Урлагийн ертөнцөд хөл тавьсан цагаас эхлэн өнөөг хүртэлх 26 жилийн хугацаанд хийсэн бүхнээрээ салбартаа чичиргээн үүсгэж, тасралтгүй шинэ босго, стандартыг тогтоосоор ирсэн нэгэн бол дуучин Д.Болд. "Камертон" хамтлагийг үүсгэн байгуулснаасаа хойш шил шилээ дарсан супер хит дуунуудаар залуусыг байлдан дагуулж, үргэлжлүүлэн соло уран бүтээлүүдээрээ энтертайнмент салбарт хурцаар гэрэлтсээр буй тэрээр сүүлийн жилүүдэд "B Production" болон "Voice Mongolia" шоугаар дамжуулан зөвхөн өөрийн уран бүтээлээс гадна залуу уран бүтээлчдийг дэмжих чиглэлд анхаарал хандуулах болсныг бид мэднэ. Манай "Би хэрхэн ажилладаг вэ?" буланд урих зочдын санал асуулгыг бүх цаг үед тэргүүлсээр ирсэн түүнийг бид Монгол Улсад анхны олон улсын стандартад нийцсэн, А зэрэглэлийн мэргэжлийн дуу бичлэгийн "440Hz Records" студийнхээ үйл ажиллагааг эхлүүлээд буй энэ цаг үед ярилцлагын буландаа урьсан билээ.

Байршил: Монгол Улс, Улаанбаатар хот
Эрхэлдэг ажил: "B Production"-ийн үүсгэн байгуулагч, дуучин, хөгжмийн зохиолч, продюсер
Хэрэглэдэг утас: iPhone 12 Pro Max
Хэрэглэдэг компьютер: iMac, Macbook Pro
Сошиал хуудас: Bold Dorjsuren (Фэйсбүүк), Dorjsuren Bold (Твиттер), Bold Dorjsuren (Инстаграм)



1. ТАНЫ КАРЬЕРААС БИД ЮУГ МЭДЭХ ЁСТОЙ ВЭ?

Би урлагийн гэр бүлд төрж, хүмүүжсэн болохоор ухаан орсон цагаасаа л дуу хөгжимтэй холбогдсон. Зургаан настайдаа Хөгжим бүжгийн дунд сургуулийн хийлийн ангид элсэж, 15 насандаа Монголын анхны акапелла дөрвөл болох "Камертон" хөвгүүдийн хамтлагаа байгуулж байлаа. Тэр үед "Маамуу нааш ир", "18 нас" дуугаар дэбютээ хийж байв.

Манай хамтлаг одоогоор 14 тоглолт, 11 цомогтой. Байгуулагдсан цагаас "Зөвхөн чанартай уран бүтээл хийхийн тулд өөрсдийн бүх нөөц боломжоо тултал ашиглана" гэх хамтлагийн хатуу хууль дүрэмтэйгээр эхэлсэн нь урт хугацаандаа карьер, нэр хүндийн хувьд хамгийн үр дүнтэй хөрөнгө оруулалт болсон. Ерөөс энэ зарчмаа биелүүлэхийн тулд 2000 онд хамтлагаараа Сингапур улс руу явж, хөгжмийн чиглэлээр суралцахын сацуу шинэ цомог дээр ажиллаж, гаднын рекордстой хамтран ажилласан анхны хамтлагуудын нэг болсон удаатай.

2005 онд хамтлагийнхаа 10 жилийн ойн тоглолтыг Төв цэнгэлдэх хүрээлэнд хийсний дараа бид ганцаарчилсан уран бүтээлд анхаарч эхэлсэн юм. Тухайн ондоо Сингапур улсыг дахин зорьж, "Хайр бол энэ ертөнцийн хамгийн хүчтэй зүйл" хэмээх хувийн философио шингээн, "Хайрын хүч" анхны бие даасан цомгоо гаргасан нь миний хувьд соло карьерын амжилттай эхлэл болсон. Түүнээс хойш бие даасан 12 цомог, нэг пянз гаргажээ. Ингээд 2006 онд "B Production"-аа байгуулан, хувийн уран бүтээлийн хажуугаар продюсерын ажилд төвлөрч, өнөөг хүртэл ажиллаж байна.

