Энэ удаагийн ярилцлагын зочноор Монголдоо томоохонд тооцогдох "Дэлхийн шилдэг брокер оффис" шагналыг хүртсэн хамт олныг манлайлан ажиллаж буй RE/MAX HUB оффисын Брокер эзэмшигч Г.Тэмүүлэн оролцож байна. Тодруулбал, тэд 2023 онд "RE/MAX"-ын дэлхийн 10,000 гаруй салбар, 150,000 гаруй агентуудаас тавхан салбарт олгосны нэг нь болж чаджээ.

Үл хөдлөх хөрөнгийн салбарт ажиллана гэдэг хүний амьдралын хамгийн чухал сонголтод үлэмж нөлөө үзүүлж чадах, хариуцлагатай алба билээ. Тэр ч утгаараа түүний хувьд салбарынхаа нэр хүнд, ёс зүйг нэгт тавьж, бизнесийг зөвхөн мөнгө олох хэрэгсэл бус бусдад туслах, нийгэмд бодит үнэ цэн бүтээх үйлс гэж хардаг ажээ. Ингээд түүний амьдралын итгэл үнэмшил, бизнесийн философийн талаар сонирхолтой яриа дэлгэснийг уншигч танд хүргэж байна.

Байршил: Zaisan Hill, 4-р давхар
Хэрэглэдэг гар утас: iPhone 17 Pro
Хэрэглэдэг компьютер: MacBook Pro M2
Сошиал хуудсууд: Broker Temuulen (Facebook)

1. Таны карьераас бид юу, юуг мэдэх ёстой вэ?

Эргээд бодоход би анхнаасаа л борлуулалтын ажилд сонирхолтой байсан юм билээ. Гуравдугаар ангид байхаас эхлээд зуны амралтаар аавдаа тусалж, лангуун дээр бараа борлуулж эхэлсэн. Хүүхдүүд зуны амралт гэхээр баярладаг байтал би эсрэгээрээ зах дээр ажиллана гэхээр бага зэрэг дургүйцэх үе гардаг л байлаа. Гэсэн ч тэр үед л борлуулалт хийх суурь маань тавигдсан гэж боддог юм.

Улмаар үеийн хүүхдүүдийн адил аав ээжийн зөвлөмжөөр бакалаврын мэргэжлээ сонгож, Экологийн менежментээр суралцаж төгссөн. Мэдээж миний өөрийн хүссэн мэргэжил биш байсан. Сүүлд СЭЗИС-д Үл хөдлөх хөрөнгөөр мэргэшсэн Бизнесийн удирдлагын магистрын зэрэг хамгаалж байв. Их сургуулиа төгсөөд борлуулалт хийж чадах юм чинь энэ чиглэлээрээ л ажиллах нь зүйтэй гэж шийдээд, борлуулалт хийхээр бол борлуулалтын "ноён оргил" гэгдэх үл хөдлөх хөрөнгийн салбараас сонголт хийж байлаа. Улмаар 2013 оны эхээр "Макс Групп"-ийн барилгын салбарт борлуулалт, маркетингийн мэргэжилтнээр ажлын гараагаа эхлүүлсэн.

Тухайн үеийн "Макс Групп" 2000 гаруй ажилтантай, 10 орчим охин компанитай том бүтэц байв. Жил бүр компани тус бүрээс шилдэг ажилтан тодруулдаг байсан бөгөөд би 2014 онд шилдэг ажилтны нэгээр шалгарч байсан юм. Хожим олон шагнал авсан ч 2000 гаруй хүний дундаас авч байсан тэр шагнал маань одоо ч миний хувьд хамгийн үнэ цэнтэй шагналд тооцогддог шүү. Тэнд ажиллах хугацаандаа үл хөдлөх хөрөнгийн салбарын ажилтай нэг бүрчлэн танилцсан гэж хэлж болно. Тодруулбал, "220К Резиденс", "Рамада", "Холидей Инн", "Хийморь 13" зэрэг томоохон төслүүд дээр нэгэн зэрэг ажиллаж, сард тэрбум гаруй төгрөгийн борлуулалтын ард гарч чадсан байдаг.



