Өнөөдрийн манай зочинтой миний бие багш шавийн хувиар арваад жилийн өмнө анх танилцаж байлаа. Хөгжлийн эдийн засгийн хичээл заах тэрбээр аливаа асуудлыг хөндөх өнцөг, харах цэг, тайлбарлах эрдмээрээ аргагүй ялгарч, хэлсэн үгс бүрийг нь алдалгүй тэмдэглэх, өгсөн мэдээлэл болгоныг нь гээлгүй шингээх сэдлийг төрүүлдэг байсан санагдана. Хожим бие даалт, курсын ажлаас эхлээд судалгааны ажлын минь удирдагчаар ажиллах үед нь түүний гадаад дотоодын топ их сургуулиудыг дүүргэж, бүр багшлах үедээ хуримтлуулсан эрдэм мэдлэг, туршлагаас гадна аливаад хандах хандлага, ёс зүй, үнэ цэнийг эрхэмлэсэн зарчимч шинжийг нь харж мэдэрч, үргэлж суралцахыг хичээсээр ирсэн билээ. Тиймдээ ч хүсэж тэмүүлж байсан тэтгэлэгтээ материал бүрдүүлэхдээ тодорхойлох захидлаа чухам түүнээр л бичүүлж байсан минь санаандгүй хэрэг биш.

Энэ эрхэм бол Содномдаржаагийн Даваасүрэн. Англи, АНУ-д эрдмийн зэрэг хамгаалж, МУИС-д эдийн засгийн онолын тэнхимд багш, дэд профессор, тэнхимийн эрхлэгчээр ажиллаж байсан тэрээр 2016-2019 онуудад Санхүүгийн Зохицуулах Хорооны даргаар ажилласан юм. Энэ хугацаанд Монголын санхүүгийн зах зээл тоон үзүүлэлтийн хувьд ч, чанар агуулгын хувьд ч огцом үсрэлтийг үзүүлж, түүний удирдлаган дор урт хугацаанд ч үр өгөөжөө өгөхүйц олон хөтөлбөр амжилттай хэрэгжсэн хэмээн дүгнэх нь бий. Даваасүрэн багш өдгөө нийгэмд өөрчлөлтийг дагуулах түүчээ нь болох итгэл өвөрлөн УИХ-ын сонгуульд Сүхбаатар дүүрэгт бие даан нэрээ дэвшүүлэн өрсөлдөж байна.

Байршил: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг

Эрхэлдэг ажил: Эдийн засгийн ухааны доктор, Санхүүгийн зохицуулах хорооны дарга асан

Хэрэглэдэг гар утас: iPhone X

Сошиал хуудсууд: Sdavaas (Facebook,Twitter, Instagram)

Таны карьераас бид юуг мэдэх ёстой вэ?

Залуу үеийхэндээ эрдмийг түгээн дэлгэрүүлэх, багшлах буянтай үйлсэд 20 гаруй жил зүтгэсэндээ баярлаж явдаг. Тийм ч учраас миний санаанд одоог хүртэл хувийн секторт ороод ажиллая даа гэсэн бодол орж ирж байгаагүй. Нэг замаараа л тууштай зүтгэж байна.

Ажлын гараагаа МУИС-ийн Эдийн Засгийн Сургуулийн Эдийн засгийн онолын тэнхимд багшаар эхэлсэн. Америкт бас хэсэг багшилсан юм. Дэлхийн Банк, Азийн Хөгжлийн Банкны төсөл хөтөлбөрүүд дээр төслийн ахлагч, судлаачаар ажиллаж байлаа. Ер нь миний амьдралд тэр боломжийг алдчихлаа, тийм юм хийдэг байж дээ гэсэн харамсал байдаггүй. Хийе гэдэг шийдвэрийг гаргасан л бол түүнийгээ гүйцээхийн тулд бүхнээ зориулдаг хэрэг.

Бусдад мэдлэг, мэдээллийг дэлгэрүүлэхийн тулд өөрийгөө маш сайн хөгжүүлэх ёстой. Тийм ч учраас Англид Манчестерийн Их Сургуульд Эдийн Засгийн Ухааны магистр, АНУ-д Нью Хемпширийн Их Сургуульд Эдийн Засгийн Ухааны докторын зэрэг хамгаалсан.

