Цаг хугацаа, хүсэл мөрөөдөл хоёр хангалттай байвал хүн ямар их зүйл амжуулж болохыг энэ ярилцлагын явцад бодож суув. Оюутан цагаасаа эхлэн хөгжимд дурлаж, урлагийн ертөнцөд шимтэх болсноор, амьд хөгжмийн хамтлаг байгуулан, нэгэн үе хотдоо танигдаж явсан, өдгөө эх орондоо энтертайнмент салбарыг мэргэжлийн түвшинд хөгжүүлэх, үүгээрээ дамжуулан нийгэмд зөв үлгэрлэл үзүүлэхээр зорин ажиллаж буй VEP энтертайнмент продакшнсийн Захирал С.Буянтөгс энэ удаагийн зочноор оролцож байна.  

Түүний ямар арга барил, итгэл үнэмшил, үзэл баримтлалаар Монголын энтертайнмент салбарын менежмент, телевизийн салбарын томоохон төслүүдэд ажилладаг болохыг хамтдаа олж мэдье. 

Байршил: Mongol TV Tower
Эрхэлдэг ажил: VEP энтертайнмент продакшнсийн Захирал
Хэрэглэдэг гар утас: Samsung Galaxy S22 Ultra
Хэрэглэдэг компьютер: Macbook Pro M1
Сошиал хуудсууд: Tugso Sukhbaatar (Фэйсбүүк) Tugsoronic (Инстаграм)


1. ТАНЫ КАРЬЕРААС БИД ЮУ, ЮУГ МЭДЭХ ЁСТОЙ ВЭ?

Оюутны амьдрал, ажлын анхны гараа, дуу хөгжим гээд нийт 15 жилийг ХБНГУ-д өнгөрүүлсэн. Амьд хөгжмийн хамтлаг байгуулж, амьдарч байсан хотдоо багагүй танигдаж эхэлсэн ч өөр зүйлс сонирхож үзэхээр шийдэж, ном, зураг, дэлхийн хөгжмийн урлагийн түүх зэргийг судалж явсаар эцэст нь Монголдоо ирэхээр шийдсэн тэр үе бол 2014 он. Герман улсад Театрт техникийн найруулагч хийхийн зэрэгцээ дууны инженер дээр тулгуурлан сурч байсан учраас Монгол ТВ-д дууны инженерээр ажилд орсон.

Миний эзэмшсэн мэргэжил “Продакшн менежемент” учраас телевизийн дууны системд анализ, шинэчлэл хийж, шинэ хүмүүсийг сургаж, онол зааж, хөгжмийн хичээл хүртэл орж байлаа. Авьяаслаг Монголчууд, Наадмын шууд дамжуулалт зэрэг томоохон ажлууд дээр телевизийн дууны төлөвлөлт хийж, багаараа амжилттай давж гарснаар өөрийн чадвараа таниулах боломж олдож, телевиз дотроо өсөн дэвшсэн юм. Удалгүй The Voice of Mongolia-д ажиллах боломж гарч, Хөгжмийн продюсер, Найруулагч гэх мэт хариуцлагатай үүргийг хариуцан ажиллаж байлаа. Мөн өөрөө нэвтрүүлэг, шоу санаачилж, тэдгээрийгээ хариуцан хийх боломжууд ч олдсон.

Миний хувьд багаа маш сайн сургаж, намайг орлох хэмжээнд хүргэж чадсан учраас өөрт маань цааш алхах, өшөө илүүг сурах, мэдэх, туршлага хуримтлуулах, сонирхлоо дагах үүд хаалга нээгдсэн. Жишээлбэл, Скаймэдиа корпорацийн Контентын албаны захирлаар нэг жилийн хугацаанд ажиллаж байлаа. Энэ үеэр Фантастик продакшны “37-р Точка” төслийн маркетингийн багийг ахлан ажиллах завшаан тохиож байсан.

2020 онд VEP энтертайнмент продакшнсийн үйл ажиллагааг эхлүүлж, одоо 15 хүний бүрэлдэхүүнтэйгээр энтертайнменттэй холбоотой менежментүүдийн ажлуудыг гүйцэтгэж байна. Энэ жилээс бид өөрсдийн төслийг эхлүүлэх зориг орж, ийнхүү Power Expo Fest-г төлөвлөн, гүйцэтгэх шатандаа ороод байна.


