“НЭКСТ” группийн үүсгэн байгуулагч Л.Чулуунболдын ажлын арга барил, амьдралын хэв маягтай танилцахаар бид “Хаан” цамхагийн долдугаар давхарт саатлаа. Товлосон цаг, тохирсон газартаа биднийг инээсээр угтсан тэрээр өөрийн амьдралын замнал, ажлын карьер, алс хэтийн зорилгынхоо талаар хуваалцсан юм. Цахилгаан бараа, тавилгын салбарт үргэлж шинийг эрэлхийлж, дараагийн түвшинд сэтгэн, үйлчлүүлэгчдэдээ хамгийн чанартайг нь хүргэхийг зорьдог 11 охин компанийн бүрдэл “НЭКСТ” группийг удирдан залж буй түүний ажил болоод амьдралын нөү-хаутай танилцъя.

Байршил: Монгол, Улаанбаатар
Эрхэлдэг ажил: “НЭКСТ” группийн Ерөнхий захирал
Хэрэглэдэг гар утас: iPhone 12 Pro Max
Хэрэглэдэг компьютер: HP Spectre x360 Convertible
Сошиал хуудсууд: Фэйсбүүк, Инстаграм



1. ТАНЫ КАРЬЕРААС БИД ЮУГ МЭДЭХ ЁСТОЙ ВЭ?

Би Улаанбаатар хотын унаган хүүхэд. 1991 онд намайг дунд сургуулиа төгсөхтэй зэрэгцэн социалист нийгэм үгүй болж, зах зээл, эдийн засгийн ороо бусгаа үе эхэлсэн. Тийнхүү улс төрийн шинэчлэл хийгдэхтэй зэрэгцэн би гэдэг хүн оюутан болж, ажил хөдөлмөрийн гараагаа бусдын адил арилжаа, наймаагаар эхлэн амьдралд хөл тавьж байлаа. Миний амьдралын зарчим нэг талаасаа уйгагүй хөдөлмөрлөж, тууштай ажиллах гэсэн гэр бүлийн хүмүүжлээс үүдэлтэй. Нөгөө талаас хувь хүн маань өөрчлөлтөд дуртай учраас шинэчлэлийг үргэлж дэмждэг. Энэ ч утгаараа компанийнхаа нэрийг “НЭКСТ” гэж өгсөн.

1995 онд МУИС-ийг Үйлдвэрлэлийн удирдлага мэргэжлээр төгсөж, гэр бүлийн эзэмшлийн “Лач хишиг” компанид гурилын үйлдвэр байгуулсан. Долоон жил үйлдвэрлэл эрхлэхдээ зах зээлд жижиглэн савлагаатай гурил үйлдвэрлэсэн анхдагчуудын нэг болж, тухайн үед “Морьтой гурил” гэдгээрээ олны дунд танигдсан байв. Дэлгүүрүүд хүнсний зах руу ирж худалдан авалт хийдэг байсан тэр цагт бид анх түгээлт, хүргэлтийн үйлчилгээг нэвтрүүлж, хамгийн анхны чингэлэгтэй машиныг Монгол Улсад оруулж ирж байлаа. Ер нь одоо бодоход энэ үеэс эхлээд л би ажиллаж байсан салбар бүрдээ өөрчлөлт, шинэчлэл хийхийг хичээж ирсэн юм байна.

Үйлдвэр маань газар тариалангийн хямралаас үүдэн үйл ажиллагаагаа зогсоосны дараа 2000-аад оны эхээр гэр бүлийн хамт Швейцарь Улсыг зорьсон. Тэнд би жинхэнэ утгаар барууны орны соёл, хэрэглээтэй танилцаж нүд нээгдсэн гэж болно. Тэндээс би барууныхны амьдралын хэв маягийг Монголдоо нэвтрүүлэх юм сан гэсэн хүслээр гурван үндсэн санаатай эх орондоо ирж байлаа.

