Өнөөдрийн дугаарт бид АНУ-д төгсөгчдийн холбооны (MASA) ерөнхийлөгч, EducationUSA Mongolia хөтөлбөрийн удирдагч Э.Билгүүнийг урилаа. Корнеллийн их сургуулийг олон улсын хөгжлийн эдийн засгийн чиглэлээр дүүргэсэн тэрээр нийгмийн хөгжил, жендерийн чиглэлээр олон улсын байгууллагуудад ажилласан арвин туршлагатай. НҮБ, Азийн хөгжлийн банк, Европын сэргээн босголт хөгжлийн банк зэрэг байгууллагаас Монгол Улсад хэрэгжүүлсэн, хөгжлийн нийт 30 гаруй томоохон төслийн олон улсын багт ажиллаж,  зөвлөх үйлчилгээ үзүүлжээ. Өдгөө боловсролын үйлчилгээг хүн бүрд тэгш, хүртээмжтэй хүргэхэд өөрийн хувь нэмрээ оруулахыг эрмэлзэж буй тэрээр дэлхийн шилдэг боловсрол эзэмших хүсэлтэй олон мянган залуусын гүүр болж, АНУ-д төгссөн залуусыг эх орондоо нийгмийн тусын төлөөх сайн дурын ажилд уриалж буй. 

Байршил: Монгол, Улаанбаатар
Эрхэлдэг ажил: АНУ-д төгсөгчдийн холбооны ерөнхийлөгч, EducationUSA Mongolia хөтөлбөрийн удирдагч
Хэрэглэдэг гар утас: iPhone 11 Pro
Хэрэглэдэг компьютер: Macbook Pro
Сошиал хуудас: Bilguun Erdene (Facebook), Bilguun Erdene (LinkedIn)

1. Таны карьераас бид юуг мэдэх ёстой вэ? 

Би 2005 онд Нийслэлийн V сургуулийг, 2009 онд МУИС-ийг олон улсын эдийн засгийн харилцааны чиглэлээр төгссөн. Ажлын анхны гараагаа Save the children олон улсын байгууллагаас эхэлж хүний эрх, жендэрийн чиглэлээр мэргэшиж, салбартаа манлайлж буй олон мундаг хүмүүстэй мөр зэрэгцэж, арвин туршлага хуримтлуулсан. Ингээд Америкийн Засгийн газрын Fulbright тэтгэлэгт хөтөлбөрт тэнцэж, Корнеллийн их сургуульд олон улсын хөгжлийн эдийн засгийн чиглэлээр суралцаж ирснээс хойш нийгмийн хөгжил, жендэрийн чиглэлээр өнөөг хүртэл тасралтгүй ажиллаж байна.

Үүний дагуу Монголд ирээд сүүлийн 10 гаруй жил олон улсын байгууллагууд болон хөгжлийн банкуудын Монголд хэрэгжүүлсэн 30 гаруй төслүүдэд ажиллаад буй юм. Онцолбоос, өнгөрсөн онд АХБ-ны 100 сая ам.долларын санхүүжилт бүхий эдийн засгийн чөлөөт бүсийн төслийн олон улсын зөвлөх багт ажилласан. Мөн ХХБ-ны Уур амьсгалын ногоон сангаас итгэмжлэл авах зөвлөх багт нийгмийн хөгжил, жендерийн асуудлыг хариуцаж, амжилттай хэрэгжүүлсэн. Ингэснээр тус банк дээрх сангаас 250 сая ам.доллар хүртэлх ногоон санхүүжилт авах эрхтэй болсон юм.

2. ТАНЫ АЖЛЫН ДУНДАЖ НЭГ ӨДӨР ХЭРХЭН ӨНГӨРДӨГ ВЭ?

