Бидний энэ удаагийн зочин бол мэдээлэл, технологийн салбарт 24 жилийн туршлагыг бүтээсэн Н.Баттулга юм. Электроникийн инженер мэргэжилтэй тэрээр 1998 онд их сургуулиа төгсөөд багш нарынхаа үүсгэн байгуулсан "М-Си-Эс Электроникс" компанид засварын инженерээр ажлын гараагаа эхлүүлжээ. Компанидаа борлуулагч, борлуулалтын албаны дарга, үйл ажиллагаа хариуцсан захирал, ерөнхий захирлын албан тушаалд дэвшин ажилласаар өдгөө Могул Группийн ерөнхийлөгчөөр ажиллаж буй.
Могул Групп нь энэ онд дата төвөө байгуулсантай холбоотойгоор хэрэглэгчдэдээ үүлэн технологийн үйлчилгээг санал болгохоор Сингапурын компанитай хамтран ажиллаж байгаа юм. Ташрамд дурдахад түүний удирдаж буй Ай Ти Зон компанийн 25 жилийн ой болон Могул Групп компани үүсгэн байгуулагдсаны арван жилийн ой энэ жил тохиож байна.
Байршил: “Хаан” цамхгийн 22-р давхар
Эрхэлдэг ажил: “Ай Ти Зон” компанийн ерөнхий захирал, “Могул” группийн ерөнхийлөгч
Хэрэглэдэг гар утас: Samsung Galaxy Z Fold4
Сошиал хуудсууд: Tulga Noro (Фэйсбүүк), nobattulgat (Твиттер), Battulga Norolkhoojav (ЛинкэдИн)
1. ТАНЫ КАРЬЕРААС БИД ЮУ, ЮУГ МЭДЭХ ЁСТОЙ ВЭ?
Би 1998 онд МУИС-ийн Физик, электроникийн (одоогийн Хэрэглээний шинжлэх ухаан, инженерчлэлийн) сургуулийг электроникийн инженер мэргэжлээр төгссөн. Төгссөн даруйдаа тухайн үед багш нарынхаа "М-Си-Эс" компанитай хамтран байгуулаад удаагүй байсан “М-Си-Эс Электроникс” (Ай Ти Зон) компанид ажлын гараагаа эхлүүлж өнөөдрийг хүртэл 24 жил тус компаниар овоглон ажиллаж байна. Миний ажил, карьерын бүхий л мөч “Ай Ти Зон” компанитай нягт холбогддог тул ажлын намтар маань бичгийн цаасны талд нь очоод л дуусчихдаг юм. (инээв)
Манай компани 2013 онд “М-Си-Эс” Групптэй менежментийн хувьчлалын гэрээ хийсэн нь Монголдоо томоохонд тооцогдох, анхдагчдын нэг болсон. Товчхондоо тэр үед “М-Си-Эс” Групп нь таван жилийн хугацаанд компанийн үнэлгээг эргэн төлөх нөхцөлтэйгөөр “М-Си-Эс Электроникс” компанийн менежмент, үйл ажиллагааг 100 хувь хариуцан ажиллаж байсан баг хамт олонтой гэрээ байгуулж байсан юм. Тэр их хэмжээний итгэл хүлээлгэн, найдвар тавьж байсан "М-Си-Эс" Группийн удирдлагуудад манай хамт олон үргэлжид талархаж явдаг. Ингээд бид эдийн засгийн хямрал, долларын ханшны зөрүү зэрэг хүндрэлтэй нөхцөл байдлыг амжилттай даван гарч, гэрээний нөхцөлийг хугацаанаас нь өмнө дуусгаж байв.
2013 онд “Ай Ти Зон” компани хувьчлагдсан цагаас хойш мэдээлэл технологийн салбарын хөгжлийг дагаад бид үндсэн компанидаа бүтцийн хувьд томоохон өөрчлөлтүүдийг хийх шаардлагатай нүүр тулсан. Өөрөөр хэлбэл, нэг компанийн нэр дор олон бизнес, үйл ажиллагааны чиглэлүүдтэй байв. Салбарын хөгжил, бизнесийн тэлэлт явагдсаны үр дүнд эдгээр бизнес чиглэлүүдийг төрөлжүүлсэн бөгөөд зарим бизнесийн газар, хэлтсийг компанийн бүтэцтэй болгож, бие даасан удирдлагад даатган ажиллаж эхэлсэн. Одоогоор компьютерын техник хангамжийн худалдаа, үйлчилгээ, барилга, үйлдвэрлэлийн автоматжуулалт, IT үйлчилгээ, ERP болон програм хангамж, ложистикийн чиглэлээр таван компани ажиллаж байна.
