Энэ удаагийн “Би хэрхэн ажилладаг вэ?” ярилцлагын зочноор Apple-ийн машин сургалтын ахлах инженер Г.Бямбасүрэн оролцлоо.
Програм хангамжийн чиглэлээр найм дахь жилдээ ажиллаж буй тэрээр их сургуулиа төгссөн даруйдаа хүний нөөцөөр тэргүүлэгч компаниудын нэг Recruit Holdings компаниас ажлын гараагаа эхлүүлж, зургаан жилийн хугацаанд ажиллажээ.
Үүний дараа мэргэжил дээшлүүлэхээр АНУ-ыг зорьсон ба 2023 оны наймдугаар сараас эхлэн Apple-ийн нэг хэсэг болж, машин сургалтын ахлах инженерийн албан тушаалд томилогдоод буй.
Байршил: АНУ-ын Калифорни мужийн Купертино хот
Эрхэлдэг ажил: Apple-ийн машин сургалтын ахлах инженер
Хэрэглэдэг гар утас: iPhone 15
Хэрэглэдэг компьютер: Macbook Pro M3
Сошиал хуудас: Byambasuren (Bya) Ganbaatar (LinkedIn)
1. ТАНЫ МЭРГЭЖЛИЙН ЗАМНАЛААС БИД ЮУ ЮУГ МЭДЭХ ЁСТОЙ ВЭ?
Би анхнаасаа мэдээллийн технологийн салбарыг сонирхдог, энэ чиглэлээр суралцахыг хүсдэг байсан уу гэвэл үгүй. Ерөнхий боловсролын 11-р сургуулийг төгсөөд 2008 онд МУИС-ийн Эдийн засгийн сургуульд Маркетингийн ангид элсэн орж байв. Гэхдээ энэ мэргэжлээрээ нэг жил суралцаад тухайн үед гадагш явах зорилт тавин Японы Засгийн газрын тэтгэлэг “Монбушо”-ийн шалгалт өгсөн юм. Тэр үед надад санал болгосон гурван мэргэжил нь програм хангамж, архитектор, иргэний инженер (civil engineer) байлаа. Миний хүсэлт гаргасан Kisarazu технологийн коллеж маань програм хангамжийн чиглэлээр намайг элсүүлж, би гэдэг гадаад явж сурах зорилгоо тийнхүү биелүүлж байв. Ингээд 2010 онд Японыг зорьж хэлний бэлтгэлдээ суралцаад 2011-2014 онд коллеж, 2014-2016 онуудад Япондоо Цахилгаан холбооны их сургуульд суралцаж төгссөн.
Их сургуулийн сүүлийн жилүүдэд найзуудаараа нийлж хакатонд оролцож эхэлсэн нь мэргэжилдээ дуртай болох, энэ салбараа илүү ойлгоход дөхөм болсон гэж боддог. Нөгөөтээгүүр, арван жилдээ математиктаа дуртай, олимпиадад тогтмол оролцдог байсан минь програм хангамжаар суралцахад ашиг тусаа их өгсөн шүү.
Бид тэмцээн алгасахгүй оролцохын хэрээр сургууль, компаниуд ч биднийг таньж, мэдэж эхэлсэн ба тэгж явахдаа 2015 онд angir.mn-ийг хамтран үүсгэн байгуулсан. 2017 он хүртэл үргэлжилсэн энэ ажлын маань үндсэн зорилго нь гадаадад сурдаг оюутнуудад зуны амралтаараа монгол компанид дадлага хийх боломжийг олгох байлаа. Энэ үеэс л би зөв мэргэжил сонгосноо баттай мэдэж авсан гэхэд хилсдэхгүй.
Ажлын гараагаа 2016 онд Япондоо зах зээлийн үнэлгээгээрээ эхний тавд ордог Recruit Holdings компаниас эхэлж байв. Тэнд компанийнхаа өгөгдлийн шинжээчдэд зориулж хиймэл оюуны платформ хөгжүүлдэг байсан юм. Энэ компанидаа нийт зургаан жил гаруйн хугацаанд ажиллаж, олон ч зүйл сурч авсан. Үүний дараа карьерын хувьд дараагийн шатанд гарах хэрэгтэй хэмээн үзэж, нэг талаас мэргэжлээ дээшлүүлэх, нөгөө талаас технологийн анхдагчдын талбарт нь очиж ажиллахыг хүсэх болов. Тийнхүү 2022 онд АНУ-ыг зорьж, Maharishi олон улсын их сургуульд компьютерын шинжлэх ухаанаар магистрын зэргээ хамгаалсан.
