Өнөөдрийн дугаартаа бид Швейцарын Хөгжлийн Агентлагийн "Ногоон алт - малын эрүүл мэнд" төслийн менежер, доктор Ц.Энх-Амгаланг урилаа. Хөдөө аж ахуйн эдийн засагч мэргэжилтэй тэрээр ажлын гараагаа ХААИС-д багшаар эхлүүлж, Манчестерийн их сургуулийг хөдөө аж ахуйн эдийн засгийн чиглэлээр магистр, Швейцарын Цюрих хотын Технологийн их сургуульд нэмүү өртгийн засаглалын чиглэлээр доктор хамгаалжээ. Бүс нутгуудын мал аж ахуй эрхлэх онцлог, хэв маягийг харгалзан бэлчээрийн нөөцийг зүй зохистой ашиглах, нөхөн сэргээх арга замыг олон жил судалж буй тэрээр Швейцарын Хөгжлийн Агентлагийн “Ногоон алт - малын эрүүл мэнд” төсөлд 16 жилийн турш ажиллахдаа 15 гаруй төслийг удирдаж, Монгол орны өнцөг булан бүрд очиж ажиллажээ. Энэ хугацаанд төслийн багууд нийт 189 сумын 86 мянган малчин өрхөд бэлчээрийн менежментийн төрөл бүрийн дэмжлэг үзүүлж, таван сая га талхлагдсан бэлчээрийг сэргээснээр Монголын нүүдлийн мал аж ахуйн зохистой дадал, тогтвортой байдлын стандартыг боловсруулж, олон улсын зах зээлд монгол бүтээгдэхүүний гарал үүсэл, онцлогийг баталгаажуулах суурь болсон байна. Монголын мал ахуйн салбарын өнгөрсөн болон одоо цагийн арвин дата мэдээлэл, судалгаа тайланг цуглуулж, ирээдүйд хэрэгжих бодлого, чиг хандлага, арга замыг боловсруулан түгээж буй түүний ажлын арга барилтай танилцъя. 

Байршил: Монгол, Улаанбаатар
Эрхэлдэг ажил: Швейцарын Хөгжлийн Агентлагийн "Ногоон алт - малын эрүүл мэнд" төслийн менежер
Хэрэглэдэг гар утас: Samsung
Хэрэглэдэг компьютер: Dell Latitude
Сошиал хуудсууд: Enkh-Amgalan Tseelei (Facebook), Ekh-Amgalan Tseelee (LinkedIn)

1. ТАНЫ КАРЬЕРААС БИД ЮУГ МЭДЭХ ЁСТОЙ ВЭ?

Би хөдөө аж ахуйн эдийн засагч мэргэжилтэй. ХААИС-д багшилж ажлын гараагаа тавьж байлаа. Тэр цагаас хойш түүхий эдийн бэлтгэн нийлүүлэлтийн тогтолцоог оновчтой зохион байгуулах, цаашлаад Монголын гадаад зах зээлд гарах боломж, давуу талуудыг судлан, тэдгээрийг хэрхэн өрсөлдөх чадвар болгож хувиргах гэдэг дээр голчлон анхаарч ажиллаж ирлээ. Хүмүүс яагаад бэлчээрийн асуудал дээр ингэж удаан ажиллав гэж асуудаг. Бэлчээр буюу тал хээр нутаг манай орны байгалийн зонхилох экосистем учраас эдийн засаг талаасаа ч байгалийн нөөцийн ашиглалтын зүй зохистой байдлыг хангах талаасаа ч асар чухал юм. Мал аж ахуйн үйлдвэрлэл бэлчээр дээр тогтдог шүү дээ.

