Оюу толгой компанийн Байгаль орчны хэлтэс байгуулагдсаны 20 жилийн ойг тохиолдуулан 2023 онд манай компанитай хамтран хэрэгжүүлсэн “Байгаль орчныг хамгаалах, сайн туршлага хуваалцах хөтөлбөр”-ийн үеэр бид өнөөдрийн зочинтойгоо танилцаж байлаа. Тиймдээ ч бидний яриа тус хөтөлбөрийн үр дүн хэрхэн өнөөг хүртэл үргэлжилж, манай улсад үйл ажиллагаа явуулж байгаа уул уурхайн компаниуд тэдний сайн туршлагаас яаж жишиг авч ажиллаж байгаа тухай сонин сайхнаар эхэлсэн юм.
Түүний хувьд биологийн багш болох зорилготой их сургуульд элсэн орсон ч, нэгдүгээр дамжааны тэр нэгэн зуны дадлагаас судлаач болох туйлын мөрөөдлөө олж авчээ. Ийнхүү байгаль орчны салбарт 2008 оноос судлаачаар ажиллаж байгаад 2010 оноос Монголын хамгийн том бүтээн байгуулалтуудын нэг Оюу толгой компанийн Байгаль орчны хэлтэст хүчин зүтгэсээр өнөөг хүрсэн аж.
Байршил: Монгол Улс, Улаанбаатар – 14240, Сүхбаатар дүүрэг, Чингисийн өргөн чөлөө – 15, “Моннис” цамхаг
Эрхэлдэг ажил: “Оюу толгой” компанийн Эрүүл мэнд, байгаль орчин, аюулгүй ажиллагаа, аюулгүй байдал, орон нутгийн хэлтсийн Хүрээлэн буй орчны мэргэжилтэн
Хэрэглэдэг гар утас: iPhone 11 Pro
Хэрэглэдэг компьютер: Dell Precision 7730
Сошиал хуудсууд: Bataa Dandarmaa (Facebook)
1. Таны ажлын замналаас бид юу, юуг мэдэх ёстой вэ?
Би Хөвсгөл аймгийн Мөрөн сумд төрж, өссөн. Хэдий аймгийн төвийнх ч гэлээ ах дүү, хамаатан садныхнаараа зуншдаг, хөдөө байх дуртай, ямар сайндаа хагас, бүтэнсайны амралтаараа ч бас боломж гарвал хөдөө явчихдаг хүүхэд байлаа. Хөвсгөл аймагтаа төдийгүй, Монгол Улсдаа нэртэй Хагаа, Сосорбарам багш нар шигээ мундаг биологийн багш болно гээд шийдчихсэн үе байсныг хэлэх үү байгальтай л ойр байж, шинэ соргог зүйлс эрэлхийлж л байвал хамгийн гоё санагддаг байв. Энэ зорилгодоо хүрэхийн тулд 2004 онд МУИС-ийн Биологийн факультетад элсэж, Экологи, байгаль хамгааллын чиглэлээр суралцаж эхэлсэн.
Тэгтэл нэгдүгээр дамжааны оюутан надад нэгэн том завшаан тохиох нь тэр. Яасан гэхээр Дэлхийн банкны санхүүжилтээр 2000-аад оноос хэрэгжсэн биологи, экологи, газарзүй, уур амьсгал тэргүүтэй цогц судалгааны Проф. Болдгив, Др. Мэндсайхан нараар удирдуулсан “Хөвсгөл” төслийн багт дадлага хийх боломж олдсон юм. Тухайн үед МУИС-ийн “Экологи-Эрдэм” клубын дарга байсан Түвшинжаргал ах маань намайг санал болгож, зуны гурван сар суралцаж буй мэргэжлээрээ дадлага хийх боломж бүрдсэн. Туршлагагүй ч гэлээ, Хөвсгөлд төрж, өссөн минь судалгааны багт сонгогдох давуу тал болсон ч байж мэдэх юм. Миний хувьд жижиг хөхтөн амьтны судалгаанд дадлага хийсэн ба үүний хажуугаар тэнд хийгдэж байсан бүхий л судалгаанд чадах чинээгээрээ оролцож, суралцахыг хичээсэн. Ингэж л зорилго маань биологийн багш биш судлаач болж хувирсан юм даа. Энэ бол гарцаагүй миний амьдралд тохиосон эргэлтийн цэг байсан гэж боддог. Тиймээс үргэлжлүүлэн дараа жилүүдэд нь сургуулийнхаа Амьтан судлалын тэнхимийн Батсайхан багшийг дагаж, хээрийн судалгаа, лаборатори, тайлангийн ажилд нь оролцон олон зүйлд суралцсан.
