Сээртэй чаахан, Оюутолгой рамен, Испани будаа… Эдгээр нэрийг сонссон хэн боловч ямар рестораны цэс болохыг төвөггүй таасан биз ээ. Амт, чанараа хэзээд алдалгүй хадгалдаг болохоор их хотын залуус өдрийн хоол, оройн болзоо гээд бүхий л цаг үед “Ариг Аня”-аар үйлчлүүлэх дуртай байдаг билээ. Тэртээ 2004 онд анх байгуулагдсан цагаасаа хойш өдгөө нийслэл хот даяар арав гаруй салбар, 200 гаруй ажилтантай болж өргөжсөн “Ариг Аня” сүлжээ рестораны үүсгэн байгуулагч Т.Ганзориг бол бидний энэ удаагийн зочин.

Хэдхэн хоногийн дараа хотын зүүн бүсэд, нэг дор 150 рестораныг түүхий эдээр хангах хүчин чадал бүхий, гурван давхар шинэ үйлдвэрээ нээхээр амьсгаа дээгүүр байгаа түүнтэй бид шинэхэн үйлдвэрийн байранд нь уулзаж, ажлын арга барил, бизнесийнх нь философийн талаар ярилцсанаа ийнхүү хүргэж байна.

Байршил: Улаанбаатар хот

Эрхэлдэг ажил: “Ариг Аня” сүлжээ рестораны Үүсгэн байгуулагч

Хэрэглэдэг гар утас: iPhone

Хэрэглэдэг компьютер: Microsoft Surface

1. ТАНЫ АЖЛЫН ЗАМНАЛААС БИД ЮУ, ЮУГ МЭДЭХ ЁСТОЙ ВЭ?

Би Хөвсгөл нутгийн уугуул. 1991 онд Улаанбаатар хотод ирж, МУИС-ийн Нягтлан бодох бүртгэлийн ангид элсэн орж байлаа. Сургуулиа төгссөний дараа мэргэжлээрээ арван орчим жил “Монголросцветмет” ТӨҮГ, орон нутгийн уурхай гээд өөр өөр орчинд ажиллаж, олон талын туршлага хуримтлуулсан.

Хувийн бизнес эхлүүлэх сэдэл ерөөсөө л амьдралын энгийн хэрэгцээнээс урган гарсан гэхэд болно. Эхэндээ бусдын л адил үндсэн ажлынхаа хажуугаар жижиг сажиг наймаа гээд янз бүрийн ажил хийдэг байв. Оюутан ахуй цаг шилжилтийн шуурган дунд өнгөрсөн болохоор хэзээнээсээ давхар ажиллаад сурчихсан хэрэг.

Анх Сансарт нэг өрөө байр худалдаж аваад, тэндээ интернет кафе ажиллуулж байлаа. Улмаар цайны газар, худалдаа, үйлчилгээний өөр бусад салбаруудад хүчээ сорьж, туршлага хуримтлуулсаар хоолны салбарт улам гүн орж, энэ чиглэлд тууштай ажиллахаар шийдсэн. Өдгөө энэ салбарт зүтгэж эхэлснээс хойш 21 дэх жилтэйгээ золгож байна.

Эхэн үедээ брэнд бүтээх, урт хугацааны стратеги төлөвлөх гэхээс илүүтэй амьд үлдэх нь чухал байсныг нуугаад яахав. Эхнэртэйгээ хамт интерьер дизайнаас эхлээд “Ариг Аня”-ийн бараг тоосго бүрийг өөрсдийн гараар өрсөн дөө. Харин “Өөрийн гэсэн үнэ цэн бүхий брэндтэй болох ёстой” гэх бодол төрж эхэлсэн нь 2013 оноос хойших үе.

“Ариг Аня” брэндийн үндсэн санааг олсон түүхээсээ хуваалцахад нэг хэсэг монголчууд автомашин худалдаж авахдаа танил талаа дагуулан Япон явж, дуудлага худалдаанд оролцдог байв. Тухайн үед би мэдээллийн технологи чиглэл рүү сонирхолтой байсан учраас өөрөө код бичээд сурчихсан байсан юм. Clicker, Base зэрэг платформууд дээр жижиг програм бичиж, ажилдаа ашигладаг байв.