2016 оноос Санхүүгийн Зохицуулах Хорооны даргаар ажиллаж, улс орноо төлөөлөн Дэлхийн Санхүүгийн Хүртээмжийн Байгууллагын (AFI Global) захирлуудын зөвлөлийн 9 гишүүний нэгээр 2 удаа сонгогдож, Хүртээмжтэй Даатгалын Азийн орнуудын байгууллагын даргаар ажиллаж байсан.

Таны ажлын дундаж өдөр хэрхэн өнгөрдөг вэ?

Даваа гараг бүр өглөө 4 цагт босож тухайн 7 хоногт хийх ажлаа төлөвлөх, шийдвэрлэх асуудлаа бодож тунгаах цагийг өөртөө гаргадаг. Бусад өдрүүдэд бол оройдоо нэлээн сууж ажиллана. Ажлын өдрүүдэд бол дунджаар 10 гаруй цагийг ажилдаа зарцуулдаг юм билээ. Тиймдээ ч амралтын өдрүүдээ аль болох гэр бүлдээ, үр хүүхдүүддээ бүтэн зориулахыг хичээдэг дээ. Ингэхийн тулд баасан гарагийг "fun day" биш "hard day" болгож дадсан. Өөрөөр хэлбэл хамгийн хүнд, бас урт ажлын өдөр болдог гэсэн үг.

Ажлын өдрүүдээр дараалсан олон уулзалт, хурал, зайлшгүй хийх ёстой ажлуудын хажуугаар хэсэг зуур өөрийгөө амрааж, аяга кофе уунгаа цонхоор хараад зогсож, төвлөрөх дуртай. Амралтын өдрөөр бас гэрийнхэнтэйгээ ууланд гараад алсыг харах дуртай.

Таны ажлын нөү-хау?

Эхлээд тухайн ажлыг хийх үү яах вэ гэдгээ сайн бодож байж шийддэг. За гэж хэлтлээ нэлээн бодно шүү. Нөөц боломжоо олон талаас нь тооцож байгаа хэрэг. Тэгээд нэгэнт хийе ээ гэвэл дуустал нь явдаг. Багийн гишүүддээ ч энэ шаардлагаа тавина. Судалж, тооцож байж эхэлдэг багш, судлаач хүний зан юм уу даа л гэж ойлгодог.

Миний нэг хэлэх дуртай үг байдаг юм. "Хэлсэн л бол хийдэг, амласан л бол биелүүлдэг байх ёстой". Энэ л зарчмыг аль ч түвшинд барьж ажилладаг.

ашиглахгүй байж чаддаггүй апп, хэрэгслүүд юу вэ?

Өглөө босуутаа лаптопоос илүү утсаа хардаг юм байна. Санаанд орсон зүйлээ тэр дор нь Note дээр тэмдэглэдэг. Уулзалтуудаа харин Calendar дээрээ алдалгүй төлөвлөдөг. Аль болох энгийн байхыг, энгийн зүйл хэрэглэхийг хичээдэг.

Цаг хэмнэх хамгийн сайн арга тань юу вэ?

Зохион байгуулалт гэж бодож байна. Ажлын сайн зохион байгуулаад, өөрт байгаа цаг хугацаа, нөөц боломжоо үр ашигтай ашиглахыг чухалчилдаг. Жишээлбэл олон хүнтэй ажиллаж байгаа тохиолдолд групп үүсгээд тэр дундаа асуудлаа нэг л удаа ярьчихдаг. Эдийн засагч хүнийхээ хувьд үр ашигтай байдлыг чухалчилдаг.

