Хичээлийн шинэ жил эхлэх дөхөж буй энэ цаг мөчид бид гадаад хэлийг эзэмшүүлэх, сэтгэл зүйд тулгуурлан сурган чиглүүлэх өөрсдийн өвөрмөц арга барил, философиор танигдсан “Гэгээ” боловсролын төвийн ерөнхий захирал Б.Билгүүнийг урилаа. АНУ-ын Лийгийн их сургуулийг бизнесийн удирдлагаар төгссөн тэрээр PwC, Nomadic Expeditions Mongolia зэрэг компанийн Монгол дахь салбарт удирдах албан тушаал хашиж, Newcom группд санхүү, аудитын чиглэлээр ажиллан туршлага хуримтлуулж байжээ. Өдгөө гэр бүлийнхээ эхлүүлсэн боловсролын бизнесийг амжилттай удирдаж буй Б.Билгүүн боловсролын салбарт шинэ арга барил, өнгө төрх нэмэх “Гэгээ” бүрэн дунд сургуулийг байгуулах төлөвлөгөөтэй байгаа ажээ.

Байршил: Монгол, Улаанбаатар
Эрхэлдэг ажил: "Гэгээ" бага сургууль, "Гэгээ" боловсролын төвийн ерөнхий захирал
Хэрэглэдэг гар утас: iPhone 11 Pro
Хэрэглэдэг компьютер: iMac
Сошиал хуудас: Bilguun Boldbaatar (LinkedIn), Bilge Gegee (Facebook)

1. ТАНЫ КАРЬЕРААС БИД ЮУ, ЮУГ МЭДЭХ ЁСТОЙ ВЭ?

Эцэг эх маань 1999 онд хятад хэлний багш, орчуулагч бэлдэх зорилготой “Гэгээ” коллежийг хамтран байгуулж, 20 гаруй жилийн турш тогтвортой үйл ажиллагаа явуулсан юм. Ингээд коллежоо зогсоож, номын мөр хөөхөөр шийдээд байхад нь би гэр бүлийнхэн босгосон ажлыг үргэлжлүүлж, сургалтын төв болгохоор ярилцсан. Тухайн үед АНУ-аас ирээд таван жил гаруй санхүү, аудит, бизнесийн чиглэлээр туршлага хуримтлуулаад байлаа. Тухайлбал, PwC олон улсын аудитын компанийн Монгол дахь салбарт дараа нь Newcom группд ажилласан.

Мөн тансаг зэрэглэлийн аялал жуулчлалаар дагнасан Nomadic Expeditions Mongolia компанийн Монгол дахь салбарын санхүү хариуцсан захирлаар хоёр жил гаруй ажилласан юм. Ингээд гэр бүлийн бизнест шилжин ажиллах үед аав зөвлөх багшаар ажиллаж, хоёр жилийн турш намайг чиглүүлсэн. Одоогоор бид 30 гаруй багш, ажилтантай болж, цаашид үйл ажиллагаагаа өргөжүүлж Гэгээ бүрэн дунд сургууль байгуулахаар ажиллаж байна.

Эргээд харахад дэмий хоосон өнгөрүүлсэн зүйлгүй, хийсэн бүхнээсээ суралцаж, дараагийн үүд хаалгаа нээж байсныг анзаарсан. Хүн хэзээ ч ямар ч ажлыг хийхгүй гэж ам гарч болохгүй санагддаг. Тэгэх тусам хэзээ нэгэн цагт нүүр тулах үе амьдралд гардаг ч юм шиг. Олж авсан туршлага, мэдлэг бүхэн минь энэ бизнесийг удирдахад маш их дэм болж байна.

2. ТАНЫ АЖЛЫН ДУНДАЖ НЭГ ӨДӨР ХЭРХЭН ӨНГӨРДӨГ ВЭ?

Сургалтын төвөө байгуулснаас хойш эхний гурван жил өдрийн турш хичээл заах, хөтөлбөр боловсруулах, ном, сурах бичиг сонгоход зарцуулдаг байлаа. Одоо бол өдөр өглөөнөөс эхлээд уулзалтаас уулзалтын хооронд л өнгөрдөг болоод байна. Сүүлийн үед манай баг улам өргөжиж, олон чадварлаг залуус бүрдэж байгаа учраас зөвлөж чиглүүлэх, ярилцах зүйлс бишгүй бий. Мөн удахгүй бага сургууль нээгдэх гэж буйтай холбоотойгоор эцэг эхчүүдтэй уулзалт хийж байгаа. Үүний хажуугаар багшийн сургалт, семинараа ч амжуулж байна.

