Үндэсний их баяр наадамтай долоо хоногийн мэнд ээ. Энэ удаа бид “Америк Хангай” нэрээр хэдийн танил болоод буй Лавелл Маршаллыг ээлжит ярилцлагын зочноороо онцолж байна. 

Түүний хувьд багаасаа тулааны урлаг, чөлөөт бөхийн спортоор хичээллэж ирсэн бөгөөд карьерын замнал нь 2015 оноос үндэсний бөх рүү шилжин, Өвөр Монголд тогтмол бэлтгэл сургуулилт хийн аж төрж буй. Бид түүнтэй өнгөрсөн тавдугаар сард Улаанбаатар хотноо түр саатсан тоотой өдрүүдийнх нь нэгэнд ярилцаж амжсан юм. 

Ярьж байсанчлан тэрбээр хэдийн сумын барилдаануудад хүч үзэн яваа аж. Ингээд түүний тухай илүү ихийг эл ярилцлагаас олж мэдээрэй.

Байршил: Jack's Coffee Signature
Эрхэлдэг ажил: Өвөр Монголын үндэсний бөх, контент бүтээгч, бизнес эрхлэгч
Сошиал хуудас: americahangai

1. Таны карьераас бид юу, юуг мэдэх ёстой вэ?

Би 3-4 настайгаасаа тулааны урлагаар хичээллэж эхэлсэн. Тэр үеэс амьдралаа тулааны урлагтай холбоно гэдгээ мэдэж байсан гэхэд хилсдэхгүй. Эхлээд чөлөөт бөхөөр хичээллэж байгаад, арай том болоод Хятад бөхөөр хичээллэж эхэлсэн юм. Хятад бөхийн үүсэл гарал нь угтаа монгол бөхөөс эхтэй. Түүхийг нь илүү гүнзгий судлах тусам "Энэ хоёр ямар учраас яагаад ялгаатай юм бол?" гэж сонирхох болсон. Тэгээд монгол бөхчүүдийн барилдахыг хараад үнэнхүү биширч, яагаад ийм мундаг байгааг, бусдаас юугаараа илүү байна вэ гэх асуултад хөтлөгдөх болов.

Бүр тодруулбал, би 2015 онд Хятадад болсон нэг тэмцээнд очсон юм. Тэнд Монгол болон Өвөр Монголын багууд ирчихсэн байлаа. Тухайн үед би Өвөр болон Ар Монголын ялгааг төдийлөн мэддэггүй байлаа л даа. Тэгэхэд Жаранбаяр гэдэг Баруун Үзэмчин бөхийг хараад "Би яг түүн шиг болмоор байна, түүнийг ялмаар байна" гэж бодож билээ. Хүн тийм уян хатан, хурдан хөдөлж байхыг би хаана ч харж байгаагүй. Улмаар тухайн үед үерхэж байсан найз бүсгүй маань "Тэнд бүрмөсөн нүүгээд очвол яадаг юм? Тэгвэл тэндээ байнга бэлтгэл хийж чадна шүү дээ" гэсэн. Ингээд л шууд явахаар шийдсэн.



Нисэх онгоцны буудал дээр буумагцаа "Өө, энэ л ерөөсөө миний гэр байна. Би энд л байх ёстой юм байна" гэж мэдэрсэн шүү. Америкт уламжлалт бөхийн тамирчныг хэн ч тоодоггүй, зүгээр гоё юм аа гээд л өнгөрдөг. Харин энд бөхчүүдийг чинхүү хүндэлдэг. Ер нь бол монгол бөхийн хувьд соёлдоо гол учир бий гэж бодогдсон. Хэрэв та соёлыг нь ойлгохгүй, уламжлалт ахуй амьдралаар нь тодорхой хэмжээнд амьдарч үзэхгүй л бол тэгж барилдаж чадахгүй гэсэн үг. Тиймээс таван жилийн турш гэр бүл, найз нөхөдтэйгөө ч уулзалгүй Өвөр Монголын Шилийн гол аймгийн Сөнид гэдэг газарт амьдарсан.

Ихэнх гадаад хүмүүс тэнд долоо хоногоос илүү тэсэхгүй байх гэж бодож байна. Харин миний хувьд Герман-Америкийн эрлийз учраас өөр өөр орчин нөхцөлд дасан зохицохдоо сайн учраас тийм ч хэцүү байгаагүй. Эсрэгээгээ надад үнэхээр амар амгалан санагдсан. Би чинь Нью-Йорк хотоос нүүж очсон хүн шүү дээ. Тэгэхээр нэг туйл нь асар том хот, нөгөө туйл нь маш цөөхөн хүнтэй орчин байсан хэрэг.

