Аливаа улсын халдашгүй дархан байдал эдийн засгийн хараат бус байдалтай шууд холбоотой. Үүнд чадварлаг мэргэжилтнүүдийн оролцоо туйлаас их нь ойлгомжтой биз ээ. Өнөөдрийн дугаарын зочин маань сүүлийн 30 орчим жил макро эдийн засаг, судалгаа шинжилгээний чиглэлд дотоод болон гадаадад мэргэшин ажиллаж ирсэн, Монголын тэргүүлэх эдийн засагчдын нэг Н.Энхбаяр юм. Сангийн яамнаас Дэлхийн Банк хүртэл шат шатны байгууллагад ажиллахдаа аливаа асуудлыг ул суурьтай, том зургаар харахад тасралтгүй суралцсаар ирсэн түүний ажиллах арга барил, сүүлийн үед ажиллаж буй төсөл, судалгааны ажлууд нь өнөөдөр бидний хамгийн их сонирхож буй сэдвүүдтэй нягт уялдаж байгаа нь уг ярилцлагыг дуустал унших чухал хөшүүрэг болох болов уу. 

Байршил: Монгол Улс, Улаанбаатар хот
Эрхэлдэг ажил: Эдийн засагч, "Стратегийн судалгааны хүрээлэн"-ийн Эдийн засаг, аюулгүй байдлын судалгааны төвийн дарга
Хэрэглэдэг гар утас: Samsung
Хэрэглэдэг компьютер: Суурин компьютер, хос дэлгэц
Сошиал хуудсууд: Enkhbayar Namjildorj (Фэйсбүүк)



1. ТАНЫ КАРЬЕРААС БИД ЮУ, ЮУГ МЭДЭХ ЁСТОЙ ВЭ?

Би 1992 онд ХААИС-ийг эдийн засагч мэргэжлээр төгссөн. Төгсөөд ердөө хэдхэн хоногийн дараа Сангийн Яаманд Төсвийн бодлогын газарт, төсвийн орлогын эдийн засагчаар ажилд орж байлаа. Тухайн үед яам ажилтан сонгон шалгаруулж авахдаа зөвхөн ярилцлагад урьсан цөөн хэдэн төгсөгчидтэйгээ уулздаг байв. Эдийн засгийн анги ч МУИС, ШУТИС, ХААИС, СЭЗДС гэсэн дөрвөн сургуульд л байдаг, цөөн төгсөгчтэй байсан. Тэр жил дөрвөн хүн ярилцлагад урьснаас миний ярьсан юм сэтгэлд нь арай нийцсэн юм байлгүй, ганцаараа ажилд орсон доо.

Яаманд нийт 14 жил ажиллах хугацаанд Монгол Улсад маш олон үйл явдал болж өрнөсөн. Нийт татварынхаа 70-80 хувийг ердөө гурван төрлийн татвараар (Худалдааны, орлогын, архины онцгой татвар) бүрдүүлдэг, тун ч цомхон эдийн засагтай социалист орон эдийн засгийн хувьд бие даасан улс болохоор зорьсон тэр түүхэн цаг үед төрийн байгууллагад ажиллаж туршлага хуримтлуулсандаа олзуурхдаг юм. Тодруулбал, манай улс 1991 онд Олон Улсын Валютын Сан, Дэлхийн Банкны гишүүнчлэлтэй болсон нь маш том өөрчлөлт байсан бөгөөд бид 1960-аад оноос хойш анх удаа л эдийн засгийн хувьд сонголт хийж үзэж эхэлсэн нь тэр байлаа. Ингэснээр манай алба, жил бүр улсын төсөв боловсруулахаас гадна татвар, төсвийн талаарх мэдээллийг илүү нарийн гаргах болж, Вашингтон руу мэдээллээ албан ёсоор явуулж эхэлсэн. Энэ нь залуу мэргэжилтний хувьд нэн сонирхолтой, сурах зүйл ихтэй цаг үе байсан шүү. Ажиллах хугацаандаа мөн Япон улсад мэргэжил дээшлүүлсэн. Төрийн алба тогтвортой байх ёстой гэж ярьдаг даа. Тэр үед төрийн албан дахь улс төрийн оролцоо бага байсан болохоор энэ тал дээр харьцангуй сайн байсан юм. Залуу мэргэжилтнүүдээ тэр ёсоор дэмждэг, чадварыг нь ахиулахад анхаарна.

