Бид шинэ дугаарынхаа зочноор хөгжлийн эдийн засгийн чиглэлээр салбартаа 15 жил ажиллаж буй нэгэн эрхмийг урилаа.   

Тэрээр АНУ-ын Коннектикутын коллежид эдийн засагч, математикч мэргэжлээр бакалавр, Харвардын Их сургуульд хөгжлийн эдийн засгийн чиглэлээр мастерын зэрэг тус тус хамгаалсан. Дийлэнх уншигчид маань түүнийг Шинэ Сэргэлтийн Бодлогын Хурдасгуур Төвийн Захирал байснаар нь мэдэх ба карьерынхаа туршид салбараасаа халилгүй, Монгол Улсын хөгжил дэх эдийн засгийн оролцоог хангах үйлсэд хүчин зүтгэсээр байгаа билээ.  

Байршил: Центрум тауэр, Сүхбаатар дүүрэг
Эрхэлдэг ажил: Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн бодлогын зөвлөлийн ажлын албаны дарга
Хэрэглэдэг гар утас: iPhone 14 Pro
Хэрэглэдэг компьютер: Lenovo ThinkPad X1
Сошиал хуудсууд: Баасандаваагийн Дөлгөөн


1. таны карьераас бид юу юуг мэдэх ёстой вэ?

Намайг бага ангийн сурагч байхад Монгол Улс зах зээлийн шуургад өртөж, дотоодын эдийн засаг бараг 30 хувиар унасан санагдаж байна. Их ч олон хүн ажилгүй, амьдралгүй болж, “траншейны хүүхдүүд” гэх нэр томьёо хүртэл гарсан. Одоо бодоход, эдийн засгийн ухаанаар эх орноо хөгжлийн замд нь оруулах хүсэл мөрөөдлийнхөө эхлэлийг тухайн үед тавьсан шиг санагддаг.

Эдийн засагч мэргэжлээр АНУ-д суралцаж, эх орондоо ирээд “Nasdaq Omex” гэх хөрөнгийн биржийн групп компаниас мэргэжлийн карьераа эхэлж байлаа. Мэргэжлээрээ ажиллаж байх хугацаандаа эдийн засгийн холбогдолтой ном товхимол АНУ-аас захиж авчруулан уншиж судалдаг байсан ч чухам аль онол нь манай оронд тохирох вэ? гэх асуултынхаа хариуг олж чадахгүй л байв. Завшаантай нь, яг зөв цагтаа олон улсын томоохон судалгааны компанийн эрдэмтэнтэй өөрт тулгараад буй асуудлынхаа тухай ярилцсан юм. Түүний зөвлөсний дагуу Харвард, Принстонын Их сургууль руу материалаа илгээж, улмаар олон улсын хөгжлийн эдийн засгийн чиглэлээр мастер хамгаалахаар Харвардын Кеннедигийн Их сургуулийг зорьж байлаа.

Мэргэжил дээшлүүлж ирснээсээ хойш "Тэнгэр Капитал" ҮЦК-ийн Дэд захирал, "BGP Peak" ХХК-ийн Гүйцэтгэх захирал, Эдийн засаг, хөгжлийн сайдын Зөвлөх, Шинэ сэргэлтийн бодлогын Хурдасгуур төвийн захирал зэрэг албанд хүчин зүтгэсэн байна.

Эдийн засгийн чиглэлээр мэргэжил эзэмшсэн хүнийг эдийн засагч гэхгүй. Харин аливаа асуудлыг эдийн засгийн ухаанаар тайлбарлаж чаддаг хүнийг эдийн засагч гэнэ.

2. ТАНЫ АЖЛЫН ДУНДАЖ НЭГ ӨДӨР ХЭРХЭН ӨНГӨРДӨГ ВЭ?

