Өнөөдрийн дугаартаа хүний эрхийн чиглэлээр үндэсний болон олон улсын төсөлд зөвлөхөөр ажиллаж, нөлөөллийн үйл ажиллагаанд хувь нэмрээ оруулж ирсэн хүний эрхийн хамгаалагч Б.Болорсайханыг урилаа. Эрх зүйч мэргэжилтэй тэрээр Хүний эрхийн үндэсний комиссын захиргаа, хүний эрхийн боловсрол, бодлогын дүн шинжилгээ болон сургалт, сурталчилгааны хэлтэст ажиллаж, энэ чиглэлээр төрийн, төрийн бус болон олон улсын байгууллагад 10 гаруй жилийн туршлага хуримтлуулжээ. Тэрээр “Бүх нийт боловсролын төлөө!” иргэний нийгмийн үндэсний эвслийн дэд зохицуулагчаар ажиллахдаа хүний эрхийн боловсрол, хамгааллын чиглэлээр сүүлийн жилүүдэд идэвхтэй ажиллах болсон билээ. Бид түүнтэй хүний эрх хэмээх тун өргөн ойлголт бүхий сэдвээр ярилцаж, энэ чиглэлээр ажиллаж буй туршлага, ажлын арга барилыг нь сонирхсон юм. 

Байршил: Монгол Улс, Улаанбаатар хот
Эрхэлдэг ажил: Хүний эрхийн хамгаалагч
Хэрэглэдэг гар утас: Samsung Galaxy A30s
Хэрэглэдэг компьютер: Dell
Сошиал хуудсууд: Bolorsaikhan Badamsambuu (Facebook), Bolorsaikhan (Twitter)

1. ТАНЫ КАРЬЕРААС БИД ЮУ, ЮУГ МЭДЭХ ЁСТОЙ ВЭ?

Ажлын гараагаа “Эрдэнэ мэлмий” хувийн эмнэлгээс эхэлж, зүсэн бүрийн хүнтэй нүүр тулж үзсэн. Мэргэжлийн хувьд Хууль зүйн клиник, нотариат, шүүхэд үйлдвэрлэлийн дадлага хийснээс эхлэх нь. Манай гэрийнхэн сонирхож буй зүйлээ хөгжүүлэхээс минь татгалзаж байгаагүй, шинийг эрэлхийлэх боломжийг чадахынхаа хэрээр олгосон гэж боддог. Арван жилд байхаасаа хүүхэд, залуусын хөдөлгөөнд идэвхтэй оролцож эхэлсэн нь олон хүнтэй танилцах, сайн дурын үйл хэрэгт оролцох, янз бүрийн салбарын тухай мэдэж авахад нөлөөлсөн болов уу. Активист болоход ч нөлөөлсөн байх.

Активист гэдэг аливаа асуудлыг ухаж ойлгон, задлан шинжилж, ямар нэг алхам хийх ёстойг мэдэрч байгаа хүн гэж хэлж болно. Товчхондоо, хүн байгаа газартаа зүй бус үйлийн эсрэг зогсох, дуугарах, илүү сайн болгохын төлөө өөрийнхөө, бусдын дуу хоолойг хүргэх, тэмцэх үйл явц юм. МУИС-ийн Хууль зүйн сургуульд эрх зүйч мэргэжил эзэмшсэн нь тоглоомын дүрмийн дагуу буюу хууль тогтоомж зөрчих, хүч хэрэглэх, бусдын эрхэд халдахгүйгээр хэрхэн тэмцэх, нөлөөлөх зарчмыг суулгаж.

