4 сарын 22-нд тохиодог, байгаль орчныг хамгаалан гараг ертөнцөө хайрлахыг уриалдаг "Эх дэлхийн өдөр"-ийг дэлхийн даяар 1970 оноос тэмдэглэж буй. Энэ өдрийг тохиолдуулан бид Өмнөговь аймгийн Ханбогд суманд ус, бэлчээр, зэрлэг амьтан, агаарын чанарт иргэдийн оролцоотойгоор мониторинг хийдэг Мөнх ногоон галба ТББ-ын гүйцэтгэх захирал Д.Буянтогтохыг урьсан юм. Уул уурхай, дэд бүтцийн хөгжлийн нөлөөллийн хяналт шинжилгээ, экологийн боловсролын чиглэлээр ажилладаг тус ТББ өдгөө 69 худагт усны чанарын хэмжилт хийж, сар бүр дата мэдээллийг цуглуулан, олон нийтэд ил тод мэдээлдэг байна. Үүний зэрэгцээ тэрээр төрөл бүрийн гар урлал оролдох, гэрэл зураг аван Photoshop-оор янзлах гэх мэтээр зав чөлөөгүй ажиллаж хөдөлмөрлөж, залууст үлгэр дууриал болдог ажээ.

Байршил: Өмнөговь, Ханбогд
Эрхэлдэг ажил: "Мөнх ногоон галба" ТББ-ын гүйцэтгэх захирал

1. ТАНЫ КАРЬЕРААС БИД ЮУ ЮУГ МЭДЭХ ЁСТОЙ ВЭ?

Миний хувьд сүрхий өндөр боловсрол эзэмшээгүй ч 32 жилийн турш төр захиргааны албанд хүчин зүтгэж, сум орон нутгийг удирдлаа. Энэ бүхнээс харахад хүн ямар ч байгууллагыг удирдаж, манлайллаа гэсэн өглөө эрт босдог байх хэрэгтэй юм байна. Зөвхөн ажил цуглардаг цагт хязгаарлагдахгүйгээр ажилдаа эрт ирэхийг хичээвэл ихийг амжуулж болно. Би өөрөө хөгшин эмээ, өвөө дээрээ өссөн учраас эрт босохын ач холбогдлыг байнга сонсож, өглөөтэй уралдан босох дадалтай болсон юм. Хүний тархи өглөөд хамгийн сэргэг, оюун санаа саруул байдаг учраас ажил төлөвлөх, хүмүүстэй уулзалт хийхэд хамгийн тохиромжтой цаг.

Түүнээс гадна ямар ч ажлыг хийж чадах эсэхээ мэдэхгүй байж болгоно, бүтээнэ гэж шууд ам гарахыг хүсдэггүй. Бүтээж чадахгүй болчихвол хүнд худал хэлсэн болчихно шүү дээ. Тиймээс юуны түрүүнд аливаа ажлыг нарийн судалж, бүтээх талаас нь шийдэхийг хичээдэг. Мөн хүн хийж буй ажлаа бусдад сайн тайлбарлан ойлгуулж чадах харилцааны ур чадвартай байх хэрэгтэй. Хэлэх бол хийхийн тэн хагас нь шүү дээ.

2. ТАНЫ АЖЛЫН ДУНДАЖ НЭГ ӨДӨР ХЭРХЭН ӨНГӨРДӨГ ВЭ?

Өглөө 5 цагт босохоос л эхэлнэ дээ. Би байгалийн гэрэл зураг дарах хоббитой юм. Дарсан зургаа Photoshop-оор янзлан, дараа нь угаагаад жаазалдаг. Бас арьс, шир, чулуу, төмөр, модоор янз бүрийн гар урлал, бэлэг дурсгалын зүйлс хийх гэж оролдоно шүү. Өглөөдөө дуртай зүйлээ оролдож байгаад ажил руугаа явдаг юм. Цайныхаа цагаар ч хоббигоороо юм хийж суух үе бий. Энэ бүхнийгээ жижиг бизнес болгон хөгжүүлсээр л байна.

