Хэдхэн жилийн өмнө МУИС-ийн физик болон химийн ангийг хоёрхон оюутан сурч төгссөн гэх мэдээ биднийг цочирдуулж байлаа. Бодит байдал үнэхээр л ийм. Байгалийн шинжлэх ухааны мэргэжил, боловсон хүчний хомсдолтой Монгол Улс нарийн мэргэжлийн салбарын судлаачдын бодит туршлага, түүх, мэдээллээр ангаж цангаж буй.  

Саяхан болж өнгөрсөн Нобелийн шагналтнуудыг тодруулах үйл ажиллагаатай холбоотойгоор мөн оюутан, сурагч, эцэг эхчүүдэд шинжлэх ухааны салбарыг нээн харуулж, салбарын мэргэжилтний бодит туршлагыг хуваалцах зорилгоор энэ удаагийн “Би хэрхэн ажилладаг вэ?” ярилцлагыг бэлдлээ. Европын цөмийн судалгааны төв CERN-ий LHCb коллаборацид судлаачаар ажиллаж буй Доктор Б.Баасансүрэнгийн судалгааны замнал, туршлага болон ажиллах арга барилтай уг ярилцлагаас танилцаарай.  

Байршил: Женев, Швейцар

Эрхэлдэг ажил: Докторын дараах судалгааны ажилтан

Хэрэглэдэг гар утас: iPhone 14

Хэрэглэдэг компьютер: MacBook Pro

Сошиал хуудас: @bgbaaska

1. ТАНЫ МЭРГЭЖЛИЙН ЗАМНАЛААС БИД ЮУГ МЭДЭХ ЁСТОЙ ВЭ?

Анх физикт дуртай болсон үе одоо бодоход дунд ангиас эхлэлтэй юм шиг байна. Дунд ангидаа газарзүйн хичээлдээ их дуртай хүүхэд байсан. Газарзүйг цааш бүр гүнзгий судлах тусам атом, молекулынхаа түвшинд сонирхолтой болж эхэлсэн л дээ. Физик, математиктаа сайн бас сонирхолтой байсан учраас төгсөх ангидаа МУИС-ийн физикийн ангид орно гээд шийдчихсэн байсан.

2011 онд Орчлон ахлах сургуулийг төгсөөд багшийнхаа зөвлөснөөр бакалаврын зэргээ МУИС-д ерөнхий физикээр авсан. Харин 2017 онд Европын цөмийн судалгааны төвийн (CERN) LHCb коллаборацийн гишүүнээр элсэж, 2021 онд АНУ-ын Нью-Йорк мужийн Syracuse-ийн Их сургуульд докторын зэргээ хамгаалсан. 2021 оноос хойш докторын дараах судалгааны ажлаа хийж байна.

2. ТАНЫ АЖЛЫН ДУНДАЖ НЭГ ӨДӨР ХЭРХЭН ӨНГӨРДӨГ ВЭ?

Ихэнх цагаа лабораторидоо өнгөрүүлдэг. Өглөө 07:00-08:00-ийн хооронд лабораторидоо очоод эгэл бөөмийн бүртгэгчийг угсарч барихдаа бэлддэг. Өдөр нь туршилтуудаа хийж, бүртгэгчээ барина. Бүртгэгч барина гэдэг маш цэвэрхэн, тоосгүй орчин мөн маш нарийн ажиллагаатай үйл хэрэг учраас цаг их авдаг. Тухайн өдрийн туршилтуудаа дуссаны дараа оройн цагаар өгүүлэл бичих, дата анализ хийхдээ төвлөрдөг.

3. ТАНЫ АЖЛЫН АРГА БАРИЛ?

Ажлыг нэлээн нухаж, удаан сууж хийх гээд байдаг талтай. Мэдээж судлаач хүн тийм байхаас ч өөр аргагүй. Судалгаа, туршилтаа хурдан дуусгана гээд яарч адгалгүй, нөгөө талаар тайвширч, алгуурлах биш яг л тогтмол, жигд хурдаар ажиллах зарчмыг үргэлж баримталдаг. Энэ зарчмыг дипломын чиглүүлэгч Др. Проф. Томаш Скварники багшаасаа сурсан.


4. АШИГЛАХГҮЙ БАЙЖ ЧАДДАГГҮЙ АПП, ХЭРЭГСЛҮҮД ЮУ ВЭ?

Ажил, мэргэжлийн хувьд маш их өгөгдөлтэй ажилладаг учраас Python, C++ програмын хэл дээр код бичдэг. Мөн CERN-ий ROOT package, GitLab зэрэг проаграмуудыг ашигладаг. Хувьдаа бол гэрийнхэнтэйгээ холбоотой байх гэж Messenger-ийг хамгийн их ашиглана.

5. ЦАГ ХЭМНЭХ ХАМГИЙН САЙН АРГА ТАНЬ ЮУ ВЭ?

Түрүүн хэлсэнчлэн туршилт, судалгаагаа хэтэрхий яараад хийчихвэл алдаа гаргачихдаг. Ингэхээр тэр ажлыг дахиад эхнээс нь эхлэх хэрэгтэй болдог. Тиймээс анхнаасаа алдаагүй, зөв хийхийн тулд хэт хурдан биш бас хэт удаан биш нэг хурдаар ажиллах байдлаар цагаа хэмнэдэг.

