Бидний өнөөдрийн зочин бол Т.Болдбаяр. Тэрээр өдгөө монгол инженерүүдийн ур ухаанаар бий болсон жижиглэн, бөөний худалдаа, ложистик, даатгал, банк санхүүгийн салбарт чиглэсэн ERP системийг нийлүүлдэг “Ultimate Solutions” ХХК-ийн үйл ажиллагаа хариуцсан захирлаар ажиллаж буй. 

“Ultimate Solutions” компани нь Өмнөд Солонгосын франчайз “GS25” сүлжээ дэлгүүрийн 100 гаруй салбарын дотоод системийг хариуцдаг төдийгүй дотоодын “АПУ” хувьцаат компани, “Бишрэлт” групп, “Good Price”, “Амгалан Ложистик”, “Nubia” тэргүүтэй компаниудтай хамтран ажилладаг билээ. Ингээд түүний ажил, амьдралын нөү-хаутай танилцъя. 

Байршил: Хүүхдийн 100, Твин тауэр 2, арваннэгдүгээр давхар
Эрхэлдэг ажил: “Ultimate Solutions” ХХК-ийн үйл ажиллагаа хариуцсан захирал
Хэрэглэдэг гар утас: iPhone 13 Pro Max
Хэрэглэдэг компьютер: Dell Inspiron, Macbook Air M1
Сошиал хуудсууд: Boldoo Ta (Фэйсбүүк), Boldbayar (Твиттер)

1. ТАНЫ КАРЬЕРААС БИД ЮУ, ЮУГ МЭДЭХ ЁСТОЙ ВЭ?

Би багаасаа аливаа зүйлийн учир зүй, логик уялдааг бодож олох дуртай хүүхэд байсан. Тиймдээ ч математик, физикийн хичээлдээ илүү сонирхолтой байлаа. Намайг наймдугаар ангид байхад манай ах Intel Pentium 1.86 процессортой IBM компьютерыг өгч байсан юм. Түүн дээр их ч зүйлийг туршиж үзсэн дээ. Програм суулгах, форматлахаас эхлээд тухайн үед байж болох бүх эд ангийг нь задалж, угсрах зэргээр олон талаас нь сонирхож үзсэн. Одоо бодоход тэр үеэс л математикаас гадна компьютерт дурлах болж, хожим нь хос мэргэжил эзэмших эхлэлээ тавьсан юм билээ.

Ингээд МУИС-ийн Математик, компьютерийн сургууль буюу одоогийн Хэрэглээний Шинжлэх Ухаан, Инженерчлэлийн Сургуульд Эдийн засгийн математик загварчлалын мэргэжлээр суралцаж, сургуульдаа дөрөв дэх төгсөлт нь болж байв.

Ажлын гараагаа “Миний сүлжээ” дэлгүүрээс эхэлж, бизнесийн процесс болон програмчлалын технологи хэрхэн уялддагийг нүдээр үзэж, чамгүй туршлагатай болж амжлаа. Улмаар их сургуулийн найзуудтайгаа нийлж, математик загвараар програмчлагдсан технологийг худалдааны байгууллагын хэрэглээнд нэвтрүүлж байсан. Тухайн үед л одоогийн гүйцэтгэх захирал Х.Батбаатар найзтайгаа танилцаж, 2010 онд “Ultimate solutions” компанийг байгуулсан түүхтэй.

Байгуулсан компаниараа хязгаарлагдалгүй ажил карьерын тал дээр илүү хөгжиж дэвшин, сайн туршлага хуримтлуулах хэрэгтэй гэж үзсэн учраас 2011-2017 онуудад Юнител, ДДЭШ компанид бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн чиглэлээр ажиллаж, их зүйлд суралцсан. Ингээд 2018 онд төслийн менежерийн албан тушаалд “Ultimate solutions” компанидаа эргэн ирж, энэ оноос эхлэн үйл ажиллагаа хариуцсан захирлын (COO) үүргийг гүйцэтгэж байна.

