Амьдралынхаа багагүй хугацааг Монгол судлалын салбарт зориулж яваа ярилцлагын зочныхоо ажил мэргэжлийг цөөн үгээр илэрхийлэхэд нэн төвөгтэй. Учир гэвэл улсад ажилласан 57 жилийн хугацаандаа төр нийгмийн зүтгэлтэн, эрдэм шинжилгээний ажилтан, зохиолч, орчуулагч, судлаач, багш, захирал зэрэг өргөн хүрээнд ажиллан, идэвх зүтгэл гаргаж ирснийг нь харахад ёстой л “Говийн зэрэглээ”-ийн Арсланг онгоцонд ороход “их олон хүн суулаа” хэмээн цаашлуулдагтай агаар нэгэн санагдах ажээ.
Ингээд Монгол улсын Ардын багш, СГЗ Л.Дашнямын ажиллах арга барилтай танилцъя.

Байршил: Чингэлтэй дүүрэг, 40 мянгат, Явуухулангийн цэцэрлэгт хүрээлэнгийн баруун урд “Монгол уламжлал” академи
Эрхэлдэг ажил: “Монгол уламжлал” академийн тэргүүн
Хэрэглэдэг гар утас: Samsung
Хэрэглэдэг компьютер: iPad



1. Таны карьераас бид юу, юуг мэдэх ёстой вэ?

Би арван жилээ төгсөөд багш болох даалгавар өвөртлөн Москваг зорьсон хүн. Учир нь тэр үе манай орны хувьд хөгжлийн чухал он жилүүд байсан юм. Олон улсын нийгэмлэгийн гишүүн болж, гадаадын улс орнуудтай эдийн засгийн талаар харилцан хамтран ажиллах том зорилт тавьсан цаг. Тийм ч болохоор олон улсын эдийн засагчдыг бэлтгэх шаардлага хүчтэй үүсэж байж л дээ. Хэдийгээр би яг энэ зорилтын хүрээнд олон улсын эдийн засагч хэмээх мэргэжлийг эзэмшиж ирсэн боловч нэр дээр нь сурсан сургуульдаа багшлаагүй. Их түүхтэй л дээ. Тэр бүхнийг ярьвал цаг арвин орно.

Товчхондоо гэвэл сургууль төгсөж ирэх үед Гадаад Худалдааны Яам татан буугдаад гадаад эдийн засгийн асуудал Гадаад яаманд очсон байсан юм. Тэнд олон улсын эдийн засагч чухал хэрэгтэй байж. Иймийн учир өмнөх төгсөлтийн нөхөд маань ирэхээс минь урьтаж тэнд ажиллуулахаар бэлэн болгочихсон байв. Бүр суух сандлаа хүртэл заалгаж явсан шүү. Тэр үед шинэ төгсөж ирсэн оюутанд ажилд орохын өмнө амрах эрх өгч, 14 хоногийн чөлөө олгодог байсан юм. Нэгэнт ажлаа олчихсон хүн чинь яах вэ дээ, нутаг явахаар баяр хөөр явж байтал хамт төгссөн бүсгүй таараад “Чи чинь олдохгүй хаагуур яваад байдаг хүн бэ? Чамайг Салдан дарга олж ир гээд амраахгүй байна!” гэж байх юм. “Салдан гэдэг чинь ямар хүн юм билээ?” гэсэн “Төрийн Ордонд суудаг том хүн” бололтой юм хэлж байна шүү.

Ордонд суудаг том дарга дуудаж байхад очилгүй яахав. “Чамайг шууд л ажилд авах гээд байх шиг байна лээ” гэдэг үг нь юм бодуулсан л даа. Нуулгүй хэлэхэд “Төрийн Ордоны хүн болох нь” гэсэн шүү хүүхдийн юм л. Гэтэл зорьж очсон дарга маань уулзангуутаа л загнаж байна аа. “Энд хийх ажил чинь бэлээхэн хүлээж байхад Гадаад яам энэ тэр болж байдаг” л гэж байна. Утас цохиод л Гадаад Яамны боловсон хүчинтэй яриад зэмлэж байх шиг сонсогдлоо. Ингэж би Гадаадтай эдийн засгийн талаар харилцах Улсын Хорооны хүн болсон доо. Нөгөө хөдөө явах энэ тэр ч бүүр өнгөрсөөн, шууд л ажилдаа орсон. Дуудаж уулзсан тэр их захиргаадагч дарга бол Улсын төлөвлөгөөний Комиссын нэгдүгээр орлогч, Гадаадтай эдийн засгийн талаар харилцах Улсын Хорооны дарга Д.Салдан байв.

