Өнөөдрийн дугаартаа бид тэсвэр хатуужил, хүсэл тэмүүлэл, идэвхтэй амьдралаараа олон олон хүнд үлгэр дуурайл, урам зориг өгч яваа Соёлын тэргүүний ажилтан, жүжигчин, продюсер, энтрепренер Ж.Баясгалантай ярилцлаа. “Тайчигч хөвгүүд ба саарал гудамж“, “Дурлахгүйгээр үнсэлцье” жүжгийн гол болон туслах дүрд тоглож, “Бодлын хулгайч“, “Үргээлэг” киноны продюсероор ажилласан тэрээр СУИС-ийг дүүргэж, тайз, дэлгэцийн бүтээлүүдээрээ олонд танигдсан билээ. Геологич мэргэжилтэй аавыгаа даган уул уурхайн салбарт хөл тавьснаар бизнесийн салбарт мөн олон жил үр бүтээлтэй ажиллаж буй юм. Өдгөө Ж.Баясгалан хөгжлийн ялгаатай иргэдийн эрх ашгийг хамгаалах, нийгмийн хүртээмж, оролцоог сайжруулахад анхааран ажиллаж байна.

Байршил: Монгол, Улаанбаатар
Эрхэлдэг ажил: Бугант Мандал ХХК-ийн ерөнхий захирал, Кино драмын А группийн тэргүүн, Үүрт гоулд ХХК-ийн ерөнхий захирал

Хэрэглэдэг гар утас: iPhone X
Хэрэглэдэг компьютер: Macbook Pro
Сошиал хуудас: Baysgalan Jadamba (Facebook), Bayasgalan.j (Instagram)

1. ТАНЫ КАРЬЕРААС БИД ЮУ ЮУГ МЭДЭХ ЁСТОЙ ВЭ?

Би 10 настайдаа анхны цалингаа авч байлаа. Тухайн үед жижиг биетэй байсан учраас бие хамгаалах урлагаар хичээллэх болсон юм. Тэгээд үзүүлэн тоглолт хийгээд авсан мөнгөөрөө ээждээ цайны халуун сав авч өгч байлаа. Тэндээс л миний ажлын гараа эхэлсэн болов уу. Хүүхэд байхдаа Залуу техникчдийн ордонд Авто картинг буюу жижиг оврын машинд мотоциклийн мотор угсраад, түүнийгээ жолоодож уралдах тэмцээнд хүч сорьдог байв. Ингээд дунд ангиас тулааны спортоор хичээллэж эхэлсэн нь ирээдүйн хүсэл мөрөөдлийн минь суурь болсон. Тухайн үед тулаантай, зодоонтой кино их гардаг, Брюс Ли, Ван Дамм шиг жүжигчин болно гэж бодож явсаар 17 насандаа СУИС-д элссэн юм. Бидний дөрвөн жилийн өмнө бүтээсэн Үргээлэг-2 кино “Academy Awards- 2016” наадмын зургаан төрөлд шагнал хүртэж, 2016 оны Канны кино наадамд зочин киногоор оролцож байсныг онцлох нь зүйтэй болов уу. Киноныхоо орлогоос 29-р тусгай дунд сургуульд хүүхдийн автобус бэлэглэж байлаа.

Бизнесийн хувьд аав минь геологич мэргэжилтэй учраас уул уурхайн салбар надад ойр байсан. Хүрз бариад аавтайгаа анхны геологийн ажлаа эхэлж, 1993 онд анх Хувиараа эрхлэх аж ахуй байгуулан, бизнесээ босгож байлаа. Одоогоор хайгуул, гүний дулааны чиглэлийн компани, цацагт хяруулын ферм, махны чиглэлийн үхрийн ферм, технологийн стартап компани байгуулан ажиллаж байна. Бид уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулж эхэлсэн цагаас нийгмийн хариуцлагынаа хүрээнд нөхөн сэргээлт хийж, сумын төвийн дэд бүтцийг сайжруулах олон төслийг хэрэгжүүлсэн ирсэн.