2. ТАНЫ АЖЛЫН ДУНДАЖ НЭГ ӨДӨР ХЭРХЭН ӨНГӨРДӨГ ВЭ?

Миний хувьд ажилдаа аль болох эрт ирэхийг хичээдэг. Ихэвчлэн ням гарагт тухайн долоо хоногоо ерөнхийлөн төлөвлөж, ажлын өдрүүдэд хийх ёстой зүйлсээ хуваарилна. Ихэвчлэн зайлшгүй төвлөрөх ёстой ажлуудаа тэмдэглэж авдаг.

Ажилдаа ирээд хамгийн түрүүнд өмнөх өдөр нь хийсэн тэмдэглэлээ шалгаад тухайн өдрийн ажил болон түүнтэй холбогдох хүмүүстэй уулзаж эхэлнэ. Гүйцэтгэлд нь ямар асуудал тулгарч байна, миний зүгээс хэрхэн тусалж болох вэ гэдэгт илүүтэй анхаарч програмистуудтайгаа ярилцдаг. Хэрэглэгчдийн талаас байнгын шинэ санал, хүсэлт ирдэг учраас тэрхүү ажлыг хариуцаж буй ажилтнуудтай ойлголцох нь хамгийн чухал.



3. ТАНЫ АЖЛЫН НӨҮ-ХАУ?

Магадгүй миний хувийн зан чанартай холбоотой байх. Бүх зүйлээс “Яагаад?” гэх асуултын хариуг эрж хайн сониуч байхыг эрмэлздэг. Тухайн асуудал юуны учраас, яагаад, яаж үүсэв гэдгийг нь нэлээн ухаж бодох нь зөв шийдэлд хүрэхэд тусалдаг юм. Аль багаас байсан энэхүү сониуч зан чанар маань өдгөө миний ажлын чухал арга барил болж, бусдын асуудалд зөв гаргалгаа олох, оновчтой шийдвэр гаргахад дэм болж явна.

4. АШИГЛАХГҮЙ БАЙЖ ЧАДДАГГҮЙ АПП, ХЭРЭГСЛҮҮД ЮУ ВЭ?

Ажлын орчинд “Google workspace”-ийн програмуудыг ашигладаг. Үүнд имэйл болон календарь зайлшгүй багтана. Microsoft 365-ын Word, Teams, One-drive, Excel-ийг ч тогтмол хэрэглэнэ. Баг, хамт олон дундаа ашигладаг төслийн үйл явц, гүйцэтгэл, төлөвлөлтийг нэг дор хийж болдог Jira, Freshdesk програмуудыг дурдах нь зүйтэй.

Хувьдаа өргөн хэрэглээний сошиал апп-уудыг бүгдийг нь хэрэглэдэг. Түүнчлэн сүүлийн нэг жил гаруй хугацаанд Apple music, Apple TV, Apple Arcade, Apple News, Fitness, iCloud storage зэргийг нэг дор багтаасан “Apple one”-ыг ашиглаж байна.

Өөр сонирхолтой апп гэвэл өдөр бүр урмын үг явуулдаг Meditopia апп-ыг нэрлэж болох юм. Ажлаа эхлүүлэхээс өмнө тус апп-ын Daily Dose of Inspiration цэсээс урам зориг бадраасан үгс уншиж сэтгэл санаагаа сэргээдэг.



5. ЦАГ ХЭМНЭХ ХАМГИЙН САЙН АРГА ТАНЬ ЮУ ВЭ?

Аль болох чухал ажлууддаа анхаарал хандуулахыг хичээдэг. Хэрэв олон ажил давхцах гээд байвал Microsoft To Do дээр бүгдийг нь жагсааж бичнэ. Ингэснээр юуг ч орхигдуулалгүй хийх боломжтой.

Заримдаа хэтэрхий их бодож, төлөвлөснөөс ажил удаашрах сул талтай байдаг учраас баг, хамт олонтойгоо ярилцахыг хичээдэг. Жишээ нь, би нэг ажил дээр долоо хоног гацчихсан байлаа гэж бодоход багийнхантайгаа ярилцаад тэр дороо шийдэлд хүрчихнэ.