Энэ сонирхлоосоо улбаалан Японоос автомашин захиалах анхны платформыг Монголд нутагшуулсан нь Япон руу ажил хэргийн шугамаар зорчих боломж олгох нь тэр. Тухайн аялал надад хувь хүний хувьд ч, хоол хүнсний соёлын талаарх мэдлэгийн хувьд ч нүдийг маань нээсэн хэмээн боддог. Би угаасаа пастанд дуртай хүн. Харин Японд очоод нэмээд раменд дуртай болсон. Ламен, рамен гээд ер нь гурилтай шөл бол дэлхий нийтэд нийтлэг, хүн бүрд ойр хоол шүү дээ. Тэгээд л “Монгол хүний онцлогт тохирсон, өөрийн гэсэн өнгө аястай шөлний газар нээе” гэсэн санаа төрсөн. Манай шөл Японы жортой ижил биш, Монгол амттай, өөрсдийн гэсэн өвөрмөц онцлогтой.

Нэрний утгын тухайд Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр, Цагаан-Үүр сумын нутгаар урсдаг Аригийн голын нэрээр ресторанаа нэрлэсэн. “Ариг” гэдэг нь тунгалаг, цэвэр гэсэн утгыг илэрхийлэх бол “Аня” гэдэг нь санскрит гаралтай, “сайн сайхныг авчрагч” хэмээх утгатай. Манай брэндийн философи ч энэ хоёр үгний утгад шингэсэн байдаг. Ил тод, нээлттэй, зөв хандлагатай, дэлхийн хүмүүстэй ойлголцох чадвартай хүнийг бид “Аня” гэж ойлгодог. Манай гал тогооны гол зарчим ч мөн хэрэглэгч бүрдээ ил тод, цэмцгэр, зөв хандлагаар хандах явдал.

Дээр дурдсанчлан би өөрөө технологид хорхойтой. Технологи хүний хөдөлмөрийг хөнгөвчилж, амьдралын чанарыг дээшлүүлдэг гэдэгт итгэдэг. Орчин үеийн хүмүүс ч энэ зарчимд уусаж, технологиос урам зориг авч, сэтгэл ханамж мэдэрдэг болсон. Цар тахлын дараачаас бид дижитал шийдлүүдийг түлхүү хөгжүүлж эхэлсэн. Рестораны хэрэглээнд байгаа аппаа ойрын хугацаанд улам боловсронгуй болгож, илүү ухаалаг, хэрэглэгчийн өдөр тутмын амьдралд ойр хувилбарыг тун удахгүй танилцуулахаар ажиллаж байна.

2. ТАНЫ АЖЛЫН ДУНДАЖ НЭГ ӨДӨР ХЭРХЭН ӨНГӨРДӨГ ВЭ? 
 


Одоогоор би байгууллагынхаа ерөнхий захирлын албыг хашиж байна. Манай компанид бас гүйцэтгэх захирал буюу хөгжлийн захирал гэсэн тусдаа үүрэгтэй мэргэжилтэн бий. Тэр захирал маань өмнө нь манайд ажиллаж байгаад байгууллагынхаа тэтгэлгээр Австралид мэргэжлээ дээшлүүлсэн. Өдгөө өдөр тутмын стандарт үйл ажиллагааг хариуцаад явдаг.

Харин би одоогоор өдөр тутмын ажлаас илүүтэйгээр энэ төсөл дээрээ төвлөрч байна. Манай компани 200 гаруй ажилтантай, харьцангуй жижиг бүтэцтэй байгууллага учраас өдөр тутмын ажлаас бүрэн хөндийрөх бололцоо хомс. Хөгжлийн чиглэлийн бүхий л ажилд би өөрөө түрүүлж манлайлж, урд нь гарч зүтгэхээс өөр аргагүй. Гэхдээ өмнөх үетэй харьцуулахад механик ажлуудаа харьцангуй сайн бусдад хуваарилдаг болсон.