Заримдаа барууны соёл, харилцаагаа үгүйлж, хэцүү санагдаж байсныг нуух юун. Монголчууд болон барууныхны хооронд харилцах арга барилын ялгаа их бий. Гэхдээ ерөнхийдөө эндэх амьдрал надад маш том ухаарал, туршлага өгсөн. Өглөө сэрээд морь мал, хонь ямааны хоргол, хомоолны үнэрийг мэдрэх дуртай байлаа. Хачирхалтай сонсогдож магадгүй ч тэр үнэр цаанаа л нэг увидастай санагддаг байв. Яваандаа надад яг л гэр шиг минь дулаахан мэдрэмж төрүүлэх болж, одоо баруунд очихоороо тэр үнэрийг үгүйлдэг болжээ.



2. Таны ажлын дундаж нэг өдөр хэрхэн өнгөрдөг вэ?

Улирал болон тухайн өдрөөсөө хамаарна. Бөхийн бэлтгэл хийж байгаа үед ердийн нэг өдөртөө сэрнэ, иднэ, бэлтгэл хийнэ, буцаад иднэ.

Үндсэн хоолоо өдөрт гурван удаа иддэг. Мөн дундуур нь ямар нэгэн хөнгөн зүйл заавал иднэ. Яагаад гэвэл монгол бөхөд жингийн ангилал байдаггүй, барилдаж буй бөхчүүд бүгд л их том биетэй. Анх энд ирэхэд 81 кг жинтэй байсан бол одоо 107 кг болсон байна. Гэсэн ч бусад бөхтэй харьцуулахад жижигхэн хэвээр байгаа учраас дахиад 10 орчим кг нэмэхийн тулд хичээж буй нь энэ. Мөн өдөр бүр 2 литр тараг ууж, маш их боорцог идэж байгаа.

3. Таны ажлын нөү-хау?

Хийж байгаа зүйлдээ бүрэн автах хэрэгтэй. Жишээ нь би бэлтгэлээ хийчхээд, харьсныхаа дараа шууд унтдаггүй. Харин судалгаа хийдэг, суралцдаг. Бөхчүүд яаж зогсож байна, яаж ярьж, яаж сууж байна, хоорондоо хэрхэн харилцаж байна гэдгийг ажигладаг. Мөн нүүдэлчин монголчууд өдөр тутмын амьдралдаа юу хийдэг, тэдний сэтгэлгээний онцлог юу вэ гэдгийг судалдаг дадалтай. Товчхондоо, дуртай зүйлдээ бүрэн автаж, сурч чадах бүх зүйлээ сур. Тэгвэл чи амжилтад хүрнэ.

Даанч ихэнх хүн хэцүү үедээ шантраад больчихдог. Надад маш олон хүнд үе тохиолдож байсан. Өвөр Монголд байхад хайр дурлалын харилцаа бүтэлгүйтэж, багш минь өөд болж, нохой маань үхсэн… Энэ бүхэн ганцхан долоо хоногийн дотор зэрэг болсон юм. Миний хамгийн сайн найз байсан багш маань дөнгөж 39-хөн настай байлаа. Гэр бүл ч дэргэд байсангүй. Гэхдээ энэ бүхэн надад эргээд урам зориг өгч, хийж байгаа зүйлдээ илүү гүнзгий орох хүслийг төрүүлсэн юм. Хүмүүс ийм гүн рүү орохоос, дараа нь юу болох бол гэдгээс айдаг байх. Тиймээс харах өнцгөө өөрчил, тэр айдсаа зүгээр л хая гэж хэлмээр байна.



4. Ашиглахгүй байж чаддаггүй апп, хэрэгслүүд юу вэ?

Би олон апп ашигладаггүй. Гар утасны Notes, Instagram, тэгээд хөгжмийн аппууд л байна. Олон апп ашиглахаар миний сэтгэлгээ, харах өнцөгт нөлөөлөөд байгаа юм шиг санагддаг. Instagram гүйлгэж байхдаа бодол санаанд нөлөөлөх зүйлтэй таарвал шууд утсаа цааш нь тавьчихдаг.

