Манай ярилцлагын ээлжит зочноор Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир оролцож байна. Тэрбээр тариаланч гэр бүлд өсөж торнин, гэр бүлийн бизнесээ өвлөн авч амжилттай удирдаж явахдаа нутгийн залуусын дуу хоолой болж, нийгмийн ажилд идэвхтэй оролцож эхэлсэн нь улс төр, төрийн албаны замнал руу хөтөлжээ.
Улмаар Баян-Өлгий аймгийн НАМЗХ-ны даргаас эхлээд ГЕГ-ын Дотоод аудит, мониторингийн газрын дарга, Буянт-Ухаа дахь гаалийн газрын орлогч дарга зэрэг хариуцлагатай албуудыг хашсан туршлагатай.
Түүний хувьд 2020 онд УИХ-ын сонгуулиар ард түмний төлөөлөл болон Баян-Өлгий аймгаас сонгогдсон бөгөөд тэр цагаас улс төрийн карьер нь эхэлжээ. Харин өнгөрсөн оноос эхлэн Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын албан тушаалыг хашиж буй. Ингээд түүний ажил болоод амьдралын арга барилтай танилцъя.
Байршил: Төрийн ордон, 2-р давхар, 219 тоот
Эрхэлдэг ажил: Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд
Хэрэглэдэг гар утас: iPhone 15
Хэрэглэдэг компьютер: MacBook M3
Сошиал хуудсууд: Тилеуханы АУБАКИР / Aubakir Tileukhanuli (Facebook)
1. ТАНЫ КАРЬЕРААС БИД ЮУ ЮУГ МЭДЭХ ЁСТОЙ ВЭ?
Би Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд төрж, тариан талбай дээр өсөж том болсон. 1992 онд сумынхаа 10 жилийн дунд сургуулийг төгсөж байв.
Мэргэжил сонголтод маань аавын дүү их нөлөөлсөн. Нэг удаа манайд зочилж ирэхдээ Москвагийн Их сургуулийн талаар ярьж, тэнд л дээд мэргэжил эзэмших хэрэгтэй шүү хэмээн захьсан юм. Бага балчир байсныг ч хэлэх үү, сэтгэлд тод үлдсэн тэр захиасыг нь бодож явсаар их сургуульд элсэх болоход заавал Москвад сурна гэж аав ээжээс гуйв. Гэтэл тухайн үед Монгол оронд зах зээлийн шилжилт ид өрнөж байсан үе таарсан тул харь нутгаас эрдэм өвөртөлнө гэдэг хэн бүхний хувьд ахадсан мөрөөдөл болж хувирсан юм. Тийнхүү 1996 онд ахынхаа захьсан мэргэжлээр буюу Олон улсын эрх зүйчээр “Отгонтэнгэр” дээд сургуульд элсэн орж байлаа.
Дээд сургууль төгссөний дараа сурсан мэргэжлээрээ биш гэр бүлийнхээ бизнест тусалж эхэлсэн. Аав намайг компанийнхаа тоо бүртгэгчээр ажилд авч байв. Одоо бодоход ажлыг их бага гэлтгүй хийж сургах гээд л тэгсэн байх. Ингэж л би 2000 оны наймдугаар сарын 1-нээс эхлэн тариалангийн аж ахуйн бүхий л ажлыг гардан хийж, тариаланч хүний ёсоор туршлага хуримтлуулсаар “Тариан цацал” ХХК-ийг ааваасаа өвлөн авсан. Харин одоо бол манай хүү үйл ажиллагааг нь хариуцан удирдаж байгаа.

Карьерын хувьд онцлох ёстой үе бол 2007 он. Энэ үеэс би залуучуудын байгууллага, төрийн бус байгууллага, иргэний нийгмийн байгууллагуудтай илүү ойр ажиллаж эхэлсэн юм. Тодруулбал, Баян-Өлгий аймгийн НАМЗХ-ны даргаар ажиллаж, залуус, иргэдийнхээ дуу хоолой нь болж, одоогийн ажил албаныхаа суурь ойлголтуудыг олж авсан. Улмаар 2015 оноос ГЕГ-ын Дотоод аудит, мониторингийн газрын дарга, 2017 оноос ГЕГ-ын харьяа Буянт-Ухаа дахь гаалийн газрын орлогч даргаар ажилласан туршлагатай.