Мэргэжлийнхээ сайхныг үеийн нөхдөөсөө арай түрүүнд мэдэрснийх судалгаа, эрдэм шинжилгээний хуралд идэвхтэй оролцож, оюутан байх үеийнхээ зуны улирлуудыг гэртээ өнгөрүүлж үзээгүй. Улмаар их сургууль төгссөн даруйдаа 2008 онд одоогийн Газарзүй, Геоэкологийн хүрээлэнгийн Др. Хауленбек даргатай Цөлжилтийн судалгааны төвөөс ажлын гараагаа эхэлж, хоёр жилийн хугацаанд мэргэжлээрээ ажилласан. Тэнд ажиллах хугацаандаа цөлжилт газрын доройтлын биологийн олон янз байдалд үзүүлэх нөлөөллийг судлах судалгааны сэдэв дээр БСШУЯ-ны сайдын тэтгэлэг хүртэж, магистрын зэргээ хамгаалсан. Тус төвд ажиллаж байх үедээ Булган аймгийн Рашаант сумын нутаг Элсэн тасархайд хээрийн бүсийн цөлжилтийн судалгааны сууринг байгуулах ажилд гар бие оролцсондоо бахархаж явдаг юм. Энэ төв нь Монгол орны байгаль орчин, нийгмийн тулгамдсан асуудлын нэг болох цөлжилтийг сааруулах арга хэмжээг туршдаг, судалдаг дотоод, гадаадын судлаачдын зорин очиж ажилладаг судалгааны суурин болсныг харахад одоо ч сайхан санагддаг юм.

Залуу судлаач надад мэргэжлээрээ ажиллаж, сайн судлаач, цаашдаа эрдэмтэн болох зорилго байсан ч амьдралын шаардлагаар гэр бүлээ авч явах чухал хариуцлагатай тулж, цалин сайтай ажилд орохоос өөр аргагүй болов. Ингээд 2010 онд уул уурхайн салбарт хөл тавьж, “Оюу толгой” компанийн Байгаль орчны багт Хүрээлэн буй орчны хяналт шинжилгээний туслах ажилтнаар карьер маань үргэлжилсэн. Товчхондоо 2014-2022 онуудад Байгаль орчны багтаа Хүрээлэн буй орчны хяналт шинжилгээний ажилтан, 2022-2024 онуудад Агаарын чанар, хүлэмжийн хийн зөвлөх, 2024 оноос өнөөдрийг хүртэл Хүрээлэн буй орчны мэргэжилтнээр ажиллаж байна.
Хэдийгээр судлаач, эрдэмтэн болох мөрөөдлөөсөө ухарсан ч өнгөрсөн 15 жилийн хугацаанд үндсэн мэргэжлээсээ тэгтлээ хол зөрүүтэй ажил хийгээгүй. Агаар, ус, хог хаягдал, хүлэмжийн хий, биологийн олон янз байдал гэхчлэн төрөл бүрийн датан дээр төвлөрч, бараг л судлаач шиг ажиллаж ирсэн гэх үү дээ. Жишээ болгон сонирхолтой түүх хуваалцахад, 2013 онд биологийн олон янз байдлын судалгааны ажлын хүрээнд Оюу толгой компанийн уурхай байршдаг Өмнөговь аймгийн Ханбогд суманд мэргэжлийн баг хүрэлцэн ирж, шавжийн суурь судалгаа хийсэн юм. Тэгтэл өнгөрсөн оны арванхоёрдугаар сард тус сумаас Eotmethis aguitiensis гэх нэртэй нэгэн шинэ төрөл зүйлийн царцаа олдсон тухай Мягмар нарын өгүүлэл гарчээ. Уншаад үзтэл тухайн үед миний дагуулж явсан судалгааны багийн авсан дээж судлагдаж явсаар тийнхүү үр дүн авчирсан нь тодорхой болсон. Энэ олон жилийн дараа дэлхийд цоо шинэ зүйлийн царцаа олдсон нь тэр юм.
