Монгол Улсаас Дэлхийн Банкинд ажилласан цөөн хэдэн эдийн засагч байдгийн нэг нь өнөөдрийн маань зочин Б.Даваадалай. Монголбанкнаас ажлын гараагаа эхлүүлж байсан тэрээр Дэлхийн Банк, Монгол Улсын Сангийн яам, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх гээд эдийн засгийн чухал ач холбогдолтой байгууллага, албан тушаалуудад ажиллаж буй чадварлаг мэргэжилтэн.
17 жилийн хугацаанд түүний хуримтлуулсан туршлага мэдлэг өдгөө эдийн засгаар суралцаж, энэ салбарт ажиллаж яваа хүн бүхэнд сонирхолтой байх нь дамжиггүй.
Байршил: Монгол Улс, Улаанбаатар хот, Төрийн ордон
Эрхэлдэг ажил: Монгол Улсын Ерөнхийлөгчийн Эдийн засгийн бодлогын зөвлөх
Хэрэглэдэг гар утас: iPhone 14
Хэрэглэдэг компьютер: Dell суурин компьютер
Сошиал хуудсууд: Davaadalai Batsuuri (LinkedIn)
1. Таны карьераас бид юу, юуг мэдэх ёстой вэ?
МУИС-ийг банкны эдийн засагч мэргэжлээр төгсмөгцөө Монголбанкны Мөнгөний бодлого, судалгааны газарт эдийн засагчаар ажилд орсон нь сонгуулийн өмнөх жил буюу 2007 он байсан юм. Яагаад цаг хугацааг нь онцолж байна вэ гэвэл, эдийн засгийн хувьд уламжлалт бус буюу бэлэн мөнгө амлах улс төрийн шийдвэрүүд 2008 оны сонгуулиар анх удаа гарч байлаа. Түүнээс өмнөх сонгуулиудад эмнэлэг, сургууль байгуулах, татвар хураамжийн хувь, хэмжээг шинэчлэх буюу нийгмийн суурь үйлчилгээнд тулгуурласан уламжлалт хэлбэртэй бодлогын амлалтууд яригддаг байв.
Эдийн засагчид бол гарсан шийдвэрийг үр ашигтай хэмжээнд хүргэхэд шаардлагатай тооцооллыг хийдэг хүмүүс. Тухайн үед бид зах зээлд хэдий хэмжээний мөнгө эргэлдвэл зохистой тэнцвэрийг хадгалах вэ? Зээлийн хүүгээр дамжуулан мөнгөний үнэ цэнийг хэрхэн боломжит дээд түвшинд хүргэх вэ? Хураамж, татварын хэмжээ хэдэн хувьтай байвал зохистой эсэхийг тооцдог байсан бол тэр сонгуулийн дараанаас маш өөр кэйсүүд дээр ажиллах болж, олон өөр тооцооллууд хийж эхэлсэн нь эдийн засагчийн хувьд ажлын ур чадвар, цар хүрээгээ тэлэхэд жинтэй нөлөөлсөн. Жишээ нь, иргэн бүрд нэг сая төгрөг тараавал нийгэмд яаж нөлөөлөх вэ? Бараа бүтээгдэхүүний үнэ, инфляцын хэмжээ, бодит орлогын хэмжээ хэрхэн өөрчлөгдөх вэ? гэх зэргийг тооцоолж байлаа.
Монголбанкинд таван жил ажилласны дараа Колумбын Их сургуулийн мастерын хөтөлбөрт суралцах 120 мянган ам.долларын бүрэн тэтгэлэг авч, АНУ-ыг зорьж байв. Төгсөх жилдээ Дэлхийн Банкны шалгаруулалтад тэнцэж, Вашингтон дахь төв оффист ажиллаж эхэлсэн ба эхний жилдээ Зүүн Өмнөд Ази, Номхон далайн бүс нутгийн багт зөвлөхөөр, 2016-2021 онд Монгол дахь Дэлхийн банкны төлөөлөгчийн газар Монгол Улсыг хариуцсан эдийн засагчаар ажилласан. Сонирхуулахад, эдийн засагт мөнгөний бодлого, төсвийн бодлого, бүтцийн бодлого гэсэн гурван үндсэн салбар байдаг. Миний хувьд Монголбанкинд ажиллаж байхдаа зөвхөн мөнгөний бодлогын чиглэлээр ажиллаж байсан бол Дэлхийн Банкинд ажиллах хугацаандаа олон улс орнуудын жишээ, кэйс дээр ажиллаж, төрөл бүрийн бодлогын тооцоолол хийж, өргөн цар хүрээнд дадлага, туршлага хуримтлуулсандаа талархдаг.
