Өнөөдрийн дугаартаа бид ЦЕГ-ын Экологийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх, хамтын ажиллагааны хэлтсийн дарга, хурандаа Г.Арсланхуягийг урилаа. Олон нийтийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилготойгоор түүний баг сүүлийн жилүүдэд Unfriend, Нэг хором, Зөв тусгал, Яараад яахав дээ, Дураараа биш дүрмээрээ, Ятгах тусам нягтал зэрэг үлгэр жишээ болохуйц нөлөөллийн ажлуудыг санаачлан хэрэгжүүлснээрээ өнгөрсөн онуудад гарсан гэмт хэргүүдийг 15-60 хувиар бууруулахад хувь нэмэр оруулж, нөлөөлсөн билээ. Тэрээр энэ удаа хүрээлэн буй орчныг хамгаалах, байгалиа хайрлахад уриалан "Байгаль эн тэргүүнд" хэмээх төслийг санаачилж, цаашид экологийн тэнцвэрт байдлыг хангах чиглэлээр хийх нөлөөллийн ажлуудаа хуваалцсан юм.  

Байршил: Монгол, Улаанбаатар
Эрхэлдэг ажил: ЦЕГ-ын Экологийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх, хамтын ажиллагааны хэлтсийн дарга, хурандаа

Хэрэглэдэг гар утас: iPhone 11 Pro
Хэрэглэдэг компьютер: Dell
Сошиал хуудас: Арсланхуяг Ганхуяг (Facebook)

1. ТАНЫ КАРЬЕРААС БИД ЮУ, ЮУГ МЭДЭХ ЁСТОЙ ВЭ?

Би цагдаагийн байгууллагад 20 жил ажиллаж байна. Гэмт хэрэгт холбогдсон янз бүрийн хүмүүстэй уулзаж, нийгмийн хар бараан бүхнийг харж явсны хувьд хүнтэй ажиллах, ойлгох тал дээр туршлага хуримтлуулсан.

Анх Цагдаагийн академи төгсөөд 2000 оноос Дорнод аймагт хэсгийн төлөөлөгчөөр ажлын гараагаа эхлүүлж байлаа. Дараа нь Дорнод, Баянзүрх дүүргийн эдийн засгийн албанд эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр болон Эрүүгийн цагдаагийн газарт ахлах төлөөлөгч байсан. Мөн Хан-Уул, Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэст хэв журмын тасгийн даргаар ажилласан юм.

Улмаар Авлигатай тэмцэх газар, Цагдаагийн ерөнхий газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн даргаар ажилласан. Ингээд харвал гэмт хэрэг мөрдөн шалгах, мөрдөх, нийтийн хэв журам сахиулах, урьдчилан сэргийлэх гээд цагдаагийн байгууллагын бүх шатны ажилд томилогдож байжээ. Манайд зарим нь зөвхөн нэг чиглэлд олон жил дагнан ажилладаг бол миний хувьд олон чиг үүрэгтэй төрөл бүрийн алба, хэлтэст үүрэг гүйцэтгэх болон бодлогын түвшинд ажилласнаар гэмт явдалтай тэмцэх арга ухаанд суралцаж байна. Тэр бүх туршлагаас харахад гэмт хэрэгтэй тэмцэх хамгийн чухал зүйл бол урьдчилан сэргийлэх гэдгийг ойлгосоор байна.

2. ТАНЫ АЖЛЫН ДУНДАЖ НЭГ ӨДӨР ХЭРХЭН ӨНГӨРДӨГ ВЭ?

Өглөө ажил дээрээ ирээд хамт олонтойгоо өмнөх өдрөө дүгнэж, ярилцдаг. Бид өчигдрийн ажлын үр дүн, өнөөдөр гарсан шинэ санааг нийлүүлж, тухай өдөр хийх ажлууддаа тодотгол хийдэг юм. Ингээд үдээс хойш гэмт хэрэг, зөрчилтэй холбоотой цаг үеийн нөхцөл байдалтай танилцдаг.

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажил гэдэг олон нийтийн оролцоотой өрнөдөг учраас үдээс хойш холбогдох хүмүүстэй уулзалт хийнэ. Мөн ажлын цаг дууссаны дараа ч хамт олонтойгоо ярилцдаг. Голдуу бичиг цаас боловсруулах, тоо баримтад дүн шинжилгээ хийх шаардлагатай. Ингээд 20 цаг хүртэл цайнд ч орох завгүй 10 гаран цаг ажилладаг даа. Ажил тарсан ч ажлаа мартана гэсэн ойлголт байхгүй. Хаана ч явсан ажлаа үргэлж бодож, үүрч ирдэг.

3. ТАНЫ АЖЛЫН НӨҮ-ХАУ?