Өглөөг гэр бүлийнхэндээ цай бэлдэж эхлүүлдэг. Дараа нь, нохойгоо салхилуулчихаад 5.30-6.00 цагт ажил дээрээ ирдэг. Заримдаа эмээ, өвөө дээрээ очиж, өглөөний цай уугаад явах нь бий. Төлөвлөгөөгөө долоо хоногийн өмнөөс гаргаж, ажлаас гадуурх уулзалтуудаа нэг өдөрт амжуулахыг хичээдэг. Оройг гэр бүлтэйгээ өнгөрөөж ямарваа нэгэн зүйлд сатааралгүйгээр, тухайн мөчдөө л байхыг хүсдэг юм. Хүүгийн минь ид өсөж торних нас учир аль болох дэргэд нь байхыг хичээж байгаа.

3. ТАНЫ АЖЛЫН НӨҮ-ХАУ?

Ажлыг богино хугацаанд өндөр гүйцэтгэлтэй хийхийг хичээдэг учраас байнгын ачаалалтай ажиллаж дадсан. Орчин үед ээжүүдийг гэртээ суудаг эзэгтэй шиг хүүхдээ асарч, бүтэн цагаар ажилладаг хүн шиг нийгмийн идэвхтэй байхыг шаарддаг болсон шүү дээ. Иймдээ ч олон улсын төслүүдэд бүтэн цагаар бус, зөвлөх байдлаар ажиллаж, гэр бүлдээ илүү цаг гаргах замыг сонгосон. Хийж буй бүхэндээ өөрөө дуртай, сонирхолтой учраас ачаалалдаа түүртдэггүй.

Шинээр ажилтан авахдаа тухайн хүний хандлага, дасан зохицох чадварыг илүү анхаарч хардаг. Тухайн хүн манай байгууллагад ямар үнэт зүйл, хандлага, шинэлэг ур чадварыг авчрах вэ гэдгийг бодолцдог гэсэн үг. Өгсөн үүрэг даалгаврыг гүйцэтгэсэн төдий, шинийг санаачлахгүй, урсгалаараа ажилладаг хүмүүс бий. Бид тийм бус, шинийг эрэлхийлдэг, хийж буй ажилдаа сонирхолтой, бүтээлч ханддаг хүмүүсийг илүүд үздэг. Манай EducationUSA хэдийгээр боловсролын хөтөлбөр боловч бүх ажилтнууд маань Adobe Creative Cloud, Canva болон төслийн менежментийн програм, сошиал медиа платформууд дээр мэргэжлийн түвшинд ажиллаж сурсан.

4. АШИГЛАХГҮЙ БАЙЖ ЧАДДАГГҮЙ АПП, ХЭРЭГСЛҮҮД ЮУ ВЭ?

Өдөр тутамдаа Google Drive, iCloud програмыг “тултал нь” ашигладаг даа. Олон орны хүмүүстэй ажилладаг тул Whatsapp, Wechat, Hangout зэрэг төрөл бүрийн мессенжер аппуудыг ашигладаг. МАSА-ийн гишүүдтэйгээ Viber, EducationUSA багтай Slack, дотнын хүмүүстэйгээ харьцахдаа Messenger апп хэрэглэнэ. Зав зай гарвал л Audible-ээр аудио ном сонсоно. Залхуурлаа ч жилдээ 80 гаруй ном сонсож дуусгасан байдаг.

Уулзалт хуралд оролцоход зориулж материал бэлдэхийн зэрэгцээ судалгааны ажил тогтмол уншдаг учраас тэр бүгдийг дижитал хэлбэрт GoodNotes дээр оруулаад харж янзалдаг.

Төслийн менежментийг ClickUp апп, хувийн менежментийг Notion апп-аар хийдэг.

Money Pro апп-ийг мөн заавал дурдах нь зүйтэй. Банкны данснуудаа холбож орлого, зарлагаа хянаж болохоос гадна долоо хоног, сар тутмын санхүү, төсвийн тооцоолол, анализ хийдэг учраас тогтмол ашигладаг.

