Энэ удаагийн дугаартаа бид Монголын урлагийн зөвлөлийг үүсгэн байгуулагч, “Guru Media” компанийн продюсер Цэрэнпилийн Ариунааг урилаа. “Алсын удирдлага” бүтээлээрээ Бусаны кино наадмаас тэргүүн шагнал хүртсэн найруулагч С.Бямба, Ц.Ариунаа нарын байгуулсан “Guru Media” ирэх даваа гарагт “Хэвтрийн хүн” хэмээх шинэхэн бүтээлээ олонд толилуулахаар бэлдэж буй. СГЗ Г.Аюурзанын бэсрэг романд суурилсан эл кино нь Каннын кино наадмын “Le Atelier” хэсэгт шалгарсан, кино сонирхогчдыг удаан хүлээлгэсэн бүтээл юм. Физикийн мэргэжилтэй ч соёл урлагийн салбарт буурь засаж, өнөөг хүртэл 20 гаруй жил зүтгэж буй тэрээр урлагийн талаарх монголчуудын ойлголтын цар хүрээг тэлж, соёл урлагийн тэргүүлэх наадмуудын түүчээ болж, дэлхийн чансааны уран бүтээлүүдтэй эх орондоо танилцах боломжийг бидэнд нээж өгсөн билээ.

Байршил: СБД, 8-р хороо, N Tower
Эрхэлдэг ажил: “Guru Media” компанийн продюсер
Хэрэглэдэг гар утас: iPhone X
Хэрэглэдэг компьютер: Mac Air
Сошиал хуудсууд: Ariunaa Tserenpil (Фэйсбүүк)

1. Таны карьераас бид юу, юуг мэдэх ёстой вэ?

Би хатуу биеийн физикийн чиглэлээр ОХУ-д мэргэжил эзэмшсэн. Тэр бол машин үйлдвэрлэл, металлургийн салбарыг хөгжүүлэхээр Зохион бүтээх төв товчоо байгуулагдаад байсан үе. Тэнд орж ажиллаж байгаад Питер Бросенсын “Нохойн орон” киноны зургийн даргаар ажиллаж урлагийн салбарт анх хөл тавьж байлаа. 1997-2002 онд Монголын нээлттэй нийгэм хүрээлэнд, 2002-2015 онд Монголын Урлагийн Зөвлөлийг үүсгэн байгуулж, ажиллаж байгаад гэр бүлийн хүнтэйгээ “Guru Media” компаниа байгуулан өдгөө киноны салбарт голчлон ажиллаж байна даа. 2016 оноос хойш олон нийттэй харилцах чиглэлээр Азийн хөгжлийн банканд зөвлөх хийх болсон, одоо гурав дахь төсөл дээрээ ажиллаж байна.

2. Таны ажлын дундаж нэг өдөр хэрхэн өнгөрдөг вэ? 

Өглөө яардаггүй. Хангалттай унтаж амраад босоод нэг литр орчим ус аажуухан уудаг. Эхлээд йог, бясалгалаа хийнэ. Дараа нь “New York Times”-ийн өдрийн тойм мэдээг хараад, кино салбартай холбоотой нэг мэдээ уншдаг. Тэгээд дасгалаа хийчхээд 10-11 цагийн орчимд утсаа асаана даа. Төслийн ажлаас шалтгаалаад долоо хоногийн тодорхой өдрүүдэд утсаа эрт асаах тохиолдол бий. Заримдаа оффистоо, заримдаа гэрээсээ ажилладаг. Одоо ер нь заавал албан тасалгаанд сууж ажиллах шаардлагагүй болсон цаг шүү дээ. Оффис руугаа ихэвчлэн алхдаг, харихдаа мөн адил. Алхах ер нь миний амьдралын салшгүй хэсэг. Өдөрт дунджаар 12-13 мянган алхам туулсан байдаг. Гэртээ ажиллах үедээ өдөр гарч 1-1.5 цаг алхаж, толгойгоо сэргээнэ. Олон улсын уран бүтээлчидтэй харилцах шаардлага гардаг учраас оройгоор их ажилладаг.

Кино наадамд оролцох үед мэдээж хуваарь ондоо. Саяхан Локарногийн фестивальд цахимаар оролцлоо. Энгийн үед бол долоо хоног шахуу болоод өнгөрдөг наадам цахимаар хоёр долоо хоног дамнасан их ажил болж байна. Ер нь кино наадам гэхээр хүмүүс гоё даашинз өмсөөд л, улаан хивсэн дээгүүр алхахаар л төсөөлөөд байдаг. Тэр бол жижигхэн хэсэг нь. Жинхэнэ салбарын ажил тэнд буцалж байдаг, юун өсгийтэй гутал (инээв). Гартаа нэг савтай ус бариад, хөлд хамгийн эвтэй гутлаа углаж аваад явж өгнө дөө. Том кино фестивалиуд ихэвчлэн наран шарлагын газрын хажууд болдог. Гэтэл тийш очих зав гарахгүй. Ирэхээр л хүмүүс чи яагаад борлоогүй юм бэ гэцгээдэг юм.