2. ТАНЫ АЖЛЫН ДУНДАЖ НЭГ ӨДӨР ХЭРХЭН ӨНГӨРДӨГ ВЭ?
Миний хувьд “Ай Ти Зон” компанийн ерөнхий захирал, “Могул” Группийн ерөнхийлөгчийн алба хашдаг. Тэгэхээр өмнө дурдсан охин компаниудынхаа үйл ажиллагааны тогтвортой байдалд анхаарал хандуулах нь миний үндсэн үүрэг. Ажлын таван өдрөө нэг нэгээр нь охин компани тус бүрдээ хуваарилан, удирдлага, менежментийн багтай нь уулзаж, мэдээлэл солилцох байдлаар өнгөрүүлдэг гэж ойлгож болно.
Мөн улирал бүр зохион байгуулдаг захирлуудын зөвлөлийн хурлыг энэ оноос хагас жил тутамд болгон цөөлсөнтэй холбоотойгоор цаг зав харьцангуй элбэг болсон. Тэр хугацааг аль болох ажилтнууддаа зарцуулахыг хичээж байгаа. Үүнээс гадна томоохон хөрөнгө оруулалт, шинэ бизнесүүдийн хөгжүүлэлтийг хариуцан ажилладаг учраас ажлын дундаж нэг өдрийнхөө ихэнх хугацааг үүнд зарцуулдаг.
3. ТАНЫ АЖЛЫН НӨҮ-ХАУ?
Чин үнэнийг хэлэхэд тийм зүйл байхгүй гэхэд хилсдэхгүй. (инээв)
Өдийг хүртэл ажлаа үр бүтээмжтэй, амжилттай явуулахад баримталж ирсэн нэг зарчим гэвэл асуудлын голыг олох юм уу даа. Мэдээж асар олон асуудал тулгарна. Гагцхүү хамгийн чухлыг нь олж харах хэрэгтэй. Бизнесийн салбарт төрөл бүрийн хүнтэй хамтран ажилладаг удирдагч хүний хувьд асуудал бүрд оролцохоос илүүтэй гол асуудалдаа төвлөрч чаддаг байх нь чухал.
4. АШИГЛАХГҮЙ БАЙЖ ЧАДДАГГҮЙ АПП, ХЭРЭГСЛҮҮД ЮУ ВЭ?
Би сошиал апп-уудыг идэвхтэй ашигладаг төрлийн хүн. Facebook, Twitter-ийг голчлон хэрэглэнэ. Цаг үеийн мэдээлэл, нийгмийн сэтгэл зүй хааш чиглэж байгаа тухай чимээ анирыг эдгээр эх сурвалжаас цаг алдалгүй авдаг.
Харин ажлын орчинд өдөр тутамдаа Microsoft 365 системийн Teams, Outlook гэх мэт апп-уудыг ашиглана. Мөн тухайн харилцагч талаасаа шалтгаалаад чат апп-уудыг өргөн ашигладаг. Жишээ нь, АНУ, Зүүн Өмнөд Азийнхантай Whatsapp, БНХАУ-тай Wechat, Япон болон Монголдоо Viber, Messenger зэргийг өдөр тутмын харилцааныхаа гол хэрэгсэл болгосон. Мэдээж хэрэглээгээ дагаад сайн гар утастай байх хэрэгтэй. Миний хувьд том дэлгэцтэй Samsung Galaxy Z Fold4 загварын гар утсыг ашиглаж байна. Зөөврийн компьютерыг орлохуйц загвар хийц, үйлдлүүдтэй нь их таалагддаг.
5. ЦАГ ХЭМНЭХ ХАМГИЙН САЙН АРГА ТАНЬ ЮУ ВЭ?