Миний хамгийн сайн чадварын нэг нь богино хугацаанд олон зүйлийг уншиж чаддаг. Өглөө босоод гол гол мэдээллийн сайтууд дээрх мэдээллээс хэрэгтэйгээ түүгээд гялс уншчихдаг. Бас би хүнийг гайгүй таньж чаддаг гэж боддог. Тавхан үгэн дээрээ танигдаад байна гэж дуулдаг ардын дууг би эш татаж ярих дуртай. Магадгүй энэ хүнийг энд суулгаж байснаас тэнд аваачаад тавьчихвал илүү бүтээмжтэй юм болов уу гэсэн бодол төрөх жишээтэй.

хийх ажлаа хэрхэн төлөвлөдөг вэ?

Өмнөх 7 хоногт болсон зүйлсээ тунгаадаг. Тэрэн дээрээ үндэслээд ирэх долоо хоногийн төлөвлөгөөгөө гаргаж, чухлаар нь эрэмбэлж, хойшлуулшгүй, гол ажлууд дээрээ эхэлж анхаарч ажилладаг. Даваа гараг бүр өглөө эртлэн босдог нь бас ийм учиртай юм.

эрч хүчээ хэрхэн сэлбэдэг вэ?

Миний хүч ганцаараа байхад сэлбэгддэг. Олон хүн бужигнаж, хөл толгой нь мэдэгдэхгүй үед хэсэг зуур ганцаараа өөр өрөөнд ороод, төвлөрөхөөрөө би эрч хүчээр цэнэглэгдчихдэг юм. Хэн ч саад болохооргүй тухтай сууж болох буланд ном уншаад тайван суух бас их сайхан амралт болдог. Богино хугацаанд дуг хийгээд авахад л хүчээ сэлбээд нөхчихнө шүү.

Бүр илүү сэргэлт авах арга маань байгальд гарч алхах гэж боддог. Энэ үе миний хувьд шинэ санаа, шинэ сэдэл төрдөг торгон агшин байдаг юм.

үндсэн ажлынхаа хажуугаар дурлаж хийдэг төсөл/ажил юу вэ?

Үндсэн ажлынхаа хажуугаар санхүү, эдийн засаг, хөгжлийн асуудлаар судалгааны ажлууд байнга хийдэг. Тоо баримтад суурилсан, үндэслэлтэй дүгнэлт, сонирхолтой өнцгүүдийн эрэлд гардаг гэсэн үг.

Хамаатныхаа хөгшчүүлийг байнга цуглуулж, халамжлах ажлыг сайн дураараа хийдэг. Хэсэг азнаад л тэд нартайгаа уулзана. Нэг талаар ахмадуудынхаа үгийг сонсож нэгийг тунгаана, нөгөө талаар тэднийхээ нийгэмших хэрэгцээг хангаж тусалдаг гэж хэлж болно.

хийж буй ажлын онцлог юу вэ? эерэг сайн ба хэцүү бэрхшээлтэй талууд?

Миний хийж буй ажил цаг тутам бодож сэтгэж, шийдэл гаргаж, цуглуулсан мэдээлэлдээ дүн шинжилгээ хийж байхыг шаарддаг. Цаг үеэсээ хоцорч болдоггүй, тогтмол мэдээлэлтэй байх ёстой ажлууд. Тиймдээ ч өөрийгөө байнга хөгжүүлж, тогтмол суралцдаг. Дээр нь бас чиглэлийнхээ дагуу бусад мэргэжилтнүүдтэй мэдээлэл, санаа бодлоо солилцох хэрэгтэй болно. Илүү өндөр бүтээмжтэй байхын тулд тархиа үргэлж амрааж баймаар юм шиг санагддаг.

Судалгаа, бүтээл дээр ажиллах үед нэг асуудал дээрээ гацчихвал шийдлийг нь хайж тархиндаа хэд хоногийн турш хадаатай явах тохиолдол гарна. Түүнээсээ халширч, тойрч явах нь нэг бодлын хэцүү. Гэхдээ нөгөө талаас тэр нь нэг жигдэрчихвэл цаг хугацаа үл харгалзаад урагшлаад явчихдаг учраас гарсан үр дүнгээ харах шиг сайхан мэдрэмж ховор.