2006 оны намраас эхлэн 2011 оны гуравдугаар сар хүртэл Сангийн сайдын зөвлөгөөгөөр нийт дөрвөн жилийн турш, гурван Ерөнхий сайдад эдийн засгийн зөвлөхөөр ажилласан. Эдийн засгийн өсөлттэй байсан тэр үеэс бид дэлхийн зах зээл дээрх түүхий эдийн үнийн өсөлт, үнийн савлагаа, санхүүгийн хямрал, зудын хямрал, түүнээс үүдэлтэй дотоодын шилжилт хөдөлгөөн гэх мэт олон сайн бөгөөд саар кэйсүүдтэй танилцаж, туршлага олж авсан. Мөн бараг л 20-иод жил үргэлжилсэн хөдөө орон нутгийн цахилгаанжуулалт, зам байгуулалтын томоохон төслүүдийг урт хугацаанд төлөвлөж хэрэгжүүлснээр, 2000 оны эхээр 30 сум л тог цахилгаанд холбогдсон байсныг өдгөө 300 гаруй хүртэл өсгөж чадсан. Эндээс урт хугацааны төслүүдийн ач холбогдол болон бусад олон зүйлийг харж, ойлгож авсан гэж боддог.

2011 онд Вашингтон руу нүүж, Дэлхийн Банкний гүйцэтгэх захирлын зөвлөхөөр гурван жил ажиллаж байв. Дэлхийн Банк дотроо нийт 25 захиралтай. Их гүрнүүд дангаараа нэг захиралтай байдаг бол хөгжиж буй улсууд нэгдэн, нэг бүс болж дундаа нэг захиралтай явдаг. Бидний үүрэг бол Монголд хэрэгжиж буй томоохон төслүүдийг бүсийн захиралдаа танилцуулж, Дэлхийн Банкинд төслийн судалгааг илгээх, таниулах явдал байлаа. Энд ажиллаж байх хугацаандаа би аливаа ажлыг илүү том зургаар харахад суралцаж чадсан. Мөн газар зүй, эдийн засаг, дэд бүтцийн хувьд онцгой ач холбогдолтой томоохон төслийг нэг улс дангаараа биш, бүс нутгаараа нийлж хэрэгжүүлэх нь үр дүнгийн хувьд үлэмж илүү байдгийг олж үзсэн дээ. Түүнчлэн хөрөнгө оруулалтын олон, сонирхолтой арга хэрэгслүүдтэй танилцсан нь мэргэжлийн хувьд том дэвшил байсан гэж боддог. Үнэхээр сонин, бас нүсэр тогтолцоо. Төслийн санхүүжилт, холимог санхүүжилт гээд олон төрлийн хөрөнгө оруулалт, санхүүжилтийн гарц гаргалгаа ашигладаг. Тэр бүхнийг урт хугацаагаар нь харж, ухаалгаар ашиглаж чадвал бидэнд ч бас олон боломж байж болох нь эрхгүй мэдрэгдэнэ.

Ингээд 2014 онд Монголдоо ирээд Ерөнхий Сайд Ч.Сайханбилэгийн үед Засгийн Газрын дэргэдэх Эдийн засгийн үндэсний хорооны багт орж ажилласан. "Засгийн Газрын тухай хууль"-д Ерөнхий сайдын дэргэд эдийн засгийн шинжээчдийн баг зөвлөх ёстойг тусгасан байдаг л даа. Үүнийг л бодит ажил болгосон хэрэг. Харамсалтай нь бид энд удаан ажиллаж чадаагүй. Хангалттай сайн амьдруулж дөнгөөгүй л дээ. Уг нь Засгийн Газарт хөндлөнгийн дүгнэлт, мэргэжилтнүүдийн оролцоо үргэлж хэрэгтэй. Энэ талаасаа маш зөв ажил байсан. Эргээд сэргээмээр л санагддаг.

2016-2019 оны хооронд Ерөнхий Сайдын зөвлөхөөр ахин гурван жил ажилласан. Харин сүүлийн 2-3 жилд судлаачийн ажилдаа төвлөрч, "Стратегийн судалгааны хүрээлэн"-д үндэсний аюулгүй байдлын чиглэлд шаардлагатай судалгаануудыг багийн хамтаар хийж байна.

2. ТАНЫ АЖЛЫН ДУНДАЖ НЭГ ӨДӨР ХЭРХЭН ӨНГӨРДӨГ ВЭ? 