Миний хувьд аль болох долоо хоногоор нь ажлаа төлөвлөхийг хичээдэг. Бүх зүйлийг нарийн төлөвлөх амаргүй учраас хамгийн чухал гэсэн ажлуудаа тухайн долоо хоногтоо хуваан төлөвлөнө. Өөрөөр хэлбэл, 50 хувийг нь сайтар төлөвлөсөн байхад үлдсэн хувьд нь гарч ирэх гэнэтийн ажлуудыг цаг алдахгүй зохицуулах боломжтой байдаг.
6. ХИЙХ АЖЛАА ХЭРХЭН ТӨЛӨВЛӨДӨГ ВЭ?
Outlook-ийн календарьд ажлуудаа оруулах байдлаар төлөвлөнө. Бусдаар бол онцгой төлөвлөх арга байхгүй дээ.
7. ЭРЧ ХҮЧЭЭ ХЭРХЭН СЭЛБЭДЭГ ВЭ?
Би гольфийн спортоор хичээллээд багагүй хугацааг өнгөрүүлж байна. Зуны улиралд энэ спортоор тогтмол хичээллэдэг. Оффист ихэнх цагийг сууж өнгөрүүлдэг болохоор идэвхтэй хөдөлгөөнийг мартаж болохгүй. Мөн төрөл бүрийн спорт тоглолтуудыг үзэх дуртай.
8. ҮНДСЭН АЖЛЫНХАА ХАЖУУГААР ДУРЛАЖ ХИЙДЭГ ТӨСӨЛ/АЖИЛ ЮУ ВЭ?
Групп компани дотроо хүний нөөцийн үйл ажиллагаануудыг тасралтгүй зохион байгуулдаг. Манай захирлууд сэдвүүдээ хуваан авч, шинэ ажилтнууддаа танилцуулах сургалтуудыг явуулж хэвшсэн. Харин миний хувьд ихэвчлэн компанийнхаа алсын хараа, стратегийн талаар яриа өрнүүлдэг.
Түүнчлэн компани доторх менторшип хөтөлбөртөө менторын үүрэгтэй.
9. ХИЙЖ БУЙ АЖЛЫН ОНЦЛОГ ЮУ ВЭ? ЭЕРЭГ САЙН БА ХЭЦҮҮ БЭРХШЭЭЛТЭЙ ТАЛУУД?
Хэдхэн жилийн өмнө танил бус байсан цахим шилжилт цар тахлын нөлөөгөөр асар хурдацтай өрнөж, мэдээлэл, технологийн салбарын хөгжлийг сонирхолтой шатанд авчирчээ. Биет харилцаа эрс багассанаас үүдэн хүн төрөлхтөн гар утасны олон төрлийн апп, компьютерын програм хангамжуудыг ихээхэн ашиглах болсон нь хэрэглэгч болон үйлдвэрлэгч талуудын аль алинд нь цааш хөгжих шаардлагатайг ойлгуулсан.
Нэг талаараа хүлээн авагчдын хувьд бүхий л түвшний мэдээлэл, технологийн хэрэглээ, түүнийг дагасан боловсрол сайжирсан бол нөгөө талаас энэ салбарын компаниуд ч дараагийн түвшинд гарч, өсөлт гаргасан байна. Өөрөөр хэлбэл, зарим хэсэгт нь хөгжин дэвших таатай эерэг боломж, өөр нэг хэсэгт нь өөрчлөгдөн шинэчлэгдэх ёстойг мэдрүүлсэн хэцүү даваа болсон.
10. ТА ОДОО ЮУН ДЭЭР ТӨВЛӨРЧ БАЙГАА ВЭ? ОЙРЫН ТӨЛӨВЛӨГӨӨ?
Бид хоёр шинэ төсөл хэрэгжүүлж байгаа. Эхнийх нь цахим спортын хорхойтон, график дизайнеруудын ашигладаг гол төхөөрөмж, дагалдах хэрэгслүүдийг бодитоор турших, хүссэн үзүүлэлтээрээ угсрах боломжийг олгож буй “Hyperworld” төвийг Монголын зах зээлд өнгөрсөн сард танилцуулсан.
Мөн энэ жил бид өөрсдийн дата төвийг байгуулсантай холбоотойгоор үйлчилгээгээ дараагийн шатанд гаргахаар зорьж, хэрэглэгчдэдээ үүлэн технологийн үйлчилгээг санал болгоход төвлөрөн ажиллаж байна. Энэ хүрээнд Сингапур улсын компанитай гэрээ байгуулж, туршилт, суурилуулалтын ажлыг эхлэхэд бэлэн болсон байгаа. Оны эцэс гэхэд шинэхэн клауд үйлчилгээг зах зээлд гаргах болно.
