Монгол Улсын Их сургуулийн монгол хэл, уран зохиолын ангийг төгссөнөөс хойш хагас зуун жилийн хугацаанд профессор Сэндэнжавын Дулам монгол хэлтний оюуны ертөнцөд хамгийн идэвхтэй нөлөө бүхий, бичгийн хүмүүсийн нэг байсаар иржээ. Өрнө, дорнын олон оронд уригдан лекц уншиж, олон академик зэрэг дэвийг хүртэж, нэгэнтээ Монгол Улсын Их хуралд сонгогдон хууль тогтоогчоор ажилласан удаатай ч, их сургуулийн танхимд, эх хэл соёлоо судалж, түгээх амьдралын зам сонгосон шавь нарынхаа өмнө л С.Дулам багш хамгийн чухаг ажил үйлсээ бүтээж иржээ. Судлах, багшлах нь ямагт нэгдүгээрт гэсэн зарчимтай.

С.Дулам багш өрнийн утга зохиолын онол, дорнын утга зохиолын түүхийн тулгуур сурах бичгийг бичсэн хүн. Монгол аман зохиол, ялангуяа туулийн сүүлчийн сонгодог төлөөлөгчидтэй уулзаж, судалгааных нь үр дүнд Монгол домог зүйн суурь онол боловсорч, улмаар нь тэр нь бэлгэдэл зүйн судалгааны нэгэн дэг сургуулийг үүсгэсэн билээ. Түүний заах арга бол төрөлхийн өгөгдөл. Хэл соёлдоо чинхүү хайртай, түүнийгээ ертөнцийн хүний онол номоор шүүн тунгаасан баялаг мэдээлэл, харьцуулалтыг түүний лекцийн нисэх мэт өнгөрөх хугацаанд оюутнууд олж авдаг. Үүн дээр бөө мөргөл, угсаатны зүйн судалгаа, хүн судлалын салбарт бэлтгэсэн шавь нарыг нь дурдах хэрэгтэй.

Маш нягт нямбай, алсын хараатай туулсан С.Дулам багшийн хагас зуун жилийн замналаас суралцах зүйл их бий. Тэр “их” зүйлээс өнөөдрийн “Би хэрхэн ажилладаг вэ?” буланд чадах ядахаараа нээхийг хичээх болно.

Байршил: Монгол, Улаанбаатар хот
Эрхэлдэг ажил: СУИС-ийн Бүжгийн урлагийн сургуулийн Ардын урлаг, бүжиг судлалын профессорын багийн ахлагч, тэргүүлэгч профессор.
Хэрэглэдэг компьютер: MacBook
Сошиал хаягууд: Sendenjav Dulam (Фэйсбүүк)



1. ТАНЫ КАРЬЕРААС БИД ЮУГ МЭДЭХ ЁСТОЙ ВЭ?

Миний найз, Францын Хүндэт Легионы одонт эрдэмтэн Изабель Бианки гэдэг хүний хэлэх дуртай нэг үг бий. “Туйлын аз жаргалтай хүн гэж ямар хүнийг хэлэх вэ гэвэл ажил хобби хоёр нь давхацсан хүнийг хэлнэ” гэж. Энэ их оновчтой үг. Өөрөөр хэлбэл эрхэлдэг ажил ба хийх дуртай, сонирхолтой зүйл нь давхацсан бол тэр их азтай хүний шинж. Тэгэхээр би өөрийгөө их азтай хүн гэж боддог. Миний өөрийн үндсэн ажил монгол утга соёлын судалгаа. Гэтэл миний бас нэг чухал сонирхол бол настай буянтай өтгөс буурлуудтай уулзаж, үгийг нь сонсох. Сүүлдээ бүр тэдэнтэй ярих арга барилтай болчихсон. Мэнд ус мэдэхээс эхлээд л. Сэтгэлийнх нь чанад утсыг тон хийлгэж байгаад хэдэн үг унагааж авах чинь бас л яггүй арга барил шаардана.

Гэхдээ мэдээж үүнийг дан ганц аз гэж хэлж бас болохгүй юм аа. Дунд сургуулийн сурагч байхад түүхийн багш маань эртний Грекийн домгийн Геракл баатрын олон гавьяа, тэнгэр, газрыг мөрлөн зогсоо Антей баатар хэмээх хүчтэний тухай домог ярихад цээжин дотор минь нэг юм буцлах шиг болсон. Тоонд сайн хүүхэд байсан ч их сургуулийн монгол хэл, уран зохиолын ангид орсон. Тэнд сурч байхад Монголд домог зүй гэж бий юу гэсэн зүй ёсны асуулттай тулгарсан. Туульс байхад домог зүй байх ёстой. Ер нь тэр үед монгол домог зүй бол аль нэг угсаатны бүлэгт нь л бий, Энэтхэг, Төвөдөөс зээлдмэл зүйл гэсэн санаа зарим гаднын эрдэмтдээс мэр сэр цухалздаг байсан. Гэтэл манай аман зохиолын судалгаа, эмхтгэлд домгууд маань байгаад байдаг. Энэ нь их эргэлзээ төрүүлсэн, эргэлзсэн учраас эрж хайсан. Эрхүүгийн их сургуулиас эхлээд Москвагийн Лениний нэрэмжит номын сан, Москвагийн их сургуулийн номын сан, Санкт-Петербургийн их сургуулийн “Монгол фонд”-д байдаг архивын материалуудыг үзэж байж монгол домог зүй гэж тусдаа домог зүй бий гэдгийг эх хэрэглэгдэхүүн, эх сурвалжаар баталсан “Монгол домог зүйн дүр, утга зохиолын уламжлал” сэдвээр эрдмийн зэрэг хамгаалсан. С.Ю.Неклюдов, Г.И.Михайлов нарын томоохон эрдэмтэд “Монгол домог зүйн талаарх дэлхийд бие даасан анхны ганц сэдэвт зохиол мөн” хэмээн үнэлсэн. Энэ судалгаа бол миний цаашдын ажил, амьдралын үндэс байсан. Тэртээ олон жилийн өмнө тавдугаар ангийн сурагчид анх төрсөн “нэг юм буцлах шиг мэдрэмж” л намайг өдий дайны судлаач болох замд хөтөлсөн хэрэг.



