Манай өнөөдрийн зочин бол шүдний салбарт 20 гаруй жил ажиллаж яваа Д.Батсайхан юм. 2003 оноос эхлэн шүдний техникчээр ажилласан түүний хувьд “Энэрэл дент” шүдний эмнэлгээс ажлын гараагаа эхэлсэн бөгөөд Монголдоо анхлан төмөр тагнайтай хиймэл шүдийг 2005 онд танилцуулж, салбартаа хэдийн хүлээн зөвшөөрөгдсөн мэргэжилтэн болж чаджээ. Улмаар 2010 онд эхнэрийн хамт “Сайхан дент” шүдний эмнэлгээ байгуулж, өдгөө хоёр салбартайгаар үйл ажиллагаагаа явуулж буй.
Ингээд хүн ардынхаа эрүүл мэндийн төлөө тасралтгүй зүтгэж ирсэн түүний ажил болоод амьдралын арга барилтай танилцъя.
Байршил: Хан-Уул дүүрэг, 19-р хороо, Улаанбаатар сувилалын зүүн урд 72А байр
Эрхэлдэг ажил: “Сайхан дент” эмнэлгийн үүсгэн байгуулагч, “Монголын шүдний мэргэжилтнүүдийн холбоо”-ны Дэд ерөнхийлөгч
Хэрэглэдэг гар утас: iPhone 13 Pro Max
Хэрэглэдэг компьютер: Macbook Pro
Сошиал хуудас: Веб хуудас
1. ТАНЫ КАРЬЕРААС БИД ЮУ, ЮУГ МЭДЭХ ЁСТОЙ ВЭ?
Би Хөвсгөл аймгийн Мөрөн сумд төрж өссөн. Дээрээ дөрвөн эгч, хоёр ахтай айлын хэнз хүүхэд. Аав маань хүний их эмч байсан тул би багаасаа л энэ салбартай ойр өсөж, эмч болох мөрөөдөлтэй болсон гэж хэлж болно. Тиймдээ ч энэ хүслээ дагаад 2000 онд Эрүүл мэндийн шинжлэх ухааны сургуулийн Сувилахуйн сургуульд Шүдний техникчээр элсэж, 2003 онд сургуулиа төгсөн “Энэрэл дент” шүдний эмнэлгээс ажлын гараагаа эхэлж байв. Улмаар 2004 онд эхнэртэйгээ танилцаж, гэр бүл болцгоон өдгөө таван сайхан хүүхдийн аав ээж болжээ.
Бид 2010 он хүртэл “Энэрэл дент” эмнэлэгтээ ажиллаж байгаад одоогийн “Сайхан дент” шүдний эмнэлгийн суурь болох шүдний лабораторийг байгуулж, тусдаа гарч байлаа. Тухайн үед би шүдний техникчээр ажилласан чамгүй олон жилийн туршлагатай басхүү цөөнгүй үйлчлүүлэгчдийн итгэлийг хүлээж чадсан үе байсан нь бизнесээ өргөжүүлэхэд томоохон түлхэц болж байв. Эхнэр бид хоёр ч цуцалтгүй хөдөлмөрлөж, бүтэн цагаар үндсэн ажлаа хийгээд уйгагүй илүү цагаар ажилладаг байсан. Ингээд 2011 онд албан ёсоор “Сайхан дент”-ийг шүдний эмнэлэг болгон өргөжүүлж, ашиг орлого ч тогвторжин 2016 онд одоогийн байрандаа нүүн ирж байсан юм. Мэдээж энэ хугацаанд асар олон асуудал бэрхшээл тулгарч байсныг хувийн бизнестэй хэн бүхэн гадарлах биз ээ. Товчхондоо бид 0-ээс эхэлж өнөөг хүртэл өөрсдийн хөдөлмөрөөр явж иржээ.
