Энэ удаагийн зочин бол KMG Creative Group-ийн Гүйцэтгэх захирал Т.Энхбаясгалан. Түүний хувьд эдийн засаг, хөрөнгө оруулалт, менежмент, бүтээлч салбарт 14 дэх жилдээ ажиллаж байгаа бөгөөд Францын Каннын наадмын “Cannes Lions International Festival of Creativity”-д шүүгчээр ажилласан юм.
Ингээд түүний ажил болоод амьдралын арга барилтай танилцъя.
Байршил: Улаанбаатар хот, BlueSky, 11-р давхар, ТэнГэр ТВ студи
Эрхэлдэг ажил: KMG Creative Group-ийн Гүйцэтгэх захирал
Хэрэглэдэг гар утас: iPhone 12
Хэрэглэдэг компьютер: MacBook Pro
Сошиал хуудас: Enkhbayasgalan Tungalag (LinkedIn)
1. Таны карьераас бид юу, юуг мэдэх ёстой вэ?
Би 2006 он хүртэл Дорнод аймгийн 5-р сургуульд сурч байгаад Улаанбаатар хотын Монгол-Энэтхэгийн Хамтарсан Сургуулийн математикийн гүзгийрүүлсэн сургалттай ангид шилжин суралцаж байлаа. Эхэндээ тухайн ангийн элсэлт нь дүүрсэн тул орон тоо байхгүй гээд нутаг буцах шахав. Гэвч эсээ бичлэгийн уралдаанд түрүүлж, Найрамдал зусланд амрахаар Улаанбаатар хотод ирсэн тухайгаа хэлэхэд миний эсээний сэдэв багшид маань таалагдан нэг болзол тавих нь тэр. “Есдүгээр сарын 1-нд хичээлийн шинэ жилийн нээлтийн хичээл орж чадах уу” гэх асуултыг надаас асуусан юм. Би ч балмагдан тэгэлгүй яах вэ гээд шууд зөвшөөрчихсөн. Ингээд Монголын нууц товчооны тухай хичээл орж, хотод шилжин ирэх тасалбараа олж авсан түүхтэй.
Шинэ ангийнхандаа хичээл орж дуусаад яахаа мэдэхгүй зогсож байтал ашгүй багш маань “Заа энэ сурагч манай ангид шилжин орж байгаа шүү” гээд сүртэй гэгч нь танилцуулахад манай ангийхан уулга алдан, алга ташин хүлээж авч байсан нь саяхан мэт санагдаж байна. Эргээд харахад 5-р сургууль миний биеэ даах чадвар, суурь хүмүүжлийг маш сайн бэлтгэж өгсөн бол Монгол-Энэтхэгийн Хамтарсан Сургууль маань бид бүхний өөртөө итгэх итгэл, амбиц, хүсэл тэмүүллийг үргэлж хурцалж өгдөг байжээ.
Өдгөө хиймэл оюун, технологийн чиглэлээр хүн бүр мэргэжил эзэмшихийг хүсэж байгаа шиг намайг их сургуульд орох үед маркетингийн салбар яг тийм “халуухан” үе дээрээ явж байсан гэх үү дээ. Дээрээс нь миний хувьд брэндинг талдаа илүү сонирхолтой, олон улсын брэндүүд яаж амжилтад хүрсэн тухай уншиж судлах дуртай байсан нь энэ талбарт хөл тавих эхлэл болсон гэж хэлж болно. Товчхондоо би боловсролын хувьд МУИС-ийн Эдийн засгийн сургуулийг 2012 онд бакалавр, 2024 онд Английн Cardiff Metropolitan University-д Бизнесийн удирдлагаар магистрын зэрэг хамгаалсан.
Ийнхүү ажлын гараагаа 2011 онд буюу гуравдугаар курсын оюутан байхдаа "Marketbrothers" зөвлөх үйлчилгээний компанид төслийн менежерээр эхлүүлж, улмаар партнеруудын хамт хувийн компаниа ч байгуулж үзсэн. Хамгийн эхний компанийн үйл ажиллагаа 2015 он хүртэл явагдаад зогссон бол үүний дараа түншүүд маань төрөл бүрийн салбарт өөр өөрсдийн шинэ компани, шинэ карераа эхлүүлээд явж байна. Харин эдгээр дундаас Viral гэдэг цоо шинэ төсөл эхэлсэн байдаг. Энэхүү агентлагийн хамтран үүсгэн байгуулагчаар зургаан жилийн хугацаанд ажиллаж, 2023 оноос одоогийн албан тушаал болох KMG Creative Group-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байна.