Хүний эрхийн төлөөх тэмцэл бол тасралтгүй үргэлжилж, бага багаар ахиж дэвшдэг зүйл. Хэдий олон хүн оролцоно, төдий эерэг нөлөө авчирдаг, эргээд бүгдийн амьдралыг сайжруулдаг гэдгийг өөрийн туршлагаасаа олж харсан. Би хүчтэй скаут, роверуудтай Скаутын холбоонд танилцаж, Монголын улаан загалмайн нийгэмлэгийн Хүүхэд залуучуудын хөдөлгөөн, Эмнести Интернэшнлийн хүний эрхийн хөдөлгөөнд оролцож явсан. Мөн ДемоКрэйзи залуусын төв, Бодлогод залуусын хяналт, Сургуулийн эцэг эх, багшийн үндэсний нэгдсэн холбоо, LEAD төгсөгчдийн холбоо, Монголын олон нийтийн медиа контент санг үүсгэн байгуулахад оролцож байсан. Хүний эрх, хүмүүнлэгийн эрх зүйг хослуулж байсан үе бий.

Энх цагт хүний эрхийн асуудал, дайн, гамшгийн үед хүмүүнлэгийн асуудал босож ирдэг учраас заримдаа эмээлийн хос дөрөө шиг гэж хэлмээр санагддаг. Одоо олон малгайгаа тайлаад, Монгол дахь Эмнести Интернэшнлийн сайн дурын ажилтан, гишүүний хувиар ярилцаж байна даа.

2. ТАНЫ АЖЛЫН ДУНДАЖ НЭГ ӨДӨР ХЭРХЭН ӨНГӨРДӨГ ВЭ?

Төрийн бус байгууллагад ажиллахын нэг онцлог нь ажил, амралтын нарийн зааг, ялгаа гардаггүй. Хүний эрх бол маш олон салбар хамарсан, төрөл бүрийн асуудал хөнддөг тул ажлын нийтлэг дүр зураг гэвэл уулзалт гэж хэлье. Уулзалт, уулзалт, дахин уулзалт байдаг даа (инээв). Олон хүнтэй ярилцах, санал бодлыг нь сонсох, хэлэлцэх, тодруулах, буруу зөвөө нягтлах зорилгоор уулздаг. Амралтын өдөр ч уулзалт 5-6 цагаар үргэлжлэх нь бий.

Дунджаар өдрийн дөрөвний нэгийг хэвлэл, мэдээлэл, судалгаа, тайлантай танилцах, дөрөвний нэгийг бичих, хоёрны нэгийг уулзахад зориулдаг. Үдээс өмнө унших, эргэцүүлэх, үдээс хойш явах, харилцах гэсэн горимыг илүү үзнэ. Уулзалт удсан үед орой хүртэл сууна. Заримдаа үүр цайлгах үе ч бий. Ингэж ажилладгийг аав, ээж маань ойлгож тусалдагт үнэхээр их талархдаг. Тийм дэмжлэгийн хүчинд би өөрийгөө зоригтойгоор активист хэмээн нэрлэж, нийгмийн идэвхтэй, оролцоотой байх боломж бүрдсэн.

3. ТАНЫ АЖЛЫН НӨҮ-ХАУ?

Замын түгжрэлд алхах нь илүү үр дүнтэй санагддаг. Би 2008 оны жолооч. Гэхдээ жолоо барилгүй үнэмлэхээ “унасаар” явна. Зүүн салаа, Сэлбэ, Дарь Эх, Амгалан зүгт гэвэл нийтийн тээвэрт суучихна. Одоо гар утасны апп ашиглан нийтийн тээвэр хаана, ямар буудал өнгөрч байгааг шууд харах боломжтой болсон нь их амар. Сүхбаатарын талбайгаас эхлэл цэг аваад, хаашаа ч алхахад 30 мин зарцуулах газар унаанд суудаггүй. Нөгөө талаар хөдөлгөөний дутагдлаа нөхдөг гэх үү дээ.

Мөн ширээний урд суухдаа нэг л ажилд төвлөрч, өөр зүйлд сатаарахгүй байхыг хичээдэг. Гол төлөв чимээгүй орчинд ганцаараа суугаад нэг ажлыг барьж дуусгах арга тохирдог юм. Гэхдээ асуудлын ач холбогдлыг нь бодохоор хүнд хэрэгтэй, чухал гэсэн төрөл бүрийн асуудал руу хэдийн үсэрчихсэн явж байдаг. “Даахгүй нохой булуу хураана” гэгчээр шүү.

