Энэ удаад бид өвөрмөц төрх, ур чадвараараа олон улсад танигдаж, загварын ертөнцийн нийслэл хотууд болох Нью-Йорк, Парис, Милан, Лондоны тэргүүлэх агентлагуудыг төлөөлөн ажиллаж буй модель Ж.Энэрэлийг урьж ярилцлаа. Анх 14 настайдаа "Торго" агентлагийн загварын сургалтад хамрагдсанаар энэ салбартай танилцсан тэрээр амралтаа тохиолдуулан эх орондоо ирээд буй.

Байршил: Монгол, Улаанбаатар
Эрхэлдэг ажил: Загвар өмсөгч
Сошиал хуудсууд:
Eny Jaki (Instagram, Models.com)


1. ТАНЫ КАРЬЕРААС БИД ЮУГ МЭДЭХ ЁСТОЙ ВЭ?

Би олон улсын харилцааны бакалавр зэрэгтэй. 17 настайдаа загвар өмсөж эхэлсэн. Анх “Говь” ХК-тай гэрээ байгуулсан юм байна. Удалгүй Сингапур явж загвар өмсөж, дөрвөн жилийн өмнөөс АНУ, Европын агентлагуудтай гэрээлэн ажиллах болсон. 2020 он миний карьерын хувьд тун өсөлт дэвшилтэй жил байлаа. Одоогоор Берлинд суурьшин, тансаг зэрэглэлийн хувцас загварын моделийн (high fashion model) карьераа ид өсгөөд явж байна. “Vogue Germany” дээр гарснаас хойш Alexander McQueen, Balenciaga, Hermes зэрэг том брэндүүдээс санал ирдэг болсон. Саяхан Милан, Нью-Йорк, Парисын агентлагуудтай гэрээллээ. Нью-Йоркийн “New York Model Management”, Парисын “Oui Management”, Миланы “Special Management”, Лондоны “M + P Models”, Хамбургийн “Mirrrs Models”, Ослогийн “i-d studio”-г төлөөлдөг. Удахгүй Нью-Йорк явна даа.

2. ТАНЫ АЖЛЫН ДУНДАЖ НЭГ ӨДӨР ХЭРХЭН ӨНГӨРДӨГ ВЭ?

Зураг авалт ихэвчлэн 8 цагаас эхэлдэг. Өглөө 6:00 гэж босоод нэг цаг дасгал, иог хийгээд, хүйтэн шүршүүрт ороод ажилдаа гарна. Очоод нүүр будалт, үс заслаа хийлгээд зураг авалтдаа орно доо. Зураг авалт 17-18 цаг хүртэл үргэлжилдэг. Ихэнхдээ өөр өөр хотод зураг авхуулдаг болохоор тарангуутаа онгоцны буудал яваад, өөр хотод очиж унтаж амраад маргааш нь 6-с эхэлдэг ч юм уу. Хуваарь ерөнхийдөө нэг иймэрхүү, нэлээн шахуу. Харин Берлинд байж таарах үедээ ажлын дараа гэртээ хоол хийж идэх ч юм уу, зурах гэх мэтээр дуртай зүйлсээ хийж, биеэ амраадаг.

3. ТАНЫ АЖЛЫН НӨҮ-ХАУ?

Зураг авалтын үеэр, ажлын орчиндоо хүмүүстэй найрсаг харилцаж, таатай уур амьсгал бүрдүүлэхийг чухалчилдаг. Миний ажил зөвхөн камерын өмнө зураг авхуулахаар хязгаарлагддаг гэж боддог байсан үе бий. Харин харилцаа хэчнээн чухал болохыг нэлээн сүүлд ойлгосон шүү. Хүнд сайхан мэдрэмж төрүүлж, хүнтэй сайхан харилцаа холбоо тогтоох маш чухал. Бас цаг барихыг эрхэмлэдэг. Үйлчлүүлэгчийн юу хүсэж байгааг оновчтой илэрхийлж, мэргэжлийн байх нь миний ажил.



4. АШИГЛАХГҮЙ БАЙЖ ЧАДДАГГҮЙ АПП, ХЭРЭГСЛҮҮД ЮУ ВЭ?