Мэдээж миний карьерын хамгийн онцлох үе бол Apple компанийн нэг хэсэг болсон явдал. Олон шатны ярилцлага, шалгууруудыг давж энэхүү технологийн гигант компанид ажилд орох боломж бүрдсэн. Ингээд 2023 оны наймдугаар сард Сиэтл дахь оффист нь програм хангамжийн ахлах инженерээр ажиллаж байгаад энэ оны арваннэгдүгээр сараас Калифорни мужийн Купертино хот дахь төв оффист нь шилжин ирж, машин сургалтын ахлах инженерийн албан тушаалд томилогдон ажиллаж байна. Одоогоор Translate буюу орчуулгын хөгжүүлэлт дээр ажилладаг.
2. ТАНЫ АЖЛЫН ДУНДАЖ НЭГ ӨДӨР ХЭРХЭН ӨНГӨРДӨГ ВЭ?
Ажлын маань дундаж нэг өдөр хэрхэн өнгөрдөг тухайд би өглөө 9-өөс орой 17 цаг хүртэл ажилладаг. Мөн даваа болон баасан гарагт хүсвэл зайнаас ажиллах боломжтой.
Миний хувьд өглөө 07:30-08:00 цагийн хооронд босоод, өглөөний цайгаа уучхаад ажилдаа гардаг. Ажлаас холгүйхэн амьдардаг болохоор 10 минут машинаар яваад л Apple кампуст очно. Гэхдээ кампус дотроо ажлын ширээ хүртэл очиход бараг 15 минут алхдаг тул тэгж явах зуур өглөөний кофегоо уудаг дадалтай. Ингээд ширээнийхээ ард суухад 08:30 юм уу 09:00 цаг болж байдаг.
Ямар төсөл дээр ажиллаж байгаагаас шалтгаалаад өдөрт 1-2 уулзалтад оролцдог. Японоос ялгаатай нь энд олон төсөл рүү зэрэг төвлөрөх биш цөөн төсөлд бүрэн төвлөрч ажилладаг юм. Үндсэндээ ажлын өдрийн гурван цагийг гүн төвлөрч код бичихэд, дахиад гурван цагийг нь төсөлтэй холбоотой уулзалтуудад зарцуулдаг даа.
3. ТАНЫ АЖЛЫН НӨҮ-ХАУ?
Ази, Америк компанийн соёл нэлээн өөр учраас ажлын арга барил маань өөрчлөгдөх шаардлага гарсныг нуух юун. Жишээ нь, Японд байхдаа багийнхантайгаа ярилцахын тулд би тухайн сэдэвтэй холбоотой судалгааг хийх шаардлагатай байсан. Нөгөө хүнийхээ цаг завыг хүндлэх үүднээс бэлтгэлтэй байх ёстой нь тэр л дээ. Гэхдээ Америкт бол өөр. Аль болох цаг алдахгүйгээр шууд, нээлттэй асуух хэрэгтэй. Тийм ч учраас харилцааны ур чадвар шаарддаг санагдсан.
Ажиллах арга барилын хувьд үргэлж баримталдаг нэг зүйл маань ямар ч ажлын ард нэг хүн биш нэг баг ажилладаг учраас тухайн ажил эхлэхээс дуусах хүртэлх бүх харилцааг нээлттэй байлгахыг хичээдэг. Аль ч түвшний ажилтан байсан тэрхүү төслийн хүрээнд хэрэгжиж байгаа бүх үйл явцыг мэдэж байх нь миний хувьд чухал. Тэгж байж амжилттай үр дүн гаргах боломжтой.
4. АШИГЛАХГҮЙ БАЙЖ ЧАДДАГГҮЙ АПП, ХЭРЭГСЛҮҮД ЮУ ВЭ?
Марафонд гүйх, сагсанбөмбөг, волейбол тоглох зэргээр би спортлог байхыг хичээдэг. Мэдээж хэр үр бүтээмж гаргаж байгаагаа хэмжихийн тулд ухаалаг цаг зүүдэг. Миний хувьд Garmin ухаалаг цагийг ашиглаад найман жил орчим болж байна. Өөр цагууд туршиж үзсэн ч энэ цаг батарейгаа удаан барихаас гадна гарт хөнгөн санагддаг зэрэг олон давуу талтай.