Миний хувьд урьд өмнө огт сонсож байгаагүй референт гэдэг нэртэй хүн болж, Шаравдорж гэдэг нэг их буурь суурьтай хүнтэй хамт НҮБ-ийн тасаг байгуулах ажилд ороод явчихав аа. Тэр үед НҮБ-ийн шугамаар техникийн тусламж авах үүд хаалга нээгдэж байсан юм. Мэргэжилтнүүд нь үе үе л ирнэ. Тэдэнтэй би их ажилласаан. Төслүүд боловсруулж, анхны тусламжуудыг авч эхлэхэд залуу мэргэжилтэн гэж өөрийгөө гололгүй том ажлуудад шууд л гар бие оролцоно. Тулгардаж, шинэдэж ч байсан нь ч их, гэвч их юм сурсан.

1967 онд юм байна, төгсөөд хэдхэн сар л болж байсан байх. Социалист улс орон болгонтой эдийн засгийн талаар хамтран ажиллах комисс ажилладаг байлаа. Монгол - Болгарын Засгийн газар хоорондын комиссын анхдугаар хуралдаанд Эрдэмтэн нарийн бичгийн даргаар оролцох болж Софи явав. Даргаар Сайд нарын Зөвлөлийн орлогч дарга Д.Гомбожав, орлогчоор нь манай Д.Салдан дарга харин би эрдэмтэн, нарийн бичгийн даргаар явсан юм. Очсоныхоо дараа л тухайн комиссын гуравдах зиндааны том хүн байснаа мэдсэн юмдаг. Төрийн албанд 5-6 жил ажилласан нэгэнд ч тийм боломж олддоггүй байсан гэж бодохоор мундаг итгэл хүлээлгэсэн байгаа биз. Гэх мэтээр нас залуу гэлтгүй сурсан эрдмийн ачаар олон сүрхий албатай нүүр учирч явсан даа.

Гадаад эдийн засгийн асуудал эрхэлсэн хорооноосоо НҮБ-ын тодорхой төслүүдийн хэрэгжилт дээр шилжин ажиллах боллоо. Сүүлд Паавангийн Дамдин гэдэг чанга гэдэг нь лут сайдын дэргэд хөнгөн үйлдвэрлэлийн чиглэлийн төслүүд дээр ажиллаж байгаад Соёлын салбарт очсон. Үндсэндээ тэр үед мэргэжил биш зүрх сэтгэлийн дуудлага маань намайг дийлсэн юм шиг байна. Уран зохиолын ажилд ид донтож байсан үе. Соёлын яамны харьяа "Хэвлэлийн нэгдсэн редакц"-д уран зохиолын редактороор зургаан жил ажилласан. Тэр хугацаанд 200-аад ном редакторлож, 4-5 бие даасан бүтээл гаргасан байх шүү. Сайхан жилүүд байсаан. Ер нь тэр үеэс өөрийгөө эдийн засгийн чиглэлээсээ ч илүү сонирхох юмтай, түүгээрээ ажиллах хүсэлтэйгээ ойлгосон байх. Улмаар 1978 оноос эрдэм шинжилгээний ажил хийх болж, Философийн хүрээлэнд шилжиж ажилласан. Ингэхээр ахин шинээр суралцах, мэргэших хэрэг гарах нь тодорхой болно оо доо.

Тиймд шинжлэх ухаан судлаач болохоор шулуудаж олон жилийн дараа Москваг дахин зорив. Гурван жил сурч эрдмийн зэрэг хамгаалж ирээд "Шинжлэх ухаан, дээд боловсролын хороо"-нд орж 1990 он хүртэл ажилласан. Тэнд ажиллаж байхдаа л харин нөгөө “усч хүн усандаа” гэгчээр багшлах ажлаа эхэлсэн дээ. Их, дээд сургуулиудад шинжлэх ухаан, техникийн хөгжил, эрдэм шинжилгээний ажлын аргазүй зэрэг хичээлүүд цагаар орох болж, түүнээс хойш өнөөг хүртэл тасралтгүй багшилж байна.