Бусадтай шууд тулж ярилцахыг илүүд үздэг. Миний хувьд захиа, зурвас бичиж, утсаар ярьснаас шууд уулзаж, ярилцах нь илүү амар. Цар тахлын дараа хүнтэй нүүр тулж уулзах ч тансаглал болох шинжтэй. Хүмүүс цахим уулзалт, хурал руу шилжиж, аажимдаа дасаж байна.

4. АШИГЛАХГҮЙ БАЙЖ ЧАДДАГГҮЙ АПП, ХЭРЭГСЛҮҮД ЮУ ВЭ?

Ажлын орчинд Microsoft Office 365 болон толь бичиг заавал ашигладаг. Тэмдэглэлийн дэвтрээс илүүтэй Notes, Calendar болон төрөл бүрийн мессенжер, хурлын апп түлхүү хэрэглэдэг болж. Мөн цар тахлын үед халдварт өвчин, гамшигт үзэгдлээс сэргийлэх, бэлтгэлтэй байхад тустай мэдээллүүд болон шаардлагатай түргэн тусламжийн утасны жагсаалт зэргийг багтаасан Anhaar, дэлхий дахин болон дотоодын хүний эрхийн мэдээллийг оруулдаг Зоригтон, залууст сонгуулийн тухай чухал мэдээлэл түгээдэг Yvote байна. Түүнчлэн цусны доноруудад зориулсан Донор апп-ыг онцолъё. Ширээний ард их суудаг учраас алхмаа тоолохдоо Samsung Health ашигладаг.

5. ЦАГ ХЭМНЭХ ХАМГИЙН САЙН АРГА ТАНЬ ЮУ ВЭ?

Хувцас, жижиг хэрэглэл, гоёл чимэглэл зэрэгт ач холбогдол өгдөггүй. Ойр дотнын хүмүүсийн шинэ жил, цагаан сараар бэлэглэсэн зүйлсийг өнгө дагуулж, аав, ахаас ирсэн хувцсыг цэвэрхэн, таарч байвал өмсөж л орхино. Дэлгүүр хэсэж, загварын чиг хандлагатай нийцэж алхахыг хичээдэггүй. Үсний засалт бол арван жилийн халимагаас нэг их өөрчлөгдөөгүй. “Дулаан хоновол мянган лан” гэдгээр дулаан явахыг л хичээдэг.

Үг үсгийн алдааг шалгахдаа Болор дуран эсвэл Монгол хэлний дүрмийн алдаа шалгагч ашигладаг. Хэрэв бичвэрийг нягтлах апп байхгүй бол шууд хэвлээд гараар засахыг илүүд үздэг. Цахим шилжилтээс хамааран дэлгэцээр уншиж, хянаж сурч байна.

Төрийн бус байгууллагын үйл ажиллагааны үр дүнг ярилцахдаа заримдаа Эдуард де Боногийн Зургаан малгайн аргыг ашигладаг. Урьд хамтран ажиллаж байгаагүй талууд нэгдсэн үед юм уу, эсвэл хувь хүн рүү чиглэж дүгнэлээ хэмээн үзэхээс сэргийлж, объектив байхад тусалдаг гэж боддог.

Өөрийн ажиллаж мэргэшиж буй сэдвээ судалж, тусгайлсан мэдээллийн сан бүрдүүлэн, түүнийгээ баяжуулан, шинэчилж байх маш чухал. Залуусын хөгжлийн асуудалтай холбоотой сэдэв гарлаа гэхэд аль улс ямар санаачилгатай хэрхэн зохицуулдаг, алдаа оноо, сайн туршлага юу байв зэргийг эх сурвалжтай нь цуглуулдаг байх хэрэгтэй. Мөн түүнийгээ цаг тухай бүр шинэчилж, өөрийн эргэцүүлэл, төсөөллөө буулган, нийтлэл бичээд хэвлүүлж чадвал бүр сайн гэж боддог.

6. ХИЙХ АЖЛАА ХЭРХЭН ТӨЛӨВЛӨДӨГ ВЭ?