Би шар шувуу төрлийн хүн. Оройн цагаар идэвхтэй ажилладаг. Бүр яаманд ажиллаж байх үеэсээ л тэгээд сурчихсан. Тухайн үед буюу 1990 оны эхээр Сангийн Яам 40-50 ажилтантай л байлаа. Төрийн сан, Татварын Газар бүгд яам дотроо харьяалагддаг, тун цомхон бүтэцтэй. Бүх юмаа гараар хийгээд орой Тооцоолох төвд очиж тооцоолуурт оруулна. Намар төсөв батлах үеэр хонож ажиллах нь бичигдээгүй хууль. Нэг шөнө ажил гайгүй юм шиг болохоор нь 2-3 цагийн үед хариад иртэл, дэд сайд өрөөндөө дуудаад "Залуу хүн байж ганц шөнийн нойр даахгүй" гээд л загнаж гардаг байгаа. Сар гаран ажил дээрээ хонож байхад шүү дээ (инээв). Гэхдээ тэгэхээс ч аргагүй. БНМАУ-ын үед бид төсвийн алдагдлаа "Москвад төвтэй эдийн засгийн хамтын ажиллагааны сан"-д танилцуулаад зөрүүгээ нөхдөг байсан ч, ардчилсан Монгол Улс болсноор тэр тэтгэмж үгүй болж, гурван жил хасах данстай хэцүү явсан цаг шүү дээ.

Тэгээд ч Европ, АНУ-ын шинэ мэдээ мэдээлэл гардаг цаг нь Монголд шөнө дунд байж таардаг учир хэрэгцээтэй мэдээллээ цаг алдалгүй авах гэж суусаар нэг мэдэхэд шөнийн шар шувуу болчихсон. Тиймээс төвлөрдөг ажлуудаа шөнөдөө нугалаад, өдрийн цагт хурал, хэлэлцүүлэг, багийн ажлууддаа анхаардаг.



3. ТАНЫ АЖЛЫН НӨҮ-ХАУ?

Ажлын гараагаа эхлүүлсэн Сангийн Яамнаас сурсан гол зүйл нь няхуур байдал. Бүх л улсын төсвийг боловсруулж байгаа хүмүүс тийм байхаас ч аргагүй. Гар дээр ирсэн бүх л мэдээллийг шууд хүлээж авдаггүй, заавал шалгаж баталгаажуулдаг. Түүний дараа том зургаар нь харж, олон талын дүгнэлт хийхийг хичээнэ. Ингэхдээ алхам бүрдээ судалгаатай хандана. Ийн ажиллах нь богино хугацаандаа удаан л санагдах байх, гэхдээ урт хугацаандаа сайн төлөвлөлт гэдэг цаг, мөнгийг үлэмж хэмжээгээр хэмнэж өгдөг.

Дэлхийн Банкнаас мэдээллийн олон эх сурвалжийн чухлыг ойлгосон. Дэлхийн Банкны ажилтнууд л нэвтрэх боломжтой "Эдийн Засгийн Хамтын Ажиллагааны Байгууллага"-ын цахим болон биет номын сан гэж байдаг л даа. Дэлхийн бараг л бүх улс орнуудын судалгааны материалуудтай. Судлаач хүний нүдийг нээж өгч чадах газар. Энд олон төрлийн судалгааны материал, бодит кэйсүүдтэй танилцаж байхдаа, аливаа зүйлийг уг үндэснээс харж, ойлгохын чухлыг мэдэрсэн. Тиймдээ ч ямар ч ажил хийсэн эхлээд бүх зүйлийн учир шалтгааныг олоход гол анхаарлаа хандуулдаг. Тэгж байж цааш явах зам илүү тодорхой, оновчтой болдог.

4. АШИГЛАХГҮЙ БАЙЖ ЧАДДАГГҮЙ АПП, ХЭРЭГСЛҮҮД ЮУ ВЭ?

Эдийн засагч, судлаачдад мэдээллээс хором ч хоцрохгүй байх нь тун чухал. Иймд мэдээний төрөл бүрийн сувгуудыг идэвхтэй ашигладаг. Үүн дундаа Webradio тэргүүтэй BBC, CNN, Reuters, Bloomberg-ийн шууд дамжуулалт, радио сувгуудыг нэгтгэсэн, төрөл бүрийн апп-уудыг хэрэглэж байна.

Жишээ нь, Холбооны банкны дэд захирал нэг юм хэлэхэд л бид тэр дотор дурдагдсан тоог шууд хайж, баталгаажуулж эхэлдэг. Мэдэгдэл байв уу, хувийн байр суурь уу, таамаглал уу, аль эсвэл сэтгүүлчийн асуултад хариулсан хариулт уу гэх мэтээр нь ялгаж, ач холбогдлыг нь эрэмбэлнэ. Хамгийн гол нь найдвартай эх сурвалжтай байх ёстой. Тэгэхээр мэдээний апп-уудыг ашиглахгүй байх боломжгүй болно л доо. Бодлогын хүүг өсгөнө гэсэн үү? өсөх төлөвтэй гэсэн үү?, эсвэл бүр өссөн гэсэн үү? Энэ мэт үгийн бүтцийн жаахан ялгаан дээрээс олон хүний шийдвэр өөрчлөгдөнө шүү дээ. Тиймээс их няхуур байх хэрэгтэй.



