Ажлын арга барил, компанийн үнэт зүйл, алсын хараа зорилгоо хуваалцдаг “Бид хэрхэн ажилладаг вэ?” булангийн энэ удаагийн зочноор “Монгол Улсын үсрэнгүй хөгжилд хувь нэмрээ оруулсан олон улсын түвшинд өрсөлдөхүйц мөнгөн гуйвуулгын компани байна” хэмээн алсын хараагаа тодорхойлсон "SendMN ББСБ" ХХК оролцож байна. 

Байршил: Централ Парк, Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар хот

Үйл ажиллагааны чиглэл: Олон улсын мөнгөн гуйвуулга

Сошиал хуудсууд: SendMN (Facebook) | send.mn (Instagram) | SendMN Money Transfer (LinkedIn)

1. Танай байгууллагын замналаас бид юу юуг мэдэх ёстой вэ? 


Гүйцэтгэх захирал Б.Төрболд

Манай байгууллага 2016 онд үйл ажиллагаагаа эхэлж, удаах онд нь мөнгөн гуйвуулгын үйл ажиллагаа явуулах албан ёсны зөвшөөрлөө авч, олон улсын мөнгөн гуйвуулгыг технологитой хослуулах ажлыг эхэлсэн. Үүний хүрээнд гурван жил судалгаа шинжилгээ хийж, технологийн багаа бүрдүүлээд 2020 оны арваннэгдүгээр сард Монголд анхдагч гэж хэлж болох олон улсын мөнгөн гуйвуулгын аппаа зах зээлд нэвтрүүлсэн. Өмнө нь бид мөнгө гуйвуулахдаа cash pickup буюу илгээгдсэн мөнгийг банкны салбараар дамжуулан бэлнээр авч заншсан байсан бол одоо бидний нэвтрүүлж буй аппаар дамжуулан дэлхийн 170 гаруй оронд ажиллаж, амьдарч буй монголчуудын тухайн оронд эзэмшиж буй данстай гүйлгээг шууд холбох байдлаар шийдсэнээр зах зээлд шинэлэг, онцлог үйлчилгээ болж байгаа юм. Энэхүү үйлчилгээ нь амар хялбар, түргэн шуурхай хийгдэх бөгөөд санхүүгийн системээс шалтгаалан 5-30 минутын дотор гүйлгээ хийх боломжтой. Мөн эсрэг урсгалд буюу гадаадаас төгрөгийн данс руу нь шууд гүйлгээ хийгдэх байдлаар бүрдүүлсэн.

2020 онд үйлчилгээгээ дөнгөж нэвтрүүлж байхад өдөрт 10-20 гүйлгээ хийгддэг байсан бол одоо өдөрт 3,000-4,000 гүйлгээ хийж байна. Мөн манай байгууллага болон бидний хамтарч ажилладаг 35 банк санхүүгийн байгууллага терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх олон улсын журмыг мөрдөж ажилладаг. (Энэ нь террорист үйл ажиллагааг санхүүжүүлэх эрсдлийг хянах, харилцагчийг таних буюу мөнгө илгээгч болон хүлээн авагчийн үнэмлэх, бичиг баримтыг шалгах, сэжигтэй гүйлгээг илрүүлэх зэрэг байдлаар ажилладаг гэсэн үг.)

2. Таны ажлын дундаж нэг өдөр хэрхэн өнгөрдөг вэ? 


