Манай энэ удаагийн зочин бол Монголын хамгийн анхны эмэгтэй аймгийн Засаг дарга Э.Болормаа. АНУ-д Эдийн засагч мэргэжлээр бакалаврын зэрэг хамгаалж, Хөгжлийн бодлого, төрийн удирдлагын чиглэлээр мэргэжил дээшлүүлсэн тэрээр Дэлхийн банк, НҮБ, Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк тэргүүтэй олон улсын байгууллагуудад ажилласан туршлагатай. Улмаар улс төрийн карьераа Монгол Улсын Ерөнхий сайдын ажлын албаны дарга, ахлах зөвлөхөөр эхлүүлж, 2021 оны есдүгээр сараас Ховд аймгийн Засаг дарга, Баруун бүсийн зөвлөлийн даргаар ажиллаж буй. Бид түүнийг нийслэлийг зорин ирсэн үед нь холбогдож, ажил болоод амьдралын арга барилтай нь танилцсан юм.
Эрхэлдэг ажил: Ховд аймгийн Засаг дарга, Баруун бүсийн зөвлөлийн дарга
Хэрэглэдэг гар утас: iPhone 15 Pro
Хэрэглэдэг компьютер: Lenovo ThinkPad
Сошиал хуудсууд: Facebook, LinkedIn, X
1. ТАНЫ КАРЬЕРААС БИД ЮУ, ЮУГ МЭДЭХ ЁСТОЙ ВЭ?
Би Улаанбаатар хотын унаган хүүхэд. Ерөнхий боловсролоо Хобби сургуульд эзэмшиж, бакалавр болон магистрын зэргээ АНУ-д дүүргэсэн. Тодруулбал, Орегоны их сургуульд Эдийн засаг, олон улсын харилцаа мэргэжлээр бакалавр, Колумбын их сургуульд Хөгжлийн бодлого, төрийн удирдлагын чиглэлээр магистрын зэргээ тус тус хамгаалж байв.
Карьераасаа би гурван зүйлийг онцолмоор байна. Эхнийх нь эзэмшсэн мэргэжлээрээ дэлхийн томоохон байгууллагуудад үндсэн ажилтнаар туршлага хуримтлуулсан явдал. Дэлхийн банкны ирээдүйн удирдагчдаа бэлтгэх хөтөлбөрт оролцож, 14 мянга гаруй залуусаас шилдэг 14 залуу мэргэжилтний нэг болсон маань олон улсын байгууллагуудад карьераа эхлүүлэх, чухал төсөл, хөтөлбөрүүдэд хувь нэмрээ оруулах эхлэл болсон юм. Тухайлбал, 2015 онд батлагдсан Дэлхийн банкны уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх төлөвлөгөөг боловсруулахад гар бие оролцож, тухайн үеийн гүйцэтгэх захирлын ажлын албанд ажиллах завшаан тохиож байв. Үүний дараа НҮБ-ын Ногоон Уур Амьсгалын Санд Ази, номхон далайн бүс нутгаа хариуцах ажилд томилогдон өөрийн сонирхож байсан бүс нутгийн чиглэлээр илүү туршлагажих алхам болж байлаа. Энд би бусад улс орны төсөл хөтөлбөрүүдийг боловсруулах, санхүүжилтийг нь шийдэх ажлуудыг гүйцэтгэдэг байсан юм.
Ингээд 2021 онд Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банканд анхны үндсэн монгол ажилтан болж, Монгол Улстайгаа илүү ойр ажиллах нөхцөл бүрдсэн. Гэтэл нэг өдөр Монгол Улсын Ерөнхий сайд надтай холбогдож, ажлын албаны дарга, ахлах зөвлөхөөр нь ажиллах санал тавилаа. Энэ бол миний карьерын хоёр дахь эргэлтийн цэг байв. Тийнхүү ажиллаж байх хугацаандаа Шинэ сэргэлтийн бодлогын ажлын хэсгийг ахалж, эх орныхоо дараагийн арван жилийн дунд хугацааны хөтөлбөрийг боловсруулсан нь эдийн засагч хүний хувьд тун олзуурхууштай, туршлага арвижсан үе гэж дүгнэдэг.
