“Би хэрхэн ажилладаг вэ?” ярилцлагын буландаа энэ удаад Монголын сэтгүүл зүйд өөрийн орон зайг эзлэн тунхаглаж чадсан хоёр Болороог урилаа. У.Болортуяа, Б.Болорчимэг нар Өрөг.мн сайтаараа эерэг, сайн сайхныг түгээхийн сацуу нийгмийн цөөнхийн нүд, чих болж, нийгэмд бугласан булай бүхнийг дэлгэн гаргаж, “шүгэл үлээх”-ээр ажиллаж буй. Нэг жилийн ой нь өнгөрсөн долоо хоногт тохиосон эл сайт нээгдээд удаагүй ч даацтай нэвтрүүлэг, сурвалжилгуудаараа олонд танигдсан билээ.

Байршил: Монгол, Улаанбаатар
Эрхэлдэг ажил: Өрөг.мн сайтын ерөнхий редактор, ерөнхий продюсер
Хэрэглэдэг гар утас: iPhone 11
Хэрэглэдэг компьютер: Macbook Air
Сошиал хуудас: @BolortuyaUrug, @BolorchimegUrug (Твиттер), @bolortuyauuganbayar, @bolorchimeg0422 (Инстаграм), Bolortuya Uuganbayar, Bolorchimeg Baatarzorigt (Фэйсбүүк)



1. ТАНЫ КАРЬЕРААС БИД ЮУ, ЮУГ МЭДЭХ ЁСТОЙ ВЭ?

Б.Болорчимэг: Би Дорнодод 10 жилийн сургуулиа төгсөөд МУБИС-д монгол, англи хэлний багшийн мэргэжил эзэмшсэн. Дараа нь Хэвлэлийн хүрээлэнгийн сэтгүүлзүйн дээд курс төгссөн. Харин сүүлд ХУИС-ийн бизнесийн удирдлагын магистр болсон доо. Анх “Шинэ дэлхий” телевизэд ажиллаж карьераа эхлүүлж байлаа. Хожим нь MNC, NTV телевизүүдэд ажиллаж байгаад нэг жилийн өмнө Өрөг.мн сайтаа байгуулсан.

У.Болортуяа: Миний хувьд Төв аймгийн 10 жилийг төгсөж хотод ирээд “Номун далай” сургуулийн сэтгүүлчийн ангийг төгссөн. Сая 2017-2019 онд Тайванийн Үндэсний формоса их сургуульд мэдээллийн менежментээр магистрын зэрэг хамгаалж ирээд Өрөг.мн сайтаа байгуулсан юм. VIII ангид байхаас ажиллаж, IX ангид байхдаа Төв аймгийн телевизэд хүүхдийн нэвтрүүлэг хөтлөх болсон. 17 настайгаасаа мэдээний сурвалжлагч хийж, 18-тайгаасаа НДШ төлж эхэлсэн дээ. Дараа нь Монголын анхны цаг тутмын мэдээний "ШУУД" телевизэд хоёр жил, "Ийгл ньюс"-д эрэн сурвалжлах нэвтрүүлэг таван жил бэлтгэсэн.

2. ТАНЫ АЖЛЫН ДУНДАЖ НЭГ ӨДӨР ХЭРХЭН ӨНГӨРДӨГ ВЭ?

Б.Болорчимэг: Би өглөө эрт босохдоо тааруухан. Өөртөө энэ дадлыг суулгах гэж олон жил тэмцсэн ч сүүлийн үед тэгтэл тэмцэх хэрэггүй, энергээ сайн хуваарилаад ажиллахад л болох юм байна гэж бодох болсон. Өглөө сэрчхээд орон дотроо тухайн өдрийнхөө юм уу долоо хоногийнхоо ажлыг биелчихсэн байгаагаар төсөөлдөг. Өглөөний цайгаа заавал гэр бүлээрээ, хамтдаа сууж уугаад гарцгаана. Оройтож харьдаг, оройн хоолоо хамт идэж чаддаггүй учраас өглөөний цайнд их ач холбогдол өгдөг юм.

Болороо бид хоёр орой их сууж ажиллана. Сайтаа анх байгуулсны дараа бол өдөр бүр л 12 өнгөрөөж харьдаг байлаа. Өдөр уулзалт их болохоор мэдээний сэдвээ бодох, бичих, нэвтрүүлгийн агуулгаа төлөвлөх, эвлүүлэг дээр суух гэх мэт төвлөрөх шаардлагатай ажлуудыг оройгоор амжуулахаас аргагүй.

