Манай орон байгалийн үзэсгэлэнт тогтоцтой, тал хээрт тархан суурьшсан ан амьтдын өлгий нутаг гэдгээрээ алдартай. Тиймдээ ч жил бүр мянга мянган жуулчид Монгол Улсыг зорин ирдэг. Жуулчдыг эх орондоо амар тайван, тав тухтай, сэтгэл ханамжтайгаар аялахад нь туслахаар олон аяллын компаниуд үйл ажиллагаагаа явуулж байна.  

Тэдгээрийн нэг болох Discover Mongolia Travel ХХК-ийн Үүсгэн байгуулагч Б.Барсболд бидний энэ удаагийн зочин. Түүний хүүхэд насны гэгээн дурсамжууд ирээдүйн амьдрал, карьерийнх нь шийдвэрт нөлөөлж, өдгөө бага насанд нь мөнхрөн үлдсэн тэр л Алтайн хөх нурууд, байгалийн үзэсгэлэнг аялалд дурлагчдад таниулахаар түүчээлэн ажиллаж яваа билээ.   

Байршил: Сүхбаатар дүүрэг, Метро бизнес центр
Эрхэлдэг ажил: Discover Mongolia Travel-ийн Үүсгэн байгуулагч
Хэрэглэдэг гар утас: Samsung Note 10
Хэрэглэдэг компьютер: Dell
Сошиал хуудсууд: Barsbold Baatarsuren (Facebook), Barsbold Baatarsuren (LinkedIn), Barsbold Baatarsuren (Twitter)


1. Таны карьераас бид юу юуг мэдэх ёстой вэ? 

Ховд аймгийн Алтай суманд миний хүүхэд нас өнгөрсөн. Манай гэрээс холгүйхэн ангийн отог байдаг байлаа. 1990-ээд оны дундуур манай орны байгалийн үзэсгэлэнд татагдан ан гөрөө хийхээр ирсэн жуулчдын соёл, хандлага зэргийг ихэд сониучирхан ажиж, зав чөлөө гарах бүрдээ тэдний ажилд тусалдаг байсан.

МУИС-ын Аялал жуулчлалын ангид элсэн орж, дөрвөн жил суралцаж төгсөөд мэргэжлээрээ ажиллаж, амьдрах зорилго тээн явсан ч бодит байдал төсөөлсөн шиг байгаагүй. Сургуулиа төгсөх үед буюу 2000-аад оны эхээр манай орны хөдөлмөрийн зах зээл, бизнесийн орчин одоогийнхоос арай өөр байсан юм. Мэргэжлээрээ ажиллах нь байтугай ажил олж хийх нь өөрөө томоохон асуудал байлаа шүү дээ. Худалдаа, үйлчилгээ, фм радио гээд төрөл бүрийн ажил хийх гэж үзлээ. Ер бүтэх юм биш. Харин ангийн багшийнхаа ачаар хоёр жил гаруйн хугацаанд их сургуульд мэргэжлээрээ багшилж, туршлага хуримтлуулж, судалгаа хийх боломж олдсон нь надад хамгийн том завшаан болсон. Түүнийхээ үр шимээр Black Ibex гэх анхны компаниа байгуулж байсан түүхтэй. Түүнээс хойш 20 гаруй жил салбартаа үнэнчээр ажиллаж хөдөлмөрлөсөөр өдийг хүрлээ.

2. Таны ажлын дундаж нэг өдөр хэрхэн өнгөрдөг вэ? 

Ажил дээрээ ирмэгцээ хар кофе чанаж уугаад өдрөө эхлүүлдэг. Энэ зуур багийн ажлын төлөвлөгөөтэй танилцаж, мэдээлэл авахаас гадна өөрийн ажил болон уулзалтын төлөвлөгөөг гаргадаг. Ажлын үйл явц болоод үр дүнг үнэн бодитой дүгнэхийн тулд өдрийн 30-40 хувийг ганцаарчилсан болон багийн уулзалтуудад зарцуулдаг. Бусад үед нь оффистоо болон гадуур харилцагч байгууллагуудтай уулзалт товлоно. Жилийн төлөвлөгөө, зорилтууд дээрээ төвлөрч суух, тунгааж бодох байдлаар үлдсэн хугацаагаа өнгөрүүлдэг. Харин төгсгөлд нь тухайн өдрөө дүгнэж, маргаашийн ажлаа төлөвлөснөөр нэг өдөр дуусна.


3. Таны ажлын нөү-хау?  

“Ажлыг хийсэн шиг хийх” гэж хүмүүс ярьдаг даа. Миний хувьд аливааг бүтээлч, өөр өнцгөөс харах дуртай. Яагаад ийм аргаар хийж болохгүй вэ? Яаж илүү сайжруулж хийж болох вэ? гэдгийг олон талаас нь бодож үзэх хэрэгтэй юм шиг санагддаг. Энэ арга барил маань ажлыг зөв аргаар илүү бүтээмжтэй дуусгахад тус болдог юм.

4. Ашиглахгүй байж чаддаггүй апп, хэрэгслүүд юу вэ? 