Зуданд нэрвэгдсэн малчдад хүмүүнлэгийн тусламж үзүүлэх төсөл дээр ажилласан минь энэ чиглэлд мэргэших сэдэл болсон. Хагас жилд гурван аймгийн 50 гаруй сумд ажиллаж, амьжиргааны үндсэн эх үүсвэр болсон малаа алдаад, гаднаа сэг зэмийг нь овоолчихсон, яахаа мэдэхгүй шаналан суугаа олон малчинтай уулзахад хөдөө, нүүдэлчин ахуйд ойр өссөн хүний хувьд сэтгэл эрхгүй хөндүүрлэж, туслахыг хүсэж билээ. Үүнийг шийдэх арга зам нь малын идэш тэжээлийг хангадаг бэлчээрийн нөөцөө зүй зохистой ашиглах юм. Намайг ажиллаж эхлэх үед бэлчээрийн талхлагдлын тухай зөрүүтэй мэдээлэл их байлаа. Харин одоо мэргэжлийн байгууллагууд лавлагаа мэдээллийн сан үүсгэж, тухайн бэлчээрийн онцлогт тохирсон, сэргээх арга замыг тодорхойлдог болчихсон.

Байгаль орчин, хөдөө аж ахуйн чиглэлээр судлаач болох сонирхлоо даган Манчестерийн их сургуулийн магистрын хөтөлбөрт суралцаж байхдаа хөдөөгийн хөгжлийн хөрөнгө оруулалтын төслүүдийг шалгаруулах экологи, эдийн засаг, нийгмийн шалгуур үзүүлэлтүүдийг хэрхэн сонгох тухай сэдэв сонгож, Швейцартай харьцуулан судалж байлаа. Хожмоо Швейцарын Хөгжлийн Агентлагт ажиллана, тэнд очиж сурна гэж төсөөлөө ч үгүй байсан үе. Дараа нь Швейцарын Цюрих хотын Технологийн их сургуульд нэмүү өртгийн засаглалын чиглэлээр доктор хамгаалсан. ШХА-ийн "Ногоон алт - малын эрүүл мэнд" төсөл дээр 2004 оноос хойш ажиллаж байна.

2. монгол улсад 15 жилийн хэрэгжсэн төслийн үр дүнгээс хуваалцвал? 

Би салбартаа 20 жил ажиллахдаа 16 жилийг нь Швейцарын Хөгжлийн Агентлагт өнгөрүүлжээ. Бид төслийн эхэнд бэлчээр ашиглалтыг сайжруулах, мал аж ахуйн салбарын төр, хувийн өмчийн харилцааг зохицуулах асуудлыг судалж, 5-6 жилийн хугацаанд энэ чиглэлээрх олон шийдэл туршиж үзсэн. Аймгуудын мал аж ахуй эрхлэх онцлог, хэв маягийг харгалзан бэлчээр ашиглалтыг хэсгийн зохион байгуулалтад оруулсан нь дараа дараагийн ажлын суурь болсон юм. Энэ дагуу 2006 оноос хойш 189 сумын 86 мянган малчин өрхөд бэлчээрийн менежмент хийхэд нь тусалж, малын үүлдэр угсааг сайжруулах, орлогыг нэмэгдүүлэх, малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний үнэлэмжийг нэмэгдүүлэх тал дээр мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлсэн.

Бидний ажил бол зуун зууны уртад бэлчээр сэлгэн нүүдэллэхдээ монголчуудын баримталж ирсэн уламжлалыг сэргээх замаар бэлчээр талхагдлыг бууруулах юм. Үр дүнд нь 45 гаруй сумынхан бэлчээрээ сэлгэж амраан ашиглаж хэвшсэнээр 5 сая га талхлагдсан бэлчээрийг сэргээж чадсан. Мөн малчдын 80 орчим хоршоо байгуулахад дэмжлэг үзүүлж, Монголын нүүдлийн мал аж ахуйн зохистой дадал, тогтвортой байдлын стандартыг боловсруулан батлуулсан нь олон улсын зах зээлд монгол бүтээгдэхүүний гарал үүсэл, онцлогийг баталгаажуулах суурь болсон гэж үзэж байгаа. Монгол орны байгалийн өгөгдөл амаргүй, хур тунадас багатай, бэлчээрийн хөрс нимгэн зэрэг бэрхшээл их тул залуу малчдад мал аж ахуйн суурь ухааныг зааж таниулах нь чухал.

