Ноос, ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн уламжлалт бизнест инновац шингээж, шинэ уур амьсгалыг нэвтрүүлж буй “Anna Cashmere” брэндийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Г.Ариунжаргалыг бид ээлжит ярилцлагын буландаа урилаа. Дэлхийн эмэгтэй захирлуудын холбооны (WCD) гишүүн, “Forbes Mongolia” сэтгүүлээс гаргадаг “30 хүртэлх насны 30 шилдэг залуу” жагсаалтад багтаж байсан тэрээр өдгөө нэрийн бүтээгдэхүүн үйлчилгээгээр дэлхийн зах зээлд өрсөлдөж буй.

Байршил: Монгол, Улаанбаатар
Эрхэлдэг ажил: “Anna Cashmere” компанийн гүйцэтгэх захирал
Хэрэглэдэг гар утас: iPhone 12 Pro Max
Хэрэглэдэг компьютер: MacBook Air
Сошиал хуудсууд: Ariunjargal Ganzorig (Фэйсбүүк)



1. Таны карьераас бид юу, юуг мэдэх ёстой вэ?

Би наймдугаар ангид байхаасаа л аав, ээжийнхээ үүсгэн байгуулсан “Үлэмж Кашемир” компанийн ажилд оролцож, Хятад болон Итали улстай хийх худалдаа, гэрээ хэлэлцээрт орчуулга хийх зэргээр экспорт хариуцсан ажил голчлон хийж ирсэн. Ийм учраас багаасаа ойлгож мэддэг болсон ноос ноолуурын үйлдвэрлэлийн салбарт орж, сайн чанарын эцсийн бүтээгдэхүүн гаргая, түүндээ инновац шингээе хэмээн зорьж энэ ажлаа эхлүүлж байлаа. Нөгөө талаас Монгол Улс жилд дунджаар 27 сая ямаанаас нийт 9600 тн орчим түүхий ноолуур гарган авдаг. Түүний дөнгөж 10 хувийг нь л тодорхой хэмжээнд дотооддоо боловсруулж, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Үлдсэн 8000 тн орчим түүхий ноолуурт зөвхөн анхан шатны боловсруулалт хийгээд гадагшаа, ихэвчлэн Хятад руу экспортолдог юм. Энэ бол маш удаан хугацаанд оршин тогтносон уламжлал гээд хэлэхэд хол зөрөхөөргүй учир дутагдалтай бүтэц. 9600 тн түүхий ноолуурын зах зээлийн үнэлгээ нэг их наяд төгрөг бол түүнийг эцсийн бүтээгдэхүүн болгосноор багадаа л гэхэд зургаан их наяд төгрөгийн үнэлгээнд хүргэх боломжтой. Гэвч жил бүр нөхөн сэргэдэг, шавхагдашгүй энэ баялагтаа хангалттай үнэ цэн шингээж чадалгүй боломжоо алдсаар байдаг нь харамсалтай. Энэ бол миний бизнесээ эхлүүлэх болсон хамгийн том сэдлийн нэг.

Монгол Улсын хэмжээнд өнөөдөр 120 үйлдвэр ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Гэхдээ тэдэнтэй өрсөлдөх, тэдний зах зээлийг хуваах нь бидний зорилго биш. Гагцхүү чанар, дизайн, борлуулалтад анхаарч, технологид суурилсан бизнес эрхлэхийг “Anna Cashmere” брэнд зорьж байгаа. Маркетинг, борлуулалтад түлхүү төвлөрөн ажилладаг ийм бизнес загвар дэлхий дахинд түгээмэл байдаг. Харин бид үүнийг Монголд, түүн дотроо ноолуурын салбарт анх удаа хэрэгжүүлж буйгаараа онцлог. Бид одоогоор Америк, Өмнөд Солонгос улсуудад албан ёсны салбартай. Тун удахгүй Дубайн зах зээлд гарахаар ажиллаж байна. Цаашид 100 хувь онлайнд суурилсан бизнес хөгжүүлэх болно. Ингэж хэлэхээр уншигчид нэг зүйлийг буруу ойлгож магадгүй юм. Бид дотоодод үйлдвэрлэгдэж байгаа бүх ноолуурыг эцсийн бүтээгдэхүүн болгоход бус харин тоо хэмжээнээс илүү чанарт анхаарах, илүү үнэ цэн шингээхэд анхаардгийг тодотгоё.



2. Таны ажлын дундаж нэг өдөр хэрхэн өнгөрдөг вэ? 