Санхүү эрхэлсэн захирал Б.Оюун-Эрдэнэ

Миний өдөр ихэвчлэн охиддоо өглөөний цайг нь бэлдэж, цэцэрлэг, сургуульд нь хүргэж өгөхөөс эхэлдэг. Энэ бол миний хувьд хамгийн үнэ цэнтэй мөчүүдийн нэг. Дараа нь ажилдаа ирээд хамгийн түрүүнд яаралтай цахим шуудангуудаа шалгаж, хариу өгөх, тухайн өдрийнхөө мөнгөн урсгалыг тодорхойлдог. Үүний дараа тухайн өдрийн ажлын төлөвлөгөөг гаргаж, багийнхаа өгсөн тайлан, үзүүлэлтүүдтэй танилцан, тухайн өдрийн гол шийдвэрүүдийг гаргадаг. Манай баг зөвхөн дотоод гэлтгүй олон улсын санхүүгийн байгууллагуудтай тогтмол хамтран ажилладаг тул 09-18 цагийн хооронд ажиллана гэсэн тогтсон ойлголт байдаггүй. Биднийг унтаж байх хооронд өөр нэг улсад ажил өрнөж байдаг болохоор хурдан шуурхай хариу өгөх шаардлага гардаг. Иймд хоногийн 24 цаг хүрэлцэхгүй мэт санагдах өдрүүд олон ч энэ завгүй хэмнэл миний ажилд бүр ч их урам зориг өгдөг.

Өдрийн турш санхүүгийн дүн шинжилгээ, удирдлагын зөвлөлийн хурал, төслийн уулзалтад оролцож, харилцагч нартай зөвлөлдөх байдлаар ажиллах нь миний голлох үүрэг. Миний хувьд энэ бүхэн тоо баримтыг хянах төдий бус харин компанийн санхүүгийн тогтвортой байдал, ирээдүйн замналыг тодорхойлох ажил юм шиг санагддаг. Орой нь ажлаа тараад гэр бүлдээ цаг гаргахыг юу юунаас илүү эрхэмлэдэг. Охидтойгоо тоглох, хичээлд нь туслах, энгийн хэрнээ үнэ цэнтэй мөчүүдийг хуваалцах нь надад хамгийн их эрч хүч, урам зоригийг өгдөг.

3. Таны ажлын нөү-хау? 


Мэдээлэл технологи хариуцсан захирал Б.Бат-Уул

Мэдээлэл технологийн албаны үндсэн үүрэг нь орчин үеийн дэвшилтэт технологийн шийдлийг ашиглан дэлхий даяар тархан суурьшиж буй монгол хэрэглэгчдэдээ мөнгөн гуйвуулгын үйлчилгээг хялбар, хурдан, хүртээмжтэй хүргэх, хэрэглэгчдийн сэтгэл ханамжийг нэмэгдүүлэх явдал юм.

Манай хамт олон гол төлөв залуу хүмүүс байдаг учраас хоорондоо чөлөөтэй харилцах нь их ч ажилдаа хариуцлагатай, зарчимч байх тухай ойлголтыг хүн бүрд суулгаж, сануулж ажиллахыг чухалчилдаг. Мөн зорьсон зорилго, хариуцсан ажлаа үр бүтээлтэй биелүүлэхэд шаардагдах мэргэжлийн ур чадвар, өсөлт хөгжил, хувийн менежментийн асуудалд нь удирдлагын зүгээс тусалж, зөвлөх нь чухал гэж боддог. Бидний хийж буй ажил нэг хүнээс хамааралтай байх нь учир дутагдалтай, сайн хэрэг биш учраас ажилтнуудаа чадавхжуулах, өөрсдийнх нь хүсэл, сонирхлыг харгаллзаж үзэх нь мөн л чухал.

Харин хувьдаа болон ажил албандаа баримталдаг нэг зүйл байдаг нь цаг их авдаг, механик ажлуудыг технологит даатгаж, автоматжуулах байдлаар цагаа хэмнэдэг.

Албаныхандаа зориулж хэлэхэд, “Та бүхэн зөвхөн мэдээллийн технологийн чиглэлээр ажиллаж буй нэгэн биш харин байгууллагынхаа ирээдүйг бүтээлцэж яваа эд эс нь юм шүү.”