Нэгдүгээрт, гадаад хэлний сургалтын төв байгуулах хэрэгтэй гэж үзээд “Universe International Language School” сургуулийг байгуулж, интерактив сургалтын арга барилыг нэвтрүүлж байсан. Дараа нь алдарт IKEA шиг дэлгүүрийг эх орондоо нээх эрмэлзлээр 2003 онд "Mebeltown" нэрээр одоогийн "Next Mebel" тавилгын дэлгүүрийг байгуулж өнөөг хүртэл 18 жилийн турш үйл ажиллагаагаа тогтвортой явуулж байна. Энэ бүх хугацаанд амьдралын таатай хэв маягийг олонд таниулж, түгээх үйлсэд гар бие оролцох нь миний үндсэн зорилго байсан. Үүний дараа Европын “Медиамаркт” цахилгаан барааны дэлгүүртэй танилцаж компьютер, электрон барааны бизнес эхлүүлэх сэдлээ олж авсан юм. Ийнхүү 2006 онд “Нэкст компьютерс”, 2009 онд “Нэкст электроникс” компаниудыг байгуулж, өдгөө 20 гаруй дэлгүүр, борлуулалтын 10 орчим сувгаар худалдаа үйлчилгээний үйл ажиллагааг амжилттай явуулж байна. Тавилга, цахилгаан барааны салбартаа бид олон өөрчлөлт, шинэчлэлийг санаачилж, тэр дундаа залуу гэр бүлд зориулсан бараа бүтээгдэхүүн, багц үйлчилгээнд анхаарсаар ирсэн. Мөн анхны цахилгаан барааны онлайн дэлгүүрийг нээж байлаа.


2. ТАНЫ АЖЛЫН ДУНДАЖ НЭГ ӨДӨР ХЭРХЭН ӨНГӨРДӨГ ВЭ?

Миний амьдралын хэв маяг бусдад үлгэр дуурайл болох эсэхийг нь хэлж мэдэхгүй л юм. (инээв) Ер нь би “Шар шувуу” төрлийн хүн л дээ. Харин сүүлийн үед хүүхдүүдээ сургуульд нь хоцролгүй хүргэж өгөхийн тулд өдөр тутмын дэглэмээ нэлээн өөрчилж, эртэч байхыг хичээж байгаа. Мэдээж замын түгжрэл гэх айхтар зүйлд бидний алтан цаг үрэгдэж байдаг учраас тэрхүү хугацааг үр бүтээлтэй өнгөрүүлэхийн тулд олон төрлийн подкаст сонсож байгаа юм байна. Тэр дундаа "Business.mn, 45 татуировок менеджера" подкастыг голчлон сонсдог.

Ажил дээрээ ирээд хамгийн түрүүнд өөрсдийн нэвтрүүлсэн ERP системээрээ дамжуулан өмнөх өдрүүдийн тайланг нягталж, тэндээс аль салбар маань амжилттай, аль нь асуудалтай байгааг хардаг. Үүний дараа компанид тулгарч буй хүндрэл бэрхшээлүүдэд гарц гаргалгаа хайж, шийдэлд хүрэхийн тулд ихэнх цагийг ажлын залуучуудтайгаа уулзаж, ярилцахад зарцуулна. Өдрийн төгсгөлд ширээнийхээ ард төвлөрч суугаад цахим шууданд хариу өгөх, бичиг цаасны ажлуудаа цэгцлэх зэргээр маргаашийн ажлуудаа төлөвлөж эхэлдэг.



3. ТАНЫ АЖЛЫН НӨҮ-ХАУ?

Миний хувьд аливааг зурж байж илүү сайн ойлгодог арга барилтай. Дэвтэр эсвэл самбар дээр зурагласнаар тухайн ажлын дэс дараалал, зүй тогтлыг олж харахад их тусалдаг. Ингэснээр аль хэсэгт нь төвлөрч, анхаарах хэрэгтэй вэ гэдэг нь ойлгомжтой болохоос гадна шинэ санаа олоход их дэмтэй. Мөн удирдлагын багийн залуустайгаа ярилцаж, брэйнсторм хийх буюу тэдэнтэй санаа оноогоо солилцон, заримдаа өөрийн болон бусдын туршлага дээр үндэслэн түүхүүдийг хуваалцдаг. Энэ арга нь дараа нь санахад амар, үлдэцтэй байдаг юм шиг санагддаг шүү.

