Өнөөдрийн дугаарын зочин Б.Чинсанаа нь 10 гаруй жилийн өмнө кино ертөнцөд хөл тавьсан цагаасаа хойш шоу бизнес, энтертайнмент, контент маркетинг гэх мэт олон салбарт хүчин зүтгэж, өөрийн гэсэн өнгө төрхөөр гялалзаж яваа нэгэн. Хийж буй ажлуудаараа дамжуулан сонирхолтой, дэвшилтэт бүхнийг туршиж, үзэгч олонд хүргэхийг зорьдог бүтээлч салбарын төлөөлөл болсон түүний ажиллах арга барилтай танилцъя.
Байршил: Монгол улс, Улаанбаатар хот
Эрхэлдэг ажил: Контент найруулагч, фитнес модел, хөтлөгч, жүжигчин, сошиал нөлөөлөгч
Хэрэглэдэг утас: iPhonе 12 Pro
Хэрэглэдэг компьютер: Dell Latitude 5400 Business Laptop (Ажилд), HP Pavilion Gaming Laptop (Гэрт)
Сошиал хуудас: Chinsanaa Baterdene (Фэйсбүүк), chinsanaa (Инстаграм)
1. ТАНЫ КАРЬЕРААС БИД ЮУГ МЭДЭХ ЁСТОЙ ВЭ?
Хийж буй ажил, карьер, хөгжүүлсэн чадварууд гээд одоо надад байгаа олон зүйлс 2008 онд тоглосон "Шүрэн бугуйвч" кинотой холбогддог. Арван жилээ төгсдөг зун ээжийнхээ санал болгосноор анх удаа кино пробонд орж, түүгээр ч үл барам ямар нэг аз тохиолоор гол дүр дээр нь ажиллах завшаан олдсон уг кино тухайн үед 20 ч хүрээгүй байсан надад яг ямар нөөц боломж, сул тал байгааг бодитоор харуулж өгсөн юм. Эндээс л анх өөрийн ирээдүйд ажиллах салбар, давуу тал болох чадваруудаа тодорхойлж, контент маркетингийг түлхүү сонирхон, энэ чиглэлд өөрийгөө хөгжүүлж ирсэн.
Жүжиглэх чадвар базаахгүй ч энтертайнмент салбарт муугүй мэдрэмжтэй, дээр нь дур сонирхолтой гэдгээ нэгэнт мэдэж авсан болохоор СЭЗИС-д Маркетингийн менежмент чиглэлээр сурахын хажуугаар хөтлөх чадвараа ч давхар сайжруулахаар шийдсэн. Улмаар "МҮОНТВ"-д мэргэжлийн багштай болж, "SBN" телевизийн мэдээний албанаас ажлын гараагаа эхлүүлж байв. Оройн мэдээний төгсгөлд таван минут л гадаад мэдээ уншдаг байснаа бага багаар ахиулсаар, долоон жил ажиллах хугацаандаа мэдээний гол хөтлөгч хүртэл дэвшсэн байлаа. Сургуулиа төгссөнөөс хойшх өнгөрсөн 10 жилийн карьерын гол дүр гэвэл яах аргагүй "Юнител групп". Оюутан байхдаа нэгэн арга хэмжээг нь хөтөлснөөс хойш анхаарал татаж байсан компанидаа маркетингийн менежерээр ажилд орж, өдгөө "Юнител", "Юнивишн", "LookTV", "Токи" апп, "DDishTV" зэрэг брэнд үйлчилгээнүүдийн маркетингийн ахлах контент найруулагчаар ажиллаж байна.
Үндсэн ажлын хажуугаар гэвэл фитнес моделоор ажилладаг. Энэ спортоороо 10 жил орчим хичээллэж байгаа болохоор тэмцээн уралдааны үеэр тамирчны эрчимжүүлсэн бэлтгэлд орж, бусад үед бэлтгэл хангагчаар ажилладаг. Хөтлөгчийн хувьд "KinoTalk" төсөлд панелистаар ажиллаж, бусад төрөл бүрийн арга хэмжээнүүдэд оролцдог. Санал ирсэн үед зохиол нь таалагдсан кино контент, дэлгэцийн бүтээлүүдэд орох нь бий.