Өглөө 06:30-д босдог дадалтай. Ирэх сард Вьетнамд зохиогдох Ironman хэмээх триатлон тэмцээнд оролцохоор зэхэж байгаа учир долоо хоногийн гуравт нь өглөөдөө 30-60 минут дугуй жийж байна. Одоогоор сонгуулийн кампанит ажил үргэлжилж байгаа тул бэлтгэлээсээ үргэлжлүүлэн автобусны буудал, цэцэрлэг, сургууль орчимд ард иргэдтэй уулзана. 09:00-ийн үед ажилдаа ирээд судалгааны ажилдаа төвлөрч байгаад үдээс хойш иргэдтэй уулзах ажил үргэлжилнэ. Өчигдөр л гэхэд 23:30 хүртэл уулзалт хийж, 00:00 гэхэд штаб дээрээ багаараа уулзаад 00:30-ийн үед ажил дууссан.

Сонгуулийн бус үеэр өглөө 08:00-д хүүхдээ цэцэрлэгт нь хүргэж өгөөд ажил руугаа явна. Дотоод, гадаад уулзалт, судалгааны ажилдаа төвлөрч байгаад 20:00 цагийн үед ажлаа дуусгаад гэртээ ирдэг.


3. ТАНЫ АЖЛЫН НӨҮ-ХАУ?

Хамгийн чухал, нэн яаралтай ажлуудаа түрүүлээд дуусгавал бусад жижиг ажлууд аандаа бүтээмж дунд “шингэчихдэг”.

Нэг ийм жишээ байдаг. Их сургуулийн оюутнуудад хоёр төрлийн овоолоостой чулууг нэг шуудайнд багтааж хийх даалгавар өгчээ. Эхлээд жижиг чулуу, дараа нь том чулуу гэсэн дарааллаар хийсэн оюутнууд бүх чулууг шуудайнд багтааж чадалгүй үлдээж байсан бол хамгийн томуудыг нь эхэлж хийгээд араас нь дунд зэрэг, хамгийн дээр нь жижиг чулуунуудыг хийсэн оюутнууд овоолоостой бүх чулуугаа шуудайндаа багтааж чаджээ.

4. АШИГЛАХГҮЙ БАЙЖ ЧАДДАГГҮЙ АПП, ХЭРЭГСЛҮҮД ВУ ВЭ?

Audible - Аудио номын апп
TCB - Хятад хэлээ сэргээж үзэлгүй арван жил өнгөрсөн болохоор хэлний түвшин маань өдөр тутмын ярианаас хэтрэхээ больж. Тиймээс сүүлийн үед энэхүү аппыг ашиглаад хятад хэл дээр сонин унших түвшинд хүрэхээр зорьж байна.
Economist - Эдийн засгийн шинжилгээ бүхий нийтлэлүүдийг нэг бүрчлэн уншиж амжихгүй болохоор зам зуур сонсонгоо алхдаг.


5. ЦАГ ХЭМНЭХ ХАМГИЙН САЙН АРГА ТАНЬ ЮУ ВЭ?

Хийх ёстой ажлаа хүний нөөцдөө зөв хуваарилах нэн чухал. Миний хувьд багийнхнаа чиглүүлэх, зөвлөх ажлуудад төвлөрдөг бөгөөд ингэснээр өөрийн цагийг хэмнээд зогсохгүй ажилтнуудынхаа ур чадварыг нэмэгдүүлж, туршлагажуулах боломж гэж хардаг.

Дэвтэр дээр тэмдэглэл хөтлөхөд дараа нь ямар дэвтрийн аль хэсэгт бичсэнээ хайж олох гэж цаг алдахаас гадна үргэлж биедээ авч явахад төвөгтэй болохоор iPad тогтмол ашигладаг.

6. ХИЙХ АЖЛАА ХЭРХЭН ТӨЛӨВЛӨДӨГ ВЭ?

Google Calendar дээр төлөвлөдөг. Ер нь цахим платформууд нь агуулж буй мэдээллээ төвөггүй хуваалцах боломжтой гэдгээрээ тун давуу талтай. Зарим уулзалтын үеэр асуудлынхаа гүн рүү хэт ороод, цагийн баримжаа алдах эрсдэлтэй байдаг ч Google Calendar 15 минутын өмнө дараагийн ажлыг сануулаад өгдөг учраас том чулуунуудаа түүж ярих замаар төлөвлөгөөгөө алдалгүй ажилладаг.