5. ЦАГ ХЭМНЭХ ХАМГИЙН САЙН АРГА ТАНЬ ЮУ ВЭ?

Татгалзаж сурах. Өөрт хэрэггүй, ач холбогдол багатай зүйлээс шаардлагатай тохиолдолд үгүй гэж хэлж сурах нь хамгийн сайн цаг хэмнэх арга. Мэдээж харамсалтай санагдах үе бишгүй л дээ, гэхдээ урт хугацаагаа, зорилгоо хараад явахад асуудалгүй. Энэ нь амралт, чөлөө завгүй, хайртай хүмүүстэйгээ инээгээд суух эрхгүй явахын нэр биш шүү. Цагаа чанартай өнгөрөөж, ажиллах үедээ ажилласан шиг, амрах үедээ амарсан шиг амрахыг хэлж байгаа юм. Ухаандаа бусдыг дагаад сонирхолгүй кино үзэж, хоёр цаг гиюүрч өнгөрөөх, зорилгогүй хурал уулзалтанд суух мэтэд татгалзаж сурах хэрэгтэй.

6. ХИЙХ АЖЛАА ХЭРХЭН ТӨЛӨВЛӨДӨГ ВЭ?

Утас л байна даа. Хийх ажлын жагсаалт, тэмдэглэгээ, сэрүүлэг гээд л ач холбогдолтой ажил, хурдан хугацаанд хийж дуусгах ажил гэх мэтээс шалтгаалаад төрөл төрлөөр нь утсан дээрээ төлөвлөнө.

7. ЭРЧ ХҮЧЭЭ ХЭРХЭН СЭЛБЭДЭГ ВЭ?

Байгаль, аялал, машин гурав юм байна. Харамсалтай нь энэ бүхэнд гаргах цаг зав даанч хомс. Хэдэн жилдээ л нэг удаа амрах боломж олддог. Хөгжилтэй нь, миний амьдрал дэгсдүүлж хэлэхэд төрсөн цагаас л энэ бага тойруу дотор өнгөрч байна. Тиймээс дэлгэр сайхан харууцтай байгалиас амар амгаланг мэдэрдэг нь аргагүй байх.

Ажлын хувьд судалгааны дүгнэлтээ харах их сонирхолтой. Ямар хариу гарч ирэх бол, миний таамаглал зөв байсан уу гэх мэт асуултынхаа хариуг мэдэх тэр мөч урамтай. Шөнө унтаж байхад судалгаагаа урагшлуулах сайхан санаа орж ирвэл цаанаасаа сэтгэл ханамж мэдрэгдээд, асуудалгүй босоод юмаа нухаад суучихдаг. Хэнээтэй л гэх байх. Гэхдээ хийж байгаа ажлын үр дүн эрч хүч сэлбээд явчихдаг нь энэ.

8. ҮНДСЭН АЖЛЫНХАА ХАЖУУГААР ДУРЛАЖ ХИЙДЭГ ТӨСӨЛ/АЖИЛ ЮУ ВЭ?

Байгалийн шинжлэх ухааны судалгаа. Уур амьсгалын өөрчлөлт хүчтэй явагдаж буй энэ үед дундаж температур жаахан өсөхөд л хүнсний хомсдол, ХАА, газар зүйн төлөвлөлт, цөлжилт гэх мэт олон төвөгтэй асуудлууд толгой дээр бууж ирдэг. Үүнээс хэрхэн сэргийлэх, ямар арга замаар хохирол багатай туулах, бид юуг бэлдэх хэрэгтэй вэ? гэх мэт асуулт нь ажлын хажуугаар хамгийн их сонирхож, санаа тавьж буй асуудал. Жилдээ нэмэгдэж буй нэг градусын зөрүү л бүх үндэстний хоол тэжээл, соёлыг ганхуулах хүчтэй шүү дээ. Яавч хажуугаар нь зүгээр өнгөрч боломгүй чухал сэдэв. Асуудлын уг үндсийг ойлгосон үед эрчимжсэн мал аж ахуй, усалгаат тариалангийн систем гэх мэт дараагийн шийдлүүд оновчтой гарч ирнэ.