Үргэлжлүүлэн 2011 оноос уламжлалт хөгжмийн хэв маягийг орчин үетэй хослуулах, Монгол урлагийг дэлхийн залууст таниулах зорилгоор "Монгол поп" төсөл санаачилснаар хийж бүтээсэн ажлыг минь үнэлж “Төрийн соёрхолт” цол тэмдэг хүртээсэн билээ. Саяхны сонин гэвэл, миний болон багийн маань сүүлийн зургаан жилийн хөдөлмөрийн үр дүн биеллээ олж, бид олон улсын ISO 3382:2009 стандартад нийцсэн “440Hz Records” шинэхэн дуу бичлэгийн студиэ ашиглалтад орууллаа. Ингэснээр дэлхийн хэмжээний дуу бичлэгийг дотооддоо бүтээх боломж бий болж байна.



2. ТАНЫ АЖЛЫН ДУНДАЖ НЭГ ӨДӨР ХЭРХЭН ӨНГӨРДӨГ ВЭ?

Оффис дээр өглөө есөн цагийн үед цуглаж, 10-11 цагийн үед дуу бичлэгийн ажлууд руу ордог. Сүүлийн үед гадаад харилцааны чиглэлээр олон улсын цагийн зөрүүнд тохируулан ажиллаж буй тул заримдаа шөнийн 1-3 цаг хүргэх нь бий. Гэхдээ ажлын дундаж өдөр уран бүтээлчдийн хувьд өдөр бүр өөр байдаг. Үүр цайтал ажиллаад маргааш нь амарч өнжих тохиолдол байхад оффисын ажилтнуудын адил өглөө нь ирээд орой нь тарах үе ч байна. Энэ мэтчилэн ажиллаад үзвэл тун сонирхолтой салбар шүү.

3. ТАНЫ АЖЛЫН НӨҮ-ХАУ?

Юун түрүүнд, хийх зүйлсийн бүх үйл явцыг толгойдоо урьдчилан бодож, дараа нь цаасан дээр төлөвлөгөөгөө буулгадаг. Түүний дагуу ажлаа хэсэгчлэн хуваарилж, үйл явцаа хугацаанд нь шахаж, хийж дуусгасны эцэст бусдад танилцуулж эхэлдэг. Ер нь ямар ч ажлыг хийхээсээ өмнө түрүүлж ярих дургүй. Сүсэг бишрэл минь ч надад урьдчилж яривал тухайн ажил бүтэхгүй болох мэт мэдрэмж төрүүлдэг. Нэгдүгээрт сонин биш болно, хоёрдугаарт, бүтэх боломжтой байсан зүйлд гаднын нөлөө орсноор бүтэлгүйтэж болзошгүй, гуравдугаарт, хэн нэгэн нь дутуу ойлгож, буруу дуурайх сул талтай. Эхнэр маань хүртэл заримдаа зарим төслийн үйл явцыг мэдэхгүй өнгөрдөг нь үүнтэй холбоотой.

Бас аливаа ажлын эцсийн үр дүнг нягт, чанартай байлгахын тулд аль болох жижиглэн хувааж, гүйцэтгэл дээрээ багийнхантайгаа нэг бүрчлэн ярилцдаг. Тиймд зарим гишүүд маань тухайн ажлыг бүрэн дуусаж, нэг бүхэл болох хүртэл юун дээр ажиллаж буйгаа ч бүрэн ойлгоогүй байх үе гардаг. "Аан, ийм юм болох гээд байсан юм уу?" гэж байгаа нь хааяа дуулддаг юм (инээв).

4. АШИГЛАХГҮЙ БАЙЖ ЧАДДАГГҮЙ АПП, ХЭРЭГСЛҮҮД ЮУ ВЭ?

Фэйсбүүк, Твиттер тэргүүтэй төрөл бүрийн сошиал платформууд болон SoundCloud, банкны аппуудыг өдөр тутамдаа идэвхтэй ашигладаг. Толгойд орж ирсэн санаагаа утасныхаа Voice Recorder, Notes аппууд дээр тэмдэглэнэ. Ухаалаг утас гарч ирэхээс өмнө дектафон (дуу хураагч) маш их ашигладаг байсан. Студийн хэмжээнд "Apple"-ын бүтээгдэхүүнийг таашаан хэрэглэдэг. Найдвартай бөгөөд аюулгүй, багийнхантайгаа файлаа хурдан солилцох боломжтой, гарсан алдааг засахад амар зэрэг олон давуу талтай учраас дэлхийн томоохон рекордсууд энэ брэндийн бүтээгдэхүүн түлхүү ашигладаг. Мөн төгөлдөр хуур бол ажлын байран дээрх хамгийн гол хамтрагч минь.



