Өнгөрсөн жил Хятадын Шэнжэнд зохион байгуулагдсан Unleash+ хөтөлбөрт хамрагдаж байх үед манай төслийн зөвлөхөөр уригдан ажилласан Г.Бас хэмээх энэ хүний ажлын арга барил анхнаасаа л содон байв. Энжил хөрөнгө оруулагч (angel investor - эхэн үеийн, бага хэмжээний хөрөнгө оруулагч) тэрээр хэзээ л бол хэзээ ажилладаг байсан нь онцгой сэтгэгдэл үлдээсэн. 2000-аад оны дундуур өөрийн онлайн худалдааны сайтыг эхлүүлэн өдийг хүртэл энэ салбарт зүтгэж буй түүний хувьд Unleash+ хөтөлбөрт хамрагдсан олон хүнд өөр хаанаас ч авахааргүй үнэ цэнтэй маркетингийн зөвлөгөөг өгч, цаашдын үйл ажиллагаанд нь ихээхэн тус болсон юм. Ингээд өнөөдөр 40 орчим компанид хөрөнгө оруулаад буй түүний ажлын арга барилтай танилцъя.

Байршил: Недерланд, Амстердам

Одоогийн ажил: Энжил хөрөнгө оруулагч

Хэрэглэдэг гар утас: iPhone X

Хэрэглэдэг компьютер: Macbook

Сошиал хуудсууд: Linkedin, Twitter

ТАНЫ КАРЬЕРААС БИД ЮУ, ЮУГ МЭДЭХ ЁСТОЙ ВЭ?

Миний карьерын эхний алхам санаандгүй байдлаар тавигдсан юм. Австрали охинд дурлаад Амстердамаас Австрали руу нүүв. Тэнд тав хоноод л би дурлал биш нөхөрлөл байж гэдгийг ойлгосон юм. Тэгээд хоёрхон цүнх, чемодантай хүн 2005 онд анхны онлайн худалдааны бизнесүүдийн нэгийг эхлүүлж байлаа.

Энэ чиглэлээр сурахаар Сиднейд технологийн их сургуульд оров. Онлайн худалдаа, интернэт маркетинг судалж байсан ч дижитал салбар шинэ хэвээр байсан тул сургалтын хөтөлбөр нь тийм сайнгүй л байлаа. Өөрөө л бүхнийг сурах ёстой болсон. Үүний дараа өөрийн бизнесийн моделийг хөгжүүлсэн нь их амжилттай болж 3 жил хагасын дараа Европ руу буцсан юм. Тэр үед миний олж авсан мэдлэг ховорт тооцогдож байв. Ингээд өөрийн зөвлөх компанийг байгуулж, эхний жил би өөрөө ганцаараа ажиллав. Ямар ч зардал гаргаагүй ч эхний жил 1 сая доллар олж чадсан. Үнэхээр дэндүү шаргуу ажиллаж байв. Ингээд 10 хүн ажилд авчихъя, тэгвэл бүхнийг хийх юм байна гэж бодтол хагас сая доллар алдсан. Эндээс найзуудаа ажилд авах хэрэггүй юм байна гэдэг сургамжтай хоцорсон.

Тэгж байтал ebookers.com-ийн (Expedia/Orbitz.com-ийн нэг хэсэг болох аяллын агентлаг) маркетингийн захирлаар уригдав. 30 орныг хамарсан маркетингийн багийг удирдах, 100 сая долларын төсөвтэй ажил. Миний өөрийн зохион бүтээсэн CASHCOW BOMBER модел амжилттай ажиллаж, бизнесийн үнэ цэнийг тэрбумаар тоологдох хэмжээнд хүргэв. Дараа нь би 2008 онд Оросын анхны тэргүүлэх онлайн худалдааны ozon.ru-д ажиллах эрсдэлтэй алхам хийв. Хэлийг нь мэдэхгүй байсны дээр Орос болоод барууны бизнесийн арга барилын зөрүү маш том байв. Тэд эрсдэл хийхээс эмээсэн, хүнд сурталтай нөхөд байв. Тэгсэн ч мөнөөх томьёо маань амжилттай ажиллаж, үр дүн гаргасан шүү. Одоо эргээд харахад би олон газар ажиллаж, олон компани байгуулжээ. Одоо 40 компанийг хамтран эзэмшиж байна. Ингэж явахдаа би бусад үүсгэн байгуулагчдад туслахыг хүсэх болсон юм. Учир нь би мөрөөдөлдөө хүрэх нь ямар байдгийг мэддэг. Ингээд найзтайгаа хөрөнгө оруулалтын компани байгуулсан. Мөн л тун санаандгүй байдлаар.

ТАНЫ АЖЛЫН ДУНДАЖ НЭГ ӨДӨР ХЭРХЭН ӨНГӨРДӨГ ВЭ?

Хатуу тогтсон дэглэм байхгүй дээ. Би дургүй юмаа хэзээ ч хийдэггүй. Өдөрт 11 цаг орчим ажилладаг. Имэйл бичнэ, дуудлага хийнэ, хүмүүстэй харилцана, компаниудтай холбоотой ажил хийнэ, хөрөнгө оруулах шинэ стартапуудыг хайна. Гэхдээ би ажлаа ажил гэж хүндрүүлж боддоггүй. Хийж буйдаа сэтгэл хангалуун байдаг.