Ингээд 2020 оны УИХ-ын сонгуульд Баян-Өлгий аймгаас нэр дэвшиж, сонгогдсоноор улстөрийн карьер маань эхэлсэн. Улмаар 2024 оны сонгуульд дахин сонгогдож, Ерөнхий сайд Г.Занданшатарын томилгоогоор 2025 оноос Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын албан тушаалыг хашиж байна.
2. ТАНЫ АЖЛЫН ДУНДАЖ НЭГ ӨДӨР ХЭРХЭН ӨНГӨРДӨГ ВЭ?
Дээд сургуульд герман хэл эзэмшиж төгсөхдөө энэ орны соёлтой нягт танилцаж байв. Хэдийгээр хэлийг нь ашиглах боломж төдийлөн гарахгүй явсаар 25 жилийг үдсэн ч тэдний цаг баримтлах чанарыг амьдралдаа үргэлж хэрэгжүүлэхийг хичээж ирсэн. Тэр ч утгаараа өглөө бүр 08:30 цагт ажилдаа ирдэг.
Манай салбар нийгмийн бүхий л асуудлыг хамардаг учраас ажил дундарна гэж үгүй. Чуулгангүй үед яаман дээрээ бүтэн өдөр ажиллана, чуулгантай өдрүүдэд эрт тарвал яам руугаа яарна. Ер нь яам, салбарынхаа аж ахуйн шинжтэй ажлуудад анхааран ажиллаж байна. Хүүхэд, эмэгтэйчүүд, ахмадууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд гээд бидний анхаарч ажиллах ёстой олон нийгмийн бүлэг бий. Саяхан гэхэд л хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн нөхөн сэргээх төвийн хоёр барилгын ажил эхэлж байх жишээтэй.
Ажлын өдрүүдэд багтаан аль болох олон ажил амжуулахыг хичээдэг. Амралтын өдрүүдэд ядаж бямба гарагтаа бусад харьяа, газар, төвүүдээрээ ороод гарахыг боддог доо.
3. ТАНЫ АЖЛЫН НӨҮ ХАУ?
Элдэв арга барил гэхээс илүү аль болох энгийн байхыг хичээдэг. Хамтран ажиллагсдынхаа ур чадвар, онцлогт нь тохирсон ажлыг даалгаж өгөх зарчмаар ажилладаг. 100 гаруй жилийн түүхт салбар учраас харьцангуй тогтсон соёлтой нь амар.

4. АШИГЛАХГҮЙ БАЙЖ ЧАДДАГГҮЙ АПП, ХЭРЭГСЛҮҮД ЮУ ВЭ?
Олон апп ашигладаггүй. Ялангуяа ChatGPT зэрэг хиймэл оюуныг өөрийгөө дайчлах чадвараа алдах юм шиг санагдаад тогтмол ашиглахаас зайлсхийдэг. Аливаа мэдээллийг олон эх сурвалжаас өөрөө хайж олоод, боловсруулах нь илүү үлдэцтэй санагдаад байдаг юм. Юм уншина гэдэг чинь тогтоохын шинж шүү дээ. Хүүхдүүддээ ч тэгж захьдаг.
Ажил болон хувийн хэрэгцээнд хоёр iPad ашигладаг. Харилцааны тал дээр Viber-ийг байнга ашиглаж байна. Хэрэгцээгүй, сөрөг мэдээллээр дүүрэн болохоор бусад сошиал аппыг аль болох хэрэглэхгүйг хичээдэг.
5. ЦАГ ХЭМНЭХ ХАМГИЙН САЙН АРГА ТАНЬ ЮУ ВЭ?
