Өнөөдрийн дугаартаа бид бүтээлч үйлдвэрлэлийн салбарт өөрсдийн өнгө төрхөөр ялгарч, эерэг контентийг түгээж буй "Монгол контент" компанийн гүйцэтгэх захирал Э.Чинзоригийг урилаа. Тэрээр хэвлэл мэдээлэл, маркетинг, олон нийттэй харилцах чиглэлээр төр, олон улс, болон хувийн хэвшлийн томоохон байгууллагад ажилласан туршлагатай бөгөөд "Мобиком корпораци"-ийн маркетинг, олон нийттэй харилцах албаны менежерээс захирал хүртэл дэвшин ажиллаж, нийгмийн хариуцлагын олон төсөл, кампанит ажлыг удирдан ажиллажээ. Хэвлэл мэдээлэл, зар сурталчилгаа, дуу хөгжим, анимэйшн, комик зэрэг контент үйлдвэрлэлийн чиглэлээр салбартаа томоохон байр суурь эзэлдэг "Монгол контент" компанийг удирдаж буй түүний арга барил, үзэл баримтлалтай танилцана уу.
Байршил: Монгол, Улаанбаатар
Эрхэлдэг ажил: "Монгол контент" ХХК-ийн гүйцэтгэх захирал
Хэрэглэдэг утас: iPhone SE
Хэрэглэдэг компютер: MacBook Pro
Сошиал хуудас: Chinzorig Enkhtsetseg (Linkedin), Chinzo Chinzo (Facebook)
1. ТАНЫ КАРЬЕРААС БИД ЮУГ МЭДЭХ ЁСТОЙ ВЭ?
Би 10 жилд байхдаа орос, англи хэл дээр аяллын хөтөч хийж, хэл сурах сонирхолдоо хөтлөгдөн энд тэнд дадлага хийдэг байлаа. Оюутан болоод долоо хоногт гурван удаа МҮОНТ-ийн "ММ" агентлагийн "ММ today" нэвтрүүлэгт хөтлөгч хийж байсан юм. Гурван жилийн турш мэдээний орчуулагч, редактораар ажиллаж билээ.
Дараа нь, МУИС-ийг олон улсын харилцааны чиглэлээр төгсөөд Япон улсын Элчин сайдын яаманд хоёр жил ажилласан. Цаашлаад маркетинг, олон нийттэй харилцах чиглэлээр Азийн сан болон Монголын уул уурхайн үндэсний ассоциац, "Саусгоби сэндс", "Оюу толгой" компани зэрэг байгууллагад ажиллаж, олон төсөлд гар бие оролцож, удирдсан туршлагатай.
2014 онд "Мобиком корпораци"-д орж, Маркетинг, олон нийттэй харилцах албаны менежерээс захирал хүртэл дэвшин ажилласан. Энэ хугацаанд корпорацын нийгмийн хариуцлагын олон төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлж, маркетинг, сурталчилгааны идэвхжүүлэлтийн ажлыг удирдан зохион байгуулсан даа. Ингээд өнгөрсөн дөрөвдүгээр сараас “Mонгол контент” компанийн гүйцэтгэх захирлаар томилогдон ажиллаж байна.
Бид нийгэмд эерэг, зөв контент түгээх, хүүхэд залуусыг соён гэгээрүүлэх зорилгоор 2005 оноос хэвлэл мэдээлэл, зар сурталчилгаа, дуу хөгжим, анимэйшн, комик зэрэг, технологид суурилсан контент үйлдвэрлэлийг хөгжүүлж байгаа хамт олон. Мөн 2015 оноос программ хангамжийн үйлчилгээг гадаад, дотоодын томоохон байгууллагуудад үзүүлж буйг дурдах нь зүйтэй.
2. ТАНЫ АЖЛЫН ДУНДАЖ НЭГ ӨДӨР ХЭРХЭН ӨНГӨРДӨГ ВЭ?
Би өглөөд эрт босох дуртай. Зургаан цагийн үед босоод фитнесстээ явж, тухайн өдөр хийх ажлуудаа бодож төлөвлөнө. Есөн цаг гэхэд ажил дээрээ ирээд шаардлагатай хурал, уулзалтуудаа хийж, үдээс хойшдоо ажлын үйл явцыг хянах, засаж сайжруулах тал дээр төвлөрч суудаг.