Мөн энэ хүндтэй медальоныг онцлох нь зүйтэй. Энэ бол миний хувийн нандин зүйл. Би шашинлаг орчинд өсөөгүй болохоор өмнө нь бүх зүйлд үргэлж эргэлзэж, шүүмжлэлтэй ханддаг байлаа. Азийн соёлд олон мухар сүсэг шиг зүйл байдаг даа, би тэднийг үгүйсгэдэггүй ч шууд итгэдэггүй зүгээр л орхичихдог байв. Тэгтэл хэдэн жилийн өмнө нэг бөх найз маань Өвөр Монголд наадамд барилдаад дараалан унаж байснаа хэсэг амралт аваад эргэж ирэхдээ бүгдийг нь давсан. Би гайхаад "Чи юу хийчхэв, шалтгаан нь юу байв?" гэтэл тэр аавынхаа нутаг руу явж, газар дэлхийтэйгээ холбогдсон гэж хэлсэн. Тухайн үед би монголчуудад үйлчилдэг л зүйл юм байх гэж бодсон юм.

Тэгээд өнгөрсөн өвөл бөө дээр очив. Өмнө нь олон бөө дээр очиж байсан ч энэ удаа илүү нээлттэй хандлагатай очсон юм л даа. Тиймдээ ч тэр үү амьдралд маш олон санаанд оромгүй эерэг зүйлс тохиолдсон шүү. Энэ медальоныг зүүж, Чингис хааны дүрсийг биедээ авч явдаг шалтгаан нь түүний үзэл санаа, монгол түмэнд үлдээсэн өвийг биширч, итгэдэг учраас тэр юм.



5. Цаг хэмнэх хамгийн сайн арга тань юу вэ?

Би цагийн менежментдээ маш муу (инээв). Зүгээр л хуваарь гаргадаг. Нарийн төвөгтэй зүйл байхгүй. Би Герман Америк гэх хоёр улсад хоёуланд нь өссөн. Герман тал маань цагийг ягштал баримталдаг бол Америк тал маань илүү уян хатан байх жишээтэй. Миний дотор ч тэр ийм зөрчил үргэлж байдаг боловч хэрэв чи ямар нэг зүйлийг чухал гэж үзвэл түүнд заавал цаг гаргаж чадна гэдэгт итгэдэг. Хүмүүс цаг алга гэж шалтаглах нь олонтоо. Үнэндээ чи зүгээр л түүнд сэтгэл гаргахгүй байна гэсэн үг. Хэрэв үнэхээр хүсэж байвал хоол идэх, ус уух, ажилдаа явахтай адил тухайн ажлыг өдрийнхөө нэг хэсэг болго. Жишээ нь зураг зурах дуртай бол түүнийг өнөөдөр заавал хийх ёстой зүйлсийнхээ жагсаалтад оруул, хийхгүй бол үхэх гэж байгаа юм шиг л ханд. Энэ л цагийн менежмент.

6. Хийх ажлаа хэрхэн төлөвлөдөг вэ?

Түрүүн хэлсэнчлэн, үүнийг заавал хийх ёстой зүйл гэж харах хэрэгтэй. Бэлтгэлээ өөрөө төлөвлөх шаардлагагүй, багш аль хэдийн цагийг нь гаргачихсан байдаг тул хоцрох эрхгүй, шууд л явна. Харин бусад ажлын хувьд чи өөрийгөө маш сайн ойлгодог байх нь чухал.

Би ихэвчлэн өглөө нь бичлэгийн эвлүүлгээ хийгээд, бэлтгэлдээ явж, дараа нь заавал унтдаг. Энэ нойр надад маш чухал. Тэгээд орой нь шавь нарынхаа ажлыг амжуулдаг. Хүн бүрийн ажилладаг цаг өөр. Тиймээс бусдаас зөвлөгөө авахаас илүүтэйөөрөөсөө зөвлөгөө авах нь зөв. Гол нь эхлээд өөрийгөө таньж мэдэхийн сацууаг хийж буй зүйлээ янз бүрээр турших хэрэгтэй.

7. Эрч хүчээ хэрхэн сэлбэдэг вэ?

Өдөр дугхийх. Гэхдээ маш богино хугацаанд буюу 10 минут эсвэл хоёрхон минут ч байж болно. Би бол нүдээ аниад 15 секундын дотор унтаж чаддаг. Бага байхдаа машинаар явахаар дотор эвгүйрхдэг байсан болохоор нүдээ аниад өөрийгөө хүчээр унтуулж сурсан юм л даа. 2-20 минутын хооронд дугхийх нь чамайг маш хурдан эрч хүчээр цэнэглэнэ. Анхаарууштай нь, 20 минутаас хэтрүүлбэл сэрээд улам илүү ядарсан мэдрэмж төрнө шүү.