4. Ашиглахгүй байж чаддаггүй апп, хэрэгслүүд 


Бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн менежер Г.Ариунзаяа

Ажлынхаа хүрээнд Figma болон SendMN аппаа тогтмол ашигладаг бол байгууллагын дотоод харилцаа холбоо болон хамтрагч байгууллагуудтай харилцахад Teams, WhatsApp ашигладаг. Мөн ажлынхаа дундуур YouTube юм уу Spotify ашиглан подкаст, контент сонсдог. Харин чөлөөт цагаараа Netflix, Instagram дээр хамгийн их цагийг өнгөрөөдөг.

5. Цаг хэмнэх хамгийн сайн арга тань юу вэ? 


Харилцагчийн үйлчилгээ хариуцсан захирал Б.Хатанбаатар

Манай багт 12 ажилтан байдаг бөгөөд үүнд хоёр салбарын захирал болон 10 теллер харъяалагддаг. Цаг хэмнэх гэхээс илүүтэй гаргасан хуваарийнхаа дагуу, цагийн алдагдалгүй ажиллахыг хичээдэг. Гадуур явахад хамгийн их цаг алддаг болохоор уулзалтуудыг ихэвчлэн гар утсаар холбоо барих байдлаар шийдэх нь олонтоо. Бусдаар гүйлгээг автоматаар бүртгэх ч юм уу механик ажлуудыг автоматжуулснаар цагаа хэмнэж, хөдөлмөрөө хөнгөвчлөх боломжтой.

6. Хийх ажлаа хэрхэн төлөвлөдөг вэ? 


Маркетинг, борлуулалтын албаны захирал Э.Тэмүүлэн

Өглөө хамгийн түрүүнд таван минутад хийж болох ажлуудаа амжуулчихдаг. Ер нь өглөөгүүр бодох, шинэ санаа гаргах гэх мэт бүтээлч сэтгэлгээ шаардагдах ажлууддаа төвлөрдөг. Манайх улирлын төлөвлөгөөг программд байршуулчихсан байдаг болохоор долоо хоног бүр хэрэгжилтийг нь хянаж ажиллахад дөхөмтэй. Харин өдөр тутмын уулзалт, ажлууддаа гол төлөв үзэг, цаас ашигладаг.

7. Эрч хүчээ хэрхэн сэлбэдэг вэ? 


Комплайнсын менежер П.Энхмандах

Миний хувьд гадуур алхах, өөртэйгөө цагийг өнгөрөөх байдлаар эрч хүчээ сэлбэдэг төрлийн хүн. Хэсэг алхсаны дараа элдэв асуудал тархи эзлэхээ больж, бодол санаа цэгцрээд сайхан болчихдог.

8. Үндсэн ажлынхаа хажуугаар дурлаж хийдэг төсөл, ажил 


Мэдээлэл технологийн албаны QA менежер Ч.Лаяиймядаг

Өөр ямар нэг төсөл, ажилд хамрагдах гэхээс илүү үндсэн ажлаа үр бүтээлтэй хийх харин бусад цагтаа өөрийгөө хөгжүүлэх, эрч хүчээ сэргээхэд анхаарч, ажил амьдралынхаа тэнцвэрийг хадгалахыг зорьдог. Тухайлбал, хувь хүний хөгжил, эрүүл амьдралын талаар подкаст сонсох дадал маань асуудлыг өөр өнцгөөс харах, уужуу сэтгэлээр хандахад тусалдаг. Сонирхуулахад, сүүлийн үед йогоор хичээллэж байгаа. Энэ нь эрүүл мэндээ хадгалахад туслаад зогсохгүй стрессээ удирдах, төвлөрөх чадвараа сайжруулж, ажлаа эрч хүчтэй хийх боломжийг бүрдүүлж байгаа юм шиг санагдсан. Мөн амьтанд хайртай болохоор гэртээ нохой тэжээдэг. Үүгээр ч зогсохгүй амьд бүхэн хайрлуулах эрхтэй гэж үздэг болохоор амьтны асрамжийн газруудад хандив тусламж өгдөг. Энэ итгэл үнэмшил маань намайг илүү хүнлэг энэрэнгүй байхад нөлөөлдөг болов уу гэж боддог. Эцэст нь мэдээж хамгийн чухал нь гэр бүл болохоор тэдэндээ чанартай цаг гаргахыг хичээдэг.