2. ТАНЫ АЖЛЫН ДУНДАЖ НЭГ ӨДӨР ХЭРХЭН ӨНГӨРДӨГ ВЭ?
Өглөөг 05:30 цагт эхлүүлээд, долоон цаг гэхэд бэлтгэл дээрээ ирдэг. Урьд нь бол ажилдаа явахын өмнө босоод, орой тарсны дараа бэлтгэлээ хийдэг буюу харьцангуй цаг завтай, чөлөөтэй хэв маягаар амьдардаг байсан ч, аав болсны дараа өөртөө цаг гаргахын тулд өдрийн хуваариа нарийн төлөвлөж, өглөөний цагийг үнэлэх болсон. Эхлээд энэ хуваарьт өөрийгөө дасгах тун хэцүү санагдаж байсан л даа. Гэхдээ тэвчээр гаргаад хоёр долоо хоног л сахилга баттай байхад хүний бие организм өдрийн хуваарьтайгаа өөрөө зохицдог юм билээ.
Бэлтгэлээ дуусгаад есөн цагт ажилдаа ирж, ажиллаж буй контентын төлөвлөлтөө урьдчилж хянасны дараа багийнхантайгаа брайнсторм хийж, санал солилцоод шаардлагатай ажлууддаа ордог. Зарим өдөр зөвхөн агуулга, төлөвлөлт дээр сууж, оффис дээрээ өнждөг бол зарим өдрүүдэд гадуур зураг авалт, арга хэмжээнд оролцох гэх мэтээр өдөр бүр өөрөөр өнгөрнө.
Тухайн өдрийн ажлаа дуусгасан л бол оройн цагийг бүтэн гэр бүлдээ зориулахыг хичээдэг. Орой есөн цаг гэхэд электрон төхөөрөмжүүдээ салгаад, 10 цагт орондоо ордог. Зарим хүмүүст энэ хуваарь хэт нарийвчилсан, сонин санагдаж болох ч бага насны хүүхэдтэй эцэг эхчүүд илүү сайн ойлгох байх.
3. ТАНЫ АЖЛЫН НӨҮ-ХАУ?
Бизнесийн контент хийх, нэвтрүүлэг, үйл ажиллагаа хөтлөх гээд үндсэн ажлууд маань захиалагч буюу бүтээгдэхүүн борлуулах гэж байгаа тал, түүнийг хүлээн авах хүмүүс, тухайн контентод оролцож буй уран бүтээлч гэсэн гурав ба түүнээс олон талын хэрэгцээ, хүсэл сонирхлыг нэг цэгт огтлолцуулах үндсэн үүрэгтэй. Олон хүний ашиг сонирхлыг шингээх, илэрхийлэх ажил хийдэг тул ямар ч үед аливаад тайван, хүлээцтэй хандахыг хичээдэг. Сэтгэл хөдлөлдөө автагдан буруу шийдвэр гаргах, хэн нэгэнд ташаа ойлголт төрүүлэх гэх мэт харилцааны олон эрсдэлээс тайван байснаар л сэргийлж чадна. Аз болж би тун олон хоббитой, сонирхож судалдаг зүйлс ихтэй. Энэ нь надад нэг ажлын стрессийг нөгөөд шилжүүлэлгүй, сөрөг мэдрэмжийг өөрөөсөө хурдан гадагшлуулах боломжийг олгодог.