5. ЦАГ ХЭМНЭХ ХАМГИЙН САЙН АРГА ТАНЬ ЮУ ВЭ?

Би цаг хэмнэх тухай биш түүнийг үнэ цэнтэй болгоход анхаарал хандуулах дуртай. Хэрэггүй зүйлсийг хэрэгтэй болгодог гэсэн үг. Энэ ертөнцийн хором мөч бүр давтагдашгүй. Хэнтэй ч хаана ч цагийг өнгөрүүлсэн бай, тэр цаг хугацаа нэгэнт л эргэж ирэхгүйгээс хойш тухайн мөчдөө бүрэн амьдрахыг хүсдэг. Өөрийгөө болон эргэн тойрондоо аз жаргалыг бий болгож, түүнийгээ түгээхийг зорьдог юм.

Ажлын хувьд цаг хэмнэнэ гэдэг багийн ажиллагаа болов уу. Дуу хөгжим гэдэг бие махбод, бодол санаагаа бүрэн зориулж, онгодоор хөглөгддөг ажил учраас бүхнийг ганцаараа амжуулна гэдэг хэцүү. Сайн баг л аливаа ажлыг хурдтай, чанартай хийх гол түлхүүр нь.

6. ХИЙХ АЖЛАА ХЭРХЭН ТӨЛӨВЛӨДӨГ ВЭ?

Би 1995 оноос хойш буюу хамтлагийн ахлагчаар ажиллаж эхэлсэн үеэс тэмдэглэлийн дэвтэр дээр ажлын төлөвлөгөө болон хувийн санхүүгээ хөтөлж заншсан. Тухайн үед тооны машин авах мөнгөгүй байсандаа ч юм уу гараар тоогоо боддог байсан дадал яг хэвээр үлдсэн.

Одоо тусдаа санхүү хариуцсан нягтлан бодогчтой ч сурсан зангаараа хувьдаа заавал давхар тэмдэглэж, тооцож явдаг. Олон жил энэ маягаар ажилласан болохоор ч тэр үү, миний хийсэн тооцоо бүртгэл санхүүч, нягтлангийн ажлуудтай яг л таардаг юм. Ер нь бичиж, тэмдэглэх дадлыг маш чухалд тооцдог. Мэдээллийн хэт их урсгал бий болж, анхаарал төвлөрөл олон зүйлд сатаардаг болсон энэ үед цаасан дээр цэгцтэй хөтөлж байж, бодож төлөвлөсөн ажлуудаа цалгардуулалгүй авч явж чадна.

Мөн би тухайн өдөр зайлшгүй хийж дуусгах ажил, хурал уулзалтуудаа сэрүүлэг болгон хадгалдаг. Тэр хуваарьтаа зохицуулан өдрийн төлөвлөгөөгөө гаргадаг. Өөрөөр хэлбэл, тогтмол өглөө босох цаг, заавал хийх ёстой зүйл зэргээр өөрийгөө хүчилж, нэг горимд оруулах гэж албаддаггүй. Ажил, амьдралаа аль болох өөрт таатай, аз жаргалтайгаар хийж, төлөвлөдөг төрлийн хүн. Хамт олон, уран бүтээлчдээ ч нэг хэвд шахах гэж оролддоггүй. Хийх ёстой зүйлээ цагт нь хийж, хувийн төлөвлөлтөө баримталж чадвал өглөө ир, орой суу зэргээр хүчлэх утгагүй санагддаг. Ажил бол хүний хоёр дахь гэр. Энд хүн бүтээмжтэй байх гэж, ямар нэг үнэ цэнтэй зүйл бүтээх гэж хүслээрээ ирдгээс биш цаг бүртгүүлж, тарах үеэ хүлээх гэж очих ёсгүй гэж боддог.



7. ЭРЧ ХҮЧЭЭ ХЭРХЭН СЭЛБЭДЭГ ВЭ?