Instagram байнга ашигладаг. OneFit, Urban Sports Club (OneFit-ийн европ хувилбар)-ийг ойрд идэвхтэй хэрэглэж байгаа. Чөлөөтэй өдрийнхөө өглөө бэлтгэлийн хувцсаа авч гараад гадуур явж байгаад бүжиг, фитнессийн гээд л таалагдсан анги руугаа ороод хичээллэчхэж болдог, амар. Улаанбаатарт ирээд OneFit-д бүртгүүлсэн. Хичээллэж үзье гээд саяхан DuoLingo татсан юм байна.

5. ЦАГ ХЭМНЭХ ХАМГИЙН САЙН АРГА ТАНЬ ЮУ ВЭ?

Нэг ажлаа дуусгаад дараагийн зүйл рүү орохыг илүүд үздэг ч гэлээ нэг зүйлийг хийх гээд үнэхээр олигтой болж өгөхгүй байвал зүтгээд байлгүй хэсэг холддог. Илон Маск өдрөө таван минутаар блокчлон хуваагаад ямар нэг зүйл дээр таван минут төвлөрөөд дараагийн зүйлд таван минут төвлөрөх гэх мэтээр сэлгэдэг гэдэг дээ. Нэг юм дээр төвлөрч байгаад өөр зүйл хиймээр санагдвал тийшээгээ хандаад, хэсэг хугацааны дараа эргэж хийх ч юм уу. Надад ийм аргачлал их зохидог шүү. Ер нь өөрийгөө зовоох дургүй. Хийж байгаа зүйлээсээ уйдах үедээ больчихдог. Бүх зүйлийг тоглоом шиг үзэх ёстой гэж би боддог юм. Таашаахгүй байгаа үедээ гоё зүйл хийж чадахгүйгээ мэддэг учраас үнэхээр гараас юм гарахгүй үед хүчилдэггүй. Дуртай, хийх ёстой зүйлсээ хослуулах бол цаг хэмнэх хамгийн сайн арга болов уу.

6. ХИЙХ АЖЛАА ХЭРХЭН ТӨЛӨВЛӨДӨГ ВЭ?

Плехановт сурдаг байсан болохоор багаасаа дневник хөтлөөд дадчихсан. Насан туршийн дадал болсон гэх үү дээ. Төлөвлөгөөгөө өдөр өдрөөр нь гаргачихдаг. Урт хугацааны хувьд гэвэл жилдээ нэг, ерөнхийд нь зураглаад, хийхийг хүсэж байгаа зүйлсээ бичдэг. Нарийн төлөвлөгөө, хуваарийн дагуу л амьдардаг даа. Жилээс цаашхыг бол бодож төлөвлөдөггүй.


7. ЭРЧ ХҮЧЭЭ ХЭРХЭН СЭЛБЭДЭГ ВЭ?

Бүжиглэх их дуртай. Чихэвчээр, эсвэл гэртээ чанга хөгжим тавиад ханатлаа сайхан бүжиглэнэ. Утсаа аль болох оролдохгүй, тархиа амрааж гарч алхана. Хөгжим намайг амрааж, шаардлагатай үед ажлаас холдуулдаг, амьдралын минь нэн чухал бүрэлдэхүүн. Хөгжмөөр л өөрийгөө цэнэглэдэг гэж хэлж болох юм.

8. ҮНДСЭН АЖЛЫНХАА ХАЖУУГААР ДУРЛАЖ ХИЙДЭГ ТӨСӨЛ/АЖИЛ ЮУ ВЭ?

Уржнан “Залхуус” гэдэг кинонд дүр бүтээсэн. Уг нь ноднин гарах ёстой байсан боловч ковидоос шалтгаалаад гараагүй. Нээлт хэдийгээр болох нь одоохондоо тодорхойгүй байна. Үүнээс гадна нэг кино төсөл дээр продюсерээр ажилласан. Карьерынхаа хоёрдугаар хагасыг кино урлагт зориулна гэж боддог. Хүнд өгч болох хамгийн сайхан бэлэг бол тэр хүнд нэгийг бодогдуулах санаа шүү дээ, тийм ээ? Кино энэ тал дээр бүхнээс илүү гэж итгэдэг. Урлагийн бүхий л төрлийг нэгтгэсэн учраас кино гайхалтай. Ирээдүйд миний киног үзээд нэг хүн ч гэсэн энэ чинь юу билээ гэж бодоод, сэрж байгаа юм шиг болоосой гэж хүсдэг. Камерт хайртай учраас насаараа л энэ маягаар камертай л холбоотой амьдрах байх даа.