Миний хувьд өглөөг эрт эхлүүлэхийг хичээдэг. Өглөө долоон цагийн үед сэрнэ. Ажлын цаг эхлэхээс өмнө тухайн өдөр төлөвлөсөн уулзалтуудынхаа цагийг товлож, ирсэн имэйлүүдэд хариу бичихээр юун түрүүнд утсаа барьж авдаг дадалтай. Ингэснээр өөрийнхөө төдийгүй бусдын цагийг ч хэмнэж чаддаг. Ингээд 10 цагийн орчимд ажил дээрээ очдог. Шинээр ирсэн бүтээгдэхүүнүүдээ үзэх, шалгах, зураг авах зэргээр бүтээгдэхүүн тестлэх ажилд үдээс өмнөх цагийг гаргана.

Уулзалт, гэрээ хэлцэл байгуулах ажлыг голдуу үдээс хойш төлөвлөдөг. 16 цагт балетын сургалтдаа явна. Дасгалаа дуусгаад охиноо цэцэрлэгээс нь аваад гэртээ харьж амардаг даа. Ер нь л тухайн өдрийн гол ажлуудаа ихэвчлэн өглөөний цагаар амжуулдаг.

3. Таны ажлын нөү-хау?

“Anna Cashmere” харилцаа холбоонд суурилан ихэнх ажлаа амжуулдаг. Маш олон гүйцэтгэгч компанитай хамтарч ажилладаг. Технологи хөгжих хэрээр дэлхийн текстилийн бизнест ч өөрчлөлт хурдацтай явагдаж байна. Олон улсын текстилийн зах зээлийг удирдаж байгаа Хонконг, Япон зэрэг улсад бүхэлдээ онлайнд суурилсан бизнес хөгжиж байгаа. Жишээ нь, Хятадаас түүхий эдээ аваад, загвар, дизайнаа Франц, Итали, Японд гаргуулж, Вьетнам, Индонезэд үйлдвэрлэл хийлгээд, тэдгээрийг зөвхөн хооронд нь холбох замаар бүтээгдэхүүнээ үйлдвэрлэдэг гэх мэтээр. Энэ бол дэлхийд нэр нөлөө бүхий томоохон брэндүүдийн текстиль үйлдвэрлэлийн зах зээлд сүүлийн 30 жилд тогтоосон жишиг.



4. Ашиглахгүй байж чаддаггүй апп, хэрэгслүүд юу вэ?

Өдөр тутамдаа Gmail, Facebook, Instagram ашигладаг. Ажлын харилцаа ихэвчлэн Telegram, Viber-аар явагддаг. “Anna Cashmere” загварын бизнес учраас Pinterest-ийн хэрэглээ нэлээд өндөртэй. Харин ажил төлөвлөлт, шинэ төслийн төлөвлөгөө зэрэгтээ Trello, Slack платформыг хэрэглэдэг.

5. Цаг хэмнэх хамгийн сайн арга тань юу вэ? 

Өглөө сэрмэгцээ гол ажлуудаа нугалах нь миний хувьд цаг хэмнэх хамгийн сайн арга. Хүмүүс сэрэхээс өмнө буюу өглөөгүүр бодох, төлөвлөх ажилдаа сайн төвлөрч чаддаг.

6. Хийх ажлаа хэрхэн төлөвлөдөг вэ?

"Anna cashmere" дээр долоо хоног бүр шинэ бүтээгдэхүүн гарч байдаг учраас ажлаа долоо, долоо хоногоор нь урьдчилан төлөвлөдөг. Түүнийхээ дагуу маркетинг, сурталчилгааны ажлууддаа орно. Урт хугацааны төлөвлөлт мэдээж бий. Алсын хараа, зорилготойгоо зангидагдаад явна.

7. Эрч хүчээ хэрхэн сэлбэдэг вэ?

Мундаг чадвартай залуучуудтай хамтран ажиллаж байгаадаа талархдаг. Мөн бидний хийсэн бүтээгдэхүүнийг хүмүүс өмсөж, эдэлж хэрэглэж байхыг харахад эрч хүч бүрэн сэлбэгдэхээс гадна цаашид илүү гоё бүтээгдэхүүн гаргах, түүнийгээ илүү олон хүнд хүргэх урам зориг авдаг. Сүлжмэл эдлэл хамгийн ихээр дурлаж хийдэг зүйл минь учраас зах зээлийн судалгаа, загварын салбарын судалгаа хийхдээ их дуртай.

Мөн хувийн багштайгаа хамт балетаар удаан хугацаанд хичээллэж байгаа маань сэтгэл санаа, эрч хүчинд ихэд нөлөөлдөг. Амралтын өдрөөр ууланд алхахыг хичээдэг.



8. Үндсэн ажлынхаа хажуугаар дурлаж хийдэг төсөл/ажил юу вэ?

