Бид шинэ дугаарынхаа зочноор сүүлийн арав орчим жилийн хугацаанд хурдацтайгаар өргөжин тэлж буй бүс нутаг болох нийслэлийн Хан-Уул дүүргийг төлөөлөн ажиллаж буй нэгэн эрхмийг урилаа.   

Тэрээр барилга, хот төлөвлөлтийн салбараас орон нутгийн үйл хэрэг рүү хөрвөж, Хан-Уул дүүргийн ИТХ дахь МАН-ын бүлгийн дарга, ИТХ-ын Төлөөлөгч, Засаг даргын нэгдүгээр орлогч, МАН-ын Бага хурлын гишүүний албыг тус тус хашиж байжээ.    

Байршил: Хан-Уул дүүрэг
Эрхэлдэг ажил: Хан-Уул дүүргийн ИТХ-ын дарга
Хэрэглэдэг гар утас: iPhone 14 Pro
Хэрэглэдэг компьютер: iMac M1
Сошиал хуудсууд: Гомбосүрэнгийн Батсайхан


1. таны карьераас бид юу юуг мэдэх ёстой вэ?

Би жирийн нэгэн сэхээтэн гэр бүлээс гаралтай. Аав маань социализмын үеийн төр нийгмийн зүтгэлтэн. Харин би гэр бүлийн хүмүүжлээс тэс хөндлөн зүг рүү зүтгэж, авто инженер болохыг мөрөөддөг байсан ч эцэг эхийнхээ зөвлөснөөр эрх зүйн чиглэлээр МУИС-д суралцаж төгссөн. Гэсэн хэдий ч мөрөөдлөө нэг мөр орхилгүй, ХБНГУ-д барилга, хот төлөвлөлтийн инженерээр суралцахаар явж байлаа.

Дипломоо өвөртлөн Монголдоо буцаж ирээд төрийн байгууллагаас ажлын гараагаа эхэлж, дараа нь барилгын салбарт нэлээд хэдэн жил ажилласан. Хэдийгээр миний хүсэж суралцсан мэргэжил өөр байсан ч өссөн орчин гээч зүйл хэн бүхний хэтийн төлөвт нөлөөлдөг юм билээ. Нөгөөтээгүүр хүний ахуй амьдрал цэгцрээд ирэхээр нийгмийн оролцоо нь нэмэгдэж, сурсан мэдсэнээ олон нийтэд түгээхийг эрмэлздэг байж мэдэх юм. Тэр ч утгаараа 2012 оноос эхлэн орон нутгийн үйл хэрэгт хүчин зүтгэхээр шийдэж, өнөөдрийг хүртэл ажиллаж байна.

2. таны ажлын дундаж нэг өдөр хэрхэн өнгөрдөг вэ?

Өглөөг 06:30-07:00 цагийн хооронд эхлүүлдэг дадалтай. Бидний ажил иргэд олон нийтэд ямагт нээлттэй байх шаардлагатай болохоор төлөвлөх нь бүү хэл төсөөлөө ч үгүй ажлууд элбэг тохиодгоороо онцлог. Тухайлбал, манай дүүргийн иргэн санал хүсэлтээ илэрхийлэхээр ирсэн тохиолдолд төлөвлөгөөт ажлаа хойш тавихаас өөр аргагүй. Энэ нь ч зүйн хэрэг. Гэх мэтчлэн гэнэтийн уулзалтууд болон төлөвлөгөөт ажлууд хосолсоор ажлын нэг өдөр өнгөрдөг.


3. таны ажлын нөү-хау?

Манай дүүрэгт үе үеийн төлөөллүүд гар нийлэн ажилладгаараа онцлогтой. Удирдах албан тушаалтны хувьд ажилтнуудынхаа нас болон туршлагад нь тохируулан ажил үүргээ хуваарилахыг зорьдог. Тухайлбал, ажлын гараагаа дөнгөж эхэлж буй залууст дөр суулгаж, ажилтай нь танилцуулах үүднээс төлөвлөгөө гаргах, мэдээлэл боловсруулах зэрэг ажлуудыг даалгадаг бол ахлах мэргэжилтнүүддээ бусад ажлыг хуваарилдаг жишээтэй.