3. ТАНЫ АЖЛЫН НӨҮ-ХАУ?  

Монголд нийтийн хоолны бизнес тогоочоос 100 хувь хамааралтай гэхэд хилсдэхгүй. Тогооч ууртай, тогоочийн ар гэрт асуудал гарсан бол шууд л хоолны амтад нөлөөлнө. Мэдээж рестораны захирлууд хэрэглэгчдэд амтгүй хоол, муу бүтээгдэхүүн өгөхийг хүсэхгүй нь лавтай. Тэгэхээр асуудлын гол нь системгүй, стандартгүй байдал. Тогоочоос бүх зүйл хамаарч байгаа нь энэ салбар хөгжиж чадахгүй байгаагийн нэг гол шалтгаан.

Бас нэг том асуудал бол бэлтгэн нийлүүлэлтийн сүлжээ. Бид чинь яг одоо л тэр сүлжээ рүү орж эхэлж байна. Хэрвээ стандарт үйлдвэрээс түүхий эдээ авдаг бол алдаа гарах магадлал хамаагүй багасна. Манайхны хувьд бүр наад захын жишээ нь цэс. Зарим газар 100 гаруй хоол санал болгочихсон байдаг. Монгол, Солонгос хоол явж байснаа пицца, махан цуглуулга орж ирэх жишээтэй.

Харин “Ариг Аня”-ийн хувьд бид эхнээсээ ийм итгэл үнэмшилтэй байгаагүй. Манай бүх салбар 15 орчим хоолтой төдийгүй бүх хоол маань нэг технологийн урсгалаар, нэг чиг шугамтай явдаг. Тийм болохоор хоолны амт, бэлтгэл, хурд, хяналт бүгд дээрээ нэг стандартад багтдаг. Төв гал тогоотой учраас өдөр бүрийн бэлтгэл харьцангуй бага. Хэрвээ 15 хоолоо 30 болговол энэ бүх систем нурах эрсдэлтэй.

Гэхдээ мэдээж алдаа гарна. Харин тэр алдааг багасгахын тулд бид дараагийн шатны төсөл дээрээ өнгөрөгч хоёр жил гаруйн хугацаанд ажиллаж, хэдхэн хоногийн дараа ашиглалтад оруулахаар зэхэж байна. Одоо ашиглалтад орж буй ханган нийлүүлэлтийн төв маань нэг дор 150 рестораныг түүхий эдээр хангах чадалтай.

Манай логистикийн урсгал ч бас сонирхолтой. Бид Осакад салбар оффистой. Нэг удаагийн сав баглаа боодлоос эхлээд ундаа, ус зэрэг олон нэр төрлийн бараа бүтээгдэхүүнийг Японоос шууд татдаг. Энэ нь манай системийг тогтвортой бөгөөд тасралтгүй байлгах гол тулгуур болж өгч байгаа юм.



4. АШИГЛАХГҮЙ БАЙЖ ЧАДДАГГҮЙ АПП, ХЭРЭГСЛҮҮД ЮУ ВЭ?

Хувь хүний тухайд би Google-ийн үнэнч хэрэглэгч. Google Drive, Gmail, Calendar зэргийг өдөр тутамдаа идэвхтэй ашигладаг. Өөрийгөө cloud хэрэглэгч гэж хэлж болно. Бүх мэдээлэл цахим орчинд хадгалаад хэвшчихсэн.

Асуултаас жаахан хазайхад, манай "Ариг Аня" салбартаа анх удаа цаасан баримтыг хэвлэж өгөхгүй байх шийдлийг нэвтрүүлсэн. Цаасан баримтын хэрэглээ төвөгтэйг хэн хүнгүй л мэдэж байгаа. Баримтаа гаргах гэтэл цаас нь дуусна, хороо цэнэглэнэ, энэ явцдаа үйлчлүүлэгчдийг хүлээлгэнэ гээд асуудал их. Санхүүгийн зардал, байгаль орчны нөлөөллийн хувьд ч тэр олон сөрөг талтай. Үйлчлүүлэгч баримтаа авмагцаа хогны сав руу хаяж буйг харах мэдрэмж их эвгүй шүү дээ. Тиймээс бид цаасгүй засаглал руу шилжих зорилт тавьж, ресторанууддаа үе шаттайгаар нэвтрүүлсэн билээ.