Бодож сэтгэх ажил гэдэг бол яг л тамирчин тогтмол дасгал сургуулилалт хийж, формоо хадгалдагтай яг ижил, тархиа тогтмол хөгжүүлэхийг шаарддаг. Хүн гэдсээ өлсөж байгаагаа мэдэрдэг ч тархиа ядмагхан байгааг, түүнийгээ байнга мэдлэгээр тэтгэж байхаа мартчихдаг юм шиг хааяа санагддаг шүү.

та одоо юун дээр төвлөрөн ажиллаж байна вэ?

Яг одоо би сонгуулийн компанит ажил дээрээ төвлөрч байна. Би Сүхбаатар дүүрэгт бие даан нэр дэвшиж байгаа. Хэн нэгэн хэзээ нэгэн цагт бид бүгдийн өмнөөс бүх зүйлийг өөрчлөөд сайн сайхан болгохыг хүлээх биш, өөрөө хувь нэмрээ оруулж, хийж чадах зүйлээ хийе гэж зориглосон нь энэ. Миний амьдрал, ажил энэ дүүрэгтэй л холбогддог учир энэ тойргийг сонгож, "Өөрчилье" уриан дор багаа бүрдүүлэн ажиллаж байна даа.

та өөрийгөө хэрхэн хөгжүүлж суралцдаг вэ?

Одоо эргээд харахад миний туулсан, туулж яваа карьер намайг үргэлж л өөрийгөө хөгжүүлж, тархиа тэтгэж байхыг шаардсан юм байна. Гэр бүлийн амьдралаа цогцлоож, карьерын өсөлтөө хадгалж ажиллангаа өөрийгөө тогтмол хөгжүүлнэ гэдэг чамгүй хичээл зүтгэл нэхнэ шүү. Гурван хүүхдийн ээжийн хувьд хүүхдүүддээ үлгэр жишээ сайн ээж байхыг үргэлж хичээдэг. Тэднээсээ үргэлж суралцаж, бас эрч хүч авах урамтай байдаг. Ялангуяа бага маань (цэцэрлэгийн насны) эерэг энергиэр тэтгэдэг, үргэлж миний талд л байдаг цэнэглэгч шиг л байдаг даа.

Гэрийнхэндээ зарцуулж байгаа цаг маань надад их үнэ цэнтэй учир өөр зүйлд сатаарч үрэхийг үнэхээр хүсдэггүй. Нэг бол бүгд унтсан хойно шөнө суудаг, эсвэл тэднийгээ унтаж байхад өглөө эрт босож ажилладаг. Тиймдээ ч өөрт оногдсон цагаасаа хугаслаж, унтах нойроо хагаслан өөрийгөө хөгжүүлэх цаг гаргаж байна гэсэн үг. "Мэдье гэвэл мэрийж ажилла, чадъя гэвэл чармайж ажилла" гэж миний үргэлж бодож явдаг үгийн илрэл ч гэж хэлж болно.

санал болгох ном, хөгжим, кино?

Ер нь бол би классик, поп, фолк маягийн хөгжимд дуртай. Киноны хувьд би сүүлийн үед “House of Cards”-ийг үзэж байгаа. Энэ кино маань яг одоо хийж байгаа ажилтай маань уялдаж байгаа учраас би өөрөө өөртөө санал болгож байгаа юм л даа.

Яг уран зохиолын ном гэвэл англи маягийн зохиолууд их таалагддаг. Жэйн Остины фен. Ердөө зургаахан бүтээл туурвисан ч бүгд классик хэмжээнд үнэлэгдэж, үеэс үе дамжин уншигдаж байгаа нь үнэхээр гайхалтай. Түүний зохиолоос хүн хоорондын харилцаа, сэтгэл хөдлөл, мэдрэмжээс гадна ахуй байдлын холбоосууд нь таалагддаг. Англид сурч байсан болохоор ч тэр үү, яагаад Английн уран зохиол дэлхийд үнэ цэнтэй байдаг вэ гэдгийн утга учрыг мэдрүүлэх шиг л болдог. Сонгодог зохиолууд дотроос Оросын сонгодгууд, Достоевский бол сор нь гэж боддог. "Гэм зэм", "Солиот", "Дорд үзэгдэгсэд"-ийг унших бүрд л цоо шинэ мэдрэмж өгдөг.

