Ярилцлагынхаа ээлжит дугаарт бид "Барловорлд Монголиа" ХХК-ийн Худалдаа ба түрээсийн газрын захирал Э.Энхдэлгэрийг урьсан билээ. Сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд бизнес, нийгмийн салбарт амжилттай ажиллаж, карьерын баялаг түүхээ бүтээж яваа түүний хувьд "JCI Монгол" ТББ-ын 2024 оны Үндэсний ерөнхийлөгчөөр томилогдоод хэдхэн сар болж буй. Уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарт ажилладаг нүсэр багийг удирдахаас гадна 2014 оноос хойш хүмүүнлэгийн төслүүдийг сайн дурын багийн хамтаар хэрэгжүүлж ирсэн түүний ажиллах арга барилтай танилцацгаая.
Байршил: Улаанбаатар хот, Үйлдвэрчлийн район, "Барловорлд Монголиа" ХХК-ийн барилга
Эрхэлдэг ажил: "Барловорлд Монголиа" ХХК-ийн Худалдаа ба түрээсийн газрын захирал, "JCI Монгол" ТББ-ын Үндэсний ерөнхийлөгч
Хэрэглэдэг гар утас: iPhone 12 Pro
Хэрэглэдэг компьютер: Lenovо Thinkpad, iPad 10th gen
Сошиал хуудсууд: Enkhdelger "Andy" Enkhbold (LinkedIn)

1. ТАНЫ КАРЬЕРААС БИД ЮУ ЮУГ МЭДЭХ ЁСТОЙ ВЭ?
Дунд сургуульд байхын л тооны хичээлдээ авьяастай байсан болохоор мэргэжил сонголтод их эрх чөлөөтэй хандсан. Өвөөгийнхөө үргэлжлэл болж мэс заслын эмч болох, математикаа дагаж эдийн засагчаар сурах эсвэл ирээдүйн чиг хандлагыг харгалзан мэдээллийн технологиор явах гэсэн сонголтын дунд багагүй эргэлзсэний дүнд МУИС-ийн Олон улсын харилцааны сургуульд элсээд, хоёрдугаар дамжаанаасаа АНУ-ын Кэмпбэлсвилийн их сургуульд суралцахаар болсон юм.
Ийн явах болсон түүх их сонирхолтой. МУИС-д сурч байхдаа тухайн үед чамгүй олон үзэгчтэй бизнесийн шоу болох “Глобал удирдагч” нэвтрүүлгийн хоёрдугаар улиралд оролцсон юм. Эхний улирал нь дөрвөн ялагчтай байсан болохоор тэр удаад ч адилхан юм шиг санасан ч нэг л ялагчтай болж таарсан. Түүнийг нь бүр эфир дээр “Нэг л хүн ялах юмуу?” гэж гайхан асуугаад инээдэм болж байлаа. Үүнээс хойш хичээл ном, бүх зүйлээ зохицуулаад, шоундаа 100 хувь төвлөрөн өрсөлдсөнөөр тэргүүн байр эзэлж, АНУ-д бизнесийн удирдлага, маркетингийн чиглэлээр бүрэн тэтгэлэгтэй суралцах эрх авч байсан.
Төгсөөд тэндээ үлдэх бүрэн боломж байсан ч залуу хүний хувьд зорилгоо биелүүлж, эх орондоо ажиллахаар шийдсэн юм. Ингээд “Вагнер Ази Тоног төхөөрөмж” ХХК-д буюу одоогийн нэршлээр "Барловорлд Монголиа" ХХК-д мэргэжилтнээр ороод одоог хүртэл 13 жил тасралтгүй ажиллаж байна. Гурван жилийн дотор таван удаа албан тушаал дэвшиж, 25 насандаа захирлын алба хашиж эхэлсэн дээ. Энэ шилжилтэд тухайн үеийн удирдлага байсан, одоогийн “Хобби” сургуулийн захирал Г.Цэлмүүн маш их нөлөөлсөн гэж боддог. Залуу хүн чинь тэр их итгэл бас хариуцлагаас айна, сүрдэнэ, туршлага дутна. Тэр болгонд урам өгч, дэмжиж байсанд нь талархдаг.