Дарга болох багын гэнэн мөрөөдөл маань амьдралын явцад манлайлагч, чиглүүлэгч болон өөрчлөгдсөн. Өөрөөр хэлбэл, баг хамт олонгүйгээр би ганцаараа юу ч хийж чадахгүй гэдгээ ойлгосон гэж болох юм. Тиймдээ ч удирдагч, чиглүүлэгчийн хувьд би фрэймворкийн аргыг ашигладаг. Товчхондоо аливаа ажилд шаардлагатай бүхий л мэдээллийг цуглуулаад, тэдгээрт үнэлэлт, дүгнэлт өгч, ач холбогдлын зэргээр нь жагсаасны дараа тухайн ажлыг шийдэх чадвартай хүмүүст нь шилжүүлж, даалгаж өгдөг гэсэн үг л дээ. Энэ арга нь хэн юу хийх вэ гэдгийг маш тодорхой болгож өгөхөөс гадна үүнийгээ дагаад үр дүн нь ч сайжирдаг.

4. АШИГЛАХГҮЙ БАЙЖ ЧАДДАГГҮЙ АПП, ХЭРЭГСЛҮҮД ЮУ ВЭ?

Ажлын орчинд өдөр тутамдаа Office 365 програм болон ERP хянах самбарыг ашиглаж байна. Харин хувийн хэрэглээндээ ашигладаг аппуудаас Vivino-г онцолъё. Дарсанд их дуртай болохоор орц найрлага, амт үнэрээс эхлээд бүхий л мэдээллийг энэ аппаас авдаг. Мөн туршиж, амталж үзсэн дарсандаа үнэлгээ өгч болдгоороо онцлогтой.

Сошиал сувгуудын хувьд би тийм ч идэвхтэй хүн биш. Мэдээж зарим үед мэдээлэл авах зорилгоор Facebook, Twitter ашигладаг ч Youtube-г түлхүү сонирхож байгаа. Хэрэгцээт мэдээллээ бичлэг хэлбэрээр үзэх нь надад илүү амар санагддаг юм. Тэр дундаа “Гравитация” сувгийн бичлэгүүдэд их дуртай. Энэ сувагт улс орнуудын талаар олон төрлийн мэдээллийг богино хугацаанд сонирхолтой байдлаар тайлабарладаг нь их таалагддаг.

Ашиглахгүй байж чаддаггүй хэрэгсэл гэвэл ухаалаг шүдний сойз. Саяхан шүдний аппаратаа авсан болохоор амны хөндийн арчилгаа нэгдүгээрт тавигдаж байна. Энэ хэрэглээнд маань өөрөөсөө ус шүршигчтэй, автомат сойз их хэрэг болж байгаа.



5. ЦАГ ХЭМНЭХ ХАМГИЙН САЙН АРГА ТАНЬ ЮУ ВЭ?

Ямар ч төрлийн хурал, уулзалтын өмнө тухайн сэдвийн талаар судалгаа хийж байж оролцдог. Ийнхүү мэдээлэл цуглуулж, гэрийн даалгавраа сайн хийх нь уулзалт, хурлын цагийг илүү үр дүнтэй өнгөрүүлэх боломжийг олгодог юм. Мөн зав зай гарах бүрд ажлын хамт олонтойгоо ярилцахыг хичээдэг. Тэдэнд тулгарч буй асуудал бүрийг цаг алдалгүй сонсож, хэрэгтэй зөвлөгөөг нь өгч чадвал дараа нь төдий зэргээр үр дүн нь сайн гарна гэсэн үг шүү дээ.

6. ХИЙХ АЖЛАА ХЭРХЭН ТӨЛӨВЛӨДӨГ ВЭ?

Ажлын тухайд долоо хоног, сар, улирал, жилийн төлөвлөгөө гэж бий. Хэдийгээр урт хугацааны төлөвлөгөөгөө дагадаг ч цаг үеийн нөхцөл байдлаас үүдэн зарим тохиолдолд гэнэтийн өөрчлөлт гарах асуудал тулгарч байна. Жишээ нь, Ковид-19 өвчний улмаас хөл хорио тогтоох, түүхий эдийн нийлүүлэлт хил дээр гацах гэх мэт. Тэгэхээр ойрын төлөвлөгөөндөө илүү анхаарч, аливаа гэнэтийн асуудалд хэрхэн уян хатан хандах вэ гэдэг нь чухал болж байгаа юм. Хувийн болоод ажлын орчинд Teams-ийн календарыг ашигладаг.



7. ЭРЧ ХҮЧЭЭ ХЭРХЭН СЭЛБЭДЭГ ВЭ?