2. ТАНЫ АЖЛЫН ДУНДАЖ НЭГ ӨДӨР ХЭРХЭН ӨНГӨРДӨГ ВЭ?

Ажилдаа ирээд хамгийн түрүүнд и-мэйлээ шалгаж, чухал уулзалтуудаа төлөвлөн өөрийгөө бэлддэг. Дараа нь надаас шалтгаалах ажлуудад зааварчилгаа өгөх, шинэ ажлууд даалгах зэрэгт үдээс өмнөх цагуудыг зарцуулдаг. Үдийн цайнд орсны дараа орой болтол уулзалтууд үргэлжлэх нь элбэг. Заримдаа үдээс өмнө ч уулзалтууд товлодог учраас яг төвлөрч суух цаг зав ажлын өдрүүдэд маш хомсхон. Орой тарахаасаа өмнө багийнхныхаа хийсэн ажлуудыг шалгаж, тэднийг сонсохоос гадна өөрийн харж буй өнцгөө тайлбарлахад цаг гаргахыг хичээдэг.


3. ТАНЫ АЖЛЫН НӨҮ-ХАУ?

Хийж байгаа ажлынхаа үндсэн гол санааг огт алдахгүй байхыг хичээдэг. Нэг зүйлийг хийж бүтээхийн тулд маш олон жижиг зүйлсийг хийх хэрэгтэй болдог. Эцэст нь бүх жижиг хэсгүүдийг нийлүүлж нэг том зүйлийг бүтээх нь хамгийн сайхан мэдрэмж төрүүлдэг гэж хэлж болно. Зарим үед нэг жижиг хэсгийг хийж байх явцад бэрхшээлтэй тулгарах, ямар ч гарц, гаргалгаа харагдахаа больж эхэлмэгц үндсэн зүйлээ хараанаасаа алдах, төөрөх тал ажиглагддаг. Яг энэ үед бүх зүйлийнхээ жолоог атгаж явах учиртай гэдгийг байнга өөртөө сануулдаг юм.

4. АШИГЛАХГҮЙ БАЙЖ ЧАДДАГГҮЙ АПП, ХЭРЭГСЛҮҮД ЮУ ВЭ?

Хүмүүстэй санал бодлоо хуваалцаж, тэдний хийж байгаа зүйлсийг мэдэх, өөрийн хийж байгаа зүйлсээ таниулах шаардлага их гардаг учраас маш олон харилцааны аппуудыг хэрэглэдэг. Бусадтай хамтран ажиллахдаа Google Drive-ийг ашиглана. Мөн Fiverr-ээс гаднын үйлчилгээнүүдийг авч ажиллах тохиолдлууд их гардаг. Хэрэгжүүлж буй төслүүд дээр янз бүрийн зүйл хэрэгтэй болдог учраас Alibaba, Ebay, Amazon-ийг шалгаж, үнэ ханш тогтмол судалдаг. Харин өөрийн төсөөлөлд байгаа зүйлсээ цаасан дээр буулгахдаа Canva, Wordpress, Prezi, Floorplanner зэргийг ашигладаг.


5. ЦАГ ХЭМНЭХ ХАМГИЙН САЙН АРГА ТАНЬ ЮУ ВЭ?

Жижиг гэхээсээ илүүтэйгээр том хэмжээний шийдвэрлэх ажлууд дээр гол цаг заваа зарцуулахыг хүсдэг. Нарийвчилсан зүйл дээр төвлөрөн ажиллаж байгаа хүмүүсийн ажилд оролцох нь цагийг нь дэмий үрж, ажлын явцыг удаашруулах магадлалтай. Тиймээс өдрийн төгсгөлд хийгдсэн ажлуудыг шалгаж, чиглэлээ өгч байх нь миний цагаа хэмнэх арга.

6. ХИЙХ АЖЛАА ХЭРХЭН ТӨЛӨВЛӨДӨГ ВЭ?