Мэдээж гурав дахь нь Ховд аймгийн Засаг даргаар томилогдсон явдал байлаа. 2021 оны есдүгээр сарын 2-ны өдөр үүрэгт ажлаа хүлээн авч, өнөөдрийг хүртэл Засаг даргын ажлаас гадна Баруун бүсийн зөвлөлийн даргаар ажиллаж байна.Нэг талаараа энэ ажил маань хөгжлийн бодлого, эдийн засагч мэргэжилтэй миний хувьд гайхалтай завшаан болж байгаа.
2. ТАНЫ АЖЛЫН ДУНДАЖ НЭГ ӨДӨР ХЭРХЭН ӨНГӨРДӨГ ВЭ?
Манай Ховд аймаг Улаанбаатар хотоос нэг цагийн зөрүүтэй учраас нийслэлтэй зэрэгцэн 08:00 цагт ажил эхэлнэ. Засаг даргын хувьд хүмүүстэй байнгын уулзаж, ярилцах шаардлага гардаг болохоор ажлаа хэр сайн амжуулах вэ гэдэг нь цагийн менежментээс ихээхэн хамаардаг. Тиймдээ ч би олон уулзалтаас аль болох зайлсхийж, дор бүр нь хурдтай шийдвэр гаргаад явахыг боддог юм. “Хурал ихэдвэл ажил муудсаных, хуушуур ихэдвэл мах муудсаных” гэдэг монгол ардын үг ч бий шүү дээ.
Мөн би долоо хоног бүрийн пүрэв гарагт иргэдтэй уулздаг. Энэ уулзалтаар иргэдийн өргөдөл, гомдол хариуцсан ажилтны хамт тэднээс ямар асуудал тулгамдаж байна, яаж шийдвэрлэж болох талаар ярилцах зорилготой.
Миний ажлын өдрүүд харилцан адилгүй ч оройдоо 22, 23 цаг хүртэл ажиллах нь олонтоо. Нэг талаараа залуу эмэгтэй хүн энэ ажлыг хийж чадна шүү гэдгийг харуулахын тулд хичээдэг гэх үү дээ. Энэ бол зөвхөн миний үүрэг хариуцлага бус дараа дараагийн залуу эмэгтэйчүүдэд бэлдэж буй жим гэж боддог юм.
3. ТАНЫ АЖЛЫН НӨҮ-ХАУ?
Шийдвэр гаргалтад цаг алдахыг хүсдэггүй. Зөвлөлдөх ёстой хүмүүстэйгээ зөвлөлдөөд, хурдтай бөгөөд оновчтой шийдвэр гаргах нь миний ажлын гол арга барил. Мөн багийнхандаа шаардлагатай эрх мэдлийг олгож, ажиллах нөхцөл, боломжоор нь бүрэн хангахыг эрмэлздэг. Намайг байсан байгаагүй ажил урагшилж байвал удирдагчийн үүргээ сайн гүйцэтгэж байна гэсэн үг шүү дээ.
4. АШИГЛАХГҮЙ БАЙЖ ЧАДДАГГҮЙ АПП, ХЭРЭГСЛҮҮД ЮУ ВЭ?
Сүүлийн үед ажлын шаардлагаар иргэдтэй холбоотой байх, тэдний асуултад боломжоороо хариулахын тулд Facebook, X, Viber зэрэг сошиал аппын хэрэглээ эрс нэмэгдсэн. Мөн ChatGPT 4.0 хувилбарыг ашиглаж байна.
5. ЦАГ ХЭМНЭХ ХАМГИЙН САЙН АРГА ТАНЬ ЮУ ВЭ?