Бас нэг зүйл нь чамд урам зориг, эдгэрэл өгч чадах дотнын хүмүүстэйгээ ярилцах хэрэгтэй. Азид хүмүүс хов жив ярих дуртай байдаг ч, тийм ярианы дараа хүн улам ядардаг юм шиг ээ. Миний хувьд эерэг зүйл ярихыг их хичээдэг. Аав маань надад өдөр бүр эшлэл явуулдаг юм. Нэг удаа "Амьдрал чинь зөвхөн чиний сэтгэлгээнээс л хамаарна. Сөрөг сэтгэлгээ хэзээ ч чамд эерэг амьдрал авчрахгүй" гэж явуулсан юм. Хүмүүс өөрсдийгөө хэр зэрэг сөрөг бодолтой байгааг нэг их анзаардаггүй юм билээ. "Үүнийг хиймээргүй байна", "Чадахгүй байх" гэх мэт жижиг бодлуудаа эерэг чиглэл рүү өөрчлөх ёстой.



8. Үндсэн ажлынхаа хажуугаар дурлаж хийдэг төсөл/ажил юу вэ?

Би онлайнаар гадаад хүмүүст Өвөр Монгол болон хятад бөх, монгол соёлын талаар хичээл заадаг. Дэлхийн өнцөг булан бүрд чамгүй олон шавьтай.

Мөн одоогоор аялал жуулчлалын төсөл дээр ажиллаж байна. Гадныхныг Ар Монгол болон Өвөр Монголд авчирч, жинхэнэ нүүдэлчин соёл, бөхийн эрдмийг биеэр мэдрүүлэхийг хүсэж байгаа. Ялангуяа эр хүн хөдөө гарч, хэн нэгэнтэй барилдаж үзээгүй бол монгол соёлыг бүрэн ойлгож чадахгүй. Амьдралдаа ядаж нэг удаа туршиж үзэх хэрэгтэй.

Эхлээд Өвөр Монголд энэ ажлаа туршиж үзээд, ирэх зун Ар Монголд илүү олон холбоо харилцаа тогтоож, хүмүүс авчрахаар төлөвлөж байна. Мэдээж цахим орчинд олон контент хийхийг хүсэж байгаа ч, бэлтгэл гээд цаг зав багатай л явна.

9. Хийж буй ажлын онцлог юу вэ? Эерэг сайн ба хэцүү бэршээлтэй талууд?

Барилдахаас гадна монгол соёлыг дэлхийд түгээн дэлгэрүүлэх нь миний хамгийн том зорилго. Хийж буй зүйлдээ шилдэг нь байж, хэдий хэмжээнд амжилт гаргаж, мундаг болно, төдий чинээ бусдад үлгэр дуурайл үзүүлж, эергээр нөлөөлж чадна шүү дээ. Энэ спорт миний амьдралыг хэрхэн эергээр өөрчилснийг би биеэрээ мэдэрсэн учраас бусдад ч бас тус болоосой гэх үүднээс цахим орчинд идэвхтэй сурталчилдаг юм.

Гэхдээ гадаад хүн болохоор надад тулгардаг бэрхшээл арай өөр. Нутгийн бөхчүүд гэр бүлийнхнийхээ дэргэд, ямар нэгэн зүйлд санаа зовох шаардлага бага учраас өдөржин стрессгүй хоолоо идэж, бэлтгэлээ хийх боломжтой. Харин миний хувьд визний асуудал, хаашаа явж болох, аль бүс нутагт зорчих вэ гэдгээс эхлээд хэнтэй хэрхэн харилцах, яаж амьжиргаагаа залгуулах вэ гээд олон зүйлд давхар санаа зовдох хэрэгтэй болно.

Үүний зэрэгцээ Монгол орны сайхан тал, онцлох зүйлсийг дурдах нь зүйтэй болов уу. Нэгдүгээрт, Монголын уламжлалт амьдралын хэв маяг. Газар дэлхий, хүн ард, ан амьтан, хөх тэнгэртэйгээ зохицон амьдрах тухай юм. Орчин үед хүмүүс гар утаснаасаа хамааралтай болж, хотын завгүй амьдралд төөрсөөр энэ холбоосоо алдчихсан мэт санагддаг.