3. ТАНЫ АЖЛЫН НӨҮ-ХАУ?
Юун түрүүнд хийх ажлаа сайтар судлах. Олон сайхан санаа төрж болох ч бодитоор хэрэгжих боломжтой эсэхийг судлах нь хамгаас чухал. “Agile” арга барил буюу бүхнийг нарийн төлөвлөх бус хийх явцдаа сайжруулж, хурдтай ажиллахыг илүүд үздэг. Нэг зүйлээ удаан нухаж суух биш, аль болох хурдтайгаар шинэлэг зүйлсийг туршиж, өөрчлөлт хийхийг зорьдог.
4. АШИГЛАХГҮЙ БАЙЖ ЧАДДАГГҮЙ АПП, ХЭРЭГСЛҮҮД ЮУ ВЭ?
Ажлын орчинд Microsoft Outlook, Teams түлхүү ашиглана. Хэвлэл мэдээллийн салбарт ажиллаж буйн хувьд цаг үеийн мэдээлэл авах зорилгоор олон нийтийн сүлжээнд ордог. Бас хөлбөмбөг сонирхдог болохоор OneFootball, BBC sport аппаас спортын мэдээллээ авна. Банкны төлбөр тооцоог Monpay аппаар хийж, чанартай, сайн контентийг Voo-гээс үзэж сонирхдог.
5. ЦАГ ХЭМНЭХ ХАМГИЙН САЙН АРГА ТАНЬ ЮУ ВЭ?
Хийж буй бүхнээ эрэмбэ дараалалд оруулах. Юунд илүү хичээл зүтгэл, цаг зав гаргахаа бодож, хамгийн чухал, яаралтайгаас нь барьж авах нь зүйтэй. Хэрэггүй зүйлсэд сатаараад байвал чухал ажилдаа бие сэтгэлээ бүрэн төвлөрүүлж чадахгүй.
6. ХИЙХ АЖЛАА ХЭРХЭН ТӨЛӨВЛӨДӨГ ВЭ?
Компанийн өсөлт хөгжлийг түр зуурын байлгахгүйн тулд хийх ажлуудаа системчилж, үйл явц, залгамж халааг үргэлжлүүлэх хөрс сууриа сайтар бэлдэхийг чухалчилдаг. Тэгж байж өсөлт хөгжил тогтвортой байна.
Хувийн төлөвлөлтийн хувьд ч тогтвортой, тэнцвэртэй байдлыг илүүд үздэг. Ажил, амьдралын зааг гаргаж, ажилтнууддаа орой үдэш болтол ажиллахгүй байхыг зөвлөдөг. Ажил тарсан л бол гэр бүлдээ эсвэл өөртөө цаг зарцуулж, маргаашийн ажилдаа түүртэхгүйн тулд сайтар амарч, эрч хүчээ сэлбэх нь зүйтэй.
7. ЭРЧ ХҮЧЭЭ ХЭРХЭН СЭЛБЭДЭГ ВЭ?
Өмнө нь, зав л гарвал хөл бөмбөг тоглодог байлаа. Одоо бол цаг заваа бодоод фитнессээр түлхүү хичээллэдэг болсон. Дасгал хийвэл биеийн чилээ гарч, тайван, эрч хүчтэй болдог учраас өглөө бүр идэвхтэй хийдэг дээ.
8. ҮНДСЭН АЖЛЫНХАА ХАЖУУГААР ДУРЛАЖ ХИЙДЭГ ТӨСӨЛ/АЖИЛ ЮУ ВЭ?
Нийгмийн сайн сайхны төлөөх сайн дурын төсөл, хөтөлбөрийг дэмжиж, хувь нэмрээ оруулахыг хичээдэг. Одоогоор МҮХАҮТ-ын дэргэдэх Нийгмийн хариуцлагын зөвлөлийн гишүүнээр ажиллаж байна.