Ажлын талбар дээр бол хамгийн чухал нь багийн ажиллагаа. Учир нь контент бүтээнэ гэдэг нэг хүний биш хамтын ажил байдаг. Нэгхэн минутын контентын ард л гэхэд санаа гаргахаас эхлээд эцсийн хэрэглэгчид хүргэх хүртэл ойролцоогоор 10-20 хүний 14-21 хоногийн хөдөлмөр ордог. Тиймээс багийнхандаа цаг гаргаж, асуудлыг нь сонсоход нэлээд анхаарна. Миний хувьд, багаа "Авенжерс"-тэй зүйрлэх дуртай. Бүгд чаддаг зүйлтэй, гэхдээ сул талтай. Тэр бүхнийг зөв зохион байгуулалтад оруулж, шаардлагатай газарт нь хэрэгтэй хүнийг нь тавьж чадвал юуг ч хийж чаддаг. Нэгэнт нэгдэж чадсан багт хурд, бүтээмж өөрөө л урсаад ирнэ.
4. АШИГЛАХГҮЙ БАЙЖ ЧАДДАГГҮЙ АПП, ХЭРЭГСЛҮҮД ЮУ ВЭ?
Цар тахал гарснаас хойш багаараа "Discord", "Zoom", "Microsoft Teams"-ийг сайн ашигласан. Имэйл харилцаандаа "Outlook" ашигладаг. Бүтээлч сэтгэлгээгээ хөгжүүлэх, маркетингийн салбарт гарч байгаа шинэ, сайн бүтээлүүдийн мэдээллийг Сanneslions, Аds of the World тэргүүтэй сайтуудаас тогтмол авах дуртай.
Бэлтгэлийн үеэр гэвэл "Xiaomi"-гийн ухаалаг бугуйвчаар дасгалын үр дүнгээ хянахад амар бөгөөд бугуйнд хөнгөн эвтэйхэн санагддаг. Мөн би утсаараа контент хийх дуртай. Тиймээс "Videoleap" аппыг таашаан хэрэглэдэг. Компьютер дээр байдаг бүх л тохиргоо энд байдаг тул хааяа нэг Youtube сувагтаа оруулдаг бичлэгүүдээ бүгдийг нь уг аппаар янзалж, эвлүүлдэг. Спортод их дуртай болохоор шууд дамжуулагдаж байгаа тоглолт, тэмцээнүүдийг байгаа газраасаа "LookTV"-ээр үзээд, "Yahoo Fantasy"-аар мэдээллээ авдаг.
5. ЦАГ ХЭМНЭХ ХАМГИЙН САЙН АРГА ТАНЬ ЮУ ВЭ?
Чанартай нойр авч, сайн амрах. Өдрийг хамгийн дээд бүтээмжээрээ ашиглан цаг хэмнэх тухай олон зөвлөгөө авч, тэр бүрийг тодорхой хэмжээнд туршиж үзэж байсан. Үр дүнд нь, миний хувьд хамгийн сайн цаг хэмнэх арга бол анхнаасаа л эрч хүчээ зөв удирдаж, алдсанаа нөхөж сурах явдал юм байна гэдгийг ойлгосон юм. Үүний гол арга нь ерөөс нойр. Үүнтэй холбоотойгоор сүүлийн хэдэн жилд, чанартай унтах, гүн нойрсох хугацаагаа уртасгахад ихэд анхаарч, өөртэйгөө ажилласан.
Миний хувьд, өглөө бэлтгэлээ чанартай хийж, өдөр ажил дээрээ тархиа сайтар ажиллуулах байдлаар бие, оюуны ачааллыг тэнцүүлж, орой гэхэд автоматаар амрах горимд орохуйцаар өөрийгөө ачаалуулж ядраадаг. Мөн орой унтах цаг болсныг биедээ мэдрүүлэхийн тулд эхнэрийнхээ зөвлөгөөгөөр турмериктэй цай ууж дадсан. Орой есөн цагийн үед цайгаа уугаад, цаг орчмын дараа унтана гэдгийг биедээ програмчилсан гэх үү дээ. Гэхдээ энэ бүхний үр дүнг нь үзэхийн тулд тууштай, сахилга баттай байх хэрэгтэйг онцгойлон хэлэх нь зүйтэй байх. Анх ухаалаг цаг хэрэглэж эхэлж байхад өдөрт долоон цаг унтахдаа 40 минутад нь л гүн нойрсдог байсан бол одоо энэ нь 2-3 цаг болж уртассан. Өдрийн эрч хүч, бүтээмжээр үр дүн нь илт мэдрэгддэг.