Нэмж онцлоход, Be My Eyes апп-ийг 2016 оноос хойш тасралтгүй ашиглаж байгаа. Дэлхийн өнцөг булан бүрд байх нэг сая гаруй хараагүй иргэд уг апп-аар дамжуулан бүртгэлтэй гурван сая гаруй сайн дурын гишүүдтэй холбогдон төрөл бүрийн тусламж мэдээлэл авах боломжтой. Хүнсний бүтээгдэхүүний хугацааг шалгуулах, бичсэн зүйлсийг уншиж өгөх, компьютерын дэлгэцэн дээрх мэдээллийг тайлж өгөх зэргээр тусалдаг юм. Долоо хоногт 1-2 дуудлага ирдэг. Энгийн хэрнээ үнэхээр супер апп шиг санагддаг даа.

5. ЦАГ ХЭМНЭХ ХАМГИЙН САЙН АРГА ТАНЬ ЮУ ВЭ?

“Хоёр минутын дүрэм”-ийг баримталж ажилладаг. Хэрэв хоёр минутын дотор хийх боломжтой ажил байвал тэр дор нь хийх юм. Харин цаг авсан ажилд 25 минут бүрэн төвлөрөөд, дунд нь 5 минут амрах байдлаар Pomodoro техникийг ашигладаг. Хамгийн гол нь, олон цагаар ажиллах бус ухаалгаар ажиллаж, бүтээмжтэй байхыг эрмэлздэг. Би сүүлийн хоёр жил ширээнийхээ ард зогсоогоороо ажиллаж байгаа юм. Зогсож ажиллавал ажлын бүтээмж нь 50-60 хувь өсдөг тухай олон судалгаа бий. Байнга судалгааны ажил, тайлан уншиж, дата мэдээлэлэл харьцуулдаг учир нэмэлт дэлгэц ашигладаг. Гэр бүлийн хүн маань миний хамгийн том дэмжигч болж тусалдаг. Амралтын өдрүүдээр ирэх долоо хоногт хийх хоолнуудаа төлөвлөөд, хөргөгчиндөө бүх материалаа бэлдээд хийчихдэг. Ирэх долоо хоногт өмсөх хувцсаа мөн адил. Өглөө цаг алдахгүй амар байдаг юм.

6. ХИЙХ АЖЛАА ХЭРХЭН ТӨЛӨВЛӨДӨГ ВЭ?

Америкт суралцаж байхдаа найзуудын эвент дээр контент бүтээгч Мэтт Давеллатай (Matt D’Avella) танилцах боломж гарч, time blocking буюу хийх ажлуудаа ангилж, Google календарь дээр блоклох тухай сонссон юм. Блоклосон цаг хугацааг зөвхөн тухайн зүйл хийхэд зарцуулснаар ажлаа чанартай хийх боломж гарч байгаа юм. Хэрэв гэр бүлдээ гаргах цагийг өөр зүйлд зарцуулсан бол дараа долоо хоногт нь заавал нөхөхийг боддог.

7. ЭРЧ ХҮЧЭЭ ХЭРХЭН СЭЛБЭДЭГ ВЭ?

Манай нөхөр, хүү хоёр бол миний энергийн чухал эх үүсвэр. Эмээ, өвөө маань миний хамгийн том шүүмжлэгч бас дэмжигчид учраас тэр хоёртойгоо өглөөний цай ууна гэдэг тэр долоо хоногийнхоо эрч хүчийг авна л гэсэн үг. Өвөө маань их дайчин, тууштай. “Авьяастай байх албагүй. Тууштай л байх ёстой” гэж хэлдэг. Ер нь, юу ч болсон гэр бүл хамгийн чухал гэдгийг санаж явдаг. Өөрийн дуртай ажлаа хийж буй учраас ядарч, залхахыг мэдрэхгүй, эрч хүчээр дүүрэн ажилладаг даа.

8. ҮНДСЭН АЖЛЫНХАА ХАЖУУГААР ДУРЛАЖ ХИЙДЭГ ТӨСӨЛ/АЖИЛ ЮУ ВЭ?