Цагаа зөв төлөвлөх нь л чухал. Нэг утас цохиход л хийж байсан ажлаа орхиод тэр ажлаа хийгээд явчихвал юу ч амжихгүй. Тиймээс гаргасан төлөвлөгөөнийхөө дагуу ажиллах гэж хичээх хэрэгтэй.
Мөн түгжрээд явж байхдаа авч чадаагүй дуудлага эсвэл тойргийнхоо иргэдтэй утсаар ярих ажлаа амжуулдаг юм байна.

6. ХИЙХ АЖЛАА ХЭРХЭН ТӨЛӨВЛӨДӨГ ВЭ?
Яамны ажил сар сараар төлөвлөгддөг. Тэрхүү төлөвлөгөөнийхөө дагуу ажиллахад л болно. Харин өдөр тутмын ажлаа урд өдөр нь төлөвлөж дадсан. Ихэвчлэн гараар бичих дуртай.
7. ЭРЧ ХҮЧЭЭ ХЭРХЭН СЭЛБЭДЭГ ВЭ?
Бие махбодын эрч хүчээ хөдөлгөөн хийж сэлбэдэг. Харин оюуны эрч хүчээ гэртээ байх, гэр бүлийнхэнтэйгээ цагийг өнгөрүүлж олж авч байна даа. Залуу байхад пауэрлифтинг буюу хүчний гурван төрөл, сагсан бөмбөгөөр хичээллэдэг байсан. Одоо бол хөдөлгөөн хийх үедээ фитнесст явж байгаа.
Анзаарсан бол миний ажлын өрөө ногоон ургамал, цэцгээр дүүрэн. Ээж маань залуу байхдаа цэцэг тарьдаг байсан болохоор би багаасаа л цэцэгтэй ойр өссөн гэх үү дээ. Манай том эгч Монголдоо алдартай цэцэгчин эмэгтэй бий. Цэцэг, ургамалтай байна гэдэг өрөөг амьд болгодог юм. Би өөрөө ховор төрлийн цэцэг тарих дуртай. Тухайлбал, Өмнөд Америкийн ширэнгэн ойд ургадаг фикуссын ихэнх сортууд, мөн ховор бөгөөд үнэтэйд тооцогддог Monstera сортын таван төрөл нь байх жишээтэй.
8. ҮНДСЭН АЖЛЫНХАА ХАЖУУГААР ДУРЛАЖ ХИЙДЭГ ТӨСӨЛ/АЖИЛ ЮУ ВЭ?
Тариаланч гэр бүлийн хүн учраас хавар тариалалт эхлэхэд, намар тариагаа хурааж авах үеэр заавал Сэлэнгэд очдог. Энэ бол хобби, дадал болчихсон ажил. Нөгөөтээгүүр, манай гэр бүлийн бизнесийн орлогын асуудал шүү дээ. Хавар болгон агротехнологийн ямар ажлууд хийх үү, ямар сортны будаа тарих уу гэх мэтчилэн бодож тооцоолох, хийж гүйцэтгэх ажил мундахгүй. Намартаа тарьсан буудайгаа хурааж авна гэдэг мөн ч сайхан ажил.

9. ХИЙЖ БУЙ АЖЛЫН ОНЦЛОГ ЮУ ВЭ? ЭЕРЭГ САЙН БА ХЭЦҮҮ БЭРХШЭЭЛТЭЙ ТАЛУУД?
Манай яамны нэр нь өөрөө “Нийгэм хамгааллын” учраас нийгмийн бүх бүлэг, оролцогч талуудын эрх ашгийг хамгаалах үүрэгтэй. Би ч бас хувьдаа эмх цэгцтэй, энэрэнгүй нийгмийг цогцлоох ёстой гэж үздэг юм. Гэлээ гээд халамжийг хавтгайруулна гэсэн үг биш. Шаардлагатай хүмүүстээ зайлшгүй халамж өгөх нь мэдээж. Дэлхийн аль ч улс орны төр халамж, тэтгэмж хэрэгтэй байгаа хүмүүсээ орхигдуулдаггүй. Товчхондоо, өөр аль ч салбарын нэгэн зэрэг анхаарлаа хандуулж чадахгүй нийгмийн бүхий л бүлэг, хүн бүрд хүрч үйлчилдгээрээ манай салбар маш онцлогтой.