Хийсэндээ сэтгэл хангалуун явдаг ажил гэвэл юун түрүүнд ХААИС-ийн эрдэмтэн Т.Хишигжаргалтай хамтран сарлагийн хөөврийг самнах технологийг боловсруулсан маань юм. Сарлагийн хялгасны дор ургадаг, ноолуураас дутуугүй чанартай хөөврийг самнан авах аргыг бид давхардсан тоогоор 120 мянган малчдад зааж сургасан. 2008 онд эхэлсэн энэ ажлын хүчинд өдгөө 18 мянга гаруй малчин өрх 60 тонн хөөвөр самнаж бэлдээд үндэсний зургаан үйлдвэрт нийлүүлдэг, тогтвортой кластер үүсээд бие даан хөгжөөд явж байна.

Түүнчлэн Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар болон Цаг уур, орчны шинжилгээний газартай хамтран бэлчээрийн төлөв байдлын үндэсний тайланг тогтмол боловсруулж, лавлагаа мэдээллийн сан үүсгэснийг онцолъё. Эргээд харахнээ бид “Ногоон алт-малын эрүүл мэнд” төслийн хүрээнд олон ажил амжилттай хэрэгжүүлжээ.

3. ТАНЫ АЖЛЫН ДУНДАЖ НЭГ ӨДӨР ХЭРХЭН ӨНГӨРДӨГ ВЭ?

Зундаа ихэвчлэн хөдөө орон нутгуудаар явж, малчидтай ажилладаг. Төслийн эхний жилүүдэд ажлын гол талбар хөдөө орон нутагт, малчны хотонд байсан. Бусад үед ажил дээрээ ирээд мэйлээ шалгаж, хамтрагч байгууллагуудтай мэдээлэл солилцоно. 18 аймгийн 189 сумын Бэлчээр ашиглагчдын холбооны гишүүдтэй харилцах, холбоо тогтоох ажлаа бас тогтмол хийнэ. Ер нь ажил ундраад л байдаг шүү (инээв). Үдээс хойшдоо голдуу төслийн үйл явцтай танилцах, хянахад төвлөрөхөөс гадна хамтрагч байгууллагуудтай уулзалт хийх, арга хэмжээнд оролцох зэргээр өнгөрдөг.

Судалгааны материал, ном бүтээл уншиж танилцах, судалгааны тайлан, тооцоо гаргах, түүнтэй холбоотой илтгэл, танилцуулга бэлдэх зэрэг нь ажлын маань чухал хэсэг. Бэлчээр ашиглалт, МАА, ХАА, байгаль экологитой холбоотой хамгийн сүүлийн үеийн мэдээлэл, шинжлэх ухааны сэтгүүл, өгүүлэл уншиж судалж байж салбарынхаа хөгжил, чиг хандлагаас хоцрохгүй явна шүү дээ.

4. ТАНЫ АЖЛЫН НӨҮ-ХАУ?

Хийж буй ажил маань өргөн цар хүрээтэй, олон талтай учраас аль болох сайн сонсогч байхыг эрмэлздэг. Малчин, хоршоо, аймгийн засаг дарга гээд олон талыг холбож ажилладаг учраас ярихаас илүү бусдыг сонсох нь чухал. Оролцогч талуудын ашиг сонирхлыг нэгтгэж, ойлголтын зөрүүг арилгана гэдэг хүн хоорондын харилцааг зохицуулна гэсэн үг шүү дээ.

5. АШИГЛАХГҮЙ БАЙЖ ЧАДДАГГҮЙ АПП, ХЭРЭГСЛҮҮД ЮУ ВЭ?

Ажилтай холбоотой судалгааны материал, мэдээллийг хэвлэж гаргаад, номын санд сууж унших дуртай. Ээлжийн амралтынхаа үеэр номын сан орж, уншихаар төлөвлөсөн номуудаа барьж авдаг.

