Алтан намар нэгэнтээ айлчилж, ажил хичээлдээ яаран бужигнадаг цаг иржээ. Энэ сарын сүүлээр тохиох ээлжит Номын баяраар хэвлэн нийтлэгч, зохиолч, орчуулагчид удтал зүлгэсэн бүтээлээ уншигчдад барихаар зэхээд завгүй байгаа сурагтай. Юутай ч удахгүй буух номын хураас урьтаж, уламжлал ёсоор Бямба гариг бүрийн Номын тухай булангаараа зуны сүүлийг мушгин хэвлэгдсэн онцлох бүтээлүүдийг танилцуулъя.  

Холбоотой нийтлэлүүд:

2026/07: Долоодугаар сард шинээр хэвлэгдсэн онцлох номууд

2026/6: Зургаадугаар сард шинээр хэвлэгдсэн онцлох номууд

39 дэх удаагийн Номын баяраас онцлох 39 бүтээл

2026/4: Дөрөвдүгээр сард шинээр хэвлэгдсэн онцлох номууд

Чи надтай адил номын дэлгүүрт тухалдаг цорын ганц хүн минь

Цагаачлал, хайр хагацал, гэр бүлийн харилцаа, араар тавилт, хүчирхийлэл гэх мэтийн хүнд сэдвүүдийг хөндөх ч уншигчийг түгшээж зовоохгүй хошин өнгө аяс бүхий хар ярианы, энгийн хэл найруулгаар бичигдсэнээрээ онцлог.

“Цэвэрхэн Саруулхан Хэвлэлийн Газар”

Жүно Диаз бол “Boston Review” сэтгүүлийн редактор, Массачусетсийн Технологийн Их Сургуулийн туурвил зүйн профессор. 1995 оноос “The New Yorker” сэтгүүлд өгүүлэл, бичвэрүүдээ нийтлүүлсэн тэрээр 2008 онд “The Brief Wondrous Life of Oscar Wao” бүтээлээрээ Пулитцерийн шагнал хүртсэн билээ. Тэгвэл гэр бүлээрээ Доминиканаас АНУ руу цагаачилж, хар бор ажлаар ахуй амьдралаа залгуулан мэрийж эхэлсэн зохиолчийн альтер эго дүр болох Юүниорийн түүхийг хоорондоо уялдаа холбоотой 11 өгүүллэгийнх нь хамт эмхэтгэсэн түүврийг “Цэвэрхэн Саруулхан Хэвлэлийн Газар”-аас эрхлэн гаргажээ. Өгүүллэгүүд хэвлэгдсэн он цагийн дагуу дараалсан бөгөөд уншигч номоо хаанаас нь ч эхлүүлэх боломжтой. Сонирхуулахад, хавтас болоод чимэглэлд зураглаач, зурагчин С.Дөлгөөний 35 миллиметрийн хальсан гэрэл зургуудыг ашигласан байна.

Хэвлэлийн газар: “Цэвэрхэн Саруулхан Хэвлэлийн Газар”
Зохиолч: Жүно Диаз
Үнэ: 55,000₮
Нүүр: 206

Анхны ном маань эшлэл бүхий гарчиг, хаа ч байхгүй эмхэтгэлийн жор, Монгол уран бүтээлчийн чимэг гэрэл зураг гэх мэтийн, өөриймсөг, бүтээлч ажилбар бүрээрээ уншигчийг хором ч уйдаахгүй гэдэгт бат итгэлтэй байна.

“Цэвэрхэн Саруулхан Хэвлэлийн Газар”

ГРУФФАЛО зурагт номын үргэлжлэл ГРУФФАЛОГИЙН ЗУЛЗАГА

Английн хатан хааны нэрэмжит “Хүүхдийн уран зохиол”-ын шагналт Жулиа Доналдсон, Германы алдарт хүүхдийн номын зураач Аксел Шеффлер нар тэртээх 1993 онд “A Squash and a Squeeze” гэх ном дээр анх хамтарч, хожим нь "Мөчрөн хүн", "Груффало", "Таван царай муут" зэрэг олон зурагт номыг эрхлэн гаргасан нь одоо ч бяцхан уншигчдыг байлдан дагуулсаар. Анхны хамтралаасаа ердөө зургаан жилийн дараа бүтээсэн Груффалогийн ертөнц бол тэдний хамгийн алдартай бүтээл ба тэд үүгээрээ Smarties Prize гэх салбартаа нэр хүндтэй шагналыг хүртсэн байна. Сонирхуулахад, 2009 оны зул сараар дэлгэцийн бүтээл болсон Груфалло зохиол 2019 онд Берлиний театрын тайзнаа дуурийн эгшгээр дахин амилсан гэнэ. Тэгвэл Жангар редакцаас эл цувралын үргэлжлэл болох “Груффалогийн зулзага” номыг танилцуулжээ.

Хэвлэлийн газар: Жангар

Зохиолч: Жулиа Доналдсон

Зураач: Аксел Шеффлер

Үнэ: 16,900₮

Нүүр: 32


Бөглүү ойн бүрэнхий гүнд барагтай бол Груффало бид багтаж орохын хэрэггүй гэж бүдүүн бор Груффало сургажээ. Гэвч нэгэн шуургатай жихүүн шөнө груффалогийн зулзага аавынхаа захиасыг үл тоон сэмхэн гэтээд гараад явчхав. Гэтэл өнөөх аймшигт аварга оготно гээч нь байдаггүй юм шив... эсвэл үгүй юм болов уу?