Миний үнэт зүйл бол Монгол Улсыг зөв дүр төрхөөр хөгжүүлэх, дэлхийд сурталчилан таниулах, дотооддоо үнэ цэнэ бүтээдэг, нэмүү өртөг шингээдэг, хүчтэй эдийн засгийг хөгжүүлэх явдал юм. Үүнд засаглал, улс төр, эдийн засгийн бодлого, бизнес, соёлын уялдаа холбоо, хотын төлөвлөлт хүртэл багтдаг. Одоогоор би хөрөнгө оруулалт, стратеги, эдийн засаг, бүтээлч салбарын уулзвар дээр ажиллаж байгаа гэж хэлж болно.
2. Таны ажлын дундаж нэг өдөр хэрхэн өнгөрдөг вэ?
Надад нэг хэвийн өдөр гэж байдаггүй. Урьд нь өглөө босоод сошиал медиа нээж, зурагт асаан өдрийг эхлүүлдэг байсан бол сүүлийн долоон жил мэдээлэл авах эх үүсвэрээ өөрчилж, интернэт хэрэглээгээ бууруулаад зогсохгүй гэртээ зурагтгүй айл болсон.
Ерөнхийдөө өглөө сэрээд гар утсан дээрээ BBC Radio асаадаг дадалтай. Телевиз болон сошиал хэрэглээг бүрэн орлуулж байгаа. Радио сонсох нь анхаарал төвлөрүүлж, мэдээллийг эмх цэгцтэй авахад туслахаас гадна телевиз, сошиал платформууд шиг донтуулдаггүй. Одоогоор сошиал хаягуудаа долоо хоногт нэг удаа шалгаж, хүмүүст хариу захидал илгээн, сард нэг удаа аав, ээжийндээ очихдоо зурагт үзэж байна.
TEDx-ээс үзсэн зөвлөгөөний дагуу мэдээллийн эх үүсвэрээ солих туршилтыг 2018 онд хийсэн юм. Үүнээс хүний амьдралын хэв маяг эрс өөрчлөгдөж болдгийг анзаарсан. Сүүлийн нэг жил гэхэд л Сингапурын гол мэдээллийн суваг болох CNA Radio түлхүү сонсож байна. Энэ телевиз, радио нь Ази Номхон далайн орнуудад тулгамдаж буй асуудлуудыг илүү бодитой, ойроос харах боломжийг олгож, Монголтой төстэй улсууд эдийн засгийн сорилтоо хэрхэн даван туулж байгааг харуулдаг. Гадаад мэдээний эх сурвалжууд монголчууд бидэнд суралцах зүйлс маш их байгааг өглөө бүр сануулдаг юм.
Миний өдрийн ерөнхий хэмнэлийг тоймлон авч үзвэл, өглөө 06:30 орчимд босож радиогоо асаана. Дараа нь 09:00-13:00 цагийн хооронд стратегийн уулзалт, салбар компаниудын үйл ажиллагаатай холбоотой зөвлөлдөх ажлууддаа онлайнаар оролцдог. Улаанбаатар хот дотроо түгжрэлтэй, машины зогсоолын хүрэлцээ багатай, гадагшаа нислэг цөөхөн, өртөг өндөртэй учраас онлайн уулзалтууд миний хамгийн үр дүнтэй хурлын шийдэл гэх үү дээ. Биечлэн хийх уулзалттай тохиолдолд 14:00-16:00 хооронд хийдэг. Оройн цагаар илүү бүтээлч ажлууд дээрээ төвлөрдөг юм. Миний хувьд хамгийн чухал нь тухайн өдрийг судалгаа хийж, төвлөрч бодох цаг өөртөө гаргах явдал.
3. Таны ажлын нөү-хау?
“Тунгалаг сэтгэж, хурдан хэрэгжүүл” гэдэг зарчмаар ажиллаж байна. Аливааг том зургаар хараад, дараа нь жижиг алхмуудад хуваан, багийнхантайгаа хуваалцдаг. Мөн хүмүүсийн хүчийг зөв цэгт төвлөрүүлэх нь хамгийн чухал арга барил минь.