Үүнээс гадна карьерын маань яалт ч үгүй онцлох хэсэг нь JCI байгууллага. Дунд ангид байхдаа найзуудаараа нэг ресторанд уулзах болж, өрөөгөө хайж явахдаа санамсаргүй нэг хаалга таттал тухайн үеийн Монголын хамаг л сор болсон хүмүүс сууж байдаг юм даа. Сандарсан гэж. Гарахдаа хартал JCI байгууллагын уулзалт байсан юм билээ. Ингэж л анх энэ байгууллагын тухай сонсож, залуучууд зорилго нэгтэй бол салбар үл хамааран нийгмийн асуудлаа шийдэхийн төлөө үр дүнтэй хамтран ажиллаж болдгийг харж авч байв.
АНУ-аас ирж, хувийн карьерээ тодорхой түвшинд хүргэснийхээ дараа даруйхан өнөөх JCI байгууллагын холбогдох цахим шууданг олж, CV-ээ илгээснээр 2014 онд сая нэг “JCI Капитал” салбарт гишүүнээр элсэн орсон. Үүнээс хойш өөрийгөө олон өөр албан тушаалд сорьсоор, энэ жилээс “JCI Монгол” байгууллагын Үндэсний ерөнхийлөгчөөр ажиллаж байна.
2. ТАНЫ АЖЛЫН ДУНДАЖ НЭГ ӨДӨР ХЭРХЭН ӨНГӨРДӨГ ВЭ?
Өдрийн ихэнх цагийг хуралдаж, мэдээлэл солилцоход зарцуулдаг болоод багагүй хугацаа өнгөрчээ. Тиймдээ ч төвлөрч суух ажлуудаа өглөөгүүр амжуулаад, хурлуудаа үдээс өмнө хийдэг. Харин үдээс хойшхи цагийг багийн ажил болон JCI-ийн хурлуудад зориулна. Ер нь ажлын өдрүүдээс лхагва гарагийг JCI-даа бүрэн зориулдаг ч гэж болно.


3. ТАНЫ АЖЛЫН НӨҮ-ХАУ?
Аливаа ажил надгүйгээр урагшилдаг болох тусам үүргээ сайн гүйцэтгэсэнд тооцдог. Удирдлагын зүгээс ажил бүрийг өөрөө гардан хийж, тэр болгоноо хуваарилж өгөхөөс илүү хэн, ямар ажил, хэрхэн хийхийг тодорхой, ойлгомжтой болгох систем бүтээхэд анхаарах ёстой гэж үздэг юм.
4. АШИГЛАХГҮЙ БАЙЖ ЧАДДАГГҮЙ АПП, ХЭРЭГСЛҮҮД ЮУ ВЭ?
"Барловорлд"-доо бид Microsoft Office 365-ийг ашигладаг бол, JCI-д G-Suites ашигладаг. Энэ хоорондох ажлуудаа давхцуулахгүйн тулд хувийн цагалвар дээрээ биечлэн оролцох ажлуудаа нэг бүрчлэн тэмдэглэх шаардлагатай болдог юм. Автоматаар sync хийх нэлээд олон апп, аргачлалуудыг туршиж байгаа ч хэрэглээнд минь төгс тохирохыг хараахан олж амжаагүй л байна. Мөн хурал дээр ярьсан ажлуудаа уламжлалт байдлаар хийх ажлын жагсаалт болгон дэвтэртээ тэмдэглэх нь үр дүнтэй санагддаг.
5. ЦАГ ХЭМНЭХ ХАМГИЙН САЙН АРГА ТАНЬ ЮУ ВЭ?
Чадвартай, бүтээмжтэй, сэтгэлтэй, зөв хандлагатай хүмүүсээр багаа бүрдүүлэхэд л их анхаардаг. Сайн хүмүүс л сайн хүмүүсийг татан дууддаг гэдэг итгэдэг юм. Иймд, зөв гэж үзсэн хүнээ авахын тулд тасралтгүй хайж, олох хүртлээ тухайн орон тоог бүтэн жилээр сул байлгахаас ч буцдаггүй.
Чадвартай хүмүүсээр өөрийгөө хүрээлүүлж, байгууллагын соёлоо бага багаар ойлгуулах замаар нэг зорилгод нэгдэж, сайн баг бүтээх нь цаг хэмнэх шилмэл арга минь юм даа. Мөн бүтээмжид нөлөөлөхгүйгээр хоршиж болох ажлуудыг аль болох давхар хийхийг боддог. Түгжрэлийн үеэр дуудлагууддаа хариулна, төвлөрөл шаардсан ажлын дундуур шаардлагатай файлуудаа татаад орхих гэх мэт.