Бэрхшээлтэй талын хувьд нэг талдаа ахмадуудын тэтгэврийг тодорхой хэмжээнд нэмж чадсан ч нөгөө талдаа хүн бүрийн сэтгэлд тултал нэмж чадаагүйдээ сэтгэл дундуур байгааг нуух юун. Гэхдээ жил бүр инфляцтай уялдуулаад тэтгэвэр нэмэх хуулиа баталчихсан болохоор ахмадуудын тэтгэвэр инфляцад идэгдэхгүй байх механимзыг бий болгосон.
Эерэг сайн тал нь хөгжлийн бэрхшээлтэй иргэд, залуучуудаа ажлын байранд зуучилж, дахин сургаж, хүүхдийн эрхийг хамгаалан ажиллаж байгаа нь салбарын маань давуу тал. Мөн миний хувьд нийгмийн хамгааллын салбарт мэдлэг туршлагаа зориулж байгаадаа туйлын баяртай байдаг гэдгийг энэ ташрамд хэлэх нь зүйтэй болов уу.
10. ТА ОДОО ЮУН ДЭЭР ТӨВЛӨРЧ БАЙГАА ВЭ? ОЙРЫН ТӨЛӨВЛӨГӨӨ?
Юун түрүүнд Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хууль, Гэр бүлийн хөгжлийг дэмжих тухай хууль гэсэн хоёр хуулийн төслийг өргөн барихаар ажиллаж байна. Өчигдөр хүртэл Засгийн газрын хуралдаанаар сайд нарт хэлж, гуравдугаар сарын 15-ны өдөр чуулган эхлэхээс өмнө өргөн барих талаар шавдууллаа.
Дараагийнх нь ирэх сарын 2-ны өдөр зохион байгуулагдах арга хэмжээнд ач холбогдол өгөн ажиллаж байна. Манай яам 2026 оныг “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил” болгон зарласан. Үүний шалтгаан нь нэгдүгээрт, Монгол Улсад энэ оны байдлаар хөдөлмөрийн харилцаанд огт оролцдоггүй 109,000 орчим иргэн байна. Хоёрдугаарт, Азийн бүтээмжийн байгууллагатай хамтран манай яам “Монгол Улсын бүтээмжийн мастер төлөвлөгөө”-г боловсруулсан. Энэ явцад манай улсын бүтээмж сүүлийн арван жилийн хугацаанд буурсан байгаа юм. Өөрөөр хэлбэл, цаана нь хөдөлмөр эрхлэлт буурсан гэсэн үг. Харин бүтээмж буурахтай зэрэгцэн ДНБ буурдаг. Ийм харилцан хамааралтай учраас хөдөлмөр эрхлэлтийг тууштай дэмжих ажлыг шат дараалалтайгаар хийх шаардлагатай байгаа юм.
Хамгийн гол нь одоо нийгэм цаг үе хувьсаж байна л даа. Тэтгэвэрт гартлаа нэг газар ажиллах биш хоёр ажил зэрэг хийх, зайнаас ажиллах, үндсэн мэргэжлээрээ биш өөр мэргэжлээр ажиллах зэргээр залуучуудын ажиллах хэв маяг хүртэл өөрчлөгдөж байна. Бид ч бас үүнтэй нь уялдуулан, цаг үеэ мэдрэх байдлаар залуучууд, эмэгтэйчүүд, ахмадуудад чиглэсэн хөдөлмөр эрхлэлтийн төсөв, төлөвлөгөө гаргасан. Илүү дэлгэрэнгүй мэдээллийг гуравдугаар сарын 2-ны өдөр Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимд болох арга хэмжээнд хүрэлцэн ирээд мэдэж аваарай. Энэ ташрамд та бүхнийг урьж байна.