У.Болортуяа: Өдөржин л утсаар ярина даа. Зочдоо урина, хамтран ажиллагч байгууллагуудтай холбогдоно, сурвалжлагчидтайгаа ярина. Түүнээс гадна мэдээлэл солилцох, шинэ санаа, мэдээ олж дуулах гэж хүмүүстэй уулзана. Нэвтрүүлэг хийхийн өмнө тэр сэдвээр хэн юу ярьж байсан, бусад сэтгүүлч юу гэж бичиж байсан талаар судлахад багагүй цаг ордог.



3. ТАНЫ АЖЛЫН НӨҮ-ХАУ?

Видео контентод төвлөрсөн сайт учраас телевизийн хэмнэлээр, маш хурдтай ажилладаг. Ямар нэг шинэ зүйл хийе гэж ярилцаад дор нь хийчихнэ. Манай баг бүтээлч шүү. Яаж сайжруулах вэ, залуучуудад яаж хүргэх вэ гэж үргэлж л эрэлхийлж явдаг даа. Сая сонгуулийн үеэр гэхэд “Саналаа өгье” гэдэг форум хийх тухай ярилцаад, тэр өдөртөө л 60 минутын гурван цуврал нэвтрүүлгийн зохиол бичээд, зочдоо уриад, зохицуулаад, маргааш нь хийчих жишээтэй. Энэ чинь бүтээлч, ажлын дэгтэй, танилын хүрээлэлтэй байна гэсэн үг.

Бизнесийн хамтрагчдын харилцаа амраг хосынхтой төстэй санагддаг. Эмэгтэй хүн нөхөртөө хэрхэн хандах вэ, тэр л янзаар Болороод ханддаг даа. Гэр бүл шиг л байна шүү гэж бид хоёр анхнаасаа тохирсон.

4. АШИГЛАХГҮЙ БАЙЖ ЧАДДАГГҮЙ АПП, ХЭРЭГСЛҮҮД ЮУ ВЭ?

Апп нэг их хэрэглэдэггүй. Хийсэн контентоо олон нийтийн сүлжээнд түгээх нь ажлын маань чухал хэсэг учир Фэйсбүүк, Твиттер, Инстаграм голлож ашиглана. Зайлшгүй тохиолдолд л имэйлээр харилцахаар ихэвчлэн шууд ярьчихдаг. Ер нь ярилцах бол манай багийн гол арга барил. Байнга л ярилцаж санаа бодлоо солилцож суудаг. Зарим оффис чимээгүйхэн сууж ажлаа хийдэг бол их чимээтэй сууцгаана, байнга ярилцана, санал бодлоо солилцоно.



5. ЦАГ ХЭМНЭХ ХАМГИЙН САЙН АРГА ТАНЬ ЮУ ВЭ?

Хурдтай ажиллаж л цаг хэмнэдэг дээ. Хурдан ярина ч гэж жигтэйхэн. Утсаар ярихдаа л гэхэд “За сайн уу? Юу байна?” гээд байхгүй шууд л гол яриандаа ордог. Зэрэг маш их ажил амжуулдгаа саяхан анзаарсан юм байна. Нэг орой гэртээ харьсан хойно гэнэт их ядарснаа мэдрээд, ингэхэд юу хийсэн билээ гэж бодоод өглөөнөөс хойш хийсэн бүхнээ жагсааж бичсэн чинь гайхмаар урт жагсаалт гарсан. Яг бодоод үзэхээр тэгэхээс аргагүй юм билээ л дээ, долоо хоног бүр хоёр гурван нэвтрүүлэг зэрэг төлөвлөнө, орлого борлуулалтаа тооцоолно, хэрхэн илүү олон хүмүүст хүргэх талаар бодно гээд л.

6. ХИЙХ АЖЛАА ХЭРХЭН ТӨЛӨВЛӨДӨГ ВЭ?

Телевизэд контент нийлүүлнэ гэдэг телевизийн эфирийн хуваарийн дагуу ажиллана гэсэн үг. Телевизийн эфир долоо хоногийн өмнө зарлагддаг. Түүнд тааруулж сэдвээ бодчихсон, зочноо төлөвлөчихсөн байх шаардлагатай. Видео контентийн ажил ганц биднээс хамаарахгүй, зураглаач, эвлүүлэгчийн хуваарьтай мөн нийцүүлнэ. Тийм ч учраас маш олон ажлыг урт хугацаагаар төлөвлөж сурахаас аргагүй. Бид хоёр ажлын гараагаа телевизээс эхэлсэн учир ачаалал даагаад, хурдтай ажиллаад сурчихсан, тиймдээ ч олон төсөл дээр түүртэлгүй зэрэг ажиллаж чаддаг даа.