MASA, EducationUSA бол миний “passion projeсt” буюу дуртай ажил минь. Сайн дурын ажил хийж бусадтай сурсан мэдсэнээ хуваалцана гэдэг маш сайхан мэдрэмж. Корнеллийн их сургуульд оюутан байхдаа амралтын өдрөөрөө нийгмийн халамжийн төвд өглөө 4.30 цагт очиж, орон гэргүй хүмүүст өглөөний цай, хоол хийж, нохойн асрамжийн газар хүртэл ажилладаг байлаа.

Ингэж л бусдад тусална гэдэг заавал мөнгөн эсвэл материаллаг хандив, тусламж гэхгүйгээр өөрийнхөө цагийг зориулж, сурсан мэдсэнээ хуваалцаж болдог гэдгийг ойлгосон. Буцаад Монголд иртэл хаана, ямар сайн дурын ажил болж байгааг мэдэхгүй байхад таньдаг хүн маань Америкт төгсөгчдийн холбоонд элсэхийг зөвлөснөөр MASA-тай холбогдсон юм.

Өөр нэгэн "passion project" гэвэл залуу эмэгтэйчүүдэд карьераа ахиулж, өсөн дэвжихэд нь туслах зорилготой Lean In Power Circle юм. Карьерын дунд түвшинд очсон ихэнх эмэгтэйчүүд цаашдын ирээдүйгээ шийдэх олон шийдвэрийн өмнө эргэлздэг. Энэ хүрээнд Зоримог эмэгтэй хэмээх эмэгтэйчүүдийн амжилтыг хойш чангаадаг 12 зуршлыг судалж, тэдгээрийг хэрхэн давах тухай сонирхолтойгоор өгүүлсэн бүтээлийг орчуулалцаад байна.

9. ХИЙЖ БУЙ АЖЛЫН ОНЦЛОГ ЮУ ВЭ? ЭЕРЭГ САЙН БА ХЭЦҮҮ БЭРХШЭЭЛТЭЙ ТАЛУУД?

Олон улсын төслийн багт ганц монгол нь байх тохиолдол цөөнгүй, тэр бүрд өөр өөр соёл уламжлалтай хүмүүстэй харилцаж ихийг сурдаг. Нийгмийн хөгжил, жендерийн мэргэжилтний ажлын цөм нь маш их судалгаа хийж, нийгмийн олон бүлгүүдтэй ярилцаж эцэст нь тэднийг дуу хоолойг шийдвэр гаргах түвшний хүмүүст зөв ойлгуулах байдаг. Тиймээс хүнд нь биш, хэлсэн үгэнд нь ач холбогдол өгөх учиртайг ойлгосон.

Жендерийн тэгш эрхийн тухай асуудлыг зөвхөн эмэгтэйчүүдтэй холбох нь бий. Гэтэл энэ бол хүйсийн тэгш эрхийн өргөн асуудал юм. Охид, эмэгтэйчүүдийн эрхийн асуудалд төр, олон улсын байгуулагууд анхаардаг боловч хөвгүүдийн боловсрол, сургууль завсардалт болон өрх толгойлсон ганц бие ааваас эхлэн эрэгтэйчүүдийн эрхийн төлөөх ажлууд харьцангуй цөөн. Монгол Улсад өдгөө эрэгтэйчүүдийн дундаж наслалт 66.1, эмэгтэйчүүдийнх 75.7 буюу насны зөрүү нь 9.6 жил байна. Энэ нь эрэгтэйчүүдийн эрүүл мэндийн асуудалд анхаарал хандуулах цаг болсныг харуулж байна.

Мөн боловсрол, хүмүүнлэг, эрүүл мэндийн салбарт эрэгтэйчүүдийн оролцоо илт дутагдаж байхад хөдөө аж ахуй, технологи, байгаль орчин, инновацын салбарт эмэгтэйчүүдийн оролцоо хангалтгүй байх жишээтэй.

10. ТА ОДОО ЮУН ДЭЭР ТӨВЛӨРЧ БАЙГАА ВЭ? ОЙРЫН ТӨЛӨВЛӨГӨӨ?