"НЭКСТ" брэндийн үндсэн философи бол хэрэглэгч, үйлчлүүлэгч, ажиллагсад, хамтрагчдадаа аз жаргалыг мэдрүүлэх явдал юм. Энэ ч утгаараа бид “Unboxing Happiness” буюу “Аз жаргалаа нээ” гэсэн уриатайгаар ажилладаг. Хамтран ажиллагч байгууллага, брэндүүдийн шинэ бүтээгдэхүүнийг туршиж, хэрэглэж үзсэнээ ажилчдадаа хуваалцах нь миний хувьд маш сайхан санагддаг. Учир нь бид амьдралын таатай хэв маягийг бүрдүүлэхээр, үүнийг түгээн дэлгэрүүлэхээр ажиллаж байгаа шүү дээ. Тиймээс шинэ бүтээгдэхүүн туршихдаа би үргэлж баяртай байдаг.

Мөн аялах дуртай. Одоогоор 21 аймаг, 200 орчим сум болон гадаадын 40 гаруй улсаар аялсан байна. Аялал гэдэг бидэнд үргэлж шинэ санаа, эрч хүч өгөхийн зэрэгцээ амьдралын олон хэв маягийг ойлгоход дэмтэй байдаг. Тухайн аялж буй газрынхаа уул ус, хүн ардаас ихээхэн урам зоригийг олж авдаг шүү. Харин сүүлийн үед цаг үеийн байдлаас болоод аялал маань зогсчихоод байна.

Энэ бүгдээс илүүтэй гэр бүлээсээ би асар их эрч хүчийг олж авдаг. Үрсийнхээ амжилт ололтоос урамшиж, тэднийхээ шинэ санал санаачилгыг дэмжиж сайн зөвлөгч, хамтрагч нь байхыг хичээдэг дээ.

8. ҮНДСЭН АЖЛЫНХАА ХАЖУУГААР ДУРЛАЖ ХИЙДЭГ ТӨСӨЛ/АЖИЛ ЮУ ВЭ?

Бага байхаасаа өөрийн өвөг дээдэс Урианхайн баатруудын түүхийг ихэд сонирхон уншиж ирсэн болохоор Эртний Монголын, тэр дундаа Ойрад Монголын түүх сэтгэлд их ойр. Тэр ч утгаараа түүх, уламжлалаа түгээхэд өөрийн биеэр оролцож, Алтайн Урианхайн өв соёлыг хадгалах, хамгаалах төслүүдэд хамтрахыг хичээдэг. Хааяахан түүхч, судлаачидтай уулзах завшаан тохиодог шүү.

Мөн сүүлийн үед гарааны бизнесийг сонирхож, тэднийг дэмжих ажил руу оролцож эхлээд байгаа. Энэ чиглэлээр судалгаа хийж, Израил Улсад стартап бизнесийн хөтөлбөрт хамрагдаад ирсэн. Одоогоор “Агула” даатгалын компанид эхний хөрөнгө оруулалтаа хийсэн байна.



9. ХИЙЖ БУЙ АЖЛЫН ОНЦЛОГ ЮУ ВЭ? ЭЕРЭГ САЙН БА ХЭЦҮҮ БЭРХШЭЭЛТЭЙ ТАЛУУД?

Компаниа байгуулж байх тэр үед би дөнгөж өрх тусгаарласан залуу гэр бүл байлаа. Тиймдээ ч хэрэгцээт бараа, бүтээгдэхүүн маань орчин үеийн загвар хийцтэйгээс гадна чанар болон үнийн хувьд боломжийн байх хэрэгтэй болсон. Тухайн үед зах зээлд бидний эрэлт, хүсэлтийг хангах бүтээгдэхүүн үйлчилгээ хомс байв. Тийм ч учраас манай компани энэ эрэлтийг хангахаар зорин ажилласан. Бид “Амьдралыг аз жаргалд хөтлөх технологийн дэвшлийг түгээнэ” гэх эрхэм зорилгынхоо дагуу нийгэмдээ үнэ цэнийг бүтээж, түгээхийг эрмэлздэг. Энэ зорилго нь нэг үгээр бол “НЭКСТ” брэндийг жолоодогч залуур юм.

Хэрэглэгчдэд “lifestyle” буюу амьдралын хэв маягийг зардаг нь бидний ажлын бас нэгэн онцлог. Өөрөөр хэлбэл, бид бараа бүтээгдэхүүнээрээ дамжуулан хэрэглэгчдэдээ тав тух, сэтгэл ханамж, үнэ цэнийг өгч байдаг гэсэн үг. Жишээлбэл, хэрэглэгчийн туршлагыг бий болгосон шоурүүмүүд бий. Үндсэндээ бид аливаа өрөөний бүтэц, зохион байгуулалтын жишгийг бүтээж, цогц шийдлийг гаргаж өгч байгаа. Хэрэглэгчид тэндээс өөрсдийн гэр болон ажлын орчныг хэрхэн тохижуулах санааг олж авах боломжтой.