3. Таны ажлын нөү-хау? 

Багийг жигд авч явах тал дээр их анхаардаг. Араас нь түлхэхийг нь түлхээд, урдаас нь чирэхийг чирээд, зорьсон зүгтээ багаараа хамтдаа, араа шүд нь нийлээд жигд, органик хурдаараа явах үйл явцыг сайн удирдаж чаддаг гэж боддог. Аливаа ажлыг хариуцаж байгаа хүмүүстээ зохих эрх мэдлийг нь өгөөд, итгэл хүлээлгэнэ. Дор ажиллаж байгаа хүмүүсийнхээ оронд өөрийгөө тавьж ажлын ачааллыг нь ойлгохыг хичээдэг. Нэг даалгавар өгөөд яг одоо, эсвэл маргааш гарга гэж хэзээ ч шахдаггүй. Чи хэдийд дуусгаж чадах вэ гэж асууж байгаад л хамтдаа шийднэ дээ. Ер нь даргын биш манлайллын ажил хийдэг.

Том уулзалт, танилцуулгын өмнө сайн төвлөрч байж гарна. Хамгийн их ажилтай, яаруу үедээ хамгаас тайван байхыг хичээдэг. Хүнд өдөр байсан бол гэртээ орохоосоо өмнө, машинаар явж харилаа гэхэд хотхоныхоо өмнө буугаад тойрч алхаж байгаад орох ч юм уу стрессээ орхиод гэртээ орж чаддаг шүү.

4. АШИГЛАХГҮЙ БАЙЖ ЧАДДАГГҮЙ АПП, ХЭРЭГСЛҮҮД ЮУ ВЭ?

Хамгийн чухал нь Outlook. АХБ-ны төсөл дээр Microsoft Teams-ийг идэвхтэй ашигладаг.
Подкаст, аудио номын аппууд ашиглана. Алхалт хэмжих аппликэйшн байнга нээж харна. Фэйсбүүк, инстаграм бас тогтмол ашигладаг даа.

5. ЦАГ ХЭМНЭХ ХАМГИЙН САЙН АРГА ТАНЬ ЮУ ВЭ?

Багийн ч бай, хоёр хүний ч бай уулзалтын өмнө яг юуны тухай ярих вэ, энэ уулзалтаас ямар үр дүн гарах вэ гэдгийг тооцдог. Тэгэхгүй бол дэвэн дэлхийн юм хамж яриад хоёр цаг өнгөрсөн байтал гол зүйлээ яриагүй байх үе бий шүү дээ. Мэдээллийн технологийн дэвшлийг сайн ашиглахыг хичээдэг. Заримдаа Улаанбаатар доторх уулзалтуудаа Skype, Zoom-ээр хийдэг. Түгжрэлд суухгүй амар байдаг юм. Гэхдээ интернэтээр удаан уулзалт хийхээр ядардаг тал бий.

6. ХИЙХ АЖЛАА ХЭРХЭН ТӨЛӨВЛӨДӨГ ВЭ?

“Guru Media”, "Ze", АХБ-ны төсөл гээд хэд хэдэн давхар ажил удирдаж байгаа учраас төлөвлөлт их чухал. Азийн хөгжлийн банкны төсөлд даваа, баасан гарагийг, “Guru Media” болон бусад төслийн ажилдаа 2-4 дэх өдрийг зориулдаг. Хольж төлөвлөхгүй, дэвтэр дээрээ тус тусад нь хуудсууд гаргаад төлөвлөгөөгөө бичнэ. Орой маргаашийнхаа ажлын төлөвлөгөөг бичээд өглөө болтол мартдаг. Унтахаасаа өмнө маргааш тэрийг ч хийнэ, энийг ч хийнэ гэхчлэн бодоод байдаггүй.

7. ЭРЧ ХҮЧЭЭ ХЭРХЭН СЭЛБЭДЭГ ВЭ?

Йог, бясалгалаас эрч хүчээ сэлбэнэ, амралтын өдрүүдээр ууланд алхана. Найз нөхөдтэйгөө ч уулзахдаа цэцэрлэгт хүрээлэнд хамт алхах ч юм уу, үзэсгэлэн үзэх гэх мэтээр идэвхтэй зүйл хийхийг зорьдог. Хам хум уулзах дургүй. Тийм болохоор ажил ихтэй үед найзуудтайгаа уулздаггүй. Уулзвал харин цаг, сэтгэл санаагаа бэлдээд, бүрэн зориулахыг хүсдэг. Гэр бүлдээ мөн адил хандлагатай. Бүхий л зүрх сэтгэлээрээ хамт байж, нэгэндээ анхаарахыг боддог.