6. ХИЙХ АЖЛАА ХЭРХЭН ТӨЛӨВЛӨДӨГ ВЭ?
Ажлуудаа эхлээд толгойдоо зураглаад тэмдэглэлдээ буулгана. Дараа нь санаагаа багийнхантайгаа ярилцаж сторибоард буюу зураглал гаргадаг. Жижиг ажил бүрээр сайтар ярилцаж тохиролцсоны дараа л гүйцэтгэлийг ажлууддаа орно. Миний ажлын төлөвлөлтийн хамгийн чухал хэсэг нь мэргэжилтэн бүрийг юу хийх, ямар үр дүнд хүрэх зэргийг нь ойлгуулж, ямар ч ойлголтын зөрүүгүйгээр ажилд нь оруулах явдал.
Мөн би хувийн сахилга бат, төлөвлөлт, цаг барихад өндөр ач холбогдол өгдөг. Тиймдээ ч түгжрэлээс эхлээд ажилд хүндрэл учруулж болзошгүй бүх л зүйлсийг тооцож, бусдын цагийг хүндэлж, яг цагтаа, хэлсэн амандаа байхыг эрмэлзсээр ирсэн. Үүний тулд цагийг үнэлж, байгаа газартаа байсан шиг байхыг хичээдэг юм. Өөрөөр хэлбэл, ажлын цагтаа яг л ажлаа хийж, бэлтгэлийн үеэр утсаа оролдолгүй дасгалдаа төвлөрч, хоол идэж байхдаа өөр зүйл оролддоггүй гэх мэтээр.
7. ЭРЧ ХҮЧЭЭ ХЭРХЭН СЭЛБЭДЭГ ВЭ?
Хүний амьдралд аз жаргалын гормон хамгийн ихээр ялгаруулдаг хоёр л зүйл байдаг гэлцдэг. Нэгдүгээрт, гэр бүл, хайртай хүн. Хоёрдугаарт, хийх дуртай ажил мэргэжил. Надад хоёулаа байгаа болохоор эрч хүчээр нэг их дутагдаад байдаггүй. Ер нь гэр бүлтэй болохоос өмнө нь ч тэр, дурлаж хийдэг олон зүйлтэй байсан болохоор эрч хүчээ сэлбэх тал дээр хэзээнээсээ л нэг их асуудалтай байж үзээгүй юм байна.
Гэр бүлээрээ сайхан байгальтай газар аялах зугаалах, сайн компьютероор чанартай дүрслэлтэй тоглоом тоглох, төрөл бүрийн спортоор хичээллэх, кино үзэх гээд сайхан мэдрэмж өгөх зүйлс ихэднэ үү гэхээс цөөддөггүй.
8. ҮНДСЭН АЖЛЫНХАА ХАЖУУГААР ДУРЛАЖ ХИЙДЭГ ТӨСӨЛ/АЖИЛ ЮУ ВЭ?
Одоогоор "KinoTalk" төсөл маань түр хугацаанд зогсонги байдалтай байгаа. Тиймээс кино сонирхогчдодоо зориулан цоо шинэ "Marvel Talk" кино контентын төсөл дээрээ ажиллаж байна. Тун удахгүй үзэгчдэд хүрээд эхлэх болов уу. Мөн фитнес тэмцээнүүд зарлагдвал эрчимтэй бэлтгэлд шилжиж, тайзан дээр эргэн гарах нууцхан хүсэл байна. Одоогоор багш маань дэлхийн аваргад бэлдэж байгаа тул багшийнхаа бэлтгэл хангагчаар ажиллаж байгаа.
9. ХИЙЖ БУЙ АЖЛЫН ОНЦЛОГ ЮУ ВЭ? ЭЕРЭГ САЙН БА ХЭЦҮҮ БЭРХШЭЭЛТЭЙ ТАЛУУД?