Манай компанийн хувьд ч гэсэн цаашид ажлын ширээн дээр зөвхөн компьютер л байх загварт шилжих зорилготой. “Их ажилтай байна” гэж гомдоллох хүн байх ёсгүй. Би энэ зарчмыг Германуудаас сурсан. Тэд их ачаалалтай байсан ч “ажил их байна” гэж хэлдэггүй. Учир нь, ухаалаг систем, технологийн шийдлүүдийг сайн нэвтрүүлсэн байдаг.

5. ЦАГ ХЭМНЭХ ХАМГИЙН САЙН АРГА ТАНЬ ЮУ ВЭ?

Захирлууд дандаа завгүй байдаг, ачаалалтай ажилладаг гэх ойлголт хүмүүсийн дунд түгээмэл. Харин миний хувьд бол эсрэгээрээ. Би өөрийгөө маш их завтай хүн гэж хэлдэг. Ажлын ачаалалд түүртэх зүйл бараг үгүй.

Хамгийн гол нь ажлыг зөв системтэй зохион байгуулах, оновчтой хуваарилах, хэрэгцээгүй давхардлыг арилгах нь чухал. Тэгж чадвал удирдах албан тушаалд байгаа хүн “ачаалалд дарлуулна” гэхээсээ илүү завтай, төвлөрөлтэй, бүтээлч байж чадах болов уу.

6. ХИЙХ АЖЛАА ХЭРХЭН ТӨЛӨВЛӨДӨГ ВЭ?


Үнэндээ би ажлаа огт цаасан дээр төлөвлөдөггүй. Төлөвлөгч дэвтэр, цахим цагалвар, төрөл бүрийн апп гээд л есөн шидийн арга хэрэглэж үзсэн. Гэхдээ гол асуудал нь тэр төлөвлөгөөндөө эргэж хэзээ ч хардаггүйд байсан юм.

Удалгүй нэг зүйлийг ойлгосон. Би багаасаа л төрөл бүрийн ажил хийж ирсэн хүн. Ажил хийж эхэлсэн цагаасаа тархиндаа ажлын ачаалал, өдөр тутмын хуваариа автоматаар зохицуулж сурсан юм билээ. Тэгээд нэгэнт дотроо бүх зүйлийг зураглачихсан болохоор дахин цаасан дээр салгаж, төлөвлөж бичих нь надад илүүц, хэрэггүй хөдөлмөр мэт санагддаг болсон. Ингэж л төлөвлөлтөөс “чөлөөлөгдсөн” гэж хэлж болно.

7. ЭРЧ ХҮЧЭЭ ХЭРХЭН СЭЛБЭДЭГ ВЭ?

Би нэг их ядраад байдаггүй дээ. Цаг гарвал дугуй унах дуртай, алхана. Мөн гэртээ байх үедээ кино үзэх, гэмт хэргийн подкастууд сонсох дуртай. Цар тахлаас хойш англи хэлийг нухаж байна.

8. ҮНДСЭН АЖЛЫНХАА ХАЖУУГААР ДУРЛАЖ ХИЙДЭГ ТӨСӨЛ/АЖИЛ ЮУ ВЭ?

Брэнд бүтээнэ гэдэг өөрөө маш их төвлөрөл шаардсан төдийгүй алс хол замыг туулах ажил. Тийм ч учраас би өдөр тутмын гол ажлынхаа хажуугаар ондоо зүйлсэд цаг зарцуулахгүй байхыг хичээдэг. Гэхдээ сүүлийн жилүүдэд Улаанбаатар хотын замын түгжрэлийн асуудлыг шийдэх гарц гаргалгааны талаар боломжтой үедээ судлах болсон.