Өдөр ирэх тусам төлөвлөх арга барил маань Google Calendar -аас бүрэн хамааралтай болж байна. Долоо хоног бүр төрийн бус байгууллагынхаа үйл ажиллагаа, сайн дурын ажил болон өөртөө, гэрийнхэндээ цаг гаргахыг хичээдэг. Боломжтой бол хоёр, гурван долоо хоногоор төлөвлөхийг илүүд үзнэ. Цар тахлын нөхцөлд гэнэтийн шийдвэр гарахын зэрэгцээ шуурхай хариулах, тэр даруй оролцох үйл ажиллагаа гарч ирдэг болсон. "Хоёр өдрийн дотор санал өгнө үү” хэмээх олон хуудас бүхий төсөлтэй танилцах шаардлагатай тулж байсан.

Багаараа төсөл хэрэгжүүлэх эсвэл санаачилга дээр ажиллах бол хамтдаа сайн төсөөлөх, зорилгоо нэгтгэж харах, үр дүнгээ адил тодорхойлж байгаа эсэхээ нягтлахыг хичээдэг. Ингэж чадвал бага нөөцөөр богино хугацаанд үр өгөөжтэй ажиллах боломжтой. Тухайлбал, орон нутгийн санаачилгыг хөхиүлэн дэмждэг "Канад сан"-гийн санхүүжилттэй "Ярьдаг гар-1" төслийг онцолж болно. Харилцан адилгүй чадавх, туршлагатай хэдий ч үнэт зүйл, зорилгоороо нэгдсэн Олон улсын бүгд найрамдахчуудын хүрээлэн, Азийн сан, дотоодын төрийн бус байгууллагууд хамтран “Залуучууд, эмэгтэйчүүдийн сонгууль, улс төрийн оролцоог идэвхжүүлэх нь” хөтөлбөр хэрэгжүүлсэн юм.

7. ЭРЧ ХҮЧЭЭ ХЭРХЭН СЭЛБЭДЭГ ВЭ?

Зайрмаг идэх. Бага ангид байхдаа байрныхаа хажуу талын сүүний цехийн 35 төгрөгийн үнэтэй, шууд гоожуулж өгдөг мөхөөлдөс идсэнээс хойш дуртай болсон юм. Хүмүүс сайн мэднэ дээ, дулааны улиралд хотын гудмаар явахад жижиг лангууны цаана зардаг зайрмаг бол миний эрч хүч сэлбэх гол амттан гэж болно. Бас хушны самар байна. Цөмж байгаад бөөгнүүлж идэх бол янзтай.

Өөр гэвэл урьд хожид огт очиж, харж байгаагүй, мэддэггүй газар очиж үзэх дуртай. Жижиг зүйлс ч байж болно. Зайсан толгойн хойноос өгсдөг байснаа урдаас нь гарах ч юм уу. Багадаа хүнд өвдөж байсан болохоор тусгайлан биеийн тамираар хичээллэсэн туршлагагүй ээ.

8. ҮНДСЭН АЖЛЫНХАА ХАЖУУГААР ДУРЛАЖ ХИЙДЭГ ТӨСӨЛ/АЖИЛ ЮУ ВЭ?

Залуусын хөгжил, оролцооны чиглэлээр хүүхэд, залуусын байгууллагатай хамтран ажиллахад үргэлж бэлэн байдаг. Манай залуусын хөгжлийн талаар НҮБ-ын 2016 оны Хүний хөгжлийн тайланд тусгайлан хөндөж бичсэн нь бий. Цаашид 2040 он хүртэл хүн амын 30 хувийг 15-34 насны залуус эзлэх тул маш их боломж байгааг онцолсон. Тэдний эрүүл мэнд, боловсрол, хөдөлмөр эрхлэлт, аюулгүй байдлыг сайжруулж, чадавхжуулснаар ирээдүйд гарах үр өгөөж нь илүү эерэг байна гэж дүгнэсэн. Зөвхөн тэднийг хамруулах төдий бус, бодитоор татан оролцуулж, нийгэмд хувь нэмрээ оруулахад дадал, туршлага олгох нь чухал гэж хардаг.