Хувь хүн маань бүтээлч, энтертайнмент салбарт дуртай болохоор одоогийн хийж байгаа ажилдаа сэтгэл хангалуун байдаг. Тэр дундаас нийгэмд чиглэсэн томоохон төсөл хөтөлбөр, урамшуулалт хөтөлбөр зарлахдаа тун дуртай. "Юнител Групп"-д ороод дааж авсан анхны том ажлуудын нэг нь "5 байр" урамшуулалт хөтөлбөр байсан юм. Гар утсаа цэнэглээд л байр хожих боломж бүхий уг хөтөлбөрийг бид дөрвөн жил орчим зохион байгуулж, нийт 50 гаруй өрхөд шинэ байр бэлэглэж байсан. Мэдээж угаас байртай хүмүүс азтан болох тохиолдол байсан ч ихэнх нь байргүй хүмүүс байсан болохоор тэдний баяр дүүрэн сэтгэлээр мэндчилж, инээмсэглэж байсан мэдрэмж ямар ч үед бодоход их сайхан санагддаг. Өөрөөр хэлбэл, хэчнээн бизнесийн байгууллага ч гэлээ нийгэмдээ чиглэсэн энэ мэт хөтөлбөр хэрэгжүүлж, нийгмийн хариуцлагаа биелүүлэх нь бахархалтай сайхан байдаг.
Бэрхшээлтэй талуудаас дурдвал мэдээж нэлээд бий. Жишээ дурдвал, бизнесийн зорилгоор хийгдэж буй контентын агуулга урьж оролцуулж буй уран бүтээлчийн үзэл бодол, дүр төрхтэй нийцэхгүй байх, хэт хүйтэн юм уу хэт халуун орчинд буюу өөрсдөөс шалтгаалахгүй хүнд нөхцөлд зураг авалт хийх, зарим тохиолдолд хойшлох, цуцлагдах гэх мэт. Захиалгат ажил хийж буй тохиолдолд маркетингийн ажлаа сайн хийж, борлуулалтыг нь нэмэгдүүлж чадсан ч үндсэн бүтээгдэхүүний чанар маркетингийн хүлээлтэд хүрэхгүй байх гэхчлэн асуудал бэрхшээл ажлын явцад тохиолддог.
10. ТА ОДОО ЮУН ДЭЭР ТӨВЛӨРЧ БАЙГАА ВЭ? ОЙРЫН ТӨЛӨВЛӨГӨӨ?
Цар тахлын энэ үед хэрэглэгчдэдээ хэрхэн дижиталаар хүрч ажиллах, илүү үр өгөөжтэй байдлаар мэдээлэл мессэжээ өгөх вэ гэдэг дээр төвлөрөн, өнгөрсөн хугацааны кампанит ажлуудын анализ дүгнэлтийг гаргаж байна.
Мөн дараа төлбөрт үйлчилгээний намрын шинэ урамшуулал зарлагдаад удаагүй байна. Ер нь хүн өөрөө хэрэглэдэг зүйлийнхээ талаар бусдад тайлбарлах, мэдээлэл өгөхөд илүү дөхөм байдаг. Би өөрөө дараа төлбөрт дугаарын хэрэглэгч болоод 10 жил болж байна. Жил ирэх тусам л мобайл үйлчилгээ илүү хэрэглэгчийнхээ ялгаатай хэв маягт тохирсон олон төрлийн багцтай, нэмэлт эрхүүдтэй болж байна. Дата багц гэхэд л тоглоомонд дуртай юу, мэдээ унших дуртай юу гэдгээс хамаараад олон сонголттой байх жишээний. Олон сонголт гараад ирсэн гэсэн үг. Тийм болохоор бид энэ удаад бизнес эрхлэгч, ажил хэрэгч залууст зориулаад хүн өөрийнхөө хэрэглээг зөв тодорхойлж, тэрэндээ нийцсэн сонголт хийх чухал гэсэн агуулгыг барин маркетингийн мэдээлэл хүргэх ажилд төвлөрөөд байна.