Мэргэжлийн номыг бол тухайн чиглэлээр нь хамгийн сүүлийн үеийн бүтээлүүдийг шүүн уншина. Алдалгүй уншихаас өөр арга байхгүй.

Сүүлийн үед хийж буй ажилтайгаа холбоотойгоор улс төрийн ном их сонирхож байна. Фрэнсис Фукуямагийн "Итгэл", "Улс төрийн тогтолцооны ялзрал", "Улс төрийн эх сурвалж", "Төрийг төвхнүүлэхүй" гэсэн тус бүрдээ хоёр дэвтэр номыг бүгдийг нь уншлаа. Стэнфордын судлаач байхаасаа л улс төрийн хэвшмэл сурах бичгийг эвдэж, тогтмол байсан асуудлуудыг арай өөр өнцгөөс хөндөж, тэр чигт нь өөрчилчихлөө л гэж хараад байна. Энэ хүн эдгээр бүтээлээрээ хэзээ нэгэн цагт Нобелийн шагнал хүртэнэ гэж итгэх болсон.

авч байсан хамгийн сайн зөвлөгөө?

Авч байсан хамгийн сайн зөвлөгөө бол аливаа юмны гараа сайн бол бариа сайн гэдэг үгс. Ерөөсөө анхнаасаа л юмыг хичээж сайн хийх юм бол сайн үр дүн өгнө гэсэн санаагаар би үүнийг ойлгодог.

Арваадхан насандаа Зүүн Германд зочилж, олон улсын хүүхдийн зусланд амран дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн үе тэнгийн олон хүүхэдтэй нөхөрлөх завшаан тохиосон юм. Дараа нь Берлиний хана нурж, тогтолцоо солигдсоны дараагаар тэр үед танилцсан багын найзуудын маань гэрийнхэн хэрхэн зүдэрч, ажилгүй болж, хаягдаж байгааг сонсоод ихэд зүрх шимширч байсан. Гэхдээ энэ нь нөгөө талаас хүн үргэлж орчин нөхцөл, байгаа цаг үедээ дасан зохицож, тасралтгүй суралцан, өөрийгөө хөгжүүлэх ёстой юм байна гэдгийг надад ойлгуулсан үйл явдал болсон доо.

бусдад шидэх санаа?

Эзэн хичээвэл заяа хичээнэ гэдэг үгийг би хэлмээр байна. Залуу хүн аливаа зүйлд зүтгэх тусам дараа, дараагийн үүд хаалга нь томоор нээгддэг. Аливаа асуудал чамаас өөрөөс чинь бараг 95 хувь хамаарна. Түүнийгээ хийж чадвал, чи бүр том, дотроо хүсэж мөрөөдөж буй тэр өөрчлөлтөө өөрийн гараар хийж чадна гэсэн итгэл суух болно.

Өөрөөсөө давж бусдад үйлчлэхэд бэлэн бол тэрнийхээ төлөө үйлдэл хийх ёстой. Яриад суух биш. Тэр л маш чухал, үйлдэл л чамайг бусдаас ялгана. Хэрэв яриад суух юм бол бусдын адил шүүмжлэгч болж л хоцрох болно. Тийм учраас хэрэв болохгүй зүйл байгаа бол чи тэрнийхээ төлөө тэмцэх ёстой, ямар нэг хичээл зүтгэл, үйлдэл гаргах ёстой.

Тиймдээ ч би өөрчлөлт, шинэчлэлтийн төлөө УИХ-ын сонгуульд нэр дэвшиж байгаа юм.

Энэхүү контентийг УИХ-ын сонгуулийн 24-р тойрог, Сүхбаатар дүүрэгт бие даан нэр дэвшиж буй Содномдаржаагийн Даваасүрэнгийн сонгуулийн штабтай хамтран бүтээв.


С.Даваасүрэнгийн сошиал хуудсууд

Фэйсбүүк: Содномдаржаагийн Даваасүрэн

Твиттер: @sdavaas

Инстаграм: @sdavaas