Өвдсөн хойноо л эмнэлэг орж, эрүүл мэнд, эдийн засгаараа хохирдог хэвшмэл хандлагад технологийн шийдлээр нөлөөлж, Зүүн Ази даяар таван сая хүнд эрүүл амьдралын хэв маягийг түгээх зорилготой "Мэнд" компани бол тасралтгүй тэлж буй медтек зах зээлд өрсөлдөх монгол стартап. Өнөөдрийн дугаарын зочин, тус компанийн хамтран үүсгэн байгуулагч О.Чанцалдуламыг манай зарим уншигч "Дэвшилтэт стартап", "Хамгийн чухлыг хэмж", “Аядуу тайван ахуйдаа л бидний анзаардаг зүйлс” тэргүүтэй номыг эрхлэн гаргагч "Хүмүүн паблишинг"-ийн хамтран үүсгэн байгуулагч гэдгээр нь илүүтэй таниж мэднэ. Тэрээр саяхан "Хүмүүн паблишинг", "Mend.mn", "Happy Messy" (хуучнаар) компанийн ажлуудаа нэгтгэн, "Мэнд" компанийг хамтран байгуулаад байгаа юм. Бүх насныханд зориулсан сэтгэл зүй, бие махбодь, эрүүл амьдралын хэв маягийн хөтөлбөрүүд болон телемедицин үйлчилгээг хослуулан олон улсын зах зээлд гаргахаар зорьж буй түүний ажлын арга барилтай танилцъя.
Байршил: Монгол улс, Улаанбаатар хот, "Moffice" хамтын оффисын байр
Эрхэлдэг ажил: "Мэнд" ХХК-ийн хамтран үүсгэн байгуулагч
Хэрэглэдэг утас: iPhone 11 Pro Max
Хэрэглэдэг компьютер: MacBook Air
Сошиал хуудсууд: Chantsaa (Фэйсбүүк), @chantsaa (Инстаграм)

1. ТАНЫ КАРЬЕРААС БИД ЮУГ МЭДЭХ ЁСТОЙ ВЭ?
Би олон улсын харилцаа, судлалын чиглэлээр мэргэшиж төгсөөд, "UNESCO" дахь "Монголын үндэсний комисс"-д нийгэм хүмүүнлэгийн салбарын мэргэжилтнээр ажлын гараагаа эхлүүлж байв. Соёл боловсрол, байгаль орчин тэргүүтэй нийгмийн 5-6 салбарт төр, хувийн хэвшил, цаашлаад олон улсын байгууллагуудтай хамтран өргөн бүтэцтэй, бүсийн хэмжээнд ажилладаг уг байгууллагаас ажлын талбар дээрх ёс зүй, арга барилаа олж авч, багаар ажиллахаас авхуулаад олон чадварт суралцаж чадсан. Үүний дараагаар найзуудтайгаа хамтран контент медиа чиглэлд стартап эхлүүлж, бизнесийн удирдлагаар мэргэжил дээшлүүлэн суралцаж, хувийн хэвшилд ажиллахын сацуу сонирхлоо хөгжүүлэн хувцас загварын хоёр ч төсөл санаачлан, хэрэгжүүлж туршлага хуримтлуулсан.
Ингээд 2019 онд сонирхлоо бодит ажил болгон, хамтрагчидтайгаа нийлэн "Хүмүүн паблишинг" компанийнхаа үйл ажиллагааг эхлүүлсэн. Одоо манайх "Дэвшилтэт стартап", "Хамгийн чухлыг хэмж", "Өөр" зэрэг таван номоо уншигчдын гарт хүргээд байна. Мөн бүх насныханд зориулсан сэтгэл зүй, бие махбод, эрүүл мэндийн дадал хэвшлийг бий болгох технологи, шинжлэх ухаан, бодит судалгаа, туршлагад суурилсан "Happy Messy" аппыг өнгөрсөн есдүгээр сар хүртэл хөгжүүлсэн. Ингээд саяхан уг төслүүдээ нэгтгэн илүү өргөн хүрээнд ажиллаж, олон улсын зах зээлд өрсөлдөх зорилготой "Мэнд" компанийг байгуулан, брэндингээ шинээр хөгжүүлж эхлээд байна.