11. ТА ӨӨРИЙГӨӨ ХЭРХЭН ХӨГЖҮҮЛЖ, СУРАЛЦДАГ ВЭ?
Үргэлж өөрийгөө дараагийн түвшинд бэлдэж, шинэ зүйлд сорих дуртай. Бэлтгэлийг үргэлж өөрөөсөө илүү хүнтэй хийж, ажлын талбарт сурах зүйл ихтэй, нягт удирдах ажилтны дор ажиллахыг эрмэлздэг. Багийнхнаасаа бизнесийн олон талт харилцаанд өдөр бүр суралцана. Хүн өөрөөсөө доор, эсвэл ижил түвшинд байдаг хүмүүсийн дунд байгаад л байвал нэг л түвшиндээ гацдаг.
Мөн бүтээлч салбарт илүү бүтээмжтэй ажиллаж, бусдад хүлээн зөвшөөрөгдсөн мэргэжилтэн болохын тулд бүтээлч байдлаа нэмэгдүүлэх дасгал байнга хийдэг. Энэ бол үзээгүй зүйлээ үзэж, хийгээгүй зүйлээ хийж, мэдрээгүй зүйлээ мэдрэх явдал. Бүтээлч чадвар бол булчин шиг хөгжиж болдог зүйл. Тиймээс мэдрэмжээ үргэлж шинэ соргог байлгаж, өдөр тутам явдаггүй замаараа явж, мэддэггүй хүнтэйгээ уулзаж танилцахад цааргалалгүй цаг гаргадаг даа.
12. САНАЛ БОЛГОХ НОМ, ХӨГЖИМ, КИНО?
Киноны тал дээр аливааг илүү өөр өнцгөөс харсан, сонирхолтой шийдэлтэй кино л байвал төрөл жанр харгалзахгүй үзэх дуртай. Энэ удаа "Black Mirror"-ыг санал болгомоор байна. Киноны хийц, зохиол, шийдлүүд нь үнэхээр үзүүштэй байж чаддаг.
Харин дууны хувьд би яг дуу гэхээс илүүтэй киноны хөгжмүүдээс сонгож сонсдог. Бэлтгэл хийж байхдаа "Спартак", "300", "Wonder Woman", хөдөө явж байхдаа "Бөгжний эзэн", "Армагедон" киноны хөгжмүүд болон Ханс Зиммерийн бүтээлүүдээс сонгон сонсдог.
13. АВЧ БАЙСАН ХАМГИЙН САЙН ЗӨВЛӨГӨӨ?
"Юнител Групп"-ийн Маркетинг хариуцсан захирал асан Р.Болд бидэнд хандаж "Өглөө ажилдаа яарч ирээд, орой гэртээ яарч харьж бай" гэж хэлж байсан үгийн утга жил ирэх бүр улам илүү ойлгогддог болж байна. Нээрээ л өглөөдөө ажилдаа яарч ирдэг хүсэл тэмүүлэлтэй, орой яарч харьдаг хайртай гэр бүлтэй байна гэдэг чинь амьдралын жинхэнэ амт юм байна.
14. БУСДАД ШИДЭХ САНАА?
Би сонголтод маш их ач холбогдол өгдөг. Их, бага ямар ч сонголт хийхийн өмнө юун түрүүнд өөрийн хэмжээнд багагүй судалгаа хийж байж шийдвэрээ гаргадаг зантай. Ерөөс судалгаа сайтай, хариуцлагатай хийсэн сонголт тухайн хүндээ урт хугацааны өгөөж өгч чаддаг. Хаана юунд цагаа зарцуулахаа ойлгож, сонголтоо хийсэн бол түүндээ тууштай байж, зогсолтгүй хөдөлмөрлөх хэрэгтэй. Энэ л миний дуртай ажил болон дуртай спортдоо олон жил тууштай хүчин зүтгэж буйн гол шалтгаан, үнэ цэн гэж боддог. Үүнийхээ үр дүнг ч харамгүй хүртсээр байна.