Дуучин хүний эрч хүч мэдээж тайзан дээр мянга мянган үзэгчдийнхээ өмнө дуулж зогсоход оргилж байдаг. Сонсогч фенүүд дууг минь танхим дүүрэн дагаж дуулахыг сонсох шиг баярлам, бахархам мөч гэж үгүй. Мөн гэр бүлээрээ ширээ тойрч суугаад хооллоход маш их таашаал, аз жаргал мэдэрдэг. Тэгээд мэдээж хэрэг нойр. Утсаа унтрааж, хаалгаа хаагаад сайн унтахаас илүү эрч хүч сэргээх найдвартай, механик арга байхгүй шүү дээ.

8. ҮНДСЭН АЖЛЫНХАА ХАЖУУГААР ДУРЛАЖ ХИЙДЭГ ТӨСӨЛ/АЖИЛ ЮУ ВЭ?

Монголд 2000 оны эхээр тарган хүн моданд орсон мэт байлаа. Яг тэр үед Сингапур явж таарсныг хэлэх үү, тэндхийн залуус нь спортлог, булчинлаг биетэй, фитнесийг амьдралын нэг хэвшлээ болгосон байхыг харсан. Үргэлж дууг нь сонсдог, үлгэр дуурайл авдаг дэлхийн одууд ч ганц дуу хөгжмөөс гадна бие бялдраараа дамжуулан нийгэмд эерэг мессеж түгээдгийг анзаарсан юм. Энэ бүхний нөлөөгөөр 2005 оноос хойш фитнесээр идэвхтэй хичээллэж эхэлсэн. Одоо фитнес гэдэг амьдралын өдөр тутмын минь нэг хэсэг, хэвшил болжээ. Айхтар тамирчин болж, тэмцээн уралдаанд орохгүй ч өдөр бүр дөрвөн мөчөө хөдөлгөж, цусны эргэлтээ дэмжиж, эр хүний хувьд хүч чадалтай байж, ямар ч үед дуртай хувцсаа өмсөж чадах эрх чөлөөг дасгал хөдөлгөөн олгодог.

Фитнесээс гадна төрөл бүрийн "аction figure" цуглуулах дуртай. Нэг авсан байхад үнэ цэн нь улам өсөж, ашигтай хөрөнгө оруулалт болдог нь том давуу тал. Яваандаа өөрийн цуглуулгаар үзэсгэлэн гаргахаар төлөвлөж байгаа. Мөн манай гэр бүл амьтанд тун хайртай. Гэр бүлийн маань зургаа дахь гишүүн Люси гээд нэг нөхөр бий. Түүндээ бас цаг гаргана.



9. ХИЙЖ БУЙ АЖЛЫН ОНЦЛОГ ЮУ ВЭ? ЭЕРЭГ САЙН БА ХЭЦҮҮ БЭРХШЭЭЛТЭЙ ТАЛУУД?

Эерэг тал нь шинийг хийж бүтээж, түүгээрээ нийгэмдээ нөлөөлж буй явдал. Хийж бүтээсэн бүхнээ үр хүүхдэдээ нүүр бардам өвлүүлж, тэр бүхэн минь эргээд үнэт өв болох хэмжээнд очоосой гэх сэтгэлээр ажилладаг. Хувь хүний хувьд урлагийн гэр бүлийн үргэлжлэл болж, салбартаа хувь нэмэр оруулж буйдаа баяртай байдаг. Мөн аав минь Эрдэнэт хотын төлөвлөлтийг анхлан гаргалцсан барилгын архитектор, эрдэмтэн, профессор хүн байсан учраас продакшныхаа энэ бүтээн байгуулалтын ажлыг хийхэд сэтгэлд их өег санагдаж байсан. Цаашид уран бүтээлчээр ажиллах хугацаанд гарсан бүх л хүндрэл бэрхшээлийг залуу хойч үедээ дахин мэдрүүлэхгүйн тулд урлагийн салбарыг бизнесийн эргэлттэй болгох системийг бүтээхээр ажиллаж байна. Энэ бүхэн миний хувьд эерэг болон хэцүү бэрхшээлтэй хоёр талыг аль алиныг нь агуулж буй чухал ажил.

Монголд саяхныг хүртэл уран бүтээлчид бүтээл хийхийн тулд хийсэн ажил, авсан шагналаа бариад, байгууллагуудтай уулздаг байлаа. Өөрөөр хэлбэл, уран бүтээлчид хийх ёстой зүйлдээ бус ивээн тэтгэгч хайхад илүү цаг зарцуулдаг байсан тэр эрүүл бус тогтолцоог халахын тулд ажиллаж байна. Үүний тулд л рекордсоо байгуулж, энэ асуудалд анхааран зүтгээд буй юм. Би энэ бэрхшээлийг тун сайн мэддэг, олон жил биеэр туулсан учраас тэр бүхнийг өөрчлөхөд өөрийн хувь нэмрээ тултал нь оруулах ёстой гэж үздэг.