Бид анхнаасаа дижиталд суурилсан стратегийг үйл ажиллагаандаа баримталсаар ирсэн тул аль болох технологитой ойр байхыг хичээдэг. Тиймдээ ч олон төрлийн аяллын аппуудыг тогтмол ашиглаж байна. Байгууллагын дотоод харилцаандаа Slack болон Google-ийн бүх программыг өргөн хэрэглэдэг. Харин чөлөөт цагаараа тархиа амраах зорилгоор гар утасны Lichess аппаар шатар тоглох болон ном унших дуртай.


5. Цаг хэмнэх хамгийн сайн арга тань юу вэ? 

Хүн бүр уг асуултад ижил хариулт өгөх байх. Цаг хэмнэх хамгийн сайн арга бол гарцаагүй төлөвлөлт. Тухайн өдөр ямар ажлууд дээр төвлөрөхөө урьдчилан төлөвлөснөөр богино хугацаанд өндөр бүтээмжтэй ажиллана.

Хоёрхон минутын жижиг ажлууд ч багийн ажлыг урагшлуулах чухал алхам болдог учраас удаан хугацаа шаардахгүй хялбар даалгавруудыг тухай бүрд нь гүйцэтгэхийг илүүд үздэг.

6. Хийх ажлаа хэрхэн төлөвлөдөг вэ? 

Оффист ажилладаг хүн өдөрт дунджаар 50-80 жижиг ажлыг амжуулдаг гэсэн тооцоо байдаг бөгөөд тэр хоорондоо гол ажлуудаа орхигдуулах талтай учраас манай хамт олон Big 3 гэх төлөвлөлтийн аргыг ашигладаг. Энэ нь улирал, долоо хоног, нэг өдрийн төлөвлөгөөг тус бүр гаргаад тэдгээрээсээ хамгийн том гэсэн гурван ажил дээр төвлөрдөг аргачлалыг хэлж байгаа юм. Ингэж төлөвлөснөөр бүгд бие биеийнхээ өдрийн ажлуудыг харах боломжтой болдог.

7. Эрч хүчээ хэрхэн сэлбэдэг вэ? 

Цэнэг авах хамгийн чухал зүйл бол нойр. Хүний тархи хамгийн их ажилладаг, тэр хэрээрээ хамгийн их ядардаг учраас урд өдөр нь эрт унтаж, сайн нойр авч чадсан бол тухайн өдөр эрч хүчтэй, ажлын өндөр гүйцэтгэлтэй байж чадна. Оройтож ажилласнаас болоод хангалттай нойр авч чадаагүй тохиолдолд өдрийн цагаар 30 минут дуг хийх тохиолдол ч бий. Харин урт хугацааны цэнэг, эрч хүчээ сэлбэхийн тулд гэр бүлээрээ гадаад руу аялдаг. Өөр улс оронд аялаж байхад ажил хэрэг болоод амьдралдаа хэрэгжүүлж болох гайхалтай шинэлэг санаа, бүтээлч сэдлүүд төрдөг. Одоогийн байдлаар 56 орноор аялсан байна.


8. Үндсэн ажлынхаа хажуугаар дурлаж хийдэг төсөл/ажил юу вэ? 

Цөөн хэдэн байгууллага тусдаа биш салбараараа хамтдаа хөдлөхийг шаарддаг салбар. Тиймээс зөвхөн байгууллагадаа бус салбартаа өндөр оролцоотой байх ёстой тул Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн тэнхимийн Аялал жуулчлалын зөвлөлийн дарга, Аялал жуулчлалын мэргэжлийн холбооны удирдах зөвлөлийн гишүүн гэх албан тушаалуудыг давхар хашдаг.


9. Хийж буй ажлын онцлог юу вэ? Эерэг сайн ба хэцүү бэршээлтэй талууд? 

Их сургуульд байхад багш маань манай мэргэжлийг эмчтэй адилтган тайлбарладаг байсан юм. Учир нь эмч хүн хүний биеийг илааршуулж, эдгээдэг бол аялал хүнийг дэлхийн соёл иргэншилтэй танилцуулж, шинийг танин мэдэхэд нь тусалж, оюун санаанд нь эерэгээр нөлөөлдөг.

Нөгөөтэйгүүр аялал жуулчлал бол хүн төвтэй бизнес. Нэг аяллыг зохион байгуулахад зочид буудлын харуул, рестораны зөөгч, хөтөч зэргээс эхлээд 30 орчим ажлын байр оролцдог. Тэгэхээр энэ олон салбарын уялдаа холбоо, хамтын ажиллагааг хангаж ажиллах нь маш нарийн зохицуулалтыг шаардана. Аль нэг үйлчилгээн дээр гарсан доголдол тухайн аялагчийн сэтгэл ханамжид шууд нөлөөлөх эрсдэлтэй тул асар их үүрэг хариуцлагатай ажил.

10. Та одоо юун дээр төвлөрч байгаа вэ? Ойрын төлөвлөгөө? 