3. ТАНЫ АЖЛЫН НӨҮ-ХАУ?

Бизнес амжилттай явахын гол зангилаа бол мэдээллийн урсгал маш чөлөөтэй, хурдтай байх юм. Орчин үед нийгмийн үйл явц богино хугацаанд түргэн өөрчлөгдөж буй учраас цаг үетэйгээ хурдан дасан зохицож, хурдтай байх шаардлагатай.

Мөн аливаа харилцаанд ойлголцлын зөрүүний улмаас аль аль нь хайран цаг хугацааг алдах магадлалтай байдаг тул ямар ч ажил хийхийн өмнө багийн гишүүдтэйгээ эргэн уулзаж, ярьж төлөвлөсөн зүйлс хоорондоо нийцэж буй, бүгд бүрэн ойлголцсон эсэхийг нягталдаг.

4. АШИГЛАХГҮЙ БАЙЖ ЧАДДАГГҮЙ АПП, ХЭРЭГСЛҮҮД ЮУ ВЭ?

Ажлын онцлогоос шалтгаалан Facebook тогтмол ашиглахаас гадна өдөр тутамдаа Outlook, Calendar хэрэглэнэ. Хөл хорионы үеэр бид Microsoft Teams ашиглан, онлайн хичээлүүдээ явуулах болсноор имэйл, чат зэргийг нь дотооддоо хэрэглэдэг болоод байна.

5. ЦАГ ХЭМНЭХ ХАМГИЙН САЙН АРГА ТАНЬ ЮУ ВЭ?

Санхүүгийн өндөр дүнтэй гүйлгээг хэдхэн минутын дотор анализ хийж чадах Excel програмыг тогтмол ашиглаж дадсантай холбоотойгоор олон давтамжтай, хугацаа орсон ажлыг хэрхэн хялбарчилж болох тухай алхам тутамдаа боддог болсон байна лээ. Тэр л хайран цагаа алдахгүй байх сайн арга болов уу.

6. ХИЙХ АЖЛАА ХЭРХЭН ТӨЛӨВЛӨДӨГ ВЭ?

Юун түрүүнд цаасан дээр буулгаж, том зургаар харахыг хичээдэг. Дараа нь, нарийн хэсгүүд рүү орж, явцын дунд хэд хэдэн удаа анализ хийнэ. Шаардлагатай бол өөрчилж, сайжруулна. Тухайлбал, сайн хөтөлбөр гэдэг тасралтгүй шинэчлэгдэхийг хэлдэг. Бидний өнөөдөр сурсан мэдлэг ирээдүйд хэрэгцээнээс гарч мэдэх эрин үед амьдарч буй учраас бид гаргасан төлөвлөгөөгөө цаг үетэйгээ уялдуулан, жилдээ 1-2 удаа эргэн хардаг.

Бид бага сургуулийн хичээлээ STEAM хөтөлбөрөөр явуулахаар зорьж байгаа. Боловсролын уламжлалт хөтөлбөр нь хоорондоо холбоогүй, тусдаа төлөвлөгөөтэй 6-8 төрлийн хичээл, тусдаа даалгавартай байдаг бол STEAM хөтөлбөр нь хичээл хоорондын уялдаа, интеграцчиллыг бий болгодог. Хүүхэд нэг сэдвийг хичээл бүр дээр олон талаас нь гүн гүнзгий судалж мэднэ гэсэн үг.

7. ЭРЧ ХҮЧЭЭ ХЭРХЭН СЭЛБЭДЭГ ВЭ?

Би интроверт буюу чимээ шуугиан багатай, олноос зайдуу байх үедээ өөрийгөө цэнэглэдэг төрлийн хүн. Гэр бүлтэйгээ амралтын өдөр салхинд гарах, амттай хоол идэх, хүүхдүүдтэйгээ тоглох үедээ маш их эрч хүч авдаг.

