100 жилийн түүхтэй Санхүү эдийн засгийн их сургуулиар 27 жил овоглосон Дээгий багшийг үе үеийн багш ажилчид, төгсөгчид андахгүй мэднэ. Төсөв, мөнгөний бодлого, эдийн засгийн нөхцөл учир шалтгаан, үр дагаврын тухай олон нийтэд тайлбарлан, ярьдаг түүнийг уншигч та ч мөн олонтаа харсан байх. 

Би хэрхэн ажилладаг вэ? булангийн шинэ дугаараар эдийн засагч, санхүүч Ж.Дэлгэрсайханы ажлын арга барилтай танилцъя

Байршил: Сүхбаатар дүүрэг, СЭЗИС-ийн байр
Эрхэлдэг ажил: Багш, судлаач
Хэрэглэдэг гар утас: Galaxy Z Fold4
Хэрэглэдэг компьютер: Microsoft Surface

1. ТАНЫ КАРЬЕРААС БИД ЮУ, ЮУГ МЭДЭХ ЁСТОЙ ВЭ?

Би Улаанбаатар хотод төрж, өссөн. Аав Өвөрхангай, ээж Төв аймгаас гаралтай. Уг гарлаа яривал Өвөрхангай аймаг болж таарах байх. Миний хувьд эдийн засагч, санхүүч мэргэжил амьдралын минь хамгийн зөв сонголтуудын минь нэг. Багаасаа тоо, тооцоонд дуртай, сургуульд байхдаа тооны төрлийн хичээлүүдийг илүүтэй сонирхдог байсан нь эдийн засагч мэргэжлээр сурахад нөлөөлсөн. Тийнхүү ХААИС-ийг эдийн засагч мэргэжлээр төгсөж, 1996 оноос СЭЗИС-ийн багш болж нэг л мэдэхэд 27 жил өнгөрчээ.

Зах зээлийн шилжилтийн үе буюу 1995 онд бид гэр бүлээрээ ярилцаж, алдарт цэнхэр тасалбараараа хувьцаат компани худалдан авсан юм. Тэр шийдвэрийн дүнд 21 настайдаа томоохон хувьцаат компанийн ТУЗ-ийн дарга болж, анхны бизнесээ эхэлж байлаа. Дараа нь гэр бүлийнхэн маань бизнесээ эрхэлж би багш болохоор шийдсэн.

Багшлахын зэрэгцээ үнэт цаасны зах зээл, банк, санхүү, барилга тээврийн чиглэлээр олон ажил хийж үзсэн. Энэ хугацаанд бизнесийн байгууллагын гүйцэтгэх удирдлагын түвшинд 10 гаруй, ТУЗ, зөвлөхөөр мөн 10 гаруй жил ажиллажээ.

Олон төрлийн ажил хийдэг ч нэн түрүүнд багш, эрдэм шинжилгээний судалгаа, түүний дараа бизнес гэж эрэмбэлж болно. Өөрийгөө судлаач гэж дөвийлгөхгүй ч сүүлийн 10 гаруй жил судалгаа шинжилгээний чиглэлээр ажиллаж, чамгүй үр дүн гаргажээ. Багшийн ажлын сайхан нь үргэлж шинийг сурч мэдэж, өөрийгөө хөгжүүлж, сурсан мэдсэнээ амьдралд хэрэглэх боломж нь юм. Ялангуяа санхүү суурьтай эдийн засагчийн хувьд сурсан зүйлс нь ажил хэрэг болох бүрэн боломжтой.

2. ТАНЫ АЖЛЫН ДУНДАЖ НЭГ ӨДӨР ХЭРХЭН ӨНГӨРДӨГ ВЭ?

Миний хувьд ажлын, ажлын бус өдрийн ялгаа гэж байдаггүй. Өдөрт дунджаар 12-14 орчим цаг ажилладаг. Багшлахын зэрэгцээ олон зүйлд оролцохыг хичээдэг учраас ажлын ачаалал өндөртэй. Шинэ зүйлийг танин мэдэх, судалгааны ажил хийх, баримт боловсруулж алив зүйлийн учрыг олох нь асар их цаг хугацаа, оюуны ачаалал шаарддаг.