2. ТАНЫ АЖЛЫН ДУНДАЖ НЭГ ӨДӨР ХЭРХЭН ӨНГӨРДӨГ ВЭ?

Хүмүүн гэдэг бодгаль өөр өөрийн өссөн төрсөн ахуй, соёл уламжлал, хувь хүний биологи, физиологийн онцлогоосоо хамаараад аж төрөх, ажиллах арга барил нь давтагдашгүй. Учир нь хүнийг үйлдвэрийн бүтээгдэхүүн шиг хэвлээд, цутгаад гаргах боломжгүй. Тиймээс л ажиллах арга барил нь давтагдашгүй, өөр өөр байх ёстой. Тиймдээ ч миний ажлын арга барил бүх хүнд хэв дардас шиг сайхан таарахгүй. Зарим хэсэг нь санаа авмаар байж магад. Түүнээс биш нийтэд түгээмэл тохирохгүй байх.

Хүнийг шар шувуу хүн, болжмор хүн гэж хоёр төрөлд хуваадаг гэж яриа бий. Үдэш орой унтдаг, шөнө дөл хүртэл суугаад байдаг-шар шувуу хүн. Эртхэн унтаад эртхэн босдог-болжмор хүн. Би хар багаасаа л болжмор хүн. Хүүхэд байхын л шөнө болтол дэгдээд байдаггүй эрт унтаад эрт босдог байсан. Тэр арга барил, хэв маягийг насан туршид баримталж байна. Нас ахих тусам цаг нь улам наашлаад л. Хуучин бол 22 цагийн үед унтдаг байсан. Зарим хүн эрт гэж ярихгүй байх. Одоо бол наашлаад л байна. Наашлах нь надад их зохиж байна. Хүний залуу нас, өтөл нас хоёр чинь адилгүй. Гэхдээ хэв маяг нь хадгалагдаад байдаг аж.

Би малчин айлын хүүхэд. Угаас мал бэлчээрт гаргаж байхад унтаж байгаа хүн нүдний булай болно шүү дээ. Тиймээс эрт босох шаардлагатай. Унтамхай хүнийг залхуу, залхаг гэж үздэг хэвшил манай хөдөөд байсан. Би монгол маягаар хэлбэл, “хэн хүн босоогүй, хэрээ шаазгай идэшлээгүй” цагаар буюу 04.00-05.00 цагийн хооронд босдог. Энэ цагт гэрийнхэн бүгд сайхан нойрсож байна. Гэрээс гадуурх амьтан хүн ч ид унтаж байна. Утас дуугарахгүй. Телевиз радио хангинахгүй. Зочин гийчин хаалга нүдэхгүй. Тэгэхээр энэ үе бол хамгийн тайван амгалан, юм бодох төвлөрөх боломжтой цаг. Энэ цагтаа л өөрийнхөө хамгийн дуртай хайртай ажлаа хийдэг. Тийм учраас хичээл ном найман цагт эхэлнэ үү, есөн цагт эхэлнэ үү хамаагүй тэр хүртэл нэлээн юм хийж, бүтээж амждаг. Энэ цаг байгаагүй, энэ цагийг ашигладаггүй байсан бол миний бүтээлч хөдөлмөр нэлээд их чирэгдэж, хоцрох байсан гэж бодож байна. Энэ цагт босож ажлаа эхлүүлэхийн тулд бүтэн нойр авч, харьцангуй эрт амрах хэрэгтэй.

Одоо СУИС-д ахисан түвшинийнхэнд хичээл орж байгаа. Өмнө нь МУИС-д хичээл ордог байхдаа би хичээлийн цагийг голдуу өглөөгүүр тавиулчихдаг байсан. Одоо ч гэсэн хэвээрээ л дээ. Танхимаар ордог байхад яг тэр хэвшлээр явдаг байсан. Харин онлайнаар орж байгаа үед арай аажуурах тал байна.



3. АШИГЛАХГҮЙ БАЙЖ ЧАДДАГГҮЙ АПП, ХЭРЭГСЛҮҮД ЮУ ВЭ? 

Ажилдаа “Macbook" компьютер хэрэглэж байна. Хөнгөн нимгэн болохоор ийш тийш авч явахад амар байдаг юм. Тэгээд хүнээс илүү ч юу байх вэ дээ. Хэрэглээний програм хангамж, оффисын бүл програмаар гол ажлаа нугалчихна.