Салбар бүрийн манлайлагчдын хийж буй ажил, нийгмийн үйл явцыг ажиглаж, тэдний туршлагыг ажилдаа тусгадаг. Тухайлбал, хоёр жилийн өмнө болсон “Unplug” эвентийн эко шийдлүүдийг хараад Нэг хором нөлөөллийн аян дээр хэрэгжүүлж байсан. Цагдаагийн байгууллага яагаад нөлөөллийн ажлыг ингэж хийж болохгүй гэж хэмээн нийгмийн шинжтэй сайн туршлагыг нэвтрүүлэхийг хичээдэг. Тэр бүхнийг нийгэм, цаг үеийн үйл явдалтай холбож хэрэгжүүлснээр илүү үр дүн хүрсэн гэж боддог юм. Эцэст нь, ямар ч ажлыг цагт нь хийхийг эрмэлздэг. Дуусгана гэсэн зүйлээ товлосон цагтаа багтаахыг хичээнэ. Мөн маш сайн төлөвлөж, календарьдаа хөөдөг.

4. АШИГЛАХГҮЙ БАЙЖ ЧАДДАГГҮЙ АПП, ХЭРЭГСЛҮҮД ЮУ ВЭ?

Төрийн байгууллагууд албан бичиг байнга боловсруулж, солилцдог учраас Microsoft Word, Excel болон имэйл түлхүү ашигладаг. Манай хэлтсийн хувьд ажлын онцлогоос шалтгаалан Twitter, Facebook, Instagram, Hotline идэвхтэй хэрэглэдэг. Ажлаасаа гэртээ харих зам зуурт л интернэтийн дата амархан дуусдагийг бодоход өндөр хэрэглээтэй болсон байх.

5. ЦАГ ХЭМНЭХ ХАМГИЙН САЙН АРГА ТАНЬ ЮУ ВЭ?

Цаг хугацаа ямар ч нөхцөлд тогтсон “нэртэй” байх хэрэгтэй санагддаг. Би хийх ажлуудаа яг таг төлөвлөж, тогтмол хугацаанд гүйцэтгэдэг юм. Ажил дээрх өглөөний 2 цагийг зөвхөн албан бичиг боловсруулахад зарцуулж ирсэн. Дараа нь уулзалт, хурлыг үдээс өмнө товлосны дагуу хийнэ. Ерөнхийдөө миний хэзээ, хаана юу хийж байгаа нь тодорхой, тогтсон байдаг гэсэн үг.

6. ХИЙХ АЖЛАА ХЭРХЭН ТӨЛӨВЛӨДӨГ ВЭ?

Төрийн албаныхан долоо хоног, сар, улирал, жилийн төлөвлөгөөний дагуу ажилладаг. Тэдгээрийг нийгэм, цаг үеийн үйл явцтай уялдуулан гаргадаг.

7. ЭРЧ ХҮЧЭЭ ХЭРХЭН СЭЛБЭДЭГ ВЭ?

Бидний урьдчилан сэргийлэх нөлөөллийн ажлууд бусдад үлгэр дуурайл, жишиг тогтоож буй гэдэгт итгэдэг. Бид зөв зүйл хийдэг, тэр хэрээр олон нийтэд хүрч, үр дүн нь гарсан. Тэр бүхэнд өөрсдөөрөө бахархаж, урам зориг авдаг. Утгагүй, хүнд хэрэггүй зүйл хийсэн удаа үгүй. Бидний хийсэн бүхэн үргэлж амжилт дагуулж, эерэг үр дүн, нөлөөллийг бий болгосоор ирсэнд баяртай байдаг.

8. ҮНДСЭН АЖЛЫНХАА ХАЖУУГААР ДУРЛАЖ ХИЙДЭГ ТӨСӨЛ/АЖИЛ ЮУ ВЭ?

Төрийн байгууллагад олон жил цаг наргүй ажиллаж, өөртөө цаг гаргах нь хомс байж ирсэн шүү. Ажлаас бусад үед цэргийн, багын найзуудтайгаа уулзаж, ярилцах дуртай. Би гэртээ 500 гаруй номтой юм. Улс орны түүх, хүмүүсийн намтрын тухай шинэ ном олж, номын дэлгүүрээр хэсэхдээ их аз жаргалтай байдаг даа.

9. ТА ОДОО ЮУН ДЭЭР ТӨВЛӨРЧ БАЙГАА ВЭ? ОЙРЫН ТӨЛӨВЛӨГӨӨ?

Экологийн цагдаагийн алба нь хүрээлэн буй орчныг хамгаалах, энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх чиг үүрэгтэйгээр энэ оны эхэнд байгуулагдсан. Одоогоор нийт дөрвөн хэлтэс, 21 аймаг, 64 сумд экологийн асуудал хариуцсан 170 гаруй алба хаагчтай үйл ажиллагаа явуулж байна. Уг алба байгуулагдсанаас хойш хүрээлэн буй орчинтой холбоотой гэмт хэргийн илрүүлэлт 80 гаруй хувиар өссөн. Гэмт хэрэгтэй тэмцэхийн хажуугаар бид "Ногоон дуу хоолой", "Байгалиа хамгаалъя" хэмээх экологийн боловсрол олгох нөлөөллийн аянууд зохион байгуулсан. Цаашид БОАЖЯ, Монголын байгаль орчны иргэний зөвлөлтэй хамтран зохион байгуулах гэж буй “Иргэн бүрд экологийн боловсрол” төслийг хэрэгжүүлэхээр ажиллаж байна.