9. ХИЙЖ БУЙ АЖЛЫН ОНЦЛОГ ЮУ ВЭ? ЭЕРЭГ САЙН БА ХЭЦҮҮ БЭРХШЭЭЛТЭЙ ТАЛУУД?
Манайд контентийн зах зээл тийм ч том биш, боловсруулах үе шат хугацаа шаарддаг, зардал өндөр учраас тэр бүр амжилттай хэрэгжих нь цөөн. Тиймээс бид аль болох инновацлаг технологи ашиглан уян хатан ажиллаж, хөрвөх боломжийг эрэлхийлдэг.
Мэдээллийн технологи бол маш хурдтай хөгжиж буй ирээдүйтэй салбар гэдгийг мартаж болохгүй. Цар тахлын улмаас дэлхий нийт ирэх 10-15 жилийн хөгжлийг урагшлуулж, хурдацтайгаар цахим шилжилт хийгээд эхэлчихлээ гэж харж байгаа. Тиймээс бид цаашид дотооддоо өрсөлдөх биш, хамтарч өрсөлдөх зах зээлийг бий болгох нь зүйтэй болов уу. Бидний өмнө олон том боломж нээгдээд буй учраас дангаар биш хамт зүтгэвэл илүү хурдан хөгжинө.
10. ТА ОДОО ЮУН ДЭЭР ТӨВЛӨРЧ БАЙГАА ВЭ? ОЙРЫН ТӨЛӨВЛӨГӨӨ?
Цар тахлын улмаас дэлхий даяар дижитал шилжилтэд ихээхэн ач холбогдол өгч, бизнесүүд энэ чиглэлд анхааран, өдөр тутмын үйл ажиллагаандаа нэвтрүүлж байна. Энэ цаг үед технологид суурилсан бүтээгдэхүүн, үйлчилгээг түгээж буйн хувьд бид өөрсдөө манлайлж, бусдадаа дэмжлэг үзүүлэх зорилгоор программ хангамжийн шийдлүүдийг хөгжүүлж байна. Тухайлбал, бид Monpay, Candy pay зэрэг мобайл апп хөгжүүлсэн туршлагадаа үндэслэн 2016 оноос хойш Мьянмар улсын MPT үүрэн холбооны операторт зориулсан MPT Pay финтек аппыг хөгжүүлж байгаа. Мөн дотоодын томоохон аж ахуйн нэгжүүдийн төлбөр тооцоо, хүний нөөц, байгууллагын дотоод үйл ажиллагаанд зориулсан платформ, системийг хийж байгааг дурдах нь зүй.
Контент үйлдвэрлэлийн хувьд, хүүхэд, өсвөр үеийнхэнд зориулсан “Маамуу”, “Ногун”, “ Yolo” брэндийг хөгжүүлж, контент боловсруулах үйл явцыг дараагийн шатанд гаргахаар ажиллаж байна. Мөн энэ онд НҮБ-ын Хүүхдийн Сан (UNICEF), Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага (UNESCO), Хүн амын сан (UNFPA)-гийн дэмжлэгтэйгээр сурагчдын мэдлэгийг бататгах "Цахим аялал” интерактив хичээлийн 104 жишиг контент бэлтгэлээ.
Хэвлэл мэдээллийн салбарт хэдийн танигдсан Gogo.mn вэбсайтын хувьд орчин цагийн уншигчдад зориулан аливаа мэдээллийг хурдан шуурхай, амар хялбараар хүргэх шийдлийг эрэлхийлж, контент бүрээрээ дамжуулан нийгэмд эерэг өөрчлөлт авчрахаар ажиллаж байна.
Дуу хөгжмийн салбарт үүрэн телефоны дөрвөн операторт "Ring tone" үйлчилгээг үзүүлж буйгаас гадна БНХАУ-ын ӨМӨЗО-нд Egshig аппаар дамжуулан Монголын хамтлаг, дуучдын бүтээлийг түгээж байна.
11. ТА ӨӨРИЙГӨӨ ХЭРХЭН ХӨГЖҮҮЛЖ, СУРАЛЦДАГ ВЭ?