Би энэ хазсан алимны зурагтай эдтэй их эрт учирсан л даа. Одоо зургаа дахь компьютероо хэрэглэж байна. 1985 онд Парист багшаар очихдоо л компьютер гэдэг юмны барааг анх харсан. Парисын хаяа хот Нантеррт байдаг угсаатан судлал, социологийн лабораторид профессор Роберт Амайоны багийг Монгол-Франц толь зохиоход туслалцах үеэрээ дөрвөлжин хайрцаг шиг юман дээр ажиллаж байхтай таарсан хэрэг. Макентош компьютерын анхны загварыг туршаад өөрсдийнхөө саналыг хэлээрэй гэж бэлэглэсэн байсан юм билээ. Тэгэхэд бичгийн машин дээр ажилладаг байсан надад хамгийн сайхан санагдсан юм нь нэг хэсэг цогцолборыг тодруулж байгаад ганц цохиод өөрийнхөө хүссэн газар байрлуулчихна, алдаа мадгийг тэр дор нь янзалчихна. Тухайн үедээ би үхэхээсээ өмнө нэг ийм юм хэрэглэж үзэх сэн, мань мэтэд олдох нь ч өдий биз дээ гэж бодож байж. Гэтэл өнөөхийг чинь хэдэн янз, маркаар нь хэрэглэлээ. “Apple”-ийн анхны зөөврийн компьютерын хувилбарыг аваад нар гарч байлаа. Одоо ч зуслангийн байшинд музейн үзмэр шиг юм байгаа. “Apple” компани хуучин цагийнхаа бүтээлийг цуглуулбал нэг их үнэрхэлгүй өгчихнө өө.

Бас миний судалгааны ажилд зайлшгүй хэрэгтэй төхөөрөмж бол дуу, дүрс бичлэгийн хэрэгслүүд. Хээрийн шинжилгээнд дуу хураагууртай явахгүй бол болохгүй. Үлгэр хэлдэг, тууль хайлдаг хүмүүстэй уулзаж, бичиж авна. Би хамгийн анх 1983 онд Ховд аймгийн бүх сумаар явсан. Стандарт зайгаар ажилладаг “Crown” дуу хураагууртай явсан. Урианхайн их туульч Авирмэд гуайгаас туульсын тухай ярилцлага авч, “Наран хөвүүн хан” туулийг нь бичиж авч байлаа. Тэр жил нэлээн олон хүнээс тууль бичиж авсан. Тэр үеийн аппарат маань одоо бодоход их болхи, хөндлөнгийн чимээ шуугиан их бичнэ. Тэгээд сүүлдээ сонирхогчийн камераар бичлэг хийх болсон. Д.Лхагвасүрэн гэж гадаад хэлний лабораторид ажиллаж байсан үеийн минь нөхөр бичлэг хийдэг байлаа. Сүүлд энэ ажлыг Д.Бум-Очир гэж залуу залгаж аваад, антропологичийнхоо замд орсон доо.

4. ЦАГ ХЭМНЭХ ХАМГИЙН САЙН АРГА ТАНЬ ЮУ ВЭ?

Миний номын багш Чойжавын Лувсанжав багшийн сургаал юм даа. Гудамжны булангаар хүний бараа харагдангуут л уулзалгүй зөрөх талаар боддог, ер нь бол багш минь хүнээс их зугтана. “Найз нар гэдэг цагийн хулгайч” гэх англи зүйр үгийг их хэлдэг байлаа. Ер нь нэг уулзсан хүнтэйгээ аятайхан мэнд ус мэдээд, чухал сонин мэдээгээ солилцчихвол хэрэгтэй хэрэггүй хов жив ярьж цагаа үрэх дэмий. Энэ бол багшаас минь надад уламжлуулсан цаг хэмнэх нэг арга гэх үү дээ. Над шиг нас ахиж байгаа хүнд цаг, минут бүр үнэтэй. Үнэтэй учраас хэрэгтэй юманд л зарцуулмаар. Тийм ч учраас хэвлэл мэдээллийн байгууллагуудын ярилцлагын урилгаас зугтдаг болчхоод байна.

5. ХИЙХ АЖЛАА ХЭРХЭН ТӨЛӨВЛӨДӨГ ВЭ?

Ажлын төлөвлөгөөгөө компьюютерын цаглабар дээр хөтөлдөг. Мөн хүмүүсийн бэлэглэсэн цаглабар дээр ажлаа жагсааж бичнэ. Мартахгүйн төлөө шүү дээ. Хуучин бол ажлын төлөвлөгөөгөө бичдэггүй, данхар толгойдоо хамгаа багтаачхаад хэргийг нь гаргадаг байсан бол нас ахиад зарим юмыг нь мартагнаад, хүний ажил цалгардуулж магад гээд цаглабар дээр цаг, минутаа очих газартай нь бичдэг болсон.

Түүнээс гадна миний ажлын салшгүй хэсэг болсон хээрийн шинжилгээ байна. Эхлээд хээрийн шинжилгээнд хэзээ, хаашаа явахаа төлөвлөх хэрэгтэй. Нэг удаагийн явалтаараа нэлээн олон зүйл амжуулахыг хичээдэг. Хээрийн шинжилгээг олон жилийн өмнөөс нухацтай төлөвлөж ирсэн. Жил жилээр нь очих газар, зорилго, чиглэлээ бодно.

6. ЭРЧ ХҮЧЭЭ ХЭРХЭН СЭЛБЭДЭГ ВЭ?

Хар багаасаа л би зүгээр суухыг үзэж чаддаггүй байсан. Одоо ч тэр “Би яагаад зүгээр суугаад байна, яг одоо юу хийгээд байна?” гэх асуултыг өөртөө байнга тавьдаг. Энэ асуулт намайг дайчилдаг. Ухасхийлгэж босгодог. Бичгийн ширээ, номын сан руу алхуулдаг. Өөртөө тавьдаг энэ асуулт маань миний хүүд халдварласан байна билээ. Д.Бум-Очир маань нэг удаа “Би өөрөөсөө, яагаад зүгээр суугаад байгаа юм?” гэж асуудаг болчихлоо гэж хэлж байсан.