6. ХИЙХ АЖЛАА ХЭРХЭН ТӨЛӨВЛӨДӨГ ВЭ?

Дижитал хэлбэрээр төлөвлөж, Google календарьт тэмдэглэдэг. Урт хугацааны төлөвлөгөөгөө алсын хараатайгаа уялдуулдаг бол богино хугацааны ажлуудаа жижиг даалгавар болгон төлөвлөнө.

7. ЭРЧ ХҮЧЭЭ ХЭРХЭН СЭЛБЭДЭГ ВЭ?

Удаан хугацаанд сууж ажиллаж байгаа үед заримдаа түр завсарлага авч, алсыг харах дуртай. Нэг ажил дээрээ хэтэрхий их төвлөрч суухаар урдаа байгаа ойрын зүйлсээс өөрийг харж чадахаа больчихдог юм билээ. Энэ үед цонхоор нийслэл хотоо ажиглаж, уулын орой, алсын барааг харахаар маш сайн сэргэлт болдог.

Мөн хамт олонтойгоо халуун дулаан уур амьсгалтай байхын тулд хамтдаа гадуур ярилцаж сууна.



8. ҮНДСЭН АЖЛЫНХАА ХАЖУУГААР ДУРЛАЖ ХИЙДЭГ ТӨСӨЛ/АЖИЛ ЮУ ВЭ?

Дулааны улиралд үндэсний сур харваагаар хичээллэнэ. Карьер хөөх гэхээс илүүтэй стресс, алжаалаа тайлах, чөлөөт цагаа өнгөрүүлэх хэлбэрээр боломжтой үедээ бэлтгэл хийдэг. Сурын талбайд сум тавих гээд зогсож байхдаа сөрөг бүхнийг мартаж, яг одоо гэх цаг хугацаанд төвлөрч чаддаг юм.

Мөн би Монголын үндэсний харваачдын холбооны тэргүүлэгч гишүүн бөгөөд үндэсний их өв соёл болсон энэхүү спортын хөгжилд хувь нэмрээ оруулахыг хичээж явдаг даа.

9. ХИЙЖ БУЙ АЖЛЫН ОНЦЛОГ ЮУ ВЭ? ЭЕРЭГ САЙН БА ХЭЦҮҮ БЭРХШЭЭЛТЭЙ ТАЛУУД?

"Ultimate ERP" систем нь байгууллагын нөөц, бараа материалын процессыг бүрэн автоматжуулж, өртөг ашиг орлогоо real-time хянах боломжийг олгодог. Ийнхүү real-time байхын тулд байгууллагын процесс өөрөө on-time явагдах хэрэгтэй. Харин бид байгууллагын процессыг on-time байлгахын тулд хамгийн шилдэг шийдлүүдийг нэвтрүүлэхийг үргэлж зорьдог. Нөгөөтэйгүүр үүнийг бид хамгийн том давуу тал гэж бодож байна.

Энгийнээр тайлбарлавал миний хийдэг ажил нь хэрэглэгч, байгууллагын ажилтнуудад тулгарч буй асуудлыг системийн түвшинд хэрхэн шийдвэрлэх вэ гэдэгт төвлөрдөг бөгөөд тохирсон шийдлийг гаргаж, үйл ажиллагаандаа нэвтрүүлэх хүртэлх процессыг удирддаг. Гагцхүү хэрэглэгчийн хүссэн, тэдэнд тохирсон шийдлийг бий болгоход түүнийг гүйцэтгэж буй програмистуудад зөв ойлголт өгөх нь чухал төдийгүй програмын шаардлагыг зөв тодорхойлоогүй цагт эцсийн үр дүн ч амжилтгүй болох эрсдэлтэй.