“Улс төрчид дөрвөн жилээр, стратегичид гучин жилээр сэтгэдэг” гэдэг дээ. Тиймээс би аливаа асуудлыг системээр нь харж, түүхэн шалтгаан, өнөөгийн бүтэц, ирээдүйн боломж гэсэн гурван чиглэлд задлан авч төлөвлөдөг. Мөн би "1 санаа = 100 гарц" гэдэгт итгэдэг хүн. Ямар ч нөхцөлд боломж хайж, урам зориг өгөх өнцгийг олж харж чаддаг юм.
4. Ашиглахгүй байж чаддаггүй апп, хэрэгслүүд юу вэ?
Viber, WhatsApp, LinkedIn бол миний харилцаа холбооны гол хэрэгслүүд. Харин Apple Music бол олон төрлийн радио сонсох боломж. Zoom, Teams, Google Meets-ийн хувьд миний хурлын өрөө, ажлын гол зэвсэг болдог. Мөн YouTube-ийн зарим нэг сувгуудаас чанартай мэдээллүүдээ авч байна.
Эдгээр аппууд байхгүй бол ажлаа хэвийн явуулахад бэрх эрин үед бид хэдийн иржээ.
5. Цаг хэмнэх хамгийн сайн арга тань юу вэ?
Оффис дээр очихоос илүү зайнаас ажиллахыг эрхэмлэдэг. Олон хүний дунд ажиллахаас илүү ганцаараа ажиллахыг илүүд үздэг. Энэ нь гараас ажил гарах илүү үр дүнтэй, бодитой боломжийг бүрдүүлдэг юм.
Хүмүүсийн бүтээмжийг хамгийн их бууруулдаг, цаг үрдэг зүйл бол чухал бус, яаралтай ажлууд. Бид нэг мэдэхэд л “гал унтраах” ажлууд дээр суучихсан байдаг. Тиймээс ийм төрлийн таск үүсгээд байгаа эх үүсвэрийг илрүүлж, тухайн асуудал дахин давтагдахгүй байх тал дээр анхаарах хэрэгтэй.
6. Хийх ажлаа хэрхэн төлөвлөдөг вэ?
Ажил, амьдралд үргэлж л яаралтай багийн хурал уулзалт гарч ирсээр байдаг шүү дээ. Ялангуяа Монголд гэнэтийн уулзалтаар дүүрэн. Хүмүүс бага төлөвлөж, асуудлыг анзааралгүй явсаар, цаг тулгаж биечилсэн уулзалтаар асуудлыг шийдвэрлэх тохиолдлууд ч их. Гэвч үнэндээ эдгээр нь эргээд бүтээмж муутай шийдэл болоод зогсохгүй, зарим хүний хувьд цаг үрсэн хэрэг болдог.
Миний хувьд “No Meeting Before Thinking” зарчмыг хэрэгжүүлэхийг хичээж байна. Бичгээр, имэйлээр шийдэгдэх зүйлсийг заавал уулзалтаар шийдэх шаардлагагүй гэсэн үг. Тиймээс хэчнээн яаралтай зүйл байсан ч дараагийн төлөвлөгөөт уулзалтаар хэлэлцэхийг хичээдэг. Үр дүнд нь гэнэтийн асуудлууд руу орж төлөвлөгөө, календараа эвдэхгүй байх давуу талтай.
7. Эрч хүчээ хэрхэн сэлбэдэг вэ?
Өдөр тутмын эрч хүчийг бүтээлч багийнхнаасаа авч байна. Ямар ч хүнд үед санаа нэгтэй, багийн гишүүдтэйгээ ярилцсанаар асуудлыг арай өөр өнцгөөс харах боломж бүрддэг. Монголд амьдарч байгаагийн бас нэг давуу тал бол байгалийн энерги, эрч хүч. Тиймээс гэр бүлтэйгээ хөдөө гарч, хоол хийж, байгальд өнгөрүүлсэн амралт хамгийн их эрч хүч сэлбэдэг дээ.
8. Үндсэн ажлынхаа хажуугаар дурлаж хийдэг төсөл/ажил юу вэ?