Responsible Nomads аппликэйшнийг онцолъё. Малын гаралтай бүтээгдэхүүний хэрэглэгч, малчид, бэлтгэн нийлүүлэгчид, аж ахуйн нэгжүүдэд зориулсан цогц платформ гэж хэлж болно. Хэрэглэгчийн талаас малын гаралтай бүтээгдэхүүний гарал үүслийг баталгаажуулж, хаанаас ямар малчны хотноос бэлтгэн нийлүүлсэн тухай мэдээллийг харах боломжтой. Одоогоор голчлон мах, сүү, ноолуурын үйлдвэр, компаниуд ашиглаж байна.

6. ЦАГ ХЭМНЭХ ХАМГИЙН САЙН АРГА ТАНЬ ЮУ ВЭ?

Миний хувьд үдийн 11 цагийн үеэс үд дунд хүртэл хамгийн бүтээмжтэй байдаг. Энэ үед ухаан зарсан, төвлөрөл шаардсан, хүнд ажлуудаа барьж авч, чухал шийдвэрүүдээ гаргана. Мөн орой ажил тарсны дараа 20-21 цагийн үед толгой эргээд сэргэж, шинэ зүйл унших судлах идэвхтэй болдог. Хүмүүс өөрсдийн идэвхтэй байдаг биологийн цагийг олж мэдэх нь чухал болов уу.

7. ХИЙХ АЖЛАА ХЭРХЭН ТӨЛӨВЛӨДӨГ ВЭ?

Хөдөө орон нутагт ажиллах, үндэсний хэмжээний хурал уулзалтад оролцох зэргийг улирал, жилээр нь төлөвлөдөг бол бусад үед сараар нь төлөвлөдөг. Олон аймаг, сумтай ажилладаг учраас бүсчилсэн төлөвлөгөө гаргах шаардлага гарна. Миний ажлын хуваарь хамтарч ажилладаг хүмүүсээс маань их хамаардаг тал бий.

8. ЭРЧ ХҮЧЭЭ ХЭРХЭН СЭЛБЭДЭГ ВЭ?

Хийсэн ажил маань хэн нэгэнд тус болохыг мэдэрнэ гэдэг хамгийн сайхан. Наснаас шалтгаалж хүний эрч хүч авах хэлбэр өөрчлөгддөг юм шиг. Өмнө нь, найз нөхөдтэйгөө цагийг өнгөрөөх, гадагшаа аялах зэргээс эрч хүч авдаг байсан бол одоо ид ажиллаж хөдөлмөрлөж, түүнээсээ таашаал авах үе дээрээ явж байх шиг байна. Арван жилийн дараа асуувал бясалгал хийх, ууланд алхах гэхчлэн өөр хариулт хэлж мэдэх юм. Нутагтаа, хамаатан садан дээрээ очих дуртай.

9. ҮНДСЭН АЖЛЫНХАА ХАЖУУГААР ДУРЛАЖ ХИЙДЭГ ТӨСӨЛ/АЖИЛ ЮУ ВЭ?

Бэлчээрийн чиглэлээр ТББ-уудад зөвлөхөөр ажиллахаас гадна Дэлхийн бэлчээрийн нийгэмлэг, газар зүйн заалтын “Оrigin” байгууллагын гишүүн, Монгол сарлаг нийгэмлэг, Тэсийн голын Монголчууд, Говийн зэрэглээ гэхчлэн аялал жуулчлалын төслүүдэд сайн дураараа зөвлөх үйлчилгээ үзүүлдэг.

Түүнээс гадна амьтанд их хайртай учраас Улаанбаатар хотын нохойн асрамжийн газарт сайн дурын ажил хийж, хандив босгох, олон нийтэд сурталчлах ажилд цаг заваа зориулдаг. Цагаан хоолтон болсон туршлагаасаа бусадтай хуваалцаж, богино хэмжээний дүрс бичлэг хийж туршиж байгаа. Ойлгоход амаргүй сэдвийг дүрс бичлэгээр богино хугацаанд хүргэнэ гэдэг амаргүй юм билээ.