Ингээд 2021 оноос Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Сангийн сайдын зөвлөхөөр ажиллаад, одоогоор Монгол Улсын Ерөнхийлөгчийн Эдийн засгийн бодлогын зөвлөхийн үүргийг гүйцэтгэж байна.
2. Таны ажлын дундаж нэг өдөр хэрхэн өнгөрдөг вэ?
Эдийн засагч байхад ихэнх цагаа тооцоололд зарцуулдаг байсан бол зөвлөх болсноор танилцуулга бэлдэх, хувийн хэвшлүүдийн санал болгосон төсөл хөтөлбөрүүдтэй танилцах, Монголын жишээн дээр хийсэн шинжилгээнүүдийг судлах, хянах зэрэг ажлууд нэмэгдсэн. Тийм ч болохоор 10-аад жил явж ирсэн дадлаа сүүлийн таван жилд нэлээд өөрчилсөн шүү.
Үр дүнд нь, үдээс өмнөх цагт уулзалт хурлуудаа хийгээд, төвлөрөх, тооцоолох ажлаа үдээс хойш бүр тодруулбал оройн цагаар хийдэг болсон. Ер нь л залуу мэргэжилтэн байхаасаа хүн амьтны хөл, дуу татарсан чимээгүй цагаар төвлөрч сурсан болохоор энэ төрлийн ажлаа өдрийн төгсгөл рүү татаад байдаг талтай. Тиймдээ ч аль болох ажлын цагтаа ажиллахыг хичээдэг ч илүү цагаар суух үе цөөнгүй гардаг. Харин гэртээ ирсний дараа мэдээ үзэхэд багагүй цаг зарцуулна. Эдийн засгийн салбар нь улс төр, Засгийн газрын шийдвэрээс шууд хамаардаг онцлогтой тул орой бүр мэдээ үзэж, энэ хүрээнд ямар шийдвэр, асуудлууд яригдаж байгааг чих тавих дадалд эрхгүй сургадаг.
3. Таны ажлын нөү-хау?
Аливаа ажлыг өгөгдсөн цагт хийж дуусгах. Бидний хийж буй тооцоолол, түүнээс хамаарсан шийдвэрүүд олон сая хүний амьдралд шууд нөлөөлдөг онцлогтой. Иймд хувь хүний зохион байгуулалт, багаар ажиллаж чадаагүйгээс үүссэн ямарваа асуудлаас болж ажлаа өгөгдсөн хугацаанаас хоцроох нь мэргэжлийн хувьд маш ёс зүйгүй, хариуцлагагүй үйлдэл. Урт хугацаандаа өөрийн сэтгэлзүйд ч сөрөг нөлөөтэй. Ажиллах цагтаа сайн ажиллах нь бусад цагт сэтгэл амар байх боломжийг өгдөг болохоор хугацаандаа, чанартай ажиллахыг эрмэлздэг.
4. Ашиглахгүй байж чаддаггүй апп, хэрэгслүүд юу вэ?
Тоо шинжилгээний тал дээр SPSS, E-Views зэрэг эдийн засагчдын өдөр тутамдаа хэрэглэж дадсан мэргэжлийн програмууд бий. Гэвч үүний дотроос хамгийн хүртээмжтэй буюу хэзээ ч, хаанаас ч, хэн ч ашиглаж болдог гэдэг утгаараа Excel-ийг хамгийн их хэрэглэдэг. Олон жил хэрэглэсэн болохоор ч тэр үү, одоо бол энгийн тооны машин дээр хийж болох тооцооллыг ч Excel дээр хийдэг заншилтай.
Түрүүн хэлсэнчлэн цаг үеийн мэдээ мэдээлэл бидний ажлын гол суурь. Иймд мэдээллийн төрөл бүрийн эх сурвалжуудыг заавал нэрлэх учиртай. Үүнд Financial Times дээгүүр байр эзэлнэ. Дэлхийн Банкинд ажиллаж байхад олон улсын зөвлөхүүд бүгд уг сэтгүүлийг уншиж, мэргэжлийн хэллэгээр үгийн сангаа баяжуулж, өгүүлбэрийн бүтцийн ойлголтоо зузаатган, түүгээрээ тайлан мэдээгээ бэлддэг байсан. Араас нь Bloomberg орно.