Гар утасны аппын хувьд бусад банктайгаа холбоод кредит оноогоо харах боломжтой Credit Karma- ашигладаг. Хувийн хэрэглээндээ Notion ашиглах дуртай.
5. ЦАГ ХЭМНЭХ ХАМГИЙН САЙН АРГА ТАНЬ ЮУ ВЭ?
Тухайн өдөр гүйцэтгэх ёстой ажлуудаа ач холбогдлоор нь жагсаадаг. Мөн бүх төсөл дээр багаар ажиллаж байгаа учраас өдрийн хоолны цагаас өмнө уулзалтуудаа шахаад зөвхөн өөрөөс шалтгаалах ажлууддаа үдээс хойш төвлөрдөг юм. Эрчтэй ажиллаж байгаа дээр нь эртхэн уулзчихвал амар.
6. ХИЙХ АЖЛАА ХЭРХЭН ТӨЛӨВЛӨДӨГ ВЭ?
Төслөөсөө хамаараад 3-6 сарын төлөвлөгөө гаргадаг. Зарим төсөл хэдэн жилээр ч үргэлжлэх нь бий. Харин хувьдаа хийх зүйлсээ долоо хоногоор нь төлөвлөхийг хичээдэг ба нэг өдрийн ажлаа нүдэнд харагдахуйц байдлаар түлхүүр үгээр нь тэмдэглээд, дэлгэц дээрээ наадаг дадалтай. Байнга харагдаж байвал амар байдаг гэх үү дээ.
7. ЭРЧ ХҮЧЭЭ ХЭРХЭН СЭЛБЭДЭГ ВЭ?
Өдөр тутамдаа ажлаас түр холдоод эрч хүчээ сэлбэхийн тулд спортоор хичээллэх дуртай. Гүйх, сагсанбөмбөг тоглох, йог гээд төрөл бүрийн спорт хийдэг.
8. ҮНДСЭН АЖЛЫНХАА ХАЖУУГААР ДУРЛАЖ ХИЙДЭГ ТӨСӨЛ/АЖИЛ ЮУ ВЭ?
Манай салбарынханд side project нь хувийн чадвараа хөгжүүлэх боломж шиг санагддаг. Тиймдээ ч би оюутан байхаасаа найзуудаараа нийлээд аливаа асуудлыг технологиор шийдэх төсөл хөгжүүлсээр ирсэн. Одоо ч хийсээр байгаа. Яагаад бидний чадварыг хөгжүүлдэг вэ гэхээр ямар нэг төсөл эхлүүллээ гэж бодоход тэр чиглэлийн зах зээлийг судлах, ойлгохоос эхлээд бүх зүйлд нь гар бие оролцдог. Үүний зэрэгцээ ямар хэл ашиглаж код бичих, яаж backend-ээ хийх үү гэх мэтчилэн шинэ чадварт байнгын суралцах нөхцөл болдог юм.
9. ХИЙЖ БУЙ АЖЛЫН ТАНЬ ОНЦЛОГ ЮУ ВЭ? ЭЕРЭГ САЙН БА ХЭЦҮҮ БЭРХШЭЭЛТЭЙ ТАЛУУД?
Миний хувьд тун азтай цаг үед залуу мэргэжилтний хувиар технологийн салбарт ажиллаж байгаа. Учир нь deep learning, машин сургалт, хиймэл оюун ухаан зэрэг сэдэв яг одоо хамгийн халуухан дээрээ яваа шүү дээ. Ийм үетэй нь зэрэгцэн карьераа босгож байгаа учраас тэр хэрээр олон давуу тал бий болж байна.
Эерэг сайн тал нь мэдээж миний ажиллаж, хөгжүүлж байгаа бүтээгдэхүүн шууд хэрэглэгчдийн гарт хүрч, үр дүнгээ үзүүлж байгаа нь гайхалтай. Харин хэцүү бэрхшээлтэй тал гэвэл цаг тутам хувьсан өөрчлөгдөж, өрсөлдөөн улам ширүүссээр байгаа салбарт хөгжихөө зогсоолгүй, тогтмол шинэ чадваруудад суралцах хэрэгтэй байна.