2. Таны ажлын дундаж нэг өдөр хэрхэн өнгөрдөг вэ?
2022 оноос хойш Байгаль орчны хэлтсийнхэн нэг сарынхаа ажлын 50 хувийг уурхай дээр буюу Ханбогд суманд, үлдсэнийг нь Улаанбаатар дахь оффист ажиллах шийдвэрийн дагуу ажиллаж байгаа. Миний хувьд хотод ч тэр, ростерт ч тэр өглөө 06:00 цагт босдог.
Ростерт байгаа үед өглөө босож цайндаа орчхоод 07:00 цагаас ажлаа эхлүүлдэг. Байнга биш ч заримдаа байгаль орчны, тэр дундаа усны хяналт, шинжилгээ хийх үе гардаг бөгөөд энэ тохиолдолд өглөөний нартай уралдаж, мал амьтан ундаалахаас өмнө чанарын хэмжилт авдаг юм. Бусад өдрүүдэд үдээс өмнө аль болох гадуурх ажлуудаа амжуулахыг хичээдэг. Тухайлбал, уурхайн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэхээс гадна байгаль орчны болоод дэд бүтцийн төслүүдийн явцтай танилцах, байгаль орчны хууль эрх зүйн талаас ханган ажиллаж чадаж байгаа эсэхэд анхаарна. Ингэхдээ аудит шиг хяналт, шалгалт хийхээс илүү найз нөхөр шиг нь байж, асуудал байвал хамтдаа шийдэл олоход чиглэн ажилладаг юм. Харин үдээс хойш гарсан үр дүн дээрээ төвлөрч суух, товч тайлан бэлтгэх, хурал цуглаанд оролцох нь элбэг. Өдрийн ажил маань оройн 19:00 цагт дуусдаг.
Хотын оффисоос ажиллах үед аавын үүргээ гүйцэтгэж, ажилдаа явах замдаа хүүхдүүдээ сургуульд нь хүргэж өгдөг. Манайх Налайхад амьдардаг учраас эртхэн босохгүй л бол ажилдаа ирж амжихгүй. Улаанбаатар дахь оффис уян хатан цагийн хуваариар ажилладаг буюу өглөө хэдэн цагт ирнэ, түүнээс хойш найман цаг ажилласан бол тарж болдог. Мөн тухайн өдрийн хийх ёстой ажлаа дуусгасан тохиолдолд хүссэн цагтаа тарж болдог нь олон давуу талыг бий болгодог шүү.

3. Таны ажлын арга барил?
Сайн төлөвлөлт үр дүн, амжилтад хөтөлдөг. Тэгэхээр нягт төлөвлөгөө бол миний баримталдаг гол арга барил. Ялангуяа мэргэжилтний хувьд нэг талаас компанийн бодлого, чиглэл, зорилго, зорилт, хэрэгцээг сайтар ойлгож, нөгөө талаас хамт олныхоо оролцоог хангах, ажлын төлөвлөгөөг нарийн гаргах, гүйцэтгэх гэхчлэн ерөнхийдөө холбогч гүүр нь байх ёстой.
Мөн “Олны хүч оломгүй далай” гэдэг шиг би хамтын ажиллагааг ихээхэн эрхэмлэдэг. Тэр ч утгаараа салбар салбарын хүмүүстэй уулзаж, санал бодлоо солилцох, зөвлөлдөх дуртай.
4. Ашиглахгүй байж чаддаггүй апп, хэрэгслүүд юу вэ?
Ажлын хүрээнд байгаль орчны өгөгдөл хадгалж буй платформуудыг тогтмол ашигладаг. Тухайлбал агаарын чанарын мэдээ Aeroqual Cloud дээр, ус, цаг уур болон бусад өгөгдөл Datasight бааз дээр тус тусдаа хадгалагддаг. Өгөгдөл мэдээллийг цэгцтэй, найдвартай хадгалах нь их чухал төдийгүй тэндээс үр дүнгээ илүү ойлгож харах, хүссэн хэлбэрээр тайлангаа үүсгэх нь бүр ч илүү чухал. Ийм шаардлагад нийцүүлэхийн тулд манай компани EnviroSys программыг нэвтрүүлж эхлээд байна. Энэ программ нь байгаль орчны өгөгдлийг үр дүнтэйгээр цуглуулах, баталгаажуулах, хянах, дүн шинжилгээ хийх, тайлагнах боломжийг олгодог бөгөөд чанар, эрх зүйн нийцэлд төвлөрсөн програм хангамж юм.