Үүнээс гадна би дээр өгүүлсэнчлэн эрт унтах дадалтай. Эрт амрах гурван шалтгаан бий. Нэгд, бие хамгийн сайхан амарч, тавирдаг цаг бий. Тэр цагийг алдахгүйн тулд эрт амарч байгаа юм. Хоёрт, идэш уушны талаас их оройтсон хоол унданд дарагдчихгүйн тулд. Түүнээс нь өмнө унтчихвал их хэрэгтэй. Тэгэхгүй бол гэдэс дотрын ачаалал ихдээд “идэшний зүүд” зүүдэлнэ. Би зүүдний бэлгэдэл судалдаг хүн. Унтсаны дараах зүүдийг монголчууд “идэшний зүүд” гэж нэрлэдэг юм. Энэ зүүдэнд ямар нэгэн зөн билиг гэж байхгүй, хоосон хар дарж зовно. Гуравт, өглөө босоход нойр хангалуун байх чухал. Тиймээс өглөө босох цагаасаа хумслахгүйн төлөө эртхэн амардаг.


1984 он. Ховд аймгийн Дуут сум. Өв тээгч Паарайн Наранцогт цуурдаж буй нь

7. ХИЙЖ БУЙ АЖЛЫН ОНЦЛОГ ЮУ ВЭ? ЭЕРЭГ САЙН БА ХЭЦҮҮ БЭРХШЭЭЛТЭЙ ТАЛУУД?

Би анх буддын гүн ухаан судлаач болмоор байсан юм. Төвөд хэл нэлээн үзээд Нагаржунайн зохиолоор одоогийнхоор бакалаврын ажил хийж байв. Тэгээд түүхийн хүрээлэнгийн Буддын судлалын секторт намайг авъя гэж эрдэмтэн нарийн бичгийн дарга байсан, “Халх товчоон”-ыг зохиосон Д.Гонгор гуай нэлээд хөөцөлдсөн. Гэтэл миний багш Чой.Лувсанжав, Б.Ринчен нар “Одоо бол бичгийн дурсгалууд хаа нэг газрын номын санд байж л байгаа. Харин хамгийн яаралтай, хамгийн эмзэг, нэн даруй олж хамгаалууштай юм юу вэ гэхээр хүний цээжинд, аманд явж буй соёл. Үүнийг яаралтай хурааж, хумьж авахгүй л бол удахгүй хүнтэйгээ цуг алга болно” гэж захисан. Тэдний гэрээс, айлдварын дагуу хөдөө гадаа явж, хүн ардтай уулздаг ажилтай болсон. Өв тээгч, авьяас билигтнүүд надад байцаагдах гээд энүүхэнд эргэлдэж байна гэж байхгүй. Алс хязгаарт бий тул тийшээ явах хэрэгтэй. Яваад очиход хүн болгон дуртай нь аргагүй хамаг юмаа ярихгүй. Тэднийг яриулах хэрэгтэй. Мэргэн багш нарын захиас үнэн байж. Аман соёл маань асар хурдан ууршин алга болж байна. Би 1984 онд Увс аймгийн сумдаар явах үедээ Өлгий сумын Нуурын булаг гэдэг газар Очир гэдэг ганцхан өвгөнөөс “Баруун монголын арван гурван хүлгийн дуу”-г бичиж авч билээ. “Арван гурван шарга морь”-оор эхлээд “Арван гурван бор морины дуу”, “Арван гурван хээр морины дуу” хэмээн үргэлжилсээр нийлээд 169 дуу болно. Ганцхан хүнээс л үгтэй, аятай нь олж авч чадсан юм сан. Гэтэл 2004 онд яг 20 жилийн дараа Увс аймгийн Өлгий суманд очоод яг өнөө нутагтаа дууны эхийг сонсох санаатай айл, саахалтаар яваад, яваад олж сонсож чадаагүй дээ. Ямар хурдан алга болж байгааг харж байна уу? Энэ эмзэг чанар л миний ажлын хамгийн том бэрхшээл юм даа.

Өөр нэг бэрхшээл байсан. 1984 онд Увс аймгаар явж байхдаа Наранбулаг сумын Ямаан самган гэж нэг удган хүн байдаг гэж дууллаа. Жигтэйхэн сонирхоод хайж хайж нэг өдөр гурван аараг толгойн дунд бор гэр байхыг олсон. Яваад орсон чинь нэг настай эмгэн баруун талынхаа орон дээр цаашаа хараад унтаж байгаа бололтой. Нэг залуухан хүүхэн гал түлээд, цай чанаад сууж байна. “Ямаан самган гуайнх мөн үү?” гэтэл, “мөн” гэнэ. Самган гуайгаас өөрийнхөө бүхий л аргыг хэрэглэж, ойрад бөө гэж ямар юм байдгийг яриулчих санаатай нэг өдөржин асуугаад бараг юм сонсож чадаагүй. Ярьж өгдөггүй. Тэгээд яахав дэвтрийн тал хуудас юм бичиж авсан. Одоо ч надад бий. Томилолтын цаг хугацаатай. Үг дуугарахгүй хүнийг ядраагаад, өөрийгөө ч зовоогоод ч яах вэ гээд явсан л даа. Сүүлд нь сонсох нь ээ, аргагүй байсан юм билээ. Увс аймгийн НАХЯ-ны хэлтсээс хоёр, гурван сарын өмнө давхиж ирээд Ямаан самганыг баривчилж, байцааж, ард түмнийг мухар сүсгээр мунхруулж бөөлдөг, мэргэлдэг хэмээн айлгаж, ичээсэн хэрэг. Бүр хувцас, хэрэглэлийг нь хурааж аваад, гал түлж байсан залуухан бүсгүйг нь намд элсүүлээд, самганыг элдэв балай юм хийхийг нь болиулах хэрэгтэй, хэрэв хийвэл дээш мэдэгд гэсэн даалгавар өгчхөөд явсан байгаа юм. Цаанаа хөөрхий юм яримаар юм шиг оргиод буй хэрнээ амнаас нь үг гарч өгөхгүй байсан нь тийм учиртай байж. Гэхдээ Батын Ямаан гэх тэр самган бол миний амьдралдаа анх уулзсан жинхэнэ бөө байсан. Энэ бол системийн, үзэл суртлын бэрхшээл. Харин 1990-ээд оноос хойш үед юм их сайхан болсон. Би Дархад, Буриадад очиж, цаатнуудаар явж, одоогийн мэдэж, сурсан хамаг зүйлээ олсон.