9. Хийж буй ажлын тань онцлог юу вэ? эерэг сайн ба хэцүү бэрхшээлтэй талууд 


Салбар хариуцсан захирал Б.Мөнхжин

Мөнгөн гуйвуулгын үйлчилгээний онцлог нь цаг хугацаа, орон зайг үл хамааран хүссэн улс руугаа мөнгө шилжүүлэх боломжийг хамгийн энгийн байдлаар олгож буй явдал. Манай үйлчилгээ шуурхай, өндөр хүртээмжтэй, валютын өргөн сонголттой гэх мэт олон эерэг сайн талтай. Түүнчлэн гүйлгээний баримт гарна, төлбөр шимтгэл нь хэрэглэгчдийн үйлчилгээний сегментэд тохирсон байна гэх мэт уян хатан нөхцөл цөөнгүй бий.

Бэрхшээлтэй тал нь зарим тохиолдолд санхүүгийн тэр дундаа олон улсын мөнгөн гуйвуулгын талаар мэдлэг ойлголт хомс харилцагч таарвал асуудал үүсэх шалтгаан болдог. Гэхдээ мэдээж ямар ч харилцагч манай үйлчилгээг авах боломжтой болохоор аль болох тухайн хүнийг гүйлгээ хийхэд нь асуудал үүсгэхгүй байх тал дээр ажиллаж, шийдсэний дараа сэтгэл ханамж авдаг.

10. Таны байгууллага одоо юун дээр төвлөрч байгаа вэ? Ойрын төлөвлөгөө 


Бизнес хөгжил хариуцсан захирал Б.Мөнхдалай

Гадаад улсаас мөнгө илгээж байгаа монголчууд маань тухайн улсын банк, санхүүгийн байгууллагуудаар дамжуулан мөнгөө илгээдэг байсан бол одоо шинэчлэгдсэн SendMN 3.0 аппаар дамжуулан эх орон руугаа шууд мөнгө илгээх боломжийг нээж байна.

Мөн Зүүн өмнөд Азийн орнууд болон Солонгос, Япон зэрэг улсуудад зорчиж байгаа монголчууд маань гүйлгээ, төлбөр тооцоо хийхдээ SendMN 3.0 болон бусад QPAY үйлчилгээтэй банк, санхүүгийн аппуудыг ашиглаж, монгол төгрөгөөр QR төлбөр тооцоо хийх боломжийг бүрдүүлэхээр ажиллаж байна.

Сонирхуулахад, Монголын анхны валют арилжааны ATM төхөөрөмжийг УБТЗ-ын тасалбар худалдаалах төвд байршуулсан бөгөөд цаашид үйлчилгээгээ илүү олон хүмүүст хүргэхээр зорин ажиллаж байна.

11. Та өөрийгөө хэрхэн хөгжүүлж суралцдаг вэ? 


Ахлах программ хангамжийн инженер Б.Баасанжаргал

Миний бодлоор сурч хөгжихөд хувь хүний төлөвшил, хүсэл эрмэлзэл, сониуч байдал, тууштай зан гээд олон зүйл нөлөөлдөг. Тэр дундаа гол хүчин зүйл нь хүрээлэн буй орчин байдаг болов уу. Тиймдээ ч би эргэн тойрныхоо хүмүүс, найз нөхөд, ажлын хамт олон, шинэ танилууд гээд хүн бүрийн онцлог, давуу талаас суралцаж, сайн талыг нь өөртөө хэрэгжүүлэхийг хичээдэг. Миний энэ сурах арга барилд байгууллага маань ихээхэн нийцдэг учраас компанидаа дөрөв дэх жилдээ ажиллаж байна.