Одоогоор МАSA болон EducationUSA хөтөлбөрийн үйл ажиллагаанд түлхүү анхаарч байна. MASA бол нийгэмдээ сайн сайхан зүйлс бүтээхийн төлөөх үнэт зүйлээр нэгдсэн залуусын холбоо юм. Манай гишүүн бүр тусдаа өөрсдийн бүтэн цагийн ажилтай ч нийгмийн сайн сайхны төлөөх ажлуудад сэтгэл гаргаж ажилладаг.

Өнөө үед хот болон орон нутгийн залуусын мэдээллийн хүртээмж асар ялгаатай хэвээр байгаа учраас орон зай, хүйс, хөгжлийн бэрхшээлээс үүдэлтэй боловсролын ялгааг багасгахыг зорьж байна. МАSA-гийн сайн дурын гишүүдээс бүрдсэн баг жил бүр зургаан аймагт очиж, Америкт суралцах, тэтгэлэгт хөтөлбөрийн тухай үнэ төлбөргүй мэдээлэл өгч байна. Сүүлд Говь Алтай, Завхан аймгийн 2000 гаруй хүүхэд, залуустай уулзсан. EducationUSA Mongolia хөтөлбөрийн хүрээнд олон улсад анх удаа "Америкт суралцах 5 алхам" сургалтыг сонсголын бэрхшээлтэй иргэдэд зориулан дохионы хэлмэрчтэйгээр зохион байгуулсныг онцлох нь зүйтэй болов уу.

MASA өнгөрсөн дөрөвдүгээр сард АНУ-ын Засгийн газраас санхүүжилттэй EducationUSA хөтөлбөрийн Монгол дахь хэрэгжүүлэгчээр шалгарч, дэлхийн 170 гаруй оронд АНУ-ын дээд боловсрол эзэмших хүсэлтэй хүүхэд, залууст цаг үеийн цогц мэдээлэл, зөвлөгөөг үнэ төлбөргүй хүргэх албан ёсны эрхтэй болсон юм. EducationUSA Mongolia бол АНУ-ын их, дээд сургуулиудын улирлын шалгалтыг авдаг Монгол дахь албан ёсны зөвшөөрөлтэй цорын ганц газар юм. Өөрөөр хэлбэл, заавал АНУ-д очиж хичээлийн шалгалт өгөх шаардлагагүйгээр манайх дээр ирээд шалгалтаа өгч, цааш сургууль руугаа явуулах боломжтой. Хамгийн сүүлд, Берклигийн их сургуулийн шалгалтыг энд зохион байгууллаа.

Бид боловсролын үйлчилгээ ямар ч нөхцөлд хүртээмжтэй, гараа тэгш, үнэ төлбөргүй байх учиртай гэдэгт бат итгэдэг. Харвардын их сургуульд сурч буй хоёр оюутан “Харвардын боловсролыг гэрээсээ” гэх сургалтыг найман долоо хоногийн турш 560 хүүхдэд үнэ төлбөргүй орж, яг л Харвардын хичээл орж буй мэт лекц, семинар зохион байгуулсан. Цаашид бид уг сургалтыг зөвхөн Монгол гэлтгүй Ази, олон улсын түвшинд гаргахаар төлөвлөж байгаа.

11. ТА ӨӨРИЙГӨӨ ХЭРХЭН ХӨГЖҮҮЛЖ, СУРАЛЦДАГ ВЭ?

Би ерөнхий мэдлэгийн, ажил хөнгөвчлөх шинэ техник, технологийн шийдлийг байнга сонирхож явдаг. Төслийн багийнхан болон EducationUSA хамт олноосоо маш ихийг суралцаж явна.