Хувийн хэрэгцээнд YouTube-ээс түүхийн сэдэвт болон номын хураангуй подкастууд сонсдог. Өглөө ажилдаа ирэх замдаа сонсоход тун сайхан тохирдог юм. Түүнчлэн YouTube-ээс сор болсон ардын дуунуудаа сонсох дуртай. Ардын дуу дотор ард түмний амьдрал, аж ахуй бүхэн тээгдэн оршдог учраас байнга сонсож, дуулж, эргэн тойрныхондоо ардын дууны гайхамшгийг түгээхийг хүсдэг дээ.

5. Цаг хэмнэх хамгийн сайн арга тань юу вэ?
Төлөвлөгөөний дагуу ажиллах нь ямагт цаг хэмнэдэг. Ач холбогдол, цаг хугацааны хувьд эрэмбэлж, тэрхүү төлөвлөлтийн дагуу ажиллахад л болно. Нэн шаардлагагүй, яарамгүй ажлуудаа хойш тавиад яг одоо хийх хэрэгтэй байгаа гүйцэтгэлүүдэд төвлөрөх хэрэгтэй гэсэн үг.
6. Хийх ажлаа хэрхэн төлөвлөдөг вэ?
Оюу толгой компанийн хувьд шинэчилсэн стратеги, төлөвлөгөөгөө 2023 онд гаргаж, бүх түвшинд батлаад, ажил хэрэг болгон гүйцэтгэж байна. Энэ хүрээнд хамт олон, хамтын ажиллагаа, хөрст дэлхий, хүртэх өгөөж гэсэн стратегийн дөрвөн тэргүүлэх чиглэл гаргасан бөгөөд Оюу толгой уурхайд ажиллаж байгаа 20 мянга гаруй залуус бүгд эдгээрийг жанжин шугамаа болгон ажиллаж байгаа. Ялангуяа хөрст дэлхий гэсэн чиглэлд манай Байгаль орчны хэлтэс манлайлал үзүүлж ажиллах нь зүй ёсны хэрэг.
Тиймдээ ч бидэнд өмнөө тавьсан томоохон зорилтууд бий. Тэдгээрийг урт, дунд, богино хугацаанд гүйцэтгэх байдлаар төлөвлөж, хүрэх үр дүнгүүдээ тодорхойлсон. Одоогоор зорилтдоо хүрэх зам буюу ямар аргаар ажиллах ёстой вэ гэдгийг тодорхойлох судалгааны ажлууд чиглэл тус бүрд хийгдэж байна.
Манай уурхайн хэлтэс нэгжүүд өөрсдийн онцлогт тохирсон төлөвлөлтийн программ хангамж, системүүдийг ашигладаг. Тухайлбал, манай хэлтсийн хувьд төлөвлөгөөгөө Power BI дээр оруулж, тухай бүрдээ хянадаг юм. Эндээс өөрт оногдсон ажил болон багийнхныхаа ажлын гүйцэтгэлийг тодорхой хугацааны давтамжтай харахаас эхлээд зарим тохиолдолд сануулах, дэмжлэг үзүүлэх ба авах, өгсөн хугацаанд нь чанартай хийхийг зорьдог. Ер нь бүх л газар ижил болов уу. Уурхайн байгаль орчны салбарынханд төлөвлөгөөнд ороогүй гэнэтийн шалгалт, зочид, асуултууд гарч ирэх нь энүүхэнд. Гагцхүү ийм нөхцөлд бэлэн байх нь чухал байдаг.

7. Эрч хүчээ хэрхэн сэлбэдэг вэ?
Өдөр тутмын эрч хүчээ чанартай нойр болон гэр бүлийн дулаан уур амьсгалаас авдаг. Харин бүтэн жилийн эрч хүчээ зуны аяллаас л нөөцөлдөг дөө. Эхнэр маань биологич мэргэжилтэй болохоор хэрэгжүүлж байгаа төсөл, хөтөлбөрийнхөө хүрээнд зун бүр хаа нэг тийш судалгаа, шинжилгээ хийхээр явдаг юм. Тэр бүрд би жолоочийг нь хийгээд, хажуугаар нь байгальд аялаад сайн сэргэж авдаг. Ер нь уурхайчин хүний ажил ч их, амралтын хугацаа ч их.