6. ХИЙХ АЖЛАА ХЭРХЭН ТӨЛӨВЛӨДӨГ ВЭ?
Юун түрүүнд хийх ёстой ажил, хийхийг хүссэн ажлаа аль алиныг нь бүтэн жилээр нь төлөвлөөд харах нь зөв санагддаг. JCI байгууллагын соёл энэ дадлыг суулгахад эерэгээр нөлөөлсөн. Юу вэ гэвэл, JCI-д тухайн хүн сайн эсвэл муу ажилласан эсэхээс үл хамааран тухайн албан тушаалаа илүү ч үгүй, дутуу ч үгүй нэг л жил хаших боломжтой байдаг. Тиймээс ахиж ирэхгүй тэр боломжийг хамгийн сайнаараа ашиглахын тулд бид ажлаа бүтэн жилээр нь төлөвлөдөг юм.
Миний хувьд ажлын онцлогоос хамаараад гэнэтийн ажил олон гарч ирдэгт нэгэнт дасчихсан. Иймд ажлуудаа том зургаар нь хараад, яаралтай зүйлс орж ирэхэд бэлтгэлтэй байх үүднээс өдөр тутмын хуваариа аль болох сул байлгахыг боддог юм. Үүний дүнд олон жижиг ажлуудад төөрөлгүйгээр ямар ч үед урт хугацааны зорилго руугаа тэмүүлэхээс гадна, гарч ирсэн бүх л яаралтай ажлаа сийрэг толгойгоор, зөв шийдэх боломжтой болдог.



7. ЭРЧ ХҮЧЭЭ ХЭРХЭН СЭЛБЭДЭГ ВЭ?
Оюутан байхдаа усанд сэлэлтээр хичээллэдэг байлаа. Түүнээсээ их эрч хүч авна. Гэснээс би анх Америкт очихдоо усанд сэлэх нь бүү хэл, бассейнд ч орж үзээгүй шахам хүн байсан юм. Гэтэл биеийн тамирын хичээл дээр заавал усанд сэлэлтийн хичээл үзэх ёстой болчихсон. Багшдаа “Чадахгүй ээ, сураагүй” гээд байхад л эхний хичээл дээр техник ч зааж өгөлгүйгээр таван метрийн гүнтэй усан сан руу түлхчихдэг юм даа. Ер нь усанд сэлэлттэй их л хатуу аргаар танилцсан шүү. Гэхдээ уйгагүй хичээллэсээр их сургуулиа төгсөх жил АНУ-ын “Улаан загалмайн нийгэмлэг”-ийн сертификат бүхий усанд сэлэлтийн багш, уснаас амь аврагч, дасгалжуулагч болж байсан. Сүүлийн жилүүдэд ажлын ачаалал нэмэгдээд сэлэх зав багатай л байна.
Харин одоо бол JCI-ийн хүрээллээсээ эрч хүчээ авдаг. Салбар бүрийн, нийгмээ зөв сайхан болгох ижил зорилготой манлайлагч залуус, дээд үеийнхнийхээ яриаг сонсохоор “Би юу хийсэн гэж ядардаг юм бэ” гэж боддог.
8. ҮНДСЭН АЖЛЫНХАА ХАЖУУГААР ДУРЛАЖ ХИЙДЭГ ТӨСӨЛ/АЖИЛ ЮУ ВЭ?
Үндсэн ажлын хажуугаар гэдэг ч JCI-ийн ажил яг л үндсэн мэт байдаг. JCI-ийн залуус маань жилд дунджаар 50 гаруй төсөл хөтөлбөр хэрэгжүүлдэг ба үүнд эрүүл мэнд, боловсрол, нийгэм, хүмүүнлэг гээд бүх л салбар багтана. Бүх төсөл жилийн турш нарийн төлөвлөгөөний дагуу үргэлжлэх бөгөөд жил бүр ямар нэг байдлаар заавал шинэчлэгдэж сайжирч явдаг. Хамгийн гол нь эдгээр залуус сайн дураараа нэгдээд зогсохгүй жил бүр гишүүнчлэлийн хураамж төлж, төсөл хөтөлбөрүүдээ өөрсдөө санхүүжүүлдгээрээ онцлог.