Багшаар ажиллах зуур ойлгож мэдсэн зүйл, туршлагадаа тулгуурлан, зарим нэг бодсон зүйл, зорилгоо хэрэгжүүлэхийн тулд сургууль байгуулах санаа төрж, 1991 онд Монголын анхны хувийн дээд сургууль болох "Монгол мэдлэг" дээд сургуулиа байгуулж байлаа. Тухайн үед монголсудлалын чиглэлээр мэргэжилтэн бэлтгэвэл улс оронд тун хэрэгтэй гэж боддог байсан л даа. Гэвч нийгэм, нөхцөл байдлын талаас олон зүйл урьдчилан хараагүй, тооцоолоогүй орхисон юмсанжээ. Тодруулбал ардчилал, хувьсгал ажилд минь яаж нөлөөлөхийг төсөөлөөгүй орчихсон юм. Улс орон шинэ замналд орсны дараа шинжлэх ухаан, соёлын салбар бараг бүхэлдээ уналтанд орж, хүн бүр наймаанд явсны улмаас судалгааны салбарт мэргэжилтэн бэлтгэхтэй мантай л юм боллоо. Ингээд 10 гаруй жил сургуулиа авч яваад "Идэр" их сургуультай нийлүүлсэн.

Энэ хооронд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж, улстөрд хэсэг оролцоод ч авсан. 2000 оны дунд үеэс багшлах, судлах, бичих ажилдаа л үндсэндээ шилжсэн дээ. Одоо "Монгол уламжлал" академиа ажиллуулж, голчлон их сургуулиудтай хамтарч, монголсудлалын ажлаа хийж байгаа.



2. Таны ажлын дундаж нэг өдөр хэрхэн өнгөрдөг вэ?

Малчин айлын хүүхэд болохоор ажилсаг болж төлөвшсөн юмуу даа гэж боддог юм. Багаасаа л эрт босож, их ажиллаад сурчихаж. Соёлын яамны "Хэвлэлийн нэгдсэн редакц"-д ажилласнаас бусад жилүүдэд бол өөрийн дурлаж шимтсэн ажлаа дагнан хийж байсан удаагүй. Дандаа л давхар ажилтай, улсын алба хашиж байж. Өөрийн дуртай бичих туурвих ажлаа хийе гэвэл ажлын бус цаг л олддог. Тиймээс өглөө зургаан цагт босоод уран бүтээлийнхээ ажлыг амжуулаад дадчихсан юм. Өглөө бүр гурван цаг төвлөрч суухад чамгүй их юм гараасаа гаргачихна шүү.

Яруу найраг, орчуулга, судалгааны 100 гаруй бүтээл минь энэ цагаар л голцуу бүтэж. Заримдаа шөнө дүл болтол ч сууна. Оргилоод ирвэл шөнө ч босоод ирж мэднэ. Харин одоо хүссэн хүсээгүй өөр болж байна даа. Өглөө долоо, найм хүргэх үе ч гарах болж. Өдөртөө зүүрмэглэдэг ч явдал бий. Цаг биш бие махбодь маань хэмждэг болж байгаа нь энэ шиг байна.

3. Таны ажлын нөү-хау?

"Нэг ажлаа дуусгаж байж дараагийнх нь эхэлнэ" гэж бодолгүй, олон ажил гэж цааргалалгүй тэр бүрийг зэрэг эхлүүлчихдэг. Ажлын садаа мундахгүй л дээ. Гэвч тэр дунд нэг хэсэг нь ч болохноо урагшилж л байдаг юм. Санаа оноо нэмэх хүн ч гарна, саад тотгор болох зүйл ч ундарч л байна. Гэхдээ нэгэнт эхэлсэн зүйл хэзээдээ нэг бүтнэ л дээ. Удах тусмаа улам сайжирч, төгөлдөрждөг тохиол ч бий. Тэгэхээр зав цаг харалгүй ажлаа явуулаад л байдаг нь миний арга барил юм уу даа. Нэг ажлаар нөгөөг нураадаггүй ноу-хау гэгч байдаг бол тэр нь л юм шиг байна.

4. Ашиглахгүй байж чаддаггүй апп, хэрэгслүүд юу вэ?

Ачаалдаг машинууд л байна даа. Манайхан шивэх гэж ярих нь голцуу юм. Уг нь ачаалах нь зөв байж магадгүй гэж санадаг.