6. ХИЙХ АЖЛАА ХЭРХЭН ТӨЛӨВЛӨДӨГ ВЭ?

Нэлээд уламжлалт маягийн хүн. Хийх зүйлсээ зүгээр л цаасан дээр биччихдэг. Лабораторийн ажил цаанаасаа тогтсон цагийн хуваарьтай байдаг. Тэрнийхээ дагуу л ажлаа хийж гүйцэтгээд явдаг гэсэн үг.

7. ЭРЧ ХҮЧЭЭ ХЭРХЭН СЭЛБЭДЭГ ВЭ?

Мэдээж маш олон цагаар суугаа ажил хийж байгаа учраас аль болох биеэ хөдөлгөхийг хичээнэ. Алхах, гүйх, фитнесээр хичээллэж эрч хүчээ нөхдөг.

8. ҮНДСЭН АЖЛЫНХАА ХАЖУУГААР ДУРЛАЖ ХИЙДЭГ ТӨСӨЛ/АЖИЛ ЮУ ВЭ?

Machine Learning-т их сонирхолтой. Python дээр суурилсан package-уудын үндсэн эх кодыг нь судалж, өөрөө турших дуртай. Ер нь л салбар дагнасан өөр олон чиглэлийн шинжлэх ухааныг сонирхож, чөлөөт цагаараа судалгааны ажлуудыг уншдаг.

9. ХИЙЖ БУЙ АЖЛЫН ОНЦЛОГ ЮУ ВЭ? ЭЕРЭГ САЙН БА ХЭЦҮҮ БЭРХШЭЭЛТЭЙ ТАЛУУД?

Маш олон орны мундаг судлаачидтай ажилладаг учраас бусдаас суралцах боломж нь миний ажлын олзуурхууштай, сайхан тал нь байх. Харин миний мэргэжлийн хэцүү гэхээс илүү чадвар сорьдог тал нь алдааг аль болох бага, нэг бол бүр алдаа гаргахгүй байхыг үргэлж шаарддаг явдал. Өөрийн нэр хүндээ бодсон ч тэр, тухайн ажлыг урагшлуулах, тогтвортой явуулах, үр дүнд хүрэх байдлаа бодсон ч тэр алдаж боломгүй анхааралтай, нямбай байх их чухал.

10. ТА ОДОО ЮУН ДЭЭР ТӨВЛӨРЧ БАЙГАА ВЭ? ОЙРЫН ТӨЛӨВЛӨГӨӨ?

Одоогоор би CERN-ий Бээжин хотын салбараас нь нүүгээд Европт ажиллахаар ирчихсэн байгаа. Энд байх хугацаандаа LCHb детектор руу орж ажиллах төлөвлөгөөтэй байна. Яг ойрын төлөвлөгөө гэх юм бол олон улсын сансрын станц руу явуулах эгэл бөөмийн бүртгэгчийн шинэчилсэн ажил маань байна.

11. ТА ӨӨРИЙГӨӨ ХЭРХЭН ХӨГЖҮҮЛЖ, СУРАЛЦДАГ ВЭ?

Мэргэжил, судалгаатайгаа холбоотой квант компьютер, ер нь компьютерын шинжлэх ухааныг нэлээн гүнзгий сонирхож судалдаг. Дээр хэлсэнчлэн өгөгдөлтэй маш их ажилладаг учраас яалт ч үгүй програмын хэлийг өөрийн судалгаандаа ашиглах хэрэгцээ шаардлага хүссэн, хүсээгүй гарч ирж байгаа болохоор энэ талаар уншиж, судалж, турших байдлаар өөрийгөө хөгжүүлэхийг хичээж байна.

12. САНАЛ БОЛГОХ НОМ, КИНО, ХӨГЖИМ?

Түүх их сонирхдог. Ювал Ноа Харари, Тимоти Снайдер, Стивен Коткин зэрэг түүхчдийн номыг унших дуртай. Хөгжмийн хувьд Шопен сонсох дуртай мөн Ханс Зиммерийг санал болгоно. Кино гэвэл Оддын дайн цуврал болон Кристофер Ноланы найруулсан кинонуудад дуртай. “Interstellar”-ийг санал болгоё.

13. АВЧ БАЙСАН ХАМГИЙН САЙН ЗӨВЛӨГӨӨ?

Би олон ментортой бас бусад хүмүүсийг ч гэсэн өөрөөсөө илүү туршлагатай, мэдлэгтэй хүмүүсийг сонгож, өөрийнхөө менторыг болгоосой гэж хүсдэг. Үе, үеийн багш нарын маань надад нийтлэг хэлдэг байсан зүйл нь ерөөсөө л “нэг зүйлдээ тууштай байх хэрэгтэй, эхлүүлсэн зүйлээ заавал дуусга” гэх зөвлөгөө.

14. БУСДАД ШИДЭХ САНАА?

Өөрийн хийх дуртай зүйлээ эртхэн олоорой л гэж хэлье.

Энэхүү нийтлэл нь Unread Today сонины 10-р сарын 14-ний дугаарын 7-р нүүрт нийтлэгдсэн.