Манай найз, судлаач Роберт Амайон залуудаа Монголд ирэхэд, гадаад хүнийг Улаанбаатараас гадагш 30 километрээс цааш явуулж болохгүй гэсэн журамтай байсан. Харин Амайон замын машинд суугаад алга болсон. Араас нь НАХЯ-ынхан үхэн хатан хөөцөлдөж барьж авсан ч гэдэг билүү яриа байдаг. Уг нь бол эрдэмтэн хүний гол хээрийн шинжилгээ нь Улаанбаатарт биш хөдөө шүү дээ. Иймэрхүү бэрхшээл байсан.

Харин эерэг тал гэвэл, судалгаа миний хамгийн их сонирхдог зүйл, ажил биш байсан ч хувиараа хийх л байсан зүйл юм. Настан буурлууд, өв тээгчдээс хэн ч, хэзээ ч, хаана ч сонсож байгаагүй алт эрдэнэс мэт зүйлийг түүж, цуглуулж авдаг. Хүн болгон янз бүрийн үнэт эдтэй байдаг байх л даа. Цагаан хаш хөөрөг, урт цагаан соруултай гаанс гэх мэт. Харин миний хамгийн үнэтэй цэнтэй зүйл бол настан буурлуудын цээжинд хадгалагдаж байгаа монгол уламжлалт соёл, эрдэм мэдлэгээс өчүүхэн ч атугай хэлтэлж үлдсэн маань л юм. Тэднийг сонсоод, ярилцаад суухад хэзээ ч уйдаж байгаагүй. Хэзээ ч залхаж, ядарсан удаагүй.

8. ТА ОДОО ЮУН ДЭЭР ТӨВЛӨРЧ БАЙГАА ВЭ? ОЙРЫН ТӨЛӨВЛӨГӨӨ?

Соёл урлагийн их сургуулийн албан хаагч болоод ямар ажил хийх вэ гэдэг талаар багагүй бодсон. Ингээд монгол бүжгийн уламжлал хаана явна гэдэг дээр анхаарал хандуулахаар шийдсэн юм. Мэдээж хэрэг олон монгол угсаатан лугаа адил олон ардын бүжиг байна. Ойрадын бий биелгээ, Шинжааны савардан, Хүрээ хошууны андай бүжиг, буриадын ёохор, еэхэр гэх мэтчилэн маш олон бүжиг бий. Тэдгээрээс нааш уламжилсан тайзны бүжиг, сургуулиуд хаана байна. Тэрнээс өмнөх монголчуудын өвөг дээдэс байж болох хүмүүсийн бүжгийн хөдөлгөөний үлдэгдэл хаана байна гэх мэтчилэн бодох болсон. Ингээд судлаад байхлаар эртний бүжгийн дүрслэл хадны зурагт байна гэж ойлгосон. Бэлгэдэл зүй судалсан минь аминд орж байгаа юм л даа. Өөрөөр хэлбэл, дүрсийн болоод дохио зангааны бэлгэдэл хадны зурагт байна. Хүмүүсийн хөдөлгөөн, дохио зангааны дүрс нь байж байна. Түүнээс эш аваад, тайлан тайлбарлаад тэр цагийн хүний бүжгийг амилуулж болмоор санагдаж, зохиол бичээд орчин цагийн урлаг соёлын контент болчихмоор оргиод. Тэр дагуу “Гурамсан бүжгэн жүжиг” хийнэ гэсэн амлалт өгөөтөхлөө. Төслийнхөө нэрийг “Тэнгэрийн хүүхдүүдийн бүжиг” гэж нэрлэсэн. Яагаад тэр нэрийг өгсөн бэ гэвэл манай монголчууд хадан дээрх зураг дүрсийг “Тэнгэрийн хүүхдүүдийн бичиг” гэж хэлдэг. Судалгаа хийж, зохиолыг нь бичсэн төслийн маань төгсгөл анги нь болох “Босоо цагаан гурвалжин” бүжгэн жүжгийг сая тайзнаа тоглолоо. Энэ жүжгийн санааг Хэнтий аймгийн Батширээт сумын нутаг Биндэр уулын зүүн урд байрлах Рашаан хадан дээрх үй олон тамганы дүрсээс авсан. Тэнд зөвхөн тамга гэхэд нэг хадны элгэн дээр 250 гаруй байгаа. Тамганы дүрсийг хөдөлгөөнд оруулахаар монгол бүжгийн ямар хөдөлгөөн гарах нь вэ гэсэн асуултад шавь нар, хамтран зүтгэгчид минь хариулт эрж, ажилласан. Сая докторант М.Мөнгөнцэцэг маань яг ийм сэдвээр докторын зэрэг хамгаалсан. Харин бүжгийн урлагийн сургуулийн захирал Д.Баярбаатар маань энэ “Босоо цагаан гурвалжин” бүжгэн жүжгийг тамгадын дүрсээс санаа авч дэглэсэн.