Хамгийн түрүүнд төсвөө хардаг. Надад хэдий хэмжээний төсөв байгаагаас юу хийж болох хязгаар тодорхой болдог. Гэхдээ төсөвтөө баригдаад хийх ажлаа хязгаарлаад байдаггүй. Гол нь энэ зүйлийг хийхийн тулд хэдий хэр төсвийг бий болгох ёстой вэ? Хэрхэн ажиллах вэ? гэдэг багцаагаа хамгийн түрүүнд олж мэдэх хэрэгтэй байдаг. Үүний дараа бүтцээ гаргаж, багаа бүрдүүлээд ажлуудаа эхлүүлдэг.


7. ЭРЧ ХҮЧЭЭ ХЭРХЭН СЭЛБЭДЭГ ВЭ?

Амралтын өдрүүдээ гэр бүлтэйгээ өнгөрөөж, хамтдаа ямар нэг зүйлийг турших, гарын хоолоо хийх, зуслангийн байшингаа эмхэлж, цэгцлэх замаар тархиа амрааж, эрч хүчээ сэлбэдэг.

8. ҮНДСЭН АЖЛЫНХАА ХАЖУУГААР ДУРЛАЖ ХИЙДЭГ ТӨСӨЛ/АЖИЛ ЮУ ВЭ?

Миний хамгийн дуртай зүйл бол ямар нэгэн зүйлийг төлөвлөх. Хамгийн их дурлаж, төлөвлөж хийсэн зүйл бол манай зуслангийн байшин. Цаг зав багатай болохоор амралтын өдрүүдийг ашиглан барьсан, одоо ч нэмж хийх зүйл их олон байгаа. Энэ жилээс гаднах тохижилт дээрээ ажиллах төлөвлөгөөтэй байна. Шаардлагатай бүх зүйлийг Юүтүб багшаас сурч байгаа.


9. ХИЙЖ БУЙ АЖЛЫН ОНЦЛОГ ЮУ ВЭ? ЭЕРЭГ САЙН БА ХЭЦҮҮ БЭРХШЭЭЛТЭЙ ТАЛУУД

Бид үргэлж шинийг эрэлхийлэн шинэ санаа дэвшүүлж байж хүмүүст эрч хүч, үлгэр дуурайллыг бий болгодог гэж боддог. Бидний ажлын онцлог хүмүүсийн дотоод сэтгэлийн утсыг хөндөж, үүгээрээ дамжуулан тэдний сэтгэл хөдлөлийг өдөөхөд оршино. Энэ нь биднээс маш их мэдрэмж, авъяасыг шаарддаг учраас судалгаа, мэдээллээр байнга өөрсдийгөө хангаж, шинэ техник, шинэ хэв маягийг ойлгож, мэдлэг болгон авах шаардлагатай. Шинэ тренд, шинэлэг бүхэн маш хурдтай хөгжиж бий болж, бас эргээд алга болж байгаа нь бидний хувьд багахан хэмжээний бэрхшээл гэж хэлж болох юм.

Манай хамт олон маш том үнэ цэнийг нийгэмд бий болгох боломжтой салбарт ажиллаж байна. Ажлаараа дамжуулан утга учир, үнэ цэнийг бусдад өгдөг гэж бодохоор бүхнийг умартан ажлаа дурлаж хийдэг. Амжилттай төслийн араас хүмүүс ирээд “гоё болсон шүү” гээд инээмсэглэхэд маш сайхан байдаг. Багаараа бахархдаг.


10. ТА ОДОО ЮУН ДЭЭР ТӨВЛӨРЧ БАЙГАА ВЭ?

Бид 6-р сарын 1-4-ны хооронд Авто худалдааны цогцолборт болох Power Expo Festival дээр төвлөрөн ажиллаж байна. Арга хэмжээний гол онцлог нь спорт, соёл, урлагийг хослуулан Extreme, Entertainment, Expo гэсэн агуулгын дор энэхүү үйл ажиллагааг зохион байгуулж байгаа юм. Маш олон байгууллага, хувь хүн оролцож байгаа энэхүү төслийн цар хүрээ бидний ажиллаж байсан төслүүдээс хамгийн том нь гэж хэлж болно. Бид The Hu хамтлагийн Монгол дах хамгийн анхны бүрэн хэмжээний, олон нийтэд нээлттэй тоглолтыг арга хэмжээгээрээ дамжуулан үзэгчдэд хүргэж буйгаас гадна дотоодын томоохон уран бүтээлчид, мөн гаднын чадварлаг уран бүтээлчдийг урьж оролцуулж байгаа юм.