Түүнээс гадна хүн өдөр тутам зав чөлөөгүй ажиллавал алсын хараа, холын зорилгоо бодож санах нь багасдаг юм шиг санагддаг. Тиймээс зав чөлөө гарсан үедээ дуртай цайгаа нэрж, ном унших зуураадотоод хүнтэйгээ ярилцаж, ирээдүйн тухай бодож суухдаа эрч хүчтэй болдог юм. Тайван, тогтуун байх үедээ дараагийн алхмаа бодож, ирээдүйн боломжуудаа хардаг гэсэн үг.

8. ҮНДСЭН АЖЛЫНХАА ХАЖУУГААР ДУРЛАЖ ХИЙДЭГ ТӨСӨЛ/АЖИЛ ЮУ ВЭ?

Ний нуугүй хэлэхэд сүүлийн жилүүд ажил, гэр бүлдээ бүрэн төвлөрч, завгүй өнгөрсөөр байна. Цэцэрлэгийн насны хоёр хүүхдээ анхаарахын зэрэгцээ бага сургууль байгуулах боловсролын том төслийг эхлүүлсэн болохоор хоёрдогч зүйлсэд гаргах цаг зав одоогоор байхгүй л байна.

9. ХИЙЖ БУЙ АЖЛЫН ОНЦЛОГ ЮУ ВЭ? ЭЕРЭГ САЙН БА ХЭЦҮҮ БЭРХШЭЭЛТЭЙ ТАЛУУД?

Маслоугийн хэрэгцээний шатлалын дагуу хүн бүр анхдагч хэрэгцээгээ хангах орлоготой болсны дараа өөрийн үнэ цэнийг хүлээн зөвшөөрүүлэх сэтгэл зүйн хэрэгцээ бий болдог. Багш гэдэг хийж буй зүйлээсээ богино хугацаанд аз жаргал, эрч хүчийг мэдэрдэг сайхан ажил. Сайн багш гэдэг бусдад мэдлэгээ хуваалцах чин сэтгэлтэй хүнийг л хэлэх болов уу. Шавь нар нь сурсан зүйлсийхээ үр дүнг гаргаж чадвал багш хүн тэр хэрээр эргээд сэтгэл хангалуун болдог.

Нөгөө талаар бизнес эрхэлж буйн хувьд үргэлж өндөр эрсдэлтэй, тодорхой бус нөхцөлд ажиллах шаардлагатай. Тийм болохоор бэрхшээл бүрийг цаг тухайд нь шийдэх арга шийдэл, сэтгэл зүйн хат тэвчээртэй байхад суралцсаар л явна.

10. ТА ОДОО ЮУН ДЭЭР ТӨВЛӨРЧ БАЙГАА ВЭ? ОЙРЫН ТӨЛӨВЛӨГӨӨ?

Одоогоор бид “Гэгээ” бага сургуулийн элсэлтийн бэлтгэл ажлыг хангаж байна. Энэ жилийн хувьд I-V ангийн хичээлийг эхлүүлж, ирэх жилээс VI-XII анги хүлээж авахаар бэлтгэж байгаа. Хөл хорионы үеэр бид эрсдэлийн менежментээ сайн хэрэгжүүлж, хичээлийн хөтөлбөрүүдээ онлайн хэлбэрт амжилттай шилжүүлсэн юм. Тухайн үед элсэгчдийн тоо өмнөх жилээс ч өссөн үзүүлэлт гарсан. Цаашид бид зарим хөтөлбөрийг онлайнаар заах, гадаад хэлний контент бэлтгэх, шинээр салбар нээх зэрэг төлөвлөсөн ажлууд бий.

Хятад хэл бол араб хэлний дараа орох сурахад хамгийн хүнд хэл гэж тооцогддог учраас хүн насан туршдаа сурдаг гэдэг. Тиймээс би аавын боловсруулсан ном уншилтаар дамжуулан гадаад хэлийг заах арга барилыг сургалтын төвдөө олон жил хэрэгжүүлж байна. Харахад ном унших үйл явцаар дамжуулан зааж буй мэт боловч тухайн хүний сэтгэл зүйг чиглүүлэх, тогтоон төвлөрүүлэхэд оршдог. Хүн бие, сэтгэл зүйн хувьд тайван, элдэв стресс дарамтгүй, аз жаргалтай байх үедээ л аливаад сайн суралцах боломжтой. Тэгж чадсан цагт анхаарал төвлөрч, цаасанд бэх уусах мэт эрдэм сурах тул хүний сэтгэл зүйд тулгуурлан заана гэдэг манай сургалтын үндсэн философи.