Энэ асуудлыг би сонирхол төдий биш, харин иргэн хүний хувьд хувь нэмрээ оруулах ёстой салбар гэж хардаг. Түгжрэлийн шалтгаан, хүн амын хөдөлгөөн, амьдралын хэв маяг, зан төлөвийн хандлагыг анхааралтай судалж, зарим гарцуудыг ч тодорхойлоод эхэлсэн. Төсөл маань хөрөнгө оруулалт шаардсан том бүтээн байгуулалтад бус, харин хүмүүсийн өдөр тутмын амьдралын хэв маягийг өөрчлөхөд чиглэсэн нь онцлогтой.

9. ХИЙЖ БУЙ АЖЛЫН ОНЦЛОГ ЮУ ВЭ? ЭЕРЭГ САЙН БА ХЭЦҮҮ БЭРШЭЭЛТЭЙ ТАЛУУД?

Би хэзээнээсээ л технологи, дизайн хоёрт дуртай хүн. Сонирхуулахад, одоогоор бүх салбар рестораныхаа интерьер дизайныг өөрөө гар зургаар эхлүүлж, төсөөллөө бодит болгоод явж байна. Ер нь дизайн гэдэг чинь нүд баясгах урлаг. Сэтгэлээсээ хийсэн дизайн, санаа маань бодит хэрэглээнд орж, хэрэглэгчид тэр дор нь үнэлгээ өгч байгаа нь үнэхээр кайфтай мэдрэмж төрүүлдэг.

Нэг тийм үг байдаг даа, “Ажил хөдөлмөрийг дагаж аз жаргал буцална” гэж. Миний хувьд яг л тэр мэдрэмжийг аваад явж байгаа. Тийм болохоор “бэрхшээл” гэж тодорхойлохуйц сорилт өнгөрсөн 20 гаруй жилийн хугацаанд гарч ирээгүй л байна. Бизнес гэдэг чинь угаасаа өгсөж уруудах, өөрчлөгдөх тасралтгүй үйл явц. Тэр бүрийг “бэрхшээл” гээд хүлээж авна гэдэг өөрөө асуудал байж мэднэ.

10. ТА ОДОО ЮУН ДЭЭР ТӨВЛӨРЧ БАЙГАА ВЭ? ОЙРЫН ТӨЛӨВЛӨГӨӨ?


Яг одоо ярилцлага өгч буй энэ төвөө ашиглалтад бүрэн оруулж, үйл ажиллагааг нь жигдрүүлэх л хамгийн ойрын зорилго байна. Ирэх намраас эхлээд төсөл маань эрчим хүч, дулаанаа бие даан хангадаг, илүү тогтвортой системтэй болох юм.

Хамгийн анх энэ санааг тээж эхлэхдээ би нэг зүйлийг л дотроо төсөөлсөн. Хотоос гарч буй залуус энэ төвийг уулзах, амсхийх, цэнэг авах цэг болгоосой гэж. Найз нөхөдтэйгөө цаг товлон болзож, халуун хоол хамтдаа идэж, эрч хүчээ сэлбээд аялалдаа гарах орон зай байгаасай хэмээн хүссэн. Тиймдээ ч бид хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст зориулсан налуу шат, хүүхэд хуурайлах хэсгээс эхлээд бүх насны хүмүүст хүртээмжтэй бөгөөд ээлтэй байхаар төлөвлөсөн.

11. ТА ӨӨРИЙГӨӨ ХЭРХЭН ХӨГЖҮҮЛЖ, СУРАЛЦДАГ ВЭ?

Өнөө цагийн хамгийн гоё боломж нь хүссэн мэдээллээ хаанаас ч, хэзээ ч авч болох нөхцөл бүрдсэн явдал. ChatGPT, онлайн сургалтууд гээд үнэндээ өөрийгөө хөгжүүлэхэд хязгаар гэж алга. Би ер нь “self-study” буюу өөрөө өөрийгөө сургах зарчимтай хүн. Танхимд сууж хичээллэх нь надад бол цагийн гарз шиг л санагддаг. Яг тэр цагтаа хаанаас ч хамаагүй, хамгийн шилдэг багш нарын хичээл, туршлагаас шууд сурч болж байна шүү дээ.