АШИГЛАХГҮЙ БАЙЖ ЧАДДАГГҮЙ АПП, ХЭРЭГСЛҮҮД ЮУ ВЭ?

Ажилдаа Trello, Asana, мөн визуал хамтын ажиллагааны Miro зэрэг апп-ийг ашигладаг. Мөн Telegram, WhatsApp зэрэг аппуудыг. Бас маш их бичиг баримтыг эмх цэгцтэй ашиглахын тулд шошго хэвлэдэг жижиг принтер ашигладаг юм байна.

ЦАГ ХЭМНЭХ ХАМГИЙН САЙН АРГА ТАНЬ ЮУ ВЭ?

Би элдэв товчлол ашиглаж цаг хэмнэхийг нэг их хичээдэггүй. Би бүтээмжтэй байхыг тулд нэлээд өөр арга барил ашигладаг гэж болно. А-аас Б цэгт шулуун замаар хүрэх гэхээсээ илүүтэй сараачаад орхисон мэт замаар ажиллах нь миний арга барил. Явцыг нь харвал тийм ч бусдад зөвлөхөөр зүйл биш байж мэдэх ч үр дүнгийн хувьд тун дажгүй шүү. Бүтээлч байхын тулд хүн бүх зүйлийн тогтсон дарааллыг дагах албагүй гэж боддог. Гэхдээ мэдээж тодорхой хэмжээнд эмх цэгц баримтлалгүй яахав. Ямар ч атугай санаандгүй учралд үргэлж бэлэн байхыг боддог. Юм гэдэг магадгүй хэзээ ч санаандгүй байдаггүй байх.

ХИЙХ АЖЛАА ХЭРХЭН ТӨЛӨВЛӨДӨГ ВЭ?

Trello дотроо. Миний Trello дотор маш их зүйл бий. Стрессдэггүй маань бараг л гайхамшиг гэлтэй. Би голчлон хамгийн яаралтай, эсвэл хамгийн чухал гэсэн зүйлсээ шалгадаг. Нарийн бичиг ба багийнхан маань мэдээж тусална. Хэрвээ зарим зүйлсийг удаан хугацааны хийгээгүй байвал магадгүй хийх учиргүй зүйл л байх гэж боддог. Эйзенхауэрын матрикс шиг тэр зүйлс хамгийн сүүлийн квадратад хамаатай. Цаг нь ирэхээр хийх ёстой зүйлс хийгдэж л таардаг.

ЭРЧ ХҮЧЭЭ ХЭРХЭН СЭЛБЭДЭГ ВЭ?

Би оффист шигдэж суух дургүй. Төрөл бүрийн сонирхолтой газруудад ажиллах дуртай. Зарим ажилд оффис хэрэгтэй байдаг бол миний ажилд тийм биш.

Би бас амралтын өдрүүдийг нэг их ойшоодоггүй. Би хаа хүссэн газраасаа, хэзээ ч гэсэн ажиллах дуртай. Надад оффис ч, амралтын өдөр ч хэрэггүй. Яагаад гэвэл би ажил гэж боддоггүй юм.

Хобби гэвэл хуучны машинуудад дуртай. Би найзуудтайгаа дэлхийн хоёрдугаар дайнаас өмнө үйлдвэрлэсэн машинаар Аргентин юм уу Канадад ралли хийдэг юм. Жишээ нь 1930-аад оны Бугатти унах жишээтэй. Британийн Morgan хэмээх машинд дуртай. Миний эзэмшдэг Morgan Недерландын хамгийн алдартай зохиолчийнх байсан. Би тэр машинаа унах бүрдээ тэр авьяаслаг хүний энергийг мэдрэх шиг болдог.

ҮНДСЭН АЖЛЫНХАА ХАЖУУГААР ДУРЛАЖ ХИЙДЭГ ТӨСӨЛ/АЖИЛ ЮУ ВЭ?

Надад ажлаасаа тусдаа хийдэг зүйл гэж байдаггүй. Миний хамтран эзэмшдэг 40 орчим төсөл байна. Эдгээрийг 4000 орчмоос сонгосон юм шүү. Бүгд л миний хобби гэж болно. Хөрөнгө оруулах үед тэдний нийт үнэлгээ 1 сая орчим доллар байсан болов уу. Найман жилийн дараа харин 700 орчим сая доллар болсон байна. Жишээ гэвэл:

Miro - Компаниудын номер нэг визуал хамтын ажиллагааны платформ. 4 сая гаруй хэрэглэгчтэй. Энэ бол нөхөрлөлөөс хөрөнгө оруулалт руу шилжсэн санаандгүй учралын гоё жишээ. Би энэ компанийг эхэлж байх үед нь энжил хөрөнгө оруулагч болсон юм л даа. Одоо энэ хөрөнгө оруулалт маань намайг санхүүгийн хувьд огт санаа зовох юмгүй болгосон. Энэ компани одоо хэдэн зуун сая доллараар үнэлэгдэж байна.