Ингээд 20 гаруйхан насандаа карьерын хувьд чамгүй туршлагатай болж, цааш яах вэ гэдгээ илүү том зургаар харах хэрэгтэй болсон. Ийм үедээ арван жилийн найз, Монголын анхны көүчүүдийн нэг болох Номиогоосоо зөвлөгөө авсан. Тэр нэгэн үнэтэй зөвлөгөө өгсөн нь “Хүн карьераа гурав гурван жилээр нь харах ёстой. Нэг албан тушаалд 3 жил ажиллахад сурч болох зүйлсээ бүрэн сурдаг. Харин түүний дараа албан тушаал дэвших эсвэл дараагийн түвшинд гарч дахин 3 жил явах ёстой" гэж хэлсэн юм. 2016 оны тэр хавар би карьераа эргэн харахад "Макс"-д надад дахин 1-3 жилд өсөн дэвжих боломж байсан ч түүнээс дээш дэвших орон зай хязгаартай санагдсан. Залуу ч байсан тул том групп компанид шууд удирдлагын түвшинд хүрнэ гэдэг Монголын нөхцөлд амаргүй тул 30 нас хүртлээ нэг байрандаа тогтохгүйн тулд шинэ боломж хайж эхэлсэн юм.

Тохиолдлоор 2016 оны эхээр АНУ-ын RE/MAX франчайз Монголд орж ирж, "Макс Групп"-тэй хамтрахаар уулзаж байхад нь би энэ брендтэй танилцаж амжсан байв. Тэгээд хагас жил орчим судалсны эцэст энэ байгууллага руу орохоор шийдэж, RE/MAX-т агент хийж туршлага судалсны дараа АНУ эсвэл Австрали руу гарч, мэргэжлийн үл хөдлөх хөрөнгийн агент болох зорилго тавьсан. Анх RE/MAX-ийн албан ёсны фэйсбүүк хуудас руу "Би энэ салбарт ажилладаг. Танайд ороод хамгийн шилдэг агент нь болж, олон улсын шагналуудыг тань авах болно" гэж мессеж бичиж байсан нь одоо ч бий.

RE/MAX-т ороод удаагүй байхдаа брокер оффисоо нээж, түүнээс хойш бүтцийн өөрчлөлтүүд хийн, 2020 оноос "RE/MAX Hub" нэрээр бие даан үйл ажиллагаагаа явуулж байна. Одоогоор манайх Монголд 3 салбар, Филиппинд нэг салбартай, 200 гаруй агенттайгаар үйл ажиллагаа явуулж байгаа. Гадаадад салбараа нээсэн нь монгол компани анх удаа олон улсаас бие даан франчайз эрх авч, гадаадын хөрөнгө оруулалттай компани байгуулсан тохиолдол болсныг онцлох нь зүйтэй болов уу. Филиппиний тусгай зөвшөөрөл болон RE/MAX-ийн франчайзыг худалдаж авснаар бид тухайн улсын иргэдээс эхлээд олон улсын харилцагчдад үл хөдлөх хөрөнгийн үйлчилгээг яг газар дээр нь үзүүлэх боломжтой болсон юм.

2. Таны ажлын дундаж нэг өдөр хэрхэн өнгөрдөг вэ?

Миний хувьд ажлын ачааллаа хэтрүүлснээс болоод 2020 оны үед бил үү дээ, даралт ихсэх асуудалтай болсон юм. Тухайн үед амралт гэж байхгүй өдөр бүр л өглөөний 06:00 цагаас оройн 21:00-22:00 цаг хүртэл тасралтгүй ажилладаг байлаа. Мэдээж тэгж зүтгэсний хүчинд өнөөдрийн амжилт, бизнесийн сууриа тавьсан нь үнэн ч эрүүл мэндээрээ асар том сургамж авсан. Иймээс одоо ажлын цагаа зохистой тохируулж, өдөрт тогтмол 6-8 цаг ажилладаг.

Даваа гаргийн өглөө "RE/MAX Hub"-ийн бүх агентуудын нэгдсэн хуралтай байдаг бол Мягмар гарагт хүний нөөц, арын албаныхантайгаа 08:00 цагт хуралдана. Лхагва гарагт манай агентууд үл хөдлөх хөрөнгөө танилцуулах өдөрлөгтэй, пүрэв гарагт бизнесийн сүлжээний "BNI" байгууллагын хурал, мөн манай эзэмшдэг Английн борлуулалтын франчайз болох "Sales Geek"-ийн уулзалтууд дараалж таардаг юм. Энэ мэтчилэн ажлын өдрүүд өглөө бүр хурлаар эхэлдэг хэвшилтэй.

