Зунтай зэрэгцэн зугаатай бүхэн дуусдаг уу гэвэл үгүй. Өвөл зунаас үл хамааран, гэр бүл, найз нөхөд, ажлын хамт олноороо мартагдашгүй дурсамж бүтээх боломжийг олгодог экстрийм спортын нэгэн төрөл бий. Тэр бол каяак завь. Бид энэ удаагийн нийтлэлээрээ Монголд каяак завины аяллыг мэргэжлийн түвшинд явуулж буй Паддл Монголиаг онцолж байна. 

Нэр: Paddle Mongolia
Үйл ажиллагааны чиглэл: Каяак завины үйлчилгээ
Үүсгэн байгуулагдсан: 2024 он
Үүсгэн байгуулагч: Д.Дамдинсүрэн, Ц.Номин-Эрдэнэ
Сошиал хуудсууд: Paddle Mongolia
Уриа үг: Ус дурсамжийг тань хөглөнө



Сэдэл

Би оюутан насаа Турк улсын цэргийн сургуульд өнгөрүүлсэн юм. Олон орноос шилэгдэж ирсэн аавын хөвгүүдийн дунд зургаан жил сурч төгсөхдөө цэргийн үндсэн хөтөлбөрөөс гадна эр зоригийн болон амьдрах ухааны олон хичээл, сургалтуудад хамрагдаж байсны нэг нь каяак завь. Задгай далайд каяак завин дээр суугаад сэлүүрдэж явах тэр мэдрэмж надад тун их таалагдсан тул хэсэгтээ энэ спортод дурлан шамдсан. Гэсэн ч нэг л мэдэхэд оюутан нас дуусаж, зэвсэгт хүчний шинэхэн боловсон хүчин Монголдоо ажиллахаар ирснээр тодорхойгүй хугацаанд энэ хоббиноосоо сонголтгүй хөндийрсөн л дөө.

Үүнээс хойш арваад жил арми, цаашлаад крипто, медиа гээд олон салбарт ажиллаж, өөрийгөө сорьж, залуу мэргэжилтний хувьд туршлага хуримтлуулахад анхаарсан. Тэгэж явтал 2023 онд Монголд Олон улсын каяак завины аяллын хөтчийн эрх олгох сургалт болох гэж байгааг дуулсан нь өнөөдөр энд яриа өгөөд сууж буйн эхлэл цэг нь болсон гэж болно. Товчхондоо, тэр сургалтдаа уухайн тас бүртгүүлж, суугаад албан ёсоор хөтчийн эрхээ авч байлаа. Тэр үед л “Ийм төрлийн бизнес эхлүүлбэл яасан юм бэ” гэдэг бодол төрж эхэлсэн юм. Хүний хобби, дуртай хайртай зүйл гэдэг хүчтэй юм билээ. Удаа ч үгүй, эхлэлийн хөрөнгө гээд байхаар гавьтай юмгүй атлаа шийдэмгий гэгч нь ажлаасаа гарч, гарааны бизнесийн туулдаг бүхий л зүйлийг жамаар нь туулсаар нэг мэдэхэд жил өнгөрсөн байна.


Паддл Монголиаг үүсгэн байгуулагч Д.Дамдинсүрэн

Ялгарал

Ерөөсөө л каяак завины аяллыг мэргэжлийн түвшинд явуулж буй Монгол дахь ганц компани гэхэд болно. Ийм итгэлтэй хэлж буйн учир гэвэл манай улсад каяак завины “каное слалом” төрлийн олон улсын эрхтэй дасгалжуулагч надтай нийлээд 3 хүн л байдаг. Үүн дээр нэмээд өнгөрсөн жил би бие даан бэлдээд каяак завины “каное спринт” төрлийн Ази тивийн шүүгчийн эрхээ амжилттай авч чадсан. Одоо ч энэ чиглэлдээ илүү мэргэжлийн, илүү чадвартай болохоор үргэлж эрэл хайгуул хийж явдаг. Тэгээд л үүнийгээ бүтэн цагийн ажлаа болгоод явж байгаа нь энэ л дээ.