Санаа бүрээ тэмдэглээд, нэмээд, нэгтгээд, баяжуулаад явахад сайхан. iPad хаана ч хэрэглэхэд амар байдаг юм. Үүн дээрээ л ажиллах дуртай. Ер нь сүүлийн 4-5 жил үзэг, цаас хэрэглэсэнгүй.



5. Цаг хэмнэх хамгийн сайн арга тань юу вэ?

Бусад хүмүүс шиг "Миний цагийг шал дэмий юманд үрчихлээ" гэж ундууцаж байснаа санахгүй байна. Тэгэж ч боддоггүй юм уу даа.

Ер нь би энүүхэндээ гэж хэлэхэд их яриа хүн. Сайхан яриа өрнүүлэх хүн байвал урдах ажлаа түр хойшлуулаад, хэнтэй ч хуучлаад суучихдаг муу зантай. Түүнээ цагийг сайхан өнгөрөөлөө гэж бодно. Цаг бүрээ үр дүнтэй, бүтээмжтэй өнгөрүүлэх гэж цөхөөд элдэв тохиолдлуудыг (ганц хүний хувьд биш шүү) миний цагийг үрэгч гэж хараад байх хэрэггүй.

Үүнд хоёр арга бий. Нэг нь "цагийг минь үрэгдүүлж байна" гэж бодогдуулахааргүй чанартай хүрээлэлтэй байх. Хэдэн цаг яриад суусан ч харамсахааргүй сэдэв дэлгэдэг хүмүүсээ олох. Дараагийнх нь өөрийн гэсэн цаг. Өөрөөр хэлбэл тогтмол төвлөрдөг цагтай байх. Тэр нь миний хувьд өнөөх өглөөний 6-9 хүртлэх цаг байсан гэсэн үг. Өдрийн цаг угаасаа л олон нийтийн цаг шүү дээ. Хүмүүстэй хамтдаа л өнгөрөөдөг цаг! Төвлөрдөг цагаа олоогүй байж энэ тохиолдолд бусдыг, эд юмсыг цаг үрлээ гэж буруутгаад хэрэггүй.

6. Хийх ажлаа хэрхэн төлөвлөдөг вэ?

Зорилго тавих хэрэгтэй. Зорилготой бол төлөвлөлт аяндаа хийгдчихнэ. Зорилго нь тодорхой бол ямар арга зам, нөхцөл байдал илүү оновчтой санагдана түүгээрээ л хийхэд зүгээр. Сэтгэлд бууж, нүдэнд харагдаагүй бүдүүн баараг "хийх ёстой" гэсэн элдэв юмсыг мянга төлөвлөөд нэмэргүй.

7. Эрч хүчээ хэрхэн сэлбэдэг вэ?

Бусадтай оюун санаа, үзэл бодлын харилцаанд орох үедээ хүч сэлбэгдээд байдаг шиг билээ. Тэгэж л анзаарагдсан. Уг нь эсрэгээрээ ядрах ёстой байтал улам л сэргээд байдаг. Сая хэлсэн "яриа хүн шүү" гээд байгаа нь тэр л дээ (инээв). Хүний бие махбодь юу идэж, ууж буйгаас нь хамаарч хүч сэлбэгддэг, тамир суудаг гэж ярьдаг. Тэгвэл миний хувьд гоё яриа өрнүүлж, хууч хөөрөх үедээ л оюуны хүчээ сэлбэдэг шиг байна.

Би гарын таван хуруу шиг болтлоо олон жил нөхөрлөсөн гэр бүлийн, уран бүтээлийн сайхан найзуудтай. Харамсалтай нь, одоо биднээс гурав нь (Хөдөлмөрийн баатар, АУЗ Б.Лхагвасүрэн, Төрийн шагналт, СГЗ Д.Батбаяр, богино өгүүллэгийн хаан гэгддэг Ж.Лхагва) өөд болоод Д.Урианхай бид хоёр л үлджээ. Манай дөрөв шиг яриа сайхан нийлэх найз нөхөд миний амьдралд ахиж олдохгүй ээ. Хүмүүс заримдаа "ганцаардаж байна уу" гэцгээдэг юм. Нэгэнт жамын юмыг яалтай билээ. Тэгээд ч би ганцаардахаа ганцаардаж байна гэж боддоггүй. Харин ч хамгийн их хань болдог зүйл бол хүний бодол, дотоод ухаарал юм шүү дээ.



8. Үндсэн ажлынхаа хажуугаар дурлаж хийдэг төсөл/ажил юу вэ?