9. ХИЙЖ БУЙ АЖЛЫН ОНЦЛОГ ЮУ ВЭ? ЭЕРЭГ САЙН БА ХЭЦҮҮ БЭРХШЭЭЛТЭЙ ТАЛУУД?

Ажлын маань давуу тал их. Олон улсаар аялж, гайхалтай хүмүүстэй учирч, олон авьяаслаг мэргэжилтнүүдтэй хамтарч ажиллах завшаан тохиосон. Мэдээж үүнийхээ үр дүнд шинэ чадварууд эзэмшиж авсан. Маш сайхан ажил даа. Хэцүү тал нь гэвэл их шахуу. Амьдрал тэр чигтээ ажил болчихдог тал бий. Хувийн амьдралд зориулах цаг асар бага. Өдрийн ⅓ нь зураг авалт, ⅓ нь онгоц, онгоцны буудалд, ⅓ нь зочид буудалд өнгөрдөг. Тэгсэн хэр нь өдрийн турш маш эрч хүчтэй байх шаардлагатай. Галбир төрхдөө анхаарах нь ажлын нэгээхэн хэсэг тул дасгалаа хажуугаар нь заавал амжуулна. Зураг авалт хаана, хэзээ гэдгээс шалтгаалаад бие махбод, сэтгэлзүйн хувьд чанга хатуужилтай байх шаардлагатай байдаг. Цастайд нимгэн хувцастай, зуны халуунд хэдэн давхар ноолууртай зураг авхуулах тохиолдол байнга л гарна. Улирлаасаа урьтаж авдаг учраас тэр. Жишээ нь намар, өвлийн коллекцийн зургийг зун авна шүү дээ.

Эх орноосоо хол ажиллах амаргүй. Гэхдээ одоо гэр бүл, багын найз нөхдөөсөө хол байж дадсан. Урьд нь их ганцаарддаг байлаа.

10. ТА ОДОО ЮУН ДЭЭР ТӨВЛӨРЧ БАЙГАА ВЭ? ОЙРЫН ТӨЛӨВЛӨГӨӨ? 

Matea гэдэг цай Монголд оруулж ирж байгаа. Амрангаа энэ бизнесийг эхлүүлэх гээд Монголдоо ирсэн. Төсөөлснөөс их борлуулалттай байгаа болохоор ойрдоо нэлээн завгүй л байна. Кофе уусны дараа хэсэг эрч хүчтэй байж байгаад уначихдаг бол энэ цайг уух үед өдрийн турш энергийг өсгөн барьж өгдгөөрөө онцлог. Аргентин, Бразилд ургадаг “yerba mate” гэдэг ургамлын цай. Жилийн өмнө олж мэдээд, энэ гоё цайг монголчууддаа таниулъя гэж хүссэн учраас оруулж ирэхээр шийдсэн. Эрч хүчээр цэнэглэж, хоол боловсруулалт сайжруулан, сэтгэл санаа тогтворжуулдаг, супер цай.

Монголд хоолны соёл хангалттай сайн хөгжихгүй байх шиг санагддаг. Дэлгүүрт оронгуут баахан гурил, чихэр л байдаг шүү дээ. Гэтэл гурилд хүний биед хэрэгтэй шим тэжээл бараг л үгүй. Хүмүүс “Гурил идэхгүй гэхээр юу идэх юм?” гэдэг, эрүүл хооллох маш үнэтэй гэж ойлгодог. Тийм биш гэдгийг хүмүүст ойлгуулж, эрүүл хооллолтыг сурталчлах сан гэж хүсдэг. Ирээдүйд үүнд анхаарна.


11. ТА ӨӨРИЙГӨӨ ХЭРХЭН ХӨГЖҮҮЛЖ, СУРАЛЦДАГ ВЭ?

Дан ажил гэлтгүй чөлөөт цагаараа ч, дуу сонсох, бүжиглэх гэх мэтээр цагийг өнгөрөөж байхдаа ч гэсэн шинэ юм сурчих юм сан гэж цаг үргэлж хичээдэг. Youtube ингэж хөгжчихсөн, хүссэн зүйлээ олж болж байхад үнэхээр суръя гэвэл амархан мэт. Ойрд MasterClass-ийн хичээлүүдийг үзэж байгаа.

12. САНАЛ БОЛГОХ НОМ, ХӨГЖИМ, КИНО?