Ээж маань “Юу ч сурсан эрдэм болдог юм шүү” гэж хэлснийг шинэ зүйл сурах болгондоо санаж, аливааг сонирхож сониучирхаж явдаг. Мөн хувь хүний манлайлал, хандлагын талаар сонирхон судалж, ажилтнууддаа зааж зөвлөхийг эрмэлздэг. Үгэндээ эзэн болж, үлгэрлэн манлайлахыг хичээдэг учраас өөртөө амлалт өгч, байнга суралцаж явдаг даа.
12. САНАЛ БОЛГОХ НОМ, ХӨГЖИМ, КИНО?
Маркетингийн чиглэлээр суурь ойлголт өгөх Филипп Котлер, Кэвин Лэйн Кэллерийн “Marketing Management” номыг санал болгоё. Мөн “Courage to Be Disliked”, “Deep Work”, “As a Man Thinketh”-ыг онцолмоор байна. Түүхэн бүтээлийн хувьд А.Амарын “Монгол Улсын товч түүх” номыг уншвал зохилтой.
Хөгжмийн тухайд багаасаа рок хөгжимд дуртай байсан учраас "AC/DC", "Guns N’ Roses", "Nirvana", "Aerosmith" хамтлагийг сонсож ирсэн. Кино гэвэл түүхэн, шинжлэх ухааны төрлийн бүтээлд дуртай. Улстөрч Лев Троцкийгийн тухай “Троцкий” гэх тун сонирхолтой олон ангит кино үзсэн. Дэлхийн II дайн, Октябрийн хувьсгалын тухай илүү сайн ойлгож авах болов уу. Мөн лалын болон загалмайтны шашинтнуудын түүхэн тулаан, зөрчил тэмцлийг харуулах “Kingdom of Heaven” киног үзээрэй.
Сүүлд үзсэнээс “House M.D.” цуврал кино таалагдсан. Хүний сэтгэлзүйн байдлыг олон талаас харуулсан тун сонирхолтой бүтээл. Мөн хүний биеийн хэлэмж, сэтгэл зүйн төлөв байдлыг судалж, гэмт хэргийн мөрдлөгт ашиглаж буй тухай өгүүлэх “Lie to Me” киног санал болгоё.
13. АВЧ БАЙСАН ХАМГИЙН САЙН ЗӨВЛӨГӨӨ?
Ээж маань монгол хэл, уран зохиолын багш мэргэжилтэй хүн. Бага байхад оновчтой, ойлгомжтой зүйр үгс хэлж сургасныг мартдаггүй. Бас 10 жилээ төгсөөд аяллын хөтчөөр ажиллаад анхны цалингаа авахад манай захирал “Бага гэж битгий голоорой, их гэж битгий үрээрэй” гээд 100 доллароор урамшуулсан юм. Мөнгийг хэр их олох нь биш, яаж зарцуулах нь илүү чухал гэдгийг тэр үед ойлгож авсан.
Би хувьдаа “Хүн ажлыг голдоггүй, ажил хүнийг голдог" гэдэг үгийг санаж явдаг. Ямар ч ажлыг чин сэтгэлээсээ хийвэл үр өгөөж нь заавал хариу болж ирдэг. Гол нь аливааг хийж бүтээе, ард нь гаръя гэх хандлага, сэтгэлгээ байвал чадахгүй зүйл гэж байхгүй. Зөв хандлага олж авна гэдэг насан туршийн үнэ цэн юм шүү.
14. БУСДАД ШИДЭХ САНАА?
Дижитал мэдээллийн энэ эрин зуунд бид асар их мэдээлэл авч байна. Тэр бүхнийг шүүн тунгааж, цензуртай хүлээн авахад суралцаасай. Сошиал сүлжээ өргөжиж, техник технологи үсрэнгүй хөгжиж байгаа учир үнэн, худал мэдээллийг ялгаж таних, олон эх сурвалжийг харьцуулан дүгнэх мэдээллийн боловсрол чухалд тооцогдож байна.
Б Батаар 2021.07.11 192.82.81.146
Наад нэг муухай сахалаа авчихаарай даа. Зохихгүй харагддаг шүү Наад нэг муухай сахалаа авчихаарай даа. Зохихгүй харагддаг шүү