Би шууд манлайлан дайрч, ажлыг хурдан шийдвэрлэх дуртай ч одоо салбарууд маань бие даасан гүйцэтгэх захиралтай болсон тул Захирлуудын зөвлөлөө ахалж, илүү стратеги, бодлогын түвшний ажлууддаа төвлөрч байна. Тэрчлэн агентууддаа мэдлэг олгох сургалтууд орж, сард хоёр удаа тусгай VIP сургалтыг биечлэн явуулдаг.

Өнөөдөр манай "RE/MAX Hub" зөвхөн зуучлалын үйлчилгээ үзүүлээд зогсохгүй дотроо "Hub Travel", "Hub Finance", "Hub Investment", "Hub Academy" гэсэн бүтэцтэй экосистем болон өргөжсөн байна. Жишээ нь, "Hub Travel" нэгжээрээ дамжуулан агентууд, харилцагчдадаа зориулж жилд хоёр удаа гадаадад үл хөдлөх хөрөнгө танилцуулах аялал зохион байгуулдаг юм. Харин "Hub Investment"-ээр дамжуулан агентуудтайгаа хамтран төслүүд рүү хөрөнгө оруулалт хийж, өгөөж хүртэх зарчмаар ажиллаж байна. Hub Academy-ийн хувьд манай агентуудын сургалт хөгжил талаас нь ажилладаг бөгөөд одоогоор дотооддоо 10 гаруй сургагч багш бэлдэж, шинэ агентуудаа зааж сургаж, чиглүүлэн ажиллаж байна.



3. Таны ажлын нөү-хау?

Миний хувьд хэт онолд баригдахаас илүүтэй бодит практикт тулгуурлаж ажилладаг. Аливаа сургалт, онол дээр "Энэ бол ийм байдаг" гэж заахад би шууд хүлээн авахаасаа урьтаж, "Яагаад заавал зөв гэж? Яагаад заавал ингэх ёстой гэж?" хэмээн бодож, практик дээр шалгаж үзэх гээд байдаг талтай гэх үү дээ. Тангарагтны шүүгч нарын тухай гардаг "12 Angry Men" кинон дээр 11 хүн зөвшөөрч байхад нэг нь эргэлзэж, ганцаараа сөрж зогсдог шиг би ч гэсэн тогтсон хэв маягт шууд итгэхийг хүсдэггүй.

Энэ ч утгаараа миний удирдлага болон борлуулалтын арга барил бусад бизнес эрхлэгчдээс арай өөр болов уу. Өнөөдөр хүмүүс бизнесийг "B2B" эсвэл "B2C" гэж ангилдаг бол би үүнийг "H2H" буюу "Human to Human" (Хүнээс хүнд) гэж хардаг. Их Британийн "Sales Geek" франчайзыг авсан гол шалтгаан маань ч энэ үнэт зүйлтэй таарсан учраас тэр юм. Ямар ч системийн цаана заавал хүн байдаг. Зарим том групп компаниудын ашигладаг хатуу системээр удирддаг загвар надад хэт харгис санагддаг юм. "RE/MAX Hub" өнөөдөр 200 гаруй агенттай, системээр явах ёстой том бүтэц мөн боловч би хатуу системээс илүү халамж, итгэл, хүндлэл, хүнлэг харилцаагаар манлайлахыг чухалчилдаг.

Би ажилчдаа ирэх, очих цагаар нь цагдаж, хоцорлоо, эрт явлаа гэж хэзээ ч хэлдэггүй, хэлэхийг ч хүсдэггүй. Ажилтан бүр өөрийн ухамсраар ажлаа чанартай хийж, цалингаа аваад өдөр тутмын үүргээ гүйцэтгэж байвал заавал цагт баригдах албагүй шүү дээ. Хүмүүсийн сэтгэлийг татаж чадвал ажилдаа чин сэтгэлээсээ ханддаг гэдэгт би итгэдэг юм.