Номын танилцуулгаас

Frame x MUBI Notebook

Монголын анхны кино сэтгүүл “Frame” энэ оны хоёрдугаар сард дебютээ хийсэн бөгөөд Монголын болон олон улсын уран бүтээлчдийн ярилцлага, кино шүүмж, эсээ, шинжлэл, намтар дурсамж гээд олон бичвэрийг багтаасан гэнэ. Дэлгэцийн урлагийн соёлыг бүтээлчээр өгүүлэх энэхүү сэтгүүл жилд хоёр удаа хэвлэгдэх ба өнгөрсөн сард ээлжит дугаар уншигчдын гарт хүрч эхэлжээ. Шинэ дугаартаа тэд дэлхийн шилмэл арт, инди кинонуудыг төвлөрүүлдэг MUBI стрийминг платформ ба тэдний мөн сэдвээр эрхлэн гаргадаг “NOTEBOOK” сэтгүүлтэй хамтарсан байна. Сонирхуулахад, тус сэтгүүлийн арав дахь дугаар (ISSUE #09) энэ сард хэвлэгдэх гэнэ.

Хэвлэлийн газар: Frame Creative Team ©
Үнэ: 68,000₮
Нүүр: 153

Сувдан наутилус

Өнгөрсөн сард бидний “Номын тухай” буландаа онцолсон нэгэн сонирхол татам бүтээл бол “Сувдан наутилус”. Энэхүү романд нийгмийн анги давхарга бүрийг төлөөлөх зургаан дүр хувь хувьдаа элдэв зовлон бэрхшээлтэй яаж нүүр тулж байгаа нь өнгөрсөн, одоо, ирээдүй гэх гурван цагт өрнөх гэнэ. Амьдралыг өгүүлэх адилгүй дуу хоолойг цаг хугацааны заагуудаар сүлбэн бичсэн эл зохиолыг Eden Snowdrop гэх нэгэн нууцлаг нэрээр олны хүртээл болгожээ.

Дэлгэрүүлж унших: Eden Snowdrop-ийн “Сувдан Наутилус” номын тухай

Эрхлэн гаргасан: Eden Snowdrop
Үнэ: 45,000₮
Нүүр: 362

Технологийн хэт хөгжил эргээд хүн төрөлхтний өмнө дайсан болон хувирч, шударга бус байдал, эрх мэдэл хэмжээ хязгааргүй үргэлжилсээр байвал хүний мөс чанар үгүй болж, хүчтэй нь хүч дорой нэгнээ дарангуйлж, хүн хүндээ харгис туршилт хийж эхэлнэ. Зарим нь төгс нийгмийг бүтээх гэдэг нэрийн дор хувь хүний эрх чөлөөнд халдана. Эцэст нь энэ бүхний цаана хийсэн үйлдлийн үр дагавар байсаар байдаг хэмээх агуулгаар зохиол үргэлжилнэ.

Номын тухай нийтлэлийн хэсгээс

ГЕОШИНЖЛЭХ УХААН ДАХЬ ӨГӨГДЛИЙН ШИНЖЭХ УХААНЫ ХЭРЭГЛЭЭ

Кэмбрижийн их сургуулиас эрхлэн гаргасан энэхүү бүтээл жинхэнэ амьдрал дээрх байгалийн гамшиг, уур амьсгалын өөрчлөлт, орчны бохирдлын жишээгээр дамжуулж эх дэлхийг судлахдаа статистик, өгөгдлийн шинжлэх ухааныг хэрхэн ашиглаж болохыг зааж өгнө. Геошинжлэх ухааны өгөгдлийг тайлан унших, асуудлыг шийдэх арга ухааныг ахисан түвшний кодчилол, математикийн оролцоогүйгээр тайлбарласан уг номд мэдлэгээ бататгах дасгал, даалгавар ч багтсаныг онцлууштай. Ташрамд дурдахад, эл бүтээл өнгөрсөн онд Америкийн Хэвлэн Нийтлэгчдийн Холбооны PROSE шагналын Физикийн шинжлэх ухаан, математикийн төрөлд ялалт байгуулж байжээ.

Хэвлэлийн газар: Нэпко
Зохиолч: Доктор Лижин Ван, доктор Дэвид Жэнь Инь, профессор Жеф Каэрс
Үнэ: 60,000
Нүүр: 287

Цааны уралдаан

Дөрөвдүгээр сард манай редакцын онцолсон "Шаргачин" өгүүллэгийн шинэ хэвлэлийг санаж байна уу? Тэгвэл Болор судар хэвлэлийн газраас монгол богино өгүүллэгүүдийг цуврал зурагт ном болгох “Өв өгүүллэг” төслийн амилуулсан ээлжит зохиол бол "Цааны уралдаан". “Сүх жанжны цэрэг”, “Хулангийн цавчаа”, “Худагт унасан луу”, “Зуун найман эрхи”, “Алаг мэлхий” зэрэг олон бүтээлээрээ танигдсан хүүхдийн зохиолч, сэтгүүлч Б.Бат-Эрдэнийн энэхүү өгүүллэгийн үйл явдал Монгол орны хоймор гэгддэг Хөвсгөлийн тайгад өрнөнө. Цаатан түмний өвөрмөц өв соёл болох цааны уралдаанаар аялуулангаа нөхөрлөлийн эрхэм чанар, тусч сайхан сэтгэлийн тухай өгүүлэх энэхүү бүтээл театрын зураач С.Энх-Одын дүрслэлээр бяцхан уншигчдын гарт хүрээд эхэлсэн байна.

Хэвлэлийн газар: Болор судар
Зохиолч: С.Бат-Эрдэнэ
Үнэ: 25,000₮
Нүүр: 50