Мэргэжил дээшлүүлэх тухайд миний хувьд “Ач” анагаах ухааны их сургуулийн Нүүр амны их эмч мэргэжлийн ангийг 2019 онд дүүргэж, албан ёсны эмчлэх эрхээ авч байв. Үүний дараа Тайвань Улсыг зорьж, эрүү нүүрний мэс заслын чиглэлээр дадлага хийн агт араа хэрхэн авах, имплант яаж суулгах, эрүүний гажгийг хэрхэн засах зэрэг нарийн мэргэшилд суралцсан. Мөн 2021 онд “Глобал удирдагч” Их сургуульд Эрүүл мэндийн бодлого, удирдлага чиглэлээр магистрын зэрэг хамгаалж, салбараа илүү том зургаар харах, эрүүл мэндийн салбарын бодлогыг удирдах чадвараа дээшлүүлж чадсан гэж боддог.
Бидний хувьд 2019 онд эмнэлгийнхээ хоёр дахь салбарыг нээж, одоог хүртэл тогтвортой үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд жил ирэх тусам ур чадвар болоод техник технологийн тал дээр сайжруулалт, хөгжүүлэлт хийж ирсэн.
2. ТАНЫ АЖЛЫН ДУНДАЖ НЭГ ӨДӨР ХЭРХЭН ӨНГӨРДӨГ ВЭ?
Миний ажлын нэг өдөр хүүхдүүдээ сургууль, цэцэрлэгт нь хүргэж өгөхөөс эхэлдэг. Өглөө аль болох эрт босож, аавын үүргээ гүйцэтгээд 09:00 цагийн үед ажилдаа ирнэ. Би олон жил шүдний техникчээр ажилласан болохоор ажлын дийлэнх цагтаа хиймэл шүдний загвар гаргах, ажилтнууддаа заавар чиглэл өгдөг. Мөн мэс ажилбар хийх шаардлагатай тохиолдолд хоёр дахь салбар руугаа явна. Ер нь хаана л миний хэрэг байна тэнд цаг алдалгүй байхыг хичээдэг дээ.
Ажлуудаа амжуулчхаад сургууль, цэцэрлэгийн алба тарах цагаар хүүхдүүдээ аваад гэрийн зүг хөдөлнө. Заримдаа ажил ихтэй үед оройн хоолны дараа буцаад ажил дээр ирэх тохиолдол ч бий.
3. ТАНЫ АЖЛЫН НӨҮ-ХАУ?
Хичээл зүтгэлтэй, хөдөлмөрч тууштай байдал бол миний ажлын гол арга барил. Аль ч салбарт, ямар ч чиглэлээр амжилт гаргахад эдгээр зан чанар хамгийн чухал суурь болж өгдөг. Үүн дээр мэдлэг ухаан, ур чадвар, туршлага нэмэгдэхээр хийж буй ажлын үр дүн угаасаа чанаржаад ирнэ.
4. АШИГЛАХГҮЙ БАЙЖ ЧАДДАГГҮЙ АПП, ХЭРЭГСЛҮҮД ЮУ ВЭ?
Аль ч салбар техник, технологийн дэвшилгүйгээр урагшлахгүй. Манай шүдний салбар ч ялгаагүй байнгын сайжруулалт, хөгжүүлэлт шаардаж байдаг. Тэр ч утгаараа ажлын хүрээнд ашигладаг хамгийн гол програм нь CAD/CAM. Амны хөндийг гурван хэмжээст дүрслэлд оруулах, загвар бүтээх, эмчилгээний төлөвлөгөө гаргах зэргээр шүдний салбарынхны чухал хэрэгсэлд тооцогддог.
Хувийн хэрэглээнд хүн бүрийн өргөн ашигладаг YouTube, Viber, Whatsapp, LinkedIn тэргүүтэй олон нийтийн сүлжээний аппуудыг хэрэглэж байна.
5. ЦАГ ХЭМНЭХ ХАМГИЙН САЙН АРГА ТАНЬ ЮУ ВЭ?