Зарим бизнесийн онолд "Заавал 60:40 эсвэл 70:30-аар өөрт ашигтай хэлэлцээр хий" гэдэг бол би борлуулалт, хамтын ажиллагаан дээр заавал "Win-Win" буюу харилцан ашигтай байх зарчмыг баримталдаг. Бүр шаардлагатай бол өөртөө 49 хувийг нь аваад, эсрэг талдаа 51 хувийг нь үлдээхэд ч бэлэн байдаг. Хэдийгээр энэ арга барилаас болоод боломжит ашгаа алдах үе гардаг ч сэтгэлд амар байдаг юм. Би хэн нэгнийг ашиглаагүй, боломж олгосон гэдэгтээ итгэлтэй байх нь надад илүү чухал. Нэг удаагийн хэлэлцээр хийгээд өөртөө дандаа ашигтай байдаг борлуулагчийг би муу борлуулагч, муу бизнес эрхлэгч гэж хэлнэ. Ихэнх бизнес хийж байгаа хүмүүс өөртөө ашигтай зүйл хийчих гээд байдаг талтай.

4. Ашиглахгүй байж чаддаггүй апп, хэрэгслүүд юу вэ?

Сүүлийн үед хиймэл оюуны хэрэгслүүдээс Claude, ChatGPT зэргийг ажилдаа тогтмол, төлбөртэй хувилбараар нь ашиглаж байна. Мөн багадаа орос сургуульд сурч байсан, дунд ангидаа Мон-Турк сургуульд суралцаж төгссөн учраас орос, турк, англи хэлний чадвараа сэргээж, сайжруулах зорилгоор Duolingo аппыг байнга ашигладаг. Сошиал платформуудаас LinkedIn-ийг "RE/MAX" болон "Sales Geek" төслүүдтэйгээ холбон түлхүү ашиглаж байна.

Төхөөрөмжийн хувьд илүү дутуу хэрэглээнд дургүй, бугуйн цаг ч зүүдэггүй тул гар утас, MacBook байхад л ажил бүрэн амждаг. Түүнчлэн манай оффис үл хөдлөх хөрөнгө зуучлалын салбарын бичиг цаас, гар ажиллагаа ихтэй процессыг дижиталжуулахаар "RemaxHub.mn" аппликэйшнийг хөгжүүлэн CRM, сургалт, төлбөр тооцоо, гэрээний бүх үйл ажиллагаагаа онлайнаар шийдвэрлэж байна.



5. Цаг хэмнэх хамгийн сайн арга тань юу вэ?

Минут минутаар нарийвчлан төлөвлөхөөс илүүтэй, их ажлыг зэрэг хийж цаг хэмнэдэг. Олон ажлыг зэрэг авч, хойш нь тавилгүй шууд хийж дуусгах нь миний хувьд илүү үр дүнтэй санагддаг юм. Мөн өмнө нь уулзалтыг 2-3 цагаар хийдэг байсан бол одоо чухал асуудлаа ярилцаад дээд тал нь 30 минутад багтаадаг болсон.

6. Хийх ажлаа хэрхэн төлөвлөдөг вэ?

Ажлаа ихэвчлэн өдөр өдрөөр нь төлөвлөдөг. Жишээ нь, долоо хоногийн хоёр өдрийг "Sales Geek" төсөлд, үлдсэн гурван өдрийг бусад ажилдаа зориулах гэх мэтээр хуваарилна. Ер нь би өөрийгөө зүгээр нэг ажилдаа дуртай хүн гэхээс илүү ажилдаа хоббитой хүн гэж хардаг. Ажил маань хобби болсон учраас хийж байх явцдаа өөрөө үргэлж суралцаж, хөгжиж байдаг даа.

Стратеги төлөвлөгөө хэдий чухал ч түүнд хүрэх өдөр тутмын жижиг үйл ажиллагаанууд бүр илүү чухал. Манай 3 салбар оффисын интерьер, засалд л гэхэд нийт 3-4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдсэн. Үл хөдлөх хөрөнгийн зуучлалын салбарт нэг оффистоо 1.2-1.3 тэрбум төгрөг засалд зарцуулна гэдэг санхүүгийн хувьд хамгийн ашиггүй, "тэнэг" хөрөнгө оруулалт мэт харагдаж болох юм.