Дотоодоос МҮОНТ болон Eagle телевизийн бэлтгэсэн тоймыг алдалгүй үзэхийг боддог. Ялангуяа Eagle ТВ-ийн “Бүрэн зураглал”, Central ТВ-ийн “Том тоо” нэвтрүүлгүүд их сайн.
5. Цаг хэмнэх хамгийн сайн арга тань юу вэ?
Зохион байгуулалт, төлөвлөлт, технологи, харилцан ойлголцол.
6. Хийх ажлаа хэрхэн төлөвлөдөг вэ?
Утасны цаглавар, сануулагчаа л их ашигладаг. Дор хаяж хоёр сараар төлөвлөдөг. Эндээс чухал шаардлагатай, хугацаа нь тодорхой ажлуудаа бүгдийг нь сануулагч дээрээ тэмдэглэж, тэр хугацаандаа өөрийгөө шахаж ажиллана.
7. Эрч хүчээ хэрхэн сэлбэдэг вэ?
Төлөвлөгөөт ажлаа цагт нь хийсэн, хугацаанд шахагдаагүй, эрх чөлөөтэй байдлаасаа амар амгаланг мэдэрдэг. Ер нь аливаад хөөгдсөн, нэхүүлсэн, дарамттай орчинд тун дургүй. Ийн олж авсан цагаа гэртээ гэр бүлтэйгээ өнгөрүүлэх нь эрч хүч өгдөг.
Бас биеийн чилээ гаргаж, тархи толгой сэргээхэд спорт тус болдог. Зав олдвол багаас дурлаж өссөн сагсан бөмбөгөө тоглоно. Мөн ах маань хичээллэж байсан болохоор үндэсний бөх үзэх дуртай. Тэр дундаа биеэр очиж, танхимын уур амьсгалд нь орж, сонирхол нэгтнүүдтэйгээ хамт суугаад үзэх хэзээд таатай байдаг.
Мэргэжлийн тал дээр хоёр сар тутамдаа эдийн засгаар суралцаж байгаа оюутнуудтай уулзаж, судалгааны ажилтай нь танилцаж, салбарын тухай хөөрөлддөг. Миний хувьд энэ маань нэлээд чухал ажил шүү.
8. Үндсэн ажлынхаа хажуугаар дурлаж хийдэг төсөл/ажил юу вэ?
Сүүлийн жилүүдэд ногоон хөгжил, байгаль орчны сэдвүүдийг ихээр сонирхон судалж байгаа. Ирээдүйд эдийн засгийн салбар байгаль орчин болон уур амьсгалын өөрчлөлтөөс үүсэх нөлөөллөөс бүхэлдээ хамаарах нь гарцаагүй болсон. Тиймд энэ чиглэлийн хурал, уулзалт, арга хэмжээ, сургалтуудад ихээхэн ач холбогдол өгч байгаа. Үүнээс карбон кредит тооцох, эрчим хүчний хэмнэлттэй орон сууцны төсөл хэрэгжүүлэх зэрэг чухал нөлөөтэй ажлуудын стандартын асуудал, хэрэгжүүлэхэд тулгамддаг хүчин зүйлс зэргийг ажлын бус цагаараа судалдаг болсон.
9. Хийж буй ажлын онцлог юу вэ? Эерэг сайн ба хэцүү бэрхшээлтэй талууд?
Онцлог, давуу тал нь зөв тооцоолол хийж, түүндээ үндэслэн зөв бодлого гаргаж чадвал богино хугацаанд үр дүнгээ харах боломжтой байдаг. Өөр салбарт бол дүгнэлт хийхэд харьцангуй их хугацаа ордог, богино хугацаанд үр дүнг нь үзэхэд хязгаарлагдмал шүү дээ. Ерөнхийлөгчийн институцэд ажиллах нь үүгээрээ том давуу талтай.
Сорилттой тал нь цомхон бүтэц, хариуцлагатай байдал. Ерөнхийлөгчийн эдийн засгийн хувьд референттэйгээ хоёулаа л ажилладаг юм. Тиймд том тооцоолол хийх, судлах тал дээр цөөддөг тал бий. Алдаа гаргах эрх маш багатай ажил даа.
10. Та одоо юун дээр төвлөрч байгаа вэ? Ойрын төлөвлөгөө?
Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувьд улсын гурван суурь асуудал дээр гол манлайллаа үзүүлж ажилладаг.