10. ТА ОДОО ЮУН ДЭЭР ТӨВЛӨРЧ БАЙГАА ВЭ? ОЙРЫН ТӨЛӨВЛӨГӨӨ?
Өрсөлдөөн ихтэй зах зээлд Apple компани ч гэсэн өөрийн замаар давшсаар байгаа. Миний хувьд ч ялгаагүй Японы томоохон компаниас ийшээ зорих болсон нь залуу мэргэжилтний хувьд өөрийгөө сорихыг хүссэн хэрэг. Тиймдээ ч ур чадвар өндөртэй хүмүүс дунд энэ биеэ дайчилж, байнгын суралцан тэдэнтэй мөр зэрэгцэхийг хүсэж байна.
Ойрын үед энэ эрчээрээ улам хөгжиж, боломж тохиох бүрийд салбарынхантайгаа нэтворкинг хийхээр төлөвлөж байгаа. Басхүү мэдэж сурсан бүхнээ монгол инженерүүдтэйгээ аль нэг контентын төрлөөр хуваалцахаар зорьж байна.
11. ТА ӨӨРИЙГӨӨ ХЭРХЭН ХӨГЖҮҮЛЖ, СУРАЛЦДАГ ВЭ?
Хүнийг сурч, хөгжихөд орчин их нөлөөтэй. Тийм болохоор би аль чадахаараа эргэн тойрныхоо хүмүүсээс суралцахыг хичээдэг. Дотнын найзууд, ажлын нөхөд, шинээр танилцсан хүмүүс гээд хувь хүн бүрийн давуу чанар, онцлогоос нь суралцаад өөртөө хэрэгжүүлээд явдаг даа. Үүний зэрэгцээ мэдсэн зүйлээ баталгаажуулж, мэдлэг болгохын тулд эргэн тойрныхонтойгоо тэр сэдвээр ярилцах нь их чухал.
Мэргэжлийн хувьд алгоритм бодлогууд тогтмол бодохыг хичээж байна.
12. САНАЛ БОЛГОХ НОМ, ХӨГЖИМ, КИНО?
Номын тухайд “Ад үзэгдэх зориг” хэмээх бүтээлийг санал болгоё. Миний ширээний ном. Залуу хүн бүрийг уншаасай гэж хүсэж байна. Мөн “Гурван биетийн бодлого”-ыг уншаад үзээрэй.
Би байгалийн шинжлэх ухаан тэр дундаа физикт дуртай болохоор киноны тал дээр “Interstellar”-ийг санал болгомоор байна. 90-95 хувьд нь физикийг бодитоор харуулсан нь үнэхээр гайхалтай.
Сүүлийн үед дууны тухайд Leisure хамтлагийн дуунууд сонсож байгаа. Хэмнэл сайтай, хөгжимлөг болохоор ажлын хажуугаар сонсоход тохирдог юм.
13. АВЧ БАЙСАН ХАМГИЙН САЙН ЗӨВЛӨГӨӨ?
“Бусадтай өөрийгөө харьцуулах бус гурван жилийн дараах өөртэйгөө л харьцуул”. Оюутан үеийн сайн найз маань хэлж байсан юм. Ирээдүйд хэн байхаа төсөөлөөд тэр хүнтэйгээ л өөрийгөө харьцуулж, тийм болохын төлөө зорих хэрэгтэй гэсэн санаа. Тэгсэн цагт илүү урам зоригтой урагш тэмүүлдэг.
14. БУСДАД ШИДЭХ САНАА?
Шинээр мэдэж авсан зүйлсийнхээ талаар бусадтай ярилцаж, тэр хэрээр гүн гүнзгий харилцан яриа өрнүүлдэг байгаасай гэж хүсэж байна. Энэ бол мэдсэнээ бататгах хамгийн зөв аргаас гадна тухайн сэдвийг би зөв харсан уу, зөв ойлгосон уу, мөн бусад хүн тантай ижил бодож байна уу гэдгийг мэдэх боломж. Тэгэхээр үргэлж нээлттэй ярилцдаг байгаарай.
З Зочин 2024.12.26 66.181.176.101
Byadaa amjilt husey olon jil hariltsaagui udsan baina iim amjilttai yavaag ni haraad baharhaj baina s