3. ТАНЫ АЖЛЫН НӨҮ-ХАУ?

Хийж буй ажлаа бусдад сайн ойлгуулахыг хичээдэг юм. Нутгийнхаа залуусыг хийж буй ажлаа зөвхөн Ханбогд сумын хил хязгаарт баригдалгүйгээр бусад нутагт түгээн дэлгэрүүлэхийг хичээж, алсын хараатай байгаасай гэж боддог. Бидний хэрэгжүүлж буй иргэдийн оролцоотой байгаль орчны мониторинг нь уул уурхай хөгжиж буй бусад бүс нутагт чухал хэрэгцээтэй. Малчид төрсөн нутгийнхаа ус, ан гөрөөс, ургамал, агаар зэрэг байгаль орчинд ямар өөрчлөлт гарч байгааг өөрсдөө хянахын зэрэгцээ мөнгөн урамшуулал авч нэмэгдэл орлогын эх үүсвэртэй болсон.

Энэ бол хэн нэгэн зөв мэдээлэлгүйгээр ямарваа компанийг хардаж буруутгахаас сэргийлэн үнэн бодитой мэдээллийг шуурхай түгээж буй арга юм. Бидний цуглуулсан дата мэдээллүүд цаашид улам үнэ цэнтэй болж, шинжлэх ухааны олон судалгаа шинжилгээнд хэрэг болно.

4. АШИГЛАХГҮЙ БАЙЖ ЧАДДАГГҮЙ АПП, ХЭРЭГСЛҮҮД ЮУ ВЭ?

Би 40 гаруй жил дархан мужааны багаж цуглуулж байна. Анх 1977 онд цэргийн албанаас халагдсанаас хойш элдэв багаж хэрэгсэл цуглуулж, амбаар, пин хийх гэж оролдож эхэлсэн юм. Тухайн үед гар хөрөө, төмөр дрилл ч байдаггүй байлаа шүү дээ. Нэг удаа сумын худалдаа бэлтгэл ангийн дэлгүүрт анх удаа төмөр дрилл ирээд, нохойн арьс цуглуулах төлөвлөгөөний дагуу таван золбин нохой авчирсан хүнд өгнө гэхээр нь тэрийг нь биелүүлээд хүссэн багажаа авч байлаа.

5. ЦАГ ХЭМНЭХ ХАМГИЙН САЙН АРГА ТАНЬ ЮУ ВЭ?

Хийх ажлаа чухлаас нь дэс дараанд оруулж цэгцлэх юм даа. Залуу хүмүүс ер нь цаг хугацаагаа хайрлахын тулд юмны туханд хүрэлгүй биеийн жаргал хөөх гэсний хэрэггүй санагддаг юм. Миний хувьд залуу байхдаа амралт сувилалд яваад, сүрхий амарч байсан удаагүй. Ээлжийн амралтаа аваад хувийнхаа бусад ажилд анхаарч, амжуулахыг хичээдэг байлаа.

6. ХИЙХ АЖЛАА ХЭРХЭН ТӨЛӨВЛӨДӨГ ВЭ?

Амины болон албаны бүх ажлаа хийх дарааллаар нь жагсаагаад бичдэг. Тэмдэглэл дээр бүх төлөвлөгөөгөө гаргаж бичнэ дээ.

7. ЭРЧ ХҮЧЭЭ ХЭРХЭН СЭЛБЭДЭГ ВЭ?

Монголчууд амны бэлгээс ашдын бэлгэ гэдэг дээ. Бие биедээ урмын сайхан үгс, бэлгэ дэмбэрэлтэй ерөөл хэлж байх нь урам зориг өгдөг. Урмыг нь хугалахаар ууцыг нь хугал гэдэг тул нэг нэгнээ үргэлж урмаар тэтгэж байгаарай.