7. ЭРЧ ХҮЧЭЭ ХЭРХЭН СЭЛБЭДЭГ ВЭ?

Амралтын өдрүүдээр гэр бүлдээ чанартай цаг зарцуулахыг хичээдэг. Тухайлбал, ууланд алхах, цэцэрлэгт хүрээлэнд тоглох, дугуй унах гэх мэтээр. Залуучууд фитнест төмөр өргөдөг бол би хүүхдүүдээ үүрээд ууланд алхах байдлаар дасгал хийдэг. Хувийн туршлагаас харахад дулааны улиралд хүүхдүүдээ агаар салхинд их гаргавал өвөлдөө ханиад томуу тусах нь ховор байдаг шүү.

8. ҮНДСЭН АЖЛЫНХАА ХАЖУУГААР ДУРЛАЖ ХИЙДЭГ ТӨСӨЛ | АЖИЛ БИЙ ЮУ?

Тархиа амраах зорилгоор өөр салбарын мэдээ мэдээллийг үзэж, харах нь бий.

Сэргээгдэх эрчим хүч, бизнес, технологи зэрэг салбар салбарын дэлхийн тэргүүлэх мэргэжилтнүүд X платформ дээр өөрсдийн салбарынхаа шинэ тутам гарч буй тайлан, мэдээллийг бусадтай хуваалцах зорилгоор жагсаалт гаргадаг. Өөрөөр хэлбэл, тухайн салбарын сүүлийн үеийн онцлох мэдээллүүдийг тоймлон, уншихад хялбар байдлаар бусдад хүргэдэг гэсэн үг л дээ.

Миний хувьд эдгээр мэдээллээс сэргээгдэх эрчим хүчний талаарх сэдвүүд сүүлийн үед ихээхэн анхаарал татаж байна.


9. ХИЙЖ БУЙ АЖЛЫН ТАНЬ ОНЦЛОГ ЮУ ВЭ?

Ойрын хугацаанд миний төвлөрч буй ажил бол "Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн бодлогын зөвлөл". Бид Монгол Улсын эдийн засгийг хурдтай тэлэхэд тээг болж буй гацааг арилгах чиг үүрэгтэй бөгөөд энэхүү үйл явцыг хэлбэр дүрсээ олж, хэрэгжихэд дөхөм байлгах үүднээс төр, хувийн хэвшлийн төлөөллүүдээр багаа бүрдүүлсэн. Өөрөөр хэлбэл, бүх талын зөвшилцөл дээр суурилсан, эдийн засгийг урагшлуулах механизм гэж ойлгоход болно.

10. ТА ОДОО ЮУН ДЭЭР ТӨВЛӨРЧ БАЙГАА ВЭ? ОЙРЫН ТӨЛӨВЛӨГӨӨ?

Тогтмол өөрөөсөө асууж, урагшлах замынхаа хөшүүрэг болгодог нэг асуулт бий. “Бид өмнөх үеэсээ хүлээн авсан энэ нийгмийг хэрхэн илүү сайхан нийгэм болгож, ирээдүйдээ өвлүүлэх вэ?” Хөгжлийн эдийн засагч хүний хувьд хариулахад, үүний тулд эдийн засгаа тэлэх зайлшгүй шаардлагатай. Эдийн засгаа тэлэхийн тулд ажлын байрны тоо, орлогын түвшинг дээшлүүлэх хэрэгтэй.

Бид өндөр бүтээмжтэй ажилласныхаа төлөө өндөр цалин авдаг. Харин чанартай боловсрол эзэмшиж байж өндөр бүтээмжтэй ажиллах чадварыг эзэмшдэг. Тэгэхээр эдийн засгаа тэлэх нь дам утгаараа боловсролын суурь асуудалтай холбогдож байгаа биз. Тиймээс миний хувьд өндөр цалинтай ажлын байрны тоог нэмэгдүүлэх буюу боловсролын чанарыг сайжруулах тал дээр ажиллахаар зорьж байна.