Цаг хэмнэх тал дээр Eisenhower Matrix-ын аргыг хэрэгжүүлдэг. Үндсэндээ би ажлуудаа хэр чухал болон хэр яаралтай вэ гэсэн хоёр хэмжигдэхүүнээр хэмждэг юм. Яаралтай бөгөөд чухал ажлаа хамгийн түрүүнд хийнэ. Чухал боловч яаралтай биш ажлуудаа яаж хийхээ бодчихоод хойшлуулна. Маш яаралтай бөгөөд тийм ч чухал биш ажлыг тохирох хүнд нь даатгана. Өөрөөр хэлбэл, бүх ажлаа ижил тэгш гэж харалгүй нягт сайн эрэмбэлэх нь чухал гэсэн санаа.
6. ХИЙХ АЖЛАА ХЭРХЭН ТӨЛӨВЛӨДӨГ ВЭ?
Дэвтэртээ бичиж, төлөвлөдөг. Ийнхүү гараар бичих нь тухайн ажлыг хэзээ, яаж хийх вэ гэдгийг тунгаах бодох нөхцөл болдог юм.
Харин төрийн ажлаа төсөвтэй уялдуулан жилээр нь төлөвлөдөг. Юу хийгдэхээс шалтгаалаад улирал, сар, долоо хоног гээд нарийн төлөвлөнө.
Сониноос би үүрэгт ажлаа хүлээн авснаас хойш “цаг авах” соёлыг дэлгэрүүлэхийг хичээж байгаа. Эхэндээ хүмүүс гайхдаг байсан ч энэ бол хэн хэнийхээ цаг хугацааг хүндэтгэж байгаагийн илрэл шүү дээ.
7. ЭРЧ ХҮЧЭЭ ХЭРХЭН СЭЛБЭДЭГ ВЭ?
Ямар ч хүн хайртай, дотнын хүмүүстэйгээ хамт байхад эрч хүчтэй болдог биз ээ. Миний хувьд ч мөн ялгаагүй гэр бүл, найз нөхөд, санаа нийлсэн ажлын хамт олноосоо, хийсэн ажлын үр дүнгээсээ эрч хүч авдаг. Мөн хөдөө сумдаар томилолтод явах, байгальтайгаа ойр байх дуртай.
8. ҮНДСЭН АЖЛЫНХАА ХАЖУУГААР ДУРЛАЖ ХИЙДЭГ ТӨСӨЛ/АЖИЛ ЮУ ВЭ?
Би оюутан байхаасаа л олон нийтийн ажилд идэвхтэй оролцож ирсэн. Тиймдээ ч зав зай гарсан үедээ хүүхэд, залуучуудын хөгжилд багахан ч болов хувь нэмэр оруулахыг хүсдэг юм. Тухайлбал, өнгөрсөн жил англи хэлний элсэлтийн ерөнхий шалгалтад бэлдэж байсан төгсөх ангийн хүүхдүүдэд бямба гараг бүр хичээл зааж байлаа. Мөн зөвлөгөө авъя гэсэн залуустаа ч чадахаараа цаг гаргахыг хичээдэг. Тэр тусмаа улс төрийг сонирхож байгаа эсвэл хөдөө орон нутагт шилжин амьдрах талаар төлөвлөж буй залуучуудад хэзээд миний хаалга нээлттэй.
9. ХИЙЖ БУЙ АЖЛЫН ОНЦЛОГ ЮУ ВЭ? ЭЕРЭГ САЙН БА ХЭЦҮҮ БЭРХШЭЭЛТЭЙ ТАЛУУД?
Эерэг тал гэвэл би шийдвэр гаргах түвшинд ажиллаж байна. Өмнө нь олон улсын төсөл хөтөлбөрүүдэд гүйцэтгэх албан тушаалд ажиллаж байхдаа үүнийг ингэчихсэн бол, тэгээд хийчихсэн бол гэж санаа ахиулах явдал цөөнгүй гардаг байв. Харин одоо асуудлыг аль чадахаараа шийдвэрлэх боломжтой албан тушаалд байгаа нь онцлууштай.