Социализмын үед улсын төсвөөр дээд боловсрол олж авсан би гэдэг хүн ардчиллын энэ цагт олон улсын байгууллагад ажиллаж олсон цалингаараа хоёр хүүхдэдээ боловсрол эзэмшүүлсэн. Ингэхдээ бага охин минь одоо АНУ-д байгалийн шинжлэх ухааны чиглэлээр мэргэшин суралцаж байгаа. Эх орондоо хэрэгтэй, нарийн мэргэжилтнийг өөрийн хөдөлмөрөөр бэлдэж байгаадаа багахан бахархаж явдаг. Ер нь би ч бай, залуус ч бай, нэг зүйлийг сайтар ойлгох хэрэгтэй. Монгол Улс хүн хүчээр дутмаг. Бидэнд илүүдэх хүн гэж нэгээхэн ч байхгүй. Учир нь манай гуравхан сая хүн амын 1.1 сая нь л ажиллах хүчин. Үүний бараг 30 хувь нь малчин, тариаланчид буюу ХАА салбарт ажилладаг гээд тооцоход бидэнд дэд бүтэц дээр тэр дундаа нарийн мэргэжлийн салбарт дэндүү бага нөөц оногдоно. Иймд манай улс ажиллах хүчнээ маш сайн төлөвлөж, зохион байгуулалттай сургах хэрэгтэй. Мөн залуустаа гадаад хэлийг сайтар эзэмшүүлэх нь зүй.



9. ХИЙЖ БУЙ АЖЛЫН ОНЦЛОГ ЮУ ВЭ? ЭЕРЭГ САЙН БА ХЭЦҮҮ БЭРШЭЭЛТЭЙ ТАЛУУД?

Эерэг сайн тал нь том институцийн хэмжээнд үр нөлөөтэй, эерэг сайн тал авч ирэх ажилд төвлөрч, түүний төлөө хөдөлмөрлөдөг явдал. Үнэ цэн нь улс орны урт хугацааны аюулгүй байдал, халдашгүй дархан байдал, ард олны амьдралд үр нөлөөгөө өгч чаддаг нь юм. Харамсалтай нь, ажлынхаа бүрэн хэргийг гаргах бүтэц тогтолцоо дутмаг.

Хоёр ч удаа Ерөнхий сайдын зөвлөхөөр ажиллах хугацаанд эдийн засгийн өсөлтийн мөчлөг таарсан нь сонирхолтой. Үүнтэй холбоотой Олон Улсын Валютын Сангийн хөтөлбөрүүд дээр ажиллаж байлаа. Уг нь сүүлийн 10 гаруй жилд манай шинжээчид Олон Улсын Валютын Сангийн шинжээчдийн шаардлагагүйгээр чадварын хувьд эрс сайжирсан ч бид байгаа мэргэжилтнүүдээ үр дүнтэй ажиллуулах тал дээр дутагдалтай. Ялангуяа төсөв хэлэлцэх үед хүчтэй ажиглагддаг.

Учир нь, эдийн засагчдын багагүй хугацаанд боловсруулж гаргаж ирсэн төсвийн саналыг Засгийн Газар ердөө 14 хоног хэлэлцдэг нь үнэхээр чамлалттай тоо. Өөрөөр хэлбэл энэ бага хугацаанд Засгийн Газар төсвийн саналыг макро эдийн засгийн түвшинд, төсөв мөнгөний уялдаа холбоотой нь харж, ойлгож чадахгүй шүү дээ. Ингээд нэлээд түүхий төсөл УИХ-д өргөн барих, цаашлаад өнөөх маань Төсвийн байнгын хороон дээр очиход бүх зүйл эхнээсээ асуултад хүлэгдэж эхэлдэг. "Яагаад тэтгэврээ нэмж болоогүй юм, инфляц яагаад энэ хэмжээнд байгаа юм?" гэх мэт. Уг нь энэ бүрийг УИХ дээр хэлэлцэх шаардлагагүй, товчхондоо хайран цаг юм л даа. Засгийн Газар л сайн шүүгээд, төсвөө нягталж, бодлогоо оновчтой, тодорхой болгоод төсвийн саналтайгаа холбочиход шийдэгдэх боломжтой асуудал. Даанч хангалттай цаг нь байхгүй. Энэ мэт тогтолцооны асуудлаас болоод олон боломжоо бид ашиглаж чадахгүй хаяж байна. Нөгөө талаас ард нь ажиллаж, төсвийн санал гаргаж байгаа эдийн засагчдад ч урамгүй.

Үүнээс гадна "Хууль тогтоомжийн тухай хууль", "Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хууль"-д аливаа шийдвэрийг гаргахдаа мэргэжлийн судалгааны баг ажиллуулах ёстойг тодорхой зааж өгсөн байдаг. Даанч түүнийг хийх институциэ байгуулаагүйн улмаас энэ заалт одоо хүртэл дорвитой хэрэгжиж чадахгүй л яваад байна. Үүний сөрөг тал нь дэндүү их, бас дэндүү үнэтэй тусдаг.