11. ТА ӨӨРИЙГӨӨ ХЭРХЭН ХӨГЖҮҮЛЖ СУРАЛЦДАГ ВЭ?

Сүүлийн өдрүүдэд жирийн үеийнхээс хэд дахин илүү ачаалалтай байгаа учраас дээр дурдсанчлан, аудио ном, сэтгүүл, хятад хэлний апп зэргийн тусламжтайгаар хувь хүний хөгжилдөө анхаарч байна. Мөн өдөр бүр олон талын мэдээлэл тархиндаа шингээснээр тэдгээрийг задлан шинжилж, нэгтгэн дүгнэх арга барил суудаг.

12. САНАЛ БОЛГОХ НОМ, КИНО, ХӨГЖИМ?

Майкл Вүүлкок, Матт Эндрьюс, Лант Притчетт нарын бичсэн “Төрийн чадамжийг бүрдүүлэх нь” гэх ном бий. Төрийн чадамжийг сайжруулах нь ард иргэдийн амьдрах орчинг сайжруулах боломж учраас бүх шатны хүмүүс уг номыг унших хэрэгтэй гэж боддог.

Citizen Kane (1941) киног санал болгоё. Хүн амьдралынхаа турш өдөр бүр магадгүй цаг тутам сонголттой тулгардаг. Тухайн сонголтдоо хожим харамсахгүй байхад туслах хоёр хүчин зүйл байдаг нь хангалттай мэдээлэл ба зориг.

Дуу хөгжим тийм ч их сонирхоод байдаггүй ч төвлөрөх шаардлагатай үедээ электро, транс төрлийн хөгжим сонсдог.

13. АВЧ БАЙСАН ХАМГИЙН САЙН ЗӨВЛӨГӨӨ?

Харвардын профессор Рикардо Хаусманн “Аливаа орны сүүлийн 100 жилийн хөгжлийн түүхийг харахад, зарим нь хурдтай хөгжиж, зарим нь үлдэж хоцорсон байна. Энэ нь тухайн орны улс төрийн бодлогоос хамаарах бөгөөд зөв бодлого хэрэгжүүлж чадсан нь хязгаарлагдмал нөөц бололцоог өндөр үр ашигтай зүйлд зарцуулах замаар илүү хурдтай хөгждөг. Тэгэхээр хурдтай хөгжлийн гол түлхүүр бол зөв бодлого, түүнийг хэрэгжүүлэх чадвар.” хэмээн надад хандан хэлж байсан нь санаанаас гардаггүй.


14. бусдад шидэх санаа

Би хувьдаа “Хөдөлмөр хүнийг бүтээнэ” хэмээх үгтэй ихэд санал нийлдэг. Аливаа зүйлд зорьсон бол гагцхүү хөдөлмөрийн үр шимээр түүндээ хүрнэ. Тэр ч утгаараа аз гэдэг зүйл бэлтгэгдсэн хүнд л тохиодог юм шүү.

Хийх ёстой ажлаа боломжит хамгийн хурдан хугацаанд дуусгаад үлдсэн цагийг өөрийгөө хөгжүүлэхэд зарцуулах хэрэгтэй. Амьдрал бол тэр чигтээ суралцах үйл явц. Бид илүү олон зүйлийг сурч мэдэх тусам аливааг олон талаас нь шинжилж, бүтээмжээ нэмэгдүүлж чадна.

Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит сонгууль 2024 оны аравдугаар сарын 11-ний өдөр болно. Манай редакц залуу мэргэжилтнүүдийн улс төрийн боловсролыг нэмэгдүүлэх, сонгуулиа өгөх сэдлийг өдөөх зорилгоор Редакцын бодлогынхоо хүрээнд нэр дэвшигч, нам эвслүүдтэй хамтран ажиллаж байна.