Бидний ажиллаж буй бизнесийн салбар маш мэдрэмтгий, хурдан хувьсаж өөрчлөгддөг. Хүндрэл, бэрхшээлтэй тал гэвэл цар тахлын улмаас нийлүүлэлт саатах, бараа бүтээгдэхүүний олдоц буурах, тээвэрлэлтийн явц удаашрах, үнэ өсөх зэрэг асуудлууд тулгарч байна.

10. ТА ОДОО ЮУН ДЭЭР ТӨВЛӨРЧ БАЙГАА ВЭ? ОЙРЫН ТӨЛӨВЛӨГӨӨ?

Манай компани үндсэн гурван чиглэлд төвлөрч байна.

1. Think globally

Бид дэлхийн түвшний компани болох зорилгынхоо хүрээнд менежментийн нэгдсэн удирдлагын тогтолцоо буюу ISO: 9001, 14001, 45001 зэрэг чанарын, байгаль орчны, хөдөлмөрийн аюулгүй байдлын гурван стандартыг нэвтрүүлсэн. Одоогоор төв групп компани болон үндсэн үйл ажиллагаа явуулж буй таван компанийн хүрээнд 15 гэрчилгээг авч, стандартын анхны жилийн баталгаажуулалтыг хийгээд байна. Энэхүү ISO стандартын баталгаажуулалтыг Австралийн “TQCS International” олон улсын аудитын компаниас хүлээн авсан. Одоо бид эдгээр стандартуудыг үйл ажиллагаандаа хэвшүүлж, мөрдлөг болгон, ERP системтэйгээ уялдуулах замаар хэрэгжилтийг урт хугацаанд хангахаар ажиллаж байна.

Мөн тогтвортой хөгжлийн үзэл баримтлалын хүрээнд манай компани байгалийн нөхөгдөшгүй нөөцийн хэмнэлттэй бүтээгдэхүүнийг түлхүү оруулж ирэхийн зэрэгцээ нийгмийн хүртээмжтэй байдалд чиглэсэн үйлчилгээ, маркетингийн кампанит ажлуудыг явуулж байгаа.

2. Act locally

Хэрэглэгчийн, ажилтны, хамтрагчийн туршлагыг нэгтгээд манай монголын хэрэглэгчид бүтээгдэхүүн, үйлчилгээнээсээ яг юу хүсэж, ямар шаардлага тавьж байгааг олж мэдэх нь хамгийн чухал. Тиймдээ ч эдгээрийг судалж цаашдын үйл ажиллагаагаа явуулахаар зорьж байна.

3. Be Digital

Бид салбартаа анхлан ERP системийг нэвтрүүлсэн. Үүнд асар их дата мэдээлэл, боловсруулалт явагдаж байдаг учраас энэхүү мэдээлэлд үндэслэн шийдвэр гаргалтын дэмжих системийг нэвтрүүлж байна. Ирэх жилүүдэд үүн дээр илүү төвлөрөн ажиллах болно.

Ерөнхийд нь үзвэл бид анхны онлайн дэлгүүрийг нээж, бүрэн хэмжээнд ISO стандартад нийцсэн компани болж, мөн л анхны гэх тодотголтой ERP системийг нэвтрүүлсэн хамт олон болжээ. Бид өөрчлөлтөд үргэлж бэлэн байдаг.



11. ТА ӨӨРИЙГӨӨ ХЭРХЭН ХӨГЖҮҮЛЖ СУРАЛЦДАГ ВЭ?

Би бусдаас суралцаж бас сургаж явахыг эрмэлздэг хүн. Тэр ч утгаараа ажлын залуучуудаасаа үргэлж шинийг мэдэж авч байдаг. Заримдаа хэрэглэгчдээсээ суралцах үе гарна шүү. Хааяа салбар дэлгүүрүүдээрээ ажиллаж, бүтээгдэхүүний мэдээлэл өгөх, үйлчлүүлэгчидтэйгээ ойр байх зэргээс тэдний хүсэл сонирхлыг мэдэх боломж бий болдог.