Бүтээгдэхүүнийхээ зураг авалтыг, загварын зах зээлийн судалгаагаа өөрөө хийх дуртай. Зөвхөн кашемирын ажлаараа гэхэд дэлхийн 13 улсаар аялсан байна. Америкийн текстилийн хамгийн том шоу болох "Coterie", Хонконгийн "Cashmere World", Парисын "SpinExpo", Италийн "Pitti Filati" гэх мэт текстилийн зах зээлийн чиг хандлагыг тодорхойлдог гол шоунуудад тус бүрд нь хамгийн багадаа гурван удаа оролцсон. Энэ мэтээр дэлхийн текстилийн бизнесийн хүрээлэлд нэгдэж чадсан нь маш олон зүйлд суралцах боломж, бас ажлын хажуугаар дурлаж суудаг сургалт болсон.

Мөн “Anna Cashmere” америк, солонгос, итали, монгол дизайнеруудтай хамтарч ажилладаг. Инновацад суурилсан бизнес болохоор бүтээлч салбарыг Монголдоо хөгжүүлж, авьяаслаг монгол залуучуудынхаа авьяасыг дэмжээд "авьяастнуудын нэгдэл" үүсгэхийг зорьж байгаа. Монгол залуучууд маань маш авьяаслаг. Тэднээс юу гарахыг үнэхээр төсөөлшгүй. Бид шинэ коллекц танилцуулах бүрдээ л задгай сэтгэдэг, хамгийн сайн зурагчин, зураглаач, видеографикч, модель, дизайнертай хамтрахыг хичээдэг юм. Авьяас гэдэг урлагийн бүтээл мэт үнэ цэнтэй байдаг гэдгийг ч тэр бүрээс ойлгож авдаг. Иймээс л "talent pool" бүрдүүлэхийг зорьж, үүнийхээ дагуу ажиллаж байгаа юм. Бүтээлч залуусаа дэлхийд гаргамаар санагддаг. Хонконг, солонгосчуудын уг салбарт маш их хөрөнгө оруулж байгаа энэ цаг үеийг чадахаараа ашиглаж, барьж авахыг хичээж байгаа нь энэ зорилготой холбоотой. Ташрамд дурдахад, авьяастай, мэдрэмжтэй залуусыг бид урьж байгаа шүү.

9. Хийж буй ажлын онцлог юу вэ? Эерэг сайн ба хэцүү бэршээлтэй талууд?

Бүтээлч салбарт ажилладаг учраас өдөр бүр шинэ зүйлсийг үзэж, харж, мэдэрч байдаг. Манай бүтээгдэхүүн үнэ цэнтэй зах зээл дээр хүлээн зөвшөөрөгдөж байгааг харах сайхан. Гэхдээ үүнийг дагасан бэрхшээлүүд мэдээж бий. Жишээ нь, нэр хүндийн эрсдэл. Үүнийг бэрхшээл гэхээс илүү сорилт гэх нь оновчтой байх. Нөгөө талаас, ноолуурын зах зээлийн бизнесүүдэд тулгардаг жинхэнэ бэрхшээл нь хөрөнгө оруулалт. Ноолуур өөрөө эргэлтийн хөрөнгө их шаарддаг бизнес учраас түүнийг дагасан эрсдэлүүд нэлээд их байдаг. Гэсэн ч бид бүтээгдэхүүнээ дэлхийн зах зээл дэх ноолуурын ханштай уялдуулан олон улсын зах зээлд гаргадаг учраас манай хэрэгжүүлж буй бизнесийн загвар ирээдүйтэй, үнэ цэн нь улам бүр өсөх, Монголд ам.доллар оруулж ирж чадах бизнес гэж хардаг.

Жишээ нь бид өнгөрсөн нэг жилийн хугацаанд гэхэд дотоодын 30 гаруй үйлдвэртэй хамтарч, 700 гаруй сая төгрөгийн ажил үйлчилгээг тэднээс авсан байна. Өөрөөр хэлбэл, “Anna Cashmere” тэлэх тусам Монголын ноос ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн захиалга, орлого давхар нэмэгдэх системтэй ажилладаг. Тэр хэрээр хамтрагч үйлдвэрийн маань 10 мянга орчим ажилтан, мөн орон нутгийн 15 мянган малчин уг ажлын үр шимийг хүртэнэ. Энэ 25 мянган гэр бүлийн цаана ойролцоогоор нийт 100 мянга орчим хүн бий. Тэдний амьжиргаанд манай бизнес шууд бус утгаараа дэмжлэг болж буй. Ноолуурын бизнес өөрөө кластерын системийг сонгодог утгаар нь хэрэгжүүлдэг. Харин одоо бид брэндийнхээ үнэ цэнийг өсгөж, гаднын зах зэлд түүчээлэн гарах шаардлагатай байна. Тэр цагт Монголын ноолуурын салбар ч тэр чигээрээ дэлхийн зах зээлд гарцтай болж чадна.