Хувийн зохион байгуулалт маш сайн байх ёстойн зэрэгцээ ажил болоод амьдралын зааг ялгаа, тэнцвэрт байдлыг хадгалж байх нь чухал. Тухайлбал, нэг өдрийг зөвхөн эмчийн ажилд, өөр нэг өдрийг хиймэл шүд хийхэд, дахиад нэг өдрийг холбооны ажилд төвлөрөхдөө зориулдаг. Мөн зайлшгүй нэг өдрийг спорт, идэвхтэй хөдөлгөөнд зарцуулахаа мартаж болохгүй.
Миний хувьд хамгийн чухал ажлаа нэн тэргүүнд тавьж, ажлуудаа эрэмбэлж чадвал цаг хэмнэх хамгийн сайн арга болдог шүү.
6. ХИЙХ АЖЛАА ХЭРХЭН ТӨЛӨВЛӨДӨГ ВЭ?
Ойрын хугацааны, өдөр тутмын ажлуудаа гар утасны Notes дээр тэмдэглэдэг. Үйлчлүүлэгчдийн цагийн хуваарь эртнээс гаргачихдаг болохоор ажлын хувьд харьцангуй амар. Жишээ нь, нэг шүдэлбэр хийхэд долоон хоног зарцуулна гэвэл өдөр өдөрт нь ажлуудаа хуваарилдаг гэх үү дээ.
Харин урт хугацааны алсыг харсан төлөвлөлтүүдээ дэвтэртээ бичдэг дадалтай.
7. ЭРЧ ХҮЧЭЭ ХЭРХЭН СЭЛБЭДЭГ ВЭ?
Миний хувьд хэчнээн их ажилтайгаас үл хамаарч ням гараг бүрийг гэр бүлдээ бүрэн дүүрэн зарцуулахыг хичээдэг. Мөн чөлөөт цагаараа сагсанбөмбөг, гарбөмбөг, биллъярд, хөлбөмбөг, унадаг дугуй зэрэг спортоор хичээллэхийг боддог доо.
8. ҮНДСЭН АЖЛЫНХАА ХАЖУУГААР ДУРЛАЖ ХИЙДЭГ ТӨСӨЛ/АЖИЛ ЮУ ВЭ?
Би 41 жилийн түүхт “Монголын шүдний мэргэжилтнүүдийн холбоо”-нд 2022 оноос Дэд ерөнхийлөгчийн албыг гүйцэтгэж байна. Манай холбоо нь 21 аймаг, есөн дүүрэг, таван бүсийн нийт 2600 орчим шүдний эмч, мэргэжилтнүүдийг эгнээндээ нэгтгэсэн. Үүрэгт ажлынхаа хүрээнд өнгөрсөн хугацаанд 21 аймгаар бүсчлэн тойрч, шүдний өвчлөлийг бууруулах ажлуудтай танилцсан. Түүнчлэн салбарынхаа эмч, мэргэжилтнүүдийг БНСУ-ын Сөүл, Йонсей их сургуулиуд болон имплантын үйлдвэрүүдтэй танилцуулж, чадавхжуулсаны сацуу хамтын ажиллагааг сайжруулах зорилгоор тэмцээн уралдаан, уулзалт хурлыг тогтмол зохион байгуулдаг.
Үүний зэрэгцээ нэгэн том ажлыг бүтээгээд буй нь Монгол Улсын Засгийн газрын 322 дугаар тогтоол бүхий “Эрүүл шүд” арга хэмжээг эхлүүлэхэд манай холбоо чухал үүрэг гүйцэтгэж, энэ оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс дөрвөн жилийн хугацаанд хэрэгжүүлэх шийдвэр гараад байгаа. Шүдний өвчлөл асар өндөр манай оронд энэ арга хэмжээ үр өгөөжөө өгнө гэдэгт эргэлзэхгүй байгаа ч өнөөдрийг хүртэл хагас жилийн хугацаанд хэрэгжих ажлуудын талаар тодорхой чиглэл ирээгүй байгаа нь эл асуудалд санаа зовж, илүү анхаарал хандуулах шаардлагыг бий болгож байна. Магад хэн нэгний сонгуулийн “шоу” болчих вий хэмээн битүүхэндээ зовниж байгааг нуух юун.