10. ТА ОДОО ЮУН ДЭЭР ТӨВЛӨРЧ БАЙГАА ВЭ? ОЙРЫН ТӨЛӨВЛӨГӨӨ?

Одоогоор би өөрийн 14дэх "90's love", 15 дахь "Алтангадас" цомгууд дээр ажиллаж байна. "90's love" цомгоос "One shot", "Удаанаар", "Алтангадас" цомгоос "Зүүдний хаалган дээр", "Чамд сонсогдож байна уу?" дууг гаргасан байгаа. Мөн "B Production"-ийн бусад уран бүтээлчдийн уран бүтээл дээр ажиллаж байна.

Нэг үеэ бодоход, бид одоо олон улсын стандарт нийцсэн студитэй болсон тул үйл ажиллагаагаа илүү өргөн цар хүрээнд явуулж, уран бүтээлүүдээ дэлхийд хүлээн зөвшөөрөгдөх өндөр чанартайгаар гаргах боломжтой болсон. Үүгээр зогсохгүй техник технологи, тоног төхөөрөмжийн ажиллагаанд Английн "SSL", "QUESTED" брэнд, студийн засал акустик дээр Америкийн "Wes Lachot" компаниудтай ажиллаж байна. Уг хамтын ажиллагаагаа ашиглан цаашид Монголын кино урлагт Dolby 5.1 дуугаралтыг нэвтрүүлэхээр ажиллаж буй. Ингэснээр бид зөвхөн дуучдын уран бүтээлээр зогсохгүй дотоодын болон олон улсын кино, тоглоомуудын хөгжмийн захиалга авах, харилцан хамтран ажиллах бололцоо бүрдэх юм.



Шинэхэн студиэ танилцуулахгүй юу?

"B Production", “440Hz records” маань үндсэн таван студитэй. Хөгжмийн найруулга хийх гурван студи, хөгжмийн сургалтын өрөө, бүжгийн заал, оффис зэргийг цогцоор нь шийдэж өгсөн. Тоног төхөөрөмж, засалт тохижилтыг жижиг деталь гэлтгүй бүгдийг нь дэлхийн стандартад нийцүүлж нэг бүрчлэн анхаарсан. Жишээ нь, студийн тохижилтод уран бүтээлчдийн амьсгалын замд сөрөг нөлөө үзүүлэхгүй, эрүүл мэндэд харшлахгүй материал ашиглах, агааржуулалтын системийг дуу бичлэг хийж байх үед чимээ гаргахгүй байх зэрэг нарийн ажлууд орсон. Энэ бүхнийг хийхэд Монголд байдаггүй материал, технологийг ашиглах шаардлага гарсан юм.

“440Hz records”-ийн уран бүтээлчдээ хэрхэн сонгосон бэ?

Монголчууд бол дуучин ард түмэн. Гэхдээ дуулж чаддаг бүхэн дуучин болдоггүйг ойлгох хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, мэргэжлийн уран бүтээлч болно гэдэг дуулах авьяасаас илүү өөр түвшний ойлголт юм. Ялангуяа, урлагийн салбар цаашид бие даасан бизнесийн систем болж хөгжихийн тулд залуусаас мэргэжлийн ур чадвар шаардахаас гадна өөр олон чадвар, давуу талуудыг харж, тун болгоомжтой салбартаа оруулах шаардлагатай болж байна. Үүнд, хувийн сахилга бат, зан чанар, аливаад хандах хандлагыг харж, зөв хүн байж, хорт муу зуршилгүй байх, бусдад нөлөөлөх чадвар зэрэг хувь хүнд чиглэсэн шалгуурууд багтана. Бидний зүгээс дээрх шалгууруудыг хангахаас гадна урлагийн салбарын эерэг сайн, болон хэцүү бэрхшээлтэй талуудыг хүлээн авах залуусыг хайдаг. Мөн одоо хийж буй ажлаараа цаашдын амьдралаа авч явах итгэл үнэмшилтэй, түүнийхээ төлөө хөдөлмөрлөж, тууштай байж чадах залуусыг эгнээндээ нэгтгэхийг зорьдог. Үүний тулд залуустайгаа сайтар ярилцаж, хамтран ажиллаж байна.