Хоёр дахь нь хоол хүнс. Би Америкт байхдаа найман жилийн турш сүүн бүтээгдэхүүн огт идэж чаддаггүй байсан, ганц халбага зайрмаг идэхэд л гэдэс маань хэдэн өдөр өвддөг байв. Гэтэл Өвөр Монголд анх ирээд шинэ тараг ууснаас хойш 7 жилийн турш ямар ч асуудал гараагүй. Одоо би өдөрт 2 литр тараг ууж, бараг 12-15 аяга цай уусан ч зүв зүгээр байгаа. Магадгүй монгол малын мах, сүүн бүтээгдэхүүн ямар органик, цэвэр болохыг харуулж байгаа байх. Монгол бөх шиг хүчтэй, зузаан биетэй болохын тулд зөвхөн ногоо идэх хангалтгүй, харин ийм л хоол хүнс хэрэгтэй.



10. Та одоо юун дээр төвлөрч байгаа вэ? Ойрын төлөвлөгөө?

Өвөр Монголд "Жанга" хүртсэн анхны гадаад хүн болохыг хүсэж байна. Энэ чимгийг авахад маш хэцүү.

Уламжлалаар бол өвөөгөөс ачдаа өвлөгдөж болох ч надад тийм өвөө байхгүй. Надад өгөх хүсэлтэй хөгшин бөхчүүд байсан ч засгийн газраас нь тодорхой түвшний бөхчүүдийг ялж байж авах ёстой гэсэн. Тэндхийн албан ёсны хамгийн том цол, эрэмбэ болохоор тэр байх.

Харин Ар Монголын тухайд барилдаж үзээгүй, өнгөрсөн өвлөөс л бэлтгэл хийж эхэлсэн. Эхлээд жижиг тэмцээнүүдээс эхэлж, сумын наадам, аймгийн наадамд барилдаж цол авахыг зорино. Хүмүүс намайг шууд улсын наадамд барилд гэдэг ч би тэр түвшинд хараахан хүрээгүй байгаагаа мэдэж байгаа. Эхлээд Сумын заан болмоор байна.

Бүх зүйл шат дараатай, тэр бүх үйл явцыг хүндэтгэх хэрэгтэй. Хүн бүр л анхнаас нь эхэлсэн шүү дээ. Тэгэхээр миний одоогийн гол зорилго, даалгавар маань ердөө л энэ хоёр байна даа.

11. Та өөрийгөө хэрхэн хөгжүүлж, суралцдаг вэ?

Бусадтай ярилцах. Хэдэн ч насны, ямар ч салбарын хүнтэй яриа өрнүүлэх дуртай. Өөрөөсөө дүү бөхчүүдээс ч суралцах зүйл асар их байдаг. Манай баруунд бол багш бүхнийг мэднэ гэж боддог бол энд бүгд бие биетэйгээ чадах зүйлсээ хуваалцдаг нь их гоё. Гол нь асууж, ярилцах хэрэгтэй. Тэгж байж л тасралтгүй хөгжинө.

12. Санал болгох ном, хөгжим, кино?

Монголоос дуртай уран бүтээлч гэвэл эргэлзээгүй ThunderZ. Би түүнийг жинхэнэ “дотортой” уран бүтээлч гэж боддог. Дээрээс нь продакшны баг нь үнэхээр сайн. Хөг аялгуунаас гадна дууны үг, цаадах утгыг нь бүр илүү анзаарч сонсох хэрэгтэй. Мөн дүрслэл, видео зохиолын хувьд яг л кино үзэж байгаа мэт мэдрэмж өгдөг. Монголынхоо түүх, өв соёлыг залуу үеийнхэнд ойлгуулж, мэдрүүлэх түүн шиг залуу уран бүтээлч илүү олшрох ёстой гэж бодож байна.

Номын тухайд Пауло Коэльогийн “Алхимич” бүтээлийг санал болгоё. Нимгэн, уншихад амархан. Тархиа хэт ажиллуулах дургүй хүмүүст тохирох энгийн ном. Надад таалагддаг шалтгаан нь, амьд байгаа хүн бүрийн түүхийг өгүүлдэг явдал. Хүн энэ амьдралдаа хэн болохоо өөрөө шийддэг. Ихэнх хүмүүс боломж бололцоо, ур чадвар, авьяас билэг байхгүйдээ биш, харин эцсийн цэгт очоод юу хүлээж байгаагаас айсандаа замаасаа буцдаг. "Хүмүүс намайг шүүмжилбэл яах вэ?" гэж айдаг байх л даа. Харин миний хувьд тэр огт хамаагүй. Ямар ч саад бэрхшээлтэй тулгарсан бид амьдралынхаа төлөө урагшилсаар байх ёстой.