Жишээ нь, Монгол Улс энэ онд 36 сая тн нүүрс борлуулна гэдэг маш өөдрөг, шууд хэлэхэд боломжгүй зорилт тавьчихсан. Энэ өөдрөг төсөөллөөр сүүлийн гурван ч жил явж ирлээ. Мэдээж аль нь ч биеллээ олоогүй. Аргагүй л дээ, 2019 онд буюу хил гааль жилийн 365 хоног нээлттэй байхад хүрсэн ганцхан амжилтаа байнгын юм шиг ташаа ойлгосон болохоор л тэр. Хөл хориотой эдгээр жилүүдэд дахин тэр амжилтад хүрэхгүй гэдэг нь уг нь анхнаасаа л ойлгомжтой байсан. Гэтэл тэр бүтэшгүй тоог дараа дараагийн жилийн төлөвлөгөөгөө болгон тавьсаар байгаа энэ байдал биднийг ирээдүйд том уналт руу хөтөлж болзошгүйг анхаарах хэрэгтэй.

Үүний оронд бид 2019 онд бүх хүчин чадлаараа ажиллахад ямар асуудал гарч байсан, түүнийгээ зах зээлийн эргэлт удааширсан энэ үеийг ашиглан засаж сайжруулаад, дэд бүтцээ шийдэхэд анхаарсан бол цаг үеийн байдал эргээд хэвийн болоход илүү өндөр хүчин чадлаар ажиллаж, борлуулалтаа нэмэгдүүлэх боломжтой болох байсан гэж харж байгаа. Харамсалтай нь, бид ингээд л бүтэн гурван жилийг алдчихлаа. Уг нь мэргэжилтнүүд үүнийг аль 2020 онд хараад, анхааруулсаар байсан ч шийдвэрт бодитоор нөлөөлөх бүтэц нь өөрөө байхгүй байсаар өдийг хүргэлээ. Дэндүү үнэтэй шийдвэр.

10. ТА ОДОО ЮУН ДЭЭР ТӨВЛӨРЧ БАЙГАА ВЭ? ОЙРЫН ТӨЛӨВЛӨГӨӨ?

Яг одоо манай баг ("Стратегийн судалгааны хүрээлэн"-ийн Эдийн засаг, аюулгүй байдлын судалгааны төв) хөгжингүй оронд 20-30 хүний хийдэг ажлыг 4-5 хүний бүрэлдэхүүнтэй ард нь гарахаар хичээж байна. Ялангуяа өмнө геополитикийн дорвитой судалгаа хийж байгаагүй манай орны судлаачдад энэ чиглэлд сурах, хөгжих шаардлага их гардаг.

Одоогоор Украины дайн бидэнд яаж нөлөөлөхийг, үүнээс гарах сөрөг үр дагавраас хэрхэн хамгийн бага хохиролтойгоор гарч болох арга замыг судалж байна. 1989 онд Зүүн Европд Берлиний хана нурснаас хойшхи дэлхий нийтийг хамарч буй хамгийн том үйл явдал нь энэ болж байгаа учраас илүү өргөн хүрээний судалгаа шаардах нь ойлгомжтой. Ташрамд хэлэхэд, хүмүүсийн жишин харьцуулж байгаа Иракын дайн, Югославын дайн, Крымын үйл явдал гэх мэт нь цөм бүс нутгийн шинж чанартай байсныг хэлэх хэрэгтэй байх. Хохирол ихтэй ч үр дагавар нь бүс нутагтаа л гараад дуусдаг байсан бол энэ удаагийнх нэлээд өөр гэдгийг тодотгох хэрэгтэй. Ингэхдээ бид энэ бүхний суурь шалтгааныг нь их сайн ойлгох учиртай юм. Хүмүүс харахдаа өнгөцхөн талаас нь ОХУ, Украин гэдэг хоёр улсын л асуудал гэж үзээд байх шиг. Уг нь арай өөр өнцгөөс, өргөн нүдээр харвал тун том асуудал, ашиг сонирхлыг илтгэж байгаа. Энэ дээр өөрийнхөө өнцгийг илэрхийлье.

