Сүүлийн жилүүдэд төрийн үйлчилгээ цахимжин, иргэдэд ойртон, цаг хугацаа хэмнэх болсныг бид бүхэн сайн мэднэ. Нийслэлийн цахим шилжилтийн ажлыг удирдан ажиллаж буй Нийслэлийн мэдээлэл, технологийн газрын дарга О.Чинзориг манай энэ удаагийн дугаарт оролцлоо. Түүний анх Шинжлэх ухааны академийн харьяа Улаанбаатар их сургуулийн физик, электроникийн ангид суралцаж, эгэл бөөмсийн талаар судалгаа хийн төгсөж байсан нь шинжлэх ухаан, технологи сонирхогч нэгний анхаарлыг шууд татна. Ингээд сүүлийн 15 жилийн турш үргэлжилж буй төрийн цахим засаглалын бүхий л төсөлд гар бие оролцон ажиллаж буй О.Чинзориг даргын ажлын арга барил, дадал хэвшлийг та бүхэнд танилцуулж байна.
Байршил: Монгол улс, Улаанбаатар хот
Эрхэлдэг ажил: Нийслэлийн мэдээлэл, технологийн газрын дарга
Хэрэглэдэг гар утас: iPhone 12 Promax
Хэрэглэдэг компьютер: iPad Pro, Lenovo x1 Carbon
Сошиал хуудсууд: Chinzo ch, Отгонсүрэнгийн Чинзориг (Фэйсбүүк)
1. Таны карьераас бид юу юуг мэдэх ёстой вэ?
Карьер гэхээс урьтаж "Өнгөрсөн хугацаанд би улс, хот, нийгэмдээ ямар тустай зүйл хийж бүтээв?" гэж өөрөөсөө үргэлж асуудаг юм. Миний хувьд төрийн албанд мэдээлэл технологийн чиглэлээр ажиллаж ирсэн. Тэр дундаа сүүлийн 15 жилийн хугацаан дахь төрийн цахим засаглалын хөгжлийн түүхтэй ажил, амьдрал минь салшгүй холбогддог. Ерөнхий сайд С.Баярын Засгийн газрын үеэс цахим засаглалын суурь тавигдаж, түүнээс хойш “Иргэний шинэчилсэн бүртгэл”, “Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн цахимжуулалт”, “Хуулийн этгээдийн бүртгэлийн цахимжуулалт”, “Цахим иргэний үнэмлэх”, “Цахим сонгууль” зэрэг томоохон төсөл хөтөлбөрүүдэд гар бие оролцож байлаа.
2016 оноос эхлэн нийслэлийн мэдээлэл технологийн асуудлыг хариуцан ажиллах болсон. Ингэхдээ “Төрийн үйлчилгээний цахим шилжилт” төслийн хүрээнд нийслэлийн үйлчилгээний нэгдсэн портал eservice, төрийн цахим үйлчилгээний нэгдсэн портал e-mongolia зэрэг томоохон шилжилтүүдийн суурийг тавилцсан. Одоо бид “Нэг тархи-Нэгдсэн систем” хэмээх Улаанбаатар хотын дижитал шилжилтийн стратеги 2020-2024 төлөвлөгөөг боловсруулан хэрэгжүүлж байна.
2. Таны ажлын дундаж нэг өдөр хэрхэн өнгөрдөг вэ?
Нийслэл гэдэг их айл. Энд олон салбарын хэдэн зуун төсөл хөтөлбөр нэг зэрэг хэрэгжиж байдаг. Тэр болгонд л мэдээлэл технологийн салбар ямар нэг байдлаар заавал оролцоно. Одоогоор Нийслэлийн мэдээлэл, технологийн газар 11 төсөл дээр төвлөрөн ажиллаж байна. Өдрийн цагт ихэвчлэн албан уулзалтуудаа зохион байгуулж, төсөл хөтөлбөрүүдтэй холбоотой хэрэглэгчийн хэрэгцээ шаардлагад нийцсэн технологийн шийдлүүдийг оновчтой тодорхойлох тал дээр ажилладаг. Харин оройн цагаар системүүдийн сайжруулалт, шинэ технологийн судалгаа зэрэгт төвлөрнө. IT буюу мэдээлэл технологийн салбарт ажиллана гэдэг хүнээс маш их төвлөрөл шаарддаг онцлогтой ажил. Тиймээс өдрийн цагаар ярилцсан асуудал, шийдлээ эцэслэхийн тулд оройн цагаар их суудаг даа.