Экспо хэсэг автомашинтай холбоотой бүхий л техник, технологийг сурталчлах боломжийг олгож байгаа ба тэр дундаа EV технологи буюу цахилгаан хөдөлгүүрт техникийг онцлон таниулах, энэ талбарт тулгамдаад байгаа асуудлуудыг хөндөж ярих боломжуудыг эрэлхийлэн ажиллаж байна. Товчхондоо бид энэ хэсэгтээ технологийн дэвшлийг гэр бүлийн гишүүн бүрт танилцуулж, хүүхэд залуучуудын техник сэтгэлгээг хөгжүүлэх олон талын үйл ажиллагаануудыг явуулахыг зорин бэлтгэл ажлуудаа хангаж байна. Уг арга хэмжээнд удирдлагатай машинаас эхлээд нисдэг тэрэг, жижиг онгоцоор нисэх хүртэл олон сонирхолтой зүйлс багтсан.

Экстрим хэсгийг маань олон хүн өмнөх жилүүдэд зохион байгууллагддаг байсан VIP Дрифт фестивалиар сайн мэдэх байх. Дрифтийн тэмцээн, энэ жилээс нэмэлтээр Сүррон, Offroad гэх мэт олон төрлийн шоу үзүүлбэрүүд нэмэгдэн цар хүрээгээ тэлж байна. Өнгөрсөн жилүүдийн үзэгчдийн тоо, авч байгаа мэдрэмж зэргээс үзэхэд энэ спорт маш олон хүнд хүрдэг болох нь нотлогдсон. Үүн дээр тулгуурлан олон улсын тамирчдыг урьж оролцуулах замаар монголын экстрим сонирхогчдоос гадна жуулчдыг татах зорилготой.


11. ТА ӨӨРИЙГӨӨ ХЭРХЭН ХӨГЖҮҮЛЖ, СУРАЛЦДАГ ВЭ?

Learn by doing гэдэг шиг би аливаа зүйлийг хийж үзэх их сонирхолтой. Хийж үзэж байж тэр зүйлийн утга учир, ард нь байгаа нууц арга барилыг мэдэж авах боломжтой гэж боддог. Гэхдээ мэдээж шууд барьж аваад хийдэггүй. Үүнээс өмнө олон талын судалгаа, мэдээллүүдийг интернэт ашиглан олж мэдэхийг хичээдэг.


12. САНАЛ БОЛГОХ НОМ, КИНО, ХӨГЖИМ?

Ном, хөгжим, киног ажлын зорилгоор бус эрч хүчээ нөхөхийн тулд үздэг. Яг ажлын зөвлөгөө, хувь хүний хөгжлийн чиглэлийн ном уншиж огт чаддаггүй. Харин роман, зохиолууд бол шимтэн уншаад дуусгачихдаг байсан. Гэхдээ ойрын үед ном уншиж амжаагүй л байна. Хөгжим ч гэсэн яг тухлаж суугаад сонсоогүй удчихаж. The Hu хамтлагийг сүүлийн үед хамгийн их сонссон учраас тэдний уран бүтээлүүдийг санал болгож байна. Кино гэвэл Keira Knightley-н гол дүрд нь тоглосон Official secrets гэдэг киног санал болгож байна.

13. АВЧ БАЙСАН ХАМГИЙН САЙН ЗӨВЛӨГӨӨ?

Германд сурч байхад манай профессор лекцэн дээрээ хэлсэн “Амжилт гэдэг нь чиний өдөр тутамдаа хийх гэж зүтгэдэг жижиг оролдлогуудын нийлбэр юм.” гэдэг өгүүлбэр одоо хүртэл толгойноос гардаггүй.


14. БУСДАД ШИДЭХ САНАА?

Хүмүүс аливаа зүйлд заавал хэн нэгнийг буруутгах хандлагатай байдаг. Хэн нэгнийг өөрчлөхөөс илүү өөрийгөө өөрчлөх нь хамгийн боломжтой. Энэ нь тухгүй нөхцөл байдлыг өөрчлөх хамгийн үр дүнтэй, бодитой арга хэлбэр.