11. ТА ӨӨРИЙГӨӨ ХЭРХЭН ХӨГЖҮҮЛЖ, СУРАЛЦДАГ ВЭ?
Мэдээлэл, технологийн салбарын хөгжил асар хурдтай явагдаж байна. Тэгэхээр энэ талбарт хүчин зүтгэж байгаагийн хувьд бид хэзээд бэлэн байх нь чухал. Шинээр гарч буй технологиудыг цаг алдалгүй эзэмших, хэрэглэгчдийнхээ хэрэгцээ, шаардлагыг мэдэрч, хангахад үргэлж суралцах ёстой. Тэр ч утгаараа бид алхам тутамдаа харилцагч, хамтран ажиллагч байгууллага болон хэрэглэгчдээсээ суралцдаг.
12. САНАЛ БОЛГОХ НОМ, КИНО, ХӨГЖИМ?
Киноны тухайд уран зөгнөлт, түүхэн төрлийн бүтээлүүдийг шимтэн үзэх дуртай. Сүүлийн үед Netflix, Univision-ий кино сангаас кино, цувралуудыг үзэх болсон. Миний хувьд бүх цаг үеийн хамгийн сайн уран бүтээлийг нэрлэ гэвэл “Gladiator” (2000) киног санал болгомоор байна.
Ихэвчлэн фитнесээр хичээллэж байхдаа рок төрлийн дуунууд сонсдог. Bryan Adams, Sting, Rod Stewart зэрэг уран бүтээлчдийн дууг сонсох дуртай.
Ном унших цаг зав төдийлөн гардаггүй болохоор хураангуйлсан хэлбэрээр Unlock подкаст сонсож байгаа юм байна.
13. АВЧ БАЙСАН ХАМГИЙН САЙН ЗӨВЛӨГӨӨ?
Үзэж, сонссон бүхнээсээ аль болох өөртөө хэрэгтэй зүйлсийг авахыг хичээдэг. Хамгийн гол нь сонсож, мэдсэн даруйдаа амьдралдаа хэрэгжүүлж байх хэрэгтэй. Өнгөрсөн жил “М-Си-Эс” Группийн ерөнхий захирал Ж.Оджаргалын “Менежментийн форум”-ын үеэр танилцуулсан илтгэлээс “Орчин үед харилцаа бол хамгийн үнэ цэнтэй зүйл” гэсэн зөвлөгөө тун чухал санагдсан. Үнэхээр л өдрөөс өдөрт өргөжин тэлж буй групп компанийг удирдахад харилцаа нэн ач холбогдолтой.
14. БУСДАД ШИДЭХ САНАА?
Нэгдүгээрт, хийж буй ажилдаа дуртай, түүнийхээ төлөө гэсэн хүсэл эрмэлзэлтэй байх нь чухал.
Хоёрдугаарт, манай компанийн мөрддөг гурван зарчмыг зөвлөмөөр байна. Нэг нэгэндээ итгэл хүлээлгэж, харилцаа холбоон дээрээ онцгой анхааран ирээдүйгээ харсан үйлдлийг хийж байгаарай. Аливаа ажлын үр дүн чанартай эсвэл чанаргүй гэж хэмжигддэг. Харин ирээдүйгээ харж хийсэн үйлдлүүд ямагт чанартай үр дүн авчирна.
Эцэст нь, алдаа гаргахаас айлгүй, алдаа гаргасан ч түүнээсээ суралцах ухаантай байж, дараагийн шийдвэртээ анхаарах хэрэгтэйг энэ талбарт 24 ажиллахдаа хамгийн сайн ойлгож авсан байна.
З Зочин 2022.11.04 150.129.141.123
Энэ "Ташрамд" гэж яг ямар Монгол хэлний дүрмээр бичээд байна, энэ сэтгүүлч нар? Сүүлийн үед нилээн хэдэн мэдээнд "дашрамд" гэхийг "Т" үсгээр бичсэн байхыг хараад гайхаж суулаа. Вебсайтын сэтгүүлч нар ер нь ямар боловсролтой нөхдүүд байна вэ?