3. ТАНЫ АЖЛЫН НӨҮ-ХАУ?
Ямар ч ажил дээр төлөвлөлт, гүйцэтгэл, хяналт, сайжруулалт гэсэн үндсэн дөрвөн зарчмыг баримталдаг. Техник технологийн салбар нь аливаа улс орны хөгжлийн гэрч болдог учраас хэлбэр хийцээс гадна хэрэглэгчид юу хүсэж байна вэ гэдгийг хамгийн түрүүнд мэдэрч, олж харах нь их чухал. Үүний үндсэн дээр л шийдлээ боловсруулдаг. Хэчнээн сайн технологийн бүтээгдэхүүн байлаа гээд хэрэглэгчгүй бол цаг, мөнгөний л гарз гэсэн үг.
4. Ашиглахгүй байж чаддаггүй апп, хэрэгслүүд юу вэ?
Ажилтай холбоотой өдөр тутам ашигладаг гурван аппыг нэн түрүүнд онцолмоор байна. Бид 2018 онд нийслэлийн төрийн албаны үйл ажиллагааг цахимжуулах “UB ЕRP” платформыг ашиглалтад оруулсан. Өнөөдөр нийслэлийн нутгийн захиргааны 30 мянга гаруй албан хаагчид уг системийг ашиглан ажил хэргийн холбогдолтой бүхий л мэдээллээ солилцож, өдөр тутмын ажлаа явуулж байна.
Мөн бидний санаачлан хэрэгжүүлсэн тээврийн хэрэгслийн нэгдсэн цахим үйлчилгээний “Smartcar” aпп байна. Жолооч хүний хувьд уг аппын тусламжтайгаар ганц минутын дотор автомашины татвар, торгууль, даатгал зэрэг мэдээллийг шалган, төлбөрөө төлчихдөг. Цаашид бид “Smartcar” aппыг илүү сайжруулж, замын хөдөлгөөнтэй холбоотой бүх мэдээллийг хүргэдэг, солилцдог болгохоор зорьж байгаа. Сүүлд хийсэн “Check my service” aпп гэхэд хотод хаана, ямар асуудал байна, түүнийг гар утсаараа зургийг нь дараад, цахим өргөдөл бичээд, нийслэл рүү илгээх боломжийг иргэдэд олгож байна.
Хувьдаа гэвэл ажлаа төлөвлөн зохион байгуулахдаа Тrello ашигладаг. Хийх ажлуудаа өөрийн хүссэнээр, эмх цэгцтэй төлөвлөх боломжтой байдаг болохоор хэрэглэхэд таатай байдаг.
5. Цаг хэмнэх хамгийн сайн арга тань юу вэ?
Технологийн хүн болохоор ч тэр үү технологийн дэвшлүүд л цаг хэмнэх гол арга хэрэгсэл болдог. Нэмээд сайн төлөвлөлт. Сайн төлөвлөгөө бол хийх ажлын 50 хувь л гэсэн үг. Мэдээж чадварлаг баг чухал.
6. Хийх ажлаа хэрхэн төлөвлөдөг вэ?
Ажлын хувьд бидний хийж хэрэгжүүлэх учиртай хамгийн том зүйл бол Нийслэлийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр байдаг. Дөрвөн жилээр төлөвлөгдөн гардаг Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан өөрийн салбартай холбоотой ажлуудыг хугацаанд нь чанартай хийхийн тулд баг хамт олонтойгоо нягт хамтарч ажиллах шаардлагатай. Бид “UB ERP” дотоод удирдлагын системээр дамжуулан төлөвлөгөөгөө жилээр, сараар, долоо хоног, өдрөөр нь нарийвчлан боловсруулж, хоорондын уялдаа холбоо, гүйцэтгэлд хяналт тавьдаг.