4. ашиглахгүй байж чаддаггүй апп, хэрэгслүүд юу вэ?

Өмнө нь инженерээр ажиллаж байхдаа мэргэжлийн онцлогоос шалтгаалан AutoCAD дээр түлхүү ажилладаг байсан.

Харин төр, захиргааны үйл хэрэг нь ямагт бичиг цаастай холбоо хамааралтай байдаг тул тэр бүр гар утасны апп ашиглаад байдаггүй. Харин хувийн төлөвлөгөө гаргахдаа Notes аппыг ашиглах нь бий.


5. цаг хэмнэх хамгийн сайн арга тань юу вэ?

Миний хувьд Хан-Уул дүүргийн 300 мянган иргэний төлөөлөл гэдэг утгаараа иргэдийн санаа бодол, хүсэл зоригийг үйл хэрэгтээ тусгахын тулд чанартай уулзалтуудыг зохион байгуулж, иргэдийн хэрэгцээ шаардлагыг харгалзан үзэхийг зарчим болгодог. Тэгж гэмээнэ гаргасан шийдвэр, хэрэгжүүлсэн ажлууд маань тусгалаа олж, үйл хэргээ өргөжүүлэх урам зоригоор цэнэглэгдэнэ шүү дээ. Тиймээс хэдий чинээ бүтээмжтэй ажиллана, төдий чинээ цаг хэмнэх боломжтой.

Цаг бол алт гэдэгтэй би хувьдаа санал нийлдэг. Гэхдээ хүн хэчнээн цаг хэмнэх шилдэг аргатай, түүнийхээ хүчинд их ажил нугалдаг байлаа ч ажлаасаа сэтгэл ханамж авч чадахгүй бол ямар хэрэг байх билээ.

6. хийх ажлаа хэрхэн төлөвлөдөг вэ?

Хэдийгээр төлөвлөгөөт ажлууд маань гэнэтийн уулзалтуудаас хамааран эвдэгдэх нь олонтаа ч ажлын цаг дуусахаас өмнө маргаашийн ажлуудаа төлөвлөдөг.


7. эрч хүчээ хэрхэн сэлбэдэг вэ?

Амралтын өдрүүдийг үл харгалзан ажиллах тохиолдол цөөнгүй байдаг болохоор чөлөөт цаг гарах нь төдийлөн хомс. Гэхдээ сүүлийн үед өөртөө цаг гаргаж, басхүү эрүүл мэнддээ анхаарах зорилгоор алхах, дугуй унах дадлыг суулгахаар хичээж байна.

8. үндсэн ажлынхаа хажуугаар дурлаж хийдэг төсөл | ажил бий юу?

Сүүлийн таван жилийн хугацаанд “Шинэ Улаанбаатар” ТББ-аараа дамжуулан нийгэм рүү чиглэсэн эрүүл мэнд, хувь хүний хөгжлийн ажлуудыг хэрэгжүүлж эхлээд байна. Тухайлбал, хэдхэн хоногийн өмнө “Мэдрэг мазаахай” төсөл маань нээлтээ хийлээ. Уг төслийн хүрээнд "Хүнсний мэдрэгшил" сэдэвтэй холбогдуулан эмч, хоолзүйн мэргэжилтнүүд дүүргийн хэмжээнд үнэ төлбөргүй сургалт, зөвлөгөөг зохион байгуулж байгаа юм.


9. хийж буй ажлын тань онцлог юу вэ? эерэг сайн ба хэцүү бэрхшээлтэй талууд?

Дүүргийнхээ бүх эд эстэй холбогдож, булан тохой бүрийг нь тэмтэрч ажилладаг нь миний ажлын онцлог бас давуу тал.