Би саяхан нэг үг олж сонсоод аав болон ихэр дүү рүүгээ явуулсан юм.

"Нэгэн цагт хорвоо ертөнцөөс гуйн залбирч байсан тэр ажлынхаа төлөө зүтгэж, ядарч сууна гэдэг ямар их хувь тавилан бэ? Урьд нь зөвхөн зүүдэлж байсан тэрхүү өсөлт хөгжилдөө өнөөдөр дарагдаж, завгүй явна гэдэг хэчнээн их зол вэ? Өөрийн зорилгоор бүтээсэн энэ амьдралынхаа сорилтуудтай нүүр тулж байна гэдэг ямар их хувь заяа вэ?
Бэрхшээдэг байсан зүйлсээсээ нэгэнт илүү гарч, сайжирсан байна гэдэг ямар их хувь тавилан бэ?"

Товчхондоо бэрхшээлтэй нүүр тулж, тэр бүхнийг давах нь үзүүлбэр шиг л үзэсгэлэнтэй. Учир нь би өөрийнхөө замаар замнаж байна шүү дээ. Хэрэв чи өөрийн биш өрөөлийн замаар явж байхдаа бэрхшээлтэй тулгарвал тэр чинь жинхэнэ там.

Киноны хувьд “Lord of the Rings”-ийг би жилдээ нэг удаа бүтэн үздэг. Уг кино бол жинхэнэ аяллын тухай түүх. Тэр дундаа бүтэшгүй мэт санагдах аяллын тухай. Хамгийн итгэмээргүй, хамгийн хачин жигтэй дүрүүд цуглаад эцэст нь зорилгодоо хүрдэг. Яг л миний хийж байгаа зүйл шиг.

13. Авч байсан хамгийн сайн зөвлөгөө?

"Хэрэв чи одоогийн байгаа давтамжаа таслахгүй бол, ирээдүй чинь яг л чиний баг зүүсэн өнгөрсөн үе байх болно."

Хүмүүс үргэлж амьдрал, хувийн зан чанар эсвэл карьертаа өөрчлөлт хийх тухай ярьдаг. Гэвч чи өдөр бүр хийдэг тэр л ижил зүйлсийнхээ гинжин хэлхээг таслахгүй бол, хэзээ ч шинэ үр дүнд хүрэхгүй. Тэр тусмаа чи өөрийн гэсэн өгүүлэх түүхтэй байх ёстой. Хорвоог орхин одсоны чинь дараа чиний үлдээсэн түүхийг л ярьцгаах болно. Тиймээс тэр түүхийг сонирхолтой болгохын төлөө хичээ, бүү ай.

14. Бусдад шидэх санаа?

Намайг анх Өвөр Монголд очиход хүмүүс "Өө, чи чинь 30 хүрчихсэн юм уу? Чи хэзээ ч монгол хүн шиг болж чадахгүй, бидэн шиг барилдаж чадахгүй" гэдэг байсан. Тэгээд би Өвөр Монголд анхны наадамдаа түрүүлэхэд бүгдийнх нь амыг тагласан. Хэдэн жил зарцуулсан ч гэлээ би тэдний үгийг хэзээ ч тоогоогүй. Та миний аялал, миний түүх, миний зорилгод итгэх албагүй, гэхдээ би өөрөө итгэх ёстой. Тэгээд яваандаа та үр дүнг нь нүдээрээ харах болно.

Мөн миний үеийнхэн болон надаас залуу хүүхдүүд нэг зүйлдээ хэтэрхий автаад байна. Бид өөрсдийнхөө хэн бэ гэдгийг умартаж, олон нийтийн сүлжээ, үерхэл харилцааны асуудалд хэтэрхий төвлөрөх болж. Зурагт, болзооны шоу, аппууд… Инстаграм хараад л "Өө, энэ залуу халуухан юм", "Энэ охин тачаангуй юм" гэлцдэг. Үүнд хэтэрхий их анхаарлаа хандуулаад, амьдралын ердөө өчүүхэн хэсэг гэдгийг нь мартаж байна. Чиний гол анхаарал хандуулах зүйл эд нар огт биш шүү дээ. Би ч гэсэн урьд нь харилцаанд байх дуртай, хайруулах дуртай залуу байлаа. Гэхдээ хамгийн түрүүнд чи өөрийгөө хайрлах хэрэгтэй. Үүнийг ойлгочихвол бусад зүйл амархан болно. Энэ бол дүү нартаа өгөх миний зөвлөгөө.