Хувь хүний хувьд ажлаа ихэвчлэн долоо хоногоор төлөвлөдөг. Гаднын байгууллагатай хамтарсан томоохон төсөл, хөтөлбөрүүд дээр ажиллах үед төлөвлөгөөнд өөрчлөлт орох үе багагүй гардаг ч тэр бүрд уян хатан байхыг чухалчилдаг юм.
7. Эрч хүчээ хэрхэн сэлбэдэг вэ?
Ажлаасаа эрч хүч авдаг. Бидний хамтын ажиллагааны үр дүнд бий болсон оюуны бүтээлүүдийг олон мянган төрийн албан хаагчдаас эхлээд ард иргэд өдөр тутмын амьдралдаа ашиглаж, ажлаа хөнгөвчилж байгааг харахад урамтай байдаг.
Мөн технологи, спорт, улс төрийн лидерүүдийн замналаас эрч хүч авдаг. Жишээ нь, мэргэжлийн дугуйн тамирчин Лэнс Армстронгээс тамирчин хүний тэсвэр тэвчээр, хатуужлыг олж хардаг. Тэрбээр хорт хавдраа ялан дийлж, спортод эргэн ирэхдээ дэлхийн дугуйн уралдааны хамгийн том тэмцээний нэг болох “Тур де Франс”-д долоон жил дараалан түрүүлсэн. Мөн Гүржийн гурав дахь ерөнхийлөгч Михаил Саакашвили улс төр, нийгэм, эдийн засгийн олон салбарт цахим шилжилтийг ашиглан реформ хийж, улсаа маш богино хугацаанд үсрэнгүй хөгжилд хүргэж чадсан байдаг. Дэлхийн хотууд, улс орнууд ард иргэдийнхээ аюулгүй байдал, оролцоог нь хангах, авилга хүнд суртлыг бууруулах зэрэг олон асуудалд мэдээлэл технологийн шийдлийг ашигладгийн тод жишээ энэ юм.
8. Үндсэн ажлынхаа хажуугаар дурлаж хийдэг төсөл/ажил юу вэ?
Долоо хоногт нэг удаа албан байгууллага болон технологийн төсөл удирдаж буй залуучуудад байгууллагын үйл ажиллагааг цахимжуулах, дижитал шилжилтийг нутагшуулах талаар зөвлөгөө өгч эхэлсэн. Тун сонирхолтойн дээр эндээс шинэ санаа сэдэл давхар олж авдаг.
9. Хийж буй ажлын онцлог юу вэ? Эерэг сайн ба хэцүү бэрхшээлтэй талууд?
Мэдээлэл технологийн салбар нь мэдлэг болон логик сэтгэлгээнд тулгуурладаг. Сүүлийн жилүүдэд дэлхийн шилдэг компаниудын СEO-оор мэдээлэл технологийн төслүүдийг удирдаж байсан туршлагатай хүмүүсийг томилох болсон. Энэ нь компанийг дараагийн шинэ түвшинд нэн хурдтай хүргэж байгаатай холбоотой.
Ямар ч ажилд саад бэрхшээл байлгүй яах вэ. Шинэ технологи, системүүдийг бий болгон хэрэглээнд нэвтрүүлэхэд олон сорилтууд тулгардаг. Хүн бүр шууд өөрчлөлтөд бэлэн байдаггүй учраас иргэдийн энэ талын ойлголтыг бага багаар нэмэгдүүлэх хэрэгтэй. IT-ийн ажил мэдээлэл цуглуулах, дамжуулах, хадгалах, хамгаалах, боловсруулах, түгээх гэсэн системчилсэн зургаан дарааллын дагуу хэрэгждэг. Аль нэг шатанд нь алдаа гарвал олон сая төгрөгийн хөрөнгө оруулалт салхинд хийсэхээс гадна хэрэглэгчийн итгэл алдрах өндөр эрсдэлтэй.
10. Та одоо юун дээр төвлөрч байгаа вэ? Ойрын төлөвлөгөө?
2016-2020 оны хооронд цахим шилжилттэй холбоотой 26 төрлийн төсөл удирдан хэрэгжүүлжээ. Энэ нь ганц би биш, нийслэлийн бүх төрийн байгууллага оролцож хамтарч хийсэн ажлууд юм.