9. ХИЙЖ БУЙ АЖЛЫН ОНЦЛОГ ЮУ ВЭ? ЭЕРЭГ САЙН БА ХЭЦҮҮ БЭРХШЭЭЛТЭЙ ТАЛУУД?
Эрүүл мэндийн салбар гэдэг нэг талаараа хүн ардыг энх амьдрахад чухал үүрэг гүйцэтгэж, тэр чинээгээрээ олны хайр хүндлэлийг хүлээдэг нь гайхалтай. Нөгөөтээгүүр хүний амь нас, эрүүл мэндтэй холбоотой ажил учраас асар өндөр хариуцлага, ур чадвар, туршлага шаардах нь гарцаагүй. Товчхондоо эерэг сайн болон хэцүү бэрхшээлтэй тал нэгэн зэрэг яригддаг салбар юм.
Үндсэн шүдний техникчийн ажлын онцлог гэвэл, гар, нүд, сэтгэл, ухааны урын үндсэн дээр үйлчлүүлэгчийн хүссэн шүдэлбэр бүтдэг гэж үздэг. Тиймдээ ч хиймэл шүд хийх бүхий л үйл явцад амандаа байгаа мэтээр төсөөлж, үйлчлүүлэгч маань үүнийг зүүгээд надтай ижил тухтай мэдрэмж аваасай хэмээн хүсдэг дээ. Харин хүндрэлтэй талын тухайд халдвар авахаас эхлээд харшилтай болох гэх мэт хувь хүнд тохиож болох олон эрсдэл бий. Ялангуяа шүдэлбэр хийх материал, түүнийг хийх явцад гарах тоосонцор, үнэрээс харшлах нь энүүхэнд. Гэсэн ч нэгэнт сонгосон мэргэжил, гаргасан шийдвэр болохоор эргэж буцах эрх үгүй.
Нийт салбарын талаас бэрхшээлтэй асуудал гэвэл бишгүй олон бий. Наад зах нь өвдсөн шүдээ эмчлүүлье гэхээр улсын эмнэлэг нь хэдэн сарын дараа цагтай. Хувийн эмнэлгүүд нь үнэтэй. Гэтэл шүдний өвчлөлөөс үүдээд үүсэж болох асар олон төрлийн аюулт өвчин байдаг. Тухайлбал, манай улсад шүдний өвчлөл 90 гаруй хувьтай буюу асар өндөр. Насаар нь бага, дунд, ахмад гээд авч үзвэл бага насныхны шүдний өвчлөл асар өндөр, дунд үеийнхний дийлэнх нь эрүүний гажигтай, ахмадуудын 99 орчим хувь нь шүдгүйдэлтэй байх жишээний. Энэ асуудалд ард иргэдийн талаас ч, төр засгийн зүгээс ч төдийлөн ач холбогдол өгөхгүй байгаа нь нөхөж болшгүй хүндрэл үүсгэж байна.
10. ТА ОДОО ЮУН ДЭЭР ТӨВЛӨРЧ БАЙГАА ВЭ? ОЙРЫН ТӨЛӨВЛӨГӨӨ?
Би 2024 оны УИХ-ын сонгуулийн 10-р тойрогт ХҮН намаас нэр дэвшиж байгаа. Тиймдээ ч сүүлийн үед сонгуульт ажилдаа төвлөрч, нийгмийн оролцоог хангасан үйл ажиллагаануудад анхаарч байна. Миний хувьд эрүүл мэндийн салбарт эд ажиллаж яваа залуу мэргэжилтэн басхүү таван хүүхдийн аав гэдэг утгаараа манай нийгэмд тулгамдаад буй хүүхдийн өвчлөл, нярайн эндэгдэл, нас баралт зэрэг олон асуудалд санаа зовж явдаг юм. Хэн ч хайртай дотнын нэгнээ цаг нь болоогүй байхад алдах ёсгүй шүү дээ. Тиймдээ ч эдгээр асуудалд өөрийн зүгээс чадах бүхнээ хийж, хувь нэмрээ оруулахыг хүсэж байна. Энэ бол хэн ч хүчлээгүй зөвхөн миний хүсэл эрмэлзэл.