Тайлбарлавал, энд дэлхийн дэг журмын тухай ойлголт хөндөгдөөд байна. Хоёрдугаар дайны үед Валютын Сан, НАТО, Дэлхийн Банк зэрэг одоогийн дэлхийн дэг журмыг тогтоогч байгууллагууд гарч ирсэн. Олон улсад асуудал үүслээ гэхэд НҮБ дээр л очиж шийдэж байна шүү дээ. Харин 1990 оноос хойш хүчирхэгжсэн БНХАУ, Энэтхэг тэргүүтэй орнууд үүнд сэтгэл дундуур байгаад зогсохгүй бодлогын нэг хэсэг биш бодлого тодорхойлогчдын нэг байхыг хүчтэй хүсэх болсон. Мэдээж энэ бол шинэ зүйл биш. Угаасаа л хүн төрөлхтний түүхэнд болсоор ирсэн үзэгдэл. Нэг дэг журам сулрахад, дараагийнх нь гарч ирдэг. Гол асуудал нь, цаг нь арай болоогүйд л байгаа юм. Өнөөдрийн тогтолцоо одоо ч хүчинтэй хэвээр байгаа бөгөөд байраа тавих болоогүй бүтэц. Учир нь энэ санд дэлхийн эдийн засаг, цэрэг зэвсэг, мөнгөний урсацын 60 хувь хэвээрээ байж л байна. Мэдээж үүнийг тэдгээр улсууд хүлээгээд суухгүй, хүлээн зөвшөөрөхгүй тэмцэж байгаа юм. Нөгөө талаас их гүрнүүд нэгэнт бий болгосон хүчтэй нөлөөллөө хадгалж үлдэхийг хичээнэ. Эндээс л ашиг сонирхлын зөрчилдөөн үүсдэг гэж болно.

Үүний дагуу 2010, 2011 онд их гүрнүүд дүрмийн сандаа өөрчлөлт оруулж, бодлого тодорхойлолтод хөгжиж байгаа орнуудын оролцоог нэмэгдүүлэхээр болсон. Тэр нь хангалттай санагдахгүй нь ойлгомжтой байх. Их гүрэн Төв Азиар дамжуулан нөлөөллөө улам нэмэгдүүлэхийг хичээнэ, гэтэл нөгөө талд ОХУ, БНХАУ зэрэг улсууд өрнөдийн гарыг Азид нэвтрүүлэхгүй байхаар үзнэ. Яагаад Афганд байнга дайн болдог вэ? Дэлхийн хоёрдугаар дайны хамгийн том хохирогч яагаад Польш байсан юм бэ? Ердөө л ашиг сонирхлын зааг газарт байрладаг болохоор л тэр. Геополитикийн бодлого гэж ийм л өндөр өртөгтэй, золиос ихтэй төвөгтэй тоглоом байдаг. Тэгвэл энэ удаагийн зөрчлийн огтлолцол нь Украин байж таарлаа. Украин биш байсан бол өөр аль нэг ойролцоо улс байх байсан гэсэн үг.

ОХУ эртнээс НАТО-г зүүн тийш өргөжиж байгаад шүүмжлэлтэй байр суурьтай байлаа. Харин Төв Азид ШХАБ (Шанхайн Хамтын Ажиллагааны Байгууллага) бийг мартаж болохгүй. Тэдний хувьд анх гарч ирэхдээ "Бид цэрэг, улс төрийн байгууллага биш" гэсэн ч бодит байдал дээрээ мөн л байсан. Хамтарсан цэргийн бэлтгэлүүд хийдэг. Гэхдээ түүнийгээ "Терроризмийн эсрэг тэмцэж байна аа" гэдэг. Агуулгаараа бол цар хүрээгээ тэлээд л байгаа хэрэг. Өөрөөр хэлбэл НАТО ч тэлсэн, ШХАБ ч тэлсэн. Гэхдээ НАТО-ийн тэлэлтэд оросууд онцгойлон дургүйцэх нь мэдээж.

Одоо бол энэ дайн удах тусмаа ОХУ-д хохиролтой болж ирнэ. Энэ зун НАТО-ийн шийдвэр гарч Финлянд, Швед улсыг эгнээндээ нэгтгэчихвэл, НАТО тэдэнд Украинаас үл шалтгаалан улам л ойртох болно. Магадгүй бүр Украин Европын Холбоонд амжилттай элсэх байх. Энэ тал дээр оросууд сайн харилцаатай байдаг Швед, Финлянд улсуудыг НАТО-д элсэнэ гэж бодоогүй байх л даа. Тайлбар нь их энгийн. "ОХУ хөрш, холбоотон руугаа дайрлаа. Тэгэхээр тэд манайх руу ч бас хэзээ нэгэн цагт дайрч магадгүй юм байна" гэх байр суурь. Эндээс ОХУ-ыг арай түргэдээд хөдлөчихөв үү дээ гэж хараад байгаа юм. Их гүрний ялгаа энд л гардаг. АНУ арай л түрүүлж буюу 2-3 нүүдлийн давуу байдлаас тоглоод байгааг харж байгаа байх. Эцсийн дүн нь ердөө дэлхий дээрх нөлөөллөө хадгалах л тухай.

11. ТА ӨӨРИЙГӨӨ ХЭРХЭН ХӨГЖҮҮЛЖ, СУРАЛЦДАГ ВЭ?

Байнга уншиж, сонсож, мэдээлэл боловсруулж, баттай эх сурвалж хайж, багаар ажиллах байдлаар суралцдаг. Үүнд орос, англи хэлний мэдлэг маань үлэмж хэмжээгээр тусалдаг.