Мөн ChocoFamily Holding байна. Төв Азийн номер 1 цахим худалдааны компани. Forbes-ийн Топ 50 интернэт компанийн жагсаалтад багтаж байв. Үүсгэн байгуулагчтай нь би нэг конференц дээр таараад хүнд нь итгэсэн, Алматид ирээд багтай нь уулзсан. Ингээд л хөрөнгө оруулсан даа.

ХИЙЖ БУЙ АЖЛЫН ОНЦЛОГ ЮУ ВЭ? ЭЕРЭГ САЙН БА ХЭЦҮҮ БЭРХШЭЭЛТЭЙ ТАЛУУД?

Хөрөнгө оруулалтын сан эрхэлнэ гэдэг маш хариуцлагатай ажил. Дагах ёстой дүрэм зохицуулалтууд их. Гэхдээ дүрмээс хэт эмээлгүйгээр дагаад явчихад болдог. Миний хамтрагч тэр талын ажилдаа их сайн. Өөрийн туршлага, зөн совинг хамтрагчийнхаа практик чадваруудтай хослуулснаар сан маань одоо 20 орчим сая еврогоор хэмжигдэж байна. Энэ жил 40 сая болж өсөж магадгүй. Бид бизнесүүдийг сонгохдоо 16 шат бүхий процесс ашигладаг юм. Ихэнх үед би өөрийн зөн совин, мэдрэмжийг сонсдог юм. Америк, Европын дундаж сангуудтай харьцуулахад миний энжил хөрөнгө оруулалтын үр дүн олон дахин илүү байдаг. Мэдээж үүнд аз, зөн совин, туршлага зэрэг зүйлс нөлөөлж байгаа.

Харин хөрөнгө оруулах төвөгтэй процессийн нэг хэсэг болоод ирэхээр эхэн үедээ хийх дуртай байсан зүйлээсээ холдох гээд байдаг талтай. Энэ талаа алдвал та санаа гаргагч, бизнес босгогч биш харин сайн менежер л болж үлддэг.

ХӨРӨНГӨ ОРУУЛАХДАА ТА ЯМАР ЯМАР ШАЛГУУР ТАВЬДАГ ВЭ?

Миний хөрөнгө оруулах гол шалгуур бол манай багийн тэрхүү компанид үзүүлж чадах нөлөөлөл, өгч чадах үнэ цэн хэр вэ гэсэн асуулт. Мэдэхгүй салбарын компанид бол би их хөрөнгө оруулж чадахгүй. Ирээдүйд их ашиг авчрах байсан ч татгалзана.

Хоёрдугаарт, тухайн бизнесийг сайн хүн хийж байгаа, удирдаж байгаа нь мэдрэгдэх ёстой. Энэ шалгуураар ирээдүйд тодорхой амжилт олох байсан олон компанид би хөрөнгө оруулж байгаагүй. Би эерэг зөв санагдсан хүнтэй л хамт ажиллахыг хүсдэг. Учир нь ингээд эхэлбэл энэ чинь миний хобби биш ажил болчих нь шүү дээ.

ТА ӨӨРИЙГӨӨ ХЭРХЭН ХӨГЖҮҮЛЖ, СУРАЛЦДАГ ВЭ?

Ухаалаг, сонирхолтой хүмүүстэй үргэлж уулзсанаар өөрийгөө хөгжүүлж сайжруулдаг.

САНАЛ БОЛГОХ НОМ, ХӨГЖИМ, КИНО?

Би жаз, поп, алтернатив хөгжимд дуртай. Битлз зэрэг сонгодгуудыг сонсож л өссөн. Бонобо гэх жазз дуучинд мөн дуртай. Гэхдээ таалагдсан бүхнээ сонсдог болохоор миний утсанд одоо бараг 10 мянган дуу байдаг байх шүү.

Ном гэвэл Брад Фэлдийн “Venture Deals” номыг уншиж байна. Стартапын хөрөнгө оруулагчидтэй хэрхэн хэлэлцээр хийх тухай өгүүлсэн ном. Мөн Жасон Калаканисын “Angel”-ийг алжаал тайлах зориулалтаар уншиж байна.

Санал болгох ном гэвэл Роберт Грийний “48 Laws of Power”, Дэвид Аллений “Getting Things Done”.

АВЧ БАЙСАН ХАМГИЙН САЙН ЗӨВЛӨГӨӨ?

Өөрийг чинь өдөр бүр айлгадаг нэг зүйлийг хий. Жишээ нь хэрвээ чи нэг охин/хөвгүүнтэй хамт алхах эсэхдээ эргэлзэж байвал шууд л зоригло. Эрсдэл гаргаж байж л үр дүн өгнө. Хэрвээ санаснаар болохгүй бол бүтэх ёсгүй л байж гэж бодоход гүйцээ.

Нэг ийм хэллэг байдаг даа. Хэрвээ салаа зам дээр ирвэл салааг нь аваад л цааш үргэлжлүүл! Хүн үргэлж сонголт хийх албагүй шүү дээ. Заримдаа хоёр зүйлийг хоёуланг нь туршаад үзэж болно.