Өөр анхаарал хандуулан ажиллаж байгаа өчнөөн олон юм бий. Жишээлбэл, Дорноговь аймгийн Эрдэнэ суманд хилээс нэлээн ойрхон хэдэн залуучууд нийлээд “Шамбала 2056” нэртэй “Land Art” буюу орон зайн урлагтай хослуулан халуун говьд мод тарьж байна. Энэ бол тэрбум модны уриалгаас өмнө 2016 онд эхэлсэн ажил. Гэхдээ зүгээр нэг мод тарихгүй, орон зайн урлаг бүтээж тарьж байна. Орон зайн урлаг бүтээхээр дүрсийн бэлгэдлийг мэдэх хэрэгтэй болно. Миний хийсэн бэлгэдлийн судалгааны ботиуд руу орсон юм билээ. Гурвалжин дүрс юуны бэлгэдэл юм, онгин тамга юуны бэлгэдэл юм, байгальтай хэрхэн уялдах юм гэдэгт би хариулт өгч, тэд урлагаа бүтээж байгаа. Эрдмийн зөвлөлийн дарга гэдэг үүрэгтэй. Ингэж байтал УДЭТ-аас дуудаж уран сайхны зөвлөлийнхөө гишүүн болгочихсон. Шинэ бүтээл тавигдахын өмнө хяналтад нь орж, зөвлөгөө өгдөг, санаа оноогоо нэмэрлэдэг ажил бас байна.

Хамгийн чухал ажил маань болох бэлгэдэл зүйн судалгаагаа хийж байна. Уг нь бол бүхэл бүтэн институтийн хийх ажил шүү дээ. Судалгааны үргэлжлэл “Ургамлын бэлгэдэл” гэж өгүүлэл бичээд “Профессорын өв” цувралаар хэвлэгдсэн зургаан боть номынхоо нэгэнд нь оруулсан. Судлах зүйл их байна. Хамгийн наад зах нь яс эрхтний бэлгэдэл гэж лут юм байна. Монголчууд чинь мал ахуйгаа шүүслээд идээ ундаа болгохоороо чоно шиг зулгаадаг улс биш шүү дээ. Яс эрхтэн болгон нь бэлгэдэлтэй. Хамгийн жижигхэн шагайнаас эхлээд тойг хүртэл. Энэ бэлгэдлийг судлах хэрэгтэй. Тэгээд “Яс, эрхтний бэлгэдэл” гэж өгүүлэл бичиж гаргасан. Гэхдээ энэ нь цаашлаад нутаг нутгийн өвөрмөц онцлогоор баяжиж үргэлжлэх судалгаа. Бэлгэдэл зүйн судалгаа дуусах боломжгүй. Тиймээс зарим хэсгийг нь шавь нартаа шилжүүлж байна. Давааны цаад руу тонгойчхоос нь өмнө тогтоочих гээд оролдоод байгаа юм шүү дээ.

2010 он. Хөвсгөл аймгийн Галт сум. Монгол сударын хээрийн шинжилгээ.

9. ТА ӨӨРИЙГӨӨ ХЭРХЭН ХӨГЖҮҮЛЖ, СУРАЛЦДАГ ВЭ?

Миний хамгийн эрхэмлэдэг зүйл хээрийн шинжилгээ. Хээрийн шинжилгээгээ сайн хийж чадаагүй байж судалгаа руу орно гэдэг аргамж, чөдөргүй байж морь адгуулах гэснээс өөрцгүй. Жишээлбэл, 1983 онд би Ховд аймгийн бараг бүх сумаар, 1984 онд Увс аймгийн бараг бүх сумаар явсан юм. Нэг удаа явахад хөлс хүч, тээврийн хэрэгсэл гээд зөндөө юм ордог тул дахиж ингэж явах боломж гараа ч уу, үгүй ч үү гэж бодоод өөрийнхөө мэдэхийг хүссэн, сонирхсон зүйлээ нэг мөр мэдэж, судлахыг хичээсэн. Ирээдүйд хэрэг болох, болохгүй нь хамаагүй асуудалд аль болох өргөн өнцгөөр хандаж, тэмдэглэл хөтлөхийг хичээдэг юм.

Насан туршдаа л суралцаж явна. Ер нь тэгээд ч суралцана гэдэг чинь зузаан, зузаан боть уншаад суухын нэр биш байх. Яах вэ, хаа нэгэн газар нь орох л байх. Гэхдээ зүгээр л эгэл жирийн хүмүүсээс, хүүхдүүдээс хүртэл суралцаж болохоор байна. Хүүхдийн сэтгэлгээ гэдэг чинь домог зүйн сэтгэлгээний садан төрөл. Эргэн тойронд буй хүүхдүүдээсээ ч сурмаар юм их байна. Жирийн хүмүүсээс суралцах юм зөндөө байдаг юм билээ. Монгол өвгөчүүлээс суралцаж дуусахгүй гэдгийг би ойлгосон. Өвгөдөөсөө би хамгийн их сурсан.

10. САНАЛ БОЛГОХ НОМ, ХӨГЖИМ, КИНО?