Нэг талаас шийдэл гаргаж, асуудлыг шийдвэрлэх нь сонирхолтой ч төслийн процессыг бүхэлд нь үр дүнтэй уялдуулан удирдаж явахад бэрхшээлтэй зүйлс бишгүй л бий. Мэдээж дан ганц удирдахуйгаас гадна бизнесийн нөөц болон бусад олон хүчин зүйлс нөлөөлж болно.



10. ТА ОДОО ЮУН ДЭЭР ТӨВЛӨРЧ БАЙГАА ВЭ? ОЙРЫН ТӨЛӨВЛӨГӨӨ?

Бидний дараагийн алхам юу байж болох вэ гэдэгт төвлөрч байна. Тодруулбал, одоогийн систем дээрээ тулгуурлан хиймэл оюун ухаанд суурилсан экосистемийг бүрдүүлж, ямар үр дүн гарч болох талаас нь судлан ажиллаж байгаа. Энгийнээр тайлбарлавал, бид системээ илүү шинжлэх ухаанд суурилсан математик загварчлалтайгаар бүтээх юм. Үүний тулд хэрэглээний математик, математик загварчлалаар мэргэшсэн доктор, профессоруудтай хамтарч, Монголдоо тэргүүлэх чиглэлийн хиймэл оюун ухаан хөгжүүлэгч компани болох алсын хараатайгаар ажиллаж байна.

11. ТА ӨӨРИЙГӨӨ ХЭРХЭН ХӨГЖҮҮЛЖ, СУРАЛЦДАГ ВЭ?

Google ахтайгаа их найзална даа. Олныхоо жишгээр “How to” гэж бичээд л энэтхэгчүүдийнхээ зааж, тайлбарласан бичлэгүүдийг үзнэ. (инээв)

Мөн Udemy болон W3 schools вэбсайтаас програм хангамжтай холбоотой хичээлүүд үздэг.

12. САНАЛ БОЛГОХ НОМ, КИНО, ХӨГЖИМ?

Сүүлд эхлүүлсэн номоо санал болгоё. Энэ бол Юваль Ноа Хараригийн “Homo Deus”. Хүний хувьслын дараагийн үе шат ямар байх талаар маш сонирхолтой таамаглалуудыг дэвшүүлсэн нь таалагддаг юм.

Киноны хувьд шинжлэх ухаан, уран зөгнөлт, драма төрлийн кинонд дуртай. Онцгойлон “Breaking Bad” цувралыг үзээрэй гэж хэлмээр байна. Нэг танил маань энэ цуврал бидэнд муухан сургууль төгссөнөөс илүү мэдрэмж өгнө гэж хэлж байсан удаатай шүү.

Дуу хөгжмийн тухайд ихэвчлэн төвлөрөхөд тусалдаг намуухан ая сонсох дуртай. Тэр дундаа Piano Guys төгөлдөр хуур ба морин хийл хослуулсан хөгжмийн хамтлагийг шимтэн сонсдог.



13. АВЧ БАЙСАН ХАМГИЙН САЙН ЗӨВЛӨГӨӨ?

Намайг дөнгөж ажлын гараагаа эхэлж байхад манай захирал “Өнөөдрийн жижиг асуудалд бүдэрсэндээ шантарч байвал чи байгаа газартаа гацах болно. Тиймээс үргэлж асуудлынхаа цаад талд гарах гэж хичээж бай” гэж зөвлөж байсан юм. Энэ зөвлөгөөнөөс би бүх зүйлийг даван туулах хатуужилтай, тэсвэр тэвчээртэй байх ёстойг ойлгож авсан.

14. БУСДАД ШИДЭХ САНАА?

Аливаа зүйлийн учрыг нь олох эрмэлзэлтэй буюу сониуч байгаарай. Ялангуяа шинэ төгсөгч, дөнгөж ажил дээр гарч байгаа хүмүүст хандаж хэлэхэд “Яагаад?” гэдэг асуултыг байнга тавьж байх хэрэгтэй. Бүх зүйлийн цаад нарийн учрыг танин мэдэхийн тулд эрэл хайгуулч нэгэн байгаарай гэж хэлмээр байна.