2. ТАНЫ АЖЛЫН ДУНДАЖ НЭГ ӨДӨР ХЭРХЭН ӨНГӨРДӨГ ВЭ?

Өглөө бүхэн инээмсэглэлээр эхэлдэг. Өглөө бүр сэрсэндээ, нарыг харсандаа, мэдэрсэндээ баярладаг. Би 2018 онд Баха бартаат замын уралдааны үеэр осолд орсноос хойш 1050 өдөр өнгөрчээ. Тэр өдрөөс хойш өглөө бүр амьд байгаадаа баярладаг болсон.

Би өглөө зургаан цагт босож, өдрийг маш тайван эхлүүлдэг. Тухайн өдөр хийх ажлын төлөвлөгөө гарган, усанд орж, цайгаа уугаад ажил руугаа явдаг. Яаруу сандруу гэрээсээ гарах дургүй л дээ. Ингээд 8:30 цагт ажил дээрээ ирээд, 11-12 цагт гарч, кофе шопт сууна. Тэр нь өөртөө цаг гаргах нэг хэлбэр юм уу даа. Үдээс хойш ажил дээрээ дасгалаа хийгээд, аль болох оройтохгүйгээр гэртээ эртхэн харихыг хичээдэг. Гэртээ очоод ажил ярихгүй, утсаа оролдохгүйгээр эхнэр хүүхдүүддээ цаг гаргахыг л хүсдэг дээ.

3. ТАНЫ АЖЛЫН НӨҮ-ХАУ?

Би ямар ч шийдвэрийг маш удаан бодож, эргэцүүлсний эцэст гаргадаг. Харин нэгэнт шийдвэр гаргасан бол ажлаа маш хурдтай хийнэ. Ер нь аливааг тархиндаа удаан нэрж гаргадаг. Тэгж байж хөдөлбөргүй, эргэлзээгүй юм хийнэ. Тэгэхийн тулд маш их баримт, мэдээлэл цуглуулж, түүндээ судалгаа дүгнэлт хийх дуртай. Энэ арга барил хайгуул, геологийн ажил хийдэгтэй холбоотой болов уу. Мөн оюутан байхдаа дүрийн судалгаа, зохиолын задаргаан дээр их суудаг байсан нь миний ажлын арга барилд нэлээд нөлөөлсөн гэж боддог юм.

4. АШИГЛАХГҮЙ БАЙЖ ЧАДДАГГҮЙ АПП, ХЭРЭГСЛҮҮД ЮУ ВЭ?

Одоогоор Zoom апп-ийг хамгийн их ашиглаж байна. Мөн ажлын болон бусад харилцаа холбоонд Telegram хэрэглэнэ. Харин сошиал медиаг аль болох бага хэрэглэхийг хичээдэг ч бусадтай харилцах гол хэрэгслийн нэг учир огт хэрэглэхгүй байж чадахгүй л байна. Мөн iOS acceptability тохиргоо их тус болдог.

5. ЦАГ ХЭМНЭХ ХАМГИЙН САЙН АРГА ТАНЬ ЮУ ВЭ?

Оросын цэргийн гарамгай жанжин А.В. Суворов “Цаг хугацаа бүхнээс үнэтэй” гэж хэлсэн байдаг. Цаг хугацааг хэмнэнэ гэж байхгүй. Харин үр ашигтай өнгөрүүлэх л боломж бий. Амьдрал гэдэг хором мөчүүдийн цуглуулга учраас тэр мөчүүдийг аль болох аз жаргалтай, үр ашигтай өнгөрүүлэх учиртай.

Өмнө нь би маш их ажилладаг байлаа. Тэр хэрээр гэр бүлдээ маш бага цаг зарцуулдаг байсан. Үр хүүхэдтэй, гэр бүлтэй хүн ажлаа л сайн хийх ёстой гэж боддог байлаа. Одоо бол ажлаа хийх ёстой цагт нь амжуулж, бусад үед өөртөө, гэр бүлдээ цаг гаргах ёстойгоо ойлгосон.