2. ТАНЫ АЖЛЫН ДУНДАЖ НЭГ ӨДӨР ХЭРХЭН ӨНГӨРДӨГ ВЭ?
Шинэ ажлын өдөр өмнөх өдрийн оройноос эхэлдэг буюу өдөр дуусахын өмнө тусгайлан 10-15 минут гаргаж маргаашаа төлөвлөж дадсан. Энэ нь эрч хүчээ хуваарилахад ихээхэн тустай, үр дүнтэй санагддаг юм. Ингээд өглөө эртлэн сэрж, ажил дээрээ ирээд багынхандаа кофе бэлтгэж өгч мэдээлэл солилцоод, онлайн хурлууддаа ордог. Манай багийнхан нэлээд өргөн хүрээтэй, олон улсаас ажилладаг болохоор бараг өдрийн талыг "Google Meet", "Zoom" дээр өнгөрүүлэхээс аргагүй. Ийм ч учраас миний хувьд өдрийг дунд нь хэсэгчлэн хуваарилахаас илүүтэй өдөр өдрөөр нь бүхэлд нь ангилж төлөвлөхийг боддог. Нэг өдөр бүтэн хурлууддаа орж, нэг өдөр нь зөвхөн төвлөрч суух эсвэл гадуур ажиллах гэх мэтээр. Өдөрт багадаа 3-5 ажил төлөвлөөд, төлөвлөсөн ажлуудаа заавал дуусгах дүрмийг багаараа баримталдаг.

3. ТАНЫ АЖЛЫН НӨҮ-ХАУ?
Хурд, харилцаа, уян хатан байдал. Ажил маань надаас маш хурдтайгаар тооцоолж, судалж, хийж туршихыг, шийдвэрээ аль болох хурдан гаргахыг шаарддаг. Ажлаа хурдтай, хамгийн гол нь үр дүнтэй хийхийн тулд аливаад уян хатан хандаж, маш тодорхой төлөвлөж, бусадтай эелдэг зөв харилцаа үүсгэх шаардлагатай.
Уг нь би аливаад няхуур, нэлээд төвлөрч тооцож ажилладаг төрлийн хүн. Харин одоо ажлын шаардлагаар хурдтай хэрнээ няхуур байхад суралцаж байна (инээв).
4. АШИГЛАХГҮЙ БАЙЖ ЧАДДАГГҮЙ АПП, ХЭРЭГСЛҮҮД ЮУ ВЭ?
Сая хэлсэнчлэн "Google Meet", "Zoom" бол багийн байнгын хэрэглээ. Ер нь Google-ийн бүх нэмэлтийг маш сайн ашигладаг. Тэр дундаа "Google Calendars" дээр бүх төлөвлөлт, хийх ажлуудаа тэмдэглэдэг учраас үүнийгээ харахгүй л бол хүнтэй ажил төлөвлөж, цаг товлох боломжгүй байдаг. Нэмээд "Trello", "Slack", "Notes" ашиглана.
"Pillow" нойрны апп, Goodreads, "Spotify" бол байнгын хэрэглээ.
5. ЦАГ ХЭМНЭХ ХАМГИЙН САЙН АРГА ТАНЬ ЮУ ВЭ?
Цаг хэмнэх хамгийн сайн арга бол шударга байх явдал гэж боддог. "Шударга байх нь хүн бүрийн цагийг хэмнэнэ" гэдэг үг ч бий. Эргэлзэж тээнэгэлзсэн ямар нэг зүйл, эсвэл хэт өөдрөг төсөөллөөс болж багийн цаг төлөвлөлт тэр чигтээ нурах нь бий. Тэгэхээр бусдад үнэнээ хэлэх, тухайн ажыг дуусгах хугацаагаа бодитоор дүгнэх нь цагаа хэмнэх, төлөвлөх хамгийн сайн арга.
6. ХИЙХ АЖЛАА ХЭРХЭН ТӨЛӨВЛӨДӨГ ВЭ?