Жилийн өмнөөс электро техно хөгжим сонсох болсон. Берлинд нүүж очихоос өмнө энэ төрлийн хөгжмийг ойлгодоггүй байлаа. Хоёр дуу сонсоод л толгой өвдөх жишээтэй. Яг ойлгож сонсоод эхэлсэн чинь классик хөгжимтэй дүйцүүлэхээр санагдсан. Залуусын классик гэх юм уу. Техно сонсох үед бясалгаж байгаа мэт, үүл рүү алхаад ч байх шиг сэтгэгдэл төрж, бодол цэгцэрдэг. Олон жанрын хөгжим сонсдог ч гэлээ ойрд үүгээр “өвчилчхөөд” байна.

Хамгийн дуртай ном гэвэл Айн Рэндийн “Эх сурвалж”, “Атлантын нуруу тэнийв". Уналтын үед намайг босгож ирсэн юм. Гол дүрийн залуу хэнд ч худалдагдалгүй тэмцсээр байгаад зорьсондоо хүрдэг нь тэвчээртэй шаргуу байж сурахад минь их нөлөөлсөн. Эго гэж юу юм: зөв эго, буруу эго. Олж уншсандаа талархаж явдаг. “Би энэ өдрийг заавал давна, гэхдээ яаж давахаа мэдэхгүй байна” гэдэг үг нь хүнд хэцүү үед толгойд орж ирээд сэтгэлийн тэнхээ өгдөг дөө.

Найруулагчдаас Кристофер Ноланыг биширдэг. Нэн ялангуяа “Inception” бол төгс бодсон зүйл, консепт. Яаж тэр олон давхаргыг эвлүүлж, CGI (компьютер график) бараг үгүйгээр тэгж гаргаж ирэв гэдэг үнэхээр гайхалтай. Саяхан Оскарын шилдэг киногоор шалгарсан “Nomadland”-ыг үзлээ. Маш их таалагдсан. Би кино хийх мөрөөдөлтэй. Хийвэл яг л тиймэрхүү мэдрэмж төрүүлсэн кино хийх болов уу. Өнгө, зураглал, жүжиглэлт гээд бүх л талаас надад маш ойр буусан.



13. АВЧ БАЙСАН ХАМГИЙН САЙН ЗӨВЛӨГӨӨ?

Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн “Монгол тулгатны 100 эрхэм” дээр хэлсэн нэг үгийг үргэлж санадаг. “Сэтгэл хүрсэн газар үйл, явдал хүрнэ” гэж. Чадна гэж бодсон л бол болж бүтнэ гэж би боддог.

Хааяа юмс утгагүй санагдах үе байдаг даа. Загвар өмсөж яваа нь утга учиртай, сайхан зүйл биш ч юм шиг бодогдоод л. Тэгтэл нэг найз маань чиний оршин байгаа чинь, хүнд сайхан мэдрэмж өгч байгаа чинь л хангалттай гэж билээ. Миний нэр ч Энэрэл, тэгэхээр би бусдад хайр түгээх учиртай юм байна гэж бодож эхэлсэн. Мөнгөний араас хөөцөлдөлгүй, утга учиртай зүйл хийж бүтээж байгаа цагт мөнгө аяндаа ирнэ гэж итгэдэг дээ.

14. БУСДАД ШИДЭХ САНАА?

Хийж байгаа ажлаасаа хангалттай таашаал авч чаддаг уу гэж өөрсдөөсөө асуугаарай. Тэгээд үгүй гэж хариулсан бол хэзээ ч оройтохгүй шүү гэж хэлмээр байна. Мөнгөний төлөө нэг ажил хийдэг, тэрэндээ стрессдээд шоронд хашигдчихсан мэт, жаргалгүй амьдарвал хайран биз дээ? Заримдаа үнэхээр оройтчихсон, эсвэл боломжгүй үе байдаг л байх. Гэхдээ нэг асуугаад үзэхэд илүүдэхгүй.

Хүмүүс хувцас загварыг залуу насны ажил гэж үзэх нь олонтоо. Харин сүүлийн үед загварыг залуу насны ажил гэж үзэхээ больсон. Моделинг гэдэг муухайгаар хэлэхэд хувцас зардаг бизнес шүү дээ. Бүх л хүн хувцас өмсдөг учраас нас хамаарахаа больж байгаа. Сүүлд л гэхэд “Balenciaga”-ийн загварын шоунд 50 60 насныхан оролцсон байх жишээтэй.