7. Эрч хүчээ хэрхэн сэлбэдэг вэ? 

У.Болортуяа: Кино үзэж л эрч хүч сэлбэнэ дээ. Сайт байгуулснаас хойш үзэж бараг амжихгүй л байна. Арт кино, нэгийг бодогдуулсан, аливааг өөр өнцгөөс харуулсан, сайн баримтат кино үзэхээр урам зориг сэргэж, цэнэглэгддэг.

Унтах тал дээр би чадварлаг шүү (инээв). Их ядарсан үед өдөр хүртэл унтаж сэрээд, хоол идчихээд л буцаад унтаад өгнө. Заримдаа “салж унатлаа” ядарсан үед ажлаа хэсэг мартаад, хамтдаа хөгжилтэй цагийг өнгөрүүлж тархиа амраадаг. Тийм үед өөрийгөө хүчлээд дэмий.

8. ҮНДСЭН АЖЛЫНХАА ХАЖУУГААР ДУРЛАЖ ХИЙДЭГ ТӨСӨЛ/АЖИЛ ЮУ ВЭ?

Б.Болорчимэг: Би ажлынхаа хажуугаар "MLC Training" компани (Монголын лектор төв)-д сургагч багшаар ажилладаг. Харилцаа, илтгэх ур чадварын хичээл зургаан жил орж байна. Сургалт явуулах бол миний туйлын таашааж хийдэг ажил. Нэг хэсэг долоо хоног бүр гурван өдөр хичээл ордог байсан шүү. Бас, Болороо бид хоёр боксын дугуйланд хамт явж байсан юм байна. Бид хоёр эрч ихтэй спортод дуртай.



9. ХИЙЖ БУЙ АЖЛЫН ОНЦЛОГ ЮУ ВЭ? ЭЕРЭГ САЙН БА ХЭЦҮҮ БЭРХШЭЭЛТЭЙ ТАЛУУД?

Сэтгүүлч, тэр дундаа телевизийн сэтгүүлчид маш их ачаалал даагаад сурчихсан байдаг. Олон талаараа “чанагддаг” гэх юм уу. Сэтгүүлчийн ажил гэдэг их сургууль л гэсэн үг. Чиглэл чиглэлийн хүмүүстэй танилцаж, өдөр бүр шинэ зүйл сурч мэдэг байдаг.

Нийгэмд эерэг үр нөлөөлөл, өөрчлөлт авчрах боломжтой нь сайхан. Сошиалын ачаар нөлөөлөл бүр л хүчтэй болж байна. Болороогийн нэвтрүүлгүүд гэхэд нийгэмд үнэхээр нөлөөлж чадах ажил. Бэрхшээлтэй тал гэвэл, өдөр болгон нийгмийн сайн мууг шүүлтүүргүйгээр тусган авч байдаг учраас сэтгэлзүйн хувьд хүнд.

10. ТА ОДОО ЮУН ДЭЭР ТӨВЛӨРЧ БАЙГАА ВЭ? ОЙРЫН ТӨЛӨВЛӨГӨӨ?

Сайтынхаа дизайныг шинэчлэх гэж байгаа. IT талаас нь бас шинэчлэх санаатай ажиллаж байна. Бид хоёр шинэ бизнес рүү орох гээд судлаад, нэлээн дөхүүлчихлээ. Хэвлэл мэдээлэл орлого муутай, ажилчид, уран бүтээлчдийнхээ цалинг тавьж чадаж байвал их юм болж таардаг. Тийм учраас судалж байгаад давгүй орлого олно гэсэн хоёр санаагаа сонгоод хэрэгжүүлэх гэж байгаа. Ингэвэл санаа зовохгүйгээр сайтынхаа ажлыг явуулж чадна шүү дээ.



11. ТА ӨӨРИЙГӨӨ ХЭРХЭН ХӨГЖҮҮЛЖ, СУРАЛЦДАГ ВЭ?

Хүмүүс сүүлийн үед олон нийтийн сүлжээ цаг их үрдэг гээд хэрэглээгээ хязгаарлаж байна гэх болж. Мэдээллээс хоцрох эрхгүй учраас бидэнд тийм боломж үгүй. Гэхдээ түүнийхээ ачаар маш ихийг мэдэж авч, хөгжиж чадаж байгаа гэж боддог. Мэдээж, гаднын хэвлэл мэдээллийн байгууллагуудыг анхааралтай уншина, яаж ажиллаж байгааг нь ажиглана.