Юун түрүүнд ажлуудаа хамгийн чухлаас нь ач холбогдол багатай руу нь ангилж эрэмбэлнэ. Хамгийн чухалд тооцогдож буй ажлыг хийхэд шаардлагатай цагийг тухайн өдрийн эрч хүчтэйгээ хамт тооцож гаргаад, ажлын цагт амжуулж чадах багадаа 3-5 ажлыг сонгоно. Ажлын өдөр дуусахад төлөвлөсөн ажлуудаа бүгдийг нь "цохиж унагасан" байх ёстой.
Хэтийн төлөвлөгөөгөө бол 3-5 жилээр харж гаргадаг. Хүрэх, хийх арга барил, нөхцөл байдал өөрчлөгдөж болох ч үнэт зүйл, эхэлсэн шалтгаан, алсын хараагаа алдахгүй явахыг хичээдэг.


7. ЭРЧ ХҮЧЭЭ ХЭРХЭН СЭЛБЭДЭГ ВЭ?
Эрч хүч, амралт гэдэг нь бие махбод, сэтгэл зүйг хамарсан давхар ойлголт байх учиртай юм билээ. Иймд тархи болон биеийг хамтад нь амрааж чадах тэр зүйлийг олж хийхийг хичээдэг. Эрч хүчээ сэлбэх гол арга маань аялал байсан хэдий ч цар тахлаас үүдэн энэ боломж дотоодод ч, гадаадад ч тодорхой хэмжээнд хязгаарлагдсан тул өөр хобби хайх шаардлагатай болсон. Одоогоор усанд сэлэх, гүйх хоёр их тохирч байна. Байгальд ойр байх нь бодлоо цэгцлэх, тархиа амраах боломж өгдөг.
Мөн дуртай зүйлээ таашаан хийж байгаа хүмүүсээс их урам зориг, эрч хүч авдаг. Өдөр тутамд гэвэл сайхан дуу, сайн ном, амттай кофе ямар ч үед сэтгэл санааг өргөж, цэнэглэдэг.
8. ҮНДСЭН АЖЛЫНХАА ХАЖУУГААР ДУРЛАЖ ХИЙДЭГ ТӨСӨЛ/АЖИЛ ЮУ ВЭ?
Сүүлийн нэг жил хагасын хугацаанд "Lead Mongolia" залуусын хөтөлбөрт хамрагдаж, шинэ зүйл сурч мэдэж, танилын хүрээгээ тэлэхийн дээр нийгэмд үнэ цэнтэй төслүүдэд гар бие оролцдог байв. Одоо харин ажлын ачаалал, хариуцлага нэлээд нэмэгдсэнтэй холбоотойгоор энэ төрлийн ажилд цаг зарцуулах боломж харьцангуй бага л байна.
Гэхдээ номын ажлуудаа тун ч дурлаж, таашааж хийдэг. Одоогоор паблишинг компани дээрээ гурван ч номын төсөл эхлүүлээд явж байна. Нэг талаас миний ажил ч нөгөө талаас хувь хүний хобби, нийгэмдээ өгөх үнэ цэн минь юм даа.
9. ХИЙЖ БУЙ АЖЛЫН ОНЦЛОГ ЮУ ВЭ? ЭЕРЭГ САЙН БА ХЭЦҮҮ БЭРХШЭЭЛТЭЙ ТАЛУУД?
Эерэг сайн тал нь хийж буй аль ч ажил минь хүнд хэрэгтэй зүйл гэдэгт бүрэн дүүрэн итгэдэг. Хуучнаар "Happy Messy" буюу одоогийн "Мэнд" апп бол ганцхан Монгол ч биш Зүүн Ази даяар эхний ээлжинд таван сая хүнд эрүүл амьдралын дадал хэвшлийг түгээхээр ажиллаж байна. Давхар номын ажлуудаараа бусдад хэрэгцээтэй мэдлэг мэдээлэл хүргэж байна гэж итгэдэг. Аль ч талаас нь авч үзсэн өөрөө дурладаг, хүнд хэрэг болдог, нийгэмд үнэ цэн өгдөг ажлууд болохоор бахархалтай сайхан санагддаг.