Гэвч би Дубай, Америк гээд дэлхийн 8-9 орны RE/MAX-ийн 300-400 агенттай том оффисуудаар явж үзэхэд манайх шиг амралтын өрөө, лаунж, хурлын заалыг цогцоор нь шийдсэн засалтай оффис нэг ч байгаагүй. Би зүгээр нэг мөнгө олох гэж бизнес хийхээс илүүтэй, хамт ажиллаж байгаа ажилчид, агентуудаа хамгийн тухтай ажилуулахыг зорьдог. Хүн тухтай ажиллаж байж л үр дүн тэр хэмжээгээрээ гарна шүү дээ. Нэг ёсондоо мөнгө биш хүнээ бодож хөрөнгө оруулалт хийдэг. Өндөр ашигтай ажиллаа гээд энэ хорвоог орхих үед тэр их хөрөнгийг аваад явалтай биш дээ /инээв/. Мөн Монголдоо олон улсын стандартаас ч дээгүүр стандарт монголчууд өөрсдөө тогтоож, хийж чаддаг гэдгийг харуулах зорилготой.


Оффисын могой

7. Эрч хүчээ хэрхэн сэлбэдэг вэ?

Өмнө нь фитнесээр хичээллэх, гольф тоглох, найз нөхөд, агентуудтайгаа хамт гадуур суух зэргээр эрч хүч авдаг байсан бол сүүлийн үед байгалиас эрч хүчээ авдаг болсон байна. Амралтын өдрүүдээр байгаль дэлхийтэйгээ ойр байх нь эрч хүчээ эргэн сэлбэх хамгийн сайн арга болж байгаа. Хүн чинь байгалийн амьтан шүү дээ.

8. Үндсэн ажлынхаа хажуугаар дурлаж хийдэг төсөл/ажил юу вэ?

Миний хувьд олон төрлийн бизнес рүү орж, алдаж оносон түүх олон бий. Тухайлбал, "Colosseum" франчайз PC тоглоомын газар, "MedHub" уламжлалт анагаах ухааны эмнэлэг, Caffe Fonte франчайз кофе шопын бизнес гэх мэт. Гэхдээ хүн өөрийн чадахгүй салбар руугаа орохоор амжилттай болдоггүйг ойлгож, бизнесүүдээ худалдсан. Эсрэгээрээ өөрийн давуу тал, туршлагад үндэслэн хүний нөөц, борлуулалтын салбарт илүү сайн ажиллаж чадна гэдгээ ойлгосон болохоор одоо чаддаг зүйлдээ л төвлөрч байна.

Энэ хүрээнд Английн борлуулалтын "Sales Geek" франчайзыг оруулж ирэн ажиллаж байгаа. Бизнесийн оршин тогтнох суурь нь борлуулалт шүү дээ. Уг төслийн гол зорилго нь Монголд дахин нэг ч бизнесийг дампууруулахгүй байх, хүндрэлд орсон бизнесүүдийг борлуулалтаар нь дамжуулан өсгөх, ашигтай ажиллуулахад оршиж байгаа юм.

"Sales Geek" нь ердийн нэг сургалтын байгууллага, зөвлөх үйлчилгээнээс гадна байгууллагуудад хагас цагаар Борлуулалт хариуцсан захирлын үйлчилгээ үзүүлж, цаашлаад борлуулалтын аудит хийдгээрээ онцлогтой. 2026 оны 1-р сараас үйл ажиллагаагаа идэвхтэй эхлүүлснээс хойш одоогоор 20 гаруй компаниатай урт хугацааны үйлчилгээний гэрээ хийн ажиллаж байна. Эдгээрээс тав нь Монголын томоохон групп компаниуд байх жишээтэй.



Бид энэхүү төслөөр дамжуулан Tesla, BMW, Adidas, Amazon, FedEx, Toshiba-гаас эхлээд 150 мянган ажилтантай Boots зэрэг дэлхийн томоохон компаниудад хэрэгжсэн борлуулалтын шилдэг туршлага, нөү-хауг Монголын зах зээлд нэвтрүүлж байгаа юм. Бодоод үз дээ, 150 мянга гаруй ажилтантай компанийн стратери, нөү-хауг Монголын бүх компаниудад хэрэгжүүлэх боломжтой гээд… Жижиг дунд бизнес эрхлэгчдээс эхлээд групп компани хүртэл бүх төрлийн бизнес дээр үйлчилгээ үзүүлдгээрээ давуу талтай.