Ном: Яруу найраг сонирхдог хүмүүсийг Шарль Бодлерыг л уншаасай гэж боддог юм. Шарль Бодлер, Поль Верлен хоёр л миний хамгийн унших дуртай найрагчид. Тэдний номонд яруу найраг жинхэнэ утгаараа байна л гэж ойлгодог.

Хэл соёлын судалгаа руу орох гэж байгаа залуус “Ардын аман зохиолын чуулган” гээд ШУА-аас гаргасан хэдэн ботийг уншиж, тэндээс эхэлж судлагдахуунаа ойлгох хэрэгтэй. Мөн “Монгол тууль” 12 боть ном гарсан. Тэндээс л эхлэх хэрэгтэй. Гэхдээ судалгаатай унших хэрэгтэй л дээ. Судалгаа хийх гэж байгаа хүний уншлага, сонирхож уншиж байгаа хүний уншлага хоёр өөр. Туульсын тогтмол хэллэгүүдийг их анхаарч уншмаар байгаа юм. Туульсын үг хэллэг дотор их утга учиртай юм зөндөө байна.

“Тагнайн таван судаснаас нь
Тавгийн шар хальсыг нь хүртэл шинжээд...” гэсэн мөр жишээ нь юуг хэлээд байна? Бараг л рентгенд харчхаж байгаа юм шиг дүрслэл байна.

Берлинд “Музейн арал” гэж бий. Тэр аралд дээр Трой хотын тухай тусгай салбар байдаг юм билээ. Анх Туркийн Анатолигоос хэсэг овоолоостой шороо олоод малтлага хийтэл гарсан эд өлгийн зүйлс нь Хомерийн туульсын дүрслэлтэй таарч эхэлсэн. Энэ талаар таамаглал дэвшүүлсэн хүнийг салбар даяараа шоолсон. Гэтэл сүүлдээ тэндээс гарсан хундага, хүзүүний зүүлт зэрэг олон эд зүйлс Хомерийн дүрслэлтэй яг цав таарснаар бууж өгсөн. Үүнтэй агаар нэгэн монгол туульд гараад байгаа дүрслэл, эд өлгийн зүйл нь туульсын хэтрүүлэг юм уу, чимэг төдий биш, бодит зүйлс юм. Үүнийг би археологийн судалгаагаар ярайтал гараад ирнэ гэж боддог хүн л дээ. Ирээдүйд магад би үгүй, та нар байх биз, туульсын дүрслэлд гараад байгаа эд зүйлс ялангуяа Хангайн нурууны 2000 гаруй булш, бунхан дотроос гарна. Хэрэвзээ та бүхэн энэ ярилцлагын дараагийн зочныг урих хүсэлт тавивал археологийн судалгаанд ихээхэн дэвшил гаргаж буй Цагааны Төрбатыг санал болгох байна.

Хөгжим: Миний хөгжим санал болгох гэж хаашаа харсан юм байхав. Ажиллаж байхдаа хөгжим сонсдоггүй. Өөрийнхөө доторх хөгжмийг л сонсоно уу гэхээс биш, ямар юмных нь өрөөлийн хөгжмийг сонсох сөхөө байхав. Харин ажлын бус цагаар бол сонсоно шүү. Нэг хэсэг би Бетховены “Сарны сонат”-д их дуртай байсан. Бага хүүгийн нөлөө л дөө. Хүү минь гэв гэнэтхэн төгөлдөр хуураас салахаа больчихсон. Ф.Шубертын “Серенадаг” ч юм уу, Ф.Шопены “Waltz Opus 64, No. 2”-г хүүгийнхээ нөлөөгөөр сонсох дуртай болсон.

Мөн Монголынхоо уртын дуу, ардын дуунд их дуртай. Н.Норобанзад гуайн “Уяхан замбуутивын наран”, Б.Лхамжав гуайн “Шалзат баахан шарга”, Ж.Дорждагва гуайн “Дуртмал сайханд” ч гэх юм уу, тодорхой уран бүтээлчийн тухайлсан ганц нэг дуунд сэтгэл уягддаг болчихлоо. Нас ахихаар тэгээд яах аргагүй уртын дуунд дуртай болдог юм байна шүү.

Кино: Холливудын сүүлийн үеийн кинонууд надад гайхалтай санагдах боллоо. Яагаад гэвэл миний судалдаг домог зүй гэдэг юм чинь амилж босож ирээд байна. Жеймс Камероны “Аватар” гэдэг кино байна. Үндсэндээ л Монгол домог зүйн өгүүлэмжүүд яваад байна шүү дээ. Би зүгээр үзээд өнгөр гэж байгаа юм биш. Домог зүй, уран сэтгэмжтэй нь холбон бодож үзээч л гэж санал болгох гэж байна. Холливудынхан чинь дэлхийн хамаг үнэт эрдэнэс, домог зүйг хүртэл ашигласаар чинээнд нь тулгаж байна. Одоо л монгол домог зүйгээрээ сайхан кино хийвэл Холливудынхаас дутахгүй юманд хүрэх гээд байна даа. Домог зүйг социализмын үед ойлгож өгдөггүй зовлонтой байсан. Яг “Mythology” гэдэг утгаар нь ойлгодоггүй, шашин, мухар сүсэг гэж хараад болж өгдөггүй байсан. Энэ сэдвээр манайд эрдмийн зэрэг хамгаалахад маш хүнд. Ямар сайндаа л би хойшоо давхиж очиж хамгаалах вэ дээ. Тэнд чинь шал өөр шүү дээ. Жинхэнэ мэргэд байдаг газар. Энэ бол бүх хүн төрөлхтний өмч шүү дээ.