Хэцүү бэрхшээлтэй тал гэвэл харьцангуй өдөр тутмын л шинж чанартай юм даа. Ер нь холын зорилгоо харсан, үнэ цэнээ ойлгосон хүнд түүртэх зүйл л гэж байхаас хүнд хэцүү гэмээр зүйл харьцангуй бага. Мэдээж асуудал, сорилт, өөрчлөлтүүд байнга гарах ч эерэг талаас нь боломж гэж харвал дээр санагддаг.
10. ТА ОДОО ЮУН ДЭЭР ТӨВЛӨРЧ БАЙГАА ВЭ? ОЙРЫН ТӨЛӨВЛӨГӨӨ?
"Мэнд" компани, "Мэнд" апп дээрээ л төвлөрч байна. Баг маань энэ долоо хоногт 35-уулаа болж өргөжлөө. Манай компани дотоод уур амьсгал, багийн гишүүдийнхээ нэгдмэл байдал, сайн сайхныг нэгдүгээрт авч үздэг. Уг баримтлалд нийцэж, үнэт зүйлтэй маань нэгдсэн хамт олондоо талархаад ханашгүй.
Одоо бид энэ сарын сүүлээр аппын шинэ хувилбараа хэрэглэгчдэд албан ёсоор танилцуулж, ирэх нэгдүгээр сард англи хэл дээрх хувилбараа гаргахаар, 2022 ондоо багтан Монголдоо болон Тайланд улсад салбар төвөө байгуулахаар төлөвлөн ажиллаж байна. Апп шинэчлэгдсэний дараа сар бүр шинэ зүйлсийг танилцуулж, хөтөлбөрөө баяжуулж явах болно.

11. ТА ӨӨРИЙГӨӨ ХЭРХЭН ХӨГЖҮҮЛЖ, СУРАЛЦДАГ ВЭ?
Хамтрагчдаасаа өдөр бүр суралцаж байна. "Чамаас нэг шад илүү мэддэг хүн бүр чиний багш" гэдэг үгэнд итгэдэг тул хүн бүрээс онцлох чадваруудыг нь олж харан, түүнээс нь суралцахыг хичээдэг. Бас одоогийн ажил маань намайг байнга урагш түлхэж, чиглэл бүрд хөгжүүлж байгаа болохоор их урамтай. Мэдээж сайн ном зохиол маш их тус болдог.
12. САНАЛ БОЛГОХ НОМ, ХӨГЖИМ, КИНО?
Өвөө маань тэтгэвэртээ гарсны дараахан хөдөө гарч, мал маллах болсон юм. Тэр үед сурагч байсан болохоор зуны амралтаа өвөөгийндөө өнгөрүүлдэг байв. Гэрт Э.Оюун, Д.Намдаг тэргүүтэй алтан үеийн зохиолчдын зохиол бүтээлээр баялаг номын сан байдаг байсан нь номд дурлах, хайрлах үүдэл шалтгаан болсон. Тиймдээ ч санал болгох ном гэхээр "хүүхдүүдийнхээ хэнд нь илүү хайртай вэ?" гэдэг шиг л хүнд сонголт шиг сонсогдож байна (инээв). Юуны өмнө хүн бүрийг Ф.М.Достоевскийн "Карамазовын хөвгүүд"-ийг заавал нэг уншаад үзээсэй гэж хүсдэг. "Орчин үеийн Хятадын яруу найраг" тэргүүтэй яруу найргийн номууд ер нь ширээний ном маань юм даа. Сүүлд уншсанаас гэвэл Мө.Батбаярын "Тэнгэрт ойрхон дуулж яваа хүн" хүүрнэл зохиолыг тун ч шимтэн уншиж дууслаа. Ер нь шинэ гарсан, агуулга сайтай, алдаршиж буй номуудыг гадаад, дотоод гэлтгүй аль болох бүгдийг нь сонирхож үздэг.
Хөгжмийн тал дээр рок, алтернатив, инди, фолк, жазз, сонгодог болон бусад гээд төрөл чиглэлд баригдалгүй сонсоно. Түүний дотор "The Black keys", "Kings of Leon", "The National", Эва Кассэди, Жонни Хартмэн, Жорж Фредрик, Хандэл, Моника Мак, Аркэйд Фаэр, Магнолиан, Рэйлэнд Бакстэр, Жорж Эзра зэрэг олон уран бүтээлчийг сонсдог юм байна. Түүний дотроос Монголын маань жазз дуучин Энжигийн Хором, Uudee's Swashbuckling Dandies-ийн Yo Face дуунуудыг санал болгоё.