8. Үндсэн ажлынхаа хажуугаар дурлаж хийдэг төсөл/ажил юу вэ?
Үндсэн ажлын маань гол давуу тал бол байгаль орчны маш олон үзүүлэлт бүхий дата мэдээлэл. Гагцхүү надад тэдгээр өгөгдлүүдийг ажиглах, харьцуулах, дүн шинжилгээ хийх, цаашлаад судалгааны ажил, эрдэм шинжилгээний өгүүлэл бичих бүрэн боломж байдаг. Тиймдээ ч уурхай дээр байгаа үедээ орой 1-2 цагийг энэ ажилд зориулдаг юм. Одоогоор 20 орчим дунд болон жижиг хэмжээний өгүүллийг нийтлээд байна. Хэзээ нэгэн цагт мэргэжлийн сэтгүүлүүдэд чанартай өгүүлэл хэвлүүлэх хэмжээнд хүртэл өсөж дэвжих мөрөөдөлтэй.
9. Хийж буй ажлын онцлог юу вэ? Эерэг сайн ба хэцүү бэршээлтэй талууд?
Бэрхшээлтэй тал байхгүй гэж бодож байна. Учир нь би их өөдрөг үзэлтэй хүн л дээ. Аливаа ажил, асуудал, сорилтоос эерэг талыг нь олж харахыг хичээдэг. Тэгсэн цагт шийдэл заавал гарч ирдэг юм. Мэдээж би ганцаараа биш, надад хамтран зүтгэгчид байгаа нь хамгийн чухал.
Эерэг сайн талын тухайд компанийнхаа дотоод соёлыг онцлох хэрэгтэй болов уу. Ажилтнуудаа урам зоригтой ажиллах нөхцөл, боломжоор тасралтгүй хангана гэдэг тийм ч амархан биш шүү дээ. Гагцхүү Оюу толгой компани ажилчдаа сониуч соргог, зоригтой шийдэмгий байж, хамт олондоо анхаарал халамжтай ажиллахыг үнэт зүйлээ болгон эерэг уур амьсгалыг бүрдүүлж чаддаг юм даа.
Миний ажлын онцлог гэхээс илүүтэй манай хэлтсийн хийж буй ажлын онцлог гэвэл бид уурхайн үйл ажиллагаанд байгаль орчны хууль эрх зүйн шаардлагыг хангуулах, байгаль хамгааллын чиглэлийн үйл ажиллагааг төлөвлөж хэрэгжүүлэх, уурхайн хэмжээнд байгаль орчны эрсдлүүдийг тодорхойлох, хянах, бууруулах, арилгахад төвлөрдөг. Үүний зэрэгцээ уурхайчин хүн аливаа төрлийн ажлыг гүйцэтгэхдээ өөрийгөө болон хамтран зүтгэгчээ эрсдэлд оруулж болохгүй гэдгээ ойлгож, аюулгүй ажиллахыг эрхэмлэдэг шиг ажлын байран дээрх байгаль орчны асуудлуудыг ч эн тэнцүү ойлгож, хэрэгжүүлэх соёлыг төлөвшүүлэхэд анхаарч, дэмжлэг үзүүлж ажилладаг.

10. Та одоо юун дээр төвлөрч байгаа вэ? Ойрын төлөвлөгөө?
Юуны өмнө чадварлаг хамт олонтойгоо нийлж, саяхан дуусгасан хоёр ажлын талаар эхэлж дурдах нь зүйтэй болов уу. Эхнийх нь “Уурхайн талбайн ерөнхий нөхцөлүүд” хэмээх бичиг баримтыг шинэчилж дуусгалаа. Тус бичиг баримтад уурхайн талбайн газарзүй, уур амьсгал, агаарын чанар, доргио, чичиргээ зэрэг мэдээллийг байгаль орчны мониторинг болон ойролцоо сумдын цаг уурын өгөгдөл мэдээнд үндэслэн гаргасан. Энэхүү бичиг баримт нь манай уурхай байгалийн ямар нөхцөлд үйл ажиллагаа явуулж байгааг тодорхойлсноор дэд бүтэц, барилга байгууламж барихдаа юун дээр анхаарах тухай чиг болж өгдөг юм. Товчхондоо бодит хэмжилтийн статистик мэдээнээс гадна аливаа үзэгдлүүдийн тохиолдож болох хамгийн эрсдэлтэй нөхцөлүүдийг энд тооцоолж, тодорхойлж бичдэг.