Өглөөний ажил 5-6 цагийн орчимд эхэлнэ. Эртэч мундагтаа бус ажлаа зөв зохион байгуулахыг хичээж байгаа хэрэг. Ажлын цаг эхлэхээс урьтаж, бусдад саад болохгүй, бусад хүмүүс ч надад саад болохгүй үед уншиж, судлах өөрийгөө хөгжүүлэх зүйлсээ хийдэг. Харин 9:00 цагаас хойш нийгмийн амьдрал эхэлж, и-мэйлд хариу өгөх, хурал зөвлөгөөн, ярилцлага, оюутнууд, харилцагч нарын уулзалтууд 17-18 хүртэл үргэлжилнэ.

Түүний дараа хамгийн чухал ажил эхэлнэ. Би найман настай хүүтэй. Хүүтэйгээ тоглож, ном уншиж, хамтдаа гэрийн даалгавраа хийнэ. Энэ бол миний амьдралын хамгийн чухал ажил гэдгийг өөртөө үргэлж сануулдаг. Ингэсээр байтал 21 цаг дөхөж унтах болно. Эрт унтаж, эрт босож долоон цагийн нойроо авах нь чухал.


3. ТАНЫ АЖЛЫН НӨҮ-ХАУ?

Долоо хэмжиж, нэг огтол гэдэг дээ. Яаж хийх аргаа олсны дараа хийж эхлэх нь миний ажлын зарчим. Хүн алдаж сурдаг гэдэгтэй санал нийлдэггүй. Бидэнд алдах цаг бага шүү дээ. Алдаагүй амьдарсан гэж хэлэхгүй ч алдахын эсрэг зогсдог. Алдаа гаргахгүйн төлөө суралцаж, түүнийгээ амьдралдаа нэвтрүүлбэл бага алдана гэж боддог.

Бас аливаа зүйлд бүтэлгүйтэж, ялагдах дуртай биш. Тиймдээ ч олон зүйл рүү үсчих дургүй, чадна гэсэн цөөхөн зүйлд төвлөрдөг залхуу зантай.

Бизнес ажил, судалгаа, төсөл эхлүүлэхдээ аливаа зүйлд онолын талаас, шинжлэх ухаанчаар хандахыг хичээдэг. Олон жил эдийн засаг, бизнес, санхүүгийн зах зээлийг судалж, олон төсөл хэрэгжүүлсэн туршлагатай боловч шинэ ажил эхлэхдээ ямагт ШУ-ны үндэслэл, онолын үзэл баримтлал, сүүлийн үеийн судалгаа, хандлагыг нягталж ажлаа эхлүүлдэг зуршилтай. Ингэж л алдаа гаргах магадлалаа багасгадаг. Болдог бол хүн бүр ийм байгаасай гэж хүсэх юм.

4. АШИГЛАХГҮЙ БАЙЖ ЧАДДАГГҮЙ АПП, ХЭРЭГСЛҮҮД ЮУ ВЭ?

Санхүүч бидний амьдрал дэлхийн эдийн засаг, хөрөнгө, мөнгөний зах зээлтэй салшгүй холбоотой. Миний хийдэг гол ажлуудын нэг нь хөрөнгийн зах зээлийн судалгаа, хувьцааны арилжаа. Тиймээс санхүүгийн мэдээлэл авах Bloomberg, Economic Times зэрэг мэдээллийн эх сурвалж, Tradingview, iBroker, Investing зэрэг арилжааны аппуудыг ашиглана. Дэлхийн зах зээлийн гол өөрчлөлтүүд биднийг унтаж байх хооронд өрнөх учир өглөө босоод юу болсныг харах зайлшгүй шаардлагатай байдаг.

Оюуны хөдөлмөр эрхлэхэд тархи нийт энергийн асар их хувийг хэрэглэдэг тухай уншиж байсан. Удаан хугацаанд сууж ажилладаг учраас хөдөлгөөнтэй байх үүднээс ашигладаг дасгалын аппууд бас бий.


5. ЦАГ ХЭМНЭХ ХАМГИЙН САЙН АРГА ТАНЬ ЮУ ВЭ?

Зөв дадлууд. Эрт унтаж, эрт босох нь цагийг үр бүтээлтэй ашиглах үндсэн арга. 24 цагийг сунгах аргагүй учраас бүтээмжээ нэмж цагаа хэмнэнэ. Шулуухан хэлэхэд би их залхуу. Нэг зүйлтэй удаан зууралдах, цаг алдахыг хүсдэггүй учраас цөөхөн тодорхой зүйл хийдэг гэж өмнө нь хэлсэн.