Сүүлийн гурван жилийн хугацаанд Ковидын нөхцөл байдлаас шалтгаалан аялал жуулчлалын салбар хамгийн их уналтад орсон. Тийм учраас бид үйл ажиллагаагаа эргэн сэргээхэд багагүй хүчин чармайлт гарган ажилласны үндсэн дээр одоо харьцангуй тогтворжиж, жуулчдын урсгал эргэн сэргэж байна.

Одоогоор бид цар хүрээгээ тэлэн Discover World групп компани болох зорилго тавьж байгаа бөгөөд Монголын жуулчдыг гадаадад аялуулах буюу Аутбаунд салбарт манай Discover World Travel ХХК үйл ажиллагаа явуулж буй. Мөн Хятад болон Тайланд улсуудад Discover China, Discover Thailand гэх олон улсын аялал жуулчлалын бизнесүүдийг эхлүүлэхээр ажиллаж байна.

Discover World Travel гадаад аяллын салбараар дамжуулан Монголын аялагчдад олон төрлийн шинэлэг аяллууд болон шинэ маршрутыг нээх хөгжүүлэлтүүдийг хийж байна. Вьетнам, Малайз, Япон, Солонгос, Хятад, Энэтхэг, АНЭАУ, Турк, Казакстан, Европын холбооны улсууд гэх мэт 10 гаруй улс руу аялал зохион байгуулж байгаагийн дотор өнөөдрийн байдлаар Малайз улс дээр төвлөрөн хосуудад зориулсан хөтөлбөрийг санал болгож буй нь тун сонирхолтой, шинэлэг байж чадаж байна.


11. Та өөрийгөө хэрхэн хөгжүүлж, суралцдаг вэ? 

“Өнөөдөр суралц, маргааш хэрэгжүүл” гэх зарчмыг баримталдаг. Унших дуртай, жилдээ 20-30 ном уншчихдаг. Мөн HBR, Sloan Management Review гэх мэт цахим товхимлуудаас мэдээлэл авдаг.

Өнгөрсөн есдүгээр сард Jack Welch Management Institute (Стрэйр их сургуулийн дэргэдэх)-д Бизнесийн удирдлагын чиглэлээр мастераа хамгаалсан нь өөрийгөө хөгжүүлэхийн тулд хийсэн хамгийн том алхам болсон болов уу.

12. Санал болгох ном, хөгжим, кино? 

Сонирхуулахад, сүүлийн таван жил миний ширээний номоор тодроод буй General Electric компанийн Гүйцэтгэх захирал Jack Welch-ийн бичсэн “Winning” гэх номыг Монголын хэвлэлийн тэргүүлэгч компани болох Нэпко-той хамтран Монгол уншигчдад хүргэхээр санаачлан ажиллаж байна. Бизнесийн ертөнцөд амжилт үзүүлж, ялагч нь байх талаар өгүүлэх асар хэрэгцээтэй ном учраас залуу бизнес эрхлэгчдэд зориулан орчуулахаар шийдсэн хэрэг. Ирэх нэг сараас бэлэн болох төлөвлөгөөтэй байна.

Хөгжмийн тухайд цаг зав гарвал машиндаа relax house төрлийн зөөлөн хөгжмүүд сонсох дуртай. Намуухан аялгуутай боловч эрч хүч өгдөг.

Киноны хувьд Unbroken гэх киног санал болгож байна. Гүйлтийн спортоор хичээллэдэг залуу цэрэгт татагдсанаар далай дунд 47 хоног хийлдэг завин дээр нөхдийн хамт гацаж, амьд үлдэхийн тулд тэмцэх шаардлагатай болдог. Энэ түүхэн баримтат кино хүний тэсвэр тэвчээр дундаршгүй бөгөөд итгэл найдвар хамгийн сүүлд мөхдөг гэдгийг харуулдаг.


13. Авч байсан хамгийн сайн зөвлөгөө? 

Одоогоос хориод жилийн өмнө болсон үйл явдал. Дашваанжил компанийн захирал Н.Баатаржав гуай манай нутгийн ах л даа. Намайг шатар тоглодог болохоор тоож, хааяа ганц нүүдэг юм. Аялал жуулчлалын салбарын судалгаа хийгээд гүйж байсан шинэхэн төгсөгч байхад минь энэ үгийг хэд хэдэн удаа хэлж байсан юм. “Хичээж байгаа хүнийг л бурхан хардаг юм.” Хэдий цаг хугацаа өнгөрсөн ч энэ үгийг хэзээ ч мартдаггүй.

14. Бусдад шидэх санаа? 

Залуусыг илүү бүтээлч, илүү сониуч байгаарай л гэж захих байна. Учир нь миний хувьд сониуч зан болон ойлгож суралцахыг хүссэн тэмүүлэл маань олон боломж, үүд хаалгыг нээж өгсөн гэдэгт итгэдэг. Аливаа зүйлийн нарийн утга санаа, түлхүүрийг нь олж мэддэг байвал илүү олон зүйлийг өөртөө нээж чадна. Тэгж байж амжилтын суурь бий болно гэж боддог.