Өмнө нь хэлсэнчлэн иргэдийг чилээлгүй, түргэн шуурхай хүлээн авч уулздаг учраас төдий чинээгээр төлөвлөгөөт ажлууд хойшлох эрсдэлтэй. Гэхдээ нийгмийн бодит дуу хоолойг сонсоно гэдэг цаашид гаргах шийдвэрүүдийн эхлэл болдог учраас хамгийн үр ашигтай ажил хэмээн ойлгож ч болох юм.

10. та одоо юун дээр төвлөрч байгаа вэ?

Иргэдийн төлөөлөгчдийн хурлыг чухам ямар чиг үүргийн дагуу ажилладгийг хүмүүс тэр бүр мэддэггүй. ДИТХ нь 35 төлөөлөгчтэй ба дүүргийн хэмжээнд хэрэгжүүлэх бүхий л асуудлыг хэлэлцэж, төсөв батлан, шаардлагатай нөхцөлд шинэчлэн сайжруулах, бүтээн байгуулах ажлыг хэрэгжүүлэх боломж олгодог.

Бид энэ долоо хоногт төсвийн тодотгол хийхээр төлөвлөж байна. Тухайлбал, энэ оны төлөвлөгөөнд тусгагдсан ч хараахан бүрэн дуусаагүй ажлуудын хөрөнгийг татаж, дараа ондоо шилжүүлэх эсвэл он дуустал бүрэн гүйцэтгэж амжих ажлуудаа санхүүжүүлдэг.


11. та өөрийгөө хэрхэн хөгжүүлж суралцдаг вэ?

Өдөр тутамдаа төрөл бүрийн сэдвээр дүүргийнхээ иргэдтэй санал солилцдог. Тэдний санал хүсэлтээр дамжуулан дүүрэгтээ тулгараад буй асуудлуудын талаарх мэдээллээ зузаатгахаас гадна нэг хүний хэлсэн санал хүсэлтийг нэг шинэ санаа болгон хүлээж авч, аль оновчтойг нь ажилдаа тусгахыг боддог. Сүүлийн үед төрөл бүрийн мэдээллийн хэрэгслийг ашиглан хотын сэргээн босголт, бүтээн байгуулалттай холбоотой стандарт, шилдэг технологиудыг судалж байна.

12. санал болгох ном, кино, хөгжим?

Ном - Английн зохиолч Томас Майн Ридийн “Морь унасан толгойгүй хүн” романыг залуучуудад санал болгоё. Уг бүтээлээс та бүхэн олон ургальч амьдралын хэв маягыг олж харна гэдэгт найдаж байна.

Хөгжим - Майкл Жексоны “Dangerous” дууг санал болгоё. Хэдийгээр орчин үед хөгжмийн урлаг олон төрлөөр хөгжиж байгаа ч Майкл Жексонтой эн дүйцэх уран бүтээлч дахин төрнө гэдэг юу л бол.

Кино - Одоо үед олон ангит кино залуусын анхаарлыг ихэд татах болж. Цуврал бүтээлийн хувьд “Game of Thrones” шилдэг нь. Хүний амьдралд тохиох төрөл бүрийн тэмцлийг олон талаас нь харуулсан сайн бүтээл гэж боддог.



13. авч байсан хамгийн сайн зөвлөгөө?

Хамгийн түрүүнд "Эзэн хичээвэл заяа хичээнэ" хэмээх зүйр үг санаанд орлоо. Албан ажил болон ахуй амьдралдаа ч мөрдлөг болгодог үг.

14. бусдад шидэх санаа

Ажил хүнийг голохоос биш хүн ажлыг голох учиргүй. Залуу хүн өндөр албан тушаалд яарах эсвэл тэрбумтан болох гэж санаархах хэрэггүй гэж боддог. Хүн залуу насандаа бүх зүйлийг хийж үзэх хэрэгтэй. Тэгж гэмээнэ төлөвшиж, туршлага хуримтлуулж, алсдаа өсөх карьерынхаа эхлэлийг тавьдаг. Тиймээс залуусыг аливаад битгий голомтгой сэтгэлээр хандаарай гэдгийг захих байна.