МASA-гаас анх удаа подкаст хийх, сонсголын бэрхшээлтэй иргэнд зориулан сургалт зохион байгуулахтай холбоотойгоор маш богино хугацаанд олон зүйл сурах хэрэгтэй болсон. EducationUSA, TOEFL, SAT, College Application, Admission зэрэг үгсийг дохионы монгол хэл рүү хөрвүүлэхээс өгсүүлээд амаргүй байсан шүү. Бид саяхнаас тусгай хэрэгцээт иргэдийг ажлыг байраар ханган ажиллуулж эхэлсэн. Энэ бүхний гол зорилго бол Inclusive буюу нийгмийн бүх бүлэгт хүрч, хүртээмжтэй байхад анхаарах юм.

12. САНАЛ БОЛГОХ НОМ, ХӨГЖИМ, КИНО?

Би хамгийн сүүлд Audible-ийн түүхэнд гарсан хамгийн анхны аудио хэлбэртэй кино гэгддэг зохиолч Нил Гейманы Sandman-ийг сонссон юм. Салхины исгэрэх чимээ, элсний ширчигнэх дуу зэрэг бүх төрлийн дуу чимээг багтааснаас гадна Холливудын алдартай жүжигчид дуу оруулсан юм билээ. Бүтэн гурван жил найруулж байж олонд цацсан бүтээл. Ер нь зөгнөлт уран зохиолын номуудыг түлхүү сонсох дуртай. 2013 оноос хойш аудио ном байнга сонсдог болсон.

Ээж байхын хажуугаар олон улсын зөвлөх үйлчилгээг бие даан үзүүлэх болсны дараа шантарч халшрах үе бишгүй тохиолдсон. Энэ үед англи хэл дээрх ээжүүдэд зориулсан подкастууд их тус болсон доо. Тийм ч учраас ажил хийдэг ээжүүдэд зориулсан подкаст гаргахаар ажиллаж байгаа. Хүүхдээ төрүүлээд 22 хоногийн дараа буцаад ажилдаа орж байсан юм. Хүүхэд төрүүлсний дараа ээжүүдэд бие физиологи, сэтгэлзүйн хувьд маш хүнд байдаг ч энэ талаарх мэдээлэл хомс байгааг анзаарсан. Тиймээс карьерын өсөх шатандаа яваа гэр бүлтэй эмэгтэйчүүдийн гэр бүл, ажлаа тэнцүүлж зохицуулсан туршлага, түүхийг хуваалцах юм.

13. АВЧ БАЙСАН ХАМГИЙН САЙН ЗӨВЛӨГӨӨ?

Эмээгийн хүнлэг байх тухай хэлсэн үгсийг үргэлж бодож явдаг. Хүн амьдралдаа янз бүрийн хүмүүстэй уулзаж учирна. Тэр бүхний ард ямар түүх байгааг мэдэхгүй учраас ямар ч нөхцөлд хүнлэг байж, аливаад уужуу тайван хандахыг ойлгуулсан юм. Өвөө маань надад хөдөлмөр хүнийг бүтээдэг юм шүү, өнөөдрийн чамаас маргаашийн чи хамаагүй илүү байх ёстой шүү гэж байнга сургадаг.

14. БУСДАД ШИДЭХ САНАА?

Өнөө үед хүмүүс амжилтын тухай их ярих болсон. Бусдын хэрхэн, яаж амжилтад хүрсэн тухай олон нэвтрүүлэг, контентууд гарсаар байгаа. Гэтэл бүтэлгүйтлийн түүхээ хуваалцдаг нь цөөн. Надад бол хүмүүс яагаад алдсан, түүнээсээ хэрхэн суралцсан нь илүү сонирхолтой. EducationUSA Mongolia подкаст бол тийм түүхийг л хуваалцах зорилготой юм. Ямар сургуульд амжилттай тэнцсэн тухай биш, хэдэн удаа эсээ бичиж, хэдээс нь тэнцээгүй хариу авч, алдаанаасаа дахин суралцсан тухай асуудал л илүү чухал. Амжилтын ард олон түүх бий. Иймд EducationUSA Mongolia-гийн подкастыг сонсоорой гэж санал болгоё.