8. ҮНДСЭН АЖЛЫНХАА ХАЖУУГААР ДУРЛАЖ ХИЙДЭГ ТӨСӨЛ/АЖИЛ ЮУ ВЭ?

Кино үзнэ гэдэг миний хувьд ажил, бас хобби. Ер нь хоббигоо үндсэн ажлаа болгосон. Багаасаа зурдаг, урлагийн гэр бүлээс гаралтай болохоор, сонирхдог, шимтдэг байсан. Соросын санд ажиллаж байхад дуртай юм болохоороо урлагийн талаар яриад л байсан чинь захирал маань нэг өдөр чи тэгвэл манай соёл урлагийн хөтөлбөрийг хариуц л даа гэсэн. Надад урлагийн мэдлэг байгаагүй ч хүн мэдэхгүй байхдаа зоригтой, тэнэг байдаг гэдэг шиг дайраад орчихсон. “Нохойн орон”-д ажиллаад кино гоё юм байна гэж ойлгоод орчихсон, дараа нь бүх юмаа ажиллах явцдаа сурсан. Хэн нь авьяастай, хэн нь сонирхогч, хэн нь судлаач юм гээд л ажиглана, суралцана. Байнга шинэ юм сураад сайхан байдаг.

9. ХИЙЖ БУЙ АЖЛЫН ОНЦЛОГ ЮУ ВЭ? ЭЕРЭГ САЙН БА ХЭЦҮҮ БЭРХШЭЭЛТЭЙ ТАЛУУД?

Би бүтээлч контентийг гардан хийдэг хүн биш, зохиол бичдэггүй, найруулдаггүй л дээ, гэхдээ түүнд хувь нэмэр оруулж байгаа нь миний ажлын хамгийн сайхан тал. Урлагийн бүтээлийг нийгмийг ямар нэгэн байдлаар илүү сайхан болгохын төлөө хийж байгаа шүү дээ. Бэрхшээлтэй тал гэвэл, кино гэдэг сугалаа шиг сохор. Амжилт олж ч мэднэ, үгүй ч байж мэднэ, өмнө нь үр ашиг тооцох боломж ерөөс үгүй, тааварлахын аргагүй. Гэхдээ тийм ч учраас амьд сэргэг байдаг. Ковид болоод амьдралын нөхцөл байдал тааварлашгүй болсон чинь хүмүүс их хямарч бухимдсан шүү дээ. Бямба бид хоёрын амьдрал үргэлж л тааварлашгүй, схемгүй явж ирсэн учраас бидэнд тэгж ер нөлөөлөөгүй. Тэгэхээр энэ бол нэг талаар хэцүү ч, бас их сайхан зүйл. Урлагийн салбарт ажиллана гэдэг ерөөс тийм. Эцэст нь сайхан зүйл бий болдог.

10. ТА ОДОО ЮУН ДЭЭР ТӨВЛӨРЧ БАЙГАА ВЭ? ОЙРЫН ТӨЛӨВЛӨГӨӨ?

Хэвтрийн хүн” киноныхоо нээлт дээрээ төвлөрч байна. “Хэвтрийн хүн”-ий дараа “Guru Media” киноны гурван төсөлтэй байгаа. Зургаан ангитай телевизийн цуврал киноны төсөл дээр Бямба найруулагч ажиллаж байгаа. Халимагийн Элла Манжеева найруулагчийн “Цагаан зам” кино төсөл дээр мөн хамтарч ажиллана. Сая ОХУ-ын Соёлын яамнаас тэтгэлэг авсан төсөл. Монголд ирж тав хоног зураг авах ёстой. Бид халимаг уран бүтээлчээ дэмжих нь зүй.

Португалийн Лисбон хотод кино урлагийн чиглэлээр PhD хамгаалахаар суралцаж байгаа П.Лхагвадулам гэдэг залуу найруулагчийн маань “Ze” төсөл Локарногийн кино наадмын “Нээлттэй хаалга” хөтөлбөрт түрүүлж 40 мянган швейцар франкийн санхүүжилт хүртсэн. “Шилүүс” гэдэг бүтээл нь Каннын богино хэмжээний киноны уралдаант хэсэгт шалгарсан, авьяаслаг уран бүтээлч.

11. ТА ӨӨРИЙГӨӨ ХЭРХЭН ХӨГЖҮҮЛЖ, СУРАЛЦДАГ ВЭ?