Мөн хийж буй ажлууд минь хоорондоо уялдаа холбоотой учир цаг хэмнэхэд дөхөм байдаг. Уншсан номоо судалгаанд ашиглаж, судалгаагаа ажилдаа хэрэглэж, уншиж олсон шинэ санаагаа төсөл болгон хэрэгжүүлэх зэргээр ажлууд маань хоорондоо нягт уялдаатай. Тиймээс ч хийж буй ажилдаа дуртай.

Хувь хүний минь онцлогоос ч тэр үү, надад элдэв чөлөөт цаг, хобби, цагийг зугаатай өнгөрөөх хэрэгцээ байдаггүй нь цагийг бүтээмжтэй ашиглахад эергээр нөлөөлдөг болов уу.

6. ХИЙХ АЖЛАА ХЭРХЭН ТӨЛӨВЛӨДӨГ ВЭ?

Би нарийн төлөвлөдөг төрлийн хүн биш. Энэ жилдээ багтааж хийх ерөнхий том ажлуудаа санаж явна. Ном унших, дасгал хөдөлгөөн хийх, эрч хүчээ сэргээх, нойрны дэглэм гэх мэт зөв дадлуудаа хадгалах, ажлаа чанартай хийх гэсэн ерөнхий зарчмаа баримтлахыг хичээнэ. Ингэж өөрийгөө байнга хөгжүүлж, аливаа зүйлд сэтгэлээсээ хандахыг хичээдэг. Ажил, амьдралдаа өндөр албан тушаал эсвэл санхүүгийн том зорилго тавьж түүндээ баригдаж, хүлэгдэх ёсгүй гэж боддог.

Харин богино хугацааны ажлаа зохицуулах шаардлагатай тул оролцох ёстой хурал зөвлөгөөн, хамтын ажиллагаа, бусад ажлуудыг хоёр долоо хоногийн өмнөөс урьдчилан сануулаарай гэж хэлдэг. Ингэж өөрийнхөө төлөвлөгөөндөө оруулна, бусад ажлаа долоо хоногоор Google Calendar-т төлөвлөдөг.

7. ЭРЧ ХҮЧЭЭ ХЭРХЭН СЭЛБЭДЭГ ВЭ?

Нэг зүйлдээ дадаж, өөр орчин нөхцөлийг таалдаггүй гэдгийг илжиг модон хударгадаа гэж ярьдаг. Дуртай зүйлээ ажил болгосон учраас би их азтай хүн. Хийхийг хүссэн зүйлээ л хийдэг учраас өөрийгөө хүчилдэггүй, өөр зүйлээс аз жаргал хайдаггүй.

Харин их ажлын дундуур дасгал хөдөлгөөн хийх тархи, биеийг сэргээдэг. Бидний ажлын онцлог нь цагийг үл ажран удаан хугацаагаар суух. Тиймээс дасгал хөдөлгөөн хийж бие, сэтгэлийн эрч хүчээ сэргээнэ. Мөн заримдаа их ажлын дараа хааяахан найз нөхөдтэйгээ ярьж суухад амарсан мэт л болдог.


8. ҮНДСЭН АЖЛЫНХАА ХАЖУУГААР ДУРЛАЖ ХИЙДЭГ ТӨСӨЛ/АЖИЛ ЮУ ВЭ?

Үндсэн ажил гэдгийг багшлах, судалгааны ажил хэмээн асууж байна гэж ойлгож хариулъя. Ихэвчлэн хүмүүс намайг багш гэдгээр нь хардаг. Багшлахын зэрэгцээ нийгэм, бизнесийн төслүүд, бизнесийн байгууллагуудын үйл ажиллагаанд оролцдог. Ер нь миний ажил нэг төслөөс нөгөө төслийн хооронд үргэлжилнэ. Тэр дундаа өөрийнхөө зөв гэж бодсон зүйлээ ажил хэрэг болгох дуртай. Одоо СЭЗИС-ийн Рио Тинто Монгол ХХК-ийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж буй сэтгүүлчдийг чадавхжуулах эдийн засгийн богино хөтөлбөр дээр ажиллаж байна. Сэтгүүлчид гэдэг улс төр, бизнесийн судалгаа шинжилгээг нийгэмд таниулах, зөв мэдээллийг түгээх гүүр нь. Эдийн засаг, нийгмийн чиглэлд мэргэшсэн сэтгүүлчид хэнээс юу асууж, хэнд зориулж, ямар бүтээл боловсруулахаа мэддэг болж байж иргэд зөв мэдээлэлтэй болж, нийгэмд ч эерэг нөлөө бий болно гэж бодон уг хөтөлбөрийг эхлүүлсэн.