- Эхнийх нь, хүнсний аюулгүй байдлыг хангаж, өргөн хэрэглээний хүнсээ дотооддоо үйлдвэрлэх зорилт бүхий “Хүнсний хувьсгал” хөдөлгөөн;
- Хоёр дахь нь, байгаль орчин, ургамлын төрөл зүйл, ойн санг нэмэгдүүлэх “Тэрбум мод” хөдөлгөөн;
- Гурав дахь нь, хүн амын эрүүл мэндийг дэмжих “Эрүүл монгол хүн” хөдөлгөөн;
Эдийн засгийн бодлогын зөвлөхийн хувьд эдгээр асуудлуудад холбогдох тооцоо, судалгааг Ерөнхийлөгчид танилцуулж, энэ чиглэлийн санал оруулах, зөвлөх үндсэн үүрэгтэй.
Миний хувьд өнгөрсөн өвлөөс хойш хамгийн их анхаарч буй сэдэв бол зуд. Байгаль орчны төлөв байдал, уур амьсгалын өөрчлөлт улам л хүчтэй болж байгаа бөгөөд энэ нь бидний үндэсний ялгарал болох нүүдэлчин ахуйд том эрсдэл үүсгэх болсон. Үүгээр зогсохгүй эдийн засгийн эргэлт, хүн амын амьжиргааг шаардлагатай түвшинд барья гэвэл малчдын ахуй болон үйлдвэрлэлийг хөгжүүлэх шаардлага зайлшгүй тулж байна. Иймд манай институц “Цагаан алт” үндэсний хөтөлбөрийг эхлүүлэн, арьс шир, ноос, ноолуур гэсэн малын гаралтай үндсэн гурван түүхий эдийн үйлдвэрлэлийг дэмжих ажилдаа төвлөрч байгаа. Энэ нь өөрөө Ерөнхийлөгчийн манлайлал бүхий гурван үндсэн зорилготой шууд уялдах ач холбогдолтой.
Тус хөтөлбөрөөр дамжуулан:
- Улсын хэмжээнд арьс ширний боловсруулалт 30 хувьтай байгаа ба үүнийг 50 хувьд хүргэх;
- Манай улс жилд авч буй ноосныхоо 50 хувийг ашигладаг бай энэ тоог 70 хувь болгож нэмэгдүүлэх;
- Бид одоогоор ноолууртаа зөвхөн угаах боловсруулалт хийж, түүнийхээ 70 хувийг гаднын улс орнуудад түүхий эд болгон импортолж байгаа ба цаашид үүнийгээ 50 хувь хүртэл бууруулж, авч үлдсэн 50 хувийн ноолууртаа угаалтаас цааш ахин 20 хувийн нэмэлт боловсруулалт хийдэг болох зорилгыг тус тус тавиад байна.
Энэ хөтөлбөрөө л амжилттай хэрэгжүүлэх зорилго, төлөвлөгөөтэй байгаа.
11. Та өөрийгөө хэрхэн хөгжүүлж, суралцдаг вэ?
Эдийн засаг, санхүүгийн салбарт олон улсын хэмжээнд ажилладаг хоёр том байгууллага бий. Хоёул Дэлхийн 2-р дайны дараа, гишүүн орнуудынхаа зах зээлийн тогтвортой байдлыг хангах зорилготой байгуулагдсан. Нэг нь Олон Улсын Валютын Сан, нөгөө нь Дэлхийн Банк. Валютын сан харьцангуй богино хугацааны буюу ханшийн сулрал, зээлийн төлөлт зэргийг хариуцдаг бол, Дэлхийн Банк урт хугацааны буюу стратегийн ач холбогдолтой зам, гүүр, үйлдвэр, станц зэрэг нөөцтэй холбогдох асуудлуудад анхаарч ажилладгаараа онцлогтой.
Хөгжиж буй улс орнуудын хувьд Дэлхийн Банктай хамтран ажиллах нь дэд бүтцийн чухал асуудлаа шийдэх, хөгжлийн үйл явцаа хурдасгахад тусалдаг бол хөгжингүй орнуудын хувьд тусламж авахаас илүүтэй олон улсын мэдлэг туршлагаас суралцаж, тэдний нөү-хауг нутагшуулахын тулд хамтрах нь түгээмэл байдаг. Тод жишээ нь БНХАУ болон Сингапур хот-улс. Түүнээс биш тэдэнд санхүүгийн хувьд ч, технологийн хувьд ч Дэлхийн Банкнаас дэмжлэг авах шаардлага харьцангуй бага. Ер нь томоохон гүрнүүдийн олон улсын байгууллагуудыг мэдлэг хэмээн харж, тэднээс суралцахыг эрмэлздэг хандлагаас үлгэрлэж, эх орондоо хэрэгжүүлэхэд анхаарах хэрэгтэй.
