэвчээртэй, тууштай байгаарай.

Мөн залуучууд маань уучлалт гуйж сураарай. Алдаагаа хүлээн зөвшөөрч сурах их чухал гэж боддог. Миний буруу байсан байна лээ, уучлаарай гээд хэлчихдэг бол их юм шийдэгдэнэ.