11. ТА ӨӨРИЙГӨӨ ХЭРХЭН ХӨГЖҮҮЛЖ, СУРАЛЦДАГ ВЭ?
Хүн насан туршдаа суралцдаг шүү дээ. Тэр ч утгаараа өөрийн ажиллаж буй салбарын олон улсын жишиг, туршлагыг тогтмол судлахыг хичээдэг. Дэлхийн улс орнууд нийгмийн даатгалын сангаа яаж авч явдаг, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг яаж дэмждэг гэх мэтчилэн салбартайгаа холбоотой жишгүүдийг судлах дуртай.
Мөн тариалангийн ажилтай холбоотойгоор хөдөө аж ахуйн салбарт хиймэл оюуныг хэрхэн ашиглаж байгаа талаар технологийн инновацуудыг сонирхож хардаг.
12. САНАЛ БОЛГОХ НОМ, ХӨГЖИМ, КИНО?
Номын тухайд сүүлийн үед хууль л их уншиж байна даа /инээв/. Оюутан ахуй үед хувь хүний хөгжлийн номууд их уншдаг байсан. Хамгийн сэтгэлд тод үлдсэн ном гэвэл Ернандо де соттогийн Капитал. Кино ер нь үзэх дуртай.
Киноны тухайд шинээр гарч байгаа бүтээлүүдийг алгасахгүй үзэж байхыг хичээдэг. Хамгийн гол нь гэр бүлтэйгээ кино театрт зорин очиж үздэг юм. Сүүлд гэхэд л Аватарын гуравдугаар ангийг үзсэн.
Дууны тал дээр бүх төрлийн хөгжим сонсдог. Ялангуяа Казах хэл дээрээ дуу сонсох дуртай.
13. АВЧ БАЙСАН ХАМГИЙН САЙН ЗӨВЛӨГӨӨ?
Аавын маань “Ажлыг тогтож, чанартай хийж сурах хэрэгтэй” гэдэг үг ямар ч ажил хийсэн үргэлж бодлоос уяатай явдаг.
Улс төрд орсноос хойш А.Тлейхан, Х.Баделхан дарга нарын улстөрч хүн ямар байх ёстой вэ гэдэг зөвлөгөөнүүдийг байнга санаж явдаг. Нэг талаараа би ард түмний төлөөлөл учраас зарим нэг хувийн зан чанараа орхихоос өөр аргагүй, нөгөө талаар төрөө төлөөлж байгаа болохоор ард иргэддээ хүндэтгэлтэй хандах ёстой гэх зэрэг олон чухал санаа бий. Ерөнхийлөгч маань хүртэл “Чи бүхэл бүтэн үндэстнийг төлөөлж байгаа шүү. Казах үндэстнийг чамаар л хэмжиж, дүгнэнэ шүү” хэмээн захьдаг.
14. БУСДАД ШИДЭХ САНАА?
Хүн залуу насаа зүгээр суун өнгөрөөж огт болохгүй. Хөдөлмөрлөх хэрэгтэй. Эс тэгвээс юу ч сурч аваагүйдээ, юу ч бүтээж амжаагүйдээ нас дээр гарсан хойноо халаглан суух вий. Залхуурч хойш суулгүй, зав гаргаж амсхийлгүй ажилд мэрийхийг ээж маань багаас сургасан тул захих зүйл энэ байна.


Сэтгэгдэл бичих (2)


Т Т.Аубакир 210.12.173.186
Хүн залуу насаа зүгээр суун өнгөрөөж огт болохгүй. Хөдөлмөрлөх хэрэгтэй. gesnee togsood 4 jil yu hiij baisin bol doo
z zochin 210.12.173.186
moskva edr gesnee otgontenger chihshig. 96 ond togsood ajilgui laaz oshigloj bgad arga yadaad aaviinhaa company nertei nogoonii talbaid ner bogloj ehelsen yumu haha iimerhu ymnuud said geheer l