Тухайлбал, хэсэг залуусын төлөөлөл Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хэлэлцэж ярилцаад, чухал асуудлыг хөндөж гаргасан. Түүнийхээ мөрөөр #ҮХНӨ, #YouthSolidarity, #ИргэдийнДууХоолой, #ХараатБусШударгаШүүх, #АрдчиллынБаталгаа зэрэг хэштэг ашиглаж, нийгмийн сүлжээнд дуу хоолойгоо хүргэж байсан нь асуудлыг судалж, өөрсдийн байр суурийг бодлого боловсруулагчдад хүргэх бодит туршлага болсон гэж харж байна. Мөн өнгөрсөн тавдугаар сард цар тахлын үеэр хийсэн "Залуучуудын санал бодлын судалгаа"-г үзвэл залуусын оролцоо, сонгуулийн тухай юу бодож байгааг харж болно. Бүр цаашилбал “Хөдөө амьдаръя” гэх улс, бүс, бүлэг болон хувь хүний хөгжилтэй уялдах санал санаачилга ч бий.

9. ХИЙЖ БУЙ АЖЛЫН ОНЦЛОГ ЮУ ВЭ? ЭЕРЭГ САЙН БА ХЭЦҮҮ БЭРХШЭЭЛТЭЙ ТАЛУУД?

Хүмүүсийн нэг эрхийг эдлүүлэхэд нь дэвшил гаргаж чадвал өөр эрх нь сайжрах, биелэх боломж бүрддэг дам сайн нөлөөтэй. Албадан нүүлгэсний улмаас орон байргүй болсон хүн байлаа гэхэд хүүхэд нь тайван амарч, хичээлээ хийх боломжгүй нөхцөлд хүрнэ. Харин орон байртай болсноор хүүхэд нь тайван сурч боловсорч чадна. Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авч чадахгүй байснаар амь насанд хүртэл эрсдэл үүсэх бол эрүүл байснаараа хүн өөр олон эрхээ эдлэх боломжтой.

Хэцүү, бэрхшээлтэй нь гэвэл ялгаварлан гадуурхалт. Хүний эрхийн зөрчил, хүчирхийллийн үндэс, суурь бол ялгаварлан гадуурхалттай шууд холбоотой. Бусдыг ойлгож хүлээн зөвшөөрөх, тогтсон бодлоо өөрчлөх, хэдийн дадал болсон хандлагаа эргэцүүлэх юм даа. Ялангуяа айдас, ташаа бодол, ухвар мөчид гарах төсөөлөл, хэвшмэл ойлголт л хамгийн хэцүү. “Яагаад?” гэж асуухгүй, дахин эргэцүүлэхгүй байх үед үнэхээр хүнд. Хүний эрхийн боловсролын шинжлэх ухаанч, амьдралд ойр агуулга бол хүний эрхийн төлөөх үйл ажиллагааны салшгүй, тасралтгүй хэсэг шүү дээ. Тасралтгүй гэхээр нэг хүн эсвэл үе биш, иргэний нийгэмд үеэс үед сануулан бэхжүүлэх үйл явц гэх юм уу.

10. ТА ОДОО ЮУН ДЭЭР ТӨВЛӨРЧ БАЙГАА ВЭ? ОЙРЫН ТӨЛӨВЛӨГӨӨ?

Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн мөрөөр олон хууль баталж, шинэчлэн найруулж, нэмж өөрчилж байна. Бэлгийн дарамтын тухай асуудлыг оролцуулан ажлын байрны дарамтыг Хөдөлмөрийн тухай хуулийг шинэчлэн найруулахдаа нарийвчлан заахаар хэлэлцэж байна. Үүний зэрэгцээ хүний эрх хамгаалж буй хүнийг хэн хамгаалах тухай асуудлыг зохицуулсан хуулийн төслийг энэ чуулганаар хэлэлцэж батлахаар ажиллаж байгаатай уялдан уг асуудалд нэлээд анхаарч байна. Хүний эрх хамгаалагч гэж хэн бэ гэдгийг анхлан тодорхойлохдоо хүний эрхийг хамгаалж эсвэл хөхиүлэн дэмжиж байгаа хүн бүр гэж үзсэн. Харин ямар шалгууртай байх гэдэгт хүчирхийллийн бус аргаар, ганцаараа нэг бол олуулаа, ёс зүйтэй, бусдын эрх, эрх чөлөөг хүндэтгэсэн гэж хардаг. Түүнчлэн Шүүхийн багц хууль, Эрүүдэн шүүхээс урьдчилан сэргийлэх механизмыг байгуулах үйл явц зэрэгт анхаарч байна.