Мөн "Sales Geek"-ийн борлуулалтын систем, сургалт хөгжилийг "RE/MAX Hub" оффисынхоо агентуудыг сургаж чадавхжуулахад шууд ашиглах замаар хоёр бизнесээ харилцан дэмжих хөшүүрэг болгон ажиллаж байна.

9. Хийж буй ажлын онцлог юу вэ? Эерэг сайн ба хэцүү бэрхшээлтэй талууд?

Монголд "агент" гэдэг ойлголт үгсийн санд нэвтрээд арван жил ч болоогүй буюу энэ бол цоо шинэ салбар юм. Та 10 жилийн өмнө “агент” гэдэг үгийг үгсийн сандаа тогтмол ашигладаг байсан эсэхээ бодоод үзээрэй. Өнөөдөр зах зээл дээр 2,000 гаруй агент үйл ажиллагаа явуулж байгаа нь боломжит багтаамжийнх нь ердөө 20-30 хувьд л хүрсэн үзүүлэлт. Дахиад цаана нь 70 хувийн хөгжих орон зай, ирээдүйн 20-30 жилийн тэлэлтийн боломж байгаа гэсэн үг. Америк зэрэг хөгжингүй орнуудаас 100 гаруй жилээр хоцорч байгаа ч монголчууд асар хурдтай хөгжиж байгаагийн нэг жишээ нь 2023 онд "RE/MAX"-ын дэлхийн 10,000 гаруй салбар, 150,000 гаруй агентуудаас дөнгөж 5 салбарт олгосон "Дэлхийн шилдэг брокер оффис" шагналыг Америкийн 2 брокерт, Канадын 2 брокер мөн бусад 100 гаруй улсаас Монголд тэр дундаа RE/MAX HUB оффис авж чадсан явдал юм. Энэ бол бидний авсан хамгийн том шагнал. Товчхондоо, бидний хийж буй ажил анх удаа орон сууцтай болж буй гэр бүлд туслахаас эхлээд эмчилгээний зардал босгох гээд байраа зарах шаардлагатай хүмүүст санхүүгийн хүндрэлийг нь шийдэж өгөх зэрэг нийгэмд тустай, бодит үнэ цэн бүтээдэг, нэг талаараа буянтай ажил.



Бэрхшээлтэй талын тухайд, ҮХХ зуучлалын салбар нь СЗХ хорооноос тусгай зөвшөөрөлтэй үйл ажиллагаа явуулдаг, улсаас зохицуулалттай салбар буюу санхүүгийн байгууллага гэж явдаг. Энэ салбарын тусгай сургалтад сууж төгссөн хүн болгон хийх боломжтой салбар учраас зөвхөн мөнгөний сонирхлоор хандаж, ёс зүйн зөрчил гаргаж байгаа тохиолдол цөөнгүй гарч буй нь нууц биш. Гэхдээ нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Бусад бүх салбарт сайн, муу мэргэжилтнүүд байдагтай адил үл хөдлөх хөрөнгийн бизнест ч сайхан, муухай тал хосолж л байгаа. Дээрээс нь өөрөө маркетингийн шинжтэй, сошиал орчинд хэт ил байдаг тул сөрөг мэдээлэлд амархан өртдөг онцлогтой. Мэдээж ёс зүйгүй үйлдэл гаргасан агентуудад СЗХ-ны тусгай зөвшөөрлийн дагуу шат шатны арга хэмжээ авч, хариуцлага тооцон ажиллаж байгааг дурдах нь зүйтэй болов уу.