11. ТА ӨӨРИЙГӨӨ ХЭРХЭН ХӨГЖҮҮЛЖ, СУРАЛЦДАГ ВЭ?
Нэгдүгээрт, сониуч зан. Би багаасаа л аливаа юмсыг хэрхэн хийж, яаж бүтээж байгааг ажиглан хараад өөрөө туршиж үздэг хүүхэд байлаа. Энэ бол өөрийгөө хөгжүүлж, суралцахад маш чухал зан чанар. Хоёрдугаарт, тууштай байдал. Эхлүүлсэн ажлынхаа ард гарах нь тэрхүү сурч мэдсэн зүйлсээ өөртөө батжуулах гол арга.
12. САНАЛ БОЛГОХ НОМ, ХӨГЖИМ, КИНО?
Миний хувьд хайрын дуунуудад их дуртай. Ялангуяа П.Идэржавхлан, З.Онон хоёрынхоо дууг шимтэн сонсдог. Харин уншигчдадаа санал болгох дуу гэвэл аавынхаа дуртай байсан “Ээж минь дээ” гэх бүтээлийг сонсоорой гэж хүсье.
Номын тухайд саяхан бэлгэнд авсан “Монгол” хэмээх бүтээлийг санал болгоё. Чингис хааны нэг шөнийн бодлын тухай өгүүлдэг юм. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Багабандийн “Титэм үг” номыг санал болгомоор байна.
Кино гэвэл төдийлөн үзэх цаг гардаггүй болохоор санал болгох кино байхгүй байна. Ерөнхийдөө адал явдалтай төрлийн кинонуудад дуртай.
13. АВЧ БАЙСАН ХАМГИЙН САЙН ЗӨВЛӨГӨӨ?
Аав ээжийн маань “Бусдын сайн сайхны төлөө үргэлж тустай, дэмтэй яваарай. Алдах зүйл байдаггүй юм шүү. Хамгийн чухал нь худал хэлж, хулгай хийлгүй зөв амьдраарай.” гэсэн захиас огт санаанаас гардаггүй.
14. БУСДАД ШИДЭХ САНАА?
Эрүүл байвал бүх зүйл болно гэж ярьдаг шүү дээ. Үүний адилаар би хүн бүрийг эрүүл энх, аз жаргалтай амьдраасай хэмээн хүсэж байна. Үүнд таны үүрэг хариуцлага чухал гэдгийг бүү мартаарай.
Мөн мэргэжлийн зүгээс зөвлөхөд махан хоолыг хамгийн багадаа 60, хүнсний ногоог 30-35 удаа зажилсны дараа залгих хэрэгтэй. Ингэж байж хоол боловсруулах эрхтэнд бага ачаалал үзүүлж, цаашид үүсэж болох өвчлөлүүдээс сэргийлж чадна.
Энэхүү нийтлэлийг 2024 оны УИХ-ын сонгуулийн 10-р тойрогт ХҮН намаас нэр дэвшигч Д.Батсайханы Сонгуулийн штабтай хамтран бүтээв.
Монгол Улсын УИХ-ын ээлжит сонгууль 2024 оны зургаадугаар сарын 28-ны өдөр болно. Манай редакц залуу мэргэжилтнүүдийн улс төрийн боловсролыг нэмэгдүүлэх, сонгуулиа өгөх сэдлийг өдөөх зорилгоор Редакцын бодлогынхоо хүрээнд нэр дэвшигч, нам эвслүүдтэй хамтран ажиллаж байна.