11. ТА ӨӨРИЙГӨӨ ХЭРХЭН ХӨГЖҮҮЛЖ, СУРАЛЦДАГ ВЭ?

Цахим шилжилт бидэнд төрөл бүрийн агуулга, сэдвээр хичээл үзэх, сургалтад суух, бүр аялах боломж олгож байна. Сүүлийн үед дайн, зэвсэгт мөргөлдөөнд дрон ашиглаж байгааг хэрхэн тайлбарлах, түүний мөрөөр гаргах үр дагаврыг яаж үнэлэх, хариуцлага тооцох тохиолдолд юу анхаарах ёстойг сонирхож үзсэн. Зэрэгцүүлээд хүмүүнлэгийн ажиллагаанд 2013 оноос дрон ашиглан, бусдад тусалж буй сайн туршлагыг харьцуулан харсан. Иймэрхүү байдлаар сонирхсон сэдвээ судалж, гүнзгийрүүлэн үзэж байна даа.

12. САНАЛ БОЛГОХ НОМ, КИНО, ХӨГЖИМ?

Яг одоо “Залуучуудын оролцоо – идэвхжилт – үйл ажиллагаа” сэдэвчилсэн тайлан, “Хүний хөгжлийн 2020 оны илтгэл” харж байна. Санал болгох гэвэл, Жеймс Жойсын “Үлисс”. Бас зургаан боть гарсан “Монголчууд” цуврал товхимол.

Хөгжим сонсож эрч хүчээ цэнэглэдэг. Цар тахал гарснаас хойш огт хөдөө яваагүй, суурин байгаа тул сүүлийн үед Н.Жанцанноров гуайн цомгуудыг их сонсож байна. Хүүхэд наснаасаа үзсэн болоод тэр үү, киноны аяс нь их ойр байдаг. Киноны хувьд хүний эрхтэй холбож харвал олон асуудлыг нэгэн зэрэг хөндсөн "Beasts of No Nation", “The Trial of the Chicago 7”, “Knock Down the House”-г санал болгоё.

13. АВЧ БАЙСАН ХАМГИЙН САЙН ЗӨВЛӨГӨӨ?

Махатма Гандигийн зузаан намтар ботийг уншаад, одоо хүртэл боддог нэг үг бий. “Ардчиллыг сахин хамгаалахын тулд ард түмэн нь бие даасан, өөрсдийгөө хүндэтгэсэн, нэгдмэл нэг байх мэдрэмж өндөртэй байх ёстой. Мөн сайн бөгөөд үнэн хүнийг л өөрийн төлөөлөгчөөр сонгоно гэж шаарддаг байх ёстой" гэх өгүүлбэрийг нь тод санаж үлджээ.

14. БУСДАД ШИДЭХ САНАА

Хүн богино насалдаг. Ахархан амьдралыг туулдаг. Атаа хорсол, үзэн ядалт, уйтгар гуниг, уур хилэнгүй байвал илүү амар амгалан, аз жаргалтай амьдарна гэж төсөөлөх. Бусдад Махатма Гандигийн “Уучил, март. Харин уучлахаа бүү мартаарай. Та жаргалтай амьдралын түлхүүр болсон аз жаргалтай цохилох зүрхийг олж магад” гэсэн үгийг дайя.

Залуучууд, эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоог идэвхжүүлэх зорилготой цуврал контентийн хүрээнд энэхүү нийтлэлийг бэлтгэв.