Монголчууд байгаль дэлхийгээ танин мэдэх, энэрэн хайрлах ухаанд суралцаж ирсэн ард түмэн. Гэвч орчин үед байгальтайгаа харьцах, хамгаалах арга ухаан ихэд бүдгэрсээр байгаа учраас залууст экологийн боловсрол олгох “Байгалиа хамгаалах нь бидний үүрэг” хэмээх ном хүртэл гаргалаа.

Монгол Улс жилдээ 1.5 сая тонн хог бий болгодог. Түүний 80 хувийг нь газарт булж, хөрсөө бохирдуулсаар байгаа. Экологийн чимээгүй дайсан бол бидний байгальтайгаа харьцаж буй буруу хандлага юм. Тиймээс бид Байгаль эн тэргүүнд төслийн хүрээнд “Хогоор бүр хорло” арга хэмжээг зохион байгуулж байна. Мөн хөдөө орон нутагт зүй зохистой аялах тухай “Иргэн бүр экологийн цагдаа” хэмээн уриатай, энэ зун өрнүүлэх нөлөөллийн аян том үр дүн авчирна гэдэгт итгэж байна.

10. ТА ӨӨРИЙГӨӨ ХЭРХЭН ХӨГЖҮҮЛЖ, СУРАЛЦДАГ ВЭ?

Хүн цаг үетэйгээ уралдаж, хоцрохгүй байх нь чухал. Нийгэмд болж асуудлуудын талаар ярьж буй улс төрчид, нөлөө бүхий эрхмүүдийн хэлэх гээд буй санааг ойлгож, тухайн цаг үед юу юу болж байгааг мэдэхгүй бол үнэхээр хоцорч буй хэрэг. Өөрөөр хэлбэл, миний хөгжил бол мэдээлэл гэж үздэг.

11. САНАЛ БОЛГОХ НОМ, ХӨГЖИМ, КИНО?

Зөв амьдарч амжилтад хүрсэн хүмүүсийн тухай бодит түүхийг санал болгоно. ОХУ-ын Владимир Путины Гүрж, Украинтай холбоотой асуудалд хэрхэн хандсан, улс төр, гадаад харилцааны асуудалд ямар байр суурьтай ажилладаг тухай Путин хэмээх номыг уншихыг зөвлөе. Мөн "Дэлхийг өөрчилсөн 33 эрхэм", Дархан аварга, доктор профессор Х.Баянмөнхийн "Хагас зуун жилийн ганцаардал буюу миний ялалт", Баабарын "Нүүдэл суудал" номыг нэрлэнэ.

Хөгжийн хувьд би саяхан гэртээ пянз тоглуулагч авсан. Дээр үеийн сайхан аялгуу, дуунуудыг пянзны дуугаралтаар сонсох гоё байна.

12. АВЧ БАЙСАН ХАМГИЙН САЙН ЗӨВЛӨГӨӨ?

Би багадаа гадуур хөл бөмбөг тоглодог, хичээлдээ тийм ч сайн биш хөдөлгөөнтэй хүүхэд байлаа. Ингэж явсаар нэг мэдэхэд есдүгээр ангид орох дөхөж, улаан шугамаар таслуулах дөхөөд байхад манай холын хамаатны эгч “Есдүгээр анги байтугай, их сургуульд ороход ойрхон. Гол нь, аливаад эзэн өөрөө хичээвэл заяа хичээнэ шүү” гэж билээ. Тэрнээс хойш сөхөө авсан мэт хичээлдээ шамдаж, ахлах сургуулиа төгсөөд зогсохгүй Цагдаагийн академи, Санхүү эдийн засгийн дээд сургуульд зэрэг сурч, хоёр дипломтой төгссөн. Эгчийн хэлсэн үг надад урам зориг өгч, зорьсондоо хүрэх итгэл үнэмшлийг бий болгосон нь одоог хүртэл хийж буй бүхэнд минь сайн сайхнаар нөлөөлсөн.

13. БУСДАД ШИДЭХ САНАА?

Хүн өөрийн хувийн амьдралд санаа тавилгүй яахав. Гэхдээ нийгэм, улс эх орныхоо төлөө санаа тавьдаг, анхаардаг байгаарай. Улс эх орон байж л та өдий зэрэгт хүрсэн гэдгийг хэзээ ч мартаж болохгүй. Зөвхөн өөрийнхөө төлөө амьдарна гэдэг утгагүй. Эх орон, ард түмнийхээ төлөө сурсан мэдсэнээ хуваалцаж, хийж бүтээсэн зүйлтэй яваарай.