Тиймээс бид багш нараасаа хүний сэтгэлийг хөнгөн байх учиртайг ойлгуулж, сурагчдынхаа айдсыг үргээж, тайван тогтуун болгон чиглүүлэхийг хүсдэг . Өөрөөр хэлбэл, бид “Хүн яаж сурдаг вэ?” гэдэгт анхаарсан арга техник ашигладаг. Дэниел Гоулманы “Focus” хэмээх номд “Мэдлэг бол зөвхөн төвлөрөх үед үүсдэг” гэсэн байдаг. Тиймээс аав маань эрдэм сурахад сэтгэл тогтох учиртайг байнга ярьдаг юм.

11. ТА ӨӨРИЙГӨӨ ХЭРХЭН ХӨГЖҮҮЛЖ, СУРАЛЦДАГ ВЭ?

Мэдээллийн эрин зуунд амьдарч байгаагийн хувьд цаг үеийн мэдээллээс хоцрохгүй байхад анхаарч, сүүлийн үеийн ном, зохиолыг шимтэн уншихыг хичээдэг. Гэхдээ хүний хамгийн чухал хөгжил бол аливааг гүн гүнзгий ухаарах цаг мөч юм шиг санагддаг юм. Энэ ухаарал амьдралын туршлага, ололт амжилтаас, заримдаа алдаа онооноос ч гардаг.

12. САНАЛ БОЛГОХ НОМ, ХӨГЖИМ, КИНО?

Бизнесийн номуудаас Жим Коллинзийн Сайнаас агууд дэвшихүй хамгийн сонгодог бүтээл нь гэж хэлж болно. Мөн Кэрол Двэкийн Mindset ном бол миний хандлага, үзэл санааг өөрчилсөн сайн бүтээл. Хүн бүрт та өөрөө л хичээвэл сайжирч болно гэж итгэн үнэмшүүлдэг учраас сурган хүмүүжүүлэх багш, хүүхэдтэй ээж бүрийг уншаарай гэж зөвлөе. Түүнчлэн Ашлей Мориман, По Бронсоны Nurture shock номыг санал болгоё. Би ажлаас гадуур амарч байх үедээ зохиолч Л.Өлзийтөгсийн номуудаас унших дуртай юм. Түүний бүтээлүүдийг шимтэн уншихыг ч санал болгомоор байна.

Киноны хувьд зав чөлөөтэй үедээ алжаалаа тайлах зорилгоор гэр бүлтэйгээ кино театрт үздэг. Бас хөгжмөөс бага зэрэг хол гэж хэлж болно. Сүүлийн таван жилд хувийн бизнесээ босгох, хоёр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх, гэр бүлдээ цаг гаргахад бүрэн төвлөрснөөр хөгжмөөс жаахан холдож орхижээ.

13. АВЧ БАЙСАН ХАМГИЙН САЙН ЗӨВЛӨГӨӨ?

Бизнесээ эхлүүлээд удаагүй байхад бүтэлгүйтэх, стрессдэх үе цөөнгүй тулгардаг байв. Ийм үед манай нөхөр миний хувийн бизнесийн зөвлөх шиг л хажуунаас сайн зөвлөгөө өгч, дэмждэг юм. Бизнес эрхэлж буй хэн бүхэнд асуудал бэрхшээл алхам тутам гарах учраас асуудалтайгаа зоригтой тулж, аль болох эрүүл ухаанаар шийдэхийг хичээдэг. Үнэхээр шийдэгдэхгүй асуудал бол зорилготойгоор хаяж сурах хэрэгтэй гэдгийг сүүлийн хоёр жилд сайтар ойлгож, өөртэйгөө ажиллаж байна.

14. БУСДАД ШИДЭХ САНАА?

Нийгэм хурдтай өөрчлөгдөж буй өнөө үед тасралтгүй суралцана гэдэг маш том ур чадварт тооцогдох болсон. Тиймээс шинэ соргог бүхнээс суралцаж яваарай. Мөн хүн бүр эцэг эх болдог учраас хүүхдийнхээ хүмүүжил, боловсролд онцгой анхаарч багаас нь энэ ур чадварыг суулгахыг хичээгээрэй гэж хэлэх байна.