Хүмүүсийг их сонсдог. Одоо өөрийнхөө сонирхож байгаа зүйлийг гүнзгийрүүлж үзье гэвэл интернэт гэж нэг сайхан юм байна. Цаг гаргах л асуудал. Алхаж байхдаа подкаст, ном сонсоно. Алхах бол цэвэр миний хувийн орон зай. Тэр үеийг тултал ашиглаж, сурч мэдэхийг хүссэн зүйлээ шингээж авдаг.

12. Санал болгох ном, кино, хөгжим?

Ювал Ноа Хараригийн “Homo Deus”-ыг санал болгоё. Хиймэл оюун ухаан, “big data”, энэ бүх хөгжил биднийг хааш нь авч явж байна вэ, тэр дотор хүн хүнээрээ, аз жаргалтай байх тухай ном. Одоо Бумбын эринд хүн төрөлхтөн яаж аз жаргалтай байх вэ гэдгийг судлах болов уу. Тийм учраас л жилээс жилд бясалгал сонирхогсдын тоо эрс нэмэгдээд байгаа хэрэг. Энэ хурдтай, стресттэй нийгэмд яаж үр бүтээлтэй, аз жаргалтай байх вэ гэдэг гол асуулт, хэчнээн хурдтай хувьсан өөрчлөгдөж, хурдтай ажиллалаа ч зүрх сэтгэлдээ тайван, удаан байж, тэнцвэрээ барих гэдэг гол асуудал. Бие, сэтгэл, амьсгал гурваар өөрийгөө удирдах ухааны тухай “Energy Codes” гэдэг номыг бас уншиж байгаа. Яаж амжилттай болох вэ, яаж мөнгө олох вэ гэх мэтийн зүйлс унших дургүй, яагаад гэвэл би хэтэрхий амжилтын төлөө улайрсан нийгэм болж байгаад харамсаж явдаг. Амжилт хүн бүрийн хувьд адил биш шүү дээ. Нэг амжилтад хүрсэн хүнийг хараад л бүгд тийм болж чадахгүй. Тэгээд л өөрийгөө голсон, дотроо гуньсан бүхэл бүтэн үе бий болж байгаа нь харамсалтай санагддаг.

Киноны тухайд гэвэл, хоёр хэлэнд дуртай. Нэг бол уянгын хэлтэй найруулагчдад, Вон Кар Вай стилийн. Павел Павликовскигийн “Ida”, “Cold War”, Алехандро Г. Иньярритугийн "Biutiful"-г үзээрэй. Нөгөөтээгүүр, хүний дотроос тэр бүр илэрдэггүй зүйлсийг ухаж гаргаж ирдэг бүтээлүүдэд дуртай. Ларс вон Триерийн “Melancholia”, Йоргос Лантимосын "The Killing of a Sacred Deer" жишээ нь байна. Кофе гэхээр л дандаа “Starbucks” уухыг бодохгүй шүү дээ. Гоё ховор, содон кофе амтлахыг бодно биз дээ. Тийм амтыг гүрж найруулагч Нана Эквтимишвилигийн “In Bloom”, “My Happy Family” хоёроос мэдрэх болов уу. Монголоос гэвэл, Б.Сумхүү гуайн кинонд хамгаас дуртай учраас үзээрэй гэж зөвлөе. “Хань”, “Моторын дуу”, “Дайсны цэргүүдээ сонсоцгоо!” гээд л. Ираны кинотой бас танилцаасай гэж хүсэх байна. Жафар Панахи, Асгар Фархади, Аббас Киаростами гээд л гайхалтай найруулагчид бий.

Хөгжмийг кино шиг хөөж сонирхдоггүй. "Kings of Convenience", “Cigarettes After Sex” хамтлагийг сүүлийн үед их таалж сонсож байгаа. Залуудаа шансон их сонсдог байснаа нас ахисан чинь “залуу” хөгжим сонсдог болсон.

13. АВЧ БАЙСАН ХАМГИЙН САЙН ЗӨВЛӨГӨӨ?

Дуртай юмаа хийгээд, боломжийн амьдрахуйц цалин аваад, өөрт таалагддаг, үнэт зүйлс нэгтэй хүмүүстэй ажиллах гэсэн гурван зүйлийг амьдралдаа заавал байлга гэсэн зөвлөгөө. Үүнийг амьдралынхаа мөрдлөг болгосон.

14. БУСДАД ШИДЭХ САНАА?

Бүх юм шүтэн барилдлагатай. Байгаль дэлхийтэй хүн шүтэн барилдлагатай байдаг шиг. Системээрээ засагдахгүй бол нэг гархийг нь янзлах гэж явах цагийн гарз гэж боддог доо. Системээр нь түлхэж урагшлуулах хүсэл зорилготой хүмүүс байгаасай.