Хоёр дахь нь миний зүгээс зөвлөгөө өгч, манай Data science багийн хиймэл оюун ухааныг ашиглан гүйцэтгэсэн 2025 оны хур тунадасны мэдээг долоо хоног бүрээр урьдчилан тооцоолсон тайланг гаргаад байна.
Одоо төвлөрч байгаа ажлуудаас дурдвал, манай уурхайн талбайгаар олон тооны сайр дайрч өнгөрдөг. Тэрхүү дээрээс орж ирж байгаа байгалийн борооны ус талбайгаар дамжихдаа чанар болон тоо хэмжээний хувьд алдагдахгүй байх ёстой. Мэдээж уул уурхайн үйл ажиллагаа явагдаж байгаа учраас усанд ямар нэг бохирдол үүсэж болзошгүй эрсдэл бий. Тиймээс бид тэр асуудалд анхаарч, чанар нь алдагдахгүй байх нөхцөлийг бүрдүүлж ажилладаг. Нөгөөтээгүүр, том үер болж, уурхайн ажиллагаа зогсох эрсдэлтэй. Ийм тохиолдолд үерээс уурхайг хамгаалах, тухайн нөхцөл байдалд бэлэн байх нь маш чухал. Эдгээр асуудалтай холбоотойгоор миний хувьд одоогоор Гадаргын усны менежментийн төлөвлөгөө дээр төвлөрөн ажиллаж байна.
Мөн ойрын хугацаанд уур амьсгалын өөрчлөлт ирээдүйд Өмнийн говь, ялангуяа Ханбогд сумын нутаг дэвсгэрийн хүрээнд хэрхэн өөрчлөгдөх талаарх судалгаа шинжилгээнд төвлөрнө. Өнгөрсөн хугацаанд уур амьсгалын өөрчлөлт хэрхэн явагдсан тухай болон ирээдүйн 2100 он хүртэлх ерөнхий чиг хандлагын тооцоолол гарсан ч мэргэжлийн байгууллагуудтай хамтран илүү сайжруулах, тэдний санал бодлыг тусгах, мөн дасан зохицол, хариу арга хэмжээ зэрэг ажлуудыг тодорхойлж гаргах шаардлагатай байгаа.
Өмнө нь дурдсанчлан манай компанийн Хөрст дэлхий тэргүүлэх чиглэлд “улс орны хэмжээнд усны аюулгүй байдлыг хангах чиглэлээр хамтарч ажиллана” гэсэн зорилго бий. Энэ хүрээнд манайх Хэрлэн Тооно төслийн талаар илүү дэлгэрэнгүй, нарийвчилсан мэдээлэллийг тодруулахын тулд ТЭЗҮ боловсруулах ажлыг санхүүжүүлж байгаа. Мөн орон нутагтаа булаг, уст цэгийн эх үүсвэрийг хамгаалах, тохижуулах, мөн малчдын гар худаг сайжруулах төслийг санаачлан хэрэгжүүлээд байна.

“Тэр хөдөөнөөс явсан ч хөдөө түүнээс явсангүй” гэдэг шиг цөлжилтийн сэдэв надаас ч бас холдоогүй л явна. Учир юу гэвэл “Оюу толгой” компани цөлжилттэй тэмцэх чиглэлд анхаарал хандуулж, Монгол орны хэмжээнд өмнө хийгдсэн судалгааны үнэлгээг нэгтгэн ямар арга хэмжээ авсан, ямар үр дүнд хүрсэн бэ, цаашдаа ямар арга хэмжээ авах хэрэгтэй талаар холбогдох төрийн болон мэргэжлийн байгууллага, экспертүүдийн санал зөвлөмжийг гаргах тал дээр манай Тогтвортой хөгжлийн багийнхан ажиллаж байна.