Хонь цуглуулдаг. Тарган, туранхай хонь биш ээ, хиймэл, бүтээмэл хонинууд! Учир нь би хонь жилтэй юм. 1989 оноос эхэлсэн 35 жилийн хобби болохоор цуглуулгад минь ёстой төрөл бүрийн хонь бий. Тоолж ч үзээгүй.

Эхлүүлэх болсон түүх гэвэл, тэр жил Хар далайд амарч байхдаа эхнэртэйгээ хоёул элдвийг сонирхон зугаалж яваад нэг хөөрхөн охин лангууныхаа таазнаас жижигхэн, хуванцар хонь дүүжилчихсэн байхыг олоод харчихжээ, би. Охиныг цаашлуулмаар санагдаад "Энэ яасан хонь болоод чи ингээд дүүжилчихэв?" гэсэн "Зарах санаатай!” гэж байна. Би ч тэр дороо хонь үзээгүй хүн болж “жүжиглэн” элдэв асуултаар тэр охиныг зовоон, нөгөө охин маань ч сандран миний “тэнэг” асуултуудад хариулсаар сүүлдээ үнэхээр л өнөө хонь нь “миний юм” болж, охин ч хонио зарсандаа баярлахаасаа илүү гайхсаар хоцорсон түүхтэй.

Тэр цагаас хойш өнөө “дүүжлүүрт” хонь маань олшрон, бүр хот дүүрээд, одоо бүр музей болгох бодол өвөрлөж явдаг болсон. Хонины дүрслэлтэй ямар л юм байна тэр болгон надад байгаа байх шүү. Хонины дүрстэй шилэнд хийсэн архи, талх, жигнэмэг хүртэл байна.

9. Хийж буй ажлын онцлог юу вэ? Эерэг сайн ба хэцүү бэршээлтэй талууд?

Улсад ажилласан хугацааныхаа талаас илүү хувийг би монгол судлал гэх энэ салбарт өнгөрүүлжээ. Үүнийхээ ачаар "Монгол" гэдэг үгэнд зөнгөөрөө баярлаж баясахаас хальж, үндэс язгуураар нь ойлгодог, гадарладаг, чин сэтгэлээсээ бахархдаг болсон байна. Түүндээ ч олзуурхдаг. Хэцүү бэрхшээлтэй юм бий бий. Залуу хойч үеэ энэ чиглэлд дурлуулж, анхаарлыг нь хандуулж, одоо байгаагаас нь илүү зөвөөр, ул суурьтай ойлгуулахыг, мэдүүлж мэдрүүлэхийг, хайрлуулж хамгаалуулахыг л зорьж явна даа.

10. Та одоо юун дээр төвлөрч байгаа вэ? Ойрын төлөвлөгөө?

Дараагийн хоёр номоо дуусгахаар л ажиллаж байна даа. Мэдээж академийн маань болон судалгаа шинжилгээ, багшлах, чиглүүлэх ажил мундахгүй ээ.

11. Та өөрийгөө хэрхэн хөгжүүлж, суралцдаг вэ?

Эрдэм заалгасан хамгийн мундаг багш минь миний хувьд байгаль дэлхий. Дараагаар нь ном орно. Яаж асуулаа ч хариултыг нь дор дор нь товхийтэл хэлээд өгөхгүй ч, өөрөө хичээж хайвал юунаас ч илүү гүн, бүрэн бүтэн хариултыг өөртөө агуулж байдаг мундаг эрдэм номд л байдаг юм шүү дээ.

Үүний сацуу хүн хоорондын харилцаанаас ихийг суралцана. Өөрөөсөө дүү, эсвэл үзсэн дуулсан юм багатай хүнтэй ярилцахад ч авах санаа, оноо заавал байдаг. Хорвоо ийм олон багштайг ойлгосон хүнд мэдэх зүйл яаж мундах билээ. Сурна гэдэг хөгжихийн нэр. Гол нь сурч мэдсэн зүйлээ илэрхийлж гаргаж ирэх үед л тэр эрдэм чадвар маань биелэж биеждэг гэдгийг мартаж болохгүй.



12. Санал болгох ном, хөгжим, кино?     

За даа, бүхий л төрөл, жанрын урлагийг шимтэн сонирхоно шүү. Урлагт шимтье гэвэл гол нь өөрийгөө л сайн таньж мэдэх хэрэгтэй. "Би чинь ямар материал өгөгдөхүүнтэй хүн билээ дээ?" гэдгээ ойлгочихвол урлаг ер нь их “төрөлсдөг эд” шиг санагддаг юм шүү.