10. ХИЙЖ БУЙ АЖЛЫН ОНЦЛОГ ЮУ ВЭ? ЭЕРЭГ САЙН БА ХЭЦҮҮ БЭРХШЭЭЛТЭЙ ТАЛУУД?

Бидний хийж хэрэгжүүлсэн ажлын үр дүнд малчин айл өрхийн амьдралын боломж, нөхцөл сайжрахыг харах нь бахархам сайхан зүйл. Би хийж буй ажилдаа итгэл үнэмшилтэй, урам зоригтой байдаг учраас судлаач надад тун тохирсон ажил шиг санагддаг. Олон улсын төслийн үйл явц амаргүй. Хоёр талаас хүсэж буй үр дүн, хүсэл зорилго адилхан боловч хөрөнгө оруулагч талаас тавих шаардлага, хүлээлт, нөгөө талаас ажил гүйцэтгэх арга барил, хэв маягаас авхуулаад өөр байдаг учраас тэр бүхнийг зохицуулж, харилцан ойлголцох нөхцөлийг бүрдүүлэхийн төлөө ажилладаг.

Бэрхшээл гэвэл, бэлчээрийн доройтол, цөлжилт, малчдын амьжиргаа, хууль эрх зүйн орчны асуудал маш олон зүйлээс хамааралтай. Мөн маш урт хугацаанд уйгагүй хөдөлмөрлөж байж үр дүнд хүрдэг. Тухайлбал, малчдын уламжлалт арга барилыг орчин үетэй хослуулсан механизмыг бий болгохын тулд малчидтай уулзан судалгаа хийж, таван жилийн хугацаанд 500 мянга гаруй км зам туулсан байна. Ид ажлын үед бүтэн сарын турш гэртээ харилгүй хөдөө орон нутагт ажиллах нь олонтоо. Тэгэхээр ажилдаа маш тууштай, тэвчээртэй байж өөрөөс үл шалтгаалах бүхнийг анзаарч, ажиглаж, зохицуулж байж сайн үр дүнд хүрнэ. Малчин айл өрх, салбарын мэргэжилтнүүд, төслийн санхүүжүүлэгчид гээд оролцогч талууд нэг хандлагатай байж гэмээнэ салбарынхаа асуудлыг шийдэж, цааш хөгжинө.

11. ТА ОДОО ЮУН ДЭЭР ТӨВЛӨРЧ БАЙГАА ВЭ? ОЙРЫН ТӨЛӨВЛӨГӨӨ?

Бид “Ногоон алт – малын эрүүл мэнд” төслийнхөө хүрээнд Монголд хэрэгжүүлсэн бүх ажлаа дөрвөн жилийн өмнөөс үнэлж, төсөл, тогтолцоог маань үргэлжлүүлэн авч явах 10 байгууллагын жагсаалтыг гаргаж, холбогдох дата мэдээлэл, судалгаа тайлан зэргийг шилжүүлэн өгөхөөр ажиллаж байна. Мөн өнгөрсөн хугацаанд хийсэн ажлууд дээрээ үндэслэн Монголын малын гаралтай бүтээгдэхүүний чанар үнэлэмжийг дэлхийн зах зээлд нэмэгдүүлэх зорилгоор “Хариуцлагатай нүүдэлчид” гэх цахим систем хөгжүүлж байгаа.

Бид нүүдлийн мал аж ахуйг хөгжүүлэх зорилгоор нийт 15 төсөл хэрэгжүүлсэн. Миний хувьд цаашид энэ чиглэлээр хуримтлуулсан мэдлэг туршлагаа ирээдүйд судлаач болохоор зорьж буй залуустай хуваалцаж, энэ чиглэлийн боловсон хүчин бэлтгэхэд хувь нэмэр болох хүсэлтэй.