Зургаан жилийн турш бизнесийн нэвтрүүлэг хийж буйн хувьд бизнесийн салбарын мэдлэг мэдээлэл багагүй болсон байх. Хэлэлцүүлгийнхээ ачаар бас ихийг сурч байна. Сонгосон сэдвийнхээ хүрээнд тухайн салбарыг бүхэлд нь авч үзэж, олон талын судалгаа, мэдээлэлтэй байх шаардлагатай болдог. Ажлын шугамаар өдөрт дунджаар 10 гаруй хүнтэй утсаар ярьж, заримдаа арваад хүнтэй уулзаж ярилцаж, салбар салбарын мэдээлэл авч, санал солилцоно. Тэр бүх мэдээллийг шууд хүргэчихгүй, нэгтгэж боловсруулж байж хүргэнэ шүү дээ. Тэр хэрээрээ хөгжиж байгаа болов уу.

12. Санал болгох ном, хөгжим, кино? 

У.Болортуяа: Сэтгүүлч нарыг монгол хэл муутай, алдаатай бичдэг гэж шүүмжлэх нь бий. Сүүлийн үед сэтгүүлч гэлтгүй, бүх нийтийн монгол хэлний мэдлэг муудаж, гадаад монгол хольж ярих болсон гэлцдэг шүү дээ. Иймд Л.Түдэв, З.Түмэнжаргал нарын, аялгуу сайхан бичсэн номуудыг уншихыг хичээх болсон. Хүүхдэдээ “Хорвоотой танилцсан түүх”-ийг уншиж өгч байхдаа анх тэгж бодож байлаа. Хүмүүс хэрхэн бичиж сурах вэ гэж сэтгүүлчдээс их асуудаг. Үүний хариулт бол сайн, сайхан бичигдсэн ном унших.

Киноны тухайд гэвэл, Ким Ки Дукийн кинонуудыг үзэхийг зөвлөе. Үнэхээр юу үзэхээ мэдэхгүй байгаа бол Каннын гэх зэрэг, дэлхийн тэргүүлэх кино наадмын шагналт бүтээлүүдийг үзэж болно шүү дээ.

Б.Болорчимэг: Монгол зохиолчдоос Г.Аюурзанын номуудыг алгасахгүй уншдаг. Шашны талаарх судалгаа, домгууд нь таалагддаг. Мөн үйл явдлууд нь шууд дуусчихгүй, уншигчдад өөрсдөө дүгнэлт хийх боломж олгодог нь бас зүгээр. Японы зохиолч Харүки Мүракамигийн зохиолуудад дуртай. Уран зохиол хүний төсөөлөх чадварыг хөгжүүлдэг гэж боддог.



13. АВЧ БАЙСАН ХАМГИЙН САЙН ЗӨВЛӨГӨӨ?

У.Болортуяа: Зөвлөгөө гэхээс илүү өвөө эмээгийн маань сургаал л хамгийн үнэ цэнтэй. Амьдрал зохиосноос хойш тэдний минь үгс голд орж байна.

Б.Болорчимэг: Яг хаана, хэнээс сонссоноо санахгүй байгаа ч “Өөрийнхөө хамгийн сайн хувилбар бай” гэдэг үг л хамгаас гүн сэтгэгдэл үлдээсэн.

14. Бусдад шидэх санаа?

У.Болортуяа: Монголчууд багаас л даруу бай гэж сургадаг шүү дээ. Манай эмээ л гэхэд “Бүсгүй хүн бүтэж үхэхгүй бол дуугүй байсан дээр” гэдэг. Би үүний эсрэг бодолтой явдаг. Харин ч дуугарах зүйл дээр сайн дуугарч, ярьж, үзэл бодлоо илэрхийлж байх хэрэгтэй. Бүсгүй хүн бүтэж үхэхгүй биш, харин ч бүтэж үхэх гээд байна, тийм учраас дуугараач ээ гэж. Товчхондоо, идэвхтэй иргэн байгаасай. Даруу байх гэдэг ухаан ч гэлээ бардам, өөртөө итгэлтэй байхтай хослуулаасай гэж боддог. Тэгж чадвал томоор сэтгэж, мөрөөдөж чадна биз дээ?

Б.Болорчимэг: Сүүлийн үед контент маш их болсон. Хэт ахуйн хүрээний контент үзэж цагаа битгий үрээсэй. Нийгмийн, боловсролын контент сайн үзээсэй гэж хэлмээр байдаг.