Түүнээс гадна үзэсгэлэнт сайхан Монгол орон, тэр дундаа Галбын говь нутагтаа төрсөн өссөндөө баярлаж явдаг. Бурханы орныг би Утай Гүмбум биш Монгол орон, Ханбогд сумаа гэж боддог юм. Говийн догшин ноён хутагт Дулдуйтын Данравжаа 1840 онд Өмнөговийн Ханбогдод “Галбан гурван хийд” гэж алдаршсан Дэмчогийн хийд, Цагаан толгойн хийд, Эрээтийн хийдийг барьсан түүхтэй юм. Газрын хөрсөн дээрээ байхгүй ургамалгүй, газрын хөрсөн доороо байхгүй эрдэнэсгүй энэ баян нутагт үлдсэн насаа өнгөрөөж, оюуны бүтээлээ бүтээмээр байна гэж онцлон алдаршуулж байсан удаатай.

8. ҮНДСЭН АЖЛЫНХАА ХАЖУУГААР ДУРЛАЖ ХИЙДЭГ ТӨСӨЛ/АЖИЛ ЮУ ВЭ?

Мод, төмөр зэрэг төрөл бүрийн түүхий эдээр гар урлал, бэлэг дурсгалын зүйлс хийдэг болоод багагүй хугацаа өнгөрчээ. Бас 60 гарсан ч компьютерын хойно сууж, Photoshop-оос авахуулаад янз бүрийн програм оролдоод л сууж байна. Хүн өөрийгөө сайн дайчилж чадвал хийж чадахгүй гэх зүйлгүй. Бидэнд маш их боломж бий. Хүн төрөлхтөн өөрсдийн оюуны чадамжийнхаа маш бага хувийг ашигладаг шүү дээ.

Түүнээс гадна морь уях хоббитой. Би сумын алдарт уяач цолтой юм. Манай гэрийн гадаа гурван унагатай гүү бий. Тэд нарыгаа сайхан өсгөж тойглоно доо. Энэ мэтчилэн өөрийгөө аль болох завгүй байлгах гээд л янз бүрийн зүйл сонирхож, хөдөлмөрлөж явна.

9. ХИЙЖ БУЙ АЖЛЫН ОНЦЛОГ ЮУ ВЭ? ЭЕРЭГ САЙН БА ХЭЦҮҮ БЭРХШЭЭЛТЭЙ ТАЛУУД?

Миний хийж буй ажил, сонирхон дурлаж буй хоббинууд минь хэзээ ч байгаль орчинд хор хөнөөлтэй байсан удаагүй. Харин ч байгаль орчин, нийгмийн сайн сайхны төлөө байсаар ирсэн. Мөнх ногоон галба ТТБ бол 2005 оноос хойш байгаль орчныг унаган төрхөөр нь хадгалан хамгаалах, нөхөн сэргээхэд иргэн бүрийг оролцоог нэмэгдүүлэх, энэ талаарх мэдээллийг түгээх чиглэлээр үйл ажиллагаа явуулж ирсэн. Усны мониторингийн хувьд бид нийтдээ 69 худагт усны хэмжилт хийдэг. Нутгийн иргэд, малчдад мониторинг хийх багаж хэрэгсэл, техникүүдийг хүлээлгэн өгсөн тул гурав хоног тутамд ус бохирдсон эсэх, усны түвшин, ундарга стандартын дагуу байгаа эсэхийг шалгуулж, сарын эцэс гэхэд цуглуулсан мэдээллийг хүлээн авдаг юм. Ингээд бусад усны мониторингийн мэдээллийг нэгтгээд багийн иргэдийн хурал, орон нутгийн сонингоор дамжуулан судалгааны нэгдсэн тайланг олон нийтэд мэдээлж байна.

10. ТА ОДОО ЮУН ДЭЭР ТӨВЛӨРЧ БАЙГАА ВЭ? ОЙРЫН ТӨЛӨВЛӨГӨӨ?

Мөнх ногоон галба ТББ-ын төслүүд багагүй үнэлэгдэж, нийгмийн сайн сайхны төлөө хийж буй ажил маань олонд хүрсээр байгаад баяртай байна. Энэ хүрээнд бид малчидтай усны мониторингийн жилийн тайланг хэлэлцэхээс гадна ус, агаар, ан амьтан, бэлчээрийн мониторингийн чиглэлээр мэргэшсэн эрдэмтэн судлаачидтай сургалт зохион байгуулахаар төлөвлөж байна. Бид цаашид мониторингийн ажлыг шинэ түвшинд хүргэхээр төлөвлөсөн ажил олон бий.