Тэр хэрээр буюу удирдах алба хаших тусам хариуцлага нь ч, зардал ч нэмэгдээд ирдэг юм. Залуу насныхаа хамгийн үнэтэй цаг зав, эрч хүчээ хангалттай өгч байж дээрээс нь нэмээд зардал хүртэл гаргадаг учир нь танилын хүрээ, алсын хараа, үнэ цэнээ олж авахын сацуу хэрэгжүүлж буй төслүүдээрээ дамжуулан салбар бүрд мэргэшиж байдагт бий.
Жишээ нь, 2017 онд Улаанбаатар хотноо “JCI-Ази номхон далайн бүсийн чуулган” зохион байгуулагдсан юм. JCI-ийн дэлхий даяарх салбар байгууллагуудаас 3500 гаруй зочин ирж оролцон ихэд сэтгэл хангалуун буцацгаасан. Үндсэндээ, энэ ажлын зохион байгуулалт нь Монголын JCI-ийн нэр хүнд, чансааг олон улсад үлэмж хэмжээгээр нэмэгдүүлсэн, улс орноо сурталчилсан арга хэмжээ болж чадсанд бид баяртай байдаг. Миний хувьд тухайн үед багийн хамтаар хаалтын ёслолыг хариуцаж, найруулан ажилласан. Олон улсын ийм өндөр түвшний арга хэмжээг найруулж, хөгжүүлэх боломж тэр бүр олдохгүй шүү дээ. Ирэх жил буюу 2025 онд бид энэхүү арга хэмжээг ахин зохион байгуулахаар төлөвлөж байна.
9. ХИЙЖ БУЙ АЖЛЫН ОНЦЛОГ ЮУ ВЭ? ЭЕРЭГ САЙН БА ХЭЦҮҮ БЭРХШЭЭЛТЭЙ ТАЛУУД?
“Барловорлд Монголиа” ХХК-ийг хүмүүс “Вагнер Ази тоног төхөөрөмж” нэрээр нь илүүтэй мэдэх байх. Бид уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарт нэгдүгээрт бичигддэг брэнд болох “Caterpillar”-ийн төрөл бүрийн тоног төхөөрөмжийг албан ёсны эрхтэйгээр нийлүүлээд 28 жилийн хугацаа өнгөрчээ. Энэ хугацаанд Монгол Улсын эдийн засгийг нуруун дээрээ үүрч явдаг уул уурхайн салбарт чанартай, технологийн дэвшил бүхий тоног төхөөрөмжийг нийлүүлэх, тэдний бүрэн бүтэн, аюулгүй ажиллагааг хангах, зах зээлд нутагшуулах маш чухал үүргийг гүйцэтгэж байна. Улсын эдийн засагтай хүйн холбоотой гэж болох энэ салбарыг хамтран хөгжүүлж байгаа гэдэг утгаараа ажил минь илүү утга учиртай үнэ цэнтэй болдог.
Хэцүү бэрхшээлтэй тал гэвэл манайх үйлдвэрлэгч биш борлуулагч компани. Биднээс хамаарахгүй буюу үйлдвэрлэл эсвэл тээвэрлэлт дээр гарсан асуудлаас болж харилцагчийн ажилд хүндрэл учрах нь л яаж ч болохгүй хэцүү үе байдаг. Гэсэн ч бид “Made in Mongolia” уриатайгаар инженер техникийн ажилтнуудаа эхнээс нь бэлтгэж, хүнд үйлдвэр, уул уурхайн нүсэр тоног төхөөрөмжүүдийг эх орондоо угсарч, засаж сэлбэх ажилд мэргэшиж, нөү-хауг бий болгож байгаа. Ажилтнууд чадваржих тусам энэ мэт асуудлууд улам багасах нь гарцаагүй.


10. ТА ОДОО ЮУН ДЭЭР ТӨВЛӨРЧ БАЙГАА ВЭ? ОЙРЫН ТӨЛӨВЛӨГӨӨ?
"Барловорлд"-ийн хувьд бид уул уурхайн салбарын хөгжлийн дараагийн үе шат болох цахим шилжилт, автоматжуулалт, нүүрс хүчлийн хийг бууруулах ногоон технологиудыг Монгол улсдаа нэвтрүүлэх, нутагшуулахад төвлөрч ажиллаж байна.