Дотоодын аялагчид маань зундаа Хөвсгөл, Хяргас гээд том нуурын эрэг дээр каяак завь, моторт завь гээд завины олон төрлийн үйлчилгээ авч байсан байх. Манай гол давуу тал гэвэл, нэгдүгээрт бид мэргэжлийн хүмүүс. Хоёрдугаарт, бид энэ чиглэлд үйл ажиллагаа явуулах зөвшөөрөлтэй, алхам бүрдээ хууль журмаа чандлан сахиж ажилладаг албан байгууллага. Тэр ч утгаараа аяллын үед аюулгүй байдлыг бүрэн хангаж, олон улсын стандартыг мөрдөж ажилладгаараа онцлог. Гуравдугаарт, бид хаана ч ажилласан орчноо бохирдуулахгүй, байгалийн үзэмжийг алдагдуулахгүй, хог хаягдалгүй аялахыг хичээж, өөрсдөдөө, аялагчдадаа шаардлага, хяналт тавьдаг. Каяак өөрөө моторгүй, бензин түлш ашигладаггүй байгальд ээлтэй спорт. Түүнийг сурч байгаа хүн нь ч тийм л байгальд ээлтэй тамирчин, аялагч байх ёстой. Уг нь энэ ялгарал биш бүх бизнест л адилхан шалгуур, хатуу стандарт баймаар байгаа юм.



Паддл Монголиа гэж юу вэ?

Нуулгүй хэлэхэд, манай монголчууд тийм ч усч хүмүүс биш л дээ. Яг сонирхсон хүмүүс нь л сэлж сурдгаас биш ихэнх аялагчид гол ус бараадаж амарлаа гэхэд тэр бүр ус руу орохгүй, тийм хүсэл ч бага байдгийн улмаас одоо ч том гол нууруудын аялал жуулчлалын эргүүд мэргэжлийн аврагчгүй, эргээд амралтын газрын бизнест ч усан бассейнтай байх нь тийм ч чухал биш шалгуур болдогтой уншигчид санал нийлэх байх. Өөрөөр хэлбэл хүмүүс ус, усан дээрх завин спортын сайхныг мэддэггүй, мэддэггүй болохоор мэдрэхийг зорихгүй байх шиг. Нөгөө талаас яалт ч үгүй нэг төрлийн экстрим спорт л доо.

Тэгэхээр бид аюулгүй байдлыг бүрэн хангасан, каяак завин аяллаар дамжуулан аялагчдыг устай, завьтай, байгальтай шинээр танилцуулж, шинэ дурсамж бүтээхэд нь туслах зорилготой ажилладаг. Нэг ч атугай монгол хүн бие физиологи болон сэтгэл зүйн эрүүл мэндээ зэрэг тордонгоо байгалийн сайхныг ажиглан баясдаг хоббитой болчихвол сайн сан, тийм ээ? (инээв).

Нэр

Цэргээр хүмүүжсэндээ ч юм уу, өөр орны хөвгүүдтэй өрсөлдөж сурсандаа ч юм уу би нэлээд үндсэрхэг төрлийн хүн юм л даа. Тийм ч болохоор сэлүүрт завины спорт Монголд хөгжиж буйг олон улсад таниулна хэмээн зорьж “Paddle Mongolia” хэмээн нэрлэсэн.

Одоо

Зун орон нутаг дахь амралтын газруудтай хамтарч ажиллаж байгаад аялал зугаалгын улирал дуусаж намар эхлэхтэй зэрэгцэн хот доторх аяллаа эхлүүлээд байна. Туул голын аялал маань есдүгээр сарын 1-нээс эхлээд гурван долоо хоногийн турш тун амжилттай үргэлжилсээр байгаа. Үүний тулд бид хавраас хойш “Нийслэлийн Онцгой Байдлын Газар”, “Аялал жуулчлалын газар”-аас холбогдох зөвшөөрлүүдээ авч, Усны газартай байнга холбогдож Туул голын усны шинжилгээнүүдтэй танилцаж явсаар зөв цагаа сонгосон нь энэ юм. Учир нь компанийн зорилго маань мөнгө биш энэ спортыг Монголдоо хөгжүүлэх явдал. Бизнесийн үнэ цэн маань аюулгүй байдал, тэгээд үйлчилгээний ёс зүй. Ийм ч учраас “Зөв хүний үйлдэл нүднээс далд ч зөв” гэдэг шиг хэнд ч харагдахгүй байсан ч ард нь өрнөж байгаа бүх процессоо хуулийн дагуу, ёс зүйтэй, эмх цэгцтэй байлгахад онцгой анхаарсан.

Одоо төвлөрч буй Туул голын аялал маань Маршалын гүүрнээс Зайсангийн гүүр хүртэл 40-50 минутын турш үргэлжилдэг. Үүний өмнө аялагчдадаа 10 минутын сургалт, аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгнө. Мэдээж аяллын туршид хөтөч дагаж, аялагчдынхаа аюулгүй байдлыг харгалзаж, хамгаалж, техникийн хувьд зөвлөн чиглүүлж явдаг. Аялагчид маань манай үйлчилгээнд их ам сайтай байгаа тул сүүлийн үед аялагчдын тоо нэмэгдэж, цахим хуудсанд ирж буй хандалтын тоо ч огцом өссөн. Урамтай байгаа шүү.