11. ТА ӨӨРИЙГӨӨ ХЭРХЭН ХӨГЖҮҮЛЖ, СУРАЛЦДАГ ВЭ?

Миний хувьд одоо англи хэл сурах гээд сүрхий зүтгээд яахав. Гэхдээ нийгмийн хөгжлөөс хоцрохгүйн тулд компьютер дээр Photoshop, Coral -аас авахуулаад төрөл бүрийн програмыг эзэмших гэж хичээж явна. Мөн дархан мужааны төрөл бүрийн багажуудыг бүрэн эзэмшиж, гар урлалын бүтээл туурвиж байна. Надад энэ мэтчилэн хийж буй зүйлд минь тусалж, зааж зөвлөдөг 30 гаруйхан настай залуугаас өгсүүлээд олон мундаг багш нар бий. Тэд нараасаа эрдэм ном сонсож, өөрийгөө 60 гарсан гэлгүй өдөр бүр суралцсаар л явна.

Сүүлд амьд цэцгийг хатааж, жаазлах арга техникийг сурсан юм. Амьд цэцгийн стандартын дагуу хатааж, байгалийн гэрэл зурагтай хавсарган жаазалдаг хүн Монголд ганц бий. Тэр хүнд шавь орж, бүх технологийг нь эзэмшин Ханбогдынхоо хамаг ургамлыг түүгээд хатаачихсан л байгаа. Тэрийгээ хийж дуусгах зав зай л гарахгүй байна.

12. САНАЛ БОЛГОХ НОМ, ХӨГЖИМ, КИНО?

Хүүхэд байхаасаа л монгол романуудыг шимтэн уншиж эхэлсэн болохоор ном маш хурдан уншиж дадсан юм. Ч.Лодойдамбын "Тунгалаг Тамир", Н.Банзрагчийн "Зам", С.Дашдэндэвийн "Улаан наран", Ш.Шажинбатын "Элс цас", Жек Лондоны "Цагаан соёт", Жюль Верний "Арван таван наст капитан"-ыг уншихыг санал болгоё.


Түүнээс гадна Монгол хүн бүрийг үндэснийхээ хөгжимд дурлаж, сураасай гэж хүсдэг. Морин хуур, шанз, ятганд дуу оруулж, Хөхөө намжил, Говь нутгийн жонон, Говийн магтаалуудыг амилуулдаг байвал зүгээр санагддаг. Би ч хөгжимд сонирхолтой болохоор гэртээ баян хуур, шанз, ятга, морин хуур цуглуулж, хааяа эгшиглүүлж суудаг.

13. АВЧ БАЙСАН ХАМГИЙН САЙН ЗӨВЛӨГӨӨ?

Анх 22 настайдаа цэргээс халагдаж ирээд ханьтайгаа амьдрал холбосноос хойш 3 охин, 10 зээтэй болжээ. Гэр бүлээ зохиож эхлэх үед нагац ах маань ханьтайгаа эвтэй найртай байгаарай, хэзээ ч гар хүрж болохгүй шүү гэж захиж байсан юм. Тэрнээс хойш 40 гаруй жил захиасыг нь марталгүй санаж явсаар өдийг хүрчээ.

14. БУСДАД ШИДЭХ САНАА?

Биеийн амрыг харалгүй сайн хөдөлмөрлөөрэй л гэж хэлмээр байна. Бас өөрийгөө гололгүй янз бүрийн хоббигоо хөгжүүлж, хийхийг хүссэн зүйлээ туршиж бүтээлч байгаасай. Юу ч хийсэн боломж дүүрэн байна. Зөвхөн найман цагийн ажилд өөрийгөө хэзээ ч бүү хазаарлаарай гэж хэлье дээ.