Нэг сонирхолтой дурсамжаа хуваалцъя. 1995 онд би Заамарын алтны уурхайд ажиллаж байлаа. Уурхайд анх очихдоо нэг компьютер үүрээд оччихсон, тэрийгээ заавал ажиллуулах үүрэгтэй. Тухайн үед ажлаа MS-DOS орчинд хийдэг байв. Гэтэл өнөөх компьютер дээрээ ажиллахын тулд заавал тусдаа код бичихгүй бол болохгүй. Асуух хүн ч үгүй, сурах бичиг ч байхгүй, интернэт бол бүр алс холын мөрөөдөл. Тэгээд л гурван сар нүдсэн дээ. Шөнөжин сууж байгаад ч болов нэг өдөр учрыг нь олж байлаа. Хамгийн сонирхолтой нь, тэр үе шиг хүнд, тэр дайтай сорилт миний амьдралд одоог хүртэл дахиж тулгарсангүй. Тэгэхээр хүн сурах хүсэлтэй, суръя гэсэн зүтгэлтэй байхад боломж үргэлж байдаг юм билээ.

12. САНАЛ БОЛГОХ НОМ, ХӨГЖИМ, КИНО?

Хүмүүс “ширээний ном” гэж ярьдаг шүү дээ. Харин миний хувьд нэг уншаад гол санааг нь шингээгээд авчихад хангалттай санагддаг. Хүүхэд байхдаа бол маш их ном уншдаг байсан. Тэр үедээ уншсан номнууд маань ертөнцийг өөрөөр харах харц, сэтгэлгээний хүрээг тэлэхэд үнэхээр их нөлөөлсөн. Харин одоо бол ном унших нь харьцангуй бага болсон доо.

Киноны хувьд бол триллер, адал явдалт, гэмт хэргийн төрлийн бүтээлүүдэд дуртай. Санаанаас гардаггүй, сайн бүтээл гэвэл Бэн Аффлекийн гол дүрийг бүтээсэн The Accountant байна. Одоо шинэ анги нь кинотеатруудаар гарах гэж байна, тэрийг л маш их хүлээж байгаа.

Хөгжмийн тухайд залуудаа "зохиолын дуу сонсохгүй" гэж өөрийгөө хуураад явж байлаа. Хэдэн жилийн өмнө АНУ-д найзтайгаа хөдөөгүүр автомашинтай аялав аа. Тэр үед найз маань замын турш зохиолын дуу тавьтал ямар гоё байсан гэж санана. Тэр үеэс хойш тосгон надаас яваагүйг, өөрийгөө зохиолын дууны хүн гэдгээ хүлээн зөвшөөрсөн дөө.

13. АВЧ БАЙСАН ХАМГИЙН САЙН ЗӨВЛӨГӨӨ?

Зөвлөгөө гэдэг харьцангуй ойлголт. Хорвоогийн хамгийн үнэтэй зөвлөгөөг сонссон байлаа ч, хүн өөрөө хүлээж авахаар бэлэн биш л бол тэр нь үр дүнд хүрэх эсэх нь эргэлзээтэй. Үнэндээ хүн өөрөө шийдчихсэн л бол хэн юу хэллээ гээд өөрчилнө гэдэг хэцүү.

Би өөрөө бол зөвлөгөө өгөхдөө ч, авахдаа ч тийм дуртай хүн биш. Хүн өөрөө хэрэгтэй мэдээллээ судлаад, ойлгож, асуухаар ирж байж л үр дүн гарна гэдэгт итгэдэг.

14. БУСДАД ШИДЭХ САНАА?

Өөрөө л зүтгээрэй, өөрөө л олж аваарай. Амьдрал гэдэг хэн нэгний хэлсэн замаар биш, өөрийн сонголт, өөрийн алдаан дээрээс сурч урагшлах үйл явц.

Энэ цаг үед мэдээллийн сувгууд хаа сайгүй нээлттэй болсон. Хэн ч хүсвэл хаанаас ч юу ч олж харж, сонсож чадна. Гэхдээ яг энэ үед л хэн нэгний үгээр явбал, эцэст нь хэн ч биш болж үлдэх эрсдэл хамгийн өндөр.