JCI-ийн хувьд дэлхийн төв байгууллага маань энэ оноос "JCI Монгол" байгууллагын санаачлан хэрэгжүүлдэг "Mentorship for RISE" төслийг туг төсөл болгож, дэлхийн 109 улсад нэгэн зэрэг хэрэгжүүлэх гэж байгаа. Олон улсад өндрөөр үнэлэгдсэн салбар салбарын шилдгүүдээс эдгээр 109 орны залуус суралцана гэсэн үг. Энэ жил Монголоос 20 хүн оролцох бөгөөд өрсөлдөөн ч ширүүн байгаа.
11. ТА ӨӨРИЙГӨӨ ХЭРХЭН ХӨГЖҮҮЛЖ, СУРАЛЦДАГ ВЭ?
Хүүхэд ахуй цагаасаа л бодсон миний чин сэтгэлийн зорилго бол монгол залуусаа олон улсын түвшинд гаргах, дэлхийн хамгийн үнэ цэнтэй компаниудын жагсаалтад монгол компани бичигдэх үйл явцын нэг хэсэг байх явдал. Ерөөс тэр мөрөөдөлдөө л тэмүүлж одоогийн бүх ажлуудаа хийдэг. Энэ хүсэл минь үргэлж хөгжих, тухтай бүсээсээ зугтаж, шинийг эрэлхийлэх хүч болдог юм. Мөн би сонсож суралцдаг төрлийн хүн. Ямагт өөрөөсөө илүү түвшний хүмүүсээр өөрийгөө хүрээлүүлэхийг хичээдэг. Тэднийг харж, тэднээс сонсож, тэднээс үлгэрлэж суралцдаг.
12. САНАЛ БОЛГОХ НОМ, ХӨГЖИМ, КИНО?
Америкийн тэнгисийн тусгай хүчний цэргүүдийг бэлддэг арга барил, манлайллыг харуулсан “Extreme Ownership” хэмээх ном хувь хүний маань сэтгэлзүй болон удирдах арга барилд асар их шинэ санаа, бодууштай агуулгуудыг өгч байсан. Дэлхийн хамгийн хүнд хэцүү, аюултай гэсэн даалгавруудыг гүйцэтгэхээр бэлтгэгдсэн энэ цэргүүдийн тухай уншихад бие арзайдаг.
Кино гэвэл “Pursuit of happiness”. Хүсэж зорьвол бүтэхгүй зүйл гэж үгүйг харуулсан энэ киноны философи нь аз жаргал гэдэг үр дүнгээс илүү түүнд зорих үйл явц гэдгийг харуулсан юм шиг санагддаг. Харин хөгжмийг би хобби гэхээс илүү төвлөрөх хэрэгцээнд л ашигладаг юм байна.
13. АВЧ БАЙСАН ХАМГИЙН САЙН ЗӨВЛӨГӨӨ?
Аав маань “Эр хүн толгойдоо эрдэмтэй, бие бялдар өв тэгш байвал зохино” гэж байсан нь санаанаас гардаггүй. Бас АНУ-д явах үед сайн сур гэхээс илүүтэй "Очсон газрынхаа орчныг сайн ашиглаарай" гэж хэлж байсан. Тиймдээ ч би алив юуг ч хийхдээ энэ цаг хугацаа, энэ баг, энэ боломжийг яаж тултал нь ашиглах вэ гэж боддог.
Мөн “Хийх ёстой зүйлээ хийсний дараа л хийхийг хүссэн юмаа хий” гэдэг үг нь чухлын дарааллын талаарх ойлголтыг минь төлөвшүүлж өгсөн дөө.
14. БУСДАД ШИДЭХ САНАА?
Бид гуравхан саяуулаа. Бидэнд Катар шиг, Арабчууд шиг амьдрах боломж оюун ухаан, газар нутаг, байгалийн баялаг гээд аль ч талаасаа бүрэн бий. Гагцхүү үүнийг ашиглахын тулд хүн бүр хөгжих хэрэгтэй байна гэж хардаг. Хувь хүний хөгжил, хүмүүжил төлөвшилдөө үнэмлэхүй анхаарч, сэтгэлгээгээ зүй ёсоор өөрчилж, бий болгож чадсан цагт хөгжил их ойрхон юм шиг санагддаг шүү.



Сэтгэгдэл бичих