Энэ ч утгаараа манай компани жил бүрийн зургаадугаар сарын 17-ны Цөлжилттэй тэмцэх дэлхийн өдрийг тохиолдуулан биологийн олон янз байдлын хомсдол, газрын доройтол, уур амьсгалын өөрчлөлт зэрэг сэдвийг тухайн жилийн гол сэдэв болгодог. Улмаар салбарын судлаач, эрдэмтдийн судалгаа, цөлжилттэй тэмцэх, сааруулах чиглэлээр хийсэн туршилтын ажлыг олон нийтэд хүргэх, тухайн асуудлуудыг олны анхаарлын төвд оруулах зорилгоор эрдэм шинжилгээ, сургалтын үйл ажиллагааг зохион байгуулсаар байна. Бид өнгөрсөн оноос эхлэн тус хурлын үйл ажиллагааг олон улсын түвшинд зохион байгуулж эхэлсэн төдийгүй энэ онд усны асуудлыг гол сэдвээ болгоно.
Нэгэнт усны талаар ярьсных сонирхолтой баримт хуваалцъя. Манай “Оюу толгой” компани үйл ажиллагаандаа ашиглаж байгаа байгалийн усыг 88.4 хувийн үр ашигтайгаар зарцуулдаг. Үүнээс гадна хүдэр боловсруулахдаа дэлхийн дунджаас гурав дахин бага буюу нэг тонн хүдэр боловсруулахад 0.33 тонн ус хэрэглэж байна.
11. Та өөрийгөө хэрхэн хөгжүүлж, суралцдаг вэ?
Олон төрлийн сэдвээр ном унших дуртай. Мөн хийж буй ажилтайгаа холбоотойгоор салбарын эрдэмтэн, судлаачдын шинжлэх ухааны өгүүлэл, нийтлэлүүдийг тогтмол уншдаг. Тэндээс өөрт хэрэгтэй санаа авах, арга аргачлал зэрэгт суралцдаг.
12. Санал болгох ном, хөгжим, кино?
Номын хувьд Sapiens: A Brief History of Humankind-ыг санал болгоё. Аль ч салбарын, ямар ч мэргэжилтэй хүн байсан энэ бүтээлийг уншаад үзээрэй.
Киноны тал дээр баримтат бүтээлүүдэд дуртай болохоор Fourteen Peaks-ийг онцолмоор байна. Мөн хамгийн сүүлд үзсэн кино болох түүхэн бодит явдлаас сэдэвлэсэн Sixty Triple Eight хэмээх хар арьст эмэгтэйчүүд II дайны үед ямар үүрэг гүйцэтгэсэн талаарх бүтээлийг санал болгоё.
Дууны тухайд уртын дуучин, МУГЖ Б.Мөнхбаатарын “Хүрэн толгойн сүүдэр”-ийг заавал сонсоорой.

13. Авч байсан хамгийн сайн зөвлөгөө?
Мэдээж олон сайн зөвлөгөө авч байсан ч ээжийн хэлсэн “Миний хүү, хүнтэй эвтэй, нийцсэг байж, чадах чинээгээрээ боловсрол эзэмшээрэй” гэх энэ зөвлөгөөг үргэлж нандигнан санаж явдаг.
14. Бусдад шидэх санаа?
Хувь хүн талаасаа зөвлөхөд, хүн бүрд хүсэл мөрөөдөл, том зорилго бий шүү дээ. Үнэхээр л болгож бүтээе гэж бодож байгаа бол бүхнийг оролдож, бүгдийг эрэлхийлээрэй гэж хэлмээр байна.
Байгаль орчны чиглэлээр мэргэшиж буйн хувьд салбарынхандаа, ялангуяа шинэ залуучуудад “Бидний хийх ёстой хамгийн чухал ажил бол эрсдэлийг үнэлэх, хянах, сэргийлэх, бууруулах, арилгах. Эрсдэлд суурилсан менежментийг хэрэгжүүлэх, мөн орон нутагтайгаа сайн хөрш байж, хамтын ажиллагаагаа төгөлдөршүүлж, тэдэнд тулгарсан байгаль орчны асуудлуудыг хамтдаа шийдвэрлэх нь л манай салбарын амжилттай явах гол түлхүүр, эрхэм зорилго юм шүү” гэж хэлье дээ.


Сэтгэгдэл бичих