2020-2024 оны Улаанбаатар хотын дижитал шилжилтийн төлөвлөгөөг гаргасан. Энэ төлөвлөгөөг нийслэлийн бүхий л байгууллагууд хамтран хэрэгжүүлнэ. Уг төсөл үндсэн дөрвөн зорилготой. Үүнд:
- Авто замын хөдөлгөөний ачааллыг бууруулахад зам, тээврийн нэгдсэн ухаалаг системийн тогтолцоог бий болгох,
- Иргэдийн оролцоог нэмэгдүүлэхэд мэдээллийн технологийн шийдлүүдийг ашиглах,
- Төрийн албан хаагчдын хариуцлагыг сайжруулах,
- Хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажиллагааг ил тод болгоход чиглэсэн ажлууд багтана
11. Та өөрийгөө хэрхэн хөгжүүлж, суралцдаг вэ?
Манай салбарын хөгжил асар хурдацтай явагддаг учир шинэ технологийн талаарх мэдээллийг цаг алдалгүй авч байхыг шаарддаг. Элон Маск, Марк Цукерберг зэрэг технологийн одуудын сошиал сувгууд, болон digitaltrends.com сайтаас мэдээллүүдээ голчлон авдаг.
12. Санал болгох ном, хөгжим, кино?
Сүүлд уншиж байгаа Жим Коллинзийн “Сайнаас агууд дэвшихүй” номыг санал болгоё. Агуу төсөл, компаниудын менежментийн тухай өгүүлдэг ном. Киноны хувьд Майкл Дугласын тоглосон “Wallstreet” (1987), “Money never sleep” (2010) киног санал болгомоор байна. Хөрөнгийн зах зээл манай салбартай адил, анхаарал хэзээ ч алдаж болохгүй салбар гэдгийг энэ киноноос харж болно. Зорилгынхоо араас зогсолтгүй явж буй тэмцэл нь таалагддаг.Моцартын төгөлдөр хуурын найрал хөгжмийн 21 дүгээр концерт, Lana Del Rey-ийн Diet Mountain Dew дууг санал болгож байна. Оюуны их ачаалалтай үед сонгодог хөгжим тархи амраадаг шүү.
13. Авч байсан хамгийн сайн зөвлөгөө?
Ажиллах цагтаа ажилласан шиг ажилла. Амрах цагтаа амарсан шиг амар. Шинэ санаа сэдлүүд туйлдталаа ядарсан тархинаас бус, амарсан сэргэг тархинаас илүү их гардаг.
14. Бусдад шидэх санаа?
Мэдээлэл технологийн салбарт сонирхолтой залуустаа хандаж хэлэхэд, энэ салбарт хүний төсөөллөөс ч илүү том, маш олон боломжууд байдаг шүү. Хүний амьдралд ч олон сорилт бэрхшээлүүд байдаг. Ажигч гярхай байж, юуг нь яаж өөрчилж шийдэж болох вэ хэмээн аливааг шинэ сэргэгээр хардаг бүтээлч байгаарай гэж хэлье. Байгууллагын удирдлагуудад хандаж хэлэхэд, мэдээллийн технологи бол бодит боломж, гарц, шийдэл гэдгийг үргэлж санаарай.
Z Zochin 2021.12.13 139.5.218.167
Танайх энэ ковер зургаа яагаад ийм муухай тас хар болгодог болцийн бэ. Жоохон цайруулахгүй бол зочин нтр нь эвгүй харагджийн
Ц Цээгий 2021.12.08 202.21.124.134
Иргэний үнэмлэхийн шинэчлэлтийг хийхээс эхлээд олон ажилд оролцсон гэдгийг мэднэ. Амжилт хүсьеИргэний үнэмлэхийн шинэчлэлтийг хийхээс эхлээд олон ажилд оролцсон гэдгийг мэднэ. Амжилт хүсье
З Зочин 2021.12.08 103.140.11.95
Бас л сонирхолтой хүн байна шүү. Их л хэрэгтэй олон зүйл хийжээ. Гоё ярилцлага байна. Амжилт хүсье ????