11. ТА ӨӨРИЙГӨӨ ХЭРХЭН ХӨГЖҮҮЛЖ, СУРАЛЦДАГ ВЭ?

Цаг үетэйгээ хөл нийлүүлэн алхаж, аливаа шинэ зүйлд үргэлж нээлттэй, уян хатан хандахыг эрмэлздэг. Суурь хүмүүжил, дуртай зүйлс минь өмнөх үе байж болох ч үе хоорондын ялгааг ойлгож, тэднийг харьцуулалгүйгээр эсрэгээрээ дасан зохицож, тэр явцдаа өөрийгөө шинээр нээдэг. Мөн гаднын зах зээлээс суралцах зүйл маш их. Тиймээс алхам тутамдаа бусдын сайн туршлагыг үзэж, судалж, уншиж, эргээд түүнийгээ өөрийн биеэр хийж туршдаг.

12. САНАЛ БОЛГОХ НОМ, ХӨГЖИМ, КИНО?

Ажлын онцлогоос шалтгаалан маш олон төрлийн хөгжим сонсдог ч Stevie Wonder, Micheal Jacksоn, Whitney Housten, Boyz II Men нар миний хувьд хэзээд хуучиршгүй сонгодог уран бүтээлчид. Уран бүтээл нь маш өндөр түвшний, дуунууд нь тун аялгуулаг бөгөөд агуулга сайтай тул сонсох бүрдээ урам зориг авдаг.

Киноны хувьд "Загалмайлсан эцэг"-ийг үзэх дуртай. Киноноос нөхөрлөл гэж юу болох, яагаад аливаад тууштай зүтгэх хэрэгтэйг, гэхдээ нэг зүйлдээ хэт туйлширвал юунд хүрч болдог гэх мэт олон зүйлийг харж, мэдэрдэг. Номын хувьд хийж буй ажилтай минь холбогддог номуудад дуртай. Хөгжим, контент үйлдвэрлэл, хөгжмийн бизнес чиглэлийн ном таарвал цаг гарган танилцдаг.



13. АВЧ БАЙСАН ХАМГИЙН САЙН ЗӨВЛӨГӨӨ?

Өвөө минь (Ардын жүжигчин, Төрийн шагналт, Зууны манлай морин хуурч Г.Жамьян) намайг бага байхад "Аргалж хийсэн юм бүхэн амжилтыг хойш татдаг, аргалж хийсэн юм бүхэн ардаа заавал балагтай үлддэг" гэж хэлж байсан нь өнөөг хүртэлх амьдралын минь гол зарчим болж толгойд үлдсэн. Тиймээс бүх зүйлд нүд хуурах төдий биш чин сэтгэлээсээ бүрэн бүтэн, чанартай хийхийг боддог.

Мөн Хөгжим бүжгийн дунд сургууль сурагчдадаа "Чи өөрөө л хичээхгүй бол ирээдүйд хэн ч биш болно" гэх философийг багаас нь мэдрүүлж, эртнээс бие даалгадаг. Энэ хүмүүжил ч бас одоогийн амьдралд минь том нөлөө үзүүлсэн шүү.


14. БУСДАД ШИДЭХ САНАА?

Нэг зүйлдээ тууштай явах нь боломж буюу амжилтын үүдийг өөртөө нээж буй хэрэг гэж боддог. Ашигтай харагдсан болгонд үсчиж, савчих нь цаг дэмий урсгах гол шалтгаан болохоос гадна гэнэт орж ирсэн мөнгө юм болдоггүйг эртхэн ойлгоод авах хэрэгтэй. Сайн хийж чаддаг, хийх үедээ баяр баясал авдаг, эргээд түүгээрээ амьдралаа авч явж чадна гэх итгэл тээсэн бол түүндээ шантралгүй тууштай зүтгэж, урт хугацааныхаа зорилгоо дагаж явах нь зүйтэй. Миний хувьд нэг салбартаа 26 жилийн турш уйгагүй зүтгэсний үр шимд одоогийн энэ түвшинд ирсэн. Цаашдаа ч зөвхөн дуу хөгжимд мэргэшиж, гүнд нь орох болно.