Бэрхшээлтэй тал нь хэт их улстөржилт. Улаанбаатар хотоос илүү хөдөө орон нутагт улстөржих, намчирхах, талцах явдал элбэг юм билээ.
10. ТА ОДОО ЮУН ДЭЭР ТӨВЛӨРЧ БАЙГАА ВЭ? ОЙРЫН ТӨЛӨВЛӨГӨӨ?
Ховд аймаг энэ оныг “Хүүхдэд ээлтэй, хүний хөгжлийг дэмжих жил” болгон зарласан. Үүний хүрээнд төлөвлөсөн ажлуудынхаа хэрэгжилтийг хангах тал дээр төвлөрч байна. Тухайлбал, аймгийн төвийг бүрэн камержуулах төсөл ирэх долоо хоногт ашиглалтад орохоор 90 гаруй хувьтай хийгдэж байгаа. Бусад сумын тухайд худалдан авалтын шат дээрээ явж байна.
Түүнчлэн цэцэрлэгийн болон I-V ангийн хүүхдүүдэд долоо хоногт хоёр удаа нэмэлтээр сүү олгож байгаа. Улсын хэмжээнд нэг хүүхдэд ногдох шим тэжээлийн хэмжээ хангалтгүй байгаа энэ үед зөв шийдэл болсон болов уу. Үүнтэй холбоотойгоор гуравдугаар улиралд орон нутгийн малчдын сүүг хэрхэн старндартын дагуу боловсруулж, дотоод хэрэгцээгээ хангах тал дээр анхаарч ажиллаж байна.
11. ТА ӨӨРИЙГӨӨ ХЭРХЭН ХӨГЖҮҮЛЖ, СУРАЛЦДАГ ВЭ?
Монгол ахуйтай ойр ажиллаж, амьдарч байгаагийн хувьд өдөр бүр эргэн тойрны хүмүүсээсээ суралцаж байна даа. Бидэнд мэддэггүй маш олон зүйл байдаг юм билээ.
12. САНАЛ БОЛГОХ НОМ, ХӨГЖИМ, КИНО?
Сүүлийн үед хөдөө явахдаа байнга сонсож байгаа “Хүмүүн заяаны өлгий” дууг санал болгоё. Монгол хүн бүрийн дотор “Inner Javkhlan” байдаг гэж ярьдаг шиг энэ бүтээлээс монгол ухааныг олж сонсоорой.
Бүтэн роман, зохиол тогтож унших цаг гардаггүй болохоор ойрын үед шүлгийн номд шимтэх болсон. Саяхан Ш.Дулмаа гуайн “Хүн ардаа наана чинь хүүхэд тоглож байна” шүлгийг уншсан юм байна.
Киноны хувьд “Dune II” бүтээлийг санал болгоё. Үнэхээр супер.
13. АВЧ БАЙСАН ХАМГИЙН САЙН ЗӨВЛӨГӨӨ?
“Үг өнгөрөөж сур” хэмээх ээжийн хэлсэн үг санаанд орж байна. Ялангуяа улстөрд байгаа хүн сайн, муу олон зүйл сонсоно. Хааяа дүлий юм шиг чихнийхээ дэргэдүүр өнгөрөөх хэрэгтэй юм билээ.
Түүнчлэн “Болгоё гэвэл арга олдоно, болохгүй гэвэл шалтаг олдоно” гэх үгийг байнга санаж явдаг. Би элдэв зүйлд гоншгонож, шалтаглаж суух дургүй.
14. БУСДАД ШИДЭХ САНАА?
Боломж нь гарвал, болж өгвөл хөдөө зорьж ирээд амьдраарай. Зуны амралтаараа бус дөрвөн улирлыг нь бүтэн үзэх хэрэгтэй. Өвлийн тачигнаан, хаврын хавсарга, зуны дэлгэр, намрын налгар цагийг бие, сэтгэлээрээ мэдрээсэй хэмээн залуучуудаасаа хүсмээр байна. Өвөө эмээ, аав ээжийн хэлдэг монгол өв соёл, аж ахуй, арга ухаан чинь энд л бий.