Дараа нь, монголын нийгэмд хүүхэд бүр өндөр төлбөртэй сургуульд сурах боломжгүй байна. Нийгмийн гажуудал, боловсролын системээс болж тэд хохирох ёсгүй. Тиймээс нийгмийн эмзэг давхаргад амьдарч буй, сурах бололцоогүй хүүхдүүдэд боломж олгох, тэндээс авьяас, оюун ухааныг нээн гаргах ажил хийхээр бодож байна.

Мөн уул уурхай, банк санхүүгийн салбар болон бизнес эрхлэгчдийн тухайд нийгэмд үнэн, зөв ойлголт түгээх, төлөвшүүлэхэд чиглэсэн төслийн санаа байна. Гадаадын хөрөнгө оруулалт, бизнес эрхлэгчдийн талаар санаатай, санамсаргүй худал, буруу мэдээлэл түгээх нь даамжирсаар байвал улс орны эдийн засгийн хөгжилд сөргөөр нөлөөлж болзошгүй. Угтаа халамж, цалин хөлс, тэтгэвэр, сургууль, эмнэлгийн барилга гээд бүхий л зүйлс бидний “муулж” буй бизнес эрхлэгчид, татвар төлөгчдийн мөнгөөр бүтдэг гэдгийг ойлгох хэрэгтэй.

9. ХИЙЖ БУЙ АЖЛЫН ОНЦЛОГ ЮУ ВЭ? ЭЕРЭГ САЙН БА ХЭЦҮҮ БЭРХШЭЭЛТЭЙ ТАЛУУД?

Сайн багш зөв үзэл санаа, зөв төлөвшлийг нийгэмд түгээж, нөлөөлж чаддаг нь энэ мэргэжлийн сайхан нь. Бусдад заахын тулд эхлээд өөрийгөө өндөр түвшинд хөгжүүлж, мэргэжлийн мэдлэг чадварыг олж авах шаардлагатай. Харин судлаачийн хувьд батлагдаж, нотлогдсон үнэн мэдээллийг түгээж байгаа нь эерэг сайн тал болов уу. Нийгэмд хандсан судалгаа, шинжилгээ хийхэд гарсан үр дүнг олон нийт ойлгохгүй, хүлээж авахгүй, бодитоор хэрэгжихгүй байх нь сорилт болдог. Монголд салбар салбарынхаа тэргүүлэх мэргэжилтнүүдийн үгийг сонсдог, бодлого боловсруулахдаа тэднийг оролцуулдаг бол одоогийн нөхцөл байдал дээрдэх болов уу гэж хардаг.

10. ТА ОДОО ЮУН ДЭЭР ТӨВЛӨРЧ БАЙГАА ВЭ? ОЙРЫН ТӨЛӨВЛӨГӨӨ?

Монгол Улсын өнөөгийн нөхцөл байдлыг яаж засах тухай их боддог. Төсвийн институц, төрийн тогтолцоог сайжруулах талаар судалгаа хийж, докторын ажлаа ч үүнд чиглүүлээд байна.

Улс төр, бизнесийн хүрээнд батлагдсан, батлагдаагүй худал мэдээлэл, сенсацаар иргэдийг талцуулж байгаа нь нийгмийг тогтворгүй болгож байна. Улс төр, тогтолцооны гажуудал засаглалын хямралд орчхоод буруутныг бусдаас хайдаг, түр зуурын сенсац ярьдаг учир нийгмийг сэхээрүүлдэг, үнэн, зөв мэдээлэл түгээдэг суваг олон байх хэрэгтэй. Мэдээллийн найдвартай, хариуцлагатай сувгийг олон болгох бодол байна.

Олон жил мөнгө санхүү, хувьцаа, хөрөнгийн зах зээлтэй холбогдсоны хувьд судалгаа шинжилгээнд суурилсан актив удирдлагатай хөрөнгө оруулалтын компани байгуулахаар ажиллаж эхэлсэн.


11. ТА ӨӨРИЙГӨӨ ХЭРХЭН ХӨГЖҮҮЛЖ, СУРАЛЦДАГ ВЭ?

Ном унших. Ном уншихтай адил хүнийг хөгжүүлдэг зүйл одоогоор байхгүй. И.Кант нэгэнтээ “Хувь хүн тодорхой түвшинд хүрсний дараа ном уншилгүйгээр хөгжиж болно” гэсэн санагдана. Энэ нь тодорхой түвшинд хөгжсөн хүн үзсэн, мэдсэн зүйлдээ суурилан өөрийгөө улам хөгжүүлэх тухай хэлсэн болов уу.