Мэргэжлийнхээ чиглэлээр сайн дурын төслүүдэд хувь нэмрээ оруулахыг хичээж байна. Монголын Маркетингийн Холбоонд 2012 оноос хойш сайн дурын гишүүнээр ажиллаж байгаа. Энэхүү байгууллага нь нийгэмдээ хэрэгтэй, үлгэр жишээ олон төсөл, хөтөлбөрүүд санаачилж, дараагийн үеийн чадварлаг удирдагчдыг бэлтгэсээр ирсэн. Манайх 100 орчим гишүүнтэй бөгөөд гишүүн бүр нийгэмд гэрэл асаах чин хүсэл эрмэлзэлтэй.
9. Хийж буй ажлын онцлог юу вэ? Эерэг болон сорилттой талууд?
Товчоор бол манай салбарын эерэг тал нь шинэ санаа гаргаж, олон нийтийг уриалан дуудаж, нийгэмд өөрчлөлт хийх боломжтойд оршдог. Сул тал нь богино хугацаанд амжилт харагддаггүй, урт хугацааны итгэлцэл шаарддаг явдал.
Илүү тодруулбал, бүтээлч салбар үргэлж хурдтай хувьсан өөрчлөгдөж байдаг тул цаг үетэйгээ хөл нийлүүлэн алхах шаардлагатай. Тиймээс бидний ажил өдөр бүр өөр байдаг. Энэ бол манай салбарт ажиллаж буй олон мянган залуусын өөрсдийн ажилдаа дурлах хамгийн том шалтгаан болов уу.
Өөр нэгэн бэрхшээлтэй тал бол Монгол Улсад бүтээлч салбар хэт хямд үнэлгээтэй. Заримдаа харилцагч бага зардлаар, нэг хүний цалингаар бүхэл бүтэн баг авч ажиллуулж, уран бүтээл хийлгэх сонирхолтой байдаг. Ингэснээр тухайн баг богино хугацааны үр дүнд төвлөрч, чанаргүй бүтээл, төсөл хийх гол шалтгаан болж байна.
Цаашид манай салбарын талентууд, компаниуд өндөр үнэлгээтэй төсөл авч, олон улсын хэмжээнд бүтээл гаргахын тулд төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа чухал болохыг энэ ташрамд онцлох нь зүйтэй болов уу.
10. Та одоо юун дээр төвлөрч байгаа вэ? Ойрын төлөвлөгөө?
Бүтээлч салбарт тогтолцооны реформ хийх санал боловсруулж байна. Манай салбарт илүү олон үүсгэн байгуулагч (Founders), илүү олон энтрепренер (Entrepreneurs) шаардлагатай. Тийм ч учраас миний удирдан ажилладаг KMG Holdings групп нь маркетинг, технологи, судалгаа, брэндинг чиглэлийн компаниудыг хөгжүүлж буй менежмент, хөрөнгө оруулалтын чиглэлээр төвлөрөн ажиллаж байгаа. Бид төрөл бүрийн үйлчилгээгээр дагнасан, олон улсад өрсөлдөх чадвартай компаниудыг бойжуулж, дотоодын зах зээлийн багтаамжийг тэлснээр бүтээлч салбарын экосистемийг хөгжүүлэх, цаашлаад олон улсын зах зээлд экспорт хийх зорилготой байна.
Түүнчлэн энэ жил Монголын маркетинг, бүтээлч салбарт түүхэн алхмууд хийгдсээр байна. Тухайлбал, миний хувьд Францын Каннын наадмын “Cannes Lions International Festival of Creativity”-д Монгол Улс олон улсын шүүгчээр ажиллах гайхалтай завшаан тохиосон. Сүүлийн хоёр сарын хугацаанд 79 орны дэлхийн шилдэг шүүгчдийн хамт ажиллахдаа монгол залууст маань маш их боломж байгааг олж харсан. Энэхүү наадамд шинэ үеийн дуу хоолой, төлөөлөл болон орж ажилласандаа туйлын их баяртай байгаа.
#Creativity гэдэг зүйл заавал New York, London, Tokyo зэрэг том хотуудад төрөх албагүй. Улаанбаатар, Дорнод, Баян-Өлгийд сурч буй ЕБС-ийн сурагч хүүхдүүдээс ч төрөн гарах боломжтой гэдгийг онцлон хэлмээр байна.