Өдгөө манай улсын бэлчээрийн 57 хувь нь доройтсоноос 100 мянга га газар цөлжиж, нөхөн сэргээгдэхээргүй хэмжээнд хүрсэн. Гэвч манайд бэлчээр хамгаалах хууль эрх зүйн орчин, бодлого хангалтгүй, бэлчээрийн асуудал дагнан хариуцсан төрийн захиргааны нэгж, хэлтэс байхгүй. Бэлчээр хамгаалах тухай хууль батлах гэж 20 жил хэлэлцэж, төсөл боловсруулж буй боловч одоог хүртэл өргөн баригдаагүй байх жишээтэй.

Манай нийт бэлчээр 25 орчим сая мал тэжээх чадалтай. Гэтэл өнөөдөр нэг малын идэх өвсийг гурван мал хувааж идэж байна гэсэн үг. Зарим аймагт нэг малын идэх өвсийг 19 мал хуваан идэж, даац хэтэрсэн байдалтай байна. Энэ мэт шийдэх хэрэгтэй асуудал их.

12. САНАЛ БОЛГОХ НОМ, ХӨГЖИМ, КИНО?

Саяхан уншсан, Майкл Портерын “Улс орнуудын өрсөлдөх чадварын давуу тал” номыг санал болгоё. Улс орон бүр өөрийн гэсэн онцлог, давуу талтай. Түүнийгээ зөв ашиглаж, инновацлаг байж чадсан орон амжилтад хүрдэг гэх санааг олон жишээ, түүхээр харьцуулж тайлбарласан ном. Олон улсад бизнесээ тэлж, бүтээгдэхүүнээ гаргахаар зорьж буй хүмүүст энэ номыг уншаарай гэж хэлэх байна.

Олон улсын төслийн багт цөөнгүй жил ажиллаж, ажлын орчинд гадаад хэлээр түлхүү бичиж, ярилцдаг байсантай холбоотойгоор монгол хэлээ сайжруулах хэрэгцээ бий. Ойрд монгол хэл дээрх утга зохиолын сонгодог бүтээлүүдийг шимтэн уншиж, эх хэлээ сайжруулахаар зорьж байна.

13. АВЧ БАЙСАН ХАМГИЙН САЙН ЗӨВЛӨГӨӨ?

Швейцарт сурч байхдаа судалгааны ажлынхаа сэдвийг илүү олон улсын түвшинд авч үзэж, сонгоё гэхэд удирдагч багш маань “Өөрийнхөө улс оронд хэрэгтэй асуудлыг л барьж авч судлах нь зүйтэй. Монголын асуудлыг би биш чи л сайн мэдэх учраас улс эх орондоо хэрэгтэй зүйл хийгээрэй” гэж хэлсэн нь надад их нөлөөлсөн. Зарим залуус аливаа асуудлыг шийдэхдээ гадаад орны туршлага, хэв маягийг их судалж, шүтээд байх шиг санагддаг. Надад ч бас тэгж боддог байсан үе бий. Судлаач хүний хувьд юун түрүүнд өөрийнхөө улс оронд тулгамдаж буй асуудалд анхаарал хандуулж, шийдэл эрэлхийлэх учиртайг тэгэхэд ойлгож билээ.

14. БУСДАД ШИДЭХ САНАА?

Бэлчээр нутаг үнэ төлбөргүй учраас нийгмийн анхаарлын гадна яваад байна уу даа гэж харамсдаг. Үнэндээ Монголын тал хээр нутаг, байгаль экологи бол бидний хамгийн үнэт баялаг шүү дээ. Энэ асуудалд чиглэсэн бодлого, хууль тогтоомж, анхаарал хандуулдаг төрийн байгууллага, институт харамсалтай нь хангалтгүй байна. Байгалийн өвөрмөц тогтоцтой, тал хээрийн экосистемийг хүн бүр ойлгож, чухалчлаасай. Бэлчээрийн асуудлыг ярих гэхэд хүмүүс ойлгож хүлээн авах нь тааруухан байдаг. Залуус энэ асуудлыг өөр өнцгөөс харж, анхаарал хандуулаасай.