Мэргэжлийн хувьд ч мөн адил багийнхныхаа кодыг уншиж, хянаж, түүнээсээ өөр өнцөг, шинэ санаа олж авдаг. Мөн бичсэн кодоо тодорхой хугацааны дараа эргээд заавал шалгадаг. Ингэснээр алдаагаа олж, байнгын сайжруулалт хийх боломжтой болдог. Мөн салбарынхаа чиг хандлагыг судалж, олж мэдсэнээ практикт хэрэгжүүлэхийг хичээдэг.

12. Санал болгох ном, кино, хөгжим 


Комплайнс хариуцсан мэргэжилтэн Б.Пүрэвдаш

Комплайнсын ажилтан байх нь компанийн үйл ажиллагааг хамтран ажиллагч байгууллагуудын гэрээ, олон улсын байгууллагуудын зөвлөмж, стандарт болон зохицуулагч байгууллагуудын хууль, журмын шаардлагуудтай нийцүүлэн ажиллах, харилцагч үйлчлүүлэгчдийнхээ мэдээллийн нууцыг хангах, комплайнсын соёлыг түгээх, компанийн бизнесийн нэр хүндийг эрсдэлээс хамгаалах гэсэн чиг үүргийн дагуу ажилладаг.

Ажлынхаа чиг үүргийн хүрээнд Санхүүгийн зохицуулах хороо, Монгол банк, Санхүүгийн мэдээллийн алба гэх мэт байгууллагуудын жил бүрийн тайлан, гарын авлага, шинэ тутам гарч буй баримт мэдээллийг олж уншихыг хичээдэг. Үүнээс гадна олон улсад гарч буй комплайнстай холбоотой тохиолдлуудын талаар уншиж, хэрхэн урьдчилан сэргийлэх талаар туршлага судлах дуртай.

Мэргэжилтэйгээ холбоотой киноны тухайд “The Wolf of Wall Street” (2013) киног санал болгоё. Энэхүү кинонд авлига, хууран мэхлэлт, мөнгө угаах зэрэг хууль бус үйлдэлд холбогдон карьераа алдсан түүхийн талаар гардаг болохоор санхүүгийн чиглэлээр ажилладаг хүмүүс тэр дундаа комплайнсын ажилтнууд үзэхэд тохиромжтой гэж бодож байна.

13. Авч байсан хамгийн сайн зөвлөгөө 


Маркетингийн ахлах менежер Ч.Тэргэл

Эгчийн маань хэлсэн "Өөртөө итгэлтэй бай" гэдэг зөвлөгөө миний хувьд авч байсан хамгийн сайн бас хамгийн хэрэгтэй зөвлөгөө байсан. Учир нь би аливаа ажлыг хийхдээ бодолдоо хэтэрхий их уягдаад байдаг болохоор өөрийнхөө гаргасан шийдвэрт эргэлзэх, итгэлгүй байх тохиолдлууд гарах нь түгээмэл. Харин эгч маань эсрэгээрээ өөртөө итгэлтэй, дайчин, олон төрлийн ажилд өөрийгөө сорьдог төрлийн хүн. Иймд би эгчээсээ урам зориг, үлгэр дуурайлал авч, ажил дээрээ шинэ санаачилга гаргаж, эрсдэлийг айдас биш боломж гэж хүлээж авч, өөртөө итгэлтэй байдаг болсон.

14. Бусдад шидэх санаа 


Ахлах зээлийн эдийн засагч Э.Содномдорж

Ажил, амьдралаас хуримтлуулж байгаа туршлага маань төдийлөн их биш ч одоогоор миний ойлгосон зүйл бол өгөө аваатай байх юм билээ. Өөрөөр хэлбэл, бусдад өгөхийн хэрээр чи өөрөө ч авдаг, хөдөлмөрлөсний хэрээр үр дүн гардаг, цагаа зөв зохицуулсны хэрээр амжилт ирдэг. Иймээс цагаа зөв зохицуулж, өгөө аваатай амьдарч, алхам бүрдээ үнэ цэнтэй байгаарай.