6. ХИЙХ АЖЛАА ХЭРХЭН ТӨЛӨВЛӨДӨГ ВЭ?

Би тэмдэглэл их хөтөлдөг. Тэмдэглэлийн дэвтэр дээр ажлуудаа сайн төлөвлөнө. Аав маань “Цаг хугацаа эргэж ирэхгүй, хүн бодсоноо дахиж санахгүй учраас цаасан дээр үлдээсэн бүхэн чинь хэрэг болно шүү” гэж захиж байв.

7. ЭРЧ ХҮЧЭЭ ХЭРХЭН СЭЛБЭДЭГ ВЭ?

Эрч хүчийг хүмүүсийн нүднээс, бусдын хэлсэн урмын үгээс авдаг. Хамгийн их эрч хүч өгдөг зүйл бол мэдээж гэр бүл. Би дөрвөн хүүхэдтэй аз жаргалтай аав. Бас энэ дэлхийн хамгийн сайхан бүсгүйн нөхөр. Ханийнхаа харц, хүүхдүүдийнхээ цангинасан дуу хоолойн дунд аз жаргал, эрч хүчээр дүүрэн байдаг. Ер нь сайхан бүхнээс урам авч явдаг даа. Бухимдлыг өөртөө удаан байлгахыг хүсдэггүй.

8. ҮНДСЭН АЖЛЫНХАА ХАЖУУГААР ДУРЛАЖ ХИЙДЭГ ТӨСӨЛ/АЖИЛ ЮУ ВЭ?

Би үхэр, цацагт хяруулын махны чиглэлийн бизнесийг Монголд нутагшуулахаар ферм байгуулсан юм. Мөн IT чиглэлийн гарааны бизнес эхлүүлж, баг хамт олноо бүрдүүлэн ажиллаж байгаа.

Түүнээс гадна тусгай хэрэгцээт, хөгжлийн ялгаатай иргэдийн эрхийг хамгаалж, тэдний оролцоо, хүртээмжийг сайжруулахын тулд сүүлийн үед ажлынхаа хажуугаар тусгай хэрэгцээт иргэд, энэ чиглэлийн мэргэжилтнүүдтэй их уулзаж, хамтдаа асуудлаа ярилцаж байна. Тусгай хэрэгцээт иргэдэд тулгарч буй олон асуудлыг шийдэхээс өмнө юун түрүүнд “хөгжлийн бэрхшээл” гэх нэр томьёог өөрчлөх нь зүйтэй. Хөгжлийн ялгаатай иргэдийн тэгш хүртээмж, оролцооны асуудлыг бодлогын түвшинд нийгэм, эдийн засаг, иргэдийн хандлагын хүрээнд шат дараатай шийдэх шаардлагатай. Мэдээж энэ бүхнийг нэг амьсгаагаар шууд шийдэх боломжгүй учраас мэргэжлийн багтай хамтран ажиллаж байна.

Ямар улс орон тусгай хэрэгцээт иргэдэд хамгийн ээлтэй, хүнлэг байдаг юм бэ гэхлээр парламентын танхимд нь тусгай хэрэгцээт иргэдийн төлөөлөл орж ажиллаж буй тохиолдолд тийм байдаг юм билээ. Тэнд хууль, дүрэм журам батлах бүрд тусгай хэрэгцээт иргэдийн эрх ашиг яригддаг. Манай улсад өдгөө 117 мянган тусгай хэрэгцээт иргэн бий. Тэдгээр хүмүүсийн эрх ашгийг хамгаалж, заавал дуугарах ёстой.

9. ХИЙЖ БУЙ АЖЛЫН ОНЦЛОГ ЮУ ВЭ? ЭЕРЭГ САЙН БА ХЭЦҮҮ БЭРХШЭЭЛТЭЙ ТАЛУУД?