Нөгөөтээгүүр, албарын хөгжлийн идэвхтэй үе нь залуу мэргэжилтнүүдэд ур чадвараа батлан харуулах, салбартаа шинэ жишиг тогтоох таатай нөхцөлийг бүрдүүлж байгаа. Залуучууд гадагшаа гарахаас илүү эх орондоо баялаг бүтээж, салбараа хөгжүүлэх нь чухал болоод байна шүү дээ. Өнөөдөр энэ салбарыг хамтын хүчээр зөв хөгжүүлж, олон улсын стандартад хүргэж чадвал 20-30 жилийн дараа Монгол руу чиглэх гадаадын хөрөнгө оруулалтын суурь хөшүүрэг болно гэж хардаг.

10. Та одоо юун дээр төвлөрч байгаа вэ? Ойрын төлөвлөгөө?

Бид үл хөдлөх хөрөнгийн салбарыг сонирхож буй залууст зориулсан 400 гаруй хүний бүрэлдэхүүнтэй том хэмжээний арга хэмжээг зохион байгуулаад байна. Нэг брокер оффис бие даан ийм арга хэмжээ хийж байсан түүх Монголд байхгүй болов уу. Тэр ч утгаараа бид салбартаа анхдагч болж байгаа юм. Жишээ нь санхүүгийн нягтлан хүн аль компанид ажиллахаас хамаарч өсөн дэвших боломж нь өөр байдаг шиг энэ салбарт ч мөн ямар хамт олон, ямар системтэй оффисыг сонгож орж ирэх нь асар чухал.

Олон улсын онолоор бол манай салбарт орж ирсэн 10 хүний ердөө 1 нь л зуучлагчаар амжилттай ажилладаг гэж үздэг. Магадгүй систем талаасаа зөв байж болох юм. Гэвч би хувьдаа энэ онолын хязгаарлалтыг үгүйсгэдэг. Хүнд энэ бизнесийг хийх чин хүсэл эрмэлзэл байж, зөв арга барилаа олж чадвал амжилтад хүрэх бүрэн боломжтой гэдэгт бид итгэдэг.

Хувьдаа надад идэвхтэй ажиллах 20-25 жилийн хугацаа үлдсэн гэж харж байгаа учраас нэлээн яарч байна. Өнөөдөр манай 4 дэх салбар Филиппинд үйл ажиллагаа явуулж байгаа бол 5, 6 дахь салбараа Хятадын Хөххот болон Шанхай хотод нээхээр төлөвлөж байна.

Миний туйлын зорилго бол 2050-2060 он гэхэд дэлхийн 60-аас дээш орнуудад үйл ажиллагаа явуулдаг, Монголын анхны дэлхийн хэмжээний хамгийн том үл хөдлөх хөрөнгийн брокерийн компанийг байгуулах. Хүннү гүрний үе, түүний дараах Чингис хааны эзэнт гүрний үе гээд мянган жилийн мөчлөг бүрд монголчууд дэлхийд тэлэлт хийж байсан шиг, 2100 он ойртож буй энэ үед бид оюун ухаанаараа дэлхийд өөрсдийгөө таниулж, гарч ирэх ёстой гэж би итгэдэг.

11. Та өөрийгөө хэрхэн хөгжүүлж, суралцдаг вэ?

Амжилтад хүрэх, өөрийгөө хөгжүүлэх үйл явц нь хүнийг цаг үргэлж шинийг хайж суралцахад хөтөлдөг байх. Үргэлж л суралцаад явж байна даа. Хүн суралцхад дурлах ёстой юм шиг санагддаг.

Одоогоор онлайнаар дэлхийн шилдэг сургууль болох Univercity of Oxford сургуулийн “Үл хөдлөх хөрөнгийн хөрөнгө оруулалт”-ын сургалтад хамрагдаж байна. Мөн Sales Geek франчайзын маш олон сургалтад 7 хоног бүр хамрагддаг. Сүүлдээ ч суралцах тусам бүр донтоод байх шиг. /инээв/

Сурч чадахгүй хүн гэж байхгүй, харин залхуу, сахилга батгүй байдал л хүнийг хойш татдаг. Хувь хүний хувьд сахилга баттай, тууштай, зоригтой мөн бусдыг ойлгож хайрлах эмпатитай байж чадвал хэн ч амжилтад хүрэх боломжтой гэж боддог. Ялангуяа ажлаа солих, сургалтад суух гэх мэт амьдралд ирэх ховор боломжуудын өмнө зоригтой шийдвэр гаргахгүйгээр карьераа ахиулах боломжгүй юм.