Хувь хүн дээр ч ижил. Аль болох олон улсын байгууллагуудын судалгааг уншин, манайхтай адил орнуудын туршлагуудаас судалж, ижил төстэй тал байгаа эсэхийг, хэрвээ байвал тухайн тохиолдолд юуг хийж болох, болохгүйг тодорхойлох буюу олон улсаас өгөгдөл цуглуулж мэргэжилтний хувьд хөгжиж суралцдаг. Ихэнх кэйс дээр заавал нэг жишиг, өмнө нь болсон тохиолдол байж л байдаг. Жишээ нь, хувьцааг тараах нь зөв байдаг уу? Үгүй юу? гэх асуулт байна. Энэ тохиолдолд төрийн өмчит компанийг хэрхэн хөгжүүлбэл үр дүнтэй вэ? Баялгийн сан байгуулах нь урт хугацаанд зөв шийдвэр болж чаддаг уу? гэх мэтийг бусад орнуудаас судалж болно. Зуд л харин манайд байдаг онцгой нөхцөл байх. Бусдаар бол ихэнх асуудал дээр олон улсын жишээ заавал байдаг.
Энэ бүхнийг судлахын тулд мэдээллийн эх сурвалжууддаа онцгой ач холбогдол өгөхөөс аргагүй. Тиймдээ ч жилдээ 400-500 ам.долларыг төрөл бүрийн мэдээллийн эх сурвалжуудад төлдөг.
12. Санал болгох ном, хөгжим, кино?
Би ч хөгжим, кинолог хүн биш дээ. Дурлаж гэхээс илүү таарсан ганц нэг кинонуудаа л үзчихдэг. Гол төлөв мэдээ л үзнэ.
Уншихдаа ч мэргэжлийн сэтгүүл, судалгааны ажлууд, судлаачдын нийтлэлүүд уншдаг. Сурвалжуудаа сая дурдчихсан. Залуу мэргэжилтэн бүрийг улс төр, нийгэм, эдийн засгийн тодорхой ойлголттой, өөрийн хэмжээнд сонирхон судалдаг байгаасай гэж хүсдэг болохоор нэг ном л санал болгоё. “Why Nations Fail”. Юу хийвэл болдгийг сурахаасаа өмнө, юу хийж болдоггүйг ойлгоод авчихвал илүү зүгээр ч байж магад. Бас хийж буй ажлын чинь ач холбогдол, цар хүрээ, хариуцлага хэдий чинээ өндөр байна, төдий чинээгээр туршилт бага хийж, судалгаа их хийх хэрэгтэй. Энэ дадалд уг ном туслах байх гэж найдаж байна.
13. Авч байсан хамгийн сайн зөвлөгөө?
Дэлхийн Банкинд ажиллаж байхад шууд удирдлага болох ахлах эдийн засагч И Тэе Хүн надад “Мэргэжлийн ур чадвараасаа гадна зөөлөн ур чадвартаа анхаар. Хийж байгаа зүйлийг чинь хүмүүс ойлгохгүй бол үр дүнгүй ажиллаж байгаагаас өөрцгүй. Тиймд хэдий чинээ чухал ажил хийж байна, түүнийгээ төдий чинээ энгийн үг хэллэгээр бусдад тайлбарлаж, ойлгуулж сур. Тэгж байж чиний ажил утга учиртай, үнэ цэнтэй болдог. Бас чи хэтэрхий хурц илэрхийлэлтэй байна, харилцаандаа анхаар.” гэж байсан нь ширээний араас босдоггүй, хаалттай хүний хувьд тун оновчтой зөвлөгөө байсан.
14. Бусдад шидэх санаа?
Яг адилхан зүйлийг нэг алдаж болно, хоёр алдаж болно, гурав бол ихэднэ шүү. Алдсан ч яг адилхнаар биш, арай өөрөөр алдаарай. Алдсан ч хөгжингөө алд. Аливаа зүйл дээр өөрийн гэсэн үзэл бодолтой, зарчимтай байх тусам алдаанд гутарч суух хандлага багасдаг.