Кино гэвэл "Toni Erdmann", "At Eternity's Gate", "Things to Come" зэрэг кинонуудад дуртай, "Улаанбаатар" кино фестивалийн үнэнч үзэгч. Ясужиро Озу, Жиа Зжангө, И Чан Дун, Асгар Фархади, Ёргос Лантимос зэрэг найруулагчдын шүтэн бишрэгч.
13. АВЧ БАЙСАН ХАМГИЙН САЙН ЗӨВЛӨГӨӨ?
Ээж минь надад эрүүл л байхад бүх зүйл болно гэж хэлдэг. Ямар ч том зорилготой байгаад өвдчих л юм бол тэр бүгд чинь тоос адил замхрах учраас алдын чинээ бие, алгын чинээ нүүрнээсээ юм битгий харамлаарай гэж захидаг. Бодох бүр амьдралын алтан дүрэм шиг санагддаг.
14. БУСДАД ШИДЭХ САНАА?
Сүүлийн үед өөрийн итгэж үнэмшсэн зүйлээ бодит болгохын төлөө шаргуу хөдөлмөрлөх, үүнээс үүдээд ажил амьдралын тэнцвэрээ хэрхэн хадгалах тухай илүү бодож, анзаарах болоод байна. Амины ч бай, албаны ч бай өдөр тутмын бүх л харилцаагаа зохистой түвшинд нь байлгахыг зорьж эхэлснээр өөрийн эрхгүй эрүүл хоол, сайн нойр, хором бүрд гаргадаг жижиг шийдвэрүүддээ ач холбогдол өгч, анхаарч эхэлдэг юм билээ. Ер нь амьдрал гэдэг богино зайн уралдаан бус хол зайн марафон болохоор аливаад тэнцвэрийг нь олж түүнийгээ хадгалах их чухал гэж боддог.


Сэтгэгдэл бичих (7)


G GiGi 2021.10.14 66.181.180.141
Урам зориг, санаа сэдэл авахаар сайхан ярилцлага болжээ, Залуу хүн гэхэд олон зүйлийг амжуулж яваа мундаг бүсгүй байнаа. Амжилт
B Baaska 2021.10.13 160.237.109.71
Goe egch shuu hiij bui ajild ni amjilt husie ???????????????????? Kino, nom, duu geed goe zuils sanal bolgosnd bayrlalaa
И Иргэн 2021.10.13 122.201.26.172
Багт нь том амжилт хүсье. Уншаад эрч хүч, сайхан мотивац авлаа. Одоо ч нэг үеэ бодвол боломж, нөхцөл нь сайхан болжээ.
A Anonymous 2021.10.13 202.131.228.114
Чанцалдуламдаа цаашдийн ажил үйлс нь өндөрөөс өндөр байхыг хүсэн ерөөе! Үзэсгэлэнтэй сайхан бүсгүй шүү, дайчин чанараа алдалгүй үргэлжид өөдөө тэмүүлж яваарай бас бие ээ сайн бодоорой!
O Otgoo 2021.10.13 202.126.88.231
Chantsaadaa amjilt husie. Saihan yariltslaga boljee. Nom unshih hobby-goo hugjuulj iim tom ajluudiig sedej zorij yvaag ni medeh baharhuushtai baina
. .. 2021.10.13 109.117.53.76
Neg l syrhii start up ene ter yg hereglesen... gevch hyn byriin shahuu hiideg jijig business l bn...Manaihnii app hugjuullee geed baigaa n Ali hediin gadaadad zah zeel deer garsan zyilsiig l copy past hiideg...
C COOL 2021.10.13 202.9.40.178
Ямар мундаг бас хөөрхөн охин бэ? Ганц бие гэж найдая ккк. Олон улсын зах зээлд олон Монгол компани энэ мэт өрсөлдөөсэй. Мэнд -ийн багт амжилт хүсэе.