Номын тухайд, философийн чиглэлийн ном унших нь ертөнцийг илүү гүн гүнзгий таньж мэдэхэд, бодлоо улам ул суурьтай, цар хүрээтэй болгоход тусалдаг юм.

Дууны хувьд уянгын, гунигтай дуу хөгжим хүнийг өөртэй нь уулзуулж, доторх хүнийг нь мэдрүүлдэг ид шидтэй гэж боддог. Миний хувьд, өвөрмонголын нийтийн дууг ихэвчлэн сонсдог. Мөн Буриадын ардын дуу сонсох дуртай. Их сүнслэг аялгуутай даа. Хатуу бэрхийг үзсэн ястан болохоор ч тэр үү, дотор ороод амьдарчихдаг айхтар дуунуудтай.

Сүүлийн жилүүдэд кино гэхээс илүү ан амьтан, орчлон ертөнцийн тухай танин мэдэхүйн контентуудад сонирхолтой болж байна. National Geography, Discover сувгуудыг үзэж суухдаа Зигмунд Фрейдын юу хэлснийг ойлгох шиг болдог.

13. Авч байсан хамгийн сайн зөвлөгөө?

Хэрэгтэй, хэрэггүй, сайн, муу зөвлөгөө гэж ялгадаг хэмжээнд очих хэцүү л дээ. Би л лав тийм болж амжаагүй байна (инээв). Авах зүйлээ олж харж чаддаг хүнд үг болгон зөвлөгөө юм. Хэн нэгний хэрэггүй гэж үзсэн үг өөр нэгэнд амьдралыг нь өөрчилсөн зөвлөгөө ч болж болно. Цаг хугацаа, нөхцөл байдал нь тухайн хүнд таараагүй болохоос нөгөө хүн нь сайныг бодоод л хэлсэн хэрэг!

Судалгаанд хүртэл үр дүнгүй судалгаа гэж байдаггүй шүү дээ. Ядаж л “Аан ингэж судлаад үр дүн гардаггүй юм байна. Дараа ингэж хийж болохгүй нь” гэж бодох чинь хүртэл маш том үр дүн. Хийж болохоос илүү хийж болохгүй юмаа мэднэ гэдэг эрдэм юм.

14. Бусдад шидэх санаа?

Бид бол агуу их түүхтэй, хүн зоноо бодсон, байгаль дэлхийгээ хайрласан бахдам соёлыг бүтээж бий болгосон үндэстний үр хойч! Харамсалтай нь, залуус маань ямар агуу эх орны эзэд болж төрснөө бодохгүй, ухамсарлахгүй байх шиг байна. Өдөр тутмын аар саархан зүйлд анхаараад, тэр нь бүр хэтрээд байна уу даа гэж бодогддог. Буруутгах ч хэцүү л дээ. Гэхдээ ний нуугүй хэлэхэд холын зорилгоо харахгүй ойрын алхамдаа л хөтлөгддөг болчихож дээ, хүмүүс.

Тийм учир “Таминь ээ, энэ яваа насандаа ямар үнэ цэнийг, юуг бүтээх вэ гэдгээ насны залуу дээр таньж мэдээсэй, тодорхойлоосой” гэж зөвлөмөөр байгаа юм. Юуг бүтээхээр төрсөн билээ гэдгээ мэдэлгүйгээр хорвоог барахгүйн тулд багаасаа хэрсүүжиж, ухаажих хэрэгтэй. Өсөж төрсөн эх орноо хөгжүүлж, алхаа гишгээг нь бат бэх болгоход жижигхэн ч атугай өөрийн хувь нэмрээ оруулж, эх орныхоо эзэн шиг эзэн байх хэрэгтэй! Залуус эх орондоо эзэн нь байж чадахгүй юм бол "Би эзэн нь болъё" гээд гараад ирэх хүмүүс газар сайгүй байна. Хаанаас ч гараад л ирнэ. Эзэнгүй юм гэж энэ дэлхий дээр нэгээхэн ч үгүй. Нэг нь байхгүй болоход дараагийнх нь хүрээд л ирнэ. Голоод явсан юмыг чинь гогдож өөд нь татаад авах хүн зон дүүрэн байгаа. Үүнийг л сануулмаар байна.