2013 он. Хөвсгөл аймгийн Цагаан уул сум.

11. АВЧ БАЙСАН ХАМГИЙН САЙН ЗӨВЛӨГӨӨ?

“Монгол соёлын хамгийн үнэ цэнэтэй, нарийн нандин зүйл хүн ардын маань цээжинд байна. Хүний цээжинд байгаа соёлыг элэрч балрахаас нь өмнө яаралтай хурааж, хумьж, хойч үедээ үлдээхгүй бол хүнтэйгээ цуг алга болох нь” гэх Чойжавын Лувсанжав, Бямбын Ринчен багш нарын маань зөвлөгөө энэ насны минь турш намайг дагаж яваа.

Б.Ринчен багш маань өндөр сүүдэртэй болсон үед л бид нэгэн агаарт аж төрж байж. Тэр үедээ манай их сургуульд хичээл ном зааж байгаагүй. Би Б.Ринчен багшаас юу ч асуухгүй, ганц удаа үгийг нь сонсохгүй, зэрэгцэж амьдарч таарахгүй, тийм хариуцлагагүй амьдарч таарахгүй гээд нэг аятай сайн өдөр сонгоод, намрын нэг сайхан нарлаг өглөө гэрт нь очсон чинь үүд нь онгорхой байх юм. Тэр үед чинь хотынхон үүд хаалгаа дангинуулдаг цаг. Шууд орчих хэцүү. Хаалгыг нь зөөлхөн шиг гурав тогшлоо. Тэгсэн саяхан боссон бололтой, цээж нүцгэн үүдээ нээж байх юм. Настай хүнийх гэмээргүй тэвхгэр цээжтэй, цагаан сахал намируулсан хүн, “За морилон саатна уу” гэж байна. Би ч яваад ортол өөрийнхөө номын өргөөндөө намайг орууллаа. Би бас хэрэндээ хөөрхөн асуулт бэлдчихсэн. Ер нь жаахан сүрдэнгүй байсан. Ширээн дээр нь Оросын “Наука и жизнь” (Шинжлэх ухаан, амьдрал) сэтгүүл дэлгээтэй байх юм. Юм асуугаагүй шахуу байтал, “Хүн төрөлхтөн гал гэдэг юмыг 500 мянган жилийн өмнө хэрэглэж байсан бололтой юм” гэж байна. Өнөө сэтгүүл дээрх өгүүллээсээ л уншсан бололтой. Тэгээд яриа хөөрөө эхэлсэн. Би ч өөрийнхөө хүссэн, зорьсон асуултыг асуусан. Их сонирхолтой, холоос хариулдаг хүн юм билээ. Би ч тэмдэглэл хийж авсан. Одоо ч бий. Ойрмогхон тэр тэмдэглэлээ яриа хэлбэрээр ч юм уу нийтлүүлэх санаатай байна. Тэр цагаас хойш нүүр хагараад уулзаж, юм хум асуудаг, заримдаа утсаар асуудаг болсон. Тэр үед л надад хэлж, захиж байсан юмных нь нэг нь дээр давтан хэлээд байгаа үг.


12. БУСДАД ШИДЭХ САНАА?

Хоёр санаа хэлье дээ. Соёлын бүтээлч үйлдвэрлэл гэж сүүлийн үед их ярих болжээ. Хамгийн багаар бодоход Монголд 250 гаруй баатарлаг тууль байна. Дэлгэрэнгүй тоолбол 400 гаруй бий. Хэдэн арван мянган үлгэр байна. Энэ чинь соёлын үйлдвэрлэлийн үндэс. Үүнийгээ дэлгэрүүлэх талаар ултайхан бодож хөдлөх хэрэгтэй байна. Зөвхөн киногоор ч уран сайхны нөөц нь шавхагдашгүй асар их баялаг юм.

Ер нь залуучуудад нэг л гэм бий. Гэр дотроо байгаа хүнийг голдог. “Өө манай эмээ юу, юугаа мэддэг юм”, “Өө манай энэ үхэх гэж байгаа өвгөн үү, юугаа мэдэхэв дээ” гэдэг. Хазгар өвгөнд эрдэм, хангинуур чавганцад шид бий. Тиймээс өвгөчүүлээс юм асууж, сураглах хэрэгтэй. Гэр доторхоо голохоос гадна хүүхдүүдийг голдог. Хөдөө гадаа очоод настай хүнтэй уулзаж, их юм олж авна гэж бодоод тэрүүгээр харайлгаад, дүрсгүйтээд яваа хүүхдийг ер нь тоохгүй шинжтэй. Уг нь бол хүүхдүүд хүнд хэрэгтэй юм хэлдэг байхгүй юу. Ер нь хүнээс юм суръя гэж бодож байгаа бол хүн битгий голж байгаарай гэж л зөвлөх байна.


С.Дулам багшийн хөвгүүд болох хүн судлаач Д.Бум-Очир, маркетер Д.Бум-Эрдэнэ нар өмнө нь манай “Би хэрхэн ажилладаг вэ?” буланд оролцож байв. Тэдний ярилцлагатай доорх линкээр орж танилцаарай.

Би хэрхэн ажилладаг вэ? - МУИС-ийн Антропологи, археологийн тэнхимийн эрхлэгч, доктор, профессор Д.Бум-Очир

Би хэрхэн ажилладаг вэ? - MMCG судалгааны компанийн гүйцэтгэх захирал Д.Бум-Эрдэнэ