Сонирхуулахад. удахгүй намар дуусаж, хүйт орохоор Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын нутагт орших Жаргантын гол хэмээх өвөл ч хөлддөггүй голд аяллаа үргэлжлүүлэх төлөвлөгөөтэй, бэлтгэл ажлаа хангаж байгаа. Монгол Улс завин спортын тал дээр дөрвөн улирлын аялалтай байж чадна гэдгийг харуулах амбиц бас давхар явж байгаа юм. Түрүү жил туршилтаа хийгээд, завиа явуулаад үзсэн болохоор бүр ч итгэлтэй байгаа шүү. Өө тийм, энэ мэт мэдээллүүдээ цогцоор нь хүргэх зорилгоор вэб хөгжүүлж байгаагаа энд дурдах нь зөв байх.



Баг

Одоогоор үндсэн гурван хүнтэй байна. Үүсгэн байгуулагч нь Ц.Номин-Эрдэнэ бид хоёр, ахлах хөтөч Н.Тамираа. Тэгээд хаана, ямар аялал хийж байгаагаасаа шалтгаалаад тухай бүр багаа өргөтгөөд явдаг.


Ахлах хөтөч Н.Тамираа, үүсгэн байгуулагч Д.Дамдинсүрэн

Ирээдүй

Бид цаашдаа нэг хүнээс хамааралгүй бизнесийн систем угсарч, франчайз болох зорилготой байгаа. Хөвсгөл, Дорнод, Архангай гээд аймаг бүрийн томоохон гол, нуурыг түшиглэн үйл ажиллагаагаа тэлэхийг зорьж байна.

Цаашлаад, 2032 оны Олимпын каяак завины төрөлд монгол тамирчнаа дасгалжуулах, монголчуудын оролцдог Олимпын төрлийг нэгээр нэмэх зорилготой. Энэ жил гэхэд бэлдсэн хоёр тамирчин маань Азийн аваргын тэмцээнд оролцож, дэлхийн ранкад амжилттай орсон. Энэ мэтээр нэг талд каяак завин спортыг дотоодын аялал жуулчлалын дөрвөн улирлын бүтээгдэхүүн болгож хөгжүүлэх, нөгөө талд бэлтгэгдсэн тамирчидтай мэргэжлийн спортын төрлөөр нь буюу аль алийг нь орхигдуулалгүй хөгжүүлэх зорилготой байна.

Эрсдэл

Дээр хэлсэнчлэн нэг төрлийн экстрим спорт болохоор аюулгүй байдал, аюулгүй байдал, бас дахин аюулгүй байдал. Таван хүнтэй, гурван хүнтэй, нэг хүнтэй байсан ч хамаагүй хэзээд анхаарлаа сулруулахгүй байж, хөтчийн тоондоо зориулан аялагчдын тоог тогтоохыг боддог. Өөрөөр хэлбэл, нэг хөтөч дээд тал нь таван хүний аюулгүй байдлыг хангаж ажиллах ба түүнээс их бол хоёр хөтөчтэй байна гэх мэт.

Бас нэг эрсдэл бол хүний нөөц. Ажлын зар тавиад л ажиллах талбар биш шүү дээ. Үүний өмнө заавал сэлдэг, тэр дундаа хүн аврах хэмжээний сайн сэлдэг, түүнийгээ баталгаажуулсан, мэргэжлийн батламжаа авсан байх шаардлагатай. Энэ мэтээр нэг хүн арай гэж сургаад автал юу юугүй хувийн амбиц хөөчхөөд байвал бас хэцүү. Гэхдээ зохицоод л ажиллана даа. Энэ чинь чөлөөт зах зээлийн хууль шүү дээ.

Сүүлд нь дурдахгүй орхиж болохгүй зүйл гэвэл, Монголд спортын чиглэлээр ажиллахад гардаг нийтлэг асуудал бол мэргэжлийн холбоодын дэмжлэг. Тамирчин, дасгалжуулагч яаж ч хичээгээд мэргэжлийн холбоодын дэмжлэггүй бол олон улсад гарах, амжилт үзүүлэх боломж маш хаалттай болж ирдэг. Дэлхийн дүрэм нь өөрөө мэргэжлийн холбоодоор явдаг шүү дээ. Ийм л байна даа.