Ном уншихаас гадна миний хувьд бүх зүйлээс ухаарал авч үлдэхийг хичээдэг. Энэ нь амьдралын бүх зүйлд хамаатай. Нийгмийн ажиглалт, эргэцүүллээс өөрийн сул талаа харж, засах сан, багасгах сан гэж боддог нь бид өөрсдийгөө ажиглахгүй, бусдыг шүүж, шүүмжлэх нь их болсон гэх дүгнэлтээс үүдэлтэй.

12. САНАЛ БОЛГОХ НОМ, КИНО, ХӨГЖИМ?

Монгол Улсын эдийн засгийн сайн, муутай талыг ялгаж харахын тулд сүүлд Нэпкогоос орчуулж гаргасан Дарон Ажэмолу, Жэймс А.Робинсоны “Улс үндэстний уналт доройтлын шалтгаан” бүтээл, Марк Скаузэний “Эдийн засгийн ухаан эдүгээчлэгдсэн замнал” номуудыг санал болгоё. Эдгээрийг уншиж, ухаарвал өнөөдрийн Монгол яагаад хөгжихгүй байгаа болон бид эдийн засгийн хүү, үнийн талаарх төөрөлдсөн ойлголттой яваагаа ухаарна.

Кино гэвэл 1980-аад оны “Amadeus” кинонд төрөлхийн суу авьяас, хөдөлмөр зүтгэлийн аль нь дийлэх вэ гэдгийг агуу Моцарт, ордны хөгжмийн зохиолч Сальери нарын тэмцлээр харуулдаг. Монголын нийгэмд шилдэг оюун ухаанууд байх ёстой байрандаа, хийх ёстой юмаа хийхгүй байгааг харьцуулж хармаар. Киноны үйл явдал нь хөдөлмөр, авьяасын тэмцэл мэт боловч Монголын нийгэмд буулган харвал нам дагасан мэдлэг боловсролгүй албан тушаалтай нэгэн шилдэг авьяас чадварыг хэрхэн булшилж болохыг харуулсан мэт санагддаг.

13. АВЧ БАЙСАН ХАМГИЙН САЙН ЗӨВЛӨГӨӨ?

Авч байсан хамгийн сайн зөвлөгөө гэвэл, 20 орчим жилийн өмнө хамт багшилж асан, хүндэлж, хайрлаж явдаг нэгэн багшийн маань хэлсэн үг санаанаас гардаггүй юм. “Дэлгэрсайхан минь, чи эдийн засаг, санхүү чиглэлдээ тодорхой хэмжээнд гүнзгийрч. Гэхдээ илүү ахья гэж бодож байвал өргөсөх хэрэгтэй” гэсэн. Үнэхээр сайн эдийн засагч болъё гэвэл, нийгэм судлал, сэтгэл судлал, улс төр, эрх зүй чиглэлээр сайжраарай гэсэн үг. Ингэж багшийн зөвлөснөөр улс төрийн философийн удиртгал номоос эхлэн улс төр, түүх чиглэлээр судалж эхэлсэн. Гүнзгийрүүлэн системтэй сурахаар МУИС-ийн Хууль зүйн сургуульд суралцаж, Удирдлагын академийн докторантурт элсэж Ш.Бира, Б.Чимэд, Лодой, Я.Долгоржав зэрэг шинжлэх ухааны тэргүүлэх эрдэмтийн сургаалыг сонссон нь аливаа асуудлыг цогцоор харах тал дээр ихээхэн нөлөөлсөн гэж боддог.

14. БУСДАД ШИДЭХ САНАА?

Бусдад зөвлөх тийм ч дуртай биш. Гэхдээ шидэх санаа гэдэг нь бусдад өөрийгөө зөвөөр хүргэх боломж санагдлаа.

Өнөөдөр бид олон талаар, олон зүйлд гүнзгий төөрөлджээ. Олон хүмүүс амжилт гэх зүйлийг эрэлхийлэх болж. Тэр хүнийхээр амжилт гэдэг нь юу ч байж болох авч ямартай ч шударга замаар түүндээ хүрээсэй гэж хүсдэг.

Хүн бүрийн гарт хүссэн амжилтаа шударга хөдөлмөрөөр бүтээх, бий болгох боломж бий. Энэ нь зөв хандлага, үнэнч, тууштай хөдөлмөрийн үр дүнд бий болдог гэдгийг уншиж буй хүмүүс ойлгож аваасай.