Уул уурхайн салбарын тухай сөрөг хандлагатай хүмүүс олон бий. Уг нь уул уурхай бол Монгол Улсын нийт экспортын 87 хувийг бүрдүүлж, эдийн засгийн гол орлогыг олдог чухал салбар. Тэр дундаа алтны салбар манай улсын гадаад валютыг нөөцийг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой. Тиймээс уул уурхай бол энэ улсад яалт ч үгүй байх ёстой чухал салбар юм. Гол нь хариуцлагатай л байх учиртай. Монголын эдийн засгийг Эрдэнэт, Оюутолгой, Таван толгойгүйгээр төсөөлөхөд бэрх. Эдийн засгийн хамаг хүнд ачааг үүрдэг ч хамгийн муу нэртэй салбар бол уул уурхай.

Энэ салбар эзгүй, хоосон талаас баялаг бүтээж, олон айл өрхийг цалинжуулан, улсдаа татвар төлж, үнэ цэнийг бий болгож буйд урам зориг авдаг юм. Сонирхуулахад, би аялах дуртай. Дэлхийн 48 оронд очиж байсан. Нэг удаа Германд явж байхдаа бизнес эрхэлдэг хүнтэй уулзлаа. Тэднийх 1000 үхэр, 5000 гахайн том фермтэй гэр бүлийн бизнес эрхэлдэг юм. Нөхрөөс нь таны хобби юу вэ гэж асуухад, миний ажил шүү дээ гэж хариулсан. Би ч ялгаагүй тийм хариулт өгнө. Би ажилдаа дуртай, өөрийнхөө хобби болгож хийдэг. Бизнес эрхэлдэг хүн юмнаас хойш суухаа больж, маш дайчин болдог юм.

10. ТА ОДОО ЮУН ДЭЭР ТӨВЛӨРЧ БАЙГАА ВЭ? ОЙРЫН ТӨЛӨВЛӨГӨӨ?

Манайд тусгай хэрэгцээт иргэдэд тусгай сургууль, цэцэрлэг байгуулахаас эхлэн нийгмээс гадуурхах явдал байсаар байна. Энэ хорвоод төрсөн хүн бүр адил тэгш оролцоотой байх боломжийг бүрдүүлэх ёстой. Хувийн байгууллагууд сүүлийн үед барилга барихдаа налуу зам, шат тавих, бариул хийх зэргээр хүртээмжийг сайжруулахад анхаардаг болсон нь сайшаалтай. Гэвч нөгөө талаас төрийн зүгээс тэдгээр иргэдийн хүртээмжийг сайжруулахад дорвитой алхам хийж чадахгүй л байна.

Манайд тэргэнцэртэй хүн нийтийн тээврийн хэрэгслээр зорчих, харааны бэрхшээлтэй хүн автобусны буудал олох хэцүү. Дауны синдром, аутизмтай иргэд гэрээсээ шууд гараад гудамжинд чөлөөтэй явах, бусадтай нийгмийн харилцаанд ороход амаргүй байна. Тэднийг өрөвдөх биш бодитоор дэмжих учиртай. Бие нь сайн уу? гэж асуухын оронд “Та улам сайхан болжээ. Хүчтэй байгаарай” гэж хэлэх нь илүү эергээр тусдаг юм. Тусгай хэрэгцээт иргэдийн нийгмийн харилцаанд орох боломжийг сайжруулах нь юу юунаас илүү чухал байна.

Би автын ослын дараа маш хүнд бэртэл авч, эмнэлэгт удаан хугацаанд хэвтэхэд эмч нар хөл дээрээ босох нь бүү хэл суух ч боломжгүй гэж байв. Тэргэнцэр дээр суудаг болсныхоо дараа хүмүүстэй уулзаж, олон газар илтгэл тавьж явахдаа тусгай хэрэгцээт иргэдийн асуудлыг бүрэн ойлгож, мэдэрсэн. Insur-тай хамтарч илтгэл тавьсны дараа БНСУ, Испани улсын олон улсын байгууллагаас тусгай хэрэгцээт иргэдийг төлөөлөн илтгэл тавих урилга надад ирсэн юм. Тухайн үед жирийн иргэний хувиар биш улсаа төлөөлөн очиж, илүү бодитой шийдэл, үр дүнг авчирна гэж бодсон боловч харамсалтай нь COVID19-өөс болоод цуцлагдсан.