11. Та өөрийгөө хэрхэн хөгжүүлж, суралцдаг вэ?
Монголчууд цөөхүүлээ ч салбар бүрд олон хүн амжилт гаргасаар яваа. Тиймдээ ч би шинэ хүмүүстэй танилцаж, шинэ зүйл суралцахыг эрмэлздэг. Хүний амьдралыг хоёр зүйл өөрчилдөг гэдэг шүү дээ. Нэг нь ном, нөгөө нь хүн. Заримдаа гайхалтай хүмүүстэй танилцаж үзэл бодол, философийг нь сонссоноор нэг ном уншсан мэт урам зориг, эрч хүч, сургамжийг олж авдаг.
Дийлэнх тохиолдолд би бичих замаар суралцдаг. Санаагаа бичиж, түүн дээр судалгаа хийж, олон өнцгөөс бодож боловсруулах дуртай.
12. Санал болгох ном, хөгжим, кино?
Номын тухайд Simon Anholt-ийн “Brand New Justice”, Ezra Klein болон Derek Thompson “Abundance”, Tom Kelley болон David Kelley-гийн “Creative Confidence” зэрэг бүтээлийг санал болгоё.
Харин киноны хувьд брэндийн хүч, системийн тухай өгүүлэх “The Founder”-ийг заавал үзээрэй.
Дуу гэвэл Hans Zimmer-ийн хөгжмүүд, ялангуяа “Time”-ийг онцлон санал болгомоор байна. Мөн уламжлал ба шинэчлэлийг хослуулсан Mongolian folk/jazz fusion-үүд ч сонсох дуртай.
13. Авч байсан хамгийн сайн зөвлөгөө?
Их сургуулиа төгсөөд маш сайн захирлуудтай ойр ажиллах боломж бүрдсэн. Миний ажилд орсон зөвлөх үйлчилгээний компани өдөр бүр шинэ бизнес, улс төрийн кейсүүд дээр ажилладаг байлаа. Тухайн үед яг л Монголын McKinsey-д ажиллаж байгаа мэт санагдаж, долоо хоногт 50-80 цаг шаргуу ажилладаг байв. Тэр үед төслийн ахлахаасаа болон захирлуудаасаа авч байсан зөвлөгөөнүүдээ одоо ч мартдаггүй.
Нэг захирал маань Буддын гүн ухаан их судалдаг бөгөөд олон үнэтэй сургаалийг надад өгсөн. “Амьдрал бол утгагүй. Харин үүнийг бид утга учиртай болгохын төлөө амьдарч байна” гэж хэлж байсан нь одоо ч миний хувьд үнэ цэнтэй зөвлөгөө хэвээр.
14. Бусдад шидэх санаа?
Монголд үнэ цэн бүтээдэг хүн бүхэн энтерпренер юм. Заавал бизнес эрхлэх албагүй. Бидэнд илүү олон Social Entrepreneurs хэрэгтэй. Хэрэв та хүрээлэн байгаа орчиндоо ямар нэгэн бүтээлч санаачилга гаргаж байгаа бол аль хэдийн хувьсгал хийж байна гэсэн үг. Том өөрчлөлт хийхийн тулд эхлээд жижиг санаагаа хэрэгжүүлээрэй.
Бид “Брэнд Бүтээгч Үндэстэн” болж чадна. Түүхий эдээ бус оюун санаагаа экспортлохын тулд зүгээр ажлаа хийх биш, системээ өөрчлөх зорилго өвөртлөн ажиллаарай.
Keep Mongolia Great!
з зочин 2025.07.25 203.98.76.6
өгөөжтэй ярилцлага болсон байна. аваад суралцах, үзээд турших олон зөвлөгөө хэлсэн байна. цаашдаа үүнээс илүү их тодорхой жишээ, бодитой зөвлөгөө яриулж байвал зүгээрсэн.
З Зочин 2025.06.23 103.57.92.174
Ойрд уншаагүй бүтээлч ярилцлага болсон байна Баясаа зхиралдаа амжилт хүсье маш их зүйл суралцдаг олж авдаг
З Зочин 2025.06.19 103.229.122.183
сайхан ярилцлага болжээ, бүтээлч салбарыг манлайлж яваа залуустаа томоос том амжилт хүсье, удахгүй монгол арслан төрөх болтугай