10. Та одоо юун дээр төвлөрч байгаа вэ? Ойрын төлөвлөгөө?

Дэлхийн тансаг зэрэглэлийн бүтээгдэхүүний зах зээлд Gen-Z үеийнхэнд зориулсан бүтээгдэхүүн үйлдвэрлэх дараагийн шинэ төсөлдөө ороод байна. Инновацад суурилсан ноолуурын салбар нь өөрөө шинэ цагийн бизнес учраас энэ үеийн залууст түлхүү зориулагддаг гэж болно. Мөн бизнесээ дижитал хөрөнгийн зах зээлтэй холбосон төсөл хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Нью-Йорк, Хонконг, Монголд хөрөнгө босгох судалгааны ажил хийгдээд одоо дуусаж байгаа.



11. Та өөрийгөө хэрхэн хөгжүүлж, суралцдаг вэ?

Өнгөрсөн хугацаанд дотоодын төдийгүй гаднын компаниудын менторшип хөтөлбөрт тогтмол хамрагдаж, зөвлөх үйлчилгээ авч ирсэн. Чадахгүй зүйл дээрээ удаан гацаад байлгүй чаддаг, мэддэг газарт нь хандаад, зохих үйлчилгээг нь авах хэрэгтэй гэж боддог. Энэ тал дээр 2017 оноос хойш Өмнөд Солонгос, Хонконгийн мэргэшсэн компаниас зөвлөх үйлчилгээ авч байна. Мөн "Европын сэргээн босголт, хөгжлийн банк", "Азийн хөгжлийн банк", Дэлхийн Банкнаас хэрэгжүүлдэг, экспортод чиглэсэн, эмэгтэй захиралтай компаниудыг дэмждэг хөтөлбөрт хамрагдаж байсан. Харвардын Бизнесийн сургуулиас хэрэгжүүлж байгаа менторшип хөтөлбөрт удахгүй хамрагдах гэж байна. Нэг үеэ бодоход цахимаар сурах боломжтой болсон нь маш том давуу тал болж байна.

12. Санал болгох ном, хөгжим, кино?

Саяхан “Marvel Studios”-ийн “Shang-Chi and the Legend of the Ten Rings” киног үзсэн юм. Энтертайнмент бизнесийг цоо шинэ, ахисан түвшинд гаргасан, цэвэр технологийн гайхамшгийг харуулсан бүтээл болсон байна билээ. Үзээгүй хүмүүс байвал үзэхийг зөвлөж байна. Номын тухайд “Агнистын гэгээ”-д дуртай. Айл гэрт заавал байх, заавал унших ёстой бүтээл гэж боддог.

13. Авч байсан хамгийн сайн зөвлөгөө? 

Тухайн байгаа газартаа, хийж чадах зүйлсээ хамгийн сайнаараа хийхийг эрмэлздэг. Бага наснаасаа, аав, ээжээсээ сурсан энэ дадал минь өнөөдөр ч надад маш их хэрэг болдог. Ажлыг халгаж хойш тавихаас зайлсхийж, аль болох цагийг үр бүтээлтэй ашиглахыг хичээдэг дээ.

14. Бусдад шидэх санаа?

Технологи бидний амьдралд хүссэн хүсээгүй нэвтэрлээ. Үүнтэй холбоотойгоор бизнесийн орчинд томоохон шинэчлэл өөрчлөлтүүд гарч байна. Шинэ тутам хөгжиж, өөрчлөгдөж байгаа бизнесийн экосистемд амжилттай ажиллахын тулд уламжлалт бизнесээ технологитой холбохыг цаг хугацаа шаардах боллоо.

Мөн дэлхийн тансаг бүтээгдэхүүний зах зээл үсрэнгүй хөгжиж буй. 2020 оны байдлаар энэ зах зээлд 309 тэрбум ам.доллар эргэлдэж байсан бол 2025 он гэхэд 334 тэрбум ам.долларт хүрэх төлөвтэй. Энэ нь технологийн үсрэнгүй хөгжил, түүнийг даган гарч ирж буй шинэ цагийн залуустай холбоотой. Тэднийг дагаад дэлхийн жижиглэн худалдааны зах зээл өөрчлөгдөж, 100 хувь технологи суурьтай болж, хэрэглэгчид нь улам бүр залуужиж байна. Иймд бид бизнесээ энэ бүхэнтэй уялдуулан хийх шаардлагатай болсон гэдгийг хэлье.