11. ТА ӨӨРИЙГӨӨ ХЭРХЭН ХӨГЖҮҮЛЖ, СУРАЛЦДАГ ВЭ?

Өдөр бүр ямар нэг ажил бүтээхийг хүсдэг. Түүний ард гарахын тулд хүн өөрийгөө байнга дайчилж, хичээх хэрэг гарна. Тэр хэрээр өөрийгөө хөгжүүлнэ шүү. Мөн мэдээлэлтэй маш ойр байхыг хичээдэг юм. Хууль эрх зүй, технологийн дэвшилтэй холбоотой мэдээллээс хоцрохгүй мөр зэрэгцэн алхаж явахыг хүсдэг.

12. САНАЛ БОЛГОХ НОМ, ХӨГЖИМ, КИНО?

Номын хувьд сонгодог зохиолуудыг нэн тэргүүнд зөвлөе. Мөн Цойлогсод номыг уншаарай. Манай гэрийнхэн долоо хоног бүр хамтдаа кино үздэг юм. Би хүүхдүүддээ аль болох хатан зоригтой эх орончдын тухай кино үзүүлэх дуртай. Forest Gump, Once Upon a Time in America, Braveheart, Gladiator киног үзэхийг санал болгоё.

Би сүүлийн үед латина поп сонсох дуртай болоод байгаа. Мөн Боса Новагийн аялгуунд дуртай. Хип хоп ч сонсоно шүү.

13. АВЧ БАЙСАН ХАМГИЙН САЙН ЗӨВЛӨГӨӨ?

Би осолд орсныхоо дараа эмнэлэгт 217 хоног хэвтсэн юм. Эхний 180 хоногт утсаа нээхгүйгээр өөрийгөө бүрэн чөлөөлсөн. Дараа нь бага багаар утсаар ажлаа амжуулж, хажуугаар нь хүмүүстэй уулздаг байлаа. Эмнэлгээс гарсны дараа аав надаас “Миний хүүгийн бие нь яаж байна, ажлаа хиймээр байна уу, эсвэл гэртээ амрах уу?” гэхээр нь “Ажлаа хийвэл сатаарч байна” гэтэл “Зөв шүү дээ. Ингээд хэвтээд байлгүй ажлаа хий дээ” гэсэн юм. Тухайн үед үе үе ухаан алдаж гэрийнхнийгээ сандаргаад, амархан ядардаг байсан учраас ааваас бусад хүмүүс ажлаа хийх хэрэггүй гэж зөвлөж байсан. Заримдаа шантармаар санагдах үед аавын хэлсэн тэр үгс сэрхийтэл орж ирдэг юм. Өмнө нь орон дээр өвчтэй хэвтээд, дусал залгуулсан хэрнээ ажлаа хийсэн байж, одоо суудаг болсон хойноо элдэв шалтаг тоочих хэрэг байна уу гэж өөрийгөө зэмлэх болсон. Аавын минь хэлсэн үгс миний амьдралд их тус болсон доо.

14. БУСДАД ШИДЭХ САНАА?

“Хойшоо битгий суу, хоосон битгий муул” гэх санааг хуульч Мөнх-Эрдэнэ найзаасаа сонсож байсан юм. Хийхгүй байж, хийж байгаа нэгнээ муулдаг хүмүүст шүүмжлүүлэхээс эмээж, үзэл бодлоо нуудаг хүмүүс олон болсон. Тиймээс ярихаас илүү хөдөлмөрлөөрэй. Шүүмжлэлээс айж, зугтах хэрэггүй. Үхлийг даваад гарсан надад бол бусдын хэлсэн үг зовлон биш.