12. Санал болгох ном, хөгжим, кино?

Номын хувьд Доналд Трампын "The art of deal" номыг санал болгоё. Энэхүү бүтээлд өгүүлдэг хэлэлцээрийн чухал ур чадваруудыг борлуулалт, бизнесийн практиктаа идэвхтэй ашигладаг.

Киноны тухайд Кристофер Ноланы "Interstellar" бол кино театрт үзсэн хамгийн төгс бүтээлүүдийн нэг. Олон хэмжээст орон зай, цаг хугацааны шинжлэх ухааны ойлголтууд нь дэлхийгээс гаднах орон зай, илүү гүн гүнзгий ертөнцийг танин мэдэх сонирхлыг татдаг юм.

Дуу гэвэл Armin van Buuren vs Vini Vici feat. Hilight Tribe-ийн “Great Spirit” дууг онцлон санал болгож байна. Энэ дуу ажлын идэвхтэй хэмнэл, төвлөрөлд их тус болдог.

13. Авч байсан хамгийн сайн зөвлөгөө?

1-р курсэд байхдаа найзуудын хамт хөзөр тоглож байгаад нэг ахаас амьдралын их л үнэ цэнтэй зөвлөгөө авч байсан юм. Тухайн үед тэр ах “Та хэд найзуудаараа нийлж тоглоод, надаас авч чадах хэмжээгээрээ мөнгө авч болно” гэв. Би ч ээжийнхээ интернэтийн төлбөрт өгөөрэй гэсэн мөнгийг хүртэл хөзөрт өгч алдаад, их л хэцүү юм болсон. Тэгтэл ах бидэнд "Дүү нар ингэж дэмий цаг үрж, хийцгүй байж болохгүй. Хүн 30 наснаасаа өмнө насан туршдаа хийх ажил мэргэжлээ олж, санхүүгийн эрх чөлөөнд хүрэх ёстой. Би 40 гарч байж санхүүгийн боломжид хүрсэн ч өөрийгөө хоцорсон гэж боддог. Хэрэв 30 наснаасаа өмнө хөлөө олсон бол 30-50 насны хооронд амьдралыг илүү гоёор, бодитоор мэдэрнэ" гэж хэлж билээ.

Энэ үг надад маш гүн тусаж, 30 нас хүрэхээсээ өмнө амжилтад хүрэх ёстой гэсэн том айдас, тэмүүллийг өгсөн. Үүний үр дүнд би 24-25 насандаа анхны брокер оффисоо, улмаар 28-29 насандаа "RE/MAX Hub" оффисоо байгуулж байв. Тухайн үед 30 нас хүрээд л ажлаа багасгана гэж боддог байсан бол одоо 40 нас хүртлээ бизнесийн карьераа идэвхтэй үргэлжлүүлж, түүний дараа олон улсын томоохон төслүүдэд анхаарах зэргээр амьдралын дараагийн үе шатаа арай өөрөөр харж, төлөвлөж байна.



14. Бусдад шидэх санаа?

Юун түрүүнд амьдралын итгэл үнэмшлээ тодорхойлж, өөрөө өөртөө хариулж сурах явдал юм. Ялангуяа бизнес эрхэлж буй хүмүүс "Их хэмжээний мөнгөтэй болоод, анхдагч хэрэгцээгээ хангаж, дэлхийгээр аялсныхаа дараа яг юу хийх вэ?" гэдэг асуултад заавал хариулах ёстой. Энэхүү цаад зорилгоо бодоогүй хүмүүс мөнгөтэй болсон ч ханаж цадахгүй, зорилгогүй төөрөлдөх эрсдэлтэй байдаг.

Түүнчлэн би ямар ч хүн амжилтад хүрэх бүрэн боломжтой гэдэгт гүнээ итгэдэг гэдгээ дахин хэлмээр байна. Гол нь сахилга баттай, тууштай, зоригтой, дээрээс нь бусдыг ойлгож, хайрлах эмпатитай байх гэсэн дөрвөн зарчим нэг дор бүрдэх нь чухал. Ингэсэн цагт ямар ч хүн өөрийн хүссэн амжилтад хүрэх үүд хаалга нээгдэнэ.