12. САНАЛ БОЛГОХ НОМ, ХӨГЖИМ, КИНО?

Залуу байхдаа адал явдалтай зохиолд их дурладаг байлаа. Ж.Х.Чейзийг зохиолыг орос хэл дээр бүгдийг нь уншсан. Энэ төрлийн зохиол бүтээл сэтгэн бодох чадварыг ч багагүй сайжруулдаг. Миний хувьд төсөөлөн бодно гэдэг оюуны хамгийн амттай дасгалуудын нэг л дээ. Үүнд уртын дуу гайхамшигтай сайн зохицдог. Учир нь уртын дууны давтамж нь их өөр шүү дээ. Тэр нь төсөөллийг хөглөж, бодлыг алсад аваачиж чаддаг. Жишээ нь, "Алсын газрын зэрэглээ" дууг сонсоход өөрийн эрхгүй л юмыг өргөн хүрээнд хараад эхэлдэг гээч.

Номын тал дээр одоо астрономи, байгалийн шинжлэх ухааны салбарт илүүтэй дурладаг. Бидний ойлгож, мэдэрдэггүй ч эргэн тойронд байнга болж буй зүйлсийг үндэслэлтэй тайлбарласан номуудад цаг гаргахдаа татгалздаггүй. Гэхдээ санал болгох гэвэл энэ удаа Энштейний бүтээлүүдээс болон "Эрдэнийн сан Субашид"-ыг онцолмоор байна. Өнөөгийн нийгэмд бидний хүүхдэдээ заах гэж төрөл бүрээр оролдоод байгаа бүх зүйлс тэнд хамгийн нягт, боловсронгуй хувилбараараа бий. Хэллэгийн жаахан зөрүү л түүнд хүргэхгүй тушаад байх шиг байна.

13. АВЧ БАЙСАН ХАМГИЙН САЙН ЗӨВЛӨГӨӨ?

Эзэн хичээвэл заяа хичээнэ.

Мөн Энштейний "Төсөөлөл мэдлэгээс ч чухал. Мэдлэг хязгаартай бол төсөөлөлд хил хязгаар гэж үгүй" хэмээх үгэнд их дуртай. Ямар ч үед гарц олж өгөх шиг санагддаг.

14. БУСДАД ШИДЭХ САНАА?

Юуны өмнө шинэ соргог мэдээ мэдээлэл, авьяас чадварт шунан дурлаж, түүнийг өөриймшүүлэхэд хичээж зүтгэдэг байх хэрэгтэй. Ялангуяа залуу хүмүүс насаараа нэг салбарт ажиллана гэж бодож огтхон ч болохгүй. Амьдрал баян, даяаршил хэтэрхий хурдтай явагдаж байгаа энэ цаг үед хэдий чинээ өргөн хүрээний мэдлэг чадвартай байна төдий чинээ ихийг бүтээх боломжтой болно. Ялангуяа Монгол Улс мэдээллийн эх сурвалж, интернэт дэх хайлтын илэрцийг хязгаарладаггүй байдлаараа ХБНГУ, Япон гэх мэт хөгжингүй орнуудаас туйлын давуу талыг залуустаа өгч байна шүү дээ. Үүнийг сайн ашиглаасай гэж боддог.

Ер нь энэ мэт технологийн давуу талуудаа сайтар мэдэрч, ойлгоод бүрэн дүүрэн хэргийг нь гаргаж сурах хэрэгтэй. Даанч бид бүрэн ашиглаж чадахгүй байна даа гэж хардаг. Эдийн засгаа өсгөхийн тулд бүтээмжээ нэмэгдүүлэх хэрэгтэй гээд л байнга ярьдаг. Угтаа бол тун бага зардлаар үр дүнтэй бүтээмж нэмэх арга энд л бий. Ганц залуусын хэрэглээ талаас ч биш, том зургаар нь авч үзсэн ч адилхан. ЖДҮ, ХАА, зам тээвэр гээд бүхий л салбартаа сайн технологийг судалгааны үндэслэлтэй нэвтрүүлбэл бид бүх шатандаа бүтээмжээ нэмэгдүүлж чадна.

Сүүлд нь хэлэхэд, энэ бүхнийг зөв хийх гэж байна гээд алгуурлаад байж боломгүй. Цаг хугацаа маш үнэтэй. Философийн утгаараа ч, бодит утгаараа ч. Эртний Грекийн философич Э.Граклит нэгэнтээ "Нэг голын усанд хоёр удаа орох боломжгүй" буюу "Бүх зүйл урсдаг, бүх зүйл өөрчлөгддөг" хэмээн хэлсэн нь гүн гүнзгий утга агуулгатай.