Мөн менежментийн чиглэлээр сургалт хөтөлбөр, зөвлөх үйлчилгээнд хамрагдах, сүүлийн үеийн мэдлэг мэдээллийг олж авах сувгуудын эрэл хайгуул хийх замаар өөрийгөө байнга цэцэглэж байхыг эрмэлзэж байгаа. Энэ хүрээнд бид “Европын сэргээн босголт хөгжлийн банк”-наас зохион байгуулсан зөвлөх үйлчилгээний хөтөлбөрт хамрагдаж олон мэргэжилтнүүдээс үнэ цэнтэй зөвлөмжийг авч амжсан.

12. САНАЛ БОЛГОХ НОМ, ХӨГЖИМ, КИНО?

Сүүлийн үед хүмүүсийн аливаа зүйлсээс авах мэдрэмж, сэтгэл ханамж их өөр болсон. Тийм ч учраас “Human Experience” чиглэлийн судалгаа дэлхий нийтийн анхаарлыг татаж байна. Хэдийгээр би үйлдвэрийн удирдлагын мэргэжилтэй ч маркетингийн салбарт нэлээд сонирхолтой. Тэр дундаа “Маркетингийн менежмент” номыг олон удаа уншсан шүү. Мөн Сет Годины “Энэ бол маркетинг” номтой хамгийн сүүлд танилцсан юм байна. Түрүүнд хэлсэнчлэн түүхийн талаар сонирхдог болохоор монголын түүхийн тухай ямар нэг ном худалдаанд гаруут л даруй авч уншдаг заншилтай.

Хөгжмийн тухайд орос дуунуудад дуртай. Виктор Цой болон Любэ хамтлагийн уран бүтээлээс их сонсдог. Сүүлийн үеийн уран бүтээлчдээс гэвэл Рауф и Фаик хамтлагийн дуунуудыг нэлээн сонирхож байна.



13. АВЧ БАЙСАН ХАМГИЙН САЙН ЗӨВЛӨГӨӨ?

Хамгийн сайн зөвлөгөөнүүдийг аав минь хэлж байсан. Миний аав Ховд аймгийн Дуут сумаас гаралтай Монгол Улсын хүнсний үйлдвэрлэлийн салбарт олон жил удирдах ажил хийсэн Г.Лхамсүрэн гэж хүн байдаг юм. Өөрөө ч хүмүүстэй их нийцтэй, олондоо хүндлэгдэж, хайрлуулсан хүн учраас бусадтай эелдэг, эвтэй байхыг үргэлж захидаг. Үйлдвэрийнхээ 2000-3000 ажилтныг удирдаж байсан гэхээр ямар гайхалтай удирдагч вэ гэдэг нь ойлгомжтой байх. Хэдий аавын үг үргэлж бодолд уяатай байдаг ч заримдаа бусадтай санал бодол зөрөлдөх, маргалдах асуудал гарч таарна шүү дээ. Тэр бүрд асуудлыг аль болох эв эеэр шийдэхийг хичээдэг. Мэдээж ажил хэрэг, амьдрал ахуйн талаар зөвлөгөө өгдөг гадаад, дотоодын олон хүн байдаг ч тэр дундаас аавын үг хамгийн ойр.

Би орос кинонд их дуртай. Миний хоёрдогч хэл чинь орос хэл шүү дээ. Тиймдээ ч орос хэл дээр мэдээ унших, дуу сонсох, кино үзэх зэргээр чөлөөт цагаа өнгөрүүлдэг. Орос киноноос онцлох зүйл нь тэнд тэгш эрх, шударга ёсыг үргэлж өгүүлж байдаг. Энэ нь миний үзэл бодол, үнэт зүйлтэй их нийцдэг юм.

14. БУСДАД ШИДЭХ САНАА?

Тодорхой бөгөөд товчхон өгүүлье. Монголчууд цөөн, хорвоо ертөнц уудам. Дэлхийн хөгжлөөс хоцрохгүйн тулд бид нэгнийгээ дэмжиж, итгэл хүлээлгэн, хамтран ажиллах нь хамгийн чухал. Тэр дундаа нэг салбарт ажиллаж буй компани, үйлдвэрүүд биенийгээ дэмжин хамтарвал илүү хурдан амжилтад хүрэх боломжтой. Энэ ч утгаараа